|
Мориндоо үсрэн мордож амжаагүй Рауль торгон цэргүүдийн адил илдний хавтгай талаар гуядан хамгаалж ядраад илдний үзүүрээр бүлэх болов. Гэтэл сүүлчийн энэ аймшигтай арга цугларсан олны хорслыг шатааснаас цаашгүй. Энд тэнд мушкег бууны ам, илд гялсхийж харагдана. Хэд хэд угсран тасхийсэн нь мэдээж хий буудсан боловч хүмүүсийн зүрхийг хөөргөж, юу дайралдсанаараа цэргүүдийг, сүүхний цонх руу чулуудна. Зөвхөн бослого самууны үед хэлдэг үгс дуулдаж цус урссан өдөр л хүний царай хувирдаг шиг зэвүүн болсон байх нь үзэгдэнэ. Аймаар муухай шуугиан дунд: «торгон цэргүүдийг устга!», «офицерыг сена мөрөнд хая!» гэж орилолдох нь олширно. Раулийн малгай үнгэгдэж, нүүр нь цус болжээ. Чадал барагдах төдийгүй, ухаан балартаж байгааг Рауль ойлгож байв. Нүдний нь өмнө улаан манан бүрэлзэх мэт, тэр манан дотор олон зуун хүний гар өөдөөс нь сарвайн шүүрч авахаар заналхийлнэ, уналаа л бол өнгөрөх байв. Коменж онхолдож орхисон сүүхэн дотор хорсож цухалдсандаа үсээ үхтээнэ. Торгон цэргүүд өөрсдийнхөө амийг хамгаалахад хүрсэн учир ямар ч тусламж үзүүлж үл чадна. Бүх юм нэгэнт балрав бололтой, морьд сүүх, торгон цэргүүд, хатан хааны гар хөл бологсод, магадгүй баривчлагдсан хүнийг цөм цугларсан олон хариугүй тасар татан хаях төлөвтэй болов. Гэнэт Раулийн сайн танил дуу гарч өргөн илд гялалзав. Тэрхэн хормонд цугларсан олон ханаран ярагдаж, шадар цэргийн хувцастай нэг офицер бүгдийг унагааж, авч хаян, баруун зүүнгүй балбасаар Рауль руу саадгүй давхиж хүрээд залууг хариугүй яг унахын даваан дээр түшиж авав.
—Чөтгөр алгад! гэж офицер дуу алдаад, —Эд чинь үүнийг алчихлаа гэж үү? Тэгвэл ч та нар муугаа үзнэ дээ! гээд олон руу догшин сүртэй эргэсэнд хамгийн сүрхий самуурагч хүртэл ухарч, нэг нэгнээ дарж, олон хүн Сена мөрөн рүү түлхэгдэн унав.
—Эрхэм д' Артаньян гэж Рауль шивнэлээ.
—Тиймээ чөтгөр алгад! Залуу нөхөр минь, таны аз болоход би дүрээрээ байна. Алив, та нар наашаа! гэж дөрөөн дээрээ өндийн, илдээ өргөж, өөрийн эрхгүй хоцорсон шадар цэргүүдийг занган, дуудаж, —Бүгдийг хөөж тараа! Мушкет буугаа ав, шагайгаад! гэж захирамжлав.
Тэр тушаалыг сонсмогц цугларагсад дорхиноо тархан арилсанд д'Артаньян өөрөө тэсэлгœй гашуунаар инээд алдав.
Коменж онхолдсон сүүхнээс цээжээ гарган цухуйж
—Д'Артаньян танд баярлалаа, залуу тайж танд бас баярлалаа, таны алдар хэн гэдэг бол? Би хатан хаанд нэрийг тань дуулгах ёстой гэв.
Раулийг хариулахаар завдтал д'Артаньян яаран чихэнд нь
—Дуугүй байгтун, би орноос чинь хариулна, гэж шивнэв.
Тэгээд Коменж руу эргэж,—Цаг битгий алд Коменж, чадвал наад сүүхнээсээ гараад ир, өөр сүүх ав гэхэд
—Үгүй, хаанаас тэр вэ? гэв.
—Чөтгөр алгад, Шинэ гүүрэн дээр анх түрүүн дайралдсаныг нь авахгүй юу, сууж явсан хүмүүс нь хааны албанд сүүхээ хэрэглүүлэх болсонд баярлах биз гэтэл
—Үгүй, би мэдэхгүй оргиод байна гэж Коменжийг түдгэлзэхэд
—Явж үз, бушуухан даад олон борчуул чинь таван хувийн дараа мушкет буу, илд аваад эргэж ирнэ. Таныг ална, баривчилсан хүнийг чинь суллана. Явж үз, за яг тэр сүүх явж байна гэлээ.
Дараа нь дахин Рауль руу тонгойн, гол нь нэрээ хэлж болохгүй шүү гэвэл, залуу өөдөөс нь гайхан харав.
—За сайн, би сүүхний хойноос гүйлээ, тэднийг будаад ирвэл буудаарай гэж Коменж захисанд
—Үгүй, хэрхэвч болохгүй, харин ч бүр хатуу хөдөлгөх хэрэггүй. Одоо ганц л буу дуугарвал маргааш түүний төлөөсийг дэндүү өндөр үнээр төлөх болно гэж д'Артаньян маргалаа. Коменж дөрвөн торгон цэрэг, мөн төдий тооны шадар цэрэг дагуулж сүүхний хойноос гүйн, сууж явсан хүмүүсийг нь буулгаад тэргийг авч ирэв.
Тэгээд Бруселийг хэмхэрсэн сүүхнээс өөр сүүхэнд шилжүүлэн суулгахад ард олон өөрсдийнхөө өмөг түшиг гэж нэрлэдэг хүнийг хараад учир тоймгүй шуугиан дэгдээж дахин урагш түрэв.
—Давхи! гэж д'Артаньян хашгираад, — Арван шадар цэрэг ав, таныг дагалдаг, олныг барьж саатуулахаар хорин хүнтэй би үлдлээ. Ганц хором ч алдалгүй явагтун. Арван хүн Коменжийг дагалдаад! гэж захирав.
Багаас арван хүн тасарч шинэ сүүхийг хүрээлээд цогиулан одов.
Сүүхний бараа тасрахад хашгираан шуугиан улам нэмэгдлээ. Эргийн гудамж, Шинэ гүүр, ойр хавийн гудамжуудад түм илүү хүн бөөгнөрчээ.
Хэд хэдэн удаа буун дуу гарч нэг шадар цэрэг шархдав.
Д'Артаньян сахлаа хазлан,—Урагшаа! гэж захирлаа.
Тэгээд хорин шадар цэрэгтэй тэр олны өөдөөс дайрсанд цаадуул нь эмх замбараагүй зугтаав. Буу барьсан ганц хœүн л хоцорлоо.
—Өө, энэ чинь чи юү! Чи түүнийг алах гэсэн билүү! Хүлээзнэ! гэж тэр хүн занаад хурдаараа давхин очиж яваа д'Артаньян руу шагайв.
Д' Артаньян морины дэл рүү бөхийхөд, залуу буудаж сум д'Артаньяны малгайн өдийг тас хяргалаа. Догшин шуургыг биеэр хааж зогсоох хэмээн оролдсон солиот мэт тэр залууг морь хананд наалдтал дайрав. Д'Артаньян мориныхоо амыг огцом татаж, шадар цэргүүд дайралтаа үргэлжлүүлж байх зуур илдээ барин хөсөр хэвтээ залуу руу эргэв.
—Байг эрхмээ! гэж залууг Кокатри гудамжинд харсиаа Рауль санан дуу алдаж, — Үүнийг өршөө, энэ чинь хүү нь байгаа юм, гэв.
Хариугүй бүлэхээр завдсан д'Артаньяны гар хий тогтоод
—Өө, та түүний хүү юм уу? Тэгвэл өөр хэрэг гэв.
—Би бууж өглөө эрхмээ гэж Лувьер сумгүй буугаа д'Артаньянд барин өгүүлэхэд
—Үгүй, битгий бууж өг, чөтгөр алгад, харин ч зугтаа аль болох хурднаар шүү. Би таныг баривчлах юм бол цаана чинь дүүжилж орхино гэв.
Залууд давтан зөвлөх хэрэг гарсангүй. Морины хүзүүн доогуур шурган өнгөрч Геней гудамжны булан тойрон алга боллоо.
Рауль та цагаа олж намайг хорилоо, тэргүй бол хөөрхий өнгөрөх байсан. Чухам хэн байсныг нь сүүлд мэдээд үнэхээр өрөвдөхөд хүрнэ гэж д'Артаньян хэллээ.
—Эрхмээ, зөвхөн тэр залуугийн өмнөөс төдийгүй, би өөрөө үхлийн даваан дээр тулчихаад байсан болохоор амь аварсанд танд баярлаж байна гэв.
—Боль, залуу минь илүү үг хэлж өөртөө битгий түвэг уд гэв.
Тэгээд д' Артаньян испани дарстай дашмаг дайлангаас гаргаж:
—Үүнээс нэг балгаад орхи гэж Раульд өгөв. Рауль дарснаас балгаад д'Артаньянд дахин талархах гэтэл цаадхи нь зогсоон:
—Хонгор минь, энэ тухай сүүлд ярилдъя гэв. Дараа нь шадар цэргүүд эргийн гудамжинд цугларагсдыг Шинэ гүүрнээс гэгээн Михаилын гудамж хүртэл хөөн тараачихаад эргэн ирж буйг харан хурдал гэж дохин илдээ дээш өргөлөө.
Шадар цэргүүд түүн рүү хатируулан ирэв. Тэр даруйд нөгөө талаас Коменжтай явуулсан арван цэрэг буцаж ирлээ.
—За, бас юм болоогүй биз? гэж д'Артаньян тэднээс асуувал
—Эрхмээ, дахиад л хэмхэрсэн шүү. Хараал хүрсэн муу сүүх юмаа гэж бага дарга хариуллаа.
Д'Артаньян мөрөө хавчисхийлгэв.
—Үгүй, хар муусайн тэнэгүүд минь, сүүх сонгож авч байгаа юм бол бүх шигийг сонгож авах хэрэгтэй, тэр дундаас Бруселийг авч явах сүүх бол түмэн хүн дайрахад дийлдэхээргүй бүх байвал зохино гэж хэл- лээ.
—Ноён дэслэгч ямар тушаал өгөхсөн бол?
—Багийг хамаандалж хуарандаа буц.
—Тэгэхлээр та ганцаараа явах хэрэг үү?
—Тэгэлгүй яах юм! над дагуулууд хэрэгтэй гэж та арай бодоогүй биз? гэж асуусанд
—Үгүй л дээ гэхдээ... гэж түгдэрсэнд
—Явцгаа гэв.
Шадар цэргүүд яваад өгсөнд д'Артаньян тэгээд Раультай хоёул үлдлээ.
—За энд тэнд чинь өвдөөгүй биз? гэж асуухад
—Өвдеж байна, эрхмээ. Толгой бүр гал шатаж байгаа юм шиг манараад байна гэсэнд
—Толгой чинь яасан юм? гээд малгайг нь д'Артаньян авч үзэв. Дүйртэл чинь цохисон байна гэж д'Артаньяныг хэлэхэд
—Тиймээ, миний толгой руу цэцгийн ваараар оночих шиг болсон юм гэв.
—Новшнуудыг! Ингэхэд та давируултай байнаа? Та морьтой явсан юм уу? гэж асуувал
-Тиймээ, эрхэм Коменжийг хамгаалах гэж буусан морийг маань нэг хүн олзолжээ гэснээ —Үгүй энэ явж байна, гэв.
Үнэхээр тэр үеэр Фрике Раулийн мориор давхиж, дөрвөн талт малгайгаараа даллан:
-Брусель! Брусель! гэж хашгирна.
—Хөөе, муу зальхай золиг оо! Тэр морь нааш нь өгөөд орхи гэж д'Артаньян хашгирсанд Фрике сонссон атал үл дуулсан хүн болж цааш одох гэв. Д'Артаньян хойноос нь хөөхийг завдсанаа Раулийг ганцаар орхихгүйгээр шийдэж, гар буу гэрнээс нь гарган замгаа татав.
_________________ Адал явдалд дурлагч
|