Ишлэл:
Зиа хөөрхий хорвоотой танилцсан түүх гэгчээр хөдөлгөөнт холбоо бид хоёр анх танилцсан цагаас хойш овоо олон оныг үдэж, бишгүйдээ л олон гар утасыг хаяж элээж бас сөнөөж өнгөрчээ.
- Эхлээд ард түмэнд анх үүрэн телефон гэгчийг эдэлж хэрэглэхийн зол жаргалыг таниулсан буянтай буурал AMPS системийн гар утаснуудыг Skytel -аас тэр үеийнхээ үнэлгээгээр бол зүгээр шахуу өгч байхаас нь нэгийг авч барьснаар орчин үеийн хүмүүний нэгэн шинжийг олж авч билээ, миний бие. AMPS гэдэг бол уг нь Амбас гэсэн үг шүү дээ. Амбасын систем гэж байгаам.
Антенн нь сунадаг, товчлуурынх нь таг тап хийтэл хаагддаг, тас хар өнгөтэй, сонин чамин дуу дохиотой, харанхуйд дэлгэцнийх нь гэрлээр ойр орчмоо харж болдог .... янзын гоё эд байсан даа хөөрхий. Одоо харвал аймшгийн хар аварга том юм байгаа.
- Ингээд арай чүү ертөнцийн хөгжлийн хормойноос зүүгдэж авсан би вээр яваа яваандаа доль цохиж, давран даварсаар GSM -н чамин тансаг утаснуудад санаархах болов. Ингээд 18 насны маань төрсөн өдрөөр эцэг эхээс авсан бэлэг минь сүүлийн хоёр гурван сар телевиз радио сонин хэвлэлээр суга рекламдуулсан, ид гялалзаж буй од болох Nokia 3310 байсан билээ.
Хөөрүү жаахан бацаан байсныг ч хэлэх үү, тэр үеийн гол гангараа гар утас байсныг ч хэлэх үү, 3310 -н одыг ч хэлэх үү, зайлуул хэд хоногтоо л тэрүүхэндээ маадгар амьтан явсан санагдана. Харин хагас сарын дараа хармааны хулгайчид мөнөөх утсаа алдахад үгүй ээ мөн харамсалтай байж билээ.
- Nokia 3310 -г хальтхан барьж үзээд алдсан би гэдэг хүн яахав буцаад буянт буурал AMPS -н алдарт хар утаснаас дахин нэгийг аваад хэдэн сар барив. Энэ хооронд Камертон хамтлагаас дутуугүй од болсон 3310 -н дараагийн загвар бүр ч мундаг Nokia 3330 -н сураг дуулдаж эхэлвээ. 3310 -аа дэндүү гомдолтой алдсан шарандаа заавал 3330 -с нэгийг авч барина даа гэж дотроо бодов.
- Намар нь мөнөөх сураг нь дуурсаад байсан Nokia 3330 ч худалдаанд ирлээ, зун нь хэдэн цаас цуглуулсан амьтан яаахав, нэгийг авч бариад санаа нь амарлаа. Хагас жил энэ утсыг барихдаа хаяж, буцааж олж, барьцаанд тавьж, 4 давхараас унагааж, WAP -аар нь найзууддаа онигоо уншиж өгч .... ер нь л тэр утсан дээр хийж болох бүх Experiment -үүдийг гүйцээсэн дээ.
Ингээд гар утсанд хорхойсогч бацааны сонирхол нь яваандаа буурч үнэтэй чамин утсанд шунахаа больсон бөлгөө. Энэ Nokia 3330 -г хагас жил гаран бариад хаясан минь түүнээс хойш барьсан GSM -н утаснууд дунд хамгийн өндөр амжилт юм.
- Өмнөх утасаа хаяад SIM -ээ сэргээлгэж Siemens C35 барив. Тэрүүхэн үедээ бас тийм ч жул утас байгаагүй юм шүү. Зун нь алдлуу даа?
- Nokia 8210 барьсан санагдна. Бас ч үнэтэй байсан шүү, тэр үед.
- Nokia 8210 -аа зараад Nokia 8810 барьж үзэв. Доошоо гүйж нээгддэг никель корпус нь л моодонд орж байснаас бус, үнэндээ бол шал миа утас байж билээ. Дор нь эвдээд хаяцоон.
- Хэзээ нь ч билээ бас нэг хар хөх Nokia 3310 барьж байсан санагдна.
- Утасных нь хямд, хаяж алдахад гарзгүйг нь бодолцоод, нэгжнийх нь хямдыг ч сонирхоод Skytel -н бас нэг дөрвөлжин хар утас дугаартай нь хамт 25.000 -р авч барив. Гэхдээ энэ удаагийнх арай ч анхны аварга хар биш, CDMA системийн AnyCall гэсэн бичигтэй "арай авсаархан" хар утас байлаа. Эртний хэрэглэгч Skytel -даа буцаж ирэв.
Энэ утас надад хамгийн удаан буюу бараг 2 жил тэссэн дээ хөөрхий. Сүүлд ч байж л байсан. Би хаяаа ч үгүй, эвдээ ч үгүй. Одоо нэг газар миний хэрэгт хэрэггүй хог новшин дунд л хэвтэж байгаа байх.
Ер нь надад нэг юм анзаарагдсан нь би хямд, царай муутай утас барих тусмаа надад удаан тэсдэг сонин парадокс юм.
- Үеээ өнгөрөөж, арай л дэндүү үзэл сурталгүй харагдах болсон дөрвөлжин хар утасаа сайжруулж IM-2400 гээч Stereo дуутай, өнгө өнгөөр солигдож асдаг дэлгэц, гэрэлтэй бас ч гайгүй царайлаг утас авлаа. Хэхэ, хоёр сар л тэсээд хаягдсан даа.
- Дараа нь IM-2200 гэдгийг нь олж барилуу даа. Энэ бүр марзан юм болсоон. Алдах хүртлээ нэг сар барьсан уу, яасан.
- Энэ хооронд CDMA -н өнгөт дэлгэц, Stereo дуутай, эвхэгдэж хаагддаг утаснууд ч сүрхий хямдраад ирэв. Нэг тийм жижигхэн эвхэгддэг утас авч барьсан нь бас л тэгсхийгээд хаягдсан санагдна. Марк, моделийг нь ёстой санах юм алга.
- Үүний дараа дахиад нэг тиймэрхүү өнгөт дэлгэцэт, Stereo дуут, эвхэгддэг Samsung авсан нь өмнөхөөсөө арай л царайлаг байв. Моделийг нь санадаггүй ээ, Samsung X-480 гэдэг нь мөн билүү?
Энэ утас надад бас л тун сайн хүчин зүтгэсэн дээ хөөрхий. Анх барьж эхэлснээс хойш жил гаруйн дараа, дөнгөж сая энэ намар утасаа солих хүртэл минь үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэсээр л байв. Барихаа больсныхоо дараа энэ утсыг дугаартай нь найздаа өгсөн. Одоо ч бүрэн бүтэн ажилласаар байгаа.
- Хэдэн жил гар утасны хийц загвар ойшоож сонирхоогүй би вээр O2 XDAII Pocket PC -г эрхгүй нэг сонирхов. Аргагүй нэг PC юм гэсэндээ үнэхээр ч өөр юм билээ. Жаахан овор ихтэй, эмзэгийг нь эс тооцвол. Чухам энэ шалтгаанаар л зүв зүгээр үүргээ гүйцэтгэж байсан өмнөх утасаа сольсон хэрэг.
Хэрэглэхэд үнэхээр урамтай байсан. Гэтэл яахав, мөнөөх л уламжлал дахин давтагдаж хоёр сар гаран бариад л хулгайчид тушаасан даа. Хайран юм гэж.
- Үүнээс цааш надад гар утас гээч юм ёстой тогтохоо байх нь тэр. Nokia 2600 барьсан эхний өдрөө хулгайд алдав. Хулгайч нь цагдаа. Гэв гэнэтхэн харьцааны соёл нь үлгэр жишээ болоод ирвэл, болгоомжтой яваад хариарай энэ тэр гээд донжигоноод эхэлбэл но-той байдаг юм билээ шүү, нөхөд өө.
- Nokia 8850 гээч хуучны "классик эд" нэгийг олж барьсан минь бас л удсангүй, хоёр долоо хоносон уу, яасан. Өсвөр насны хулгайчид бараг өөрөө харж байгаад бэлэглэж орхив. Эрэл сурал болоод хөөцөлдвөл бараг бариад авч болохоор юм билээ. Тэгж явахаас төвөгшөөгөөд л байна л даа. Уг нь гэмт хэргийг ингэж өөгшүүлэх буруу л юм байгаан.
Ямар манай цагдаа хулгайтай тэмцдэг ч биш надад туслахгүй л дээ. Харин ч ....
- Nokia 3310 авахаар болоод хоёр хоног барьж байтал тар нь танигдаж таг болсноор наймаа хийгдсэнгүй.
- Nokia 6610i хэд хоног барьж байтал хуучин эзэн нь гуйсаар байгаад наймаа буцав.
- Нэлээд навсайсан Nokia 2100 хэд хоног барьсан, нэг л биш ээ. Арай өөр юм барьмаар санагдав.
- Siemens C60 хямдхоон аваад нэлээн хэдэн хоног барьлаа. Гэтэл хэд хоногийн өмнөөс гацаж эхлээд, урждар бүр таг болов.
- Одоо өмнө барьж байснаас "арай гайгүй навсайсан" Nokia 2100 барьж байна даа, өчигдрөөс эхлээд. Энэ царай муутай утас зайлуул надад хэдий хэр тэсэх юм бол, хэлж мэдэх юм үнэндээ алга даа.
Гар утас барьсан түүхээ бичнэ гэхлээр ийм теле сериал шиг юм болно гэж өмнө нь төсөөлж байсангүй шүү.
Анх хэрэглэж эхэлсэн цагаас өдийг хүртэл ажил төрөл, ахуй амьдралын минь аливаа хэрэгт асар их тус нэмэр болж ирсэн гар утсыг хүндэтгээд цаг зав гаргаж хичээнгүйлэн бичлээ. Хэрэглэж байсан бүх утасаа санахыг хичээсэн болой.
P.S Uuniig ter uyeiin zaluu xuu bi veer 2007 ond bichij siiruulsen yumsanj.
Pee, zaluu ch baij, zavtai ch baij. Ene olon utasiig sanaj baisniig bodoxod zaluu tarxinii sergeen sanax chadvar ix l sain baij dee. Ter uyeiin Asuultiin gishuud iim l xicheel zutgeltei idevxi sanaachlagatai bichij siiruuldeg baisiim daa.
Utasnii xuvid bol ter uyees unuug xurtelxiig sanax arga odoo yagaad ch alga. Yuutai ch 2007 onii ene udriig xurtel xayaj, eleej sunuusun utasnii toonoos ter udruus unuug xurtel xayaj, eleej sunuusun utasnii too lav gurvantaa daxin xetrex biz. Statistic dundajiig ni bodvol ungursun 6 jiliin tursh neg utasnii nad deer amidrax xugatsaa 2 saraas xetrexgui baisan baix. Oiroltsoogoor 30 - 40 utas tsaash ni xaruulsan bolov uu.
Yag odoogiin baidlaar Unitel - Nokia 2630, Mobi - LG Optimus LTE.