|
Бүлэг 18
Цэнгэг сайхан агаартай Сан-Францискогийн гайхамшигтай сайхан өдрүүдийн нэг байлаа. Шөний салхи үүлийг үлдэн хөөсөн цэлмэг сайхан нартай өглөө Жейсон Пейжийг авахаар очиход бүсгүйд түүнтэй уулзах таатаа санагдаад явчихад нь тэрээр ихэд гайхжээ.
- Сайн байна уу. Та сайхан харагдаж байна шүү.
- Баярлалаа.
- Өнөөдрийг юу хийж өнгөрөөе гэж бодож байна даа!
- Та чинь энэ хотын хүн биз дээ. Өөрөө саналаа хэлээч...
- Тэгье л дээ.
- Хэрэв та татгалзахгүй бол би эмнэлгээр түр ороод гармаар байна.
- Би өнөөдөр таны амралтын өдөр гэж бодсон юм сан.
- Тэр ч тийм л дээ, гэхдээ нэг өвчтөнд санаа зовоод байна.
- Тааллаар чинь болъё доо.
Жейсон түүнийг эмнэлэгт хүргэж иржээ.
- Би одоохон гэчихээд Пейж машинаас буулаа.
- Эндээ хүлээж байя.
Пейж гуравдугаар давхарт Жимми Фордын хэвтэж буй тасаг руу өгсөв. Тэрээр урьдын адил ухаангүй, судсанд нь дусал залгаатай хэвээр байлаа.
Тасагт түүнийг сахин суусан сувилагч Пейжийн орж очиход нь толгой өндийн,
- Өглөөний мэнд, Тейлор эмч ээ гэв.
- Өглөөний мэнд. Яаж байна, дээрдэж байна уу?
- Дээрдсэн юмгүй байх шив.
Пейж судасны нь цохилтыг үзээд, зүрхийг нь чагналаа.
- Хэдэн долоо хоног өнгөрлөө гэж сувилагч өгүүлээд,
- Дээрдэхгүй нь ээ дээ, тийм үү? гэв.
- Тэр амьд гарна аа гэж Пейж шийдэмгий хэлээд Жиммийн хөдөлгөөнгүй бие рүү эргэн, -Чи намайг сонсож байна уу? Чиний бие яаж байна? гэхэд нь, Жимми ямар ч хариу илэрхийлсэнгүй. Пейж нүдээ анин сэтгэлдээ залбирал уншаад, -Өчүүхэн төдий өөрчлөлт гарвал намайг даруй дуудаарай гэлээ.
- Тэгье, эмч ээ.
"Тэр үхэхгүй" хэмээн бүсгүй өөрийгөө ятгав.
"Би түүний үхэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй".
Пейжийг гарч ирэхийг хараад Жейсон машинаасаа бууж очив.
- Зүгээр үү?
- Зүгээр ээ, бүх юм зүгээр гэж Пейж хариулах нь өөрийн асуудлыг түүнд хэлэхийн хэрэггүй гэсэн бололтой.
- Өнөөдөр жуулчны дүрд тоглоцгооё хэмээн Жейсон санал гаргаад, -Жуулчид хотын аяллаа Загасчдын эргээс эхэл гэсэн мужийн хууль байдаг юм гэлээ.
Пейж инээмсэглэн,
- Тэгвэл бид хууль зөрчихгүй шүү гэлээ.
Загачдын эрэгт баяр наадмын ажиллагаа ид явагдаж алиалагч, бүжигчин, хөгжимчид гудамжны тоглолт хийж явцгааж байв. Худалдаачид чанасан наймаалж, шинэхэн талхтай нялхай хорхойн сүмс худалдана.
- Дэлхий дээр ийм жаргалтай газар байхгүй дээ хэмээн Жейсон бахдан өгүүлэв.
Түүний яриа Пейжийг уяраажээ. Бүсгүй хэдийнэ Загасчдын эрэгт ирэн Сан-Францискогийн хамаг дурсгалт газруудыг үзсэн боловч Жейсоны урсыг хугалахгүйн тул энэ талаар үг цухуйлгасангүй.
- Та дүүжин трамбайд сууж үзээгүй биз? хэмээн Жейсоныг асуухад нь,
- Үгүй гэлээ. "Долоохон хоногийн өмнөхөн түүнийг үзсэн сэн".
- Тийм дээ, та юу ч үзээгүй бололтой! Явцгаая.
Тэр хоёр Поуэлл гудамж орон дүүжин трамбайд сууцгаав. Трамбай дээш өгсөж эхлэхэд Жейсон,
- Энэ дүүжин замыг "Халлидийн солиорол" хэмээн нэрлэдэг байсан юм. Мань эр үүнийг 1873 онд барьсан юм гэнэ билээ.
- Мэдээж бүгд л энэ замыг удаан тэсэхгүй гэж үзэж байсан биз.
Жейсон инээмсэглэн, -Яг үнэн. Би сургууль сурч байхдаа амралтын өдрөөр хөтөчөөр ажиллаж байсан юм гэлээ.
- Таныг сайн хөтөч байсан гэдэгт эргэлзэхгүй л байна шүү.
- Хамгийн шилдэг нь байсан юм шүү. Намайг хэрхэн тайлбарладаг байсныг сонсох уу?
- Дуртайяа.
Жейсон хөтчийн дүрд хувиран үл ялиг гуншаа дуугаар,
- Ноёд хатагтай нар аа, та бүхэнд Сан-Францискогийн хамгийн эртний гудамж болох Гранд-авеню, 7 миллийн урттай хамгийн урт гудамж Мишн, хамгийн өргөн 125 футтэй Ван-Несс авеню, ердөө л дөрвөн фут хагасын өргөнтэй үзээд гайхмаар Де Форест-стритийг танилцуулах гэж байна. Мөн 31 хагас градустай хамгийн эгц өгсүүр Филберт гудамж байдаг гээд залуу хүүхнийг харан инээснээ, -Энэ бүхнийг санаж байна гэдэгт гайхаж байна шүү гэв.
- Тэгээд цааш нь? хэмээн трамбайгаас гарах зуур Пейж инээмсэглэн асуув.
- Хоёул бүхээгт тэргээр зугаална аа.
Арван минутын дараа тэд Загачдын эргээс Жирарделли талбайгаар өнгөрөн Норт бич рүү хүргэж өгөх бүхээгтэй морин тэргэнд суулаа. Жейсон зам зуур түүх дурсгалт газруудын тухай ам хамхилгүй ярьж, түүнтэй хамт байх нь Пейжид ихэд сайхан байхыг бүсгүй мэдэрчээ.
"Бүү сэтгэл алдраасай даа".
Тэд хотыг бүхэлд нь харахаар "Койт тауэр" тийш гарсны дараа доош бууж явахдаа Жейсон,
- Та өлсөж байна уу? гэж асуув.
Эрүүл агаарт гарсан Пейжийн хоол идэх дур нь өлссөн араатан мэт шуналтайяа асч,
- Өлсөж байна хэмээн үнэнээ хэллээ.
- Сайн байна. Би таныг дэлхийн хамгийн шилдэг "Томми Тойк" гэдэг хужаа ресторанд оруулъя.
Далайн хишгээр хийсэн зоог, шарсан дэгдээхий гээд үдийн хоол нь жинхэнэ хүлээн авалт болон хувирчээ.
- Та энд байнга ирдэг үү? гэж Пейж сонирхон асуувал,
- Аятайхан тохиолдол бүрт ирдэг гэв.
Пейжийн дурыг татах томоогүй нэгэн зан Жейсонд байх аж.
- Та архитектор болохыг тэгтлээ их хүсч байсан уу, аан?
- Надад өөр сонголт байгаагүй гээд мань жуумалзаад,
- Миний анхны тоглоом маань зохион бүтээх тоглоом байсан юм. Нэгийг бүтээхээр мөрөөдөж, дараа нь чиний мөрөөдөл нь бетон, тоосго, чулуугаар тэнгэр өөд цойлон сүндэрлэж чиний амьдарч буй хотын чинь нэгэн хэсэг болохыг харна гэдэг юутай сайхан.
Би чамд зориулан Таж-Махал бариулна. Хэдийн хугацаа орох нь надад хамаагүй.
- Пейж ээ, би дуртай ажлаа хийж бүтээж яваа азтай хүн. "Хүмүүсийн ихэнх нь амьдралдаа азгүйтдэг" гэж хэн хэллээ, аан?
"Миний өвчтөнүүд яасан ч олон юм бэ дээ" гэж Пейж бодлоо.
- Би өөрийг эрхэлж, өөр газар амьдрахыг хүсэхгүй. Энэ гайхалтай сайхан хот! гэх Жейсоны дуунд сэтгэл хөдлөл нь илт тодорно. -Энд хүний хүссэн бүхэн бий. Би энэ хотоос хэзээ ч уйдахгүй.
Түүний амьдралынх нь урам зориг Пейжид ихэд таалагджээ.
- Та гэрлэсэн үү?
Жейсон мөрөө хавчаад, -Нэг удаа гэрлэсэн. Гэвч бид дэндүү залуу байсан учраас бүтээгүй юм.
- Надад тун харамсалтай байна.
- Харамсах юм алга. Тэр мах экспортлогч тун баян эртэй гэрлэсэн. Харин та гэрлэж байсан уу?
Би том болоод бас эмч болно. Бид гэрлэж, хамт ажиллана.
- Үгүй.
Тэд тэнгисийн булангаар "Алтан хаалга" хэмээх гүүрэн доогуур аялав. Жейсон мөн л хөтчийн дуугаар,
- Ноёд, хатагтай нар аа, энэ бол дэлхийд цуутай пулемёт Кли, Аль Капоне, Роберт Штрауд гэх мэтийн гэмт хэрэгтнүүдийн хоргодож байсан "Алькатрас" хэмээх алдартай шорон юм. "Алькатрас" гэдэг нь испаниар "хотон шувуу" гэсэн үг. "Хотон шувуудын арал" тэдний оршин суух цорын ганц газар байв. Энэ шоронгийн гэмт хэрэгтнүүд өдөр бүр халуун шүршүүрт ордог байсныг та мэдэх үү?
- Үгүй.
- Тэднийг усаар дамжин оргож босохыг оролдоно гээд тохойн хүйтэн усанд дасгахгүйн тулд ингэдэг байжээ.
- Нээрээ гэж үү? хэмээн Пейжийг гайхахад,
- Би таныг хэзээ ч юм хуурч байсан гэж үү? гэлээ.
Тэртээ орой болсон хойно Жейсон,
- Та урьд өмнө Ноягийн хөндийд очсон уу? гэв.
Пейж толгой сэгсрээд, -Үгүй хэмээв.
- Би танд энэ газрыг үзүүлмээр байна. Урьд нь тэнд зөвхөн ферм, горхи байсан бол одоо энэ хөндий цэцэрлэг бүхий өнгө өнгөөр алагласан байшингаар дүүрсэн. Тэндхийн байшингууд эртнийх учраас энэ бүс 1906 онд газар хөдлөлтөд нэрвэгдээгүй юм.
- Таатай сонсогдож байна шүү.
Жейсон түгдрэн,
- Тэнд надад байр бий. Түүнийг очиж үзэхгүй юу? гээ залуу Пейжийн царайг ажсанаа, -Гэхдээ би танд хайртай шүү, Пейж ээ гэжээ.
- Гэвч бид дөнгөж танилцаж байгаа. Хэдийдээ та амжаа вэ?
- Би үүнийг таны "Үзлэгт цагаан халаад өмсөн ёстой гэдгийг та мэдэхгүй юу?" гэж хэлэх тэр мөчид ойлгосон юм. Тэр үед л би танд дурласан.
- Жейсоон...
- Би анх хармагц дурласан хайр дурлалд итгэдэг. Миний өвөө эмээг минь дугуй унаад цэцэрлэгээр явж байхад нь харан түүний араас явсаар, 3 сарын дараа тэд гэрлэцгээжээ. Тэд 50 жилийн турш үхэн үхтлээ хамт амьдарцгаасан. Харин аав ээжийг гудамж хөндлөн гарч явахыг хараад тэр түүний эхнэр болно гэдгийг ойлгожээ. Ингээд тэд маань 45 жил хамт амьдарч байна. Энэ бол гэр бүлээс надад уламжилж ирсэн юм. Би тантай гэрлэмээр байна.
Энэ бол туйлын үнэн агшин байв.
Пейж Жейсоныг харан: "Тэр бол Альфредаас хойш миний анзаарч буй анхны эр. Тэр гайхамшигтай ухаантай, цагаан сэтгэлтэй. Түүнд бүсгүй хүн эр хүнээс хүсэх бүх юм бий. Би яаж орхио вэ? Би дахиад ангуучтай зууралдах нь уу даа". Бүсгүй сэтгэлийнхээ гүнд нэг л өдөр Альфред эргэж ирнэ хэмээн найдаж байв.
Тэрээр Жейсоныг нэгэнтээ хараад шийдлээ.
- Жейсоон...
Яг энэ мөчид пейжер нь нэг л яаралтай түгшүүртэйгээр дуугарлаа.
- Пейж ээ.
- Би утсаар ярилгүй болохгүй нь гээд хоёр минутын дараа гэхэд эмнэлэг рүү залгалаа.
Жейсон Пейжийн царай нь цонхийн цайгаад ирэхийг харав.
Тэрээр харилцуурт, -Үгүй! Яасан ч үгүй! Намайг одоо очлоо гэж хэл гэж хашгираад харилцуураа тавив.
- Юу болоо вэ? гэж Жейсон зовнин асуув.
Пейж түүн рүү эргэхэд нь түүний нүдэнд дүүрэн нулимс мэлтэлзэж байлаа.
- Жимми Форд миний өвчтөн. Тэд түүний хүчилтөрөгчийг салгах гэж байна. Тэд түүнийг үхүүлэх гэнэ.
Пейжийг Жимми Фордын тасагт ороход Жорж Ингланд, Бенжамин Уоллис, өмгөөлөгч Сильвестер Дэймон нар тэнд байлаа.
- Энд юу болоод байна вэ? хэмээн Пейж хариу шаардсан шийдэмгий өнгөөр асуулаа.
- Өглөө комиссын хуралдаанаар ёс суртахууны талаар хэлэлцсэн хэмээн Бенжамин Уоллис өгүүлэв. -Комиссынхон Жимми Фордын биеийн байдал найдваргүй гэж үзлээ. Бид таслахаар шийд...
- Үгүй! гэж Пейж хашгирлаа. -Та нар ингэх ёсгүй! Би түүний эмчлэгч эмч, тэр амьд гарах боломжтой гэдгийг би хэлж байна. Бид түүнийг үхүүлж хэрхэвч болохгүй.
Сильвести Дэймон ярианд оролцож,
- Эмч ээ, та үүнийг шийдэх ёсгүй гэв.
Пейж түүнийг сөргөн,
- Ингэхэд та хэн гээч вэ? хэмээв.
- Би тэдний гэр бүлийн өмгөөлөгч гээд халааснаасаа бичиг гарган Пейжид сарвайв. -Энэ Жимми Фордын гэрээслэл. Энд хэрэв тэрээр амь насанд нь аюултай гэмтэлд өртвөл, тэрээр түүнийг зохиомлоор амьд байлгахыг хүсэхгүй гэдгийг тусгайлан тэмдэглэсэн байгаа.
- Гэхдээ би түүний биеийн байдлыг цаг үргэлж хянаж байгаа шүү дээ гэж Пейж мөргөн гуйж, - Хэдэн долоо хоногийн турш түүний биеийн байдал тогтонги байгаа. Тэр хэдийд ч комын байдлаас гарч болно.
- Та үүнийгээ баталж чадах уу? гэж Дэймон асуулаа.
- Үгүй, гэвч...
- Тэгвэл та танд хэлснийг л хийж болж дээ, эмч ээ.
Пейж Жиммийн хөдөлгөөнгүй биеийг нэгэнтээ хараад,
- Үгүй ээ! Та нар дахиад жаахан хүлээх ёстой гэлээ.
Өмгөөлөгч дуугаа намсган,
- Эмч ээ, би таныг ойлгож байна аа, эмнэлэг өвчтөнөө аль болох удаан амьдруулахыг хүсдэг бол харин гэр бүлийнхэн нь цаашид түүний зардлыг төлөхийг татгалзаж байна. Иймээс би танд хүчилтөрөгчийг таслахыг тушааж байна гэлээ.
- Ердөө ганц хоёр өдөр ч гэхнээ! гэж Пейж цөхрөн өгүүлээд, -Би найдаж... гэлээ.
- Үгүй. Өнөөдөр гэж Дэймон үгийг нь таслав.
Жорж Инглад Пейжид хандан,
- Надад тун харамсалтай байна, гэвч бидэнд өөр сонголт алга гэж айх юм гэхэд нь,
- Танд баярлалаа, эмч ээ гэж өмгөөлөгч дуугараад, -Энэ бүхнийг таны мэдэлд итгэмжлэе. Харин би гэр бүлийнхэнд нь өнөөдөр хүчилтөрөгчийг салгана гэж хэлье, оршуулганд нь бэлдэцгээг гээд тэрээр Бенжамин Уоллист хандан, -Хамтран ажилласанд талархая, баяртай гэлээ.
Тэрээр тасгаас гарч явахад үлдэгдсэд түүнийг харцаараа үдэн хоцорлоо.
- Бид Жиммийг ингэж болохгүй! гэж Пейж хашгирав.
Уоллис эмч хоолойгоо засан,
- Пейж ээ... гэхэд,
- Хэрэв бид түүнийг өөр тасагт нуувал яасан юм бэ? Эсвэл бид мартчихсан...
Бенжамин Уоллис,
- Пейж ээ, энэ бол хүсэлт биш. Энэ тушаал гэж хэлээд Жорж Ингландад, -Та гүйцэтгэх...? гэв.
- Үгүй! гэж Пеэж орь дуу тавин хашгираад,
- Би... би үүнийг өөрөө хийнэ гэлээ.
- Сайн байна.
- Хэрэв та нар татгалзахгүй бол би түүнтэй ганцаар үлдмээр байна.
Жорж Инглад түүний мөрийг илэн,
- Надад харамсалтай байна, Пейж ээ гэлээ.
- Мэдэж байна аа.
Ингланд, Уоллис хоёр тасгаас гарлаа.
Пейж Жиммитэй ганцаар үлдэв. Тэрээр түүний амийг зогоож буй хүчилтөрөгчийн багийг, түүнийг тэжээж буй дуслыг харлаа. Хүчилтөрөгчийг таслан, түүний амийг хороох юутай амар хялбар байна гээч! Гэвч эл залууд сайхан мөрөөдөл, агуу төлөвлөгөө байв аа.
Хэзээ нэг цагт би эмч болно. Би яг л тан шиг байна. Намайг гэрлэх гэж байгааг та мэдсэн үү? Бэтси гэдэг юм. Бид хоёр олон хүүхэдтэй болно. Анхны охиноо Пейж гэж нэрлэнэ.
Пейж Жиммийг харан зогссоор нүдийг нь нулимс бүрхэн яг л манан дунд хөвж яваа мэт.
- Хараал идмэр! Чи өөдгүй хулчгар! Чиний хүсэл мөрөөдөл чинь яах болж байна! Би чамайг эмч болохыг хүсч байна гэж бодож байсан сан! Алив нүдээ нээ! гээд бүсгүй түүний цонхигор царайг харлаа. Ямар ч мэдрэмж алга. -Надад харамсалтай байна, тун харамсалтай байна гэж Пейж шивнээд Жиммийн хацар дээр үнсэхээр тонгойж байснаа гэнэт алгуурхан өндийн түүний нүдийг нь харлаа. -Жимми! Жимми!
Тэрээр нүдээ цавчласнаа дахин анив. Пейж түүний гарыг нь шүүрэн авч тонгойсноо мэгшин уйлж,
- Жимми чи дуслаар тэжээгдэж байгаа өвчтөний тухай онигоо сонссон уу? Тэр эмчээс: "Дахиад нэг шилийг нэмж болохгүй юу? Өнөөдөр үдийн хоолонд над дээр зочин ирэх юмсан" гэдэг дээ.
|