|
Бүлэг 34
Хони гэртээ түрүүлж ирээд угаалгын өрөөнд цусан шалбааг дунд эвхрэлдэн хэвтэх Кэтийг олж харлаа. Вааран шалан дээр түүний дэргэд цусанд хутгалдсан умай хусдаг хусуур хэвтэж байв. Кэт умайн цус алдалтаас болж нас баржээ.
Мэгдэж орхисон Хони хөдлөх ч тэнхээгүй угаалгын өрөөний үүдэнд зогссоор.
- Ээ бурхан минь! гэж бөглүү дуугаар шивнээд үхдэл биеийн дэргэд сөхрөн суугаад чичигнэсэн хуруугаараа гүрээний судсан дээр дарлаа. Судасны цохилт тэмтрэгдсэнгүй. Хони зочдын өрөө рүү харайлган очиж харилцуур аваад 911-д залгав.
Эр хүний дуу гарч,
- Аврах алба 911 байна гэлээ.
Хони үг ч хэлэх чадалгүй саад дайруулсан мэт зогссоор.
- Аврах алба 911 байна... байна уу...
- Ту-туслаарай! Би... энд... гээд үг нь хоолойд нь тээглэн гацлаа. -Тэр... тэр үхчихжээ.
- Хэн үхчихээ вэ, авхай?
- Кэт.
- Таны муур үхээ юу?
- Үгүй! гэж Хони бачимдан хашгираад, -Кэт үхчихэж. Нааш нь хэн нэгнийг хурдан явуулаач! гэлээ.
- Авхай...
Хони утсаа тасалж орхиод салганан чичрэх гараараа эмнэлгийн утсанд залгав.
- Т... Тэйлор эмчтэй гэх түүний дуу амь тавьж байгаа мэт арай ядан шивнэв.
- Түр хүлээгээрэй.
Хони харилцуур автал хоёр минут хэртэй хүлээсний эцэст,
- Тэйлор эмч байна гэх Пейжийн дуу гарлаа.
- Пейж ээ! Чи... гэртээ хурдан ирэх хэрэгтэй байна!
- Хони юу? Юу болоо вэ?
- Кэт... үхчихэж... ээ
- Юу-уу? гэх Пейж үнэмшиж чадсангүй. - Яагаа вэ?
- Тэр... тэр өөрөө өөртөө үр хөндсөн шиг байна.
- Ээ бурхан минь! Би очлоо.
Пейжийг гэртээ ирэхэд хэдийнэ хоёр цагдаа, мөрдөгч, эмнэлгийн шинжээчид ирсэн байлаа. Тайвшруулах эм уулгасан Хони унтлагын өрөөндөө хэвтэж байв. Эмнэлгийн шинжээч Кэтийн нүцгэн биед үзлэг хийн бөхийжээ. Пейж цусаар будагдсан угаалгын өрөөнд орлоо. Мөрдөгч түүнээс,
- Та хэн бэ? хэмээн асуув.
Пейж амьгүй болсон Кэтийн биеэс нүд салгасангүй. Түүний царай цонхийн цайжээ.
- Тэйлор эмч байна. Би энд амьдардаг.
- Тэгвэл та бидэнд туслах уу? Би байцаагч Бернс байна. Энд амьдардаг нөгөө бүсгүйтэй ярилцах гэсэн чинь тэр хийрхээд болдоггүй. Манай эмч түүнд тайвшруулах эм өгсөн.
Пейж аймшигтай зураглалаас нүд салган,
- Та юу... юу мэдэхийг хүсээ вэ? гэв.
- Энэ бүсгүй энд амьдардаг уу?
- Тийм ээ.
Би Кенээс хүүхэдтэй болсон сайхан байгаа биз.
- Бүсгүй үр хөндөхийг оролдсон боловч азгүйтжээ хэмээн байцаагч бувтнав.
Пейж болсон явдлыг бодон таг дуугүй байснаа эцэст нь,
- Би үүнд итгэхгүй байна гэлээ.
Байцаагч Бернс агшны төдийд түүнийг ширтээд,
- Яагаад итгэхгүй байна гэж, эмч ээ? хэмээн лавлав.
- Тэр энэ хүүхдийг их хүсч байсан юм гээд Пейжийн санаа бодол нь бага зэрэг цэгцэрч, -Харин эцэг нь хүсээгүй юм гэлээ.
- Эцэг нь ий?
- Кен Мэллори эмч. Тэр тойргийн "Эмбаркадеро" эмнэлэгт ажилладаг юм. Мань эр түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байсан. Сонсооч, Кэт эмч... байсан гэж хэлэхдээ "байсан" гэдэг үгийг хэлэх нь түүнд тун хэцүү байлаа. - Хэрэвзээ тэр үр хөндөхийг хүссэн бол хэзээ ч өөрөө өөртөө угаалгын өрөөнд хийхгүй байх байсан юм. Энэ нэг л биш байна гээд Пейж толгой сэгсрэв.
Шинжээч босон үхдэлээс холдон явлаа.
- Магадгүй, тэр хүүхдийн тухай хэн нэгэнд мэдэгдэхгүй гэхдээ өөрөө хийхээр оролдсон байж болох юм.
- Яасан ч үгүй. Тэр бидэнд энэ тухай хэлсэн.
Байцаагч Бернс Пейжийг ажсаар.
- Энэ үдэш тэр гэртээ ганцаараа байсан уу?
- Үгүй. Тэр Мэллори эмчтэй болзоотой байсан.
Кен Мэллори урьд оройн болсон явдлыг бодон орондоо хэвтэж байв. Тэрээр алдаа гаргаагүй байгаа хэмээн алхам бүрээ нягтлан бодоод: "Бүгд зүв зүгээр" гэдэгт тэрээр баттай итгэлээ. Яг энэ мөчид хонх дуугарлаа. Мэллори гурав дахиа дуугарахыг нь хүлээгээд босон халаад нөмөрч хаалга руу очив.
- Хэн бэ? гэж тэрээр нойрмог дуугарав.
- Мэллори эмч үү? гэж хаалганы цаанаас асуув.
- Тийм байна.
- Байцаагч Бернс байна. Сан-Франциско мужийн цагдаагийн газар.
- Мужийн цагдаагийн газар ий? гээд үнэн голоосоо гайхсан өнгөөр дуугараад, Мэллори үүдээ нээлээ.
Үүдэнд зогсох эр цагдаагийн тэмдгээ үзүүлэн,
- Орохыг зөвшөөрнө үү? хэмээв.
- Ор ор. Юу болоо вэ?
- Та Хантер эмчийг мэдэх үү?
- Мэдэлгүй яахав гэснээ Мэллорийн царайд түгшүүр тодроод, - Кэтэд ямар нэг юм тохиолдоо юу? гэлээ.
- Та өчигдөр орой түүнтэй уулзсан уу?
- Тэгсэн. Бурхан минь гэж! Юу болоо вэ, хэлээд өгөөч? Тэр зүгээр үү?
- Танд муу мэдээ дуулгах болох нь дээ. Хантер эмч нас барсан.
- Нас барсан! Би итгэхгүй байна. Яагаа вэ?
- Гайхалтай нь тэр өөртөө үр хөндөхийг оролдсон бололтой, гэвч золгүйтжээ.
- Ээ тэнгэр минь! гээд Мэллори хашгираад буйдан сандалд лагхийн сууснаа, -Энэ миний буруу! гэлээ.
Байцаагч түүнийг анхааралтай харан,
- Таны буруу гэнэ ээ? гэсэнд,
- Тийм ээ. Би... Хантер эмч бид хоёр гэрлэх гэж байсан. Би түүнд одоо хүүхэдтэй болох цаг биш гэж хэлсэн. Би үүнийг бага зэрэг хүлээзнэе гэсэн юм л даа. Тэр ч зөвшөөрсөн. Би эмнэлэгтээ хандая, тэнд хэрэгтэй бүхнийг хийнэ гэж хэлсэн, гэвч тэрээр... би... би итгэж чадахгүй нь.
- Та хэдэн цагт Хантер эмчээс салсан бэ?
- Арван цагийн үед. Би түүнийг гэрт нь хүргэж өгөөд явсан.
- Гэрт нь орсон уу?
- Үгүй.
- Хантер эмч юу хийх санаатай байгаагаа танд хэлсэн үү?
- Та юу... Үгүй нэг ч үг хэлээгүй.
Байцаагч Бернс халааснаасаа карт гарган,
- Эмч ээ, та бидэнд тус болох ямар нэг юм санавал надад утасдаарай гэж хүсч байна гэлээ.
- Тэгэлгүй яахав. Би... энэ бүхэн намайг цочирдуулж байгааг та төсөөлөхгүй л дээ!
Пейж, Хони хоёр цурам хийлгүй бүх л шөнийн турш Кэтэд тохиолдсон явдлын тухай ярилцав. Тэд болсон явдалд ихэд цочирджээ.
Өглөөний 9 цагт байцаагч Бернс хүрч ирлээ.
- Өглөөний мэнд. Урьд шөнө Мэллори эмчтэй уулзсан тухайгаа на нарт дуулгах гэсэн юм.
- Тэгээд юу гэж байна?
- Тэрээр хамт хооллоод, дараа нь түүнийг гэрт нь хүргэж өгсөн гэж байна.
- Тэр худлаа хэлж байна гэж Пейж хашгираад бодолхийлэн байснаа, -Хүлээгээрэй! Кэтийн биенээс үрийн шингэн олдсон уу?
- Тийм ээ, олдсон.
- Харж байгаа биз! энэ чинь түүний худал хэлж байгааг баталж байна. Тэр түүнтэй унтаж, тэгээд...
- Энэ тухай би түүнтэй өнөө өглөө ярилцсан. Тэр оройн хоолны өмнө энгэр зөрүүлснээ хүлээсэн.
Гэвч Пейж бууж өгсөнгүй.
- Тэр түүнийг алсан. Хусуур дээр түүний гарын хээ байх ёстой гэж Пейжийн дуунд тэсэн ядсан өнгө илэрч,
- Тан нар хурууны хээ олсон уу? гэлээ.
- Олсоон, эмч ээ гэж байцаагч тайван дуугараад,
- Бүсгүйн хурууны хээ байсан гэв.
- Арай ч үгүй... Хүлээгээрэй! Тэгэхээр тэр өөрийн бузар хэргээ нуух гэсэндээ бээлийн өмсөөд, хусуур дээр Кэтийн хурууны хээг дарсан байна. Энэ хувилбар тан ямар санагдаж байна.
- Та "Алуурчин" эсвэл "Тэр аллагын тухай бичсэн" гэдэг телевизийн цуврал кино үздэг хүн шиг бодож байх шив.
- Та Кэтийг алсан гэдэгт итгэхгүй байна уу, аан?
- Үгүй л болов уу даа.
- Задлан хийсэн үү?
- Хийсэн.
- Тэгээд юу гэж байна вэ?
- Эмнэлгийн шинжээч золгүй явдлын улмаас нас нөгчсөн гэж тодорхойлсон. Мэллори эмч бүсгүй хүүхдээ авахуулахаар шийдсэн байсныг хэлсэн, гэвч гайхалтай нь...
- Тэгэхээр, тэр угаалгын өрөөнд өөрийгөө тас хэрчиж хаясан болох нь ээ дээ? гэж Пейж байцаагчийн үгийг таслаад, -Ээ тэнгэр минь гэж, байцаагч аа! Тэр чинь эмч хүн, мэс засалч байсан! Тэр хэзээ ч өөртөө ийм юм хийхгүй гэв.
Байцаагч Бернс бодолхийлэн,
- Та Мэллори эмч түүнийг үр хөндөхийг ятгаж, түүнд тусалсан, харин золгүй явдал болмогц зугтсан гэх гээ юу?
Пейж толгой сэгсэрч,
- Үгүй ээ гэх бүсгүй "Ингэх ёсгүй. Кэт үр хөндөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр түүнийг алсан" гэснээ, -Кэт их тэнхээтэй байсан. Тэгэхлээр тэр бодсоноо хэрэгжүүлэхэд... тэрээр ухаан мэдрэлгүй байсан байж таараа гэж дуулдахаар хэллээ.
- Задлангаар түүнийг ухаангүй байдалд хүргэсэн гэх ул мөр олдоогүй. Хоолой багалзуурт нь ямар ч хөх няц...
- Нойрны эмний ч юм уу ямар нэг ул мөр байсан уу?
- Юу ч олдоогүй гээд байцаагч эр Пейжийн царайд гайхсан шинж илрэхийг олж харснаа, -Миний бодлоор энэ аллага биш. Хантер эмч том алдаа хийсэн бололтой, тэгээд... надад тун харамсалтай байна гэв.
Пейж үүд чиглэн яваа байцаагчийг дуудан,
- Хүлээгээч! Танд ямар нэгэн сэжүүр алга гэж үү? гэхэд нь байцаагч Бернс эргэн хараад,
- Алга шив дээ. Кен Мэллори бүсгүйг үр хөндүүлэхийг зөвшөөрсөн гэж батлаад байна. Бидэнд батлах ул мөр үлдсэнгүй дээ, тийм үү? гэв.
- Та нарт алуурчинд... гээд Пейж бууж өгсөнгүй.
- Эмч ээ, бидэнд нотолгоо алга. Түүний үг хохирогчийн эсрэг мэдүүлэг болоод байдаг, гэтэл бүсгүй нас барсан. Надад үнэхээр харамсалтай байна.
Пейж түүнийг харцаар үдэн хоцорлоо.
"Би Кен Мэллорид мултрах боломж олгохгүй" хэмээн уур хилэндээ буцлан бодлоо.
Жейсон Пейжийнд хүрч ирээд,
- Юу болсон тухай сонслоо. Итгэж чадахгүй нь! Тэр яаж өөрөө өөрийгөө ингэж чадав аа? гэхэд нь,
- Тэр үүнийг хийгээгүй. Түүнийг алсан гэж Пейж өгүүлээд байцаагч Бернстэй уулзсан тухайгаа Жейсонд ярив.
- Цагдаагийнхан мөрдлөгөө үргэлжлүүлэхгүй нь бололтой. Тэд золгүй явдал гэж үзэж байна. Жейсон, би л Кэтийн үхэлд буруутай гэв.
- Яагаад чи гэж?
- Би л түүнд Мэллоритой наадах энэ тоглоомыг сэдэж, шалиг эрийг сургаад өгье гэсэн юм. Тэр үүнийг хүсэхгүй байж билээ. Бүх юм тэнэг даажигналаар эхэлсэн юм, гэтэл дараа нь тэр... түүнд дурлачихсан. Ээ, Жейсон!
- Үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй гэж мань эр шийдэмгий өгүүлэв.
Цөхрөнгөө барсан Пейж эргэн тойрноо харснаа,
- Би одоо энэ байшинд амьдарч чадахгүй нь. Эндээс явмаар байна гэлээ.
Жейсон түүнийг тэвэрч авлаа.
- Алив одоохон гэрлэе.
- Дэндүү хурдан байна. Би бодохдоо, Кэт амьд...
- Ойлгож байна. Ирэх долоо хоног хүртэл хүлээе.
- Тэгье.
- Пейж ээ би чамд хайртай.
- Хонгор минь, би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ энэ мунхаг хэрэг биш гэж үү? Би өөрийгөө буруутгаж байна, Кэт бид хоёр хоёул дурласан, гэтэл тэр минь үхчихсэн, харин би амьд байж байдаг.
"Сан-Франциско кроникл"-ын хоёр дахь өдрийн дугаарын эхний нүүрэнд нь зураг гарчээ. Түүнд Кен Мэллори Лорена Харрисоныг сугадан инээмсэглэсэн байх ажээ. Зургийн дор нь "Өв залгамжлагч бүсгүй эмчтэй гэрлэнэ" гэж тодоор бичжээ.
Пейж зургийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй ширтсээр.
Кэтийн үхсэнээс хойш ердөө л хоёрхон хоног өнгөрч байдаг, гэтэл Кен Мэллори өөр бүсгүйтэй сүй тавьснаа зарлаж байх гэж! Тэр цаг үргэлж Кэттэй гэрлэнэ гэж ам тангараг өгч байсан атлаа өөр хүүхэнтэй гэрлэхээр төлөвлөж байжээ. "Тэр Кэтийг алсны учир нь энэ байх шив. Кэт түүнд саад болжээ!"
Пейж харилцуур шүүрэн авч, цагдаагийн газарт утасдлаа.
- Байцаагч Бернсийг яриулаач.
Минутын дараа бүсгүй Бернстэй ярьж эхлэв.
- Тейлор эмч байна.
- Сонсож байна эмч ээ.
- Та "Кроникл"-ын өглөөний дугаарыг үзэв үү?
- Үзлээ.
- Өнөө сэжүүр чинь энэ байна! гэж Пейж тайлбарлаад, -Кен Мэллорид Лорена Харрисон мэдэхээс өмнө Кэтээс хагацах хэрэгтэй байжээ. Та Кен Мэллориг баривчлан ёстой гэж тэрээр харилцуурт хашгирах шахам өгүүлэв.
- Эмч ээ, тайвширч үз. Магадгүй бидэнд сэжүүр гарч ирж байж болох юм, гэвч би танд хэлсэн шүү дээ, бидэнд нотолгоо алга. Та л Мэллориг санаснаа гүйцэлдүүлэхэд Хантер эмч ухаангүй байсан гэж батлаад байгаа. Тантай уулзсаны дараа би задлангийн эмчтэй уулзсан. Түүнийг ухаан алдахад хүргэсэн ямар нэг цохиулж гэмтсэний ул мөр байгаагүй.
- Тэгэхлээр, тэрээр түүнд нойрны эм өгсөн байна гэж Пейж өөрийнхөөрөө зүтгэн, - Хлоралгидрат байж болох юм. Хурдан үйлчилгээтэй, бас...
Байцаагч Бернс хариуд нь тайвнаар,
- Эмч ээ, түүний бүх организмаас ямар ч хлоралгидрат олдоогүй. Надад харамсалтай байна, тун харамсалтай байна, гэвч бид зөвхөн гэрлэх гэж байна гээд хүнийг баривчилж болохгүй. Танд өөр хэлэх юм байна уу?
- Байхгүй гэж Пейж бөвтнөөд утсаа тасаллаа. Тэрээр утасны дэргэд суусан чигтээ: "Мэллори Кэтэд ямар нэг наркотик өгсөн л байж таараа. Түүнийг эмнэлгийн эмийн сангаас авсан болов уу" хэмээн бодлогоширов.
Арван таван минутын дараа гэхэд Пейж тойргийн "Эмбаркадеро" эмнэлэгт ирлээ.
Тэр эмийн сангийн дарга Пит Сэмьюэлзтэй уулзав.
- Өглөөний мэнд, Тэйлор эмч ээ. Юугаар туслах вэ?
- Хэд хоногийн өмнө Мэллори эмч танайхаар орсон гэсэн. Тэгээд ямар ч билээ нэг эм авснаа надад хэлсэн юм, гэтэл би нэрийг нь мартчихаж гэв.
Сэмьюэлз хөмсөг зангидаад,
- Мэдэхгүй, миний санаж байгаагаар Мэллори эмч сар шахам манайхаар орж ирээгүй дээ.
- Та итгэлтэй байна уу?
Сэмьюэлз толгой дохиод,
- Мэдээжийн хэрэг. Хэрэв тэр орж ирсэн бол би түүнийг саналгүй яахав. Бид хоёр чинь хөлбөмбөг их ярьдаг улс шүү гэв.
Пейж сэтгэлээр уналаа.
- Баярлалаа.
Тэгэхээр мань эр өөр нэгэн эмийн сангаас жор бичиж авсан байх нь ээ. Бүсгүй бүх наркотикийг 3 хувь бичиж олгох ёстой гэсэн хууль дүрэм байдгийг мэднэ. 1 хувь нь өвчтөнд, хоёр дахийг нь наркотикийн тооллогын товчоонд, гурав дахь нь эмийн санд үлдэх ёстой.
"Мэллори хаанаас аваа бол. Сан-Францискод хоёр гурван зуун эмийн сан бий" гэж Пейж эрэлхийлэн бодсоор. Түүнд бичсэн жорыг хайж олох ямар ч боломж байсангүй. Мэллори Кэтийг алахын өмнөхөн авсан байж таарна. Тэгэхээр хагас, бүтэн сайны аль нэгэнд байх нь ээ. "Хэрэв нямд авсан бол ч болох боломж байж болох юм байна. Ням гаригт маш цөөн эмийн сан ажилладаг. Энэ чинь эрлийн хүрээг хумьж өгнө гэсэн үг".
Пейж дүн бүртгэлд очин жижүүрийн хуваарийг үзлээ. Кен Мэллори бямбад бүхэл өдрийн турш жижүүртэй байжээ, тэгэхээр тэр нямд л наркотик авсан байна. Ням гаригт Сан-Францискод хэдэн эмийн сан ажилладаг бол доо?
Бүсгүй мужийн эмийн сангийн удирдах газар луу утасдан,
- Тэйлор эмч ярьж байна. Өнгөрсөн ням гаригт найз бүсгүй маань эмийн санд жороо орхичихжээ. Тэр намайг авчихаач гэж гуйсан чинь би ямар эмийн санд орхисныг нь мартчихаж. Та надад тус болохгүй юу?
- Танд хэрхэн туслахаа мэдэхгүй байна, эмч ээ. Хэрэв та...
- Гэхдээ ням гаригт ихэнх нь хаалттай байдаг байх аа, тийм үү?
- Тийм л дээ, гэхдээ...
- Та нямд ажилладаг эмийн сангийн нэрсийн жагсаалтыг өгвөл би танд ихэд талархах болно.
Ажилтан түгдчин,
- За яахав, энэ танд тийм чухал...
- Тун чухал хэмээн Пейж түүнийг ятгаж дөнгөв.
- Та түр хүлээгээрэй.
Жагсаалтад хот даяар тархсан гучин зургаан эмийн санг жагсаажээ. Пейж байцаагч Бернсээс эрэл хийхэд нь туслаач хэмээн хүсвэл тэрээр бүсгүйд итгэхгүй нь мэдээж. "Хони бид хоёр үүнийг өөрсдөө хийнэ" гэж Пейж эрс шийджээ. Тэрээр өөрийн бодлоо найз бүсгүйдээ тайлбарлахад,
- Ямар ч найдвар алга, тийм үү? гэж Хони асуугаад, - Чи түүнийг үнэхээр ням гаригт жор бичсэн эсэхийг нь мэдэхгүй байгаа шүү дээ гэлээ.
- Энэ бидний цорын ганц боломж гэснээ Пеэж "Кэтийн маань ганц боломж" гэж бодсоноо, -Би Ричмонд, Норт-бич, Аппер-Маркет, Мишн, Потрерогоор хайя, харин чи Эксельиор, Инглсайд, Лейк-Мерсед, Вестерн-Эддешн, Сансет дүүргээр яв гэв.
- Тэгье.
Пейж эхний эмийн санд ороод хайхрамжгүй дүр үзүүлэн,
- Миний найз Кен Мэллори эмч ням гаригт танайд ирж эм авсан гэнэ. Тэр одоо хотод байхгүй байгаа юм л даа, тэгээд мань эр энэ эмийг дахиад аваадах гэж гуйсан чинь би нэрийг нь мартчихаж. Та надад жорыг нь хайж туслахгүй юу?
- Кен Мэллори эмч гэнэ ээ? Одоохон гээд хэсэг азнаснаа эмийн санч эргэн ирж, -Ням гаригт Мэллори эмчийн бичсэн жор манайд алга хэмээв.
- Танд баярлалаа.
Дараагийн дөрвөн эмийн сангаас Пейж яг ийм хариу сонсчээ.
Хони ч гэсэн олсонгүй.
- Бид хэдэн мянган жороор эм олгодог гэдгийг та мэдэж байгаа биз дээ.
- Мэдэж байна, гэхдээ өнгөрсөн ням гаригт авсан шүү дээ.
- Манайд Мэллори эмчийн бичсэн жор алга, өршөөгөөрэй.
Тэд бүх л өдрийн турш нэг эмийн сангаас нөгөөд орон явсаар найдвар тасраад байлаа. Орой болж хаах цаг ч дөхөж байтал Пейж Потреро дүүргийн бага шиг эмийн сангаас эрлээ оллоо. Эмийн санч,
- Өө тийм. Би Мэллори эмчийг сайн санаж байна. Тэрээр өвчтөнийхөө гэрт дуудлагаар очиж явсан. Мань эр надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Одоо цагт гэрт нь дуудлагаар очдог эмч ч ховор доо.
"Тэр тусмаа дадлагын эмч нар дуудлагаар явдаггүй юм" хэмээн Пейж бодов.
-Тэр ямар эм аваа вэ? гээд Пэйж амьсгаа даран хариу хүлээв.
-Хлоралгидрат.
Бүсгүйн сэтгэл догдлон хамаг бие нь чичирлээ.
- Та үнэн хэлж байна уу?
- Тэгэлгүй яахав, энд бичсэн байгаа.
- Өвчтөний нэр хэн гэж байна?
Эмийн санч жорын нэг хувийг хараад,
- Спирос Леватис гэж байна хэмээв.
- Та надад жорын энэ хувийг өгч болох уу?
- Тэг тэг, эмч ээ.!
|