|
Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ.
Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ "Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ гэж чих дэлсэв" Хулан одоо дөнгөж арван наймтай. Одоог хүртэл Мики маусын зурагтай хөшиг, дэртэй, дүүрэн Барби хүүхэлдэй , зөөлөн тоглоомтой өрөөнд байдаг хүүхэд хэвээрээ ээж болсон нь энэ. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа."Яг Ананд дүрээрээ.Ингээд ангиасаа хамгийн түрүүнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хүүхэд ямар царай муутай байдаг юм бэ? Үгүэ ээ хараад, байхад хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан гар утас нь жингэнэлээ. Анандаас мессэж иржээ. "Bagii bid hoior tsonhnii dor bna,Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu" гэжээ.Бүсгүй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгүйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байв. Харин Ананд Батхаан гэдэг найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нүцгэн гар даллан зогсоно. Тэгснээ гараа амандаа барьж байгаад:
-Хулаан, будаатай цай, унтлагын хувцас авчирсан шүү гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Xулан түүнд хайртай эсэхээ мэдэхгүй. Наймдугаар ангиас нь хойш түүнийг сүүдэр шиг дагаж, халамжлах болсон энэ хүү зүгээр л ангийн хүүхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хөвгүүд аль охинд бэлэг өгөхөө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар асуух нэрээр дандаа гэр рүү нь утасдан,шүүлэг шалгалтын болоход сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Түвшинд хайртай. Тэр Түвшин нь байрандаа бүү хэл хавийн гудамжаар зартай дүрсгүй амьтан.
Бүр өвөл цэцэрлэгт байхын л өвөлд цасаар нүүрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илүүтэй шоглоно.
Гэтэл есөд ордог жилийнхээ намар өнөө дүрсгүй гайхал чин тэдний сургуульд шилжээд ирчихсэн байв. Тааралдах бүртээ шоглуулдаг мөртөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ шоглуулдаг мөртөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ Түвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Түвшинд л зориулж гоёдогсон . Хүссэн юм хүзүүгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгүүнтэйгээ үргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нүдээрээ инээсэн,өтгөн хөмсөгтэй, хэзээ ч ам хуурай байдаггүй хөгжилтэй энэ хүүд ангийн охид их талтай.
Харин Түвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангүй. Ай xөөрхий, задгай хүрэн үс намируулсан янзаган нүдтэй Хулан гэж хөвгүүдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн Валентины өдрөөр"Түвшингээс зүрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөөд алхахсан" гэж Хулан битүүхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс эргэлт ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хүү нь үнэгчлэн үрчигнэнэ.Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хүүгийнхээ хажууд хэвтэн зүүрмэглэв. "Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч үгүй, гэр ч үгүй тэр хоосон тал дундуур Хулан Түвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм/ тэр хоёр нэг ч үг дуугарахгүй хаашаа ч юм яваад,яваад л, цас чахран дуугарч байx юм." Хажуугийн орны бүсгүйн хүүхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хүү нь унтсаар. Тийнхүү тайван унтаж байгаад нь баярлан хүүгийнхээ бяцхан улаан нүүр рүү нь харж хэвттэл гэнэт үгээр илэрхийлэмгүй их хайр хүрч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав. Эхийн хайр гэж энэ буюу.
Амьсгалах, чөлөөтэйхэн хөдлөхөд ч тээр болдог байсан нөгөө том гэдэс нь алга болсон гэхээр итгэмээргүй санагдан хэд хэдэн удаа хэвлийгээ дарж үзээд сая сэтгэл амран санаа алдлаа. Одоо гэртээ гараад өмсөх дуртай гое жийнснүүд нь таарахгүй гэх зовлонгүй гэж бодохоор сэтгэл уужран,нярай, өрөвдөм арчаагүй, үрчгэр улаан хүүгээ харахаар айсуй амьдралын талаархи бүдэг бадаг таамаг , эх хүний жаргал зовлонг ухаарах зөн түгшүүр төрүүлнэ.
_________________ Time waits for no one !!!
|