|
Эрээн- Хөх хот- Дуншин- Эзэн хороо - Чингисийн онгон чиглэлд хийсэн аяллын тэмдэглэл
Миша бид 2 өдөр нь эмнэлэгт хүн эргэчихээд түгжирч явахдаа гэнэт шийдээд, галт тэрэгний билет сурагласан чинь байна гэхээр нь гадаад пасспортоо халааслаад, хэдэн дотуур хувцас, оймс цүнхэндээ чулуудаж аваад, гараад шидчихсэн. Өглөө Замын Үүдээс 69 хөлөглөөд хил гарсан. Салбайсан машин хаалга нь гүйцэд хаагдахгүй, уначих вий гэж айгаад л, хаалганаас нь тас зуураастай явахдаа эргээд ийм машинаар яаж хил гарнаа гэж бодсон ш дээ хэхэ. Эрээн Замын Үүд 2 өдөр шөнө шиг өөр байна лээ шүү. Монголчууд бодвол Эрээнийг хөгжүүлсэн байх даа. За тэгээд эхлээд Эрээний автобусны буудал орж, Хөх хот явах билет авлаа. Нэг талдаа 35к юм билээ. Тэгээд халуун тогоо идсэн, монголтой харьцуулахад мах нь зузаан юм билээ. Манайхан арай л нимгэхэн зороод байдаг юм байна шүү гэж ярилцав. Цодойтлоо идэж аваад, автобусаар бараг 7 цаг явж байж, сая нэг Хөх Хотын барааг харлаа. Тэнд очоод 40к-аар хэр тааруу буудалд буув. Орой нь гоё амттай хятад хоолыг 2.5% пийжүүгээр даруулж, нилээд ууж байгаад унтлаа. Өглөө нь Хөх Хотын автобусны буудал орж Эзэн хороо хүртэл явна гэсэн автобусны билет авчихаад, кофе уух гээд хайтал кофе шоп байхгүй. 7-11 мэт дэлгүүрт орж, 2 томхон аягатай кофе аваад, өөрсдийн авч гарсан инстант кофегоо нэмж, халуун ус хийн найруулаад, гадаа сандал дээр Монголоос авч гарсан сонингоо дэвсэж байгаад тухтайхан сууж аваад ууж дуусгав. Үүнээсээ асар их сэтгэлийн таашаал эдлэв ээ гэж. За тэгээд цаашаа хөдөө зам нь авах юмгүй байх даа гэсэн бодолтойгоор автобусанд суусан боловч тасархай гоё хурдны замаар давхисаар 5 цагийн дараа Эзэн хороонд орж ирлээ. Цаашлах тусмаа хүмүүс нь монголоор ярих болов уу гэж горьдож байсан болов чиг хятад яриа л сонсогдоод байсанд урам хугарав. Дуншин гэж хотыг сүүлийн 15 жилийн дотор хятадууд босгосон, 30 жилийн турш өвөрмонголчуудад сар бүр мөнгө өгч тэжээх төсөл явж байгаа гэдгийг сүүлд дуулаад, яагаад ч юм элэг нэгт Монголчуудаа жигтэйхэн ихээр өрөвдөв. Ингээд Эзэн Хорооноос такси хөлслөөд Чингисийн Онгон луу давхилаа. Харанхуй нөмрөхтэй зэрэгцэн буйдхан газарт ирлээ. Буудал сурагласан боловч гадаад хүн буулгахгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу сонсоод, яахаа мэдэхгүй 2 зам тосон зогсож байгаад Мишагийн санаачлагаар хэд хэдэн машин зогсож буй улаан пайзтай газрыг зорьж очоод, өрөө байна уу гэсэн ашгүй нэг өвөрмонгол эмэгтэй таарч, аргагүй нутгийн хүний сэтгэл гаргасан уу та хоёрт өөр буудал бараг олдохгүй байх, гадаа хонолтой нь биш гээд пасспорт үзэхгүйгээр 30к-ийн өрөөнд оруулав. Орой нь нэг ч хүнгүй зоогийн газарт орж, хуршсан махтай төмстэй хуурга идэнгээ дахиад л нилээд хэдэн пийжүүний шил суллаж өрөв. Маргааш өглөө нь зорьсон газартаа очсон, тэнгэр цэв цэнхэр, салхилаад л яг Монголын налгар намрын өдөр мэт байв. Чингис хааны дүрс баримал бүхий өрөөнд очиж мөргөсөн. Хар сүлдэнд мөргөөд, хүж энэ тэр уугиулаад байсан чинь сүүлд уншихнаа дайны сүлдэнд эмэгтэй хүн мөргөдөггүй гэж бичсэн байна лээ. Мишад хэлсэн чинь манай хүн ч муухан эрээс дээр дээ, очоод дайн үүсгээд шуугиулах нь дээ гэж шоолов. Ингээд эргээд ирсэн замаараа сурсан дуугаа дуулж явсаар замдаа Хөх Хот, Эрээн, галт тэргэнд тус бүр нэг хоноод Улаанбаатартаа буулаа. Амгалангийн Өртөөнөөс эхлээд л "Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар" гэж аялсаар буулаа. Гэрээ санаад балрах шахсан шүү хэхэ. Гэхдээ л эргээд зургуудаа үзэж суухад "суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэж үнэн юм гэж бодсон.
|