| Оффлайн |
| Хvндэт Гишvvн |
 |
 |
Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm Бичлэгүүд: 168
|
1944 оны наймдугаар сарын 1. Мягмар гариг
Хайрт Китти минь!
“Зөрчлийн бай” гэж өмнөх өдөр бичсэний минь төгсгөлийн үг, өнөөдрийн захидлын маань эхний үг болог. Ингэхэд чи“Зөрчлийн бай” гэж яг юу юм бэ гэдгийг надад тайлбарлаач? Чухам юуг зөрчил гээд байгааг чи тайлбарлаад өгөөч? Энэ салаа утгатай олон үгсийн нэг юм. Гадаад зөрчил ч гэж бий. Дотоод зөрчил ч гэж бий. Гадаад зөрчил гэдэг бол өөрийн чинь сайн мэдэх таагүй муу чанарууд буюу бусадтай санал нийлэхгүй, чиний илүү сайн мэдэх тэвчиж явбал таарах зүйл юм. Дотоод зөрчил бол өөрөө ч үл мэдэх хувийн нууц ажээ. Би чамд нэг удаа өөрийнхөө дотор хоёр хүн байдгийг ярьсан шүү дээ. Нэг дэх нь ямарваа юмыг амар хөнгөн хийх гэсэн зан, юмыг шоолон шүүмжлэх араншин, дүрсгүй, хөхүүн төрх юм. Тэгэхээр нэг дэх Анне аалигүйтэн сээтэгнэх, үнсэлцэх, тэврэлдэх, хөгжин цэнгэх, элдвийг чалчих дуртай хүн. Энэ Аннегийн тэр зан нь намайг хөнгөн хийсвэр, өөнтөгч, шооч болгон, нөгөөх төлөв төвшин, нигүүлсэнгүй, сайхан сэтгэлт, буурь суурьтай хоёр дахь сайн Аннегаа дийлчихдэг юм. Тэгээд л хоёр дахь Аннег хэн ч мэдэхгүй болдог. Тийм биз? Хэрэв нэг дэх Анне дийлдэггүйсэн бол хамаагүй цөөхөн хүнийг гомдоож, хүмүүс намайг хамаагүй илүү үнэлэхсэн.
Би нэг өдрийн үдийг хөгжиж наргиж өнгөрвөл хүн амьтан нэг сар надаас дөлж буруутгана. Үгүй тэгээд Аннегийн хагас нь болсон нэгдүгээр Аннег би хөөж зайлуулаад сайн Аннег үлдээх гээд чадаагүйг чи даанч төсөөлөхгүй дээ. Тэгэж болохгүй, яагаад ч бүтэхгүйг би одоо л ойлгож байна. Харин ч намайг мэдэх ойр дотныхон маань миний дотоод сэтгэлийг нээж сайн талыг минь мэдчихвий гэж айх юм. Тэгсэн мөртлөө тэд намайг шоолон хөнгөмсөг, томоогүй, төрхгүй гэхээс гадна “эрвээхий” Анне гэж дуудахад нь хүртэл дасчихжээ. Хэрэв ид шидээр ч юмуу, хүчээр миний доторх нөгөө сайн Аннег гаргаад ирвэл эд нар “Шал өөр Анне чи юун хүн билээ” гэх шиг сониучирхаад салахгүй “Та минь ээ! Битгий над руу шавааралдаач ээ, дарж алах нь ээ!” гэмээр наалдаад ядаргаа болж нэг л мэдэхэд би буцаад муу Анне болчих байх даа. Хөөрхий Анне ингээд л хэзээ ч бүр ганц ч удаа үнэн дүрээрээ олны дунд байж чадахгүй, ямарваа тохиолдолд ганцаараа л учраа олохоос өөр аргагүй болдог юм даа.
Дээр ярьсан шигээ үнэн дүрээ өөрчлөн зөрүүд аашилдгаасаа болж хайр сэтгэлийн роман уншдаг, аальгүй, хөвгүүдийн араас гүйж сээтэгнэдэг, бардам, их зантай охин гэж ойлгогдоход хүрээд байдаг юм. Тэгэхэд нь өнгөн дээрээ харагддаг муу Анне инээж хөхрөн, юм л бол мөрөө хавчин, элдвийг ярин дүрсгүйтхэд нөгөө ухаалаг, тайван Анне бүхнийг дотроо тунгаан, шал өөрөөр нухацтай боддог юм. Үнэнээ хэлэхэд Китти минь, би өөртэйгөө тэмцэлдэх гэж хэчнээн их хүч гарган, хэчнээн их шаналдаг гээч. Тэгээд л заримдаа өөртөө “Чи нөгөө сайн Аннегийнхаа үгэнд ороогүйгээс муухай аашлан, хүмүүсийн гайхширч шоолсон царайг харж, дургүйцэж адалсан үгийг сонсож байна шүү дээ” гэж хэлэн ганцаараа эхэр татан уйлдаг юм. Уг нь би дотоод зөвлөгчийнхөө үгийг сонсохыг мэдээж хүсдэг. Тэгээд л яг сонсох гэхээр нэг л болж өгдөггүй юм. Хэрэв намайг нэг л өдөр гэнэт буурь суурьтай, хэрсүү, хянуур хүн болчих юм бол гэр бүлийхнээс минь бусад хүмүүс Аннегийн бас нэг шинэ маяг гэж л бодно шүү дээ. За тэгэхээр миний нөгөө хорон үг урсаж гарна даа. За ер нь тэгээд гэнэт нэг өдөр чалчихаа болиод дуугаа хураачихвал “Юу болов Анне? Өвчин зовлон тусчихав уу?” гээд л сүйд майд болоод эм тан уулгаж, халуурчихав уу гэж духан дээр дарж, судас барьж гэдэс дотор чинь зүгээр биз гэлцэн бөөн шуугиан дэгдэх нь ойлгомжтой болно. Түүнийг нь би бас тэвчихгүй. Тэгээд л ер нь хүссэнээрээ байж болдоггүй юм бол ингэдэг хэрэг гэж элдвийг сэдэн, хачин хачин юм хийж, гайхшруулснаа гэнэт уйдаад, эцэст нь сэтгэл зүрхнийхээ аль сайхныг нууж, мууг нь гаргахад хүрч, намайг энэ дэлхийд бүрэн ойлгох хүн олдохгүй юм бол яахаа мэдэхгүй болж, дахиад л элдвийг сэдэж гарна даа.
Анне
Анне охины өдрийн тэмдэглэл ингээд л төгссөн юм.
|
|