|
1р бүлэг.Бодит байдлыг өөрөөр харах нь
-- "Манай ухаантнуудын зүүдэнд ч ороогүй зүйлс Орчлон дээр олон бий, найз Гроциа минь" Шекспир
Та машин барихын тулд заавал карбюраторын бүтцийг нь судлах шаардлага байдаггүйн адил тархины хүчийг ашиглахын тулд физикийн хуулиудыг судлах, эсвэл бодит байдлын мөн чанарыг таньж мэдэх шаардлагагүй юм. Цөөхөн хэдхэн хүн л машины нарийн бүтцийг мэддэг, гэхдээ энэ нь олон сая хүн машин жолоодоход саад болдоггүй билээ. Тархины хүчний тухайд ч байдал ийм л байна. Ямар ч хүн энэ системийн үндсийг суран, өдөр тутмынхаа амьдралд амжилттай хэрэгжүүлэх боломжтой юм. Тэгэхээр бид бодит байдлын мөн чанарыг судлахаас, тэр тусмаа сүүлийн 20 жилийн шинжлэх ухааны гайхамшигтай нээлтүүдээс эхлэе, эдгээр нь тархи хэрхэн өөрийн бодит байдлыг бүтээдгийг ойлгоход туслах юм. Эдгээр нь харах, эсвэл төсөөлөн бодохын адилаар зүгээр нэг хэрэггүй мөрөөдөл биш, харин хүмүүст аливаа зүйлсийг хооронд нь наах, шингэнийг уур болгох, эсвэл ургамлын үрийг хөөлгөж соёолуулах чадалтай эрчмийн урсгалыг хянаж, чиглүүлэхэд туслах бүтээлч үйл ажиллагаа юм.
Эдгээр эрчмийн урсгалын мөн чанарыг таньж мэдсэнээр та тархины мөн чанарыг ойлгож, залбирал, зөн совин, ямар нэгэн далдын зүйл биш, харин хүн нээн илрүүлж, ашиглаж чадах хуулиудад захирагддагийг ойлгох болно. Хүний тархины хүч орчлонгийн бүх зүйлсийн адилаар онолын хүнд хэллэгүүдээс салгаж, энгийн байдлаар таниулах юм бол, хэн ч ойлгож чадах энгийн зүйл юм.
Эдгээр нээлтүүдийн сонирхолтой ертөнцтэй таныг танилцуулахыг минь зөвшөөрнө үү.
Өнөөдрийн физикийн шинжлэх ухаан Орчлонг динамик идэвхжилийн хуваагдашгүй сүлжээ гэж үздэг. Орчлон оршин тогтнон байнга өөрчлөгдөж байдаг ба түүний бүх бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо үйлчлэлцэж байдаг юм. Анхдагч түвшинд Орчлон хуваагдашгүй нэгдмэл, эрчмийн ёроолгүй далай мэт, аливаа зүйлс, үйл явдалд оршиж байдаг зүйл мэт төсөөлөгддөг. Өөрөөр хэлбэл өнөөдөр эрдэмтэд олон зуун жилийн өмнө зөн билэгтнүүд, далдыг харагч, үзмэрчдийн хэлдэг байсныг баталгаажуулж байна. Өөрөөр хэлбэл, бид нэгэн бүхлийн өчүүхэн хэсгүүд билээ.
-- "Ганц өвсийг тасдахад Орчлон бүхлээрээ доргидог" Эртний Унишидаас
Орчин үеийн физикийн шинжлэх ухаан материаллаг ертөнцийг үзэх бидний үзлийг өөрчилсөн юм. Өнөөдөр хэн ч бичил хэсгүүд ямар нэгэн үндсэн "бодитоос" бүрддэг гэж батлан:тэднийг эрчмийг багц гэж үздэг. Тэд ямар нэгэн гэнэтийн шилжилт хийж болзошгүй, үүнийг "квант үсрэлт" гэдэг. Ингэхдээ зарим тохиолдолд нэгдмэл зүйл шиг байдаг бол заримдаа цэвэр эрчмийн долгион шиг байдаг. Бодит байдал урсан өнгөрдөг, юу ч тогтмол биш, бүх зүйлс байнгын хөдөлгөөнд орших нэгэн загварын хэсгүүд билээ. Тэр ч бүү хэл хад чулуу ч эрчмийн галзуу "бүжгийн" үр дүн юм. Орчлон амьд ба байнгын хөдөлгөөнд оршино. Тэгэхээр түүний дотор орших бид ч бас амьд ба хөдөлгөөнтэй.
[*] Орчлон бол аварга том голограмм (Гурван хэмжээст зураг) юм
Гурван хэмжээст зургийн үндэс болсон онолыг 1947 онд Денис Гарбор нээсэн юм. Тэрээр хожим нь үүнийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн билээ. Гурван хэмжээст зураг бол "бүхэл" нь түүнийг бүрэлдүүлэгч хэсэг бүрт агуулагдаж байдаг үзэгдэл юм. Жишээ нь: далайн од тодорхой хэмжээний Гурван хэмжээст зургийн чанарыг агуулж байдаг. Түүний биеийн ямар нэгэн хэсгийг тайрах юм бол эргээд ургаж гүйцдэг. Түүгээр ч үл барам тасарсан хэсгээс нь шинэ далайн од ургаж ч болдог, түүний генийн код хэсэг бүрт нь байдаг.
Хэдэн жилийн өмнө Гурван хэмжээст зургийн үзэсгэлэн дээр би голограф эффект ашиглан авсан зургуудыг үзсэн юм. Тэнд нэгэн бүсгүйн зураг байсан юм. Баруун талаас нь харах юм бол бүсгүй тамхи татан зогсож харагдана, харин зүүн талаас нь харах юм бол томоогүйхэн гуя хасаа харуулна. Хэрэв энэ зураг унаад бутрах юм бол та хагархай хэсгүүдэд юу олж харна гэж бодож байна? Хэсгүүдэд хүүхний гутал, хувцасны дүрс харагдахгүй, харин бүтэн зургийг олж харах юм. Ямар ч хэлтэрхийг нь хоёр талаас нь харахад нөгөө л тамхи татсан, эсвэл дур татмаар төрхтэй харагдана. Хэлтэрхий бүр өөртөө бүтэн зургийг агуулж байдаг. Өнөөдөр бодит байдал мөн л гурван хэмжээст зураг, тархины үйл ажиллагаа Гурван хэмжээст зургийн тусгал дээр үндэслэгдсэн гэж тооцох болжээ. Бидний сэтгэн бодох Орчлонгийн доод түвшний хөгжилтэй олон талаараа төстэй бөгөөд яг адилхан "бодисоос" бүтсэн байдаг юм. Тархи бол гурван хэмжээст Орчлонг агуулсан гурван хэмжээст зураг юм.
Энэхүү гайхамшигтай санааг Эйнштейны шавь, Лондонгийн их сургуулийн физикч Дэвид Бом болон дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуулийн квантын физикч, нейрофизиологч Карл Прайбрам нар анхлан дэвшүүлсэн юм. Тэд өөр өөр салбарт ажиллаж байхдаа бие биенээсээ хамааралгүйгээр энэ нээлтээ хийсэн юм. Бом нэлээд хэдэн жилийн турш квантын физикийн үзэгдлүүдийг уламжлалт онолын дагуу тайлбарлах гэж оролдоод чадалгүй, Орчлонгийн гурван хэмжээст зургийн санаанд хүрсэн байдаг. Прайбрам хүний тархийг судалж байхдаа мөн л тархины олон нууцлаг чанаруудыг удамжлалт шинжлэх ухааны аргаар тайлбарлах боломжгүйг олж мэдсэн байна. Хоёр эрдэмтний хувьд гурван хэмжээст зургийн утга санаа, өмнө тайлбарлах боломжгүй байсан зүйлсийн хариуг олох боломжийг нээн өгсөн юм. Тэд өөрсдийн нээлтээ 1970-аад оны эхээр хэвлүүлсэн билээ. Тэдний нээлт шинжлэх ухааны хүрээнд ихээхэн сонирхол татсан боловч, харамсалтай нь түүнээс цааш ахисангүй. Зарим нь тэдний нээлтэд шүүмжлэлтэй хандаж байсан. (Ямар ч нээлт үүнтэй тулгардаг шүү дээ) боловч нэр хүндтэй, Дэлхийд тэргүүлэгч эрдэмтэд тэдний талд орсон юм. Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэн, 1973 оны физикийн салбарын Нобелийн шагналт Брайан Жоферсон Бом Прайбрамын онолыг:"бодит байдлын мөн чанарыг таньж мэдэх үйлсэд гарсан үсрэлт" гэж дүгнэсэн байдаг. Энэ санааг нь Канадын Хааны Их сургуулийн эрдэмтэн, физикч, "Матери ба тархины хоорондох гүүр" номыг зохиогч Дэвид Пит дэмжиж байжээ. Тэрээр:"Бидний сэтгэн бодох үйл явц хүмүүсийн бодож байгаагаас илүүгээр бодит ертөнцтэй холбоотой байдаг" гэж баталдаг юм.
Принстоны Их Сургуулийн Техникийн ба хавсарга шинжлэх ухааны сургуулийн декан, Роберт Ж.Жан 1979 онд "бодит байдлыг бүтээхэд ухамсарын үүрэг"-ийг судлах хөтөлбөр боловсруулсан юм. Олон мянган судалгааны ажил хийсний эцэст Жан болон түүний туслахууд: тархи материаллаг бодит байдалд нөлөөлөх чадвартай ба нөлөөлсөөр байгаа тухай нээлтийн ажлаа нийтлүүлсэн юм.
1994 онд дэлхийд тэргүүлэх эрдэмтэд Принстоны Их сургууль дээр цугларан энэхүү гайхамшигт нээлтийг амьдралд болон шинжлэх ухаанд хэрхэн ашиглаж болох талаар зөвлөлдсөн юм. Энэ нээлт үнэхээр гайхамшигтай, энгийн биш зүйл юм, тиймээс амьдралд шууд хэрэгжүүлэх нь бас эргэлзээ дагуулж байгаа билээ.
Бодол санаа, материаллаг ертөнцийн холбоо нь өнөөдөр уран зөгнөлт зүйл байхаа больсон байна. Учир нь оюун санаа бол эрчмийн хамгийн нарийн хэлбэр болохыг нэгэнт баталжээ. Энэ нь бидний бодол төсөөлөл, ухамсарын дүр төрхүүд бодит байдалд нөлөө үзүүлж, биелэлээ олдгийг ойлгох боломж олгож байгаа юм. Бодит байдлын мөн чанартай холбоотой ийм төрлийн нээлтүүд бидний цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох хүчин зүйл болж магадгүй юм. Нээлттэй, эрч хүчтэй Орчлонгийн нэгэн хэсэг, тархи бодит байдлыг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэдэгийг ойлгосноороо хүн төрөлхтөн амьдралд илүү идэвхитэй, бүтээлч ханддаг болж болох юм. Шинэ нээлтүүд одоо болж буй явдлуудыг ажиглан замын хажууд зогсох шаардлагагүй болсон гэдгийг ойлгуулж байна. Бүх зүйлс харилцан үйлчлэл дээр тулгуурласан байдаг. Бид хаашаа ч явсан, юу ч хийж байсан бодол санаа маань орчныг бүтээж байдаг юм. Эйнштейн:"Шинэ онолыг нээх нь өндөр уулан дээр гарахтай адил, уулнаас өмнө харж байгаагүй өргөн дүр зураг харагддаг" гэж хэлж байсан юм. Энэ номыг уншаад танд яг тийм сэтгэгдэл төрөх болно. Та өөрийн үнэн чадварыг нээснээр оюун санааны тань "өрнөлт" үр дүнгээ өгөх болно.[/color]
|