|
“ГЕРБЕРТ НЬЮТОН КЕССОН”
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХҮНИЙ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВАХ ЁСТОЙ 12 ДҮРЭМ
/Маш чухал, чин үнэнийг өгүүлсэн хэдхэн хуудас зөвлөмж/
Дүрэм – 1
ЗӨВХӨН ӨӨРИЙН САЙН МЭДДЭГ ЗҮЙЛД Л ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ
Хэдхэн үгтэй энэ энгийн дүрэм санхүүгийн ертөнцийн бүх алдагдлын дөрөвний нэгийг арилгаж чадах шидтэй. Энэхүү номыг уншиж буй бизнесмен, хөрөнгө оруулагч хүний хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой зүйл бол энэ юм. Зөвхөн өөрийн сайн мэддэг зүйлээ худалдаж аваагүйгээс болж асар их хохирол амссан хүн хорвоо дэлхий дээр мянга түмээрээ бий.
Учир нь бараг бүх бизнесмэн анх хөрөнгөө хөдөлгөж эхлэхдээ элдвийн дэмий зүйл худалдаж авдаг нь харамсалтай боловч үнэн зүйл. Тэд хүний үгийг үл тоон чигээрээ зүтгэж, өөрөө ч юуг нь үл мэдэх зүйлд хувь, хөрөнгө оруулсан байдаг.
Бизнест орж буй шинэ хүн бүр их ашгийг хүсдэг. Тэр их ашгийг гэрээсээ олохгүй нь мэдээж. Тийм болохоор 1000 милийн цаана байгаа, юу нь үл мэдэгдэх зүйлд хөрөнгөө оруулдаг. Нэг үгээр хэлбэл тэд зэрэглээтэй хөөцөлддөг. Бүр хамгийн догь, хашир худалдаачин, бизнесмен хүртэл өөрийн анхны 100 фунтээ хоосон мөрөөдөгч, луйварчдын гаргасан ашиггүй төсөлд оруулж Балканы хойг, Африкын шугуй, эзэнгүй балар ширэнгэнд цацсан байдаг.
50-иад насны бизнесмен бүрийн ширээний нүдэнд хөрөнгөө дэмий үрснийх нь дурсамж болсон нэг зүйл хэвтэж байдаг. Энэ бол шидмэсний тасархайд боолттой багц “үнэт цаас” юм. Энэхүү боодлоос үлдсэн цорын ганц үнэт зүйл нь шидмэсний тасархай л байдаг. Нэгэнт энэхүү номонд чин үнэнийг өгүүлэхээр шийдсэн тул нэг зүйлийг эхлээд хэлэхийг би хүсэж байна. Энэ бол БИЗНЕС, САНХҮҮГИЙН ертөнцөд ХУДАЛДАА НАЙМААНЫ \коммерци\ ертөнцийг бодвол шударга үнэн хамаагүй бага байдаг гэсэн санаа юм. БИЗНЕС, САНХҮҮГИЙН ертөнцийн оргилд нийгмийн хамгийн чадварлаг, хамгийн найдвартай хүмүүс оршин байдаг. Аль ч улс оронд ийм. Харин БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцийн ёроолд бол аливаа нийгмийн хамгийн ичгүүр сонжуургүй, увайгүй зальхай амьтад бужигналдан байдаг. Тэдний ихэнх нь хууль зөрчдөггүй, олонх нь сүмд тогтмол очдог улс. Гэхдээ л тэд бүх халаасны хулгайч, бүрэлгэн сүйтгэгчдийг нийлүүлснээс ч илүү нийгэмд аюултай.
Худалдаачин хүн танд орны цагаан хэрэглэл гээд гялгар уутанд боосон цаас өгөх гэж оролдвол та түүнийг огтхон ч эргэлзэлгүйгээр шүүхэд аваачаад торгуулчихаж болно. Харин БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцөд бол БИЗНЕСМЕН САНХҮҮЧ хүн бүтэн жилийн турш өөр хүний өрийг актив хөрөнгө болгон харагдуулж чадах бүрэн боломжтой бөгөөд хууль ёс түүний өмнө зөвхөн мэхийн ёслох болно.
Иймээс БИЗНЕС САНХҮҮГИЙН ертөнцөд хэзээ ч сонссон бүртээ итгэж болохгүй. Энд Декартын гүн ухааныг мөрдөж бүх зүйлд эргэлзээтэй хандах хэрэгтэй. Бизнес санхүүгийн ертөнцөд минут тутамд 10 худал хуурмаг зүйл болж байдаг. Тэдний ихэнх нь санамсаргүй үйлдэгддэг бөгөөд “санхүүгийн жижиг алдаанууд” гэсэн хөөрхөн нэртэй.
Харин энэ “хөөрхөн” зүйл нь хүмүүсийг мөнгөө алдахад хүргэж байдаг. Бизнес санхүүгийн
ертөнцөд ашиг хонжоо хардаггүй хүн гэж үгүй. Бүгд өөр өөрийн зорилгыг биелүүлэх хүслээр шатан байдаг тул энд үнийг өсгөх болон бууруулах оролдлого үргэлж оршин байдаг. Ийм нөхцөлд хүн төрөлхтөний нүгэл буяныг дэнслэгч тэнгэрийн элч ч үнэнийг олж тогтооход бэрх. Ямар нэг хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай урилга бүрт та шууд итгэж огт болохгүй. Түрдэг тэрэгний хувьцааг Роллс-Ройс компанийн хувьцаа шиг бичиж чадах үгээр төөрөгдүүлэгчид маш олон бий.
Дүрэм – 2
ӨӨРИЙН САЙН МЭДДЭГ ЗҮЙЛЭЭ Л ХУДАЛДАЖ АВЧ БАЙ
Хэрэв та худалдаачин бол мөнгөө танд бараа худалддаг хамгийн сайн компанид оруул. Төмөр замчин бол ажил хэрэг нь хамгийн сайн явж байгаа төмөр замд л мөнгө, үнэт цаасаа оруул. Барилгачин бол газар худалдаж ав. Харин худалдаа наймааны талаар юу ч мэддэггүй сэхээтэн бол улсын үнэт цаасыг худалдаж ав. Болж өгвөл үргэлж өөрөө хажуу дэргэд нь байх боломжтой, нүдээр харж гараар барьж болох тийм зүйлд л хөрөнгөө оруул. Эхлээд өөрийн амьдарч байгаа байшинг худалдаад авчих.
Байрны эзэн болсноор таны олж авах туршлага зэрэглээтэй хөөцөлдөх өвчнийг чинь эмчлэх болно. Харин ойр хавьд чинь хөрөнгө, мөнгөө хийчихээр зүйл байхгүй бол 30-аас илүү жил ажиллаж байгаа нэр хүндтэй компанийн үнэт цаасыг худалдаж ав. Гучаас дээш жил ногдол ашиг төлж чадаж байгаа компани гэдэг бол эрсдэл дүүрэн санхүүгийн ертөнцөд хамгийн сайн нь л гэсэн үг. Гэхдээ л, хэрэв болдог бол өөрийн сайн мэддэг зүйлд л хөрөнгөө оруулах нь хамгийн найдвартай. Тэнд л та хуурагдаж мэхлэгдэхгүй байх бүрэн боломжтой. Хөрөнгө оруулахдаа хэнэггүй эсвэл хэт итгэмтгий байж болохгүй. Хэнэггүй хэт итгэмтгий байдал нь үргэлж араасаа гай дагуулж байдаг, санхүүгийн ертөнцөд бол энэ нь бүр ч аюултай. Ер нь бол өөрийн сайн мэддэг бизнесээр оролдвол өөрийнхөө мөнгөтэй ажиллаж байна гэсэн үг юм шүү дээ. Иймээс мөнгийг олох, хадгалах, арвижуулах ухааны 1-р дүрэм нь хүмүүсийн ярьж байгаа зүйлээр биш харин өөрийн сайн мэддэг зүйлээр оролдох явдал юм. Хэн нэг хүн мөнгөтэй болмогц, түүнд үнэн сэтгэлээсээ хандах хүмүүсийн тоо эрс багасдаг нь батлагдсан теорем билээ.
Мөнгөтэй болсныг чинь мэдмэгц хүн бүр чамаас мөнгийг чинь салгах зарлаагүй дайнд морддог. Тиймээс их мөнгөтэй болсон ямар ч хүний мөнгө үргэлж аюул эрсдэл дор оршиж байдаг. Бараг бүх тохиолдолд мөнгийг олох нь хадгалахаас амархан байдаг. Ийм учраас таны тогтоох ёстой хоёрдугаар дүрэм бол: “Болгоомжтой бай! Мэддэг зүйлээ л худалдаж ав!” юм.
Дүрэм – 3
ШАХАЛТАНД АВТАЖ МӨНГӨ ГАРГАЖ БОЛОХГҮЙ
Энэ дүрэм нь БИЗНЕС, САНХҮҮ - гийн ертөнцийн аль алинд тус болно. Утга нь: хэн нэгний шахалтанд автаж мөнгөө дэмий үрж болохгүй, бас хэн нэгнийг гомдчих вий хэмээн айж мөнгө зээлдүүлж болохгүй гэсэн үг юм. Зальхай амьтад, ядуу төрөл төрөгсөд, гуйлгачдаар хорвоо дүүрэн. Ийм учраас мөнгөтэй хүн цайз мэт бат хатуу байх хэрэгтэй.
Их мөнгөтэй болсон бол та үргэлж хянуур, болгоомжтой байж сур. Улаан нүүрээрээ халз тулгарахаас зайлсхийж сур. Хүмүүсээс мөнгийг нь салгах замаар гол зогоон амь зууж байдаг паразитуудаас та өөрийгөө ингэж л хамгаалах ёстой. Чамаас мөнгө гуйвал хариуг нь маргааш эсвэл дараа өгье хэмээн үргэлж хойшлуулж бай. Гуйсан мөнгийг нь шууд л гаргаад өгч огт болохгүй.
Ингэснээр та олон олон алдагдал, гарзын үүдийг хаах болно. Бидний эргэн тойронд хэнийг ч, юунд ч итгүүлж чадах мянгуужингууд олон байдаг учраас өөрт байгаа мөнгийг хадгалж байх нь хамгийн хэцүү, амаргүй ажлын нэг байсаар ирсэн юм. Төрөл бүрийн бэлэнчлэх сэтгэлгээтэн, засгийн газар, олиггүй амьтдын хүчин чармайлтаар орчин үед хүнийг мөнгөнөөс нь салгах урлаг хүчтэй хөгжжээ. Энэ хорвоод луйварчид үргэлж байсан. Тэд таныг хоолойд чинь хутга тулгалгүйгээр мөнгөнөөс чинь салгачих хөөрхөн аргыг хэзээд олж чаддаг. Тэд бол улс орон бүрт хаа сайгүй амьдарч байдаг бөгөөд шоронд ч сууж байдаг улс биш. Ер нь тийм хүмүүс шоронд ч бараг ордоггүй юм.
Тэд хөдөлмөрлөж мөнгө олдоггүй, тэд танаас л мөнгө салгаж амь зууна. Тэд гайхалтай сонин зүйлсийг сэднэ. Элдэв төслүүдийг зохиож галзуурсан юм шиг ийш тийш гүйлдэж байдаг: “Хосгүй төлөвлөгөө! Сая саяар нь олно! Хэн сая саяар нь доллар уутлахыг хүсэж байна? Яараарай, хурдлаарай! Болохоо байлаа шүү! Наашаа ирээд мөнгө авцгаа!” гэж хашгиралдана. Ийм бужигнаан хүмүүсийг үргэлж цуглуулж байсан бөгөөд хойшид ч цуглуулсаар байх болно гэдэгт итгэлтэй байж болно. Бусдын гоё үгэнд учиргүй итгэн өрөвч сэтгэлээр ханддаг хүмүүс ийм луйварчдад мөнгөө өгсөөр байдаг. Гэтэл хэдхэн сарын дараа луйварчид мөнгөтэй болж харин тэдэнд мөнгөө өгсөн хүмүүс хоосон төлөвлөгөөтэй хоцордог. Хорвоо дээрх нэг ч хууль таныг иймэрхүү луйвраас хамгаалж чадахгүй.
Учир нь санхүүгийн ертөнцөд хэнэггүй, итгэмтгий, гэнэн хонгор байдал, жудаггүй увайгүй араншинд дээд хязгаар гэж байдаггүй юм. Хамгийн дотны хүн, төрөл садан, найз нөхөд чинь хүртэл таныг мөнгөнөөс чинь салгах аргыг чадварлаг эзэмшсэн байдаг. Бүр сайхан сэтгэлт Англид хүртэл хүмүүсийг мөнгөнөөс нь салгах явдал цорын ганц эрхэлдэг ажил нь болсон мянга мянган эрчүүд, эмэгтэйчүүд аж төрж амьдран сууж байдаг. Иймээс санхүү, бизнесийн ертөнцөд өөрийгөө хамгаалах урлагийг эзэмшсэн хүн л тогтож үлдэнэ. Харин энэ урлагийг эзэмшээгүй хүнийг бол ядуусын тоог нэгээр нэмэгдүүлэх хувь тавилан л хүлээж байдаг. Ийм хүнд бол одооноос эртхэн шиг хаа нэг газрын үнэгүй хоол, буяны будаа түгээдэг хаалгыг нүдэлж байхад ер илүүдэхгүй шүү гэсэн нөхөрсөг зөвлөмжийг өгөх байна. Мөнгөө өөрийн мэдэлд байлгаж, өөрөө үрж зарцуулахыг хүсэгч хүн бүр өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Хэзээ ч, ямар ч тохиолдолд шахалт хавчилтад автаж огт болохгүй бөгөөд үргэлж өөрийн сэтгэлийн хөөрлийг дарж бай: “Надад үүнээс юу олдох вэ? Ямар ашиг ирэх вэ?” гэж үргэлж өөрөөсөө асууж, дотор хүнтэйгээ ярилцаж бай. Аливаа хүний хувийн ашиг сонирхол гэдэг бол учиргүй ичиж зовоод байхаар зүйл огт биш. Бусдын өгөөмөр зангаар амьдрагч, бэлэнчлэх сэтгэлгээтнүүд л хүнийг хувиа бодогч гэж загнадаг. Хүн ажил хийж байхад ганц удаа нэмэр болж байгаагүй паразит шимэгч нар л амин хувиа бодохыг ичгүүртэй явдал, байж болшгүй зүйл гэж үздэг.
Өөрийн ашиг сонирхол – энэ бол цорын ганц үнэн зүйл.
Энэ бол дэлхийн соёл иргэншлийг тогтоон барьж байдаг тулгуур багана. Гэнэн итгэмтгий зан, хэнэггүй байдал, өөрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавихгүй байх зэрэг нь гуйлгачдыг төрүүлдэг үндсэн арга. Иймээс эхлээд хөдөлмөрлөж мөнгө ол, дараа нь түүнийгээ хадгалж өөрийн дураар зарцуул! – энэ л эрүүл ухаан, шударга үнэний дээд хэм хэмжээ юм.
Тэнэгүүд олшрох тусам хулгайчид ихэсдэг гэдэг. Бас “Бүү хулгайл” гэж Мойсей хэлжээ. Гэвч энэ бол хагас нь. Уг нь цааш нь “Хулгайлах боломж бүү олго” гэж төгсгөх ёстой байсан юм. Хөрөнгө мөнгөтэй л болсон бол ямар ч хүн сэтгэлийн хөөрлөө дарж сурах ёстой, эрүүл саруул ухаанаар сэтгэж бодож сурах хэрэгтэй. Хулгайлах боломж гаргахгүй байхад суралцах шаардлагатай. Хөрөнгө, санхүүгийн асуудлаа гэртээ харьж эхнэртэйгээ зөвлөдөг байх ёстой. Мөнгөний асуудалд эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд илүү хашир болгоомжтой ханддаг. Тэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг. Ер нь эмэгтэй хүн мөнгө хадгалахдаа арай илүү. Иймээс их мөнгөтэй болсон эр хүн хөрөнгө оруулах тухай аливаа асуудлыг эхнэртэйгээ эсвэл эхтэйгээ зөвлөж байхад ер илүүдэхгүй. Бусдын зовлон бэрхшээлийг учиргүй ойлгож хүнд мөнгө өгөх тухай асуудал хэзээ ч байж болохгүй. Мөн хэн нэгний шахалт дарамтанд автаж мөнгө гаргах хэрэггүй.
Чек бичиж, бэлэн мөнгө гаргах ганцхан тохиолдол бий!
Энэ бол тухайн оруулсан мөнгөнийхөө өртгийг эргүүлээд баталгаатай олж авах тэр нөхцөл юм. Аз туршсан, юу л болж төгсдөг бол доо гэсэн эргэлзээтэй зүйлд мөнгө гаргана гэдэг бол ухаангүй хэрэг, дээд зэргийн тэнэглэл юм. Таны албан тасалгаанд хэн нэгэн гүйн орж ирээд: “Хурдал! 500 фунтийн чек бичээд өг! Бид хурдан хөдөлвөл гол замыг худалдаж авах боломж байна!” гэж хашгирвал: “Та өөрийнхөө мөнгөөр тэр гол замаа худалдаж ав даа” гэж тайвнаар хариул. Энд ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн, догдлол илүүц байх болно. Халаас хоосон хэн нэгэн чамин гоё төсөл барьж ирээд: “Хурдал! Гарын үсгээ яг одоо зур эс тэгвэл хоосон хоцорно” гэж хэлэх юм бол та тайван байж “Би өөрт байгаа хөрөнгөө өөртөө л байлгадаг” гэсэн уриаг түүнд харуулаарай. Тэр байтугай танд бүхэл бүтэн төмөр замаа зүсэм бяслагаар л сольчих санал тавибал өөрт байгаа сайн зүсэм бяслагаа бүү өг!
Таны мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулах тухай яриа гараад түүнд нь “Одоо л өг! Эсвэл хэзээ ч үгүй!” гэсэн үг орсон байх юм бол - шууд л “Хэзээ ч үгүй нь дээр” гэж хариулаарай. Аливаа санхүүгийн асуудалд яагаад яарах хэрэгтэй шалтгааныг нь өөрөө л олж хараагүй бол үргэлж сэжигтэй хандаж бай. “Хурдал, мөнгөө өг” гэж хэлэх бүрт сохор зоос ч өгч болохгүй.
Ийм “гал дүрэлзсэн хэргүүд”-ийг маргааш болтол хойшлуулж байснаар та магадгүй ганц алтан боломжийг алдаж болох юм. Харин бусад тохиолдолд нь мөнгөтэйгээ үлдэнэ, сэтгэлийн шарх багатай үлдэх болно. Өөрийн мөнгөөр тоглох, өөрийн ажил хэргийг бүтээх үедээ аль болох овжин гавшгай бай. Харин өөрийн мөнгө, хөрөнгөнөөс салах хагацах, холдох тухай асуудал гарах бүрд аль болох удаан, хөшүүн, хойрго хөдөл. Олон жилийн турш зовж байж олж хуримтлуулсан хөрөнгийг алдахад ганцхан минут л хангалттай байдаг. Тиймээс хэзээ ч шахалтад автаж мөнгөө бүү гаргаж бай.
Дүрэм – 4
ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨГӨӨНД БИШ, БОДИТ ХӨРӨНГӨНД МӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ
Бизнес, санхүүгийн ертөнцөд хүн бүр дамлаж панзлах аргаар мөнгөө өсгөж арвижуулж байдаг. Хүн бүр азаа үзнэ, хүн бүр үргэлж эрсдэл дунд оршин байдаг. Хүн бүрт л өөрийн гэсэн санаа зорилго байдаг бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхдээ зарим нь хожиж зарим нь алдаж байдаг. Бизнес, санхүүгийн ажил хэрэг бол тэр чигээрээ хөрөнгө оруулалт, дамлалт хоёроос тогтох бөгөөд ертөнцийн хамгийн ухаалаг банкны эзэн ч нэг нь хаана дуусаж, нөгөө нь хаана эхэлж байгааг энд ялгаж эс чадна. Нэг л мэдэхэд олон хөрөнгө оруулалт панз наймаа болж нэг л мэдэхэд олон панз наймаа хөрөнгө оруулалт болон хувирна. Чухам ийм учраас л үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч, биржийн луйварчдыг ямар нэгэн хуулиар авч хэлэлцэхэд түвэгтэй байдаг. Бизнес, санхүүгийн ертөнцийн гол аюул эрсдэл нь ямар ч үнэнч шударга ариун сэтгэлтэй бизнес эрхлэгч нэг л мэдэхэд шоронгийн тортой цонхны цаанаас ертөнцийг хараад сууж байх магадлалтай байдагт оршдог. Бизнесмен, санхүүч хүн бусад хүмүүсийн мөнгийг арвижуулагч, бусад хүмүүсийн мөнгийг зөв зарцуулагч нь байх хариуцлагыг хүлээсэн байдаг. Санхүүгийн ажил хэрэгт аз туршилт үргэлж гардаг. Аюулгүй ажиллах үнэмлэхүй шалгарсан дүрэм гэж энд үгүй.
Гэхдээ маш их алдагдлаас урьдчилан сэргийлэх хэдэн чухал зөвлөмж бий. Үүний нэг нь төсөл, төлөвлөгөөнд биш бодит хөрөнгөнд мөнгөө хийх явдал юм. Бодит хөрөнгө, төсөл хоёрын ялгаа юу вэ, гэж хэрэв та асууж байгаа бол санхүүч болоогүй байна гэсэн үг. Бодит хөрөнгө нь тодорхой, хөдөлшгүй, үнэ цэнэтэй оршин байгаа зүйл. Гэтэл төсөл бол түүнийг хэрхэн биелүүлэхээс л үнэ цэнэ нь хамаардаг хоосон цаас юм. Хөрөнгө гэдэг бол бодитой зүйл. Хэрэг гарвал түүнийг зарчихаж болно. Харин төсөл бол бодит зүйл биш, төрөөгүй хүүхэд гэсэн үг. Хөрөнгө хэдий хуучирч муудлаа ч хэзээд тодорхой хэмжээний мөнгөөр үнэлэгдэж байдаг. Гэтэл төсөл бол сохор зоосны ч үнэгүй зүйл бөгөөд эвгүй хөдөлвөл дампууралд орох өргөн хаалга ч болж болдог эд. Хүний ертөнцийн оньсого мэт олон нууцлаг зүйлсийн нэг нь хүмүүс төслийг илүүд үздэгт оршино. Төсөл бүр өө сэвгүй харагддагаас ч ингэдэг байж магадгүй. Төсөл бүр урьд өмнөх төслүүдийн алдаанаас ангид гарцаагүй л амжилт олохоос өөр аргагүй юм шиг санагддаг. Төсөл бол бодит байдал бэрхшээл алдагдлаас ангид, итгэл найдвар, өөдрөг бодол, хүсэл мөрөөдөл гэсэн үг. Төсөл гэдэг нь хүмүүсийн итгэхийг хүсэж байгаа тэр зүйл юм. Иймээс төслүүд үргэлж дуулиан шуугиантай байдаг.
Гэхдээ би төсөл бүрийг хульхиний зүйл гэж хэлэх гээгүй. Английн банк, алдарт компани “Ллойд” ч хэзээ нэгэн цагт төсөл байсан. Үүгээр би ер нь төсөлд хөрөнгө оруулна гэдэг бол нилээд дээгүүр жаалж чадах болсон хүмүүсийн ажил гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Харин хязгаарлагдмал боломжтой, бага хөрөнгөтэй, туршлага багатай хүмүүст бол төсөл огт тохирохгүй зүйл. Яагаад гэвэл сүйрэх магадлал хэтэрхий их. Тавин төслөөс нэг нь л амжилтад хүрдэг. Төслүүд сайн, муу, дунд зэрэг гээд янз бүр байна. Төслийн гүйцэтгэгч нь заримдаа олиггүй хүмүүс байдаг. Төслийн сайн мууг эхнээс нь мэдэх арга байхгүй.
Ийм учраас л мөнгөө алдахыг хүсээгүй л бол элдэв төсөл төлөвлөгөөнөөс холхон байж, бодит зүйлд хөрөнгөө оруул гэж би хэлээд байгаа юм. Эд хөрөнгө цаг хугацааны хувьд хэрэгцээгээ алдаж болох боловч хэзээ ч бүрмөсөн арилж алга болохгүй. Зарим нэгэн төсөл шиг агаарт замхран арилахгүй. Дөнгөж эхэлж байгаа бизнес бүр нэг талаас өмч хөрөнгө, нөгөө талаас төсөл төлөвлөгөө байдаг. Энд бодит зүйл, хийсвэр санаа хоёр холилдон оршиж байдаг учраас хүмүүс үргэлж төөрөгдөлд ордог.
Төсөл нь бодит хөрөнгөнөөсөө илүү болоод ирвэл аюултай. Аливаа өмч хөрөнгө нь хэний мэдэлд байгаагаас үл хамааран тодорхой хэмжээний үнэ өртгийг хадгалж байдаг. Харин төслийн үнэ цэнэ бол түүнийг хариуцан гүйцэтгэгчийн үнэнч шударга зан, ажил хэрэгч байдлаас бүрэн хамаарч байдаг. Түргэн сэтгэдэг, ухаалаг хүн бол төсөл төлөвлөгөөтэй харьцаж болно. Харин юмыг удаан ойлгож ухаардаг хүн бол аль болох бодит хөрөнгөтэй харьцсан нь дээр.
Энэ энгийн зөвлөгөө олон хүнийг сүйрлээс аврах шидтэй юм шүү. Бизнес, санхүүгийн ертөнцөд болгоомжтой байх, зориг гаргах хоёрын аль аль нь хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахуйц туршлага, мэдлэг, чадвартай, үнэнч шударга хүн байхгүй л бол төсөл төлөвлөгөө нь зөвхөн мөнгөө хурдан үрэх бас нэг арга л болдог.
Дүрэм – 5
ЭРГҮҮЛЭЭД ЗАРЧИХАЖ БОЛОХ ЮМАНД Л МӨНГӨӨ ОРУУЛЖ БАЙ
Зарж болохгүй юмтай бүү орооцолд гэдгийг л энэ дүрэм танд зөвлөнө. Ямар ч бизнесмэн энэ дүрмийг мартсанаас болж “шатаж” хохирч үзсэн байдаг. Энэ дүрмийг мэдээгүйгээс эсвэл мэдсэн ч баримтлаагүйгээсээ болж мянга мянган хүмүүс өөрт байгаа жаахан мөнгөө алдаж халаасаа сэгсэрсэн байдаг. Дэмий юманд мөнгөө үрчихлээ гэж дараа нь харамсахааргүй баян болоогүй л бол нэг ширхэг зүйлийг ч өөрт таалагдлаа гэж худалдан авч болохгүй. Хүн бүр өдөр тутам ийм алдааг хийж байдаг. Тэд зөвхөн өөрт нь таалагдсаны төлөө л юуг ч хамаагүй худалдан авсан байдаг. Ямар хөөрхөн зүйл вэ, яасан чамин эд вэ, гээд л худалдан аваад байдаг. Харин дараа нь нөгөө зүйл нь өөрөөс нь өөр хэнд ч хэрэггүй болохыг мэддэг. Ингээд л баахан хэрэггүй эд зүйлс тавиур дээр хураагдаж мартагдана. Тэгээд нэг өдрийн их цэвэрлэгээгээр хогийн цэг рүү “марш” болно. Мянга мянган хүмүүс ингэж алддаг. Зарим хүн нэг их анир чимээгүй бөглүү газрыг сонгож аваад байшин барьж эхэлдэг. Бариад л, босгоод л, бүтээгээд л байдаг… Таван жилийн дараа нөгөө мундаг байшингаа зарах болжээ. Тэр үед л уг байшинг нь өөрөөс нь өөр хэн ч сонирхохгүй болохыг олж мэддэг. Учир нь ийм байшинд зах зээлийн өртөг байдаггүй. Нэг бол маш хямд үнээр зарах, эсвэл ахиухан үнээр худалдаад авчих “тэнэг” амьтан олдох хүртэл хүлээгээд суух хэрэг гардаг.
Улс орон бүрт “Смитийн тэнэглэлийн дурсгал” гэж нэрлэгддэг эзгүйрч хаягдсан байшин аль нэг довны орой дээр шовойгоод байж байдаг. Түүнийг 10.000 фунтээр бариулсан боловч 800 фунтээр заржээ. Смит 4-р дүрмийг мартсан учраас эргүүлээд худалдаж болохгүй байшинг бариулж орхисон нь тэр. Ийм тохиолдол маш их, бараг л хүн бүр ийм алдааг гаргасан байдаг.
1. Худалдаж авсан зүйл чинь танд хэрэггүй болж болно.
2. Өөрийн дур таашаалаар мөнгөө үрснээ хөрөнгө оруулалт хийж байна гэж эндүүрч болохгүй. Та мөнгөө салхинд хийсгэж чадахаар баян болсон хойноо л өөрийгөө эрхлүүлэх, зугаацуулах зүйлд мөнгө гаргаарай.
3. Эд зүйл хэдий чинээ ховор, ер бусын байна, түүнд худалдан авагч олоход төдий чинээ бэрхшээлтэй байдаг.
Эд зүйлс аль болох энгийн, ердийн байх юм бол түүнийг төдий чинээ олон хүн худалдан авах боломжтой байдаг. Эгэл жирийн хүмүүст эгэл жирийн зүйл л хэрэгтэй. Учир нь ертөнцийн хүмүүсийн аравны ес нь эгэл жирийн хүмүүс байдаг билээ. Мөнгөний аугаа их үнэ цэнэ нь хүн болгонд хэрэгтэй байдагт л оршдог. Мөнгийг хэзээ ч таваараар сольж болно.
Худалдагдах чадвар гэдэг бол таваарын өртгийн нэг чухал чанар билээ. Өөрөөр хэлбэл энэ чухал чанар нь аливаа хүнийг эд зүйлээ худалдахдаа мөнгөө өсгөж арвижуулж харин худалдан авахдаа мөнгөө хадгалж байхад нь тусална. Дөрөвдүгээр дүрэмд итгэл хүлээх гэж нэрлэгдэх том хүчин зүйл бий. Итгэл хүлээх үндэс нь нэр хүндтэй байх явдал. Үүнээс үүдээд бид олны танил биш, нэр хүндгүй байх ямар хортой вэ гэдгийг ойлгож болно. Хэн ч мэдэхгүй зүйлд эрэлт, хэрэгцээ байхгүй.
Аливаа бизнесмен хүн хурдан эргүүлээд зарчихаж болохгүй хөрөнгө, эд зүйл худалдан авч мөнгөө “царцааж” болохгүй. Аливаа ажил хэргийг хэрэгцээ гарвал алдагдалгүй хурдхан шиг эргүүлээд мөнгө болгочихож болохуйц тийм байдлаар л явуулах хэрэгтэй. Харин энэ бол цөөн хүний хүрч чадах оргил. Тийм учраас та хэдий чинээ үүнд ойр байна, төдий чинээ дампуурлаас хол орших болно. Биенес, санхүү гэдэг бол мөнгийг таваар, таваараа эргүүлээд мөнгө болгон хувиргах үйл явц юм. Таваар-Мөнгө, Таваар-Мөнгө гэсэн эргэлтийн үе, шат бүрээс ашиг хонжоо олдож байвал - тэр бизнес мөн.
Харин ийм эргэлтээс ашиг орж ирэхгүй байх юм бол энэ бизнес биш сүйрэл болж таарна. Ийм учраас ямар нэг зүйлийг худалдаж авахдаа “Үүнийг дараа нь үнэ нэмээд зарж болох уу?”, “Үүнийг надаас бусад хүмүүс худалдаж авах болов уу?” гэж үргэлж бодож бай. Хариулт нь эерэг байх юм бол авч болно гэсэн үг. Дахин хэлэхэд, аливаа өмч хөрөнгийн өртөг худалдагдах чадвараасаа л хамаардаг. Алдсан ч харамсахааргүй их мөнгөтэй л биш бол аливаа зүйлийг худалдаж авахдаа бодолтой хандаж бай. Алдагдалгүйхэн шиг, түргэн зарагдах тийм л эд зүйлийг худалдаж ав.
Дүрэм – 6
АШИГ ОЛОХ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДАЖ БАЙ
“Тэгэхэд л зарчихдаг байж” гэсэн яриа их түгээмэл гардаг. Магадгүй, танд ч ингэж хэлэх үе гарч байсан байх. Олон хүн аливаа юмыг хамгийн үнэтэй байх үед нь худалдаж авдаг ба ийм үзэгдэл урьд байсан цаашид ч байсаар байх болно. Аливаа эд зүйлийг их үнээр зарчих боломжтой байтал зарахаас татгалзаад байдаг хүмүүс бас бий. Би яагаад үүнийг дурдсан бэ гэвэл аливаа зүйлд хамгийн гол нь ашиг чухал шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
Энэ бол худалдаачин хүн бараагаа зарснаас дэлгүүрээ зарвал илүү ашиг олох боломжтой байх юм бол дэлгүүрээ зарах ёстой гэсэн үг. Гутлын үйлдвэрийн эзэн хүн гутал зарснаас үйлдвэрээ зарвал илүү их ашигтай байх юм бол үйлдвэрээ зарах хэрэгтэй гэсэн үг. Бид бүгд өмч хөрөнгөндөө хэтэрхий их хүлээтэй хадагдсан байдаг. Бид өмч хөрөнгөө зүгээр нэг худалдчихаж болохгүй зүйл гэж боддог.
Хүмүүс сэтгэх ёстой. Арван хүний ес нь сэтгээд баяжихын оронд урсгалаар хөвж, амь зогоож байдаг. Харин энэ ном бол бодож сэтгэдэг хүмүүст зориулагдсан ном.
Мөнгийг арвижуулж, эргүүлэх арга нь өөрийн гэсэн технологитой байдаг. Хүн 1000 жил амьдардаг байсан бол бид бүгдээрээ биш юм гэхэд ихэнх маань баян чинээлэг болж амжих байсан. Санхүүгийн талаас нь авч үзэхэд мөнгийг аль болох хурдан эргэлдүүлэх нь гол зорилго юм. Ер нь хүнд хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжиж амжих 20-30 жилийн хугацаа л байдаг. Тиймээс хөрөнгийг түргэн хуримтлуулж баяжихын тулд аль болох товч замаар явах шаардлагатай.
Ийм учраас ашиг хонжоо олж болох нэг ч боломжийг алдаж болохгүй. Тодорхой жишээ татъя: Лондонгийн нэгэн наймаачин аль нэг компанийн 1000 ширхэг үнэт цаасыг, тус бүрийг нь 18 фунтээр худалдаж авчээ. Сарын дараа нөгөө үнэт цаасных нь үнэ 23 фунт хүртэл өссөн байна. Тэр зарчихаж болох л байлаа. Гэвч хүссэнгүй. 28 фунт болтол өсөхийг нь хүлээе гэж шийджээ. Тэгвэл хоёр дахин их ашиг олох болно гэж тэр бодсон байна. Гэтэл нөгөө үнэт цаасных нь үнэ 20 фунт хүртэл унаж, уг наймаачин таатай боломжоо алджээ.
Магадгүй тэр үнэт цаас нь хэзээ нэг цагт 28 фунт хүртэлээ өсөж болох боловч үүнийг тэр лав бүтэн жил хүлээх болно. Уг нь тэр шууд ашиг олсон бол илүү ухаалаг хэрэг болох байсан юм. Хэрэв намайг 20 фунтээр үнээ худалдаж аваад явж байтал танил маань тааралдаад ямар сайхан үнээ вэ, 30 фунт ч элбэг хүрэх эд байна даа, гэвэл би шууд л “чи ав” гэж хэлнэ. Ашигтай наймаа хийсэндээ сэтгэл хангалуун гэртээ харих болно.
Олон хүмүүс барааг нь өндөр үнээр авъя гэхэд хардаж сэрдэж ханддаг. Энэ ингэж өндөр үнэ хүрч байгаа юм чинь өөрт хэрэг болж магадгүй гэж тэд боддог. Харамсалтай нь энэ бол буруу ойлголт. Хамгийн гол нь аль болох түргэн хугацаанд л ашиг хонжоо олж байх ёстой. Ингэж ашиг олох боломжийг нэг удаа ч алдаж болохгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг санах хэрэгтэй. Сард 100 фунт олох нь жилд 200-г олсноос дээр. Та энэ үнэнийг л ойлгосон бол бизнесмен, санхүүч болох замдаа орлоо гэсэн үг. Та сэтгэж бодож, төлөвлөгөөтэй хөдлөх юм бол, үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг ашиглан мөнгө олж чадах болно.
Коммунистууд мэтийн мулгуу хүмүүс арилжаа наймаа, үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг мөлжлөг гэж нэрлэдэг. Гэтэл үүнд мөлжлөгтэй төстэй юм огт байхгүй. Энэ бол бүтээн байгуулах их эрч хүч, хөгжлийн хөдөлгүүр юм. Энэ бол хүн төрөлхтөний олж нээсэн мөнгө арвижуулах бүх аргаас хамгийн оновчтой, хамгийн хор багатай, хамгийн хууль ёсных нь юм. Мөнгөтэй болохын тулд хүн янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицож, түргэн шуурхай хөдөлж, маш хурдан бодож сэтгэж сурсан байх хэрэгтэй. Мөн өөрийгөө зорьсон зорилгодоо бүрэн зориулах хэрэгтэй. Хурдан сэтгэж, хурдан хөдөлж, хурдан ажиллаж, түргэн шийд гаргаж, нөхцөл бололцоог дээд зэргээр ашиглах хэрэгтэй.
Ашиг хонжоо олж болох тохиолдол бүрийг алдаж болохгүй. Хүмүүс өмч хөрөнгөөсөө хагацан салж чадахгүй 30 жил болчихоод аль түрүүний л зарж болох байсан үнээр нь өгдөг нь худлаа гэж үү? Дараа их ашиг олохоос одоо багахан ашиг олох нь дээр.
“Дараа” гэдэг үг бол идэвхтэй ажиллах хугацаа нь сайндаа 30 жилээс илүүгүй, хүч чадал дорой амьтдад тохирохгүй үг. Хүний амьдрал богино. Ирээдүй тодорхой бус. Иймээс одоо байгаа боломжийг бүү алд. Ашиг олохдоо сэргэлэн бай. Байгаа хөрөнгөн дээрээ нэмж буй өчүүхэн дусал бүр чинь таныг баяжуулсаар байх болно. Аманд орсон “ашиг”-ийг хэлээрээ бүү түлх.
Дүрэм – 7
БАНКНЫ ЭЗНИЙХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ БАЙ
Бизнес, санхүүгийн балар ширэнгэд аюулгүй зорчих зөрөг зам хөтөч гэж үгүй, гартаа бариад алхах газрын зураг ч гэж байхгүй. Энэ шугуйд хүн ихэнх цагаа замаасаа төөрч будилсан байдалд буюу “Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэсэн хэллэгт тохирох байдлаар өнгөрөөж орхидог. Гэтэл энэ балар ширэнгэд бүх насаа өнгөрөөж хууль дүрэм, аюул осол бүрийг нь мэддэг болсон хүмүүс бас байдаг. Ийм хүмүүс бол банкны эзэд юм. Энэ утгаар нь банкны эзэнд илүү найдаж болно. Бизнес, санхүүгийн балар ширэнгийн төв хаалганы үүдэнд танд замчлахыг учиргүй их хүссэн сайн дурын уран сайханчид үй түмээрээ бужигналдан байдаг. Таныг хүнд байдлаас гаргаж чадна, ямар ч асуудлыг чинь шийдээд орхих зөвлөгөө өгч чадах түшиг тулгуур чинь бид нар - гэж тэд танд итгүүлэхийг оролддог. Бизнес, санхүүгийн балар ширэнгэд орохоор төв хаалганых нь үүдэнд хэтэвч дүүрэн мөнгөтэйгээ ирэхэд чинь танд зүйл бүрийн тусламжийг ёстой нэг сэтгэл харамгүй үзүүлж чадах жигтэйхэн сайхан санаатнууд үй түмээрээ зогсож байдаг. Хэдэн зуун хүмүүс өөрсдөө энэхүү балар ширэнгэд замаа алдчихсан мөртлөө таныг Алтан уул руу хүргээд орхихоор даль жигүүрээ дэвцгээж байдаг. Авъяас чадваргүй, бүтэлгүйтэж дампуурсан эдгээр золгүй амьтад сайн сайханд хүрэх замыг танд зааж өгөхөөр уралдацгаана, өөрөөр хэлбэл цагаандаа гарсан луйварчид таныг баян болгох хүсэлдээ шатаж буцалж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол санхүүгийн балар ширэнгийн хууль юм.
Бизнес, санхүүгийн балар ширэнгэд ашиг хонжоо хараагүй зүйл “хариу нэхээгүй тус дэм, ашиг хонжоо үл харсан” зөвлөмж зөвлөгөө гэж үгүй. Иймээс санхүүгийн балар ширэнгэд орох гэж буй аливаа хүн юуны өмнө үүнийг мэдэж аваад, үргэлж санаж явах болж байгаа юм. Тэгвэл цаашдын зам мөр нь өлзийтэй байх магадлал илүү болж байгаа хэрэг болно.
Учир нь энэ бизнес, санхүүгийн балар ширэнгэнд ороод жаахан явтал таны түрийвч чинь нимгэрээд ирнэ. Энэ үед нөгөө олон зам заагчид, сайн дурын зөвлөгч уран сайханчид үлгэрийн кинонд гардаг шиг хаашаа ч юм бэ алга болж харин та ганцаархнаа амаараа шороо үмхэн үлдэх болно. Ухаантай хүнд бол энэ үед доорх зүйл бодогддог.
Хүн Алтан ууланд хүрэх замыг өөрөө мэдэж байсан бол шалихгүй үнээр бусдад зааж өгөх гээд уралдаад гүйх байсан гэж үү?
Хэзээ ч үгүй шүү дээ!
Шугуйд өөр төрлийн хүмүүс бас бий. Тэд замчин болох гэж далдагнахгүй боловч, замчнаас илүү их зүйлийг мэдэж байдаг. Тэд бол “банкны эзэд”. Банкны эзэн таныг алдагдлаас хамгаална. Тэр шугуйгаар явах жим зөргийг мэдэхгүй ч тэнд отож буй аюул ослыг сайн мэдэж байдаг. Тэдгээрийн шинж тэмдгийг судлахад л чухам зүгээр бүх насаа зориулсан улс.
Банкны эзэн бол нэг ёсондоо бизнес, санхүүгийн балар ширэнгийн дундах ганц гэрэлт цамхаг нь юм. Иймээс банкны эздэд түншүүдээ ч, өөрийгөө ч хуурах мэхлэх шалтгаан бараг байдаггүй. Тэд бусдын хэрэгт нэг их оролцоод байхгүй. Тэр хөрөнгөө яаж хоёр дахин өсгөхийг хэлж өгч чадахгүй ч байгаа зүйлээ яаж найдвартай хадгалахыг зааж өгч чадна.
Дүрэм – 8
ҮНЭ БУУРСАН ҮЕД ХУДАЛДАН АВЧ, ҮНЭ НЭМЭГДСЭН ҮЕД ХУДАЛДАЖ БАЙ
Хэдхэн үгнээс бүтэх энэ дүрмийг Та амьдралдаа хэрэгжүүлж чадвал хурдан баяжих болно. Энэ тухай ярихад амархан боловч яг амьдрал дээр хэрэгжүүлчих чадвартай хүн их цөөхөн байдаг. Хүн бүр л бусдыг дуурайж даган баясах маягаар худалдан авч зарж борлуулж байдаг. Бирж, хөрөнгийн зах зээл дээр хүртэл ихэнх хүн олныг л дагадаг. Бидний ихэнх маань сүргийн зөнд хөтлөгддөг. Бид амьтан адил сүргийн манлай хаашаа явна, тийшээ л зөнгөөрөө харайлгаж байдаг. Ингэх нь ч илүү хялбар. Бид этгээд юмуу гаж харагдахыг хүсдэггүй. Нэг үгээр хэлбэл бид урсгал даган хөвж явдаг. Ихэнх хүмүүс боддоггүй. Тэд зөвхөн боддоггүй төдийгүй сэтгэхгүй уншдаг учраас хэвлэлийнхэн тэднийг хялбархан гэгч нь араасаа дагуулан хөтөлж байдаг. Хүмүүсийн ихэнх нь ганц ч удаа бие даасан үйлдэл хийхгүй байсаар нэг насыг бардаг болох нь хачирхалтай боловч үнэн баримт юм. Тэд бүх амьдралынхаа туршид олон түмний араас дагадаг.
Улс төр болон нийгмийн бусад харилцаанд ийм байж болохыг би үгүйсгэхгүй. Харин бизнес, санхүүгийн ертөнцөд бол ийм явдал байж таарахгүй. Бизнес, санхүүгийн асуудалд олонх үргэлж алддаг. Энэ үнэнийг их цөөн хүн мэддэг бөгөөд мэддэг хэд нь үүнийгээ бусдад хэлж өгдөггүй. Бизнес, санхүүгийн ажил хэрэгт цөөнх үргэлж хожиж суудаг. Тэд олонхын араас дагадаггүй. Харин үүний оронд тэд үнийн өөрчлөлтийг л анхаарч суудаг. Тиймээс үргэлж хожиж байдаг. Бизнес, санхүү гэдэг бол тэр чигээрээ улс төрөөс тэс өөр зүйл.
Бизнес, санхүүгийн асуудал олонхын сэтгэлийг нэг их догдлуулан хөдөлгөдөггүй. Бас зах зээл дээрх үнэ ч санал хураалтаар тогтоогдож шийдэгддэггүй. Гэхдээ олон нийтийн санал бодол үнийг хэлбэлзэхэд хүргэдэг нь үнэн. Үнэт цаасаа зарах 10 хүн байхад худалдан авагч нь 5 байх юм бол үнэт цаасны үнэ унах нь мэдээж. Харин 20 хүн худалдан авч 5 хүн зарж байвал үнэ өсдөг. Хөрөнгө мөнгөө ухаалгаар зарцуулдаг хүн бол үймсэн сүрэгтэй нийлж худалдан авах болон зарах үйлдлийг өөрөө ойлгохгүй байж зөнгөөрөө хийхийг хүсдэггүй. Учир нь хөрөнгө мөнгөө ухаалаг зарцуулдаг хүн үнийн хэлбэлзлийг хөндлөнгөөс ажиглаж түүнийг өөртөө ашиг тустайгаар эргүүлж байдаг.
Улс төрд олонхыг дагавал хожих байх. Харин та бизнес, санхүүгийн ертөнцөд оршин тогтнож суръя л гэж бодож байгаа бол цөөнхийн талд байх хэрэгтэй. Худалдан авагчид нь худалдагчаас их байгаа үед хэзээ ч бүү худалдаж ав. Илүү л мөнгө төлнө гэсэн үг. Нэг саятан хүн “зун өмсөх хувцсаа өвөл худалдаж ав” гэж надад хэлж байсан. Зарж болох үед худалдан авч худалдан авалт ихэссэн үед худалдаж бай. Үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үнэ үргэлж өсөлт, бууралттай байдаг. Өсөлтийг бууралт, бууралтыг өсөлт залгаж байдаг. Үймсэн сүрэг мэдээж хэзээ ч урьдчилан харж чаддаггүй. Тэд үргэлж юмыг их үнэтэй байхад нь худалдан авч эргүүлээд хямдхан зарж байдаг. Зах зээл үргэлж нэг хэвэндээ байх юм шиг тэд боддог. Хүмүүсийн олонх нь үнийн өсөлтийн үед өөдрөг үзэлтэй байж уналтын үед гутруу үзэлтэй болдог. Харин мөнгийг арвижуулж чаддаг хүмүүс бол өсөлтийн үед гутруу бууралтын үед өөдрөг үзэлтэй болдог. Гутруу үзэлтнүүдээс худалдан авч, өөдрөг үзэлтнүүдэд зарж бай.
Үүнд л 7-р дүрмийн утга учир оршино. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үймж бужигнасан олонтой битгий нийл. Үүний оронд зайдуухан зогсоод үнийн хэлбэлзлийн гаргаж өгч буй боломжийг ашиглаж бай гэсэн үг. Ингэх чадвартай цөөн хүмүүс л амархан баяжиж зүй ёсоор хүссэн бүхнээ эдэлж хэрэглэж байдаг. Эд бол тааралдсан бүхнээ хаман арилдаг зах зээлийн шуурганд тэсэн үлдэгсэд юм.
Үнэ их байхад цааш улам л өснө, харин үнэ бага байхад цааш улам л доошилно гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ байдаг. Ямар нэг таваарын үнэ өсөж байгаа бол удахгүй хямдарна гэсэн дохио. Хямдарч байгаа бол дараа нь өснө л гэсэн үг. Үнэ үргэлж дээш доош хөдөлж байдаг. Үнэ бол жинхэнэ өртгөөсөө дээш гарч доош бууж байдаг зүйл боловч хэзээ ч бүр алга болчихдоггүй зүйл.
Дүрэм – 9
МӨНГӨӨ БАЙНГА ЭРГЭЛТЭНД БАЙЛГАЖ БАЙ
Хорвоогийн хамгийн өндөр бүтээмжтэй хөрөнгөтөн бол сонин зардаг хүүхдүүд юм. Тэд өдөрт 200 хувийн ашигтай ажилладаг. Яаж тэр вэ? Таваар, мөнгө хоёрыг байнгын эргэлтэд байлгаж чадсанаар тэр. Тэд өглөө 1 шиллингтэй ажлаа эхэлдэг. Түүгээрээ 20 сонин худалдаж аваад зарахад 1 шиллинг 8 пенс болно. Ингэж өдөрт гурван удаа сонин авч зарахад орой нь тэд гурван шиллингтэй болно. Сонин зардаг жаал 60 сонин худалдаад 2 шиллингийн ашиг олжээ. Тэр бол ажилчин ч, хөрөнгөтөн ч юм. Түүнийг хэн ч хөлсөлдөггүй бөгөөд тэр өөрөө өөрийгөө санхүүжүүлж, ажлынхаа эцсийн үр дүнгээр цалинждаг. Мөн тэр зарж чадаагүй сониноо буцааж тушаагаад мөнгөө авчихаж чадах учраас хөрөнгө оруулагч ч биш. Түүний ажиллагаа нь мөнгө, таваар хоёрыг байнга хөдөлгөөнд байлгахын чухлыг харуулж буй хамгийн тод жишээ юм. Тэр 1 шиллингээс эхлэн шаргуу ажилласаар жилд 30 фунт олно. Энэ нь ердийн нэг ажил хийгээд авах байсан хөлснөөс 5 фунтээр илүү бөгөөд өдөрт ердөө л 3-4 цаг ажилладаг.
Сонин зардаг энэ жаалхүүг 5000 фунтээр үнэлэгдэх үнэт эдлэлийн наймаачинтай харьцуулж үзье. Сонин зардаг жаал өөрийн мөнгөө жилд 600 дахин эргүүлдэг бол үнэт эдлэлийн наймаачин нэг удаа л эргүүлдэг. Иймээс үнэт эдлэлийн бизнест ашиг хонжооноосоо илүү сүр нь их байдаг.
Ингэж 8-р дүрэм биднийг “Хөрөнгийн хэмжээнээс хөдөлгөөн нь хавьгүй чухал” гэсэн санхүүгийн аугаа их хууль руу хөтөлж авчирлаа. Таны хөрөнгө ямар хугацаанд бүтэн эргэдэг вэ? Жилд үү, сард уу эсвэл 7 хоногт уу? Хөрш зэргэлдээ орших хоёр компани байлаа. Нэг нь 8 сая фунтийн хөрөнгөтэй, 18 мянган ажилчинтай. Нөгөө нь 800 мянган фунтийн хөрөнгө, 800 ажилчинтай. Өнгөрсөн жилд 2 фирм яг адилхан ашигтай ажиллажээ.
Жижиг нь илүү үр бүтээлтэй байсан нь эндээс харагдах бөгөөд тэрээр хөрөнгөө жилд 25 дахин эргүүлж байжээ. Нарийн боовчин хүү уран дархан хүнээс 10 дахин бага хөрөнгөөр сайн бизнес хийж болно. Учир нь тэр маш хурднаар гурилыг талх талхаа мөнгө болгон хувиргаж чадна. Тэр өдөр тутам таваарынхаа бүх нөөцийг бүрэн худалдаж байдаг. Бага ашигтай ажилладаг хамгийн түгээмэл шалтгааны нэг нь мөнгөнийх нь хэтэрхий их хэсэг хөдөлгөөнгүй хэвтэж байдагт оршдог. Энэ тохиолдолд тоног төхөөрөмж нь бүрэн гүйцэд ашиглагддаггүй, түүхий эдийн нөөц нь хэтэрхий их, барилга байшин нь ч нүсэр байдаг. Энэ бүхэн бол үхмэл хөрөнгөний сонгодог жишээ юм. Аливаа байгууллагын хөрөнгийн гуравны хоёр нь үхмэл байдалд оршиж үлдсэн гуравны нэг дээр нь хамаг ачаалал овоорсон байх нь элбэг тохиолддог.
Өөрөөр хэлбэл уруугаа харсан пирамид. Барилга байшин, тоног төхөөрөмжийн өртөг ямар үнэтэй вэ гэдгээсээ биш харин яаж ашиглагдаж байна вэ гэдгээсээ хамаардаг. Бизнес, санхүүгийн ертөнцөд үнэтэй боловч ашиг өгдөггүй зүйлс их бий. Арслан зааны чадалтай хэрэглэдэггүй мотортой байснаас ганц муурын хүчтэй хэрэглэдэг мотортой байсан нь дээр. 2000 фунтийн гүйлгээгүй бараатай байснаас байнга эргэлтэнд оршиж өдөр тутам борлогдож байх 200 фунтийн бараатай байсан нь илүү дээр.
Бизнесийн үндсэн агуулга нь солилцоо юм. Мөнгийг таваар, таваарыг мөнгө, мөнгөө буцаагаад таваар болго. Гэхдээ үүнийгээ хурдан хий. Үүнд л их хэмжээний ашгийн нууц оршино. Ашгийн хэмжээ бол үнэ их эсвэл бага байгаагаас үл хамаарна. Харин ашгийн хэмжээ нь худалдаа борлуулалтын эргэлтийн хурдаас илүү их хамааралтай байдаг. Жилд 30 хувийн ашиг олсноос сард 5 хувийн ашиг олсон нь дээр. Энэ бол бүх мөнгө хүүлэгчдэд тодорхой болсон зүйл боловч худалдаачид үүнийг мэддэггүй. Иймээс авсан зээлээсээ илүү их “үхмэл” таваарын нөөцтэй болсон худалдаачид олон байдаг. Мөнгө бол хүний ухаантай адилхан зүйл. Дээр үед том толгойтой хүн ухаан ихтэй байдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байжээ. Өнөөдөр тийм биш гэдгийг бид бүгд мэдэх болсон. Гэтэл бизнест бол толгойны хэмжээ нь биш байгаа толгой нь яаж ажилладаг нь хамгийн чухал аж. Тийм ч том толгойтой биш боловч том том компаниудыг амжилттай удирдаж байгаа хүн олон бий. Гэтэл данхайсан том толгойтой хэрнээ тэрэг түрэгчээр ажиллаж хөл, булчин хоёроороо хоолоо олж иддэг хүмүүс тэднээс олон дахин илүү.
“Танд хамгийн түрүүнд хэрэгтэй юу байна” гэсэн асуултанд олон бизнесмен “Их хөрөнгө” гэж хариулдаг. Энэ хариулт буруу. Үүний оронд байгаа хөрөнгөнийхөө ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. Уг нь ганц ч доллар зээлэхгүйгээр хөрөнгөө хоёр дахин өсгөх боломж бараг хүн бүрт байдаг. Зөвхөн таваарын эргэлтээ сайжруулснаар ийм амжилтанд хүрч болно. Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр төлж байснаас бараагаа зарах реклам хийсэн нь хямд тусна. Бизнес хийж буй хүн бүр “өнөөдөр авсан бол маргааш худалд” гэсэн дүрмийг мөрдлөг болгох ёстой. Энэ бол бизнест хэрэгтэй гол дүрэм. Өөрөөр хэлбэл илүү юмыг бүү худалдаж ав. Ингэснээрээ та илүү “үхмэл” хөрөнгөтэй л болж үлдэнэ.
Худалдан авагчийг таваараасаа, бизнесээ албан тасалгаанаасаа илүү байлга. Таваарт дарагдсан агуулахаа харж сэтгэлээ хуурч баясан сууснаас худалдан авагчийг хоосон буцаасан нь дээр. Дэлгүүр бол агуулах биш дамжлагын бааз байх ёстой юм. Үүнийг маш цөөхөн худалдаачин ойлгодог.
Мөнгөө үргэлж эргэлтэд байлга. Зоос бүрийг бяцхан ажилчин гэж ойлго. Тэднийг унтуулах биш ажиллуулж байх ёстой. Тэгвэл тэд чинь өдөр ирэх тусам араасаа нэг нэг шинэ зоосхоныг дагуулан ирж таны бизнесийн өсөлтийг улам илүү түргэтгэх болно.
Дүрэм – 10
БИЗНЕС ХИЙХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ЗЭЭЛ АВЧ БАЙ
Зориглон зээл ав! Энэ бол мянга мянган бизнесменүүдэд их хэрэгтэй зөвлөгөө. Олон бизнесмен өрнөөс айдаг. Тэд өөртөө байгаа юмыг л хэрэглэн бизнес хийдэг. Тэд хэтэрхий болгоомжилдог. Худалдаа арилжааны их далайд “Хувийн” гэсэн хаягтай жижигхэн завиар гараад эрэг бараадан даруухан хөвж явдаг бизнесменүүд байдаг. Магадгүй, тэд үүнээсээ болоод эрэгт хэтэрхий ойртож хайргадан хад мөргөөд дуусах нь бий. Эрэг орчимд задгай тэнгисийн төв рүү орсноос ч илүү их хад цохио байдгийг сүйрсэн хойноо л тэд ойлгодог…
Аз туршихаас зайлсхийснээр та эцгийн үлдээсэн хөрөнгийг хадгалж чадах боловч хэзээ ч өөрөө эцгээсээ илүү их баялаг бүтээж хуримтлуулж чадахгүй. Бизнесмен, санхүүч хүн аз туршихгүй байх нь арслангийн анчин анд гарахгүй гэртээ суух юмуу уулчин хүн осолдохоос болгоомжлон ууланд авирахгүй байхтай ижил юм. Бизнес, санхүүгийн ертөнц аз туршсан зүйлсээр дүүрэн. Яаж тэдгээрээс зайлсхийхийг та ч, би ч хэлж мэдэхгүй. Гэтэл бизнест хамгийн их ашиг олж болох зүйл бол ухаалаг аз туршилт байх нь цөөнгүй. Аз туршсан зүйл хийх хүнд зохих хэмжээний эр зориг, өрсөлдөх сонирхол байх хэрэгтэй. Мөн ингэснээрээ сэтгэлийн ханамжийг ч авч чаддаг байх ёстой.
Өр тавчихаад шөнө нь унтаж чаддаггүй хүн бол бизнесмен, санхүүч болох гээд хэрэггүй. Үүний оронд тогтмол цалингаа аваад гэртээ сэтгэл амар сууж байдаг албан хаагч болсон нь дээр. Ган цутгамлын бизнесээр 60 сая фунттэй болсон Эндрю Карнеги ажил хэргээ хэрхэн амжилтад хүргэсэн тухайгаа хэлэхдээ “Хичнээн олдоно вэ, төчнөөнийг зээлдэг байсан” гэж ярьсан байдаг. Тэрээр “Би Пенсильвани мужийн хамгийн баян, хамгийн их өртэй хүн нь байв. Миний ажилтнуудын нэг нь зөвхөн банк хэсэж зээл авдаг ажилтай байсан” гэж надад хэлсэн юм. Бараг л бүх баян хүн санасандаа хүрэхийн тулд мөнгө зээллдэж авсан зээлээ ухаалгаар зарцуулсны хүчинд амжилтад хүрсэн байдаг.
Нэгэн бизнесмен “Би 27 жилийн туршид нэг ч удаа зээл аваагүй” гэж ам бардам хэлж байсан. Тэр хүн 50 ажилчинтай жижиг үйлдвэртэй бөгөөд жилийн цэвэр орлого нь 1500 фунт. Энэ мэдээж, сайн хэрэг. Гэхдээ тэр бизнесээ 1500 фунт гэсэн тоонд хүргэхийн тулд амьдралынхаа 27 жилийг зарцуулжээ. Хэрэв тэр ажлаа эхлэхдээ 5000 фунт зээлсэнсэн бол бизнесээ энэ хэмжээнд хүргэхэд 4 дахин бага хугацаа зарцуулах байсан. 5 жилийн дотор хүрчихэж болох байсан амжилтын төлөө тэр бизнесмен бүх амьдралаа зориулжээ. Цаг хугацааны хүчин зүйлийг тэр хүн анхааралдаа авсангүй. Бизнесийн аль ч салбарт Мөнгө + Толгой гэсэн хоёрхон хүчин зүйл л мөнгийг үржүүлж байдаг юм. Аливаа хүн Толгойтой гэдэгтээ л итгэлтэй байвал дараагийн алхам нь мөнгө олоход чиглэгдсэн байх ёстой.
Мэдээж, мөнгийг зээлдэлгүйгээр олчих боломж байдаг бол түүн шиг сайн юм гэж юу байх вэ. Харин тийм боломжгүй бол зээлэхэд л хүрнэ. Хэнээс? Мэдээж мөнгө хүүлэгчээс биш. Тусалж, дэмжих хүн, найз нөхөдгүй л болчихоогүй бол тэдэнд хэн ч ойртохгүй. Мөнгө хүүлэгч сард 10 хувийн хүү төлүүлдэг учраас эндээс зээлдэгч хүнд ямар нэгэн ашиг унадаггүй. Ер нь мөнгө хүүлэгчдийн контор нь ихэнх тохиолдолд ядарсан амьтдын халаасыг хоослох эцсийн шат нь болж байдаг. Иймээс мөнгийг аль болох хямдаар олох хэрэгтэй.
Дүрэм – 11
САЙРХАХЫН ТУЛД БИШ, ДЭВЖИХИЙН ТУЛД АЖИЛЛАЖ БАЙ
Дэвжих, сайрхах хоёрыг ялгаж чадаагүй олон хүн дампуурлын хаалгаар ороод талийж өгсөн байдаг юм. Бизнесийн бодит хэмжээгээ ихэсгэхийг дэвжих гэх бөгөөд харин үүний эсрэгээр дэмий чамирхаж бусдад сайрхаж гайхуулах донтой болохыг сайрхал гэдэг. Шаардлагатай үед нь бизнесийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийг хөгжих дэвжих гэдэг бол бусдын анхаарал татах бусдад баярхах гайхуулахын тулд хийсэн тэнэг үйлдлийг сайрхал гэнэ. Дэвжиж буй бизнес гэдэг бол өсөж буй хүүхэд л гэсэн үг. Дорхноо л өлгийндөө багтахаа байчихна. Түүнд орон зай хэрэгтэй. Харин сайрхал бол үүнээс их ялгаатай тэс өөр ойлголт.
Сайрхах баярхах гэдэг бол зөвхөн гаднах өнгийг л бий болгож байдаг, бодит байдлыг гуйвуулсан зэрэглээ мэт хоосон зүйл. Хөл муутай хүнд таяг худалдаж хэрэгцээ зайлшгүй. Гэтэл таяг авахдаа алтан бариултайг нь худалдан авах юм бол энэ нь хоосон чамирхал, гайхуулах дон болж таарна. Зээлсэн мөнгө тань өөрийн өртгөө нөхөөд зогсохгүй нэмэлт ашиг авчирна гэдэгт бүрэн итгэсэн цагтаа л ийм зүйл хийгээрэй. 6 хувийн хүүтэй 10.000 фунтийн зээл авбал түүгээрээ 16 хувиас доошгүй ашиг олох хэрэгтэй. Тоног төхөөрөмж муутай, ажилдаа түүртсэн жижиг үйлдвэрүүд байдаг. Гэтэл ийм үйлдвэрүүдийн эзэд нь гэж ганган чамин үнэтэй машинаар салхи татуулан давхисан улс байдаг. Тэдэнд наад ганган машинаа худалдаад хоёр ширхэг суурь машин аваач гэж хөндлөнгөөс хэлмээр санагддаг. Мөн түүнчлэн тансаг сайхан харшид амьдарч, хоолныхоо ширээн дээр алт, мөнгөн халбага, сэрээ гялалзуулан сууж байдаг ч олигтой халаалт, гэрэлтүүлэггүй, навсайсан албан тасалгаанд ажлаа явуулж байдаг компанийн захирлууд бий.
Хэрэв би ийм үхэх сэхэхийн хооронд мэт оршин буй үйлдвэрийн эзэн байсан бол тэр ганган машин, тансаг байшингаа худалдчихаад үйлдвэрийнхээ байрны нэг буланд шуудай дэвсэж, цуваараа хучаад л унтана. Эндээс хэмнэсэн мөнгөө бизнестээ оруулах байсан. Дараа нь хангалттай хөрөнгөтэй болж, хөл дээрээ тогтмогц олдох хэмжээгээр нь зээл авч авсан зээлээ нэг ч пенси үлдээлгүй ажил хэрэгтээ зарцуулах байсан. Зөвхөн ийм замаар л бизнесийг зөв эхэлж хэзээ ч салхилж мэдэх зах зээлийн шуурганд хийсчихээргүй ажил хэргийг бүтээж болно.
Гэтэл өөрсдийгөө баяжуулж, бизнесээ хоосруулдаг хүмүүс их олон таарах юм. Тэдний эхнэр хүүхэд, найз нөхдийн үрлэг зарлага гэж дийлдэхээ байсан лут эд байдаг, туйлдаж суларсан бизнес нь энэ их ачааг нэг л өдөр даахаа больдог. Генерал хүн эхлээд цэргүүдээ боддог шиг бизнесмен хүн эхлээд бизнесээ л бодох ёстой. Бизнест чинь мөнгө хэрэгтэй үед түүнээс нэг ч зоос авч болохгүй. Бизнесээ хохироосноос ногдол ашиг авахгүй байсан нь дээр. Нэг үгээр хэлэхэд тэгээс эхэлж богино хугацаанд баяжихын тулд зарим талаар өөрийгөө ч золиослох хэрэг гарна. Аз дайрахаас бусад тохиолдолд энд хөнгөхөн, хялбархан зам гэж үгүй. Ажил хэрэгтээ ч, хувийн амьдралдаа ч өөрийгөө хуурсан иймэрхүү худал хуурмаг зүйлээс татгалзаж бай.
Бизнесийн ертөнцөд бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байна гэдэг нь чухал биш харин ямар ашиг гарах нь вэ гэдэг нь л чухал. Малын бэлчээр, ногооны талбайд орлого сайтай, дэвжиж буй ажил эрхлэх нь шил толь болсон тансаг байшинд алдагдалтай бизнес эрхэлж сууснаас хамаагүй дээр.
Шинэ байр! Үүн дээр олон фирм шатдаг. Мэдээж толгой дээрээ олигтойхон дээвэртэй байж бизнес эрхлэх нь зөв л дөө. Гэвч үнэн хэрэгтээ байшин барилга нь бидний санадаг шиг хамгийн чухал нь биш юм. Жишээлбэл хотын төвд нүд гялбам тансаг байшинтай фирм өнгөрсөн жилд ямар ч ашиг олоогүй байхад Английн банк байрладаг хуучин муу байшин дэлхийн санхүүгийн төв хэвээрээ байсаар л байна шүү дээ. Шинэ байр бариулснаар хамаг мөнгөө барж сүйрэлд хүрсэн байгууллага цөөдөөд байна гэж үү? Гэтэл бараг бүх компани өөрийн байраа бүрэн ашиглаж чаддаггүй. Ийм байхад заавал хамгаа шавхан шинэ байр бариулах хэрэгтэй гэж үү? Хэрэв өргөжихөд хэрэгтэй бол болох л юм. Хүмүүсийн түгээмэл алдааны нэг нь бизнесийг хоосон бардамналаар дүүргэдэг явдал юм. Олон компани шинэ байшин бариулдаг. Харин хэсэгхэн хугацааны дараа нөгөө шинэ байр нь сөнөсөн бизнесийн дурсгалд зориулсан шарилын бунхант цогцолбор болчихсон байх нь цөөнгүй тохиолддог гашуун үнэн. Америкийн төмөр замын компаниуд ямар ч орлого өгөхгүй цул гантиг болсон сүрлэг том вокзалын барилгууд босгож орхисон байдаг. Гэтэл төмөр замаас илүү олон хүн тээдэг автобус, трамвайд зориулж ийм сүртэй юм босгодоггүй биз дээ?
Тансаг машин, офисын өндөр барилга, тэнд нь ажиллах хэдхэн хүний тав тухыг хангахын төлөө их мөнгө шидэх нь ашгийг биш зарлагыг нэмэгдүүлж байдаг. Ашиггүй давхаргыг ухамсартайгаар бүтээж байна гэсэн үг. Бизнес бүр хэт өргөжихөөрөө дээд давхарга нь гоёл чимэглэлийн байдалтай болчих гээд байдаг. Өргөжиж томорсон бизнес бүр дээр илүү машин, илүү орон тоо, илүү хүмүүс овоордог байдал их ажиглагддаг.
Ийм тохиолдолд энэ бүхний зардлыг төлөх гээд зээл авахаар банк руу гүйж огт болохгүй.
Зээлээр авсан мөнгөө бүгдийг нь үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол авсан зээл чинь тус биш ус болно. Ашгийн төлөө зээл авбал зөв. Харин сайрхах, гайхуулах, баярхахын төлөө зээл авч эхэлбэл буруу гэсэн үг. Ингэх юм бол таны бизнес аюулд орлоо л гэсэн үг.
Авсан зээл чинь таныг нэг бол сэхээнэ, нэг бол доройтуулна. Энэ нь авсан зээлээ яаж хэрэглэснээс хамаарна.
Дүрэм – 12
ХЭЗЭЭ Ч БҮҮ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙ!
Үүнийг хэлсний төлөө намайг өөдгүй амьтан гэж үзэх хүн гарч магадгүй. Найз нөхөддөө мөнгө зээлэх нь хичнээн осолтой болохыг энэхүү 12-р дүрмээр би сануулах гэсэн юм. Хэрэв 30 жилийн өмнө би энэ үгийг дуулсан бол өдийд арай илүү мөнгөтэй байх байлаа. Их мөнгөтэй болсныг чинь хүмүүс мэдмэгц чамд олон бэрхшээл үүснэ.
Үүний нэг нь паразитууд (шимэгчид) юм. Ийм паразит шимэгчдийн тухай бичье гэвэл бүхэл бүтэн нэвтэрхий толийн хуудас ч багадна. Тэд бол амьдралдаа үргэлж гомдоллож явдаг хагас мэдрэлтэй гудамжны тэнүүлчид, өдөр хоногийг согтуурч мансууран найрлаж өнгөрөөдөг архичдаас эхлээд үнэт нөмрөг нөмөрсөн Хамба хүртэл нийгмийн янз бүрийн давхаргынхан юм...
Тэд бол найз нөхөд, төрөл төрөгсөд болон танихгүй хүмүүс. Тэд бол эрчүүд болон эмэгтэйчүүд. Тэд бол үнэнч шударга болон ичгүүр сонжуургүй амьтад. Тэд бол өрөвдөх хэрэгтэй болон хэрэггүй амьтад.
Тэдний санаа бодол нэг л зүйлд чиглэгдсэн байдаг. Тэр нь юу вэ гэвэл таны мөнгийг салгах.
Үүнд эргэлзэх хэрэггүй. Ийм учраас тэд бүгд паразитууд. Эх дагина шиг гэмгүй царайлсан бүсгүйчүүд, нэртэй фирмийн ганган хослол өмссөн жентлменүүд, ах дүү төрөл төрөгсөд, анд найзууд…
Тэдний нүд нэг л зүгт чиглэсэн байдаг. Тэр нь юу вэ гэвэл таны халаас.
Тодорхой хэмжээний мөнгийг таны халааснаас өөрийнхөө халаасанд оруулах санал гаргаж өөрийгөө илчлэх хүртэл нь ийм шимэгч паразитийг таних арга байхгүй. Тохитой томоотой нас тогтсон этгээдүүд болон ядарч доройтсон гуйлгачны дүрээр ирэх тэднээс зайлах арга бас байхгүй. Олон бизнесменүүдэд ганц хүү нь гуйлгачны бүлэгт багтах юм гэдгийг мэдэх нь том цохилт байдаг.
Ер нь нийт хүмүүсийг баялаг бүтээгчид болон бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид гэсэн хоёр бүлэгт хувааж болох бөгөөд тэдний хооронд үргэлж эцэс төгсгөл нь үл харагдах цусгүй дайн явагдаж байдаг. Бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид Римийн эзэнт улсыг мөхөөж амжсан. Тэд юуг ч нураахуйц их хүчтэй. Балар ширэнгэ дотор барьсан ангийнх нь сэг зэмээс хувь хүртэхээр цөөвөр чононууд арсланг даган шогшиж байдаг шиг баялаг бүтээгч бизнесменийг бүрэлгэн сүйтгэгч гуйлгачид тал бүрээс нь хүрээлэн дагаж байдаг. Бүтээгч эмэгтэйг олж гэрлэсэн бүтээгч эр азтай. Түүний ололт амжилт үрэн таран болохгүй гэсэн үг. Харин бүрэлгэн сүйтгэгч гуйлгачин бүсгүйтэй суусан бүтээгч эрийн тухайд бол бурхан түүнийг өршөөх болтугай гэж залбирах л үлдэнэ. Хичнээн ухаалаг, чадалтай ч бай тэр ялагдаж л төгсөнө.
12-р дүрмийн утга нь: баялаг бүтээгч хүн бүрэлгэн сүйтгэгч гуйлгач нараас өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй, гэсэн санаа юм.
Та банкинд данстай болмогцоо өөр хүн болчихгүй ч “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй.
Мөнгийг хадгалах нь олохоос илүү хэцүү. Хөрөнгөтэй бизнесмен бүр үүнийг мэднэ. Иймээс ч тэд тийм ч найрсаг бус хүмүүс байдаг. Учир нь тэд алив зүйлд үргэлж болгоомжтой ханддаг. Учир нь сонор сэрэмжээ жаахан алдахад л сая саяар тоологдох их хэмжээний хөрөнгө мөнгө алдагдах болно. Төмрийн хүдрийн орд олчихоод түүнийгээ 500.000 фунтээр худалдсан нэгэн хүнийг би мэднэ. Тэрээр Нью-Иорк хот уруу мөнгөтэйгээ орсон бөгөөд сар хагасын дотор юу ч үгүй хоосроод гарч ирсэн юм. Шимэгч паразитуудад ханаж цадна гэсэн ойлголт байдаггүй. Тэд авах тусмаа шунахайрч байдаг. Чинээлэг хүн хөрөнгөө хадгалж байхыг хүсвэл капиталдаа гар хүрэх ёсгүй. Ямар ч цэвэр чек дээр гарын үсэг зурах ёсгүй.
Яагаад гэвэл мөнгөний гачигдал шиг хүний муу талыг илрүүлдэг зүйл энэ хорвоо дээр үгүй. Банкны эзэн, мөнгө хүүлэгч хоёроор зээл өгүүлээд үзээрэй. Тэд зээлийг яаж өгөхийг сайн мэднэ. Харин чи бол үгүй. Тэд өөрсдийгөө хамгаалж чадна. Харин чи бол үгүй.
Мэргэжлийн мөнгө хүүлэгчид зээлийг ихэвчлэн сарын 10 хувийн хүүтэй өгдөг. Үүнийг та нэг бодоод үзээрэй. Магадгүй тэд өөрсдийн эрсдэл, болзошгүй алдагдал, их зардлаа нөхөхийн тулд ингэж ажиллахаас өөр аргагүй ч болдог байж болох юм.
Хүнд мөнгө зээлдүүлэхээр өгч байна гэдэг бол ямар нэг юмыг өөрөө ойлголгүйгээр хийж байна гэсэн үг шүү дээ. Ядаж байхад зээл бол бэлэг ч биш, хөрөнгө оруулалт ч биш байдаг. Зээл өгнө гэдэг бол мөрийтэй тоглоомоос ч дор зүйл. Зээл өгснөөр чиний сэтгэл ханахгүй. Ер нь зээл өгснөөр сэтгэл нь ханадаг хүн энэ хорвоод бараг үгүй. Найз чинь чамаас мөнгө зээлэхийг хүсээд ирж болно. Энэ тохиолдолд та найзынхаа хувьцаанаас өрнөөсөө гарч чадахуйц багахан хэсгийг нь худалдаад авчих нь илүү өлзийтэй. Хөрөнгө оруулах нь мөнгө зээлдүүлснээс үргэлж дээр байдаг. Учир нь чи хамтран эзэмшигч болно. Ингэснээр чи өөрийн гэсэн саналын эрхтэй болно. Найзын чинь ажил бүтэмжтэй эргэвэл чи зээлийн хүүгийн 6 хувийн оронд ногдол ашиг хүртэх болно. Харин найз чинь дампуурвал чи хувьцаагаа зарж өгсөн мөнгөнийхөө хагасыг ч болтугай олж авна.
Ер нь тэгээд найз нөхдөөсөө мөнгө зээлдэг хүмүүс бол найдваргүй шимэгчид байх тохиолдол их элбэг. Өөрийгөө хүндэлдэг, биеэ даасан хүмүүс хэзээ ч мөнгөний гачигдалд орсоноо найздаа мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл мөнгө гуйн, зээл хүсэж байгаа хүнд мөнгө зээлдүүлээд эргүүлж авах найдвар маш бага байдаг нь хууль болсон зүйл. Өөрийнхөө мөнгийг хайрлаагүй хүн бусдын мөнгийг хайрлана гэж байхгүй. Тэр тусмаа эргүүлээд төлнө гэж үгүй. За ер нь тун ховор доо…
Харин найдвартай хүн бусдаас мөнгө зээлдүүлээч гэж гуйх нь ховор. Хүнд мөнгө зээлдүүлснээр ихэнх тохиолдолд зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хоорондын харьцаа муудаж төгсдөг. Аль ч улс орны, аль ч хотод өрөндөө цайрчихсан хүмүүсийн сүрэг бэлчиж байдаг. Тэд дөнгөж төрсөн өчүүхэн жижиг ангаахайтай адил. Тэд ямар ч зорилгогүй амьдарна. Амьдралд хэрэгтэй бүх юм тэдэнд их хялбархан олдоно. Тэд ганган хувцастай, мундаг боловсролтой байх нь түгээмэл. Гэхдээ лавшруулаад харах юм бол тэдний үнэн дүр төрх нь бол ердөө л гуйлгачин луйварчид, шимэгч паразитууд юм. Тэд хоёрын хооронд тав арван төгрөг, ширхэг тамхи, өдрийн хоолны мөнгөөр бусдыг холгож байдаг. Тэд бол харахад сайхан хувцасласан боловч хүний итгэл даах чадваргүй үл бүтэх амьтад.
Ийм шимэгч паразитуудад хулгайч болох зориг байдаггүй. Тэд хуулийн хүрээн дотор үл бүтэх амьдралаа үзргэлжлүүлж байдаг. Гэхдээ тэд хүмүүсийн мөнгийг ямар ч давтан үйлдэлтэй хулгайчаас илүү хумсалж байдаг. “Хүний тусыг мэдэхгүй байхын сэтгэл зүй” гэгч анхааран судалвал зохих асуудал ийм улсуудаас л болж үүссэн байдаг, харамсалтай нь энэ тал дээр танд тусалчихаар ямар нэг ном зохиол өнөөг хүртэл гараагүй байна.
Хэн ч зээл өгөхөд дуртай байдаггүй. Энэ бол үнэн бөгөөд сонирхолтой зүйл шүү.
Найздаа зээл өгмөгц чи түүнд “өөрийн хүн” биш харин шунахай муу мөнгө хүүлэгч болж харагдана. Өр хүнийг үргэлж дарамтанд байлгадаг учир тэр энэхүү дарамтыг чамаас болсон гэж үзнэ. Өөрөөсөө болсон гэж хэзээ ч бодохгүй шүү. Ихэнх тохиолдолд өртэй хүний тархинд түүнд мөнгө зээлдүүлсэн хүн ингэж л буудаг.
Нөхөрлөл гэдэг зүйл тэгш эрх, харилцан туслалцаан дээр үндэслэдэг ойлголт. Харин нэг нь нөгөөдөө зээл өгөөд өмгөөлөл ивээлдээ оруулаад эхэлсэн тэр цагаас эхлээд нөхөрлөл үгүй болдог. Хэрэв би найзыгаа хоёр удаа зоогийн газарт уриад хоёуланд нь төлбөрийг нь даачихвал бидний нөхөрлөлд аюул учирч эхэлнэ. Дарга ажилчин хоёрын хооронд хэзээ ч нөхөрлөл үүсдэггүй. Хүнийг гуйхад нь зээл өгснөөрөө чи түүнд хор хүргэж байгаа юм. Чи хэн нэгэнд зээл өгснөөр тэр хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх сэтгэлийг ганхуулж байгаагаа ойлгоорой. Тэр мөнгө зээлдүүлээч гэж чамаас гуйсан, гэвч үнэн хэрэгтээ түүнд мөнгө ямар ч хэрэггүй л байсан байдаг тохиолдол бий.
“ГЕРБЕРТ НЬЮТОН КЕССОН”
Герберт Н.Кэссон 1869 онд Канадад төржээ. Торонто хотын их сургуулийг төгссөнөөс хойш үйлдвэрийн газруудад ажлын нөхцөлийг сайжруулж цалин хөлсийг нэмэгдүүлэх нь ажилчид болон эздийн аль алинд нь ашигтай болохыг сурталчилсан лекц яриагаараа ихэд нэрд гарсан байна.
Тэрээр 30 насандаа Америк тивийн хамгийн том сонин "Нью-Йорк Уорлд"-ыг толгойлж Америкийн томоохон компаниудын зөвлөх болсон байна. Дэлхийн 1-р дайны үед америкаас европт хийх бизнест тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Кэссон "Бизнесийн шинжлэх ухаан"-ы талаарх өөрийн номлолыг боловсруулахад их хүчин чармайлт тавьснаар англи, америкт уншсан лекцүүд нь маш их амжилтад хүрч алдар нэр нь түгжээ.
Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын цэргийн аж үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд тэрээр бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнийг бизнесийн талаар гарсан хамгийн алдартай номын зохиогч гэж үздэг. Уншигч танд танилцуулж буй энэхүү номыг тэрээр 1915 онд бичсэн юм.
1971 онд Бомбей хотноо хэвлэгдсэн энэхүү номын хавтсан дээр "хоёр сая илүү хувиар борлогдсон ном" гэж бичигджээ. Бизнесийн хүрээнд үүнтэй өрсөлдөх ном гэж үгүй.
Хэдийгээр энэ ном олон жилийн өмнө бичигдсэн ч гэсэн зах зээл, чөлөөт эдийн засгийн харилцаанд нэгэнт орсон Монгол орны залуу бизнесменүүд санхүүчдэд хамгийн сайн зөвлөгч нь болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ ном бол ирээдүйн баячуудын сурах бичиг, байнга биедээ авч явах өврийн ном мөн…
|