|
- Мари, чи надад нэг юм хийж өгөх хэрэгтэй байна гэж Райли хэллээ.
- Юу юм бэ?
Юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан Райлигийн тархи асар хурдан ажиллаж байв.
- Чи гал тогооныхоо өрөөнд ороодохооч. Тавиур дээр чинь ямар төрлийн амтлагч ногоонууд байгаад надад нэрлэж өгөөсэй гэж би хүсэж байна
Мари дуугаа хураачихсанд Райлигийн санаа зовж байлаа. Тэр арай хэлсэн зүйлийг нь хийж чадахааргүй туйлдчихсан юм биш биз?
- За тэгье. Одоо тийшээ орлоо.
Райли арайxийж амьсгаа авахтайгаа болов. Ийм маягаар хийгээд байвал тэр ядаж жаахан ч гэсэн цаг авна. Утасны цаанаас шилэн савны хоорондоо харшилдах чимээ сонсогдохоос гадна Маригийн хоолой нэг л хачин хийрхсэн юм шиг дуугарч байв.
- Надад хатаасан орегон байна. Бас нунтагласан улаан чинжүү, бас задь байна.
- Сайн байна. Өөр юу байна? гэж Райли асуулаа.
- Хатаасан тим, бас нунтаг перец, хар перецний үр.
Мари яриагаа түр завсарлав. Түүнийг зогсоолгүй яаж энэ бүхнийг үргэлжлүүлэн хийлгэх вэ?
- Чамт каррений нунтаг бий юү? гэж Райли асуулаа.
Шил харших чимээ гарснаа
- Үгүй хэмээн Мари хариулав.
Райли амьдрал үхлийг шийдэж буй мэт үгээ зөөн маш удаан ярьж байлаа. Яг үнэндээ тэр ийм нөхцөлд орчихоод байв.
- Одоо нэг ноорог цаас, харандаатай аваад наадхаа бич. Дараа чи хүнс цуглуулахдаа худалдаж авна.
Мари бичиж байгаа бололтой шаржигнах чимээ сонсогдоно.
- Чамд өөр юу байна?
Утасны цаана нэг хэсэг нам гүм болсноо эцэст нь Мари
- Энэ болохгүй байна, Райли хэмээн гомдолтойгоор хэллээ.
Райли аргаа баран дэмий л ээрч түгдрэн
- Зүгээр л ... надад... зориулаад хий, тэгэх үү?
Дахиад чимээгүй болчихов.
- Райли! Тэр энд байна! Райлигийн хоолой бачуурч амьсгаа нь бөглөрөх шиг болов.
- Тэр хаана байна гэж?
- Тэр энд, гэрт байна. Одоо л би ойлголоо. Тэр энд дандаа байсан юм байна. Одоо чамд хийж чадах юм байхгүй.
Тэнд юу болоод байгааг ойлгохыг хичээхийн сацуу Райлигийн толгойд янз бүрийн бодлууд ара араасаа цуварч байлаа. Маригийн ухаан солиороод тэр хий юм харж сонсоод байгаа бололтой. Райли өөрөө ГДСӨ (Гэмтлийн дараахи сэтгэцийн өөрчлөлт) хэмээн нэрлэдэг зовиураас салах гэж их мэрийж байсан болохоороо үүнийг сайн ойлгож байлаа.
Аль эсвэл Мари үнэнийг хэлсэн байж ч магадгүй.
- Мари, чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? хэмээн асуух зуур түүнийг саатуулах бас нэг арга олохыг хичээлээ.
- Би түүнийг сонсож байна. Түүний алхах чимээ сонсогдож байна. Тэр дээд давхарт байна. Үгүй, тэр том өрөөнд байна. Үгүй, тэр зооринд байна.
Tэр солиороод байгаа юм биш үү? хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Тэгсэн байх боломжтой. Райли өөрөө хулгайлагдсаныхаа дараа хэдэн өдөр хий юм сонсож байсан нь нэг бус удаа байжээ. Тэр одоо ч гэсэн өөрийнхөө таван мэдрэхүйд гүйцэд итгэж чаддаггүй. Гэмтлээс болж аймшигтай хий юм харах бол энүүхэнд.
- Тэр энд, гэрт маань хаа сайгүй байна гэж Мари хэллээ.
- Үгүй ээ, хэмээн Райли эцэст нь орилоод
- Тэр нэг дор олон газар байж чадахгүй гэж хэлэв.
Райли нэг хүргэлтийн машинаас амжиж зайллаа. Яагаад ч юм одоо өөрт нь юу ч болсон хамаагүй юм шиг нэг хачин мэдрэмж төрөв.
Тэгтэл Мари дахиад ярьж эхэллээ, тэр уйлахаа больжээ. Тэр айдас төрүүлэм тайван, нэг л хүлцэнгүй ярьж байлаа.
- Тэр сүнс болсон юм шиг байна, Райли. Түүнийг дэлбэлэх үед сүнс нь чөлөөлөгдсөн байх. Биеийг нь алсан боловч муу ёрын сүнсийг нь устгаж чадаагүй. Тэр одоо дуртай цагтаа хаа сайгүй байж чаддаг болсон. Түүнийг одоо хэн ч, хэзээ ч зогсоож чадахгүй. Ийм муу ёрын сүнстэй чи тэмцэж чадахгүй. Одоо бууж өг, Райли. Чи юу ч хийж чадахгүй. Би ч мөн адил. Одоо миний ганц хийж чадах юм гэвэл түүний надад хийхийг хүссэн зүйл.
- Утсаа битгий тасал! Би чамаас надад өөр юм хийж өгөхийг гуйж байна.
Мари дахиад хэсэг чимээгүй болсноо
- Юу юм бэ? Одоо юу хийх гэж, Райли?
- Би чамайг утсан дээрээ байгаасай гэж хүсэж байна, бас гэрийнхээ утсаар 911 рүү утасд гэж би чамаас гуйж байна.
Маригийн дууны өнгө өөрчлөгдөж, одоо бага зэрэг уурласан байлаа.
- Есүс, Райли. Би гэрийнхээ утасны шугамыг тасалсан гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ?
Айж сандарсандаа Райли үүнийг таг мартчихсан байжээ. Мари бухимдсан нь сайн хэрэг. Уур хилэнтай байх нь айж байснаас дээр.
- Бас нэг юм хэлэхэд... гэснээ Мари үгээ үргэлжлүүлэв.
- 911 -т утасдлаа гээд ямар тус байгаа юм бэ? Тэд надад тусалж чадах юу хийнэ гэж? Надад хэн ч тусалж чадахгүй. Тэр хаа сайгүй байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр намайг барьж л таарна. Тэр чамайг ч бас барина. Хоёулаа бууж өгсөн нь дээр.
Райли уурлаж байлаа. Маригийн солиорол хяналтнаас гарчээ. Тэгээд ч одоо Петерсон бол сүнс биш гэж түүнд тайлбарлаж байх цаг үлдсэнгүй.
- Мари, бид найзууд биз дээ? гэж Райли эцэст нь хэлээд
- Нэг удаа чи миний төлөө бүхнийг хийнэ гэж хэлж байсан. Энэ үнэн биз дээ?
Мариа дахиад уйлж эхэллээ.
- Мэдээж, энэ үнэн.
- Тэгвэл одоо утсаа таслаад 911 рүү залга. Ямар ч шалтгаан тоочих хэрэггүй. Сайн хийх гэж хичээх ч хэрэггүй. Зүгээр л чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэж байна.
Хариу хэлэлгүй удсан ч Райли Маригийн амьсгалахыг сонсож байлаа.
- Чамайг бууж өгөхийг хүсэж байгааг би мэдэж байна, бас ойлгож байна. Энэ бол чиний сонголт. Гэхдээ бууж өгөхийг чинь би хүсэхгүй байна. Энэ магадгүй тэнэг санагдаж болох ч би тэгж бодохгүй байна. Чи миний төлөө бүгдийг хийнэ гэсэн болохоор чамайг 911 рүү утасдаач гэж би гуйж байна. Чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэж байна. Энэ надад хэрэгтэй. Миний төлөө үүнийг хий.
Бас л хариу сонсогдсонгүй. Мари утсан дээрээ байгаа юм болов уу?
- Чи надад үүнийг амлах уу? гэж Райли асуухад утас таслах чимээ гарч холбоо тасарлаа. Мари одоо тусламж дуудахаар утасдах уу, үгүй юү гэдэгт нь огт хамаагүй, Райли аз туршиж зүгээр орхиж чадахгүй тул тэр дороо 911 рүү утасдав.
- ХМТ, тусгай мөрдөгч Райли Пэйж байна хэмээн харилцуур авсан хүн хэлээд
- Байранд хулгайгаар нэвтэрч орсон хүн байгаа учраас би утасдаж байна. Тэр бол онц аюултай гэмт хэрэгтэн гэлээ.
Райли Маригийн гэрийн хаягийг өгсөнд
- Бид нэн даруйхан нэг баг тийш нь илгээе гэж утасны цаана байсан эмэгтэй хэлэв.
- Сайн байна хэмээн хэлээд Райли утсаа салгаад Маригийн утас руу эргээд залгалаа. Гэвч тэр утсаа авсангүй.
Тийшээ амжиж хүрэх хэрэгтэй, хэн нэгэн тийшээ яаралтай очих хэрэгтэй, гэж тэрбээр бодтол дахин нөгөө хар дарсан зүүд мэт дурсамж дотор нь сэрж эхлэхийг мэдрэв. Гэвч Райли биеэ барьж анхааралтай байх ёстой. Одоо юу ч тохиолдсон бай тэр ухаантай байх ёстой.
Маригийн улаан тоосгон барилга нүдэнд нь тусахад Райлигийн сэтгэл асар ихээр түгшиж эхлэв. Жижүүрийн багийнхны машинууд хүрч ирээгүй байлаа. Тэртээ хол цагдаагийн машины дуут дохио хангинана. Тэд замдаа гарчээ.
Райли хoёр хавтастай хаалганы урд машинаа тавих үедээ энд хамгийн түрүүнд ирсэн гэдгээ мэджээ. Хонхыг дартал хаалга өөрөө дэлгэгдэж онгойв. Хаалга яагаад цоожлогдоогүй байдаг билээ?
Райли буугаа гарган дотогшоо ороод
- Мари! хэмээн дуудлаа.
- Мари!
Хэн ч хариу өгсөнгүй. Энд ямар нэг аймшигтай юм болсон гэдгийг тэр шууд ойлгов. Тэрбээр хонгилоор цааш алхахдаа
- Мари! гэж дахин дуудлаа. Байранд чимээ аниргүй, нам гүм байв.
Дуут дохио одоо улам чангарсан ч тусламж одоо хүртэл ирээгүй байлаа.
Петерсон энд байсан, эсвэл тэр одоо ч гэсэн энд байгаа гэдгээс Райли маш их айжээ. Тэр цаашаа бүдэг гэрэлтүүлэгтэй хонгилоор явж хаалга болгоныг нээж үзэн Мариг дуудсаар байлаа. Тэр эр арай шүүгээн дотор зүүн талын буланд зууж байгаа юм биш биз? Магадгүй угаалгын өрөөний баруун талд зогсож байгаа юм болов уу?
Петерсонтой нүүр тулдаг юм бол дахиж өөрийгөө түүний гарт өгнө гэж байхгүй. Тэp муу новшийг хардаг л юм бол шууд буудаж ална.
_________________ Sakura
|