|
ЭЛСНИЙ ХААД
Саймон Кресс хотоос тавин километрийн зайтай газар хуурай чулуурхаг толгод дунд орших эзэмшил газрынхаа байшинд ганцаар амьдардаг байв. Саймон өөрийн тэжээвэр амьтаддаа ая тухтай санаа тавихын тулд зориуд ойр хавьдаа хөршгүй байв. Махчин харцагын тухайд асуудалгүй байж ашигладаггүй дээврийн гонхонд үүрлэн юу олдсоноороо голоо зогооно. Крессийн шамблерын хувьд гадаа хөөгдөн өөрийгөө тэжээх бөгөөд бяцхан мангас өт хорхой, шувуу, рокжокоор хооллох аж. Гэвч загасны хорго дахь дэлхийн жинхэнэ пирана загасыг хооллоход төвөг учрав. Кресс эцэст нь үхрийн гуя том хоргонд шидэж өгчээ. Хэрвээ хоол өгөхгүй удаавал пирана загас үргэлж бие биенийгээ идэх бөгөөд тэдний ингэх нь Крессийг хөгжөөдөг байв.
Харамсалтай нь энэ удаад санаснаас уджээ. Түүний эцэст нь эргэн ирэхэд бүх загасны зэрэгцээ харцага ч гэсэн үхсэн байв. Шамблер гонхон руу авиран гарч шувууг иджээ. Энэ нь Крессийн уурыг хүргэв.
Маргааш нь тэрбээр хөлөгтөө суун тэндээс хоёр зуун километрийн зайд оршдог Эсгард луу явлаа. Оршин суугчид нь хамгийн эртний том сансрын боомт гэж онгирдог Эсгард Балдур гаригийн том хот байв. Кресс анд нөхдөө ер бусын хачин жигтэй, зугаатай, үнэтэй амьтдаар сэтгэгдэл төрүүлэх дуртай бөгөөд Эсгард чухамхүү үүнийг худалдан авч болох газар билээ.
Энэ удаад түүнд аз таарсангүй. «Зенопет» хаалгаа хааж, «Т’етерэйн амьтны дэлгүүр» ахин нэг харцага зарахыг оролдон, «Стэнж Вотерс» пирана, гэрэлтдэг аварга загас, аалзан арваалжаас өөр онцгой сонин амьтан байсангүй. Кресст энэ бүх амьтан байсан болохоор ямар нэг шинэ содон юм хүсч байлаа.
Бүрэнхий болохын алдад ямар нэг урьд нь орж байгаагүй газар хайн Рэйнбоу Булвардаар уруудан явлаа. Эндээс сансрын боомт маш ойрхон тул гудамжинд импортын худалдааны төвүүд эгнэжээ. Том худалдааны төвүүд нууцлаг санагдуулах хар хөшиг татсан сүрлэг үзмэрийн урт цонхонд эсгий жинтүүн дээр харь гаригийн үнэтэй ховор эд өлгийн зүйл тавьжээ. Тэдний дунд чигжин байрласан хуучин эдлэлийн дэлгүүрт давчуу жижигхэн үзмэрийн цонхон дээрээ бүх төрлийн ховор хуучны эд пиг чихсэн байв. Кресс бүхий л дэлгүүрээр орж үзсэн ч ижилхэн урам хугарчээ.
Тэгтэл нэг өөр төрлийн дэлгүүрт ирлээ.
Эндээс боомт маш ойрхон тул Кресс урьд нь энд ирж байсангүй. Дэлгүүр дундаж хэмжээний ганцхан давхар байшингаас бүрдэх бөгөөд цэнгээний баар, Нууц эгч дүүсийн сүм-эмсийн хүрээлэнгийн дунд байлаа. Дэлгүүр нэг л ер бусын анхаарал татам байв.
Үзмэрийн цонхонд нь дүүрэн манан хөшиглөж цайвар улаан байснаа саарал манан татан тэндээсээ гялалзсан алтан өнгийн боллоо. Манан эргэлдэн хуйларч бүүдгэр гэрэлтэнэ. Кресс үзмэрийн цонхонд тавьсан зүйлс рүү шагайсан ч сайн харж болсонгүй. Манан тэднийг тойрон хуйлран эргэлдэж хэсэг хэсгээр нь хучин далдалж тэгснээ бүрэн алга болох нь хорхой хүрэм байлаа.
Түүнийг харах зуур манан дунд нэг нэгээр үг тодроход, Кресс зогсоод уншлаа.
«ВОУ. БА. ШЭЙД. ИМПОРТЛОГЧИД. ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛС. УРЛАГИЙН БҮТЭЭЛ. АМЬДРАЛЫН ХЭЛБЭР ».
Үсэг зогслоо. Манан дундуур Кресс ямар нэг хөдөлж буй зүйл харав. Сурталчилгааны «Амьдралын хэлбэр» гэсэн үг түүний хувьд хангалттай байв. Тэрбээр хүрмээ мөрөндөө тохоод дэлгүүр рүү оров.
Дотор нь ороход Крессийн толгой эргэх шиг болов. Дэлгүүр гадна талын даруухан төрхөөсөө илүүтэй маш өргөн том, уудам ажээ. Бүүдгэр тайвшируулах гэрэл гийгүүлнэ. Таазанд эргэлдсэн мананцартай одод хучсан нь туйлын бодит сэтгэгдэл төрүүлэх агаад лангуунууд дотор нь байгаа зүйл сайн харагдах бүүдгэр гэгээтэй байв. Лангууны жигүүр хооронд газар манан хучжээ. Өтгөн манан өвдөг хүртэл хуйлран явахад шагайны дэргэдүүр эргэлдэв.
– Танд юугаар туслах вэ?
Эмэгтэй манан дундаас гарч ирэх мэт санагдлаа. Тэрбээр өндөр, туранхай, цайвар арьстай бөгөөд саарал комбинзон өмсөж толгойныхоо ар дагзан дээр этгээд жижигхэн малгай тогтоожээ.
– Та Воу юм уу Шэйд үү? Эсвэл зүгээр туслах худалдагч уу? гэж Кресс асуув.
– Жэйла Воу таны мэдэлд байна. Шэйд үйлчлүүлэгчидтэй уулздаггүй юм. Бидэнд туслах худалдагч хэрэггүй.
– Танайх том дэлгүүр юмаа. Хачирхалтай нь урьд өмнө би та нарын тухай сонсож байсангүй.
– Бид Балдурт дэлгүүрээ дөнгөж нээгээд байна. Үүний зэрэгцээ бусад ертөнцөд ч гэсэн худалдаа хийх эрхийн гэрээ бий. Та юу сонирхох вэ? Урлагийн төрөл үү? Та цуглуулагч байрын төрхтэй харагдаж байна. Би танд Нор Талушийн маш сайхан болор сийлбэр үзүүлж болох юм.
– Хэрэггүй. Би хүссэн бүх болор сийлбэрээ авсан. Би амьтан сонирхох гэж ирлээ.
– Амьдралын хэлбэр үү?
– Тийм.
– Харийнх уу?
– Яг тийм.
– Манайд Селиа гаригаас авчирсан дуурайдаг амьтан байгаа. Бяцхан ухаалаг сармагчин. Зөвхөн ярьж сургаад зогсохгүй дуу хоолойны өнгө хувирал, дохио зангаа, царайны төрхийг хүртэл дуурайна.
– Хөөрхөн л юм гэвч ердийн. Наадах чинь надад хэрэггүй, Воу. Би ямар нэг ер бусын юм хүсч байна. Ер бусын болохоос хөөрхөн биш. Би хөөрхөн амьтдыг үзэн яддаг юм. Надад одоо Котогоос авчирсан шамблер бий. Үе үе би түүнийг муурын зулзагаар тэжээдэг. Энэ хөөрхөн амьтдын тухай миний бодол. Та миний ярьж байгааг ойлгосон уу? гэхэд Воу учир битүүлэг инээмсэглэв.
– Танд урьд нь шүтлэгтэй амьтан байсан уу?
– Өө ахиад л уу. Надад шүтлэг хэрэггүй, Воу. Ердөө зугаацах юм хэрэгтэй байна гээд Кресс инээд алдав.
– Та намайг буруу ойлгожээ. Би шүтэх тухай ярьж байна гэж Во нөгөөх л хачирхалтай инээмсэглэсэн хэвээр хэлэв.
– Та юуны тухай яриад байна?
– Надад танд үзүүлэх нэг зүйл бий гэж бодож байна. Миний араас яваарай гэж Во хэллээ.
Тэр Крессийг хуурамч одны гэрэлд солонгорсон лангуунуудын хоорондуур хөшиглөсөн манан дунд дагуулан явлаа. Тэд манан ханыг нэвтэрч дэлгүүрийн ахин нэг хэсэгт ороход том хуванцар хоргоны өмнө зогсов. Аквариум байна гэж Кресс бодлоо.
Гэвч Во зангахад Кресс алхам ойртон буруу бодсоноо харлаа. Энэ нь террариум байв. Хааш хаашаа хоёр метрийн дөрвөлжин зайд бяцхан цөл байгуулжээ. Улаан гэрэлд цайвар элс цонхигор улаанаар туяарна. Элсэн дээр базальт, кварц, боржин чулуу байв. Түүнээс гадна хоргоны өнцөг булан бүрд цайз байлаа.
Кресс нүдээ анивчин сайтар харахад ердөө гурван цайз байв. Дөрөв дэх нь хазайж хэмхрэн нуржээ. Бусад гурав нь болхи хэдий ч бүрэн бүтэн бөгөөд чулуу элсээр байгуулжээ. Хэрмийн хана дээгүүр бяцхан амьтад авирч бууна. Кресс царайгаа хуванцар хоргонд наагаад,
– Шавьж уу? гэж асуув.
– Үгүй ээ. Амьдралын илүү ярвигтай хэлбэр. Дээрээс нь маш их ухаантай. Танай шамблераас илүү ухаантай. Эднийг «элсний хаад» гэж дууддаг юм.
– Шавьж байна гээд Кресс хоргоноос толгойгоо хойш болгон хөмсөг зангидлаа. – Надад тэдний хичнээн ярвигтай хамаа алга. Тэгээд ч намайг ухааны тухай яриагаараа битгий мангууруулах гээд бай. Эд нар чинь хамгийн энгийн тархины бүтэцтэй байхад дэндүү бяцхан юм байна.
– Тэдэнд нийтлэг ухаан байгаа. Энэ тохиолдолд цайзын ухаан. Энд ердөө гурван организм байгаа. Дөрөв дэх нь үхчихсэн юм. Цайз нь хэрхэн нурж унасныг харж байна уу? гэхэд Кресс хорго руу буцаж харлаа.
– Нийтлэг ухаан гэнэ ээ? Сонирхолтой юм. Гэсэн ч ердөө томруулсан жижигхэн хөдөөний шоргоолж байна. Би ямар нэг өөр арай дээр юм байгаа гэж найдсан юмсан.
– Тэд дайн хийж тулалддаг юм.
– Дайн гэнэ ээ? Хмм гээд Кресс ахин харлаа.
– Хүсвэл өнгийг нь ажигла л даа гээд Во ойролцоох цайзын орчим шавааралдсан амьтад руу заав. Нэг нь хоргын ханан дээр авирч байв. Кресс үүнийг хянамгай харсан ч нүдэнд нь өчүүхэн шавьж хэвээр үзэгдэв. Бие нь хумсны толионоос томгүй урттай, зургаан мөч, зургаан бяцхан нүдтэй ажээ. Эвэр, хазуур, нүд, хөл нь тас хар өнгөтэй ч гал шаргал өнгийн хуягтай байв.
– Шавьж л байна даа гэж Кресс давтав.
– Энэ бол шавьж биш. Тэд өсөж том болох үедээ гээдэг хуягласан өмсгөлтэй. Элсний хаан том болдог ч хоргын хэмжээнээс болоод ийм байгаа юм гээд Крессийн тохойноос барин хоргыг тойрон дараагийн цайз руу очлоо.
– Эд нарын өнгийг хараач.
Крессийг харахад тэд өөр өнгөтэй байв. Эндхийн элсний хаад хурц улаан өнгийн хуягтай бөгөөд эвэр, хазуур, нүд, хөл нь шар ажээ. Кресс хоргын дотор хяламхийв. Гурав дахь цайз улаан эмжээртэй цагаан өнгөтэй байв.
– Хмм гэж тэр гүнгэнэлээ.
– Тэд миний хэлсэн ёсоор хоорондоо дайтдаг юм. Тэр ч байтугай энхийн хэлэлцээр хийж, холбоо байгуулдаг. Чухамхуу холбооноос болж энэ хоргын дөрөв дэх цайз устсан хэрэг. Харынхан дэндүү олшироход бусад нь хүчээ нийлүүлж тэднийг устгасан гэж Воу хэллээ.
Кресс үүнд итгэсэнгүй.
– Эргэлзээгүй хөгжилтэй л юм. Гэсэн ч шавьжнууд бас дайтдаг.
– Шавьжнууд шүтлэггүй.
– Юу гэнэ ээ?
Во инээмсэглэн цайзын зүг заахад, Кресс алмайран харав. Хамгийн өндөр цамхгийн ханан дээр хүний царай сийлбэрлэсэн байв. Кресс түүнийг Жэйла Воугийн царай болохыг танилаа.
– Яаж тэр вэ?
– Би нүүрнийхээ зургийг хорго руу хэдэн өдрийн турш холограмаар нэвтрүүлсэн. Бурхны царай болохыг ойлгож байгаа биз дээ. Би тэднийг тэжээж, үргэлж ойр байдаг. Элсний хаад бол телепатын төрлийн мэдрэмжтэй амьтад. Тэд намайг мэдэрч, тахин шүтэж царайгаар минь байшингаа чимэглэсэн юм. Бүх цайзын хананд байгаа болохыг харж байгаа биз дээ гэхэд тэд үзлээ.
Цайз дээрх Жала Воугийн царай амьдрал дээрх шигээ амирлангуй тайван ажээ. Кресс гайхан биширлээ.
– Тэд яаж ингэж чадсан юм бол?
– Урд талын хоёр хөл нь гар шиг ажилладаг. Тэр ч байтугай хуруу шиг бяцхан гурван уян хатан тэмтрүүл бий. Тэд барилга болон тулалдаанд хамтран ажилладаг. Ганцхан өнгийн бүх мобайлууд нийтлэг нэг ухаан хуваалцдагийг санаж байна уу.
– Надад илүүг яриач гэж Кресс хүсэхэд Воу инээмсэглэв.
– Цайзад «моо» амьдардаг юм. Моо гэж миний түүнд өгсөн нэр. Хүсвэл өөрөөр нэрлэж болно. Эх болон гэдэснийх нь үүргийг хамт гүйцэтгэдэг. Гарын нударгын хэмжээтэй том эмэгчин. Биеэ дааж явж чадахгүй. Үнэн хэрэгтээ «элсний хаан» гэж буруу нэр юм. Мобайлууд бол тариачин, дайчид бөгөөд жинхэнэ захирагч нь хатан юм. Гэсэн ч энэ үг бас тохирохгүй. Цайз бүрийг хос бэлгийн эрхтэнтэй ганц амьтан гэж ойлгож болно.
– Тэд юу иддэг юм?
– Цайзын дотор моогийн хэдэн өдрийн турш идэхэд бэлэн болгон боловсруулсан хүнсийг иддэг. Тэдний гэдэс нь өөр зүйл тэсгээхгүй бөгөөд хэрвээ моо үхвэл тэд ч гэсэн үхнэ. Харин моогийн хувьд... юу ч хамаагүй иддэг. Танд тусгай хоол авах хэрэг байхгүй. Хоолны үлдэгдэл байхад хүрэлцээтэй.
– Амьд хоол болох уу? гэж Кресс асуулаа.
– Моо болгон өөр цайзын амьтныг иддэг болохоор, тийм гээд Воу мөрөө хавчив.
– Хэрвээ тэд ийм жижиг байгаагүй бол миний сонирхлыг татах байлаа.
– Та үүнийг том болгож болно. Шилэн хорго жижигхэн учир элсний хаад жижиг байгаа юм. Тэд ямар ч зайд дасан зохицож өсч чадна. Хэрвээ намайг том сав руу зөөвөл тэд ахин томорч эхлэнэ.
– Хммм миний пиранагийн хорго үүнээс хоёр дахин том. Дотор талыг нь цэвэрлээд элсээр дүүргэчихвэл ч...
– Воу ба Шэйд суурилуулалтанд санаа тавина. Энэ бидний үүрэг.
– Мэдээж. Би дөрвөн бүтэн цайзтай болмоор байна.
– Тэгэлгүй яахав гэж Воу хэллээ.
Ингээд тэд үнээ тохиролцлоо.
_________________ 
|