Д.Пүрэвдаваа: Нийслэл рахиттай хүүхэд шиг бүтэцтэй учраас хөгжихгүй байна

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” ярилцлагын буландаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг урьж ярилцлаа.
-Хүмүүс хөгжлийг өндөр байшин, уран барилга, эдийн засгийн өсөлт гээд олон зүйлтэй холбож тайлбарладаг. Таны бодлоор хөгжил гэж юу вэ?
-Би улс орны хөгжил гэдгийг хувь хүний хөгжилтэй холбож хардаг. Хүн хүний хэмждэг нэгж нь өөр байх л даа. Байшин барилга, эсвэл нэг индексээр ч юм уу. Гэтэл иргэд ая тухтай амьдарч чадаж байна уу гэдгээр нь биш хувь хүн хөгжиж чадаж байна уу гэдэг нь чухал. Би дотроо хувь хүн өдөр бүр хөгжиж байх ёстой гэж боддог.
Өнөөдөр Монгол Улсын нэг иргэн 10 чадамжтай, 20 чадвартай байх юм бол монгол орон хөгжинө. Гэтэл бид өнөөдөр хувь хүнээ мартаад, байшин савнаас эхлүүлээд илүү материаллаг зүйлийн талаар байнга яриад байгаа байхгүй юу. Гэтэл хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадамж нь багасаад байна.
Тиймээс юуны өмнө хүнээ хөгжүүлье. Тэгэх юм бол улс аяндаа хөгжинө гэж би хардаг. Социализмийн үед бүгд нэг хэмжээний чадвартай, дунд боловсрол нь сайн олгогддог. Бүх юмыг ерөнхийд нь мэддэг, ерөнхий боловсрол сайтай байсан. Харин нарийн мэргэжил цөөтэй байлаа.
Гэтэл одоо зах зээлийн нийгэм рүү шилжээд, нарийн мэргэжил эрэлт хэрэгцээтэй болчихсон. Жишээлбэл, өнөөдөр нарийн мэргэжлийн барилгын, цахилгааны инженер, гагнуурчин гээд зах зээл эрэлт хэрэгцээтэй чадварыг эзэмшээд, мэргэшсэн хүн маш өндөр цалин авч байна.
Дээрээс нь тийм мэргэжилтэй хүн олдохгүй байна шүү. Гэтэл нийтлэг байдаг хуульч, менежер, зохион байгуулагч нар нь маш их хэмжээний мөртлөө чадвар нь үнэлэгдэхгүй байна. Дээд сургууль төгссөн кассчин ч гэж байх шиг. Энэ бол өөрөө гажуудал шүү дээ. Гадаадын орнуудад бага, дунд, ахлах сургуулиа төгсөөд нарийн мэргэжлийг илүү эзэмшдэг гэж байгаа. Тиймээс манайхан энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй болсон.
-Саяхан их, дээд сургууль төгссөн, гадаад хэлтэй хүнийг цэвэрлэгчийн ажилд авна гэсэн зарлал гарч байсан. Энэ өөрөө дээд боловсролын үнэ цэнийг хэтэрхий их “лантуудаж” байгаагийн нэг хэлбэр биш үү?
-Энэ бол цэвэр чадвартай холбоотой л зүйл. Англи хэлээр үнэхээр мундаг ярьдаг хүн бол очоод цэвэрлэгч хийнэ гэж байхгүй. Миний харж байгаагаар нарийн мэргэжилтэй, дээрээс нь маш сайн чадварлаг байх ёстой. Өнөөдөр хэдэн мянган оюутан нягтлан гэсэн мэргэжилтэй болоод их, дээд сургууль төгсч байгаа шүү дээ.
Гэтэл яг ачир дээрээ чадварлаг, үнэхээр хариуцлагатай хүн олдохгүй байх жишээтэй. Тэгэхээр хүмүүс олон юм руу үсчих биш нарийн мэргэжил эзэшиж, чадваржих хэрэгтэй. Яах вэ, өнөөгийн нийгэмд чадвар чадамж шаардахгүй ажил хийгээд амьдарч болоод байгаа юм.
Жишээ нь, зах дээр гараад, нэг барааг үнэ нэмж зараад байж байгаа хүн олон байна. Тэр процесс нь маш их хэмжээний мөнгө олоод амьдарч болох боломжийг өгөөд байгаа учраас тэр хүн өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүй. Олон чадвар эзэмших шаардлагагүй гэсэн үг.
Ийм жишээг янз бүрээр нь дурьдаж болно. Энэ нь өөрөө манай улсын хөгжлөөс доош татаад байна. Миний харж байгаа зүйл энэ. Дээрээс нь бас нэг зүйл хэлэх хэрэгтэй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг гадаадын нэг нөхөр удирдахаар л янзын сайхан яваад байдаг.
Нэг зүйлийг л хараад үзье. MCS-ийг зарим хүмүүс хэт том компани. Маш их юм хийлээ, бүх салбар руу орлоо гээд байдаг. Гэтэл тэдний үйлчилгээ хүнд хүрээд байдаг биз дээ. Бид “Тэнгис” кино театрт очоод үйлчлүүлэх дуртай. Яагаад гэвэл тэнд үйлчилгээний стандарт арай өөр байна.
“Sky Resort” дээр очоод гулгах дуртай, тийм биз дээ. Бас л үйлчилгээний стандарт сайн учраас тэр. Тэгвэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, компани чадварлаг бизнесийн ухаанаар залах юм бол үйлчилгээний стандарт нь сайжраад, хүн рүүгээ чиглэсэн зүйл хийгдээд эхлэх байхгүй юу. Би юу хүсээд байна вэ гэхээр, ТҮЦ ажиллуулдаг ч хүн ч бай өөрийгөө хөгжүүлээд, чадвартай болсон байвал ямар ч дэлгүүрээс дутахгүй л ажиллана.
-Хүнээ хөгжүүлэх, чадваржуулах нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ энэ ажлыг хэн хийх ёстой юм бэ?
-Энэ бол цэвэр төрийн хийх ажил. Манайх дайны дараа хөгжиж орон биш шүү дээ. Япон Солонгос бол асар том дайны дараа хөгжиж, Азид тэргүүлэх эдийн засагтай орон болсон. Жишээ нь, Солонгос улс номын санд бүргэлтэй иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Бусад орны хүн амын тоотой харьцуулсан индексээр нь авч үзэж байгаа тоо шүү дээ. Маш их идэвхтэй амьдардаг. Одоо та нар харж байгаа биз дээ. Солонгосын “Самсунг” гэдэг гар утсыг манай Монголын хэдэн мянган хүн барьж байна. Дэлхий даяар гэж ярьвал бүр өөр.
Голландын үйлдвэрлэж байгаа “Heineken гэдэг шар айраг дэлхийн номер нэг пиво биш. Гэхдээ дэлхийн нэг номерын борлуулалттай шар айраг гэж явдаг. Голланд бол хүн ам цөөнтэй, газар нутаг багатай. Бүр газаргүй шахуу учраас далайн түвшнээс дор хот байгуулчихсан улс.
Хэдий тийм ч эдийн засгийн зөв бодлого хийснээрээ, тодорхой хэмжээнд хар тамхи, наргиан цэнгээнийг зөвшөөрсөн хууль гаргаснаараа огт ирдэггүй байсан далайн хөлөг онгоцнууд “Амстердам” боомтод ирж үйлчлүүлдэг болоод, дотоодын нийт бүтээгдэхүүн нь хэд дахин өсч байсан гэдэг юм билээ.
Энэ бол гадныхан ямарваа нэг зүйлийг үнэхээр гоё хөгжүүлж чаддагийн жишээ. Монгол Улс яах вэ, социализмын үеэ өнгөрөөгөөд нэг гараанаас гараад, хөгжих гэж яваа улсуудын л нэг. 20 жил хөгжих гэж оролдож байна. Гэхдээ огт хөгжөөгүй гэж хэлэхгүй, ахиц дэвшил байгаа. Харин бусад оронтой харьцуулбал харьцангуй их боломжтой байж ийм байгаа нь чамлалтай.
Бид ямар эрчүүдийнхээ тал хувийг дайнд алдчихаагүй. Дандаа тахир дутуу хүмүүс үлдээгүй учраас үүнээс илүү хөгжих боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ одоо манай энэ удирдагчид илүү ажиллаж, хөгжүүлэх байх гэж найдаж байгаа шүү.
-Солонгос номын сангаар үйлчлүүлэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна гэсэн. Тэгвэл манай улсад ердөө 400 номын сан байдаг. Түүнийх нь бараг 90 хувь нь сургуулийн номын сан. Залууст зориулсан номын сан гэж бараг байхгүй байна шүү дээ?
-Би манай улс бааранд тогтмол үйлчлүүлж байгаа хүнийхээ тоогоор тэргүүлж магадгүй гэж боддог. Яагаад гэвэл тэр хүмүүс спорт зааланд тоглож, номын санд суухаасаа илүүтэйгээр ихэнх цагаа наргиан цэнгээнд зориулдаг. Түүнээс гадна ид шидэнд их итгэж амьдарч байна.
Ямарваа нэг зүйлийг хялбараар бүтээх гэж боддог. Нэг курс, лекцэнд суугаад өөрийгөө хөгжүүлчихнэ гэж хүлээгээд байна шүү дээ. Аль болох өөрөөсөө бага хөдөлмөр шаарддаг. Уг нь их хөдөлмөрлөж байж их өөрчлөлтийг авчрах ёстой биз дээ. Тиймээс төр засаг энэ тал руу илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай.
Шинэчлэлийн Засгийн газар гараад “Авьяас хөтөлбөр” энэ тэр гээд ажил хийж эхэлсэн. Үр дүнгээ өгтлөө мэдээж хугацаа хэрэгтэй. Ямар ч зүйлийг хийхэд хугацаа ордог, их уу, бага уу л гэдэг байна.
Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар “Авьяас”, “Ном” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь их өөрчлөлтийн эхлэл юм уу гэж харж байгаа.
-Улсын хөгжил сумаас эхэлнэ гэдэг. Тэгвэл хотын хөгжил дүүргээс эхэлж болно шүү дээ. Одоо төсвийн эрх мэдлийг сум, дүүрэг, бүр хороонд нь өгсөн гээд яриад байгаа. Тэгэхээр илүү чөлөөтэй ажиллах боломжтой болсон юм болов уу гэж хардаг. Та том дүүрэг удирдаж байгаа хүний хувьд улс орны хөгжлийн төлөө зүтгэж ажиллаж л байгаа байх?
-Дүүрэг их зовлонтой. Өөх ч биш, булчирхай ч биш гэдэг шиг. Улаанбаатар хот есөн дүүргээс бүрддэг. Түүний зургаан төвийн гэсэн тодотголтой. Төвийн зургаан дүүргээс хамгийн том нь Баянзүрх, Сонгинохайрхан. Үндсэндээ Баянзүрх дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын дөрөвний нэг нь амьдардаг.
Сонгинохайрхан дүүрэгт мөн ялгаагүй. 50 хувь нь хоёр дүүрэгт амьдарч байна гэсэн үг. Үлдсэн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дөрөв нийлээд 50 хувийг нь бүрдүүлж байгаа. Харин Багахангай, Багануур, Налайх дүүргийн хүн ам хамаагүй цөөхөн. Нийслэлийн нэгжийн хуваарилалт нэг иймэрхүү.
Гэтэл манай дүүрэг 300 мянган иргэнтэй. Тэгсэн мөртлөө сумын статустай. Хуулиар олгогдсон эрхийн хэмжээ нь сум. Тэгэхээр Монгол Улсад байгаа 360 гаруй сумын нэг л болж хувирч байгаа юм. Тэгтэл Дундговь аймаг 40 гаруй мянган хүн амтай байна. Тэгвэл манай дүүрэг 10 аймагтай тэнцэхээр хүн амтай байгаа биз дээ.
Архангай гэхэд 100 мянган хүн амтай гэж тооцвол гурван том аймагтай тэнцэхээр байгаа юм. Тийм байтал төсвийн хуваарилалт хийхдээ хүн амтай нь нийцүүлдэггүй. УИХ-ын гишүүдийн ихэнх нь хөдөөнөөс сонгогддог. 76 гишүүний чинь бараг 50 нь хөдөөнөөс сонгогдож байгаа учраас төсвөө хуваарилахдаа орон нутагтаа гэдэг утгаараа аймаг, сум руугаа татчихдаг.
Тэнд сургууль, цэцэрлэг барьж байна. Одоо Монгол Улсад байгаа мөнгийг хуваагаад авахаар 3000 хүн амтай суманд харьцангуй дажгүй хөрөнгө оруулалт болно. Харин 300 мянган иргэнтэй Баянзүрх суманд бол юм болохгүй шүү дээ. Жишээ нь, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг авч үзье.
Манай дүүрэгт 4.4 тэрбум төгрөг 2013 онд төсөвлөсөн. Гэтэл Архангай аймагт 10 тэрбум төгрөг. Дундговь аймагт есөн тэрбум. Багахангай дүүрэгт гэхэд хоёр тэрбум төгрөг хуваарилж байгаа юм. Дөнгөж 3000 хүн амтай л дүүрэг шүү дээ. Яаж индексийг нь бодсон юм бүү мэд. Говьсүмбэр аймаг байна.
20 мянга хүрэхгүй шахам иргэнтэй аймаг шүү дээ. Гэтэл манай Баянзүрх дүүргийн нэг хороо 15 мянган иргэнтэй. Тийм байхад Говьсүмбэр аймагт мөн л Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж 4-5 тэрбум төгрөг байсан санагдаж байна.
Ингээд бодохоор манай дүүрэг шиг олон хүн амтай газарт ийм хэмжээний хөрөнгө оруулалт багадаад байгаа юм. Үнэндээ 4.4 тэрбум төгрөг юу ч болохгүй. Харин 3000 ч юм уу, эсвэл 40 мянган хүн амтай газарт тэр төсөв нь боломжийн болоод явчихна. Хөгжих бололцоо ч гарч ирнэ. Гэтэл энд бас хүмүүс амьдарсаар, тоо нь нэмэгдсээр л байна шүү дээ.
-Сургууль, цэцэрлэггүй хороо маш олон байгаа байх шүү?
-Манай дүүргийн 28 хорооны есөд нь улсын цэцэрлэг байдаггүй. Нийт 28 хороонд 21 улсын сургууль, 22 цэцэрлэг ажиллаж байна. Гэхдээ зарим хороонд байршлаараа 2-3 цэцэрлэг байгаа. Харин огт цэцэрлэггүй есөн хороо байгаа шүү. Жишээ нь, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 15 мянган иргэнтэй.
Гэтэл нэг ширхэг ч улсын цэцэрлэг байхгүй. 26 дугаар хороо мөн л 10 гаруй мянган иргэнтэй байтал улсын цэцэрлэг, сургуулийн аль нь ч байхгүй. Төсвийн хуваарилалт иймэрхүү зарчмаар явж байгаа болохоор төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байна.
Жил бүр Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн тоо буураагүй байгаа болохоор байдлыг улам хүндрүүлж байгаа. Тиймдээ ч есдүгээр сарын 1 болоход маш олон хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болж байна шүү дээ. Өнөөдөр манай дүүрэгт гурван ээлжээр ажиллаж байгаа сургууль ес байна.
Дөрвөн ээлжээр ажиллаж байгаа сургууль ч байгаа. Анги дүүргэлт 40-60 хүүхэд байна. Бодоод үз дээ, бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Үнэхээр аймаар байгаа биз дээ. Үүнийг шийдвэрлэе гэхээр бидэнд ямар ч эрх байхгүй. Дүүрэг орлогоо бүрдүүлнэ дээ.
Орлого бүрдүүлэлт гэдэг маань иргэдээс авч байгаа татвар гэсэн үг. Гэтэл хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд үндсэн том том татваруудыг бүгдийг нь улс, нийслэл авдаг. Харин дүүргийн орлогоо бүрдүүлдэг татвар нь тун цөөхөн.
Бууны, үл хөдлөх хөрөнгө борлуулсны, татвар тооцох боломжгүй иргэдийн татварын татвар гэх мэт. Тэр жаахан мөнгөөр л бид 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар, Тамгын газрын ажилчдын цалинг өгч, халуун дулаан, цахилгаан гээд аж ахуйн зардлаа төлдөг. Хөрөнгө оруулалтын шинжтэй ямар ч мөнгө байдаггүй.
Хуучин 2008-2012 он хүртэл УИХ-ын гишүүд тойрогтоо зоиулж тэрбум төгрөг үрдэг байсан. Тэр мөнгөөр дээвэр засах уу, зам тавих уу, гэрэлтүүлэг хийх үү гэдгээ сонгоод хөрөнгө оруулалт хийдэг байсан. Гэтэл тэр УИХ-ын гишүүн Шар хаданд, Гачууртад амьдралдаа очиж үзээгүй, тэнд юу хэрэгтэйг мэдэхгүй болохоор зөв хөрөнгө оруулалтын шийдвэр гаргана гэдэг эргэлзээтэй. Тиймээс гишүүдэд тэрбум төгрөг өгдөг байдлыг 2012 оноос болиод, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө болж эхэлсэн байхгүй юу.
-Орон нутгийн хөгжлийн сан байгуулаад, түүгээр дамжуулж төсөв хуваарилж байгаа нь оновчтой шийдэл юм шиг санагддаг?
-Харьцангуй оновчтой шийдэл. Гэхдээ хуваарилалтын хувьд оновчтой биш. Манай дүүрэгт гэхэд дэндүү бага байгаа биз дээ. Энэ нь өөрөө дүүрэг хөгжихөд саад болоод байгаа юм. Нөгөө талаар дүүрэг хотоос ихээхэн хамааралтай. Өнөөдөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалт өрнөж байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ манай нийслэл рахиттай хүүхэд шиг дэндүү том толгойтой, хөл гар нь жижигхэн, маш их хэмжээний эрх мэдлийг дээрээ бүрдүүлсэн бүтэц бий болчихоод байна. Жишээ нь, өнөөдөр Шархадны эцэст байгаа, эсвэл Налайх дүүрэгт байгаа цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэлийн Засаг дарга томилдог болсон.
Гэтэл нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн боловсролын газрын дарга Шархадны эцэст байгаа цэцэрлэгийн удирдлагыг сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хянах боломжгүй шүү дээ. Уг нь болдог бол хэрэглэгчид нь эрхтэй бол илүү сайн байхсан.
Тухайлбал, Багануур дүүргийн иргэд, цэцэрлэгт явж байгаа хүүхдийн эцэг, эхэд эрх өгөөд, тэд 60 хувьд нь үнэлгээ өгөөд, үлдсэн 40 хувьд албаныхан оролцоод явдаг бол өөр шүү дээ. Тэгвэл Багануурт амьдардаг хүмүүсийнхээ дунд нэр хүндтэй хүнийг сонгоод тавьчихна.
Үндсэндээ анхан шатандаа цэцэрлэгийн эрхлэгч сонгох эрхийг нь түлхүү өгвөл хүүхдэд хандах хандлага нь өөрчлөгдөнө шүү дээ. Тэгэхгүй эндээс хэн нэгэн хамаатнаа ч юм уу аваачаад томилчихоор нөгөө хүн чинь иргэдийн төлөө, хүүхдийн төлөө ажиллахгүй нь ойлгомжтой.
Ингээд л чанар нь мууддаг. Ийм тохиолдол маш их гарч байна. Одоо манай өрхийн эмнэлгүүд байна. Өрхийн эмнэлгийн гэрээг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хийдэг. Манай 28 хороонд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд бүгд хувийнх. Улсын эмнэлэг гэж нэг ширхэг ч байхгүй.
За тэгээд өрхийн эмнэлгийг хүн амын тоотой нь харьцуулаад үнэлдэг. Мөн индексээр хэмжих нэгж байдаг юм. Тэгээд хүний тоогоор нь үржүүлээд л өрхийн эмнэлэгт улсаас мөнгө өгдөг байхгүй юу. Гэтэл өнөөдөр өрхийн эмнэлгийг сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хэн мэдэх юм.
Хорооны иргэд л мэднэ биз дээ. Түүнээс биш Эрүүл мэндийн нэгдлийн дарга мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл Шархад, Улаанхуаранд амьдардаггүй. Амьдралдаа тэр өрхийн эмнэлгүүдээр үйлчлүүлж үзээгүй. Тийм байтал гэрээг нь хийгээд явж байна.
Тийм болохоор өрхийн эмнэлгийн эмч нар айлуудаар явж хөгшин хүмүүсийн даралтыг нь хэмждэггүй, хүүхдүүдийн биеийн байдлыг асуудаггүй. Яагаад гэвэл тэд эрхээ том байгууллагаас авчихаж байгаа юм. Дүүрэг, иргэд хамаа алга. Ядаж л дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилдог. Тэгэхээр Д.Пүрэвдаваад дүүрэг ямар ч хамаагүй болж байгаа биз.
Ёстой гөлөөг ч гэх эрхгүй. Хууль дээр заасан эрх мэдлээ зарим нөхдүүд давуулан хэрэглэнэ. Жишээ нь, дүүргийн Засаг даргатай зөвшилцөж байж дүүргийн Эрүүл мэндийн газрын даргыг томилно гээд хуульд заачихсан байгаа юм. Гэтэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга бидэнтэй нэг ч санал солилцохгүйгээр шууд аваачаад томилчихно.
Тэгэхээр энд Д.Пүрэвдаваа хяналт тавиад, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаас нь санаа тавих гэхээр эрх нь байхгүй болчихоод байгаа юм. Тэртэй тэргүй Д.Пүрэвдаваа байна уу, байхгүй байна уу гэдгээс үл хамаараад өрхийн эмнэлэг мөнгөө авдгаараа авна. Эрүүл мэндийн нэгдлийн дарга томилогддогоороо томилогдоно, гэрээ хийгддэгээрээ л хийгдэнэ. Тэнд иргэдийн, дүүргийн хяналт ч байхгүй.
-Өнөөдөр томчууд төсвийн эрх мэдлийг дүүрэг, хороонд өгчихсөн, өөрсдийнхөө дураар юмаа хий, иргэд саналаа өг гээд байдаг. Иргэд ч дүүрэг, хорооны Засаг дарга нарыг нэг их мөнгө аваад, баахан юм хийнэ гээд ойлгоод байдаг. Гэтэл яг ачир дээрээ байдал огт өөр байгааг та хангалттай ярилаа. Гэхдээ яах вэ, нэгэнт төсөв хуваарилчихсан. Тэгвэл та Баянзүрх дүүрэгт ногдсон 4.4 тэрбум төгрөгөөр юу хийв. Арай түлхүү барьж авч хийж байгаа ажил байна уу?
-Тэр мөнгийг нь зарцуулахад олон хууль дүрэм дагаж мөрдөх шаардлагатай болдог. Төсвийн тухай хууль, Орон нутгийн тухай журам энэ тэр гээд л. Хууль батлахдаа нөхдүүд иргэдээсээ асууж байж зарцуулна гээд заагаад өгчихсөн. Манай дүүрэг 100 мянган иргэнээс санал авсан байдаг.
Тэгэхэд хүмүүс ийм ийм хөрөнгө оруулалтад тэр мөнгийг чинь зарцуулъя гэдэг саналаа өгөөд, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ажлыг нь хийхээр шийдсэн юм. Гэтэл манай дүүрэгт цэцэрлэг хамгийн олон санал авч, хол тасархай түрүүлсэн. Тиймдээ ч энэ онд дүүргийнхээ нөөц бололцоог ашиглаж, газраа чөлөөлөөд зургаан цэцэрлэг барихаар зураг төслийг нь хийлгэчихсэн.
Газар чөлөөлөхөд зориулж төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байгаа шүү дээ. Гэхдээ бид мөнгөөр биш нөөц бололцоогоо ашиглаж цэцэрлэг барих газраа гаргаж авсан. Харин зураг төсөл гаргах гэж уддаг юм байна. Зураг төсөл хийхийн тулд заавал тендерээр шалгаруулна.
Тэр нь нэг сар болно. За тэгээд шалгарсан газар нь зураг төслөө хийсний дараа Нийслэлийн хуралд орно. Хурлаар зургаа батална, техникийн нөхцөлүүдээ авна. Түүнийхээ дараа дахиад хурлаар орж батлагдана. Тэгсний дараа хяналтын төсөв гарна. Ингээд нэг багц болохоор нь тендер зарлана.
Манайх бол тендерээ зарлачихсан байгаа. Аравдугаар сарын дундуур тендерийн ялагч нь тодорхой болоод, цэцэрлэг барих гэрээгээ хийж, мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн компанидаа өгнө. Тэгэхээр ирэх жилийн хавар гэхэд хамгийн багадаа 3-4, цаашлаад таван цэцэрлэг ашиглалтад орох боломжтой.
Ерөнхийдөө хамгийн хямдаар, гэхдээ чанартай хийнэ гэхэд 100-150 хүүхдийн ортой нэг цэцэрлэг тэрбум төгрөгт багтах гээд байгаа юм. 4.4 тэрбум төгрөгөөр 4.4 цэцэрлэг барих гээд байна шүү дээ. Чадвал хөрөнгийн өөр эх үүсвэр олоод, таван цэцэрлэг болгох гээд байна.
Огт цэцэрлэггүй есөн хорооныхоо зургааг нь цэцэрлэгтэй болгочих юм бол 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжээд эхэлнэ. Тэр хэрээрээ 100 гаруй ээж ажилд орох боломжтой болох юм. Ингээд бодохоор цэцэрлэг үнэхээр хэрэгтэй байна.
-Тэгвэл ирэх жилийн Орон нутгийн хөгжлийн санд төсөвлөгдөх мөнгөөрөө дахиад ганц хоёр цэцэрлэг барьчихаж болох юм биш үү?
-Энэ жилийн хуваарилагдаж ирсэн мөнгөөрөө ямар ч байсан цэцэрлэг барьчихлаа. Харин ирэх жилийн төсвийн мөнгийг цэцэрлэг барихад зарцуулж болохгүй гэсэн заавар ирсэн. Учир нь цэцэрлэг, сургуулийн асуудал БШУЯ-ны багцад сууж орох ёстой гэж хэлсэн.
Тийм учраас иргэд ямар ч санал өгсөн бай хамаагүй хас. Өөр юм хий гэсэн. Түүний дагуу бүх хорооны иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулаад 2014 онд хороондоо ийм ажил хийвэл зохистой гэдэг жагсаалтаа гаргаад, шаардлагатай саналуудыг нь авчихсан байгаа.
Энэ удаад 4.4 тэрбум төгрөг гэлтгүй гол хэрэгцээтэй байгаа ажлын саналаа үнэлээд, дээш нь өгчихсөн. Ямар ч байсан багадаа л 6.7 тэрбум төгрөг ирэх болов уу гэж найдаж байна. Тиймээс 2014 онд энэ мөнгөөр цэцэрлэг барихгүй, илүү тохижилт руугаа анхаарсан ажил хийх байх. Тийм зөвшөөрөл дээрээс олгосон.
-Бид хоёрын яриа хувь хүний хөгжилтэй холбоотойгоор эхэлсэн. Тэгвэл та дүүргийнхээ хэмжээнд иргэдээ хөгжүүлэх, хувь хүнийг чадавхижуулах тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Иргэдээ чадавхижуулах ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Манай дээр “Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх төв” гээд байгаа. Тогтмол төрөл бүрийн сургалтууд явуулж байна. Нэг ирээд суучихсан хүн идэвхтэй яваад байгаа. Ерөнхийдөө хөнгөлөлттэй үнээр сургалтаа явуулж байна.
Үнэгүй зүйлд хүн хайнга ханддаг шүү дээ. Тийм болохоор хэр тааруу үнээр сургалтуудаа тогтмол хийж байгаа. Энэ сургалтуудад иргэдээ маш их хэмжээгээр хамруулъя, цаашаа тэлэх ажлыг хийе гэсэн зорилготой байгаа. Хүмүүст төслийн мэдлэг олгох, ийм ийм боломж байдаг юм байна гэдгийг ойлгуулаад, ямар сургалт авмаар байгааг нь асууж байгаа.
Гадаадын хүн ч хамаагүй авчираад хичээл заалгаж болж байна. Гэх мэт тодорхой зорилтот сургалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Эхнээсээ сургалтад хамрагдсан хүмүүс зээлд хамрагдаад, ажил ахуйгаа дээшлүүлээд явж байна. Нөгөө талаар би нэг зүйлд их эмзэглэдэг.
Жил бүр манай дүүрэгт 300 орчим айл бүрэн шатдаг. Онцгой байдал манай дүүрэгт маш сайн ажилладаг. Гэхдээ гадны орнуудын иргэдийг хар, ямар ч хүн анхан шатны тусламжийг бүрэн хийнэ. Үнэхээр сайн сургагдсан байдаг. Хүн ухаан алдаад унавал гүйж очоод хиймэл амьсгаа хийнэ. Гал гарвал яаж унтраах юм, харвалт өгч байгаа хүнд анхан шатны тусламж яаж үзүүлдэг юм.
Цахилгааны масс гарахад яах ёстой вэ гэх зэргийг мэддэг анхан шатны чадамжтай байдаг юм билээ. Гэтэл манай иргэд энэ талаар юу ч мэдэхгүй. Гал гарахад байгаа усаа улайссан нурам руу хийгээд өөрөө нүүр амаа шалзалдаг жишээ олон. Хүн ухаан алдаад унахад тусалж мэддэггүй.
Түргэн тусламж гэр хороолол дундуур очих гэсээр байтал өнөөх хүн нь үхчихдэг. Гэтэл иргэн бүр чадавхитай, анхны тусламж үзүүлчих мэдлэгтэй байсан бол байдал арай өөр байна биз. Тиймээс иргэн бүр онцгой байдлын үеийн анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тэгвэл нэг ч гэсэн иргэнээ аврах боломжтой болох нь байна шүү дээ. Энэ чинь л иргэдийг чадавхижуулах нь ямар хэрэгтэй болохыг харуулаад байгаа юм.
Н.Пунцагболд
Эх сурвалж:
www.mminfo.mn