|
Хоёр
Гэнэт аянга цахилж бараан саарал үүлтэй тэнгэрийг тод гэрэлтүүллээ. Лена дөрөөгөө хамаг чадлаараа жийнэ. Аянганы нижигнэсэн дуу түүний эргэн тойронд нь чих дүлийртэл хадснаа ширүүн бороо асгарлаа. Өмссөн нимгэн хүрэм нь дороо нэвтэрч, буржгар шаргал үс нь шалба норон хацар, шанаанд нь наалджээ. Ачааны том тэрэгнүүд хажуугаар нь шавар шавхай үсчүүлэн өнгөрөхдөө цагаан оймсыг нь шавраар будчихав. Дөрөө нь хавирч тасxийн дуугарахыг сонсоод охин амандаа хараал хэллээ. Тэр цааш явах аргагүй болжээ. Гинж нь араа раам хоёрын хооронд хавчуулагдчихсан байв. Лена дугуйгаа дээш харуулж тавиад гинжийг суллахаар хүчтэй угзарлаа. Гар хуруу нь нил хар тос болсныг хараад тэр юбканыхаа халааснаас чигчий хуруугаараа салфетка гогодон гаргаж гараа арчив. Гэтэл нэг мотоцикльтой хүн дэргэдүүр нь бараг дайрах шахан шүргэж өнгөрлөө. Гэтэл дахиад нэг. Лена хажуу тийш зайлж зогсоод хэдэн дугуйтай хүмүүсийг өнгөрөөв. Борооны ус одоо хүзүүнээс нурууг нь даган урсахад охины чичрүүдэс хүрэв. Hүдийг нь бүрхэн урсах усыг шударч арчаад дугуйгаа босгож тавилаа. Дараа нь тэр дугуйгаа унан гол замаас гарч цааш болгоомжтой явлаа. Түүнийг цэцэрлэгийнхээ хаалгаар орох үед норсон хувцас биенд нь наалдчихсан байв. Арын дугуй хагарч хий нь гарсныг хараад охин
- Өө, бас дахиад гэж уурсан хэллээ. Тэгээд дугуйгаа газарт чулуудснаа өшиглөв.
- Лена! Эх нь дэлгэж онгойлгосон хаалганы дэргэд түүнийг зэмлэсэн харцаар харан зогсож байлаа. Лена дугуйгаа босгож тавилгүй тэр чигт нь орхин гэртээ орж гал тогоо руу явлаа. Тэрбээр цүнхээ шалан дээр хаяж, хүрмээ сандал руу чулуудан гутлаа тайлж, нойтон оймстойгоо хонгилоор алхав.
- Чи хаашаа яваад байгаа юм бэ? гэж эх нь асуулаа.
Дахиад аянга цахилж, тэнгэр хүчтэй нүргэлэн дуугарав.
- Дугуйгаа босгож тавиач!
Лена оймстой цэцэрлэг рүү буцаж гаран дугуйныхаа урд дугуйнаас барин зүлгэн дээгүүр чирсээр саравчны доор аваачлаа.
- Хөөе, чи зүлэг гэмтээчихлээ! Бид энэ зүлгийг саяхан суулгасан. Лена хариу хэлэлгүй дагжин чичирсээр гал тогоо руугаа орж нэвт норсон цамц, банзал, дотуур өмд, оймс гээд бүх хувцсаа тайлаад гал тогооны алчуураар биеэ арчив.
- Хажуугаар өнгөрч байгаа хүмүүс шалдан зогсож байгааг чинь харчихна гэж эх нь уурсан хэлээд
- Наад хувцаснуудаа угаалгын өрөөнд аваачиж өлгө гэлээ. Лена цүнхээ мөрөндөө эгэлдэргэлэн нойтон хувцаснуудаа хаман авч шатаар өгсөв. Гэтэл дээд давхарт түүний санаанд ороогүй зүйл хүлээж байлаа. Бүх тавилгыг нь өрөөний голд хурааж том гялгар уутаар бүтээжээ. Өрөөнийй ханыг цагаан өнгөөр шохойдсон харагдана. Лена мэл гайхан хананд гараа хүргэвэл гарт нь нойтон будаг наалдав. Лена
- Ээж, та үүнийг ингэх ёсгүй байсан юм хэмээн хашгирлаа. Хана, таазан дээр цэрдээр зурсан зурагнууд арилж, зөвхөн ором нь шохойн цаанаас үл мэдэг харагдана.
- Маргааш би давхарлаж будна гэж эх нь доороос чанга дуугаар хэлэв.
- Яагаад? Яах гэж ингэж байгаа юм бэ? гэж Лена амандаа шивнэлээ.
Эцэг нь жилд ганц удаа ирж, хэдхэн хоноод л явчихдаг. Тэр хэдийгээр энд байдаггүй ч аялж яваа газар орон болгоноос эрдэнийн чулуунууд эсвэл гараар бичсэн аяны тэмдэглэлээ Ленад явуулдаг ажээ. Сүүлд нь эцэг нь аяны тэмдэглэлүүдээ дэлхийн олон оронд ном болгон хэвлэж гаргахаар эмхтгэдэг. Ленад одоо бүхэл бүтэн арван хоёр цуврал ном байгаа.
Эх нь шатаар өгсөх зуур
- Чи одоо том болох болсон гээд
- Одооноос эхлээд ханан дээр ямар ч зураг зурахгүй. Чи хэрвээ юм өлгөмөөр байвал эхлээд жаазлах хэрэгтэй. Гэр орон эмх зэгцтэй байгаасай гэж би хүсэж байна. Бас эцгийн чинь жил бүр ирдгийг би зогсоох болно. Тэр чиний толгойг зөвхөн хогоор л дүүргэж байна. Түүний илгээсэн захиаг буцааж, чулуунуудыг зарна. Чамайг арван найм хүртэл номнуудыг хайрцганд хадгална.
- Зуны амралтын дараа би ангидаа аавын тухай ярилцлага хийх ёстой. Надад энэ чулуу, номнууд хэрэгтэй. Эх нь инээд алдан хөхөрснөө
- Чи арай нөгөө Аляскагаас мөс хийж явуулсан хөргөлттэй савыг үзүүлэх гэсэн юм биш биз?
- Би тэрнийг үзүүлнэ гэж аль хэдийн бодчихсон байгаа.
Тэр бол Ленагийн хүлээж авсан бэлэгнүүдээс хамгийн эрхэм нандин зүйл нь байжээ. Илгээмжийг задлах үед мөс хайлаагүй бүтнээрээ байсан.
- Арван дөрөв хүрсэн гэхэд чи их л гэнэн байна даа. Чамд тэр хайрцгийг ороосон боолтны цаас байгаа юу?
Лена толгой дохилоо.
- Чи илгээмжний шуудангийн маркыг сайн харсан биз дээ?
Ээж нь юу хэлэх гээд байгааг ойлгоогүй Лена илгээмжийг ороосон цаасыг авч харвал Итали шуудангийн маркан дээр Ромын тамга дараастай байлаа. Эх нь
- Наад хайрцгаа надад өг гэснээ хөргөгчнөөс дөрвөлжин хэлбэртэй мөснүүд авч дотор нь хийгээд
- Хоёулаа үүнийг Ром руу Аляскагаас илгээж байна гээд явуулчих уу? гэлээ.
Лена хариу үг хэлэлгүй уйлсаар шатаар өгсөн орон дээрээ уналаа. Өрөөнд тавилгануудыг бүтээсэн гялгар уутнаас нэг сонин үнэр ханхална. Аав арай дэлхийг тойрон аялагч гэдэг нь худлаа юм биш байгаа даа? Тэр Ромд амьдардаг, тэр бас энэ бүх чулуу, захидлуудыг тэндээс явуулдаг юм биш биз? Лена өндийж суун орны дэргэд байдаг шүүгээгээ онгойлгов. Тэгээд бүх захидлыг гаргаж ирэн шуудангийн тэмдэгтүүдийг шалгаж, захидлууд өөр өөр газраас ирсэн байхыг хараад санаа нь амарч уртаар санаа алдлаа. Гэхдээ тэр мөстэй савыг яагаад Ромоос явуулсныг Лена ойлгосонгүй. Тэрбээр дахин хөгжилтэй болон эх нь хоол бэлтгээд зогсож байсан гал тогооны өрөөнд очлоо.
- Та надад зүгээр л атаархдаг. Намайг ааваараа бахархаж, түүнийг хүндэлдэгт та дургүй. Тэр аялж явах дуртай байхад харин та нэг хөөрхийлөлтэй сургуульд багшилдаг болохоор түүнийг үзэн яддаг. Таныг бүх зурагнуудыг арилгаж будсан гэдгийг би аавд удахгүй бичнэ. Тэр намайг ирж авч явах нь мэдээж.
- Мөрөөдөөд бай, охин минь гэж эх нь хэлээд яриагаа цааш нь үргэлжлүүллээ.
- Чи эцгийнхээ жинхэнэ дүр төрхийг мэдэхгүй байна. Чамайг төрсний дараа эцэг чинь чамайг өсгөхөд оролцохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Хэрвээ өвөө эмээ чинь байгаагүй бол би энэ бүхнийг давж чадахгүй байсан. Надад одоо чамд шинэ дугуй аваад өгчих мөнгө ч байхгүй. Хүлээж бай... Наад сүүмсээ хутгаж бай даа. Нүдийг чинь нээх нэг юм надад байгаа.
Түгшиж эхэлсэн Лена сүүмсийг халбагаар тойруулан хутгаж зогсов. Эх нь гартаа нэг цаас барьчихсан эргэж ирлээ. Уг цаасан дээр өөрийг нь хэрхэн өсгөн хүмүүжүүлэх тухай заалтууд оруулсан албан ёсны гэрээ бичжээ.
- Энэ гэрээг эцэг чинь өөрийнхөө гараар бичсэн гэж эх нь тодруулан хэллээ.
Лена гэрээг хоёр дахин уншсан боловч эх нь түүнд яг юуг тодорхой болгох гээд байгааг ойлгосонгүй.
- Наад гэрээгээ өөртөө үлдээ. Магадгүй чи удахгүй өөрөө учрыг нь ойлгох байлгүй. Би хэрвээ тэр талаар чамд өөрөө хэлчихвэл эцэг чинь намайг хэзээ ч уучлахгүй биз.
- Юуны талаар хэлнэ гэж?
Эх нь нэг л хачирхалтай мушийн инээмсэглээд савтай сүүмсээ зочдын өрөө рүү авч орлоо.
- Будаагаа аваад ир. Махаа би өөрөө шарах шүүгээнээс гаргана.
Хоол идэх үед Лена бодолд дарагдсан харагдана. Эхлээд тэр мөс, одоо харин энэ гэрээ. Эх нь түүнд ямар нэгэн зүйл тодорхой мэдэгдэхийг хүсжээ. Чи одоо том болох цаг чинь болсон гэж ээж хэлсэн. Аавын талаар би юу мэдэх ёстой юм бол? Түүний яг хэн болохыг мэдэхэд хэрэгтэй ямар нэгэн нууц байгаа юм болов уу?
- Энэ бүхэн гэрээний агуулгад байгаа юм биш гэж ээж нь сав суулгаа угааж байхдаа хэлэв. Лена бохирдсон шилэн аягануудаа амсрыг нь доош харуулан угаалтуурт тоссон усанд хийлээ. Шилэн аяганууд том том бөмбөлөг гарган яг л живж байгаа юм шиг харагдана. “Би уул нь тодорхой зүйл мэдэж авахыг хүссэн болохоос дахиад нэг оньсого таах гээгүй юм сан”.
Хаалганы хонх дуугарлаа. Лена алчуураа угаалтуурын ирмэг дээр хаячихаад хаалга руу гүйж очив. Гартаа том цаасан хайрцаг барьсан дүрэмт хувцастай шуудан түгээгч эр зогсож байлаа. Түүний малгайнаас борооны ус дусална.
- Та орооч гэж Лена хэлэв. Шуудан түгээгч хаалганы босгыг хөлөөрөө тэмтрэн том алхаж ороод хонгилын гутал арчдаг хивсэн дээр зогсов. Тэгээд хайрцгийг Ленад өгч халааснаасаа үзэг цаас гаргаснаа
- Ээж чинь илгээмж хүлээж авлаа гэсэн гарын үсэг зурах ёстой гэв. Лена хаяг руу хальт хараад гайхсандаа
- Поппе Лена гэдэг чинь би шүү дээ! гэж дуу алдан хэллээ.
- Энэ та мөн гэж үү? Тэгвэл та гарын үсгээ зурах хэрэгтэй. Энэ бас илгээмжтэй хамт ирсэн гэж шуудан түгээгч хэлээд хүрэмнийхээ дотор халааснаас нэг захидал гаргаж ирэв. Лена гарын үсгээ зураад түүнийг гаргалаа. Шуудан хүргэгч цэцэрлэг дундуур хүргэлтийн машин руугаа гүйж харагдав.
- Энэ юу вэ? гэж эх нь асуулаа.
- Захиа, илгээмж хоёр. Хоёуланг нь миний нэр дээр хаяглагдсан байна гэж Лена хэлээд дугтуйг хурдан задлав. Захиа хэдхэн үгтэй ажээ. Лена цочирдон өөрийн мэдэлгүй захидал барьсан гараа буулгалаа.
- Наана чинь юу гэж бичсэн байна? Уншаад өг.
- Аав маргааш ирж намайг аваад Венеци руу хамт аялна гэсэн байна. Хайрцган дотор миний төрсөн өдрийн бэлэг байгаа гэнэ. Илгээмжийг би зөвхөн аавыг энд ирсэн хойно онгойлгоно, тэр болтол үүнийг чийдэнгийн гэрлийн доор тавь
гэсэн байна.
- Чиний төрсөн өдөр хэдийн хоёр сарын өмнө болоод өнгөрсөн гэж эх нь уурсан хэлснээ захиаг гараас нь шувт татан авч хамгийн багадаа гурав дахин уншлаа.
- Чамайг аялалд авч явмаар байсан юм бол тэр эхлээд надтай ярилцах ёстой байсан. Наад хайрцгаа зочдын өрөөнд оруулж тавь. Хэрвээ маргааш эцэг чинь ирвэл энэ хожуу явуулсан бэлгээ буцаагаад аваад явна биз.
- Та бодлоо өөрчлөх л болно доо гэж Лена хэлэв.
- Тэгнэ гэж бодохгүй л байна шүү.
Лена хайрцгийг өргөн сэгсэрч үзвэл дотор нь нэг хүнд зүйл өнхрөх нь мэдрэгдэв. Яг улаан өндөгний баярын том өндөг шиг.
- Болгоомжтой бай. Эвдэрчихэж магадгүй. Тэртээ тэргүй эцэг чинь маргааш энд ирвэл эргэж эвэнд нь оруулах аргагүй хангалттай олон зүйл болох болно. Гэхдээ би түүнийг ирнэ гэдэгт эргэлзэж л байна шүү. Эх нь хэлж байгаагаасаа илүү их юм мэдэж байгаа аятай нөгөө учир битүүлэг өнгөөрөө ярилаа. Лена зочдын өрөөнд орж хайрцгаа босоо гэрлийн доор аваачиж тавив.
- Битгий инээдтэй юм хийгээд бай.
- Захианд ингэ гэж бичсэн байсан гэж Лена уурсан хэллээ.
- Дураараа л бол.
Лена өрөөндөө орж орон доороос үүргэвчээ гаргаж ирлээ. Мөн өөрийгөө Венецид очсон мэт дотроо төсөөлөн хэд хэдэн бошинз сонгон авч урдаа барин толинд харав. Зурган дээр энэ хот усаар хүрээлэгдсэн, оршин суугчид нь завиар явж байгаа харагдсан. Өө нээрээ, нарны шил! Нарны гэрлээс нүдээ хамгаалахад энэ маш хэрэгтэй. Бас ноосон цамц! Орой сэрүү орохоор өмсөнө. Борооны цув! Тэнд бас эндэх шиг ширүүн бороо ордог биз. Цаас харандаа! Лена өдрийн тэмдэглэл хөтлөхийг хүсжээ.
Лена хувцаснуудаа цуглуулан луувангийн хэлбэртэй
болгон бөөрөнхийллөө. Аяны тэмдэглэлд үрчийлгэхгүйн тулд хувцсаа ингэж хуйлах хэрэгтэй гэж бичсэн байжээ. Охин эцэгтээ сохроор итгэдэг. Ээж нь магадгүй маргааш эцэг нь аяны тэмдэглэлдээ зарим зүйлийг арай хэтрүүлсэн эсвэл номоо бодож байснаас цөөхөн борлуулсан үгүй бол тэр ямар нэг эр хүнтэй хамт амьдардгаа хэлээсэй гэж хүсэж байгаа байх. Тэрбээр би юунд цочирдохгүй гэж бодлоо. Тэр ганцxан аялалд хамт явуулахгүй гэсэн эхийнхээ шийдвэрийг илбэдэн өөрчилж чадахгүй.
Шөнө дунд тэр гэнэт цочин сэрлээ. Зүрх нь хүчтэй булгилж, их хөлөрснөөс унтлагын хувцас нь нойтон болжээ. Зүүдэнд нь үсэгнүүд тодрон гарч ирэхийг тэр харжээ. Лена гэрлээ асаан гэрээ бичсэн цаасыг аяны тэмдэглэлтэй харьцуулж харав. Бичгийн хэлбэр нь тэс өөр байлаа. Гэхдээ хоёуланд нь Р. Поппе гэсэн гарын үсэг зуржээ. Яаж ийм юм болдог байна аа? Лена шүүгээнээс нэг аяллын тухай ном авч арын хавтсан дээрх зургийг харав. Бараан үстэй, сахлаа богино жигдхэн засаж янзалсан эрэгтэй өөрийг нь ширтэж байлаа. Эцэг нь одоо гучин дөрөвтэй гэвэл эхтэй нь анх уулзах үед тэр хорьтой байсан гэсэн үг. Ленагийн шүүгээнд түүний аяны тэмдэглэл бичсэн арван хоёр ном байдаг. Лена эхний номыг дэлгэн хэвлэгдэн гарсан он сарыг хараад дахин нөгөө зураг руу харлаа. Гэнэт тэр
- Үгүй ээ! гэж хашгирснаа номоо хана руу чулуудчихав.
Эх нь өрөөнд яаран орж ирлээ.
- Тайвшир, тайвшир охин минь. Чи одоо бүгдийг мэдэх цаг болсон. Бүх юм сайхан болно. Маргааш чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Одоо тайвшир даа.
Хэт цочирдсон охины хамаг бие нь салганан чичирнэ. Тэр уур хилэн, эгдүүцэл, юуны өмнө маш их шаналлыг мэдэрч байлаа. Энэ өнгөрсөн бүх хугацаанд өөрийг нь яаж ингэж хуурч чадсан байна аа?
- Энэ хана яагаад цуурчихсан юм бэ? гэж эх нь хана руу заан асуусанд Лена
- Би номоо чулуудчихсан гэж буруугаа хүлээж хэллээ.
Шал чахран дуугарлаа. Тэгтэл ханан дээр аажмаар хоёр дахь цууралт гарснаа салаалан тааз өөдөө өгсөв. Лена өөрийн мэдэлгүй эхийнхээ гарыг шүүрч авлаа. Доод давхарт шил хагарах чимээ гарав.
- Та гэрэл асаалттай орхисон биз дээ? гэж Лена асуулаа.
Эх нь хариу үг хэлэлгүй боссоноо шатаар хурдан буулаа. Яг тэр мөчид бүх гэрэл унтарчихав. Зочдын өрөөнд эх нь орилох сонсогдсоноо хоорондоо ноцолдо хүнд юм унах чимээ гарлаа. Гэнэт чимээ аниргүй болчихов. Нээрээ чимээ гарахгүй байна гэж үү? Хонгилд хамар шуухитнах мэт чимээ гарч аажмаар шатаар өгсөж эхэллээ. Айж сандарсан Лена ухасxийн хаалгаа хааж түгжин шүүгээн дээрх эрдэнэсийн чулуунуудаас нэгийг шүүрч авав. Дэргэд шахам нэг амьтан цээжээ хэржигнүүлнэ. Илгээмжний хайрцагт араатан байсан болж таарлаа.
- Лена? Ээж нь түүнийг дуудлаа.
- Гэрэл! Ээж гэрэл аваад ир!
Маажиж малтах чимээ гарч, боссон тоос шороо хамрыг нь сэрвэгнүүлэв. Лена сул гараа агаарт савчиж байтал ямар нэг юм түүнийг чиглэн ирлээ. Охин хөшчихөв. Энэ амьтан яаж дотогшоо нэвтэрч орж чадав аа? Лена чулуугаа хамаг чадлаараа шидтэл нөгөө амьтны дээгүүр даваад уначихав. Торонд хашигдсан муурнаас гарах мэт хүржигнэсэн дуу өөрөөс нь холдож, одоо харин юм тачигнуулан мэрэх чимээ гарлаа.
- Би очиж явна. Тэсээрэй охин минь гэж ээж нь хэлэх сонсогдов. Гар чийдэнгийн гэрэлд Лена толгой нь цээжиндээ шууд залгагдчихсан юм шиг хүзүүгүй сармагчин олж харлаа. Тэр амьтан ноолорч ширэлдсэн урт үс ноостой ажээ.
Аман дахь том хурц соёогоороо эрдэнэсийн чулууг тээрэм шиг хэмхчин зажлана. Чөмөгний яс байхгүй юм шиг хөл нь сул санжганах ажээ. Нөгөө амьтан гар чийдэнгийн гэрлээс цочсноо толгойгоо эргэлдүүлэн өрөөний хамгийн холын булан руу очоод биеэ хураагаад хэвтчихэв.
- Тэр араатан хаана байна? гэсээр ээж нь хаалга саван орж ирлээ. Лена нүд гялбуулсан хурц гэрлээс нүдээ гараараа халхлан
- Нүдэн дээр гэрлээ битгий тусгаад байгаач! гэв. Ээж нь өрөөг нэгжин байдгаараа нугдайн хэвтэх амьтныг хараад
- Бүх хөшгөө нээ! гэлээ.
- Хөшиг гэнэ ээ?
- Энэ амьтан гэрлээс айдаг юм шиг надад санагдсан.
Лена бушуухан хөшгөө нээвэл гудамжны гэрэлтүүлэгний гэрэл цонхоор туслаа. Хаалганы дэргэд хананд нэг том нүх гарчээ. Гэтэл хаана ч чулуу, тоосгоны хэлтэрхий байсангүй. Энэ амьтан нүх гаргах үедээ бүгдийг нь идчихсэн бололтой.
- Чи явж өвөөгөө авчир. Тэр миний өвдгийг хазчихсан гэж ээж нь хэлэв.
Лена гудамжны эсрэг тал руу хар хурдаараа харайлгалаа. Эмээ өвөө нь тэднийхтэй ойрхон хэдэн байшингийн цаана амьдардаг ажээ. Тэр хонх дарснаа хаалгыг зангидсан гараараа нүдэж эхлэв. Цонхоор нэг нойрмоглосон царай цухуйснаа
- Тэнд хэн байна аа? гэлээ.
- Ээж... , ээж шатнаас уначихсан.
- Би одоохон очлоо гэж өвөө нь хариулав. Ленаг буцаж ирэхэд ээж нь орон дээр суусан хэвээрээ байлаа. Их өвдөж байгаа бололтой царай нь үнсэн саарал болсон харагдана.
- Яаж байна? гэж өвөө нь асууснаа ээжийг нь шатаар дэмнэн буулгалаа. Лена гар чийдэнгээр тэдэнд гэрэл тусгаж өгөв.
- Тэр дээр байсан мөртлөө шатнаас яаж унасан байдаг билээ? гэж эмээ нь чанга дуугаар асууснаа
- Энэ хана туургыг хар даа. Байшин нурах нь байна шүү дээ! Яагаад бүх гэрэл асахгүй байгаа юм бэ? гэлээ. Өвөө нь одоо л хана туурга шалан дээр гарсан нүх цууралтуудыг олж харав бололтой сандарсан хоолойгоор
- Түргэн тусламж дууд гэж хэлэв.
Эмээ нь утасны харилцуурыг авбал шугам тасарчихсан байсан тул Лена гарч гудамжны эсрэг тал руу гүйлээ. Таван минутын дараа түргэн тусламжийн тэрэг хүрч ирэн эхийг нь дамнуурган дээр хэвтүүлэв. Өвөө нь Ленагаас гар чийдэн авч зоорь луу орлоо. Цахилгааны холболтыг оролдож буй бололтой тик так хийх чимээ гарч байснаа зочдын өрөөнөөс бусад өрөөний гэрлүүд дахин асав. Өвөө нь цахилгаан тасарсан шалтгааныг хайж байснаа
- Шугам тасарснаас болж богино холболт үүссэн байна гэлээ.
Лена эвдэрхий хайрцган дотор нэг чулуу байхыг олж харав. Хажууд нь "Гэрэлтдэг болор" гэсэн бичиг байлаа. Энэ чулууг нөгөө амьтныг хөдөлгөөнгүй байлгах зорилготой хайрцганд хамт хийсэн бололтой. Гэвч чулуу гэрэлтэхээ больжээ.
- Итгэмээргүй юм гэж өвөө нь хэлээд хана шалан дээр гарсан нүх цууралтыг гараараа тэмтэрч үзсэнээ
- Энэ яг газар хөдөлсөн юм шиг л харагдаж байна. Энд юу болсон юм бэ? гэж асуулаа.
_________________ Sakura
Сүүлийн удаа naran1962 2-р сар.17.19 7:49 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|