Исламын улс буюу “ISIS” гэж хэн бэ
Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал Ойрхи дорнод, тэр дундаа Исламын улсын дайчдад хамгийн ихээр анхаарал хандуулж байна. Уг бүлэглэл хэдхэн сарын дотор олон зуун хүнийг нийтээр нь буудан хороож, цаазалж, цовдлох зэрэг харгис үйлдлүүдээрээ нэрд гарсан билээ.
2004 онд Абу Мусаб аль-Заркави гэгч Аль Каида бүлэглэлээс салбарласан өөр нэгэн жижиг бүлэглэлийг тэргүүлэх болсон байна. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хоёр жилийн дотор тэрбээр шийтүүдийн эсрэг жижиг тэмцлүүдийг өрнүүлж байжээ. Гэвч 2006 оны зургаадугаар сард АНУ-ын хийсэн агаарын дайралтын үеэр аль-Заркави амиа алдсан байна. Хэдэн сарын дараа түүний залгамжлагч Абу Айюб аль-Масри Ирак дахь Исламын улсыг байгуулснаа зарласан аж.
Харин 2013 оны наймдугаар сард Аль Каида бүлэглэлд түшиглэдэг Сири дахь “Фронт аль-Нусра” бүлэглэлийг өөртөө нэгтгэж удирдагчаар Абу Бакар аль-Багдадыг сонгожээ. Мөн нэрээ “Ирак, Левант дахь Исламын улс” хэмээн өөрчилсөн байна.
Дэлхий нийтийн хэвлэлүүдээр тус бүлэглэлийн нэрийг “ISIL”, “ISIS”, “Исламын улс” гэх мэтчилэн олон янзаар товчлон нэрийддэг билээ.
АНУ болон НҮБ-ын зарим мэдээллийн хэрэгслийн байгууллага “Islamic State in Iran and the Levant” хэмээх нэрийг товчлон “ISIL” бичдэг. Ассошиэйтед Пресс агентлагийн дэд Ерөнхийлөгч Жон Данисзевский “Тус бүлэглэлийн нэрийг ийнхүү тодорхойлох нь хамгийн оновчтой юм. Энэ нь тэдний Ойрхи дорнод дахь үйл ажиллагааны чиглэл, зорилгыг тодорхой хэмжээгээр тусгаж байна” гэжээ.
Харин зарим эрдэмтэд “L” хэмээх үгний товлолыг Левант биш “Ал шам” хэмээх үгийг төлөөлж байна гэж үзжээ. Ал шам гэдэг үг нь Араб хэлэнд маш олон утгыг илэрхийлэх боловч хамгийн оновчтой хувилбар нь Туркаас Египет, Сири хүртэл сунаж тогтсон, тэр дундаа Палестин, Иордан, Ливан зэрэг бүс нутгуудыг багтаасан ойлголт гэж Колумбийн их сургуулийн профессор Рашид Халиди тайлбарлажээ.
Тэгвэл “ISIS” гэх хэллэг нь Араб хэлний “Al-Dawla Al-Islamiya fi al-Iraq wa al-Sham” гэсэн нэрний англи товчлол гэнэ. Исламын алан хядагчид бүлэглэлийнхээ зорилгыг Турк, Сири, Египет,, Палестин, Иордан зэрэг улсуудыг нэгтгэсэн Исламын халифатыг байгуулах явдал хэмээн тунхагладаг билээ. Энэ утгаараа дээрх нэр томьёо илүү зүйтэй гэж үзэх судлаачид байдаг аж. Харин “CNN” зэрэг мэдээллийн томоохон агентлагууд “the Islamic State in Iraq and Syria” нэрний товчлол гэж тайлбарладаг. Мөн “ISIS” гэдэг нь эртний Грекийн хайр дурлал, эрүүл мэндийн бурхны нэр юм. Гэхдээ эдгээр нэршлүүдээс гадна “Исламын улс” хэмээх нэрийг олон улсад түлхүү хэрэглэж заншсан байна.
Одоогийн байдлаар тус Исламын улс Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг хамарсан 40 мянган километр квадрат газар хяналтаа тогтоогоод байгаа юм. Энэ бүс нутгуудад нийт найман сая орчим хүн амьдарч байгаа бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ нэгэнт Бельги улстай эн зэрэгцэхээр болжээ. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тус террорист байгууллагын зэвсэгт дайчдын тоо 31 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Эдгээрийн дотор 80 орчим орноос ирсэн 15 мянган гадаадын дайчид багтдаг бөгөөд үүний дотор барууны иргэншилтэй 2000 орчим дайчин байдаг гэнэ.
Үүнээс гадна тус Исламын улс хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй бөгөөд санхүүгийн эх үүсвэрээ дараах байдлаар зузаатгадаг байна. Үүнд:
Иракийн Гадаад харилцааны зөвлөлийн гаргасан тайланд, ISIS бүлэглэл 2013 онд Мосул хотыг хяналтандаа авсаны дараагаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг сүрдүүлэн сар бүр найман сая ам.долларыг бэлэн мөнгө болон татвар авах замаар бүрдүүлж байсан гэжээ. Түүнчлэн тус бүлэглэлийн хяналтаа тогтоосон бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг олон улсын байгууллагуудыг айлган сүрдүүлж тодорхой хэмжээний тусламж дэмжлэг авдаг байна. Эдгээр үзүүлэлт цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолжээ.
ISIS-ийг бусад жихадист бүлэглэлээс илүү мафийн бүтэц зохион байгуулалттай гэж хэлж болох юм. Учир нь тус бүлэглэл террорист үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хүн хулгайлах, томоохон хэмжээний дээрэм зохион байгуулах, мансууруулах бодис худалдаалах мөн хууль бусаар мөнгө угаах зэргээр бүрдүүлдэг гэнэ.
Нью-Йорк Таймс сонинд бичсэнээр ISIS-ийнхэн Башар ал-Ассадын Засгийн газрыг буулгаж авахдаа Сирийн хойд хэсэгт орших цахилгааны станцыг өөрсдийн мэдэлд оруулсан бөгөөд уг үеэс эхлэн цахилгаан, эрчим хүчийг төлбөртэйгээр түгээдэг болсон гэжээ. Мөн өнгөрөгч зургаадугаар сард Киркук хотын ойролцоох цахилгаан үйлдвэрлэх байгууламж, боловсруулах үйлдвэрт хяналтаа тогтоосон гэх албан бус мэдээ бий.
Сири бол газрын тос экспортлогч түлхүүр орнуудын нэг билээ. Харин ISIS бүлэглэл Сирийн хойд хэсэг дэх газрын тосны зарим үйлдвэрийг хянадаг бөгөөд түүхий нефть олборлон Засгийн газарт зарж их хэмжээний бэлэн мөнгө олдог байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эдгээр үйлдвэрүүд өдөрт 30-40 мянга орчим баррель газрын тос олборлодог ажээ. Энэ удаагийн Ирак руу дайрсан цаад шалтгаан мөн л “хар алт”-наас үүдэлтэй хэмээн судлаачид үздэг.
АНУ-ын холбоотонд тооцогддог Кувейт, Катар, Саудын Араб зэрэг улсад амьдардаг чинээлэг хөрөнгөтнүүд жил бүр тодорхой хэмжээний мөнгийг тус бүлэглэлд хандивладаг байна. “CNN” агентлагийн мэдээлснээр тус улс Засгийн газар үүнийг өнгөн дээрээ үгүйсгэдэг ч үнэн чанартаа өөрсдөө ч мөн холбоотой байдаг гэжээ.
Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг эзлэж авсанаар бүхэлдээ алтны уурхайтай болсон гэхэд хилсдэхгүй юм. Учир нь тэд Мосул хотын төв банк, бусад санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 430 сая ам.долларын өртөг бүхий алтан гулдмайнуудыг дээрэмдсэн байна.
Эх сурвалж:
http://world.eagle.mn/content/read/22743.htm