|
21
Гол танхимд эрэгтэй эмэгтэй, тарган туранхай, яс үндсээрээ ялгаатай олон хүмүүс байлаа. Гэвч Наижл тэднийг гэр бүлийн түүх судлалыг эхлэн сонирхогчид болохыг шууд танив. Тэд маш тайван харагдах бөгөөд, өөр хоорондоо намуухан ярилцана. Хүмүүсийн ихэнх нь хэдэн мянган километрийн цаанаас өөр хот, мужаас ирцгээжээ. Тэд нар Давст нуур хотын Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн харьяа энэ том номын санг сонирхон үзэхээр тайлбарлагч, аяллын хөтөч нарын ирэхийг хүлээцгээж байгаа ажээ. Өөрсдийнхөө үндэс угсаа, удам судраа таньж мэдэхээр ирцгээсэн тэднийг харсан Наижлд бага зэрэг атаархах сэтгэл төрөв. Америк бол шилжин сууршигчдын өлгий болсон орон билээ. Тэдний ихэнх нь шинээр амьдралаа эхлэхээр далайн чанадаас учирч болох аюулыг ч үл хайхран ирцгээсэн элэнц хуланц нарынхаа түүх намтрыг мэдэхийг хүсжээ. Харин ийм төрлийн түүх намтар Их Британид маш ховор тохиолддог.
Наижл өмнө нь европын орнуудаас өөр хол газар аялж байгаагүй тул цагийн зөрөөнд бие махбодь нь дасахгүй байлаа. Өөр сонин юм олж мэднэ гэж сэтгэл нь догдолж байсан тэрбээр одоо бараг хөл дээрээ зогсох тэнхэлгүй болжээ. Орой Наижл, Хадер хоёрын суусан онгоц Хитроу онгоцны буудлаас нисч, Чикаго хотод шөнө дунд газардаад, дараа нь тэр хоёр О' Харагийн нисэх онгоцны буудал дээр дараагийн суух онгоцоо бүтэн зургаан цаг хүлээжээ. Наижлын толгой бүр хүндэрч, бүх биеийнх нь арьс хуурайшжээ. Тэр арван зургаан цагийн өмнө Лондон хотын метронд суугаад онгоцны буудал руу явж байсан бол одоо харин долоон цагийн зөрөөтэй Америкт, өөрт нь огт танил биш мормончуудын гол төвд ирээд өглөөний цай уухаар сууж байлаа.
Хадер гаднаас орж ирлээ. Тэр Англи руу утсаар ярьсны
дараа төлөөлөгчдөд зориулсан буудалд очиж усанд орсон учир үс нь нойтон харагдаж байв.
- Би энэ цэвэр агаараас дахин дахин амьсгалмаар санагдчихлаа. Лондонгийн агаартай харьцуулах ч юм биш. Уушиг маань бараг анх удаагаа ийм сайхан цэвэр агаараар амьсгалж байх шиг байна гэж хэлээд Хадер цагаа харснаа
- Лондонгоос факс илгээсэн. Найз хүүхэн чинь хэзээ ирэх юм бэ? гэж асуулаа.
Хадерын шоглож байгааг мэдсэн Наижл анзаараагүй мэт өнгөрөөв. Тэр Донна Фагенотой цаг тохирсон болохоор тэр хэзээ мөдгүй ирэх ёстой байв.
- Арван цагт цайны газар уулзахаар тохирсон гэж хэлээд Наижл номын сангийн байрлалын зургийг дэлгэж харснаа
- Цайны газар энэ давхарт хаа нэгтээ байдаг юм байна гэлээ.
Таван давхар энэ барилгад зургаан зуун сая нэрс бүхий мэдээллийн сан, хоёр сая таван зуун мянган бичил хальс хадгалдаг бөгөөд өдөрт бараг хоёр мянган хүн орж гарч байдаг ажээ. Наижлд энэ бүхэн Кьюд байдаг Үндэсний Архивын Газартай харьцуулшгүй том санагдаж байв. Мягмар гаригийн өглөө эрт байсан ч номын санд аль хэдийн олон хүн иржээ. Гэр бүлийн Төвд байдаг хуучин жижигхэн цайны газрыг бодвол эндхийн цайны газар Дорчестерийн ресторан шиг том ажээ.
Нэг ширээн дээр ганцаараа суух шаргал үстэй эмэгтэй хааяа савтай уснаасаа ууж, өмнөх сонингоо анхааралтай уншиж харагдана. Нүүрээ хэт будсан ч царайлаг харагдах тэр эмэгтэй жинсэн өмд, спорт гутал, хар хүрэм өмсжээ.
- Донна мөн үү? гэж Наижл эмэгтэйгээс болгоомжтой асуулаа.
Эмэгтэй өндийж хараад танан цагаан шүдээ ил гарган инээмсэглэж, суудлаасаа бараг үсрэн бослоо. Тэр Наижлтай бараг чацуу ажээ. Наижл инээд алдан гараа сунгатал Донна хүзүүгээр нь шууд тэврэн хацрыг нь үнсэв.
- Чамтай уулзсандаа их баяртай байна гээд Донна түүнийг
толгойноос нь авахуулаад хөлийг нь хүртэл ажиглан харав.
- Чи ямар гоё хүрэм өмссөн юм бэ? Яг мэргэжилтэн шиг харагдаж байна гэж тэрбээр нэмж хэлээд сэтгэлд нь нийцсэн бололтой толгойгоо дохив.
- Баярлалаа. Чамтай уулзах сайхан байна гэж Наижл хариу хэллээ.
- Эцэст нь нэг нүүр нүүрээ хардаг байна шүү, гайхалтай гэж Донна догдлон хэлээд инээмсэглэн
- Хэлний дуудлагатайгаа адилхан чи их хөөрхөн юм байна. Нислэг ямар байв даа? гэлээ.
- Хмм..., их удаан явж ирлээ. Наижл ард нь уруулаа мушийлган зогсох Хадер луу эргэн харж
- Энэ бол мөрдөгч Хадер Женкинс гэж танилцуулав.
Хоёр эмэгтэй гар барилцан хоорондоо анх танилцаж байгаа
хүмүүсийн адил эелдгээр хэдэн үг солилцов.
- Бидэнд туслахыг зөвшөөрсөнд чинь их баярлалаа. Чи уул нь тэгж их... Донна Наижлын үгийг таслан
- За, боль доо гэснээ түүн рүү улам ойртон зогсоод
- Эндээс адгийн амьтдыг эрж хайх чинь сонирхолтой шүү дээ гэж шивнэв. Наижл хариу инээмсэглэлээ.
Донна Мормончуудын Сүмийн гэр бүлийн түүхтэй холбоотой номын сан, цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гээд тэндэхийн булан тохой, нүх сүв бүрийг андахгүй сайн мэдэх ажээ. Эндээс түүнээс өөр сайн мэргэжилтэн олдохгүй нь ойлгомжтой байлаа.
- Гэхдээ энд болгоомжтой байхад илүүдэхгүй шүү, хонгор минь. Хананд хүртэл чих байдаг гэж Донна нэмж хэлээд нүдээ ирмэн
- Ингэхэд чамд ямар төлөвлөгөө байна даа? гэж асуув.
- Бид хоёр хүсэлтийг хүлээж авсан эсэхийг асуугаад материалаа шууд авч болох үгүйг мэдэцгээе. Дараа нь энд уулзацгааж болно биз дээ? гэж Хадер саналаа хэллээ. Донна мөрөө хавчсанаа
- Ойлгомжтой. Хэрвээ би энд байхгүй байвал энэ давхрын
хаа нэгтэй байх болно. Нэрээр минь дуудаарай, гэхдээ аяархан гэж хэлчихээд цааш эргэн яваад өгөв.
Ховор тусгай цуглуулгын тасаг руу явах зуураа Хадер
- Гал цогтой эмэгтэй байна гэж хэлснээ
- Тэр нүүрэндээ энэ их будаг шунхыг түрхэхийн тулд өглөө хэдэн цагт босдог бол гэж би өөрөөсөө асууж байлаа гэв.
Тэдний гарч ирсэн хоёрдугаар давхарт хүн арай цөөн харагдана. Танхимын буланд байрласан хүлээн авах цэгийн дэргэд зузаан нүдний шилтэй, амархан тэвдэж сандардаг байрын дөч эргэм насны халзан толгойтой эр зогсож байлаа. Энгэр дээрх тэмдгэн дээр Эдвард гэж бичжээ. Хадер түүнд ирсэн учраа тайлбарлаад
- Мэдээлэл авах хүсэлт гаргасан бидний факсыг та хүлээж авсан биз дээ? хэмээн асуув.
- Түр хүлээж байгаарай гэж хэлээд нөгөө эр нэг хаалга руу ороод удалгүй гартаа нэг цаас далбагануулан барьсаар буцаж ирлээ.
- Надад хүсэлт чинь байна.
- Ашгүй дээ гэж Хадер хариу хэллээ. Нөгөө эр духаа атируулж
- Гэхдээ бидэнд нэг жаахан асуудал гараад байна. Ер нь бол хоёр асуудал. Нөхцөл байдлаас шалтгаалаад энэ мэдээллийг
би танд үзүүлэх боломжгүй. Хадер биеэ чангалахыг Наижл мэдэрлээ.
- Ямар нөхцөл байдал?
- Энэ ховор тусгай цуглуулгын материалыг үзэхийн тулд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмээс зөвшөөрөл авсан байх ёстой.
- Зөвшөөрлийг яаж авдаг юм бэ?
- Та нарын аль нэг чинь Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүн юм биш үү?
- Үгүй гэж Хадер хариулахдаа инээдээ барихыг хичээв.
- Тэгвэл үнэндээ та нарт сүмээс зөвшөөрөл авч, энэ
материалыг үзэх боломж байхгүй юм байна
- Та тэр материалыг бидэнд авчирч өгч чадахгүй юм биз дээ? Шөнийн турш унтаагүй, ядарсан Хадер биеэ барьж чадахгүй болсныг Наижл харлаа. Эдвард толгойгоо аажуухан сэгсрээд
- Үгүй. Энд зөвхөн зөвшөөрөлтэй үзэж болох тусгай цуглуулга байдаг. Хадер лангуун дээгүүр тэгнэн нөгөө эрд ойртоод
- Танд би нэг юм тодорхой тайлбарлаад өгөх үү? Бидний үзэхийг хүсээд байгаа энэ материал чинь хүн амины хэргийн мөрдлөгтэй холбоотой. Бид тусгай хүсэлт гаргаж бүр Англиас нисэж ирсэн. Одоо харин та алуурчинг эрж олоход чухал хэрэгтэй тэр баримтыг энэ хол замыг туулж ирсэн бидэнд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүн биш учраас үзүүлж чадахгүй гэж хэлэхийг хүсээд байгаа юм уу?
- Таны нөхцөл байдлыг би сайн ойлгож байна, хатагтай. Надад ч гэсэн харамсалтай байна. Гэвч энэ бол надаас шалтгаалах...
- Алив би таах гээд үзье. Та зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлэх ёстой, тийм биз?
- Хммм, юу...
- Сонс, би тийшээ ороод энэ талаар өөр хүнтэй ярилцах уу? Би энэ баримтны төлөө тэр холоос, Англиас энэ хүртэл зорьж ирчихээд хүлээж байна. Эдвард толгой дохиод
- Тантай уулзаж чадах хүн байгаа эсэхийг би мэдээд ирье. Түр хүлээнэ үү гэж хэлчихээд дахиад ардаа байсан хаалга руу орчихов. Царай нь цонхийж цайсан Хадер Наижл руу эргэж харан
- Чи энэ болоод байгаа новшийн зүйлд итгэхгүй байгаа биз дээ? гэснээ толгой сэгсэрлээ. Наижл ямар хариу өгөхөө мэдсэнгүй, сонины материалыг ямар аргаар авч болох талаар бодож байв.
- Доод давхарт байгаа нөгөө улаа бутарсан царайт бидэнд тусалж чадах юм биш биз?
- Чи хэнийг хэлээд байгаа юм бэ?
- Хэнийг гэж чи бодож байна? Чиний нөгөө будмал царайтай найз хүүхэн, Донна.
- Мэдэхгүй, миний бодлоор чадахгүй байх.
- Доошоо буугаад түүнийг дуудаад үз. Тэр энэ сүмийн гишүүн байж магадгүй. Эсвэл зөвшөөрөлтэй ямар нэг гишүүн таньдаг байж ч магадгүй.
Наижл доошоо гол танхимд очвол Донна бичил хальс уншдаг аппаратны дэргэд нэг хүнтэй ярилцаад зогсож байлаа. Наижлын дөхөж ирэхийг харсан тэрбээр ярилцаж байсан хүнийхээ мөрөн дээр аяархан алгадаад инээмсэглэв. Донна үнэхээр сайхан харагдаж байлаа.
- Мэдээж надгүйгээр чи хол явж чадсангүй бололтой, тийм ээ?
- Харин тийм ээ, бидэнд чиний тусламж хэрэг боллоо. Сүмийн тусгай зөвшөөрөлгүй болохоор бид материалыг авч чадсангүй.
- Нөгөө материал чинь ховор тусгай цуглуулгын тасагт байгаа юм уу? Би үүнийг мэдсэнгүй. Хүлээн авахаас авчихаж болно гэж бодсон юмсан гэж хэлэх үедээ Донна хэдийн инээмсэглэхээ больсон харагдана.
- Тэнд байгаа нэг нөхөр материалыг үзэхийн тулд сүмийн зөвшөөрөл хэрэгтэй гээд байна. Донна шүднийхээ завсраас шүгэлдсэнээ хөмсгөө атируулав.
- Шал балай юм. Тийм байх ёсгүй.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Зөвхөн мормон хүмүүс энэ цуглуулгыг үзэж болно. Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сүсэгтэн байсан өвөг дээдсээ эрж олох, бас нас барагсдад адис хүртээх, баталгаа хийлгэхийн тулд сүмийн бүх гишүүн, сүсэгтнүүд тэр цуглуулгыг ашигладаг. Харин сонины нийтлэл бол биш. Миний бодлоор энд нэг асуудал байх шиг байна.
- Чи сүмийн зөвшөөрөлтэй хэн нэгнийг танихгүй биз?
- Мэдээж, надад тэр зөвшөөрөл чинь бий.
Наижл сонссон зүйлдээ итгэж чадсангүй, юу хэлэхээ ч
мэдсэнгүй. Түүний байдлыг ажиглаж мэдсэн Донна
- Миний мормон гэдгийг чи гадарлаагүй байх, тийм ээ? гэлээ.
Намайг анх харсан цагаасаа надтай дотносох гээд байсан. Дээр нь нүүр амаа будаж янзалсан. Миний бодлоор мормон хүн ингэж боломгүй санагдах юм гэж бодсон Наижл
- Би... тэгэж... бодоогүй... гэж ээрэн хэлэв.
Ташаа тулан зогссон Донна Наижлын ярихыг болиулах гэсэн мэт гараараа зангаад
- Зүгээр дээ. Биеэ хэрхэн авч явах тал дээр бидэнд нэг асуудал байдаг. Харин чамд гэж хэлэхэд бүх мормон эмэгтэйчүүд гэрийн авгай шиг уйтгартай, навсгар байдаггүй юм. Зарим эрчүүд эмэгтэйчүүдийг ийм байлгахыг хүсдэг байж болох ч бид хувийн эрх ашгийг чухалчлан үздэг. Магадгүй над шиг нөхрөөсөө салсан, ганц бие ээж нар санаснаас цөөхөн байх л даа. Тэгсэн ч иймэрхүү юм тохиолдож л байдаг. Хоёулаа найз руу чинь очъё гэлээ.
Харваас дээгүүр тушаал эрхэлдэг бололтой хослол өмссөн нэг эрхэмтэй ярилцаж байгаа Хадерыг тэр хоёр олж харлаа. Ярилцаж буй эр нүүрэндээ инээмсэглэл тодруулан эелдэг харагдах гэж хэт их хичээж байгаа нь илт мэдэгдэнэ. Лангуу руу ойртон ирж яваа хоёрыг нүднийхээ буланд харсан нөгөө эр эргэж харлаа. Царай нь их цочирдсон харагдана. Хадер нөгөө эрд хандаж
- Та цагдаагийн мөрдөн байцаалтын ажилд саад болсноороо өөр олон хүний амь насыг аюулд учруулах болоод байна. Мормончуудын Сүм гараа цусанд дүрэхийг хүснэ гэж үү? гэлээ.
- Ёстой үгүй шүү, тэрнийг чинь бид хэдийн хангалттай амссан гэж Донна нөгөө эрийн өмнөөс хариу хэлэв.
Хадер Донна руу гайхан хараад хөмсгөө зангидлаа. "Бид" гэсэн энэ үг Доннаг бас мормон гэдгийг илэрхийлсэн үг байсан тул Хадер Наижлын адил маш их гайхжээ.
Донна Хадерын дэргэд зогсож байгаа эр лүү эргэж хараад
- Тодд гэвэл нөгөө эр улам их цочирдсон бололтой
- Донна юу? гэлээ.
- Энэ хүмүүс манай зочид. Тэд их урт зам туулж ирсэн. Энэ хатагтайн хэлснээр тэд маш чухал хэргээр завгүй явж байгаа. Хамтарч ажиллана биз дээ? Тодд гэгч эр мөрөө хавчаад
- Донна, би дүрэм журмыг зөрчих эрхгүй. Тэд сүмийн зөвшөөрөлтэй байх ёстой гэлээ.
- Тэр чинь надад байгаа. Би энэ хүмүүсийн төлөө ажилладаг. Тийм биз дээ, залуус аа?
- Тэгэлгүй яахав гэж Хадер толгой дохин хариулав.
- За тэгэхээр чи тэр хүсээд байгаа материалыг энэ сайхан сэтгэлтэй хүмүүст аваад ир.
- За тэгье дээ гэж хэлээд нөгөө эр явлаа.
- Маш их баярлалаа гэж Хадер хэлэв. Түүний жинхэнээсээ талархсаныг Наижл анзаарлаа.
- Надад талархах хэрэггүй дээ. Надад ч гэсэн арван тавтай охин бий. Охиныг эрж олоход ямар нэгэн шашин эсвэл хүнд суртал саад болохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүнээс гадна би энэ бүхэн Мормончуудын Сүмтэй ямар холбоотой болохыг их сонирхож байгаа.
Хадер дэргэдэх ширээгээ налж зогсоод
- Чи сая Мормончуудын Сүм гараа цусанд хэдийн хангалттай дүрсэн гэсэн. Чи яг юу хэлсэн юм бэ? гэж асуулаа. Донна инээд алдав.
- Манай сүм Америкчуудын колоничлолын эрэг захаар байрладаг. Энэ бол хууль ёс, засаг захирга гэхээр юм бараг байхгүй газар. Энд сүмийн удирдагчид бүхнийг хариуцаж байдаг. Энэ бүхнийг зохицуулахын тулд ганц дэгээ ашиглаагүй нь мэдээж. Одоогийн удирдагчид урьд өмнө хүч хэрэглэж байсныг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ би тэд нартай адилгүй. Би бол Наижлтай адилхан удам судлаач. Тийм болохоор би өнгөрсөн үед болсон хэрэг явдлыг нуун дарагдуулахгүй яг тэр хэвээр нь харуулахыг хүсдэг. Та нарын тэр хайгаад байгаа сонины нийтлэлд сүмийг сайн талаас нь харуулахааргүй юм байгаа бололтой. Тийм учраас
энэ материалыг авахад хүндрэлтэй байгаа юм шиг байна.
Тодд гутлаа чирсээр буцаж ирлээ. Сахал нь байдгаараа унжчихсан уруу дорой харагдах тэрбээр гараа хооронд нь нэг хавсарснаа
- Бидэнд нэг асуудал байна гэж хэлээд амьсгалаа урт авав.
- Бас юу болсон бэ? гэж Хадер тэвчээр алдаж байгаагаа нуухыг хичээсээр асуулаа.
- Та нарын хайгаад байгаа материал номын санд байдаггүй юм байна. Энэ мэдээг сонссон нөгөө гурав учрыг ухаж ойлготол хэсэг хугацаа өнгөрөв.
- Ганцxан эх хувь байдаг юм байна.
- Тэр эх хувийг бичил хальсан дээр буулгаагүй юм уу? гэж Донна асуулаа. Тодд толгой сэгсрэв.
- Гэхдээ Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм энэ материалыг
эзэмшилдээ байлгадаг гэж бидэнд хэлсэн шүү дээ. Тийм учраас бид энд ирсэн гэж Хадер хэллээ.
- Миний бодлоор сүмд тэр сонины дугаар байгаа.
- Тэгвэл тэр чинь хаана байдаг юм бэ?
- Тэрнийг нууцалсан гэж би айж байна. Наижл удаан дуугүй байж тэвчсэнгүй.
- Сонин бол олон нийтэд нээлттэй байдаг зүйл. Сонингуудыг зүгээр нэг хурааж авснаар түүхийг өөрчилж чадахгүй. Та нар Сталинчуудтай адилхан зан гаргаж байна. Тодд Наижлыг үг дуугүй хөдөлгөөнгүй цоо ширтэхэд уур нь улам их хүрэв.
- Ингэхэд энэ чинь эрх чөлөөтэй орон биз дээ? Эсвэл энэ Мормончуудын Сүмд хамааралгүй юм уу? Тодд Наижлыг ширтсэн хэвээрээ, түүнийг ярьж дуусахад
- Намайг өршөөгөөрэй. Хэрвээ та нарт санал гомдол байгаа бол түүнийгээ сүмийн удирдлагад хандаж гаргаж болно гэж хэлэнгүүтээ хурдан эргэн контор луугаа орчихов.
Нөгөө гурав номын сангаас гурван блокын цаана байрлах
кофены газар дуугаа хураан сууцгааж байлаа. Нойр алдсанаас Наижлын толгой тугалга цутгасан мэт улам хүнд оргино. Кофе уугаад жаахан сэргэх биз гэж тэр бодож суулаа. Хадер бухимдсан хэвээрээ харагдана. Алга болсон охиныг олох ул мөрийг хайж олохоор бөмбөрцгийн нөгөө талд нисэж ирчихээд одоо тэд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нууцлаг хана хэрмийн өмнө мухардалд орчихов.
Уцаартай байгаа нөгөө хоёрыгоо Донна ажиглан харж байснаа
- Манай сүм олон нийтэд бүх зүйлийг дэлгэн харуулах тал дээр маш том асуудалтай. Энэ бол бидний нээлттэй, үнэнч байна гэсэн итгэл үнэмшилтэй харшилж биднийг байнга бухимдуулж байдаг зүйлсийн нэг байгаа юм. Гэвч сүмийн удирдлага сүмийн өнгөрсөн түүхийн зарим зүйлээс ямар ч утга учиргүй болгоомжлоод байдаг юм гэлээ.
- Яагаад? гэж Наижл асуув. Түүхийг олон нийтэд дэлгэн харуулахгүй нуугаад байх нь ямар хэрэгтэйг Наижл ойлгохгүй байлаа.
- Манай шашин бол залуухан. Мормончуудын Сүм иргэдийг анх бүртгэж тоолж эхэлсэн цаг үетэй мөр зэрэгцэн үүсч байгуулагдсан. Тэгэхээр энд зөвшөөрөл авч ирсэн хүн асар их бичиг баримтыг олж харахаас гадна энэ шашны үндэс суурь хэрхэн тавигдсаныг мэднэ гэсэн үг. Сонинд бас тэдний алдаатай хийсэн зүйлс ч бичигдсэн байгаа. Миний бодлоор энэ олон нийтийн мэдээлэлтэй, Есүс, Мухамед нарын алинтай ч хамааралгүй. Хүмүүсийн итгэл үнэмшил гуйвж мэдэхээр тодорхой нэг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй үйл явдал, магадгүй бусдын мэдэж болохгүй зүйлс нийтлэгдсэн байж болно. Тэд нар "Та нар их хичээж байгаа, энэ бол бидний сүсэг бишрэл, дэлхий дээр арван гурван сая хүмүүсийн тахин шүтдэг, дээр нь гурван жил тутамд сая гаран хүмүүс шинээр элсэн ордог шашин" гэж илэн далангүй хэлэхийн оронд аль болохоор нуун далдалдаг. Аливаа нэг сүмийн гаргасан алдааг ил гаргаж тавихгүй, хэрэгт дурлагсад хошуугаа дүрэхээс болгоомжлон шууд нуучихна. Мэдээж энэ бүгд ямар ч ашиггүй, учир нь хэзээ нэгэн цагт тэр бүх бичиг баримт ямар нэг байдлаар ил гарч ирж л таарна. Өнгөрснийг нууж хааж чадахгүй гэдгийг Найжл бид хоёр сайн мэднэ.
- Амен. Даравч далдайна, булавч бултайна гэж Наижл хэллээ. Тэдний ярихыг сонсож байсан Хадер
- Тэгсэн ч гэсэн тэр сонин хаа нэгтээ байж л таарна гэж хэлэв.
- Би ч гэсэн тэгж бодож байна гэж Донна түүний үгийг өлгөн авч хэлээд
- Гэхдээ та нарт хангалттай хугацаа байхгүй, харин...
- Харин юу гэж?
- Та нар яарч байгаа учраас миний бодлоор ганцxан зүйл боломжтой.
- Тэр чинь юу юм бэ?
- Бидэнд машинаар нилээн урт зам туулах хэрэг гарна.
| Хавсралтууд: |

1.jpg [ 7.07 KiB | 3807 удаа үзсэн ]
|
_________________ Sakura
Сүүлийн удаа naran1962 3-р сар.01.19 4:17 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|