Том Хөлтийн эрэлд...
Орчуулгын талаарх булангийн бичлэгүүд маань дандаа киноны орчуулгатай холбоотой шүүмжлэлүүд болцон байх шив дээ. За энэ удаа ч гэсэн бас тэгэх нь ээ...
Саяхан SCH телевизээр (ийм нэртэй телевиз байдаг юм байна лээ, тэгээд бас кино гаргадаг юм байна лээ

) Strange Wilderness гэдэг кино харж суув. Байгаль ертөнц, ан амьтдын талаар нэвтрүүлэг хийдэг хэдэн баагийд тохиолддог адал явдлын тухай кино юм л даа.
Киноны гол баатрын хөтөлдөг байгалийн сэдэвтэй нэвтрүүлгийн рейтинг доошлоод эхлэнэ. Унасан рейтингээ дээшлүүлэхийн тулд нэн даруй ямар нэг "амь тариа" хэрэгтэй болно. Тэгтэл нэг сайн санаат хүн Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг Том Хөлт хэмээх онцгой содон, ховор, учир битүүлэг амьтны агуйн байрлалыг заасан газрын зургийг мань нөхөрт өгнө. Хэрэв энэ газрын зургийн дагуу явж тэр Том Хөлт гээчийг олж зургийг нь дарах эсвэл барьж авч чадах аваас сенсаци дэгдэж, гол баатрын нэвтрүүлгийн рейтинг ч суга өсөх болно. Ингээд мань нөхөр хэдэн баагий дагуулаад Том Хөлтийн эрэлд гарна даа.
Монголоор энэ киноны нэрийг нь юу гэж буулгадаг юм бил ээ байз? "Сонихон байгаль"? "Огтоос мэддэггүй онгон байгаль"? Хм... Хошин киноны нэр байхад нэг л зохимжгүй байгаа биз. Тэгэхээр киноны үйл явдлыг ерөнхийд нь санаж байгаад, бага зэрэг чөлөөт орчуулга хийгээд "Том Хөлтийн эрэлд" гээд нэрлэчихвэл болох байх.
Байзаарай... Юун Том Хөлт вэ? Том - Big, Хөл - Foot. Аанхан, тэгэхээр Bigfoot гэсэн англи үг юм байнашт. Өөрөөр хэлбэл bigfoot гэдэг үгийг киноны орчуулагч маань шууд калькийн аргаар хөрвүүлэн Томхөлт гэж монголчилжээ. Ядаж ингэж орчуулсан нь яамайдаа. Транскрипци хэрэглээд Бигфүүт гээд авчихсан бол яана?
Томхөлт гэж юу вэ? Эсвэл хэн бэ? Дэлхийн зарим бүс нутгийн уул, ой модонд цасан дээр, эсвэл шороон дээр үлдсэн аварга том нүцгэн хөлийн мөр олонтаа таардаг байна. Чухам ямар амьтан эсвэл хүн ийм мөрийг үлдээдэг нь одоо болтол тодорхойгүй. Хойд Америкийн оршин суугчид ийм мөрийн эзнийг bigfoot буюу Томхөлт гэж нэрийддэг. Тэгсэн байна аа, манай Монголд хүртэл ийм том мөр таардаг байна. Баруун аймгуудын уулархаг нутгууд ялангуяа Монгол Алтайд ийм мөр таарч байжээ. Нутгийн иргэд ийм мөр үлдээдэг амьтныг алмас гэж нэрийддэг. Говьд бас таардаг байна, говийнхон болохоор загийн шар эмгэн, хүн гөрөөс гэх мэтээр нэрлэнэ. Мэдээж монголчуудын хувьд алмас гэдэг нэр нь түгээмэл. Тэгэхээр, орчуулагч маань bigfoot гэдэг үгийг алмас гэж орчуулах байжээ дээ.
Томхөлтийн эрэлд үү? Үгүй ээ, Алмасын эрэлд! Орчуулагч хүн мэдлэгтэй байх ёстой гэж би хэлээд байгаа шүү!!!
Жич1: Юмыг яаж мэдэх вэ, орос кино орчуулж суутал чинь снежный человек гээд гараад ирж магад, тэгвэл цасны хүн гэж болохгүй шүү, бас л алмас гэнэ шүү, хө.
Жич2: Алмасын тухай Равжирын Равжир гэдэг хүний "Алмасын эрэлд" гэдэг сонирхолтой ном байдаг. Сонирхсон хүмүүс нь олж уншаарай.
Эх үүсвэр:
http://kakadumn.blogspot.com