|
Эмч нарын ихэнх нь өөрийн мэргэжилдээ үнэнч байх хэдий ч бусад ажил мэргэжлийн адил сайн муу эмч гэж байхаас гадна бас хөгшин, залуу, будлиу, шаламгай, нийтэч эсвэл дургүй хүрэм гээд янз янз байх юм. Цагийн аясаар Пейж тэдний аль алинтай учирч явжээ.
- Чи шөнийн цагаар өөрийгөө ганцаардаж байгааг хэзээ ч мэдрээгүй гэж үү? Би бол мэдэрдэг. Сонирхолтой нь...
- Жижүүр ёстой нэг элдүүрийг чинь хангаж байна уу, аан? Миний алдсан энергийг юу нөхдөгийг мэдэх үү? Сайн секс. Би яагаад сексдэж... ?
- Миний эхнэр хэд хоногоор хотоос явсан. Кармелагийн дэргэд надад байр бий. Амралтын өдрийг бид тэнд...
Дахиад өвчтөнүүд,
- Тэгэхээр та миний эмч үү? Та намайг хэрхэн эмчлэхийг мэдэх үү... ?
- Охин минь наашаа ойрт. Би чамайг сайтар харья, үнэн хэрэгтээ...
Пейж шүд зуун тэднийг эс анзааран үл ойшооно. "Альфредтай гэрлэмэгц энэ бүхэн зогсоно". Альфредын тухай бодол түүнд баяр баясгаланг бэлэглэх ажээ. Тэр удахгүй Африкаас эргэж ирнэ. Удахгүй.
Үзлэгт орохын өмнө Кэт, Пейж хоёр цай уух зуураа эрчүүдийн секст өдөөн дуудаад байгаа далд санааны тухай ярилцлаа.
- Жинхэнэ жентельмен шиг биеэ авч явах ихэнх эмч эрчүүд биднийг өвөр султай хүүхнүүд шиг бодоод тэдэнд үйлчлэхээр энд байгаа юм шиг эндүүрэх юм гэж Кэт гомдоллоод, - Тэдэнтэй дайралдахгүй юмсан гэж зугтах тусам долоо хоног өнгөрч өгөхгүй юм. "Манайд очиж цай ууж болохгүй юу? Надад гайхалтай компакт диск бий" гэнэ эсвэл хагалгаанд туслахаар ажиллахад хөх дэлэн барилах гэж оролдохыг нь яана. Бас нэг мангуу амьтан "Зугаагаа тайлмаар санагдах үед хар арьстанг би илүүд эрхэмлэн сонирхдог" гэж хэлж байсан.
Пейж санаа алдаад,
- Тэд найрсаг үгээр наалинхайтаж, биднийг хуял тачаалыг нь тайлах хэрэглүүр шиг үзэж байна. Харин би тэднийг бидэнтэй эмч шиг хандаасай гэж бодож байдаг таарч дээ.
- Бидний энд ажиллахаар ирсэн явдал тэдний олонход таалагдахгүй байгаа бололтой. Тэд үнэхээр шунан хүсээд байна уу эсвэл биднээр зугаагаа гаргах гээ юу, аль эсвэл биднээс ангижрах гэсэндээ арга мэх зохиож байгаа нь тэр үү. Бүсгүй хүн цоорч тодорч гартлаа дорд үзэгдэж, эрчүүд хэрэг дээрээ илжиг шиг тэнэг байсан ч дээгүүрт тооцогдож байдаг нь шударга бус явдал гэдгийг ойлгож байна уу?
- Яг л коллежид байсан шиг эрчүүдийн түрэмгийлэл үргэлжилж байх шив гэж Пейж хэлснээ, - Хэрэв бид арай олуулаа байсан бол өөрсдийн, эмэгтэйчүүдийн нийгмийг байгуулахсан хэмээн эгдүүцэв.
Эмнэлэг даяар алдар цуугаа дуурсган байдаг Артур Кейнийн тухай сураг Пейжийн чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүнийг "Аллагын лицензтэй 007-эмч" хэмээн хочилдог аж. Тэрээр ихэнх асуудлыг гардан шийдвэрлэх агаад түүний гар бие оролцсон хагалгааны тоо бусад эмч нараас хавьгүй олон гэнэ. Халзан толгойтой, тагжгар биетэй, дэгээ хамартай, шарлаж хөгцөрсөн шүдтэй тэрээр өөрийгөө сэтгэл татам эр хэмээн биеэ голохгүй нь тун ч хачирхалтай бөгөөд мань эр шинээр ирсэн эмч, сувилагч бүсгүйчүүлийг "шинэхэн шөл" гэж нэрлэдэг гэнэ.
Пейж Тейлор яг л түүний хэлдэг "шинэхэн шөл" байлаа. Кейн түүнийг амралтын өрөөнд сууж байхыг нь хараад зөвшөөрөл ч авсангүй ширээнд нь суугаад,
- Би танд нүдээ унагачихлаа гэв.
Пейж толгой өндийн түүнийг анхааралтай хараад,
- Өршөөгөөрэй, юу гэв ээ? хэмээвэл,
- Би Кейн эмч байна. Найз нар маань намайг Артур гэж дууддаг юм гэх түүний дуунд тачаангуй хөг сонсогдоод, - Хэр зэрэг идээшиж байна даа? гэлээ.
Энэ асуулт бүсгүйг цочирдуулав.
- Би... бүх юм хэвийн.
Кейн урагш бөхийгөөд,
- Манай эмнэлэг их том. Энд байхын бараагүй нуугдахад амархан шүү. Та намайг ойлгож байна уу? гэхэд нь,
- Огт ойлгосонгүй гэж Пейж болгоомжтой хариулав.
- Та олны дундаас онцгой царайлаг бүсгүй юм. Хэрэв та нэг юм дуулъя гэж бодож байгаа бол тусалж дэмжих хүнтэй болох хэрэгтэй дээ.
Эл яриа Пейжид дэндүү ичгүүр сонжуургүй мэт санагдаж,
- Та надад туслахыг хүсээ юу? гэвэл,
- Яг зөв гэж Кейн шар шүдээ ярзайлган инээснээ, - Энэ тухай оройн хоолон дээр яривал яасан юм бэ? гэж асуулгахад нь,
- Яриад байх юм алга. Энэ чинь миний сонирхлыг нэг л татахгүй байна хэмээн Пейж хариу барив.
Артур Кейн өндийн босоод ширээнээс холдон явахад түүний нүүрэнд нь хорсол зэвүүцэл илт тодорсон байлаа.
Мэс заслын эмч нар эхний хоёр сард төрөх, бөөр, мэс засал, нуруу нугасны тасгуудаар хэрэн хэсэж явав.
Зуны цагт ноцтой өвчин тусан эмнэлэгт хэвтэх нь тун осолтой, учир нь хамаг эмч нар амралтаа аван өвчтөнүүдийн амь насыг хал үзээгүй шинэхэн эмч нарт даатгадаг болохыг Пейж мэдэж авчээ.
Ихэнх мэс засалчид хагалгааны өрөөнд хөгжим хангинуулах дуртай аж. Тэдний зарим нэг нь "Моцарт"-ыг, зарим хэсэг нь "Аксель Роуз"-ыг сонсдог байна.
Яагаад ч юм мэс заслын эмч нарын ходоодны шүүс нь ялгарч байдаг юм уу гэлтэй үргэлж хоол унд ярьдаг бөгөөд идэж ууснаа хөөрлөөгүй үедээ бейсбол, хөл бөмбөгийн тэмцээний тухай ам уралдах ярих дуртай юмсанж.
Пейж жижүүрийн өрөөнд унтаж байтал шөнийн гурван цагт утас хангинан дуугарч,
- Тейлор эмч ээ... 419-р тасаг... өвчтөн зүрхний дайрлагад өртжээ. Хурдлаарай хэмээн хяхарсан хоолойгоор мэдэгдсэнээ харилцуураа тавих сонсогдов.
Пейж нойрноосоо хүчлэн сэрж орны ирмэг дээр сууснаа арайхийн өндийн босоод "Хурдлаарай!" гэснээ гудам тийш гарлаа. Цахилгаан шат хүлээж байх цаг байсангүй тул Пейж шатаар харайлган гүйсээр 419 дүрээр өрөөнд ирэхэд түүний зүрх нь амаараа гарчих шахам цээжээ дэлдчинэ. Пейж хаалгыг нээснээ гайхсандаа дотор нь палхийгээд явчих нь тэрээ.
Кэт Хантер, Ричард Хаттон эмчийн удирдсан үзлэгт оролцов. Тэрээр дөч шүргэж яваа бүдүүлэгдүү хэрнээ эрч хүчтэй нэгэн байлаа. Өвчтөн бүрд 2-3 минут зарцуулан, картыг нь үзмэгц мэс заслын эмч нарт хөнгөн пулемётоор галлах мэт дуржигнуулан заавар өгнө.
- Түүний цусны шинжилгээг ав, маргааш хагалгаанд...
- Халууныг нь байнга хянаж бай.
- Энэ оёдлуудыг ав...
- Цээжний зургийг авахуул...
Кэт болон бусад эмч нар бүгдийг бичиж авахаар чармайж Хаттон эмчийн яриаг таслан дургүйг нь хүргэхгүйг хичээцгээнэ.
Тэд явсаар хүчтэй халуурсаар эмнэлэгт долоо хоносон ч шинжилгээгээр ямар нэг үр дүн гараагүй өвчтөнг үзлээ.
Тэд гудманд гарсан хойно Кэт,
- Тэр ер нь яасан юм бэ? гэвэл,
- "З. Б. М" гэж эмч нарын нэг нь хэлснээ, - Тодруулбал "Зөвхөн Бурхан л мэднэ". Бид рентген, компьютер, цогц шинжилгээ, нугасны ус, элэгний биопс гээд боломжтой бүхнийг хийсэн. Яасныг нь мэдэх юм алга гэжээ.
Тэд явсаар хагалгаанд орсон толгойгоо битүү бинтээр ороолгосон өвчтөн залуу хэвтэх тасагт орцгоов. Хаттон эмч боолтыг нь тайлж эхэлтэл өвчтөн сэрэн гайхсан нүдээр эмчийг ширтээд,
- Юу ... юу болоод байна аа? гэвэл,
- Дуугүй бай чи! гэж Хаттон эмч зандрахад нь залуу эр салгалан чичирлээ.
"Би хэзээ ч өвчтөнтэй ингэж харьцахгүй дээ" гэж Кэт өөртөө ам өгөв.
Дараагийн өвчтөн дал эргэм настай цоо эрүүл ч гэмээр хөгшин байв. Хаттон түүний ор руу дөхөн очвол, мань өвгөн,
- Өөдгүй новш! Муу нохойн гөлөг, би чамайг шүүхэд өгнө дөө! хэмээн орилж гарав.
- Ноён Спаролини, сонсооч...
- Би одоо ноён Спаролини биш болсоон! Чи намайг хөнгөлүүлсэн тайган болгоо биз дээ?
"Хөнгөлүүлсэн тайган" хэмээн Кэт бодлоо.
- Ноён Спаролини, та өөрөө үр дамжуулах цоргоо авахуулъя гэж зөвшөөрөөд, тэгээд...
- Энэ чинь миний эхнэрийн санаа байсан юм. Хараал идсэн гичий! Харьж байгаад чамд үзүүлээд өгнөө, гайгүй!
Түүнийг хараал урсгаж эхлэхээс нь өмнө эмч нар холдон явлаа. Эмч нарын нэг нь сонирхон,
- Тэр яачихсан юм бэ? гэж асуув.
- Мань эр ханаж цадахаа мэдэхээ байсан хөгшин ухна байгаа юм. Залуу эхнэр нь зургаан хүүхэдтэй, тэрээр дахин төрөхийг хүсэхгүй байгаад хамаг учир байгаа юм гэжээ.
Дараагийн өвчтөн болох арван настай охины картыг үзээд Хаттон эмч түүнд хандан,
- Бид бүх микробыг устгахын тулд чамд тариа хийнэ гэв.
Сувилагч тариураа бэлдэн охин тийш очвол,
- Үгүй ээ, өвдөнө шүү дээ! гэж охин хашгирахад,
- Өвдөхгүй дээ, охин минь! хэмээн сувилагч аргадан хэлэв.
Муу ёрын энэ үг Кэтийн тархинд гялсхийлээ.
- Өвдөхгүй дээ, охин минь... хэмээн харанхуй дундаас хойд эцгийнх нь шивнэх сонсогдов.
- Чамд сайхан байна даа. Хөлөө алцай. Алив, бяцхан гичий минь! гээд тэрээр хөлийг нь угз татан алцайлгаад, өвдсөндөө хашгирах вий гэж гараараа амыг нь таглаж хатуурч боссон эдээ шургуулжээ. Кэт арван гурван настай байлаа. Энэ шөнөөс эхлэн өвөрт нь орох хойд эцгийнх нь айлчлал шөнийн аймшигтай ёслол болон хувирчээ.
- Над шиг эрээр заалгаж байгаа тань чамд тун их аз болж байна гэснээ, - Кэт ээ? Чи эм бэлэг эрхтэн гэж юу байдгийг мэдэх үү? Энэ чинь чиний бяцхан халуухан ангал шүү дээ. Надад их таалагддаг юм гээд дээрээс нь даран авч ёс бус авирлаж эхлэхэд яаж ч орилон, яаж ч залбираад түүнийг зогсоож чадахаа нэгэнт өнгөрчээ.
Кэт төрсөн эцгээ огт мэдэхгүй. Эх нь шөнийн цагаар Индиан мужийн Гари дахь давчуу байрнаас холгүй орших нэгэн конторт үйлчлэгчээр ажиллана. Кэтийн хойд эцэг нь хүдэр чийрэг эр ч гэлээ үйлдвэрийн осолд орсноос хойш гэрийн мухар сахин хийдэг ажил нь архидах явдал болжээ. Кэтийн ээжийг ажилдаа явмагц хойд эцэг нь орж ирэн,
- Чи эхдээ ганц үг цухуйлгавал дүүг чинь ална шүү гэжээ.
"Би Майкад муу юм хийхийг хэрхэвч тэвчихгүй" гэж Кэт бодлоо. Кэтийн дүү түүнээс таван насаар дүү агаад Кэт түүнийгээ ихэд хайрлан асарч, үе тэнгийнх нь зодоочдоос хамгаалдаг байлаа. Майк түүний амьдралын хамаг гэрэл гэгээ нь байв.
Нэг өглөө Кэт хойд эцгийгээ айлган сүрдүүлдгийг дуулгавал ээж нь энэ бүхний эцэс болгон түүнийг хамгаална гэж бодсон тул бүгдийг хэлэхээр шийджээ.
- Ээж ээ, шөнө таныг ажилдаа явсан хойгуур таны нөхөр миний өрөөнд орж ирэн намайг хүчинддэг гэв.
Эх нь Кэтийг гярхай гэгч нь ширтэн байснаа,
- Чи яаж ингэж худал хэлж чадна вэ, муу гөлчгий гээд тас хийтэл алгадаад авчээ.
Кэт дахин энэ тухай ганц ч үг дурссангүй. Гэртээ толгой хоргодоод байгаа ганц шалтгаан нь түүний дүү Майк байлаа. "Тэр надгүйгээр өнгөрнө" хэмээн Кэт үргэлж бодно. Жирэмсэн болсноо мэдмэгц Кэт Миннеаполис руу эгч рүүгээ зугтжээ.
Гэрээсээ оргон зугтсан тэр өдрөөс түүний амьдрал тэс өөр болов.
- Юу болсон бүгдийг надад ярихгүй байж болно гэж Софи эгч нь хэлснээ, - Одоо чи хаашаа ч зугтах хэрэггүй. Сезамстритийнхэн дуулдаг нэгэн дуу байдгийг чи мэдэхгүй. "Ногооноороо байх амаргүй" гэдэг дууг мэдэх үү? Хонгор минь, тэгвэл хар арьстай байх тийм ч амаргүй шүү. Чамд хоёр л боломж байна. Нэгд чи хорвоо ертөнцийг хараан зүхэж үргэлжлүүлэн зугтаж нуугдах, эсвэл өөрийгөө өмгөөлж чаддаг үнэ цэнэтэй хүн болох явдал гэв.
- Яаж тэр вэ?
- Чи өөрийгөө үнэтэй бие хүн гэдгээ ухаарах ёстой. Юу хийж ямар хүн болохоо урьдаар сайн тооцоол. Дараа нь зорьсондоо хүрэхээр тэмц, ажил гэлээ.
"Түүний хүүхдийг яавч тээхгүй. Аборт хийлгэнэ" хэмээн Кэт хатуу шийдлээ.
Бүгдийг амралтын өдөр нууцаар хийхээр зохион байгуулан абортыг эгчийнх нь найз эх баригч хийлээ. Бүх юм дууссаны дараа Кэт: "Дахин эр хүнийг биедээ хуруу ч хүргэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэзээ ч шүү!" гэж хорсол заналд автан хэлжээ.
Софи эгчийн байрнаас хэдхэн байшингийн цаана нуур, гол горхитой, найман мянган акр илүү талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан нь Кэтэд энхжингийн орон шиг санагджээ.
Нуураар далбаат онгоцоор зугаалан, эгчтэйгээ амьтны хүрээлэн сонирхон үзэж, ням гариг бүрийг "Гайхамшигт хөндий" хэмээх үзэсгэлэнтэй газар өнгөрөөн, ойр орчмын фирмүүдийн өвс хаддаг машинд сууж хүртэл үзжээ.
Кэт хайртай эгчээсээ үргэлж үлгэр дууриал авч байлаа. Урьд нь хичээл сургуульд явах хийгээд эрдэм номыг огт сонирхдоггүй байсныг нь Софи эгч нь эрс өөрчилж чадсанаар үл барам Кэт сургуульдаа дуртай явдаг болж, олон шинэ найз охидтой болсон байна.
Софи эгчийнд нь түүний хүндэтгэн хайрладаг олон сайхан ном байдаг аж. Софи эгч нэг удаа,
- Номонд агуу гайхамшигт ертөнцийн тухай бичсэн байдаг юм. Чи ном уншаад үз! Тэгвэл чи мэдэх болно. Охин минь нэгэн сайхан өдөр чи агуу алдарт хүрнэ гэсэн совин татаад байна. Гэхдээ эхлээд боловсролтой болох хэрэгтэй Америкт чи санасандаа хүрч чадна. Чи хар арьстай ядуу зүдүү байж болох ч хар арьст бүсгүйчүүд конгрессын гишүүн, кино од, эрдэмтэн, спортын алдар цуутан болсон байдаг. Хэзээ нэг цагт хар арьст ерөнхийлөгч гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Чи ямар мэргэжил сонирхож байна вэ, түүнийгээ эзэмшиж болно гэхдээ гагцхүү бүх зүйл ганцхан чамаас л шалтгаална хэмээжээ.
Ийнхүү Кэтийн амьдралын шинэ үе эхлэх нь тэр ээ.
Кэт тэргүүний сурагч болж, толгой өндийлгүй ном уншин, Синклер Льюисийн "Эроусмит" гэдэг номоос өөрийнхөө үйл хэргийн төлөө чин үнэнчээр зүтгэж буй залуу эмчийн тухай, Агнес Куперийн "Амласандаа хүр", Эльза Роугийн "Мэс засалч эмэгтэй" зэрэг номыг уншсан нь түүний хувьд цоо шинэ ертөнцийг нээн дэлхий дээр бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө зориулдаг хүмүүс амьдардгийг мэдэж авсан байна. Тэрээр нэгэн удаа сургуулиас тарж ирээд Софи эгчдээ,
- Би эмч болно. Алдартай эмч болно гэж хэлжээ.
_________________ Avatar by Someone
|