***
Өлзийт өдрийн болзоот цаг боллоо. Хоёр хос янаг сэтгэлийн жаргалд автсаар Алтна уулнаа хүрэлцэн ирэхэд олны хөл хөгжөөн гэхээр юмгүй гагц Жинь Кан Лун өвгөн уулын хормодй тэр хоёрыг тосон авлаа. Тэдний өргөөний их танхимд хүрсний эцэст Жу Сян Зюнь өгүүлрүүн <<Жинь баатраа олон баатар эрс хараахан хүрэлцэн ирээгүй байгаа хэрэг үү. Бид хоёр л яаран эртхэн ирсэн хэрэг болох нь ээ>> хэмээн асуулаа.
<<Мөрөн голын олон баатар эрс танай тэнгэрт тэрслүү бүлгийн 15 эн тэнцүү эрхт элчүүдэд алуулах нь алуулж шархдах нь шархдаад дууссан шүү дээ. Азаар үлдэж хоцорсон ганц нэг нь яахин өөртэй чинь тэрсэж тэмцэхээр зүрхлэн ирж чадах билээ. Тийм болохоор өдгөө баатар нэрэнд дүйцэх нь зэвсгийн эрдмийн ертөнцөд хөгшин би болоод хоёр залуу баатраас өөр хэн байх билээ>> хэмээн Жинь Кан Лун цай барингаа өгүүлэв. Ийн өгүүлээд тас тас хөхрөх дуунд танхимын нуруун дээр тогтсон тоос пургин хийсэх нь нэн сүртэй. Жинь Кан Лун хэдийгээр ийн өгүүлэх боловч Жу Сян Зюнь И Да Зин нарыг огт тоохгүй байгаа нь нүүрэн дээр нь илхэн үзэгдэнэ. Түүний үгийн цаад утга нь мөрөн гол тэнгэрт тэрслүү бүлгийг оролцуулаад тэр аяараа өөрийнх нь өлмийд сөгдөх цаг ирсэн гэдгийг илтгэх ажгуу. И Да Зин угаас бүдүүн хадуун хүн тул түүнийг яахин ялган салгаж ойлгох билээ. Харин Жу Сян Зюнь түүнийг аль эрт мэдэрсэн байв. Гэхдээ тэрээр дотроо ихэд баяртай байлаа. Учир нь мөрөн голын нийт баатар эрс цугларсан байх аваас олны хүч оломгүй далай тул ганц ганцаараа тулалдаад ч гарцаагүй үхэхэ байв. Харин И Да Зинтэй хоёулаа хосолвол ганц Жинь Кан Лун юу болох билээ дээ.
<<Тэгвэл бид хоёр Жинь Кан Лун баатар танаар жаал зугаа юм заалгах хэрэг болох нь ээ>> хэмээн тэр асуулаа.
<<Журамт бүсгүй Жу та юундаа тэгтлээ яарах билээ. Нэгэнт баатар эрсийн цуглаан зарласнаас хойш хөгшин би та хоёртой гарцаагүй тулалдаж таарна. Харин манай 5 махбодийн бүлэг угаас нэгэн гэрийн ахан дүүс мэт байсаар ирсэн түүхтэй. И Дүү зурхайт номонд мэргэшсэн хүн тул төмөр, мод, ус, гал, шороо нь арга билиг болоод 5 махбодийн ёсноос үүдэлтэй гэдгийг яахин эс андах билээ. Тийм болохоор 5 махбодийн жагсаал нь зуу гаруй жилийн турш бүрэлдэн тогтсон эд байгаа юм. Хэдийгээр миний үед хөгжиж гийгүүлээгүй боловч бас ч гэж урагшлан хөгжсөн үү гэвэл үгүйсгэх аргагүй. 5 махбодийн бүлгийн жагсаалыг сөрж зогсох баатар эр төдийлөн олон байхгүй байсан боловч өнөөдөр хоёр залуу баатар эртэй эрдмийн сайн илдийн хурцыг үзэлцэх завшаан тохиосон нь хөгшин миний гурван үедээ тохиож буй аз завшаантай хэрэг мөнөөс мөн билээ>>.
Жу Сян Зюнь тас тас хөхрөн <<Хөгшин ах та мэдээж дуулсан байлгүй дээ. Номч баатар И болвоос нэгэнт модон махбодийн бүлгийн толгойлогч болсон. Мөхөс би хэдийгээр эрдэм чадалгүйн туйл боловч хэрээ мэдэхгүй модон махбодийн бүлгийн ахлагч болсон билээ. Харин гал махбодийн тухайд махсаг лам Чэнь Сяо Фо эзэгнээд байгаа. Тийм болохоор 5 махбодийн жагсаал гэдэг хоосон нэрнээс цаашгүй хэрэг болох биш үү>> гэв.
Жинь Кан Лун ч гэсэн өөдөөс нь тас тас хөхрөн <<Хоёр залуу хэдийгээр баатар сүр ихтэй атлаа үг хэл үйл ажил чинь жаахан хүүхдээс өөрцгүй ажгуу. Ганц зэвсэг атгасан төдийгөөр 5 махбодийн бүлгийн толгойлогч болчихно гэвэл та бүхэн биднийг дэндүү басамжилсан хэрэг болох бус уу. Би та хоёрт нарийн учрыг хүүрнэн хэлсү. 5 махбодийн бүлэг бүрд өөрийн гэсэн нууц бясалгалын судар байдаг юм. Бүлгийн толгойлогч болсон хүн тэр судрын дагуу сургууль хийсний эцэст сая 5 махбодийн бүлгийн жагсаалд оролцох эрхтэй болдог юм даа. Та нар хэдийгээр бүлгийн толгойлогч болсон гэх боловч тэр нандин судрын дагуу хичээллэсэн бил үү. Тийм бөгөөс хөгшин надад харуулаадах л даа>> гэв.
Жу Сян Зюнийн сэтгэл сэрдхийгээд түүний үгэнд үнэхээр нэгэн учир байгааг олж мэдэв. <<Хөгшин ах зэвсгийн эрдэмд гаргуун төдийгүй ухаан санаа хурц сэргэлэнгийн хувьд мөрөн гол даяар эгнэж зэрэгцэх хүн үгүй ажээ. Би тэнгэрт тэрслүүбүлэг болоод бусад бүлгүүдтэй тэмцэлдэж байх зуур та таван махбодийн бусад бүлгийхний нууц судрыг олж аваад жагсаалыг эмхлэн байгуулж амжаа шив дээ. Тийм үү?>> гэж асуулаа.
<<Журамт бүсгүй та үнэхээр сэргэлэн гавшгай хүн юм гээч. Энэ хэргийн төлөө хөгшин би та хоёрт баярлах учиртай юм шүү. 5 махбодийн бүлэг хэдийгээр бие биедээ түшигтэй байдаг байсан боловч бас ч гэж бие биенээсээ нилээд зэнзийрхэх байдалтай байдаг байсан юм шүү. Харин хоёр баатар мөрөн гол даяар нэр алдраа дуурсгаж эхлээгүй бол тэд яахин намайг түшин ирж нандин судраа хөгшин надад гардуулах билээ дээ>> хэмээн Жинь Кан Лун өвгөн толгой дохин инээлээ.
<<Жинь баатар та арай амны алдас хийж байгаа хэрэг биш биз дээ. Хэрэвээ таны хэлсэн наад үгийг чинь бид хоёр цааш нь цуурчихвал таны нэгэн үеийн баатар нэрэнд чинь сэв суулгаж мэдэх биш үү?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Арай үгүй байхаа. Та хоёр өнөөдөр нэгэнт ирсэн боловч явахын цагт үг хэлж чадахаа больсон байх болов уу>> гэж Жинь Кан Лун хариулав.
Түүний хэлэх үг тэр хоёрыг аль хэдийн авсанд оруулснаас өөрцгүй сонсогдох тул И Да Зин ихэд уурсан <<Би өөрийг чинь өвгөн ах гэж хүндэтгэж байтал арай дэндэж байгаа хэрэг биш үү>> гэлээ.
Жу Сян Зюнь харин тэгтлээ уурласангүй <<Өвгөн ах цаг нар яваад өгсөн тул эртхэн илдийн хурцыг үзэлцвээс ямар вэ дээ>> гэлээ.
Жинь Кан Лун хариуд нь <<Та хоёр хүч хавсраад миний зохион байгуулсан 5 махбодийн жагсаалтай тулалдвал зөвшөөрнө биз>> гэлээ.
Жу Сян Зюнь <<И ахаа 5 махбодийн бүлгийн жагсаал туйлын амаргүй эд тул би яахин түүний нарийн учрыг олж дөнгөх билээ. Тийм болохоор ах та эхлэн тулалдаж эвдэхийг хичээгтүн. Таныг ялсаны дараа охин дүү би чинь Жинь баатрын арга мэхтэй тулалдаж үзье>> гэв.
Жинь Кан Лун түүнтэй үг хэлээ уралдуулахыг хүссэнгүй гараа дохивоос таван хүн гарч ирлээ. Тэд болвоос Жинь Кан Лунгийн том шавь, гал махбодийн бүлэг усан махбодийн бүлгийн хоёр шавь нараас гадна модон махбодийн бүлгийн Цин Сян Тянь, шороон махбодийн бүлгийн толгойлогч асан одоо дэд тэргүүн Ту Ди Хан нар байв.
Тэднийг хараад Жу Сян Зюнь модон махбодийн бүлгийхэн угаасаа өөрт нь тийм үнэнч байгаагүй гэдгийг мэдэх боловч Цин Сян Тянь жагсаалын дунд байгааг хараад өөрийн эрхгүй хирдхийн цочиж <<Цин хайсангийн эзэн та өөрийн бүлгээс урван бүлгийн толгойлогчийнхоо өөдөөс тэрсэн тэмцэх санаа агуулна уу>> хэмээн зандарлаа. Тавь гаруй насны Цин Сян Тяний нүүрэн дээр өчүүхэн ч хувирал гаралгүй <<Чи юуных нь бүлгийн толгойлогч байх билээ. Модон махбодь болвоос төв шударга бүлэг тул яалаа гэж чам шиг шулам хүүхнээр бүлгийн толгойлогчоо болгох билээ>> хэмээн хариуллаа.
Харин Ту Ди Хан л нилээд эвгүйрхсэн байдалтайгаар нам дорой дуу гаргаж <<И номч баатраа Ту овогт би таны өмнө буруутайг өршөөж үзээрэй>> гэв.
И Да Зин <<Зүгээр зүгээр>> гэв.
Мөнөөх таван хүн шороо төвд мод зүүн этгээдэд гал өмнө зүгт, төмөр баруун талд, ус умардад гэсэн байрлал эзлэн зогсоцгоов. И Да Зин жагсаал руу дайран ороод толбот хулсны 18 цохилт мэхээ үзүүлэн 5 хүнтэй тулалдаж гарлаа. Тэрээр зурхайт номд мэргэшиж арга билэг таван махбодийн сургаалыг гарын арван хуруу шигээ мэдэх тул аргалж дөнгөнө гэсэн бодолтой байсан боловч хэрэг дээрээ шал өөр болохыг удаж төдөлгүй мэдрэв. Нэгэн ер бусын далд хүчин түүнийг эзэмдэн амьсгал авахад нэн бэрхтэй болж ирлээ.
5 махбодийн жагсаал болвоос зэвсгийн эрдмийн хувирлаас гадна дотоод хүчний цул нэгдэл байлаа. 5 махбодиос шороо, ус, төмөр гурав билгийн хүчтэй гал, мод хоёр аргын хүчийг агуулсан тул И Да Зин жагсаалын дунд оронгуут хөвөн мэт зөөлөн блгийн хүчнээс гадна далай түрлэг мэт асар хүчтэй аргын хүч дарамтлахыг мэдэрлээ. Хамгийн аймшигтай нь энэ хоёр арга билгийн хүч нэгдэхээрээ амьсгал ч авахад нэн бэрхтэй болгож байлаа. Азаар мөнөөх 5 хүн тэргүүн зэргийн баатар эрс бишийн дээр И Да Зингийн дотоод хүчин хорвоод хосгүй тул тэрхэн зуур ялалт ялагдал шийдэгдэхэд хараахан эрт биш байлаа.
И Да Зингийн толбот хулсны 18 цохилт арга нь хөл гарын суурьтай зогсолтыг шаардсан төдийлөн хурдан хөдөлгөөн хэрэггүйн дээр арга билгийн хүчинд автан бүр ч удааширсан тул өрсөлдөг тав нь түүний арга мэх бүрийг алган дээрээ тавьсан мэт нарийн мэдэж зохих хариу барьж байлаа. Тэр ч байтугай Цин Сян Тянь амжиж арга билгийн мунаараа хоёронтоо И Да Зингийн амин цэгт онож цохисон боловч тэрээр амин цэггүй болгогч их аргаар сургуулилсан тул өчүүхэн ч гэм хор болж чадсангүй.
И Да Зин 5 махбодийн жагсаалыг эвдэх нь бүү хэл харин ч хүний гарын шүүс болоход тун ойрхон очоод байлаа. Нэг жилийн өмнө тоорын цэцэгт сууринд Жинь Кан Лунгаас бусад дөрвөн махбодийн бүлгийн толгойлогчид Жу Сян Зюнь руу дайрах үед И Да Зин чухам өөрөө зааварчилан амь мултруулж байсан түүхтэй билээ. Түүнийг амархан эвдэж чадсаны учир гэвэл төмөр махбодийн Жинь Кан Лун байгаагүй болохоор бүрэн төгс жагсаал болж чадаагүй байсан юм. Харин энэ удаа 5 махбодь бүгдээрээ байгаа болохоор сүр хүчин нэн их болсон байлаа. Энэ жагсаалын нэг онцлог нь дайралт хамгаалалтыг хослуулж аргын дунд билиг, билгийн дунд аргын хүчийг агуулсанд байлаа. Аль ч тал руу нь дайрлаа гэхэд биеийн хоёр талд болон ар талаас өөр нэгэн хүн арга билгийн хүчээр хавсран дайрах тул тун бэрхтэй эд байв.