Бүрхэг Дэндэв гуайн тухай бүдэг бадаг өгүүлэх нь
Энд өгүүлэх бүдэг бадаг домгийг 1970-аад оны үед олноо “Хадны лам” хэмээн нэрлэгдсэн манайхан Агаа хэмээн хүндэлдэг эрдэм чадалтай номтой, амьд түүх домог байсан нэгэн хөгшин надад ярьж билээ. Түүний жинхэнэ нэр нь Лувсандаш гэдэг байсан юм билээ. Энэ явдал 1930-аад оны сүүлээр болжээ.
Нөгөө л их хэлмэгдүүлэлтэд гэмгүй хүмүүс өртөж, амь амьдралаараа хохирч байсан үе. Бас Агаа маань ч баригдан ял эдэлж, одоогийн Жаргалант сумын нутагт НАХЯ-ны туслах аж ахуйд ажиллаж байжээ. Ногоон нуруу ар тал руугаа буусан олон амтай, бараг хориод жижиг гол байх агаад тэд нийлж Хараа голд цутгана.
Түүний нэг Бугын ам хэмээх үзэсгэлэнт сайхан ам байх бөгөөд нарсан ойн дундуур урсах бяцхан голыг ч Бугын гол гэнэ. Бугын ам хавьд хоригдол лам нар, баригдсан япончууд ч мод хийх ажил хийдэг байж. Нэгэн удаа Бугын голын гарам дээр гоёмсог урт хар чийчаан шаварт шигдэн хээнцэр дарга нь ногоон зүлэг эрээн цэцэг дээгүүр гялгар хар гутлаа гөлчигнүүлэн алхаж ширэн цүнх нь савлан яваа харагдана гэнэ. Харваас НАХ-ын ногоон малгайтны дарга мөөн. Муу үхэр тэргээ хаа хөж гэж хяхтнуулан ойртох тусам нөгөө гоё дарга өөдөөс ирж яваа алхаагаа улам цөөлөн, улам гэдийн бүр зогсов гэнэ.
Намайг лав хоригдол мөн гэдгийг таниад тэр. Дөхөж очвол урт папирос гарган асааж утаатайгаа хамт
-Хөөе хулгайч аа нааш ир гэж мэндгүй хэлэв. Очтол:
-Цаана чинь хүн байвал дагуулаад ир. Энэ тэрэг гарга гэлээ. Би буцан байрандаа очиж байгаа хэдэн хоригдлоо дагуулан ирэв. Бидэнтэй хамт Булганы “бүрхэг” Дэндэв гуай хоригдон ял эдэлж байсан юм. Өрөөсөн нүд нь үүлтэй ханхар том биетэй хүн байсан Бид хэд ирээд чийчааныг түлхлээ, түрлээ. Голын лаг хар шаварт элгээрээ хэвтсэн тэрэг нь хөдлөх ч юм биш. Арав гаруй хүн байсан, нэлээд ноцолдоод бардаггүй ээ.
Нөгөө дарга голын эрэг даган нааш цааш алхална. Бидэнд дээрэлхүү ч гэж жигтэйхэн. Гэтэл Дэндэв гуай:
-Хөөе хүүхээд яваад банз, дээс, сур олоод ир гэдэг юм байна.
Нэг хэд нь яваад төдөлгүй хэдэн урт банз сур, дээс аваад ирлээ. Банзаа тэрэгний яг өмнө нь зам шиг нэг нэгээр нь цувуулан тавьлаа. Тэгээд дээсээр нь цээжин биеэ баглаад унадаг юм байна. Үлдсэнээр нь өвдөгнөөсөө доош эрээни булчингаа бүр муу гутлаа хүртэл эрж баглалаа. Бид ч бүр гайхаж орхилоо. Тэгснээ сураар нь тэргийг оосорлоод өөрөө эрэг дээр гараад нэг хоригдлыг хүзүүдэж аваад дэвж гарлаа. Нөгөө тавьсан зам банз дээгүүрээ нааш цааш явж чангалж гишгэн үзнэ.
-За байз, хүүхээд хойшоо гээд л тэрэг тойрон саравчилж харна. Тэгээд л очоод дэвээд, үсрээд цовхчоод байх.
НАХЯ-ны ганган дарга харж байснаа:
-Түргэлээ түргэл хулгайч нар аа гэнэ.
Тоосон ч царайгүй уулын толгой харан нөгөө хоригдлынхоо хоёр мөрөн дээр гараа тавьж дэвнэ, шавна. Тэгж тэгж
-Хойшоо хүүхээд хойшоо гээд урт сураар цээжээ баглаад модон замаараа урагшаа зүтгэлээ. Бид ч , дарга ч, жолооч ч хараад л зогсож байлаа. Хэд хэд зүтгэлээ хөдлөх ч юм алга. Дараалан зүтгэсний хойно гэнэт хоп гэж дуугараад шавраас чийчаан нь суга татагдан гарав. Дэндэв гуай эргэж ч харалгүй тэр чигт нь зүтгэсээр бүр голын ширгэн дээр гаргаад зогслоо. Духны нь хөлс бурзайн урт амьсгаа аваад хүлээсээ мулталж байна. Бид ч гүйж очоод хэрээс баглаасыг нь тайлалцахад
-За зүгээр, зүгээр хүүхээд гээд зогсож байсан. Мөн ч их тэнхээтэй хүн шүү.
Нөгөө дарга дөхөж ирснээ:
-Чи хө ямар хэргээр орсон хүн бэ? гэв. -За ялихгүй дээ дарга минь, Ядарсан нэг хөгшинд гуйгаад байхаар нь сан тавиад өгчихсөн чинь, лам хэрэгт орсон хүн дээ. Сангийн хэрэг дээ гэлээ. Дарга ч дуугарсангүй, чийчаандаа очиж том хар цүнхээс хайрцагтай мармелад гаргаад Дэндэв гуайд өгөөд
-Тэрэг угаа гэж биднийг зандрав. Бид ч голоос ус зөөж гоё чийчааны шаврыг угаалаа. Тэр зуур нэг сүүхээтэй нь:
-Хүүе Дэндэв гуай. Энэ лав яамны том дарга байх, өргөдөл бичээд өгчих гэлээ.
Бид цөм Дэндэв гуайг “гуайлдаг” байсан юм. Угаах арчих ажил ч дууслаа. Нэг нь өргөдөл бичээд ирлээ. Дэндэв гуай даргад аваачаад өгтөл аваад хавтсандаа хийгээд чийчаандаа суугаад явж өглөө. Өвөл өнгөрлөө. Хавар боллоо. Бид өөр газар морин завод дээр ажилд ирлээ. Дэндэв гуайг хотод дуудагдсан гэж сонсогдлоо. Яваад очжээ. Тэгээд л сураг алга.
Хаврын нэг өдөр Агьтын хөндийд үхэр тэрэгтэйгээ хоригдлуудад юм зөөгөөд явж байлаа. Хот ордог төв замын тэнд зэрэглээн дунд нэг хар юм жирэлзээд ойртох тутам тодрох нь том юм үүрсэн хүн байлаа. Дөхөөд очвол шуудайтай юм үүрсэн том биетэй хүн ирж явна. Уулзлаа. Тэгэхнээ харин Дэндэв гуай. Хот ороод суллагдах тушаалаа авлаа. Нөгөө дарга шийдүүлжээ. Одоо нутагтаа буцлаа. Явахаасаа өмнө хамт байсан нөхдөө эргэе гээд шуудай дүүрэн хятадын нарийн боов үүрээд ирж билээ. Хөөрхий биднийгээ нэг сайн дайлаад яваад өгсөн хэмээн ярьж билээ…
Мунхаг миний бие тэр үед залуу ч байж, нэг их ойшоосонгүй, хэдэн онд ч юм, өөр юу ярих байсан юм. Юу ч гэсэн олон жил болсон хойно уншигч нарт хүргэе гэж бодлоо. Их хэлмэгдүүлэлтэд манай бөхчүүд ч өртөж. ХАХЯ-ныхан ч цөм чоно байсангүй бололтой.
Бөхдөө хайртай Монгол хүний сэтгэлээр тэр дарга хандсан болов уу даа. Монгол бөхийн түүх домог ч их дээ их.
Төв аймаг Жаргалант сум Б.Хуушаан
www.sonin.mn ees...