10
Умардын Төмөр замынхны ажлын хариуцлагагүйгээс үүдсэн алдааны уршиг, замын саатлаас болж Наижл Колиндэйлийн буудал дээр бараг хоёр хагас болж байхад иржээ. Нар Лондонгийн энэхүү орхигдсон, царай муутай хэсэгхэн газрыг ч ялгалгүй дулаахан элчээрээ харамгүй ээж байлаа. Наижл Колиндэйл Авеню хэмээн нэрийддэг нэг хэвийн хийцтэй гудамжаа баруун тийш эргэж, тэндээс тавиад метрийн зайтай харагдах сонины архивын газар луу алхав.
Архивын газар 1903 онд хэвлэл мэдээллийн хуучин бичиг баримт, материалуудыг хадгалдаг мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж, 1932 оноос эхлэн олон нийтэд ил нээлттэй болжээ. Архивын газар тухайн баригдсан үеийнхээ хэв шинжийг хадгалсан, ур хийц муутай улаан тоосгон барилга дотор байдаг ажээ.
Наижлыг уншлагын танхимд ортол өөдөөс нь хуучин цаасны дотор муухайруулсан, мартахын аргагүй танил үнэр ханхийлээ. Хэрэгт холбоотой тухайн үеийн сонины дугааруудыг авч үзвэл түүнд өнгөрсөн цаг үед оччихсон мэт санагдав. Тэр үеийн тухай, тухайн орчныг бүрдүүлж байсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай хүүрнэсэн нийтлэлүүд Наижлыг үнэхээр гайхшруулжээ. Шүүх цагдаагийн мөрдөлт, шүүх хурлын тухай бичсэн сурвалжлага, нас барсан тухай мэдэгдэл, шинэ мэдээ, энэ бүхэн удам судлаачийн хувьд алт эрдэнэс шиг үнэтэй зүйл билээ. ГБТ-д эх материалын оронд зөвхөн бүртгэл, тодорхойлолтууд байдаг тул өнгөрсөн үеийн тухай дэлгэрэнгүй олж мэдэхэд учир дутагдалтай байдаг. Харин энд, Кориндэйлд нэг шатаар авирч гараад л тэр үеийн үйл явдлын дунд яваад орчихно.
Наижл сул суудал оллоо. 1820 оноос хойшхи Британий орон нутгийн болон улсын хэмжээний сонины дугаарууд хадгалагдаж байдаг энэ архивын газар асар том талбай эзлэх хэдий ч судалгаа хийх хүмүүст зориулагдсан гол танхим эгэл даруухан харагдана. 1932 оноос хойш энэ уншлагын заал ер өөрчлөгдсөнгүй, нүцгэн цагаан хана, хэзээ ч зөв явдаггүй модон цаг, бас тавин зургаан уншлагын ширээтэй ажээ. Энэ бүхэн Наижлд урлагийн бүтээл шиг санагдана. Ширээн дээрх уншлага хийхэд зориулсан жижиг хэрэгслүүдийг зэсээр гоёмсог хээ угалз гарган хийжээ. Бас ширээн дээр товчлуурыг нь дарахад өвөрмөц дуу гаргадаг урт гонзгой уншлагын гэрэлтүүлэгч чийдэн, ширээний дугаар, он удаан жил хэрэглэснээс элэгдэж халцарсан, он оны дугаарыг давхарлаж тавьдаг модон жааз зэргийг бэхэлжээ. Хажуугийн тасалгаанд ховорхон хэрэглэдэг хэдэн компьютер, цахилгаан их зарцуулдаг бичил хальс гүйлгэж хардаг хэдэн аппарат байрлуулжээ. Тэдгээр аппарат хэт ачааллаасаа болж исгэрч хүржигнэж дуугардаг, тэрбээр зөвхөн 1932 оны бичил хальсыг гүйлгэж харах үедээ л бараг солиорч мэдэхээр эд билээ.
Наижл эхлээд лавлах товчоо руу очлоо.
- Өдрийн мэнд гэж тэр лангууны ард сууж буй аймхай байрын төрхтэй эмэгтэйтэй мэндлээд
- Би Наижл Барнес байна. Миний мэдэхээр цагдаагийн газраас утасдаж намайг ирнэ гэж мэдэгдсэн байх ёстой. Тэрбээр өөрийгөө албан ёсоор танилцуулахаар бага зэрэг бөхийтөл эмэгтэйн нүд нь гэрэлтээд ирэв.
- Өө тийм хэмээн эмэгтэй зориг орсон байртай хэлээд
- Энэ талаар хүсэлт гаргадаг лангуун дээр байгаа Рон мэдэж байгаа. Тэр танд туслана гэлээ.
Минут орчмын дараа сүржин төрхтэй тарган эр ирж Наижлтай мэндлэв. Хүрз шиг том гартай, сахал нь өрвийж ургасан тэрхүү эрийн богино ханцуйтай цамцны дороос асар том гүзээ урагш түрэн цухуйжээ.
- Удаан үлдэж ажиллах болгосонд уучлаарай гэж Наижл хэлэв.
- Зүгээр дээ, залуу минь. Оройны турш эхнэртэйгээ хамт суугаад гаанс нэрэхээс өөр ажил надад байхгүй. Та харин надад хийх ажил гаргаж өглөө. За, та хаанаас эхэлье гэж бодож байна?
Наижл улсын хэмжээнд гарч байсан сонингуудаас эхлэхээр шийдэв. Сонинд гэмт хэргийн талаар, ялангуяа хүн амины хэргийг аль болох аймшигтай дүрслэн бичдэг байжээ. Орон нутгийн сонинд харин энэ талаар өнгөцxөн дурдаж, ихэвчлэн зах нээгдэх цаг, эсвэл жимс ногоо, хүнсний бүтээгдхүүний үнэ зэргийг нийтэлдэг байсан. Наижл 1879 оны гуравдугаар сарын Цаг үе сонины дугааруудыг сонирхон уншиж суулаа. Сонинд хүн амины хэргийн талаар нийтлээгүй байж мэдэх ч түүнд хайгаад үзэх нь зүйтэй санагджээ. Наижл Роноос тухайн үедээ өрсөлдөөнд гуравт багтаж байсан, хамгийн хямд үнэтэй Өдөр тутмын Цахилгаан мэдээ, бас гэмт хэргүүдийн талаар байнга нийтэлдэг байсан долоо хоног тутмын Дэлхийн Мэдээ сонины дугааруудыг олж өгөхийг гуйлаа.
Рон архивын доод давхар луу алга болов. Наижл суудал руугаа эргэж очоод цаг руугаа байн байн харж суулаа. Одоохондоо уншлагын ширээ хэрэггүй бололтой. Наижлын асуусан тухайн жилийн дугаарууд бүгд бичил хальсанд хадгалагдсан байдаг. Гэвч тэр бичил хальсанд яснаасаа дургүй. Тоосонд дарагдсан бүдэгхэн гэрэлтэй дэлгэцэн дээр нүдний өмнө эцэс төгсгөлгүй жирэлзэх бичил хальснуудыг унших маш ядаргаатай, дээр нь гар аргаар гүйлгэсээр компьютерийн хулганаас шалтгаалдаг эмгэг өвчинтэй (RSI) болдог ажээ. Хальсан дээрх үрчийж нугаларсан хэсгүүдийг тайлж уншина гэдэг сэрээгээр шөл утгаж уухтай адил хэрэг.
Рон хайрцагтай бичил хальснуудыг Наижлд авчирч өгөхөд тэр хальснуудаа аваад аппарат руу очлоо. Аппаратны дэлгэц тавиад оны үеийн зурагттай адилхан хэлбэртэй ажээ. Наижл эхлээд Цаг үе сонины хальсыг гүйлгэж үзвэл нөгөө хэргийн тухай юу ч олдсонгүй. Наижлын хувьд викториагийн үеийн хэвлэл мэдээллийн нуршаа үг ихтэй нийтлэлийг харж байгаа нь анх удаагаа биш билээ. Нэг дугаарт засгийн газрын сөргөлдөөний тухай бичсэн нийтлэлд бараг арван таван мянган үгийг ямар нэгэн зураг эсвэл зар сурталчилгаа оруулалгүй, шигүү эгнээгээр бичжээ. Ийм залхуу хүрэм, ядаргаатай зүйлийг хэн дуустал уншдаг байсан нь Наижлд сонин санагдав.
Сэтгэл санаа нь бага зэрэг тайвширсан тэрбээр Дэлхийн Мэдээ сонины хальсыг гүйлгэж харлаа. Анх 1843 онд хэвлэгдэн гарч, Лондонгийн шүүх, цагдаагийн байгууллагын эгдүүцлийг их хүргэдэг байсан, мэдээний эх сурвалжийг хормын дотор давс хужрыг нь ихдүүлж нийтэлдэг Эрэг шураг буланд Алберт Бекийн хүн амины хэргийн тухай нийтлээгүй бол өөр газраас олох боломж улам багасах нь мэдээжийн хэрэг. Наижл 1879 оны бичил хальсанд хадгалсан дугааруудыг нэгдүгээр сараас эхэлж шалгахаар шийдлээ. Долоо хоногийн дугааруудыг доош нь аажмаар гүйлгэн харж байхдаа хааяа том үсгээр онцолж бичсэн сэжиг бүхий мөртлөө улиг болсон БРИСТОЛ ДАХЬ АРААТНЫ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ҮЛ ИТГЭГЧДИЙН СҮРДҮҮЛЭГ зэрэг гарчгуудад анхаарлаа хандуулж байлаа. Бүх дугаарын эхний хуудсан дээр ДОЛОО ХОНОГИЙН ОНИГООНУУД гэсэн гарчгийн доор уншигчдад зориулсан шог хошин яриануудыг нийтэлжээ. Энд үнэндээ инээд хүрмээр зүйл юу ч байхгүй ажээ.
Наижл дөрөвдүгээр сарын эхний дугаар дээр түр саатлаа. Энд Зулугийн бослого болон Австрали дахь Келлигийн дээрэмчдийн зэвсэгт мөргөлдөөний тухай нийтэлжээ. Дараагийн хуудсыг гүйлгэж харахаар зэхэж байсан тэрбээр хуудасны доод хэсэгт харагдах гарчгийг хараад зүрх нь бараг зогсчих шахав.
КЕНСИНГТОН: ГУРАВ ДАХЬ АЙМШИГТ АЛЛАГЫН ХЭРЭГ
Нийтлэлд ийнхүү дурьджээ:
Гурван эрэгтэйн цогцос газар дээр тунарсан цусан дунд хэвтэж байжээ. Нэг чөтгөр тэдний дотор эрхтнийг хурц мэсээр гаргаж хаясан байна. Өчигдөр оройны есөн цагийн байдлаар Умард Кенсингтоны орон нутгийн засаг захиргаа хүмүүсийн айдсыг хүргэсэн эдгээр гэмт хэргийг хэн үйлдээд байгааг тодруулж чадаагүй байна. Ноттинг Дэйлд амьдардаг, тоосго өрөгч Самуэл Рубак хэмээх эхний хохирогчийн сэгэлж зэрэмдэглэсэн цогцос гэрийнх нь ойролцоо олджээ. Тэр эр гуравдугаар сарын 24-ний даваа гаригийн орой нэг уушны газарт сүүлчийн удаа харагдсан байна. Гэтэл гуравдугаар сарын 29-ний бямба гаригийн өглөө Умард Кенсингтоны Кларендоны Өргөн чөлөөнд амьдардаг байсан, арьс элдэгч Алберт Бекийн хутгалуулсан цогцос Ладброк Гровийн ойролцоо байдаг Гэгээнтэн Жоны Сүмийн дэргэдэх төгөлд хэвтэж байхыг хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс олжээ. Хохирогчийн ар гэр эхнэр, хоёр хүүхэд нилээд хүндхэн байдалд үлдэж хоцорлоо. Гурав дахь хохирогч нь мөн Умард Кенсингтон дахь Харроу Өргөн чөлөөнд амьдарч байсан, 38 настай төмрийн дархан Леонард Чилдэ гэгч ажээ. Түүний эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ бэлбэсэрч хоцорлоо. Том хүүхэд нь дөнгөж арван гурван настай гэнэ. Цогцос дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригийн өглөө эрт Ноттинг Хилл галт тэрэгний буудлын ойролцоо олджээ. Цагдаагийн хүчнийхэн хотын оршин суугчдыг тайвшруулж эдгээр бузар гэмт хэргийг үйлдсэн араатныг эрэн сурвалжиж байгаагаа мэдэгдсэн байна. Хохирогчдын төрөл төрөгсөд болон ойрын хөршүүдээс хэрэгт холбогдолтой ямар нэгэн мэдээлэл, эд мөрийн баримт болох зүйлс, жишээлбэл цус болсон хувцас, хэн нэгний зан байдал өөрчлөгдсөн эсэхийг олж илрүүлбэл Умард Кенсингтоны цагдаагийн газарт нэн даруй мэдэгдэхийг хүсчээ.
Наижл нийтлэлийг уншиж дууслаа. Тэр гадаа гарахаар шатаар уруудах зуураа Фостерын утасны дугаарт залгав. Фостер утсаа хурдан авлаа.
- Би Алберт Бэкийг алсан хэргийн талаар бичсэн нийтлэлийг олж уншлаа.
- Тэнд юу гэж бичсэн байна?
- Алуурчин гурван ч удаа ийм хэрэг үйлдсэн байна. Алагдсан хүмүүсийн цогцоснууд гуравдугаар сарын 25-ны мягмар, гуравдугаар сарын 29-ний бямба, бас дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригт олджээ. Утасны цаанаас нэг хэсэгтээ чимээ гарсангүй.
- Дөрөвдүгээр сарын нэгэн хэмээн Наижлыг давтаж хэлэхэд хариуд нь Фостер санаа алдлаа.
- Маргааш ямар өдөр вэ гэдгийг би мэдэж байна гэж Фостер үгээ зөөж хэлээд
- Ганц энэ хэрэгт миний санаа зовсон юм биш. Хэрвээ тэр одоо уг хэргүүдийг яг адилхан хуулбарлан үйлдэж байгаа бол өнгөрсөн бямба гаригт бас хэн нэгнийг алсан байх учиртай. Гэтэл бидэнд цогцос алга. Эхний болон гурав дахь хохирогчийг хаанаас олсон гэж байна? гэлээ.
Наижл сайтар тунгааж бодох хэрэгтэй боллоо. Гүйлгэж харсан тэдгээр олон жилийн баримтууд толгойд нь кино хальс шиг бууж үлджээ.
- Эхнийх нь Ноттинг Дэйлийн Брик Фийлд, гурав дахь нь Ноттинг Хиллийн галт тэрэгний буудал байсан.
- Цогцоснууд олдсон газрууд болон эдгээр хүн амины хэргүүдийн талаар өөр ямар мэдээллүүд нийтлэгдсэнийг олж эд. Юм олдвол над руу дахиад залгаарай.
Фостер сандлын түшлэг дээр тохсон хүрмээ авч өмслөө. Дараа нь тэр мэдээллийн өрөөнд орж тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг өөртөө татахаар алга ташив.
- Бүгд анхааралтай сонс. Би сая Наижл Барнестай утсаар ярилаа. Тэр 1879 оны сонингийн нийтлэл дундаас Умард Кенсингтонд долоо хоногийн дотор гурван хүн амины хэрэг гарсныг олсон. Хоёр дахь хүн амины хэрэг нь Алберт Бекийн хэрэг байжээ.
- Хоёр дахь гэсэн үү? хэмээн Хадерыг асуухад Фостер толгой дохиод
- Гайхшруулсан зүйлс ганц энүүгээр дуусахгүй. Гурав дахь хохирогч нь 1879 оны гуравдугаар сарын 31-нд алагдаж, дараа өдөр нь олдсон байна гэв.
Өрөөнд ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм болжээ.
- Одоо та нар дараахь даалгаврыг гүйцэтгэнэ. Энди, Хадер хоёр багийнхантайгаа Ноттинг Хилл Гэйт рүү явна. Барнесийн хэлснээр 1879 онд гурав дахь цогцос тэндээс олдсон. Гудамж бүхэлдээ харагдах газрыг олж, хүмүүст энгийн хувцас өмсгөөд сэжиг авхуулахааргүй байрлуул. Буудлыг хараан дороо байлгаж ажиглалт хийж болохоор газар ол. Би та нар дээр сүүлд очиж нэгдэнэ.
Тэгтэл Хадер
- Эхний хүн амины хэргийг яах болж байна? Хэрвээ тэр адилхан... гэтэл Фостер түүний яриаг тасалж
- Би нас барсан хүмүүсийн дунд хайж үзье. Чи харин үхэгсэд дээр дахиад нэгийг нэмчихгүй байх тал дээр анхаар гэлээ.