|
Дэлхийн эдийн засгийг хараад байхаар нэг сонин дүгнэлт гарч ирдэг.
Хүн төрөлхтний ханаж цадашгүй хэрэглээг хангах баялгийг бүтээхэд байгалийн баялаг хэрэгтэй. Тэр нь ерөнхийдөө хөгжиж буй гэх буурайдуухан орнуудаас гарч ирж хэрэглэгддэг. Дараа нь тэрүүгээр нь үйлдвэрлэл явуулж бэлэн баялаг бүтээх хэрэгтэй. Тэр үйлдвэрлэл нь ихэнхдээ нөгөөх л хөгжиж буй гэгдэх орнуудад хийгднэ. Бүтээсэн баялгийг нь ихэвчлэн хөгжсөн баян тарган орнууд идэж уух боловч сүүлийн үед нөгөө хөгжиж буй орнууд нь өөрсдөө ч ихээр авч хэрэглэж, зовж олсон жаахан мөнгөө үрэх болсон.
Байгалийн баялаг түүхий эд хөгжиж буй орнуудаас, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжиж буй орнуудад, хэрэглэгчидийн ихэнх нь эргээд л хөгжиж буй орнуудад. Харин мөнгө нь хөгжсөн орнуудад. Байгалийн баялаг түүхий эдийг ч, үйлдвэрлэл ажиллах хүчийг ч, хэрэглэгч худалдан авалтыг ч алийг ч гаргаагүй "хөгжингүй" орнуудад бүх ашиг, баялаг оногдно. Энэ эргэх харилцаанд "хөгжингүй" орнууд ер нь ямар хэрэгтэй юм?
Тиймээс л БРИКС эднээс салахыг, эдийн засгаа тусгаар тогтнуулахыг хүссэн байх.
Энэ байгалийн баялаг - үйлдвэрлэл - хэрэглэгч гэсэн эргэх харилцаанд хөгжингүй гэгдэх орнуудын оролцоо, хяналт нь нөгөө л хөрөнгө оруулалт буюу валют гэх хийсвэр зүйл. Тэднээс хөрөнгө оруулаагүй, биеэ даагаад явж байгаа бизнест ч нөгөө л бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн валют гэх хэвэлсэн цаасаараа хөндлөнгөөс оролцож дураараа дургина.
Үүн дээрээс брэнд гэх орчин цагийн нэг солиорол бий. Өнөө үеийн хамгийн амжилттай яваа тархи угаах арга барил.
Ухаан нь iPhone -ий бүх материал түүхий эдийг Хятадаас олборлож, Хятадад үйлдвэрлэж, эргээд Хятадууд ихэнхийг нь худалдан авч, тэр тухай нь CNN -ээр бахдалтай нь аргагүй ярьж, энэ нь Хятадын ард түмний жаргаж байгаагийн шинж хэмээн хошгоруулна. Харин энэ том бизнесийн хамаг ашиг нь iPhone -руу, өөрөө хэлбэл Америк руу.
Энэ тохиолдолд технологи энэ тэр гээд ярих л байх л даа. Гэхдээ энэ зэргийн технологийг зөвхөн хөгжингүй орнууд ч хөгжүүлээд байгаа юм биш. Хужаа брэндийн утаснууд техникийн хувьд iPhone, Samsung -тай ана мана тулах хэмжээнд хүрсэн. Тэгээд ч яг Apple, Intel -н лабораторид хөгжүүлэлт хийгээд сууж байгаа гавалууд нь аягүй л бол Орос, Хятад, Энэтхэгүүд.
Технологийн орцыг жаахан бууруулаад гутал хувцас лээвчиг бандааш руу буугаад ирэхэд нөгөө л Nike, Adidas, Versace энээ тэрээ. Цэвэр хөгжиж буй орнуудын өөрсдийнх нь материал түүхий эд, өөрсдийнх нь хөдөлмөр, эргээд худалдаж авч буй нь ч өөрсдийнх нь мөнгө. Харин ашиг нь хөгжингүй улсууд руу.
Хэрэглэгчидийн энэ гэнэн төөрөгдөл, хөгжингүй орны жаргалтай хүмүүстэй адилхан болох гэсэн цаад өрөвдөлтэй сэтгэхүй дээр хөгжингүй орнууд тоглолт хийсээр.
Хамгийн ядаргаатай нь байж байгаад л нэг морилж ирээд толгой дээр залардаг эдийн засгийн хямрал гэгч. Бүр нэг албатай юм шиг. Заавал эдийн засаг хямарна.
Үүний цаад зайлшгүй шалтгаан, мөн чанарыг би хувьдаа огт ойлгодоггүй. Газар хөдлөөгүй, галав юүлээгүй, дайн дажин болоогүй, харь гаригийнхан ирж дээрэмдээгүй. Бодит баялаг байснаараа байж л байдаг. Уурхайнууд төмөрөө ухахад бэлэн, нүүрсээ гаргахад бэлэн. Үйлдвэрүүд нүүрсээ түлж, төмөрөө хайлуулахад бэлэн. Барилгачид төмөр, цементээр байшин барихад бэлэн. Худалдан авагчид байшин хэрэгтэй хэвээрээ. Машин унаа хэрэгтэй хэвээрээ. Машины үйлдвэр нь машинаа зарахад бэлэн хэвээрээ. Машины үйлдвэрийн ажилчинд шинэ гутал хувцас хэрэгтэй хэвээрээ. Зарах гутал хувцас дэлгүүрээр дүүрэн өлгөөстэй хэвээрээ. Ардаас нь нийлүүлэх гутал хувцас үйлдвэрээс гарахад бэлэн хэвээрээ. Үйлдвэрт нь нийлүүлэх ноос ноолуур, арьс шир хөдөө аж ахуйгаас гарсан хэвээрээ. Юу ч өөрчлөгдөөгүй.
Бүх аж үйлдвэрийн салбарууд ажиллахад бэлэн, байгалийн болоод нийгмийн ямар ч баялаг устаж үгүй болоогүй. Бүгд байсан газараа байж л байна.
Гэсэн хэрнээ л уурхайчид нүүрс, төмөрөө зарж чадахгүй, барилгачид байшингаа барьж чадахгүй, үйлдвэрүүд гутал хувцасаа борлуулж чадахгүй, малчид ноос ноолуураа зарж чадахгүй.
Яасан, юунаас болов?
Эдийн засаг хямарцан.
Тэр нь яадаг юм?
Мөнгө олдохоо болисон гэнэ. Нөгөө л мөнгө гэх бодит баялаг ч биш, ердөө л зохицуулалтын хийсвэр хэрэгсэл нь олдохоо болисон гэнэ.
Тэр хийсвэр юм нь олдохоо байснаар бодитоор байж байгаа баялгаа ашиглаж хэрэглэж амьдарч болохоо байсан гэнэ. Тэр чухал бодит биш юмыг нь хөгжингүй гэх зарим нэг улс өгвөл өгнө, өгөхгүй бол өгөхгүй.
Энэ ядаргаатай зовлонтой байдлаас салахыг ч БРИКС -н орнууд хичээж байгаа биз.
БРИКС -н орнуудад харин ч бодит шалтгаан, нийтлэг ашиг сонирхол байна гэж харж байна. Адилхан Есүс шүтдэгээрээ ч юм уу, нэг тивд бөөгнөрснөөрөө ч юм уу, адилхан хэлээр ярьдаг байх, нэг угсаа гаралтай байхаас хавьгүй илүү чухал ашиг сонирхолоороо нэгдэж байгаа юм.
_________________ Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
|