|
[center]Хэсэг 86[/center]
Гэрэл ч үгүй, анир ч үгүй.
Нууц архив тас харанхуй.
Айдас Ландоныг хөтлөн, хүч өгч байх ажээ. Амьсгаа нь давхацсан тэр хаалга руу гүйн очиж, товчийг нь алгаараа цохилов. Нэмэргүй. Дахин цохилов. Хаалга ажиллахаасаа өнгөрчээ.
Харанхуйд тэмтчин хашхирсан боловч, хоолой нь хүржигнээд, дуу ч гарсангүй. Бүх юм түүнийг тойроод, бөглүү оргиод авчихлаа. Уушги нь хүчилтөрөгч нэхэн татваганаж, татваганах тусам зүрх нь хоёр дахин их цохилно. Яг л элгэндээ эвхэртэл цохиулсан мэт санагдана.
Бүх биеэрээ хаалга руу мөргөж үзсэн чинь хаалга эргэлдэж байгаа юм шиг санагдав. Мөргөх бүр нүдэнд нь оч үсчинэ. Нүдээ нээсний дараа л ганц хаалга эргээд байгаа биш, харин бүхэл бүтэн өрөө түүнийг тойрон эргэлдэж байгааг ухаарлаа. Толгой нь эргэсэн Ландон гүйдэг шат тулах гэтэл шалан дээр падхийн унав. Өвдөг дээрээ сөхрөн, номын тавиур руу тэмтэчлээ. Хөлрөн байж арай гэж шатаа барьж авлаа.
Шат уул нь хүнд мод юм уу, төмөр байх болов уу гэж бодсон чинь хөнгөн цагаанаар хийсэн эд ажээ. Ландон голсонгүй, шатаа хана мөргөдөг туухай шиг бариад, түнэр харанхуй дунд хоргоны шилэн ханыг баримжаалан, хар эрчээрээ гүйв. Хана бодсоноос ойрхон байж таарч, шат ханыг байдаг эрчээрээ мөргөсөн боловч шилэн дээр зөөлхөн түнхийгээд, ойж орхив. Энэ шилийг зүгээр нэг хөнгөн цагаан шатаар цохиод хагалж чадахгүй ажээ.
Талбай дээр буутай явж байснаа гэнэт санасан боловч Оливетти захирагч Папын өрөөнд орохын өмнөхөн, камерлингогийн аюулгүй байдлыг хангах үүднээс хураагаад авчихсаныг саналаа. Буутайгаа байсан бол ч...
Ландон дахин хашхирсан боловч хоолойн чадал барагджээ.
Харуул - гар холбоогоо хоргын гадна байгаа ширээн дээр тавьсныг санав. Би аваад орчихгүй яав даа! Цээжин дээр нь хүнд юм дарчихсан юм шиг санагдаж, нүдэнд нь хөхөлбөр оч гэрэлтэнэ. Өмнө нь ийм тэг дөрвөлжин юман дотор түгжигдээд үхэх гэж л байсан шүү дээ. Түүнтэй харьцуулахад одоо байгаа маань ч гайгүй л байна. Тэр үед чи жаахан хүүхэд байсан мөртөө л, яах ёстойгоо бодоод олчихсон шүү дээ, тэгэхээр одоо бол чадаж л таарна. Ойр тойр, улам бүр түнэр харанхуй болно.
Ландон шалан дээр хэвтээд, нуруугаараа өнхөрч, дээш харан хэвтэв. Гараа хоёр талаараа сул унжууллаа. Тэгээд, биеэ хянах гэж оролдоно.
Тайван, тайван.
Босоо зогсоогүй болохоор зүрхэнд ирэх ачаалал багасч, галзуурсан юм шиг лугшиж байсан цохилт нь овоо зөөлрөв. Усанд сэлэлтийн тамирчид тэмцээний хооронд ингэж амардаг ажээ.
Энд агаар хангалттай, сайхан байна. За одоо харин яавал дээр вэ, хөө. Тог ирчих болов уу гэж горьдосхийн бодолхийлж хэвтэнэ. Даан ч тог ирсэнгүй. Гэхдээ амьсгаа нь арай уужирч, толгой нь эргэхээ болив.
Гарна шүү, эндээс, хө гэж өөртөө хэлсэн боловч, яаж гэдгээ мэдэхгүй л байлаа.
Бугуйд нь Микки Маустай цаг харанхуйд хөхөлзөн инээвхийлэх шиг 9.33 зааж байв. Гал болоход хагас цаг дутуу байдаг. Нэгэнт өнгөрөх шив дээ гэж санагдана. Тэгснээ цухалдаж, хэн энэ тогийг тасалж орхидог байна аа. Рошер занги эрлийнхээ хүрээг тэлж байгаа нь энэ юм болов уу? Оливетти намайг энд байгаа гэж Рошерт хэлээгүй юм байх даа? Тэглээ гээд, одоохондоо ямар нэмэр байх вэ дээ.
Толгойгоо дагзаар нь шал руу тулж, амаа том гэгч ангайлгаад, чадах чинээгээрээ уужим амьсгаа авах гэж хичээнэ. Амьсгалах бүр хүчилтөрөгчийнх нь хэмжээ буурна. Гэхдээ л, толгой эргэхээ болив. Тэгээд, бүх бодлоо хураагаад.төвлөрүүллээ.
Шилэн мөртөө, даан ч зузаан эд юм даа, чөтгөр гэж.
Энэ дотор хүнд, төмөр, галд тэсвэртэй хавтас байдаггүй юм байх даа. Уул нь бусад архивд байдаг л юм сан. Гэхдээ, энд тийм юм харагдаагүй санагдана. Байсан ч гэсэн тэрийг тас харанхуйд хайж олно гэдэг цаг үрсэн ажил. Оллоо гээд өргөж даахгүй хүнд, ялангуяа, ингэж сульдсан үедээ.
Уншлагын ширээ!!! Номын тавиуруудын голд уншлагын жижиг ширээ байсныг Ландон саналаа. Ер нь бүх л архив тийм байдаг. Тэгээд юу гэж? Тэртээ тэргүй өргөж дийлэхгүй байж. Хөдлөглөө ч гэсэн тийм хол авчирч чадахгүй, номын тавиурууд хооронд тэр ширээг багтаагаад, аваад гарчих зай ч байхгүй.
Тавиурууд хоорондын зай хэтэрхий нарийхан...
Гэнэт, сайхан санаа зурсхийв.
Тэр год үсрэн бослоо. Хэт хурдан өндийснөөс болоод, толгой нь янхийтэл өвдөөд, харанхуйд тэмтчин байж, хажуугийнхаа номын тавиур түшив. Тэгээд хэсэг зогсож, амсхийлээ. Санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ шавхах хэрэгтэй болохоор, амсхийх хэрэгтэй.
Америк хөл бөмбөгийн тамирчин сургуулилалтын тэрэг түрж байгаа юм шиг номын тавиурыг мөрөөрөө тулаад, хөлөө шал руу жийгээд, байдаг хүчээрээ түлхлээ. Тавиурыг унагааж чадвал ч... Номын тавиур хөдөлсөнгүй. Ландон байрлалаа засаад, дахин түлхэв. Хөл нь шалан дээр гулсана. Тавиур хяхарсан ч хөдөлсөнгүй.
Хөшүүрэг хэрэгтэй болох нь.
Ландон нэг гараараа хоргын шилэн ханыг тулж баримжаалаад, хоргын ар талын хана руу байдаг хурдаараа гүйв. Арын хана бас л бодож байснаас ойрхон байж таарч, бас л мөргөж орхив. Хараал тавиад, Ландон сүүлийн эгнээний номын тавиураас зуурлаа. Нэг хөлөөрөө арын хана руу тийрч, нөгөө хөлөөрөө номын тавиурын доод тавцан дээр тавимагцаа дээшээ авирч эхэллээ. Тавцанг гишгүүр хийн, дээр нь байсан ном дээр гишгэчин, дээшээ авирна. Амь гарах зөн нь архив, бичиг хэргийн ямар ч журам дүрмээс илүү хүчтэй түүнийг адгуулж байв. Харанхуй болохоор тэнцвэрээ олох хэцүү, дээрээс нь олон олон оч гэрэлтээд байхаар нь нүдээ аньчихсан, авирч явлаа. Ландон шалмаг хөдөлж байлаа. Дээшлэх тусам агаар сийрэгжиж, амьсгалах улам хэцүү болно. Эцэстээ уулын оргилд гарсан уулчин шиг, хамгийн дээр талын тавцан дээр гарлаа. Тэгээд, нөгөө хөлөө шил рүү жийж, бараг л хана, номын тавиур хоёрын хооронд тэгнэж зогслоо.
Одоо биш бол хэзээ ч биш шүү, Роберт гэж өөртөө үглээд, яг л сургуульдаа хөл жийх, дасгал хийдэг шиг ээ гэж шавдууллаа.
Толгой нь эргэж байсан ч гэсэн цээжээрээ номын тавиурыг тулж, гараараа зуураад, хоёр хөлөө хана руу тулж жийлээ. Болсонгүй. Номын тавиур хөдөлсөнгүй.
Байрлалаа засаад, дахин түлхэв. Номын тавиур энэ удаа бага зэрэг хөдөллөө. Тэгмэгц, дахин хүчлэн түлхсэнд, тавиурын дээд тал хөдөллөө. Ганц хуруу орчим цаашаагаа хазайснаа, ганхаж, наашаагаа буцан хазайна. Ландон номын тавиурыг цаашаа хазайхад нь түлхэн, наашаа хазайхад нь тулан ганхуулж эхэллээ.
Ингэж ганхуулаад л байя. Гэхдээ, цаашаа хазайхад нь нэмж түлхье.
Номын тавиур одоо бүр хүчтэй ганхаж эхэллээ. Цаашаагаа хазайх болгонд нь Ландон хөлөө улам хүчтэй жийнэ. Дөрвөн мөч нь янгинан өвдөвч тэр хайхарсангүй. Дахиад гурвантаа түлхээд л ...
Гурав хүрсэнгүй, хоёрхон л түлхүүллээ.
Гэнэт жингүй ч юм шиг, нисээд байгаа ч юм шиг болов. Баахан ном тавиураас сарр хийтэл асгарч, Ландоны зүүгдсэн номын тавиур цаашаагаа уналаа.
Номын тавиур газар хүрэлгүй, цаанаа байсан өөр нэг тавиурыг хүчтэй гэгч дэрлэн цохиж, ганхууллаа. Ландон ухасхийн, цаад тавиурын орой руу үсрэн цааш нь түлхэж, дэм үзүүлнэ. Тэр тавиур удалгүй чахран дуугарч, бас л унав.
Номын аварга том тавиурууд бие биеэ яг л эгнээ даалуу шиг дэрлэн унана. Төмөр төмрөө түнхийтэл цохилон, ном сарр хийн асгарч, аймшигтай нүргэлэнэ. Нэг тавиур унахад, Ландоны зүүгдэж байсан тавиур сэг хийн нэгэнтээ доошлох агаад энд ер нь номын хэдэн тавиур байсан юм бол, хэр их жинтэй юм бол гэж хүртэл бодоод амжив. Цаана байгаа шилэн хана ч зузаан даа...
Ландоны зүүгдсэн тавиур доошилсоор бараг л газар хүрэхийн даваан дээр, тэр хүлээж байсан чимээ нь сонсогдов. Тэртээ цаад талд, хаалганы тэнд, төмрөөр шил цохих чимээ гарлаа. Хамгийн сүүлийн номын тавиур хүнд том шилэн ханыг хүчтэй еэ мөргөхөд, хоргын хана тэр чигтээ доргин жингэнэв. Гэхдээ, удалгүй хамгийн муухай юм болж, горь тасраад явчихлаа.
Чив чимээгүй.
Шил хагарч бутарсан чимээ сонсогдсонгүй, зүгээр л номын хүнд тавиураар хүчтэй цохиулсан шил цохилтын жинг шингээн, түнннннн хийн удаан доргих л сонсогдлоо. Гэтэл, удалгүй тэртээд, жингэнэн хяхтнах чимээ гарах шиг болов. Ландон номон овоолгыг ширтэн, тэр чимээг амьсгаа даран чагнах гэсэн ч амьсгалаа түгжихээр ч агаар тэнд үлдээгүй байлаа.
Нэг хором, хоёр хором ...
Ухаан балартан унахын даваан дээр, Ландон шил зад үсрэн гадагш цацагдах чимээ сонслоо. Шилэн хорго яг л их бууны сум шиг дэлбэрчихэв. Ландоны зүүгдсэн номын тавиур ч шалан дээр уналаа.
Бороо орох мэт шил жингэнэн шалан дээр буух тэр эгшинд, агаарын урсгал сэнгэнэн цутгалаа.
Ватиканы хонгилд талийгаачийн дэргэд зогсож байсан Витториагийн бодлыг гар холбоогоор аахилан, давчидсан хүний дуу тасалж орхив. «Роберт Ландон байна. Намайг сонсож байгаа хүн байна уу?»
Роберт! Витториа түүнийг хажуудаа байсан болоосой гэж ямар их хүсч байснаа гэнэт ухаарав.
Жардууд бие биеэ гайхан харсхийснээ, нэг нь гар холбоогоо сугалж аваад: «Ландон гуай! Та гуравдугаар суваг дээр байна. Захирагч таныг нэгдүгээр суваг дээр хүлээж байгаа» гэв.
«Тэрийг нэгдүгээр суваг дээр байгаа гэж мэдэж байна, гэхдээ би түүнтэй биш, камерлинготой яримаар байна. Намайг холбоод өгөх хүн байна уу?» гэв.
Нууц Архивын гүн харанхуйд хагархай шилэн дунд Ландон амьсгаадан зогсоно. Зүүн гарыг нь даган бүлээхэн юм урсаж байгааг харвал, цус гарчээ. Камерлингогийн хоолой гэнэт цаанаас сонсогдов.
«Би Вентреска камерлинго байна. Юу болоо вэ?»
Ландон харилцуурын товчийг даран, лугших зүрхээ даран: «Нэг хүн намайг цааш нь харуулах гэж оролдох шиг боллоо!» гэв.
Шугам чимээгүй болов.
Ландон нэг гүнзгий амьсгаа аваад: «Би бас дараагийн аллага болох газрыг олчих шиг боллоо» гэлээ.
Түүнд хариулсан хүний хоолой камерлинго биш, харин Оливетти захирагч байлаа. «Ландон гуай. Юу ч битгий яриарай».
[center]Хэсэг 87[/center]
Ландоныг Бэлведэрэ гудмыг өгсөн, Швейцар жардын командын байр руу гүйж явахад, цус болсон цаг нь 9.41 болж байв. Гараас нь цус гоожихоо больсон ч харагдаж байгаагаасаа илүү өвдөж байлаа. Тэр дөнгөж ирмэгцээ Оливетти, Рошер, камерлинго, Витториа, өөр бас хэдэн цэрэг ирсэн байхыг харав.
Витториа түүн рүү ирээд: «Роберт! Чи шархадчихсан байна шүү дээ» гэлээ.
Ландоныг хариу хэлэхээс өмнө Оливетти өрсөн: «Ландон гуай, та харин ч дажгүй байх шив дээ. Сэтгэл амарлаа. Би сануулахаа мартчихаж. Өршөөгөөрэй» гэв.
«Мартчихаж ээ?» гэж Ландон уурлан хашхичив. «Тэнд намайг байгаа гэдгийг мэдсээр байж...»
Рошер: «Миний буруу, эрхэм ээ» хэмээн урагш алхан хэлээд: «Би таныг архивд байгаа гэж огт мэдээгүй юм. Бидний шалгаж байгаа цагаан бүсийн нэг хэсэг нь таны байсан байшинтай цуваа холбогдсон байдаг юм. Бид эрлээ тэлж байсан болохоор тог таслах тушаалыг би өгсөн юм. Би мэдсэн сэн бол...»
«Роберт» гэж Витториа таслан хэлээд, Ландоны шархтай гарыг харж, эргүүлж тойруулан үзэнгээ: «Паптанд хор өгсөн юм байна. Иллюминати түүнийг хөнөөжээ» гэлээ.
Ландон тэр үгийг сонссон боловч ойшоох сөхөөгүй шахуу байсан болохоор шууд ухаарсангүй. Тэр зүгээр л бүсгүйн дулаан зөөлөн гарыг мэдэрч байв.
Камерлинго дээлнээсээ торгомсог даавуу гаргаж ирээд, гараа арчиг хэмээн Ландонд өглөө. Гэхдээ юу ч хэлсэнгүй. Ногоон нүдэнд нь гал дүрэлзэнэ.
Витториа: «Роберт, чи дараагийн кардиналыг хаана хөнөөхийг мэдэж чадсан гэл үү?» гэв.
Ландон: «Тийм шүү. Түүнийг нөгөө юунд...»
«Байз» гэж Оливетти дундуур нь орж ирээд: «Ландон гуай. Таныг нэг ч үг бүү дуугар гэж гар холбоогоор хэлэхдээ, зүгээр хэлээгүй юм шүү» гэлээ. Тэгээд эргэж Щвейцарь жардууд руу хандан: «Эрхэмүүд, өршөөх ажаам уу» гэлээ.
Харуулууд командын төв рүү алга болов. Хэн нь ч гомдоллосонгүй.
Тэднийг явуулаад, Оливетти эргэж харан өгүүлэв. «Хэлэхэд эвгүй ч гэсэн, Папыг зөвхөн энэ ханан дотор байгаа хүмүүсээс л хөнөөж чадна гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс буяныг бодож нэг ч хүнд итгэж болохгүй, манай жардуудад ч гэсэн» гэлээ. Энэ үгийг их л гаслантай яа, гэхдээ шударга хэлж байв.
Рошер арсан: «Энэ дотор»
«Тиймээ тийм» гэж Оливетти таслаад: «Таны хайлт оновчтой гэдэгт эргэлзмээр болоод байна. Гэхдээ л, бид тэгэхээс өөр аргагүй. Хайгаад бай» гэлээ.
Рошер юм хэлэх гэснээ болиод, явж одов.
Камерлинго гүнзгий амьсгаа авлаа. Тэр үг хэлээгүй байсан боловч Ландон энэ хүний зориг дахин хатуужиж байгааг мэдэрлээ.
«Захирагч аа» гэж камерлинго шийдсэн байртай хэлээд: «Би цуурганыг завсарлууллаа» гэв.
Оливетти ширүүн харсан хэвээр: «Бүү тэгээсэй гэмээр байна. Цаана нь бас хоёр цаг хорин минут байна шүү дээ» гэлээ.
«Бага хугацаа шүү дээ».
Оливетти нэлээн арцан: «Та юу хийх гээ вэ? Бүх кардиналыг хамгаалалтгүй нүүлгэн шилжүүлэх гээ юү?» гэв.
«Бурхан надад хайрласан чадлын хирээр би энэ шашныг аварч үлдэхийг л хичээж байна. Яаж хийх вэ гэдэгт минь сэтгэлээ чилээх хэрэггүй» гэлээ.
Оливетти адарч эхлэв. «Та юу ч хийх гэж байсан» гэснээ түр түгдэрээд: «Би таны хэлснийг буруушаах эрхгүй. Ялангуяа энэ сүмийг хамгаалах, аюулгүй байлгах үүргээ хөсөрдүүлсэн надад тийм эрх үгүй. Гэхдээ, би таныг хүлээгээч гэж гуйя. Хорьхон минут... арван цаг хүртэл. Ландон гуайн мэдээ зөв байх юм бол бидэнд алуурчныг барих боломж байсаар байна. Бидэнд горим, зохисоо сахих боломж байсаар байна».
«Зохис оо?» камерлинго хүйтэн хөхрөн: «Зохисоо бид алдаад удаж байна шүү дээ, захирагч гуай. Та дайн болж байгааг анзаарахгүй байгаа юм гэж үү?» гэв.
Нэг жард командын байрнаас гарч ирмэгцээ камерлингод хандав. «Эрхэм ээ, ВВС-ийн сурвалжлагч Гунтер Гликийг саатууллаа гэж илтгэж байна» гэлээ.
Камерлинго толгой дохиод: «Түүнийг зураглаач хүүхэнтэй нь хамт Систин цогчны гадаа байлгаж бай. Би уулзая» гэлээ.
Оливеттигийн нүд нь бүлтийгээд ирэв. «Та яах гэж байгаа юм бэ?»
«Хорин минут шүү, захирагч аа. Би танд үүнээс илүүг өгч чадахгүй» гээд камерлинго явж одов.
Оливетти Альфа Ромеогийнхоо суудалд суун, Ватикан хийдээс ямар ч илүү дутуу дагуулгүй шунгинан гарч одлоо. Арын суудалд, Витториа хаалганы хажуугийн хайрцгаас авсан боолтоороо Ландоны гарыг боож суув.
Оливетти урагш харсан хэвээр: «За Ландон гуай минь. Хаашаа явах билээ?» гэв.
[center]Хэсэг 88[/center]
Оливеттигийн Альфа Ромео гэрэл дохиогоо гялалзуулан байсан ч гэсэн хуучин Ромын зүг гүүр гаран давхих түүнийг хэн ч анзаарахгүй байгаа мэт. Бүх машин түүний эсрэг зүг Ватикан руу хөвөрч, Ариун ширээтийн хийд гэнэт Ромын хамгийн сонирхолтой хэсэг болчихсон мэт байв.
Арын суудалд суугаа Ландоны толгойг олон бодол зовооно. Алуурчныг барьж амжих болов уу? Хэрэгтэй юмыг нь тэр хэлж өгч чадах болов уу? Эсвэл оройтчихоогүй байгаа даа? Камерлинго - Гэгээн Петерийн талбайд хурсан олонд та нар аюулд өртөөд байна гэж хэр өмнө нь хэлэх бол? Архивд болсон явдал үнэхээр алдаа байсан гэж үү?
Оливетти зүтгэсээр Санта Мариа дэлла Витториа сүм хүртэл Альфа Ромеогийнхоо тоормос дээр огт гишгэсэнгүй. Өөр үед сэн бол, Ландоны тохой цайрч байх байсан ч одоо бүр мэдээгүй болчихсон шиг л байлаа.
Толгой дээр гэрэл дохио гялалзах нь бид очиж явна шүү гэж хашхичих мэт санагдана. Гэхдээ, цаг хожихын тухайд үнэхээр гайхалтай байлаа. Дөхөж очингуутаа, Оливеттиг гэрэл дохиогоо унтраах болов уу гэж найдна.
Машин дотор сууж явахуй, Ландонд юмыг эргэцүүлэх зуурхан завшаан гарч байлаа. Тэр Паптныг хороосон тухай ярьсныг гэнэт саналаа. Нэг бодлын утгагүй мэт санагдавч, нөгөө бодлын харин ч бүр боломжийн ажээ. Хаашаа л бол хаашаа шургалдаг нь Иллюминатигийн ид чадал байсаар ирсэн: тэд тэндээ шургалж, үүрлэж, төлжиж, тэлж, улмаар уусгаж, шингээж орхидог байв. Папыг хороож чаддаггүй байсан гэвэл худлаа. Талийгаач Папын биед задлан хийхийг хориглодог байсан болохоор, Папын үхэлтэй холбоотой элдэв хов сэжгийн нэг нь ч саяхныг хүртэл батлагддаггүй байв. Эрдэмтдийн хүсэлтээр VIII Бонифачи (Сайн явдалт) нэрт залгамжлагч нь, сэнтийг нь булаахын тулд хороочихсон гэгддэг, V Сэлистин (Төвшин амгалант) Папын булшийг рентген туяагаар судлах хүсэлт тавьсан юм. Эрдэмтэд, ясны хэлтэрхий зэрэг хүч хэрэглэсэн ул мөр хайж байгаад, Папын гавал руу арван хуруу урт хадаас шаачихсан байсныг олж билээ.
Хэдэн жилийн өмнө, Иллюминати гэгдэгчээс хэд хэдэн мэдээ түүн рүү явуулж байсныг Ландон дурсав. Тэр худал цуурхал хэмээн санаад, Харвардын микрофишийн цомгийг шүүж үнэн эсэхийг нь шалгасан билээ. Гайхалтай нь, тэр мэдээ үнэн байв. Тэгээд, тэр мэдээг нэр хүндтэй хэвлэлүүд Иллюминатигийн хий цуурхалд хэрхэн автдагийн жишээ болгон, ангийнхаа самбарт хадаж орхисон билээ. Харин одоо, хэвлэлийн тэдгээр сэжиг цуурхал байгаагүй мэт санагдана. Ландон тэдгээр өгүүллийг санаандаа тодхон санаж байв...
Британийн өргөн нэвтрүүлгийн корпорац
1998 оны 7 дугаар сарын 14
I Жон Пол Пап 1978 онд Пи 2 гэдэг Масоны ложийн хорлолд өртөж, өөд болжээ... I Жон Пол Пап бээр Америкийн Арххамба Пол Марчинкусыг Ватиканы банкны захирлын албан тушаалаас зайлуулахаар шийдсэн нь Пи 2 гэх энэ нууц бүлгэм түүнийг хөнөөх шалтгаан болжээ. Энэ банк масоны ложийн луйврын мөнгийг хаацайлдаг байсан байна.
Нью Йорк таймс
1998 оны 8 дугаар сарын 24
Яагаад I Жон Пол гадуур хувцастайгаа орондоо хэвтэж байв? Яагаад тэр хувцас нь урагдсан байв? Энэ мэт асуулт хөвөрсөөр л байна. Түүнд эмнэлгийн ямар нэг шинжилгээ хийгээгүй байна. Нэг ч Папад задлан шинжилгээ хийж байгаагүй гэдэг үндэслэлээр Кардинал Виллот задлан хийхийг хоригложээ. Жон Полын нүдний шил, шаахай, гэрээслэл нь хэрэглэж байсан эмтэй нь хамт орных нь дэргэдээс хачирхалтай яа алга болжээ.
Лондоны Өдрийн Шуудан
1998 оны 8 сарын 27
... хүчирхэг, өршөөлгүй, хууль бус Масоны ложийн хорон гар Ватиканд нэвтэрлээ.
Витториагийн хармаанд байсан гар утас жингэнэж, Ландоны бодлыг арчиж орхив.
Өдийд хэн утастаж байдаг билээ хэмээн гайхан, Витториа утсаа авлаа. Хурц хахир хоолойгоор нь хэн утастаж байгааг Ландон мэдэж орхив. Энэ хоолойг сонссон хэн бүхэн хэдэн алхмын цаанаас ч төвөггүй таньж болох билээ.
«Витториа юу? Максимлиан Колэр байна. Антиматериа олоогүй л байна уу?»
«Макс? Чи зүгээр үү?»
«Би мэдээ үзлээ. СЭРН, антиматери хоёрын тухай юу ч ярьсангүй. Энэ ч сайн л хэрэг. Наагуур чинь юу болж байна вэ?»
«Бид канистераа олоогүй л байна. Байдал жаахан төвөгтэй, Роберт Ландон л нэлээн тусалж байна даа. Одоо бид кардиналуудыг хөнөөсөн хүний хойноос л хөөцөлдөж байна. Яг одоо бол ...» гэтэл дундуур нь Оливетти тасалж: «Ветра авхай, та дэндүү их юм яриад өгчихлөө» гэв.
Бүсгүй их л дурамжхан гар утсаа буулгаад: «Захирагч аа. Энэ хүн бол СЭРН-ийн захирал. Тэр юу болж байгааг мэдэх ёстой шүү дээ».
«Тэр энд л энэ асуудалтай зууралдах эрхтэй, гэтэл, та гар утасны нээлттэй шугамаар яриад байна. Та бүр зөндөө их бурчихлаа.»
Витториа шүүрс алдан утсаа өргөж: «Макс, байна уу» гэв.
«Надад чамд хэлэх юм байна л даа» гэснээ Макс: «Аавын чинь тухай юм... Аав чинь антиматерийн тухай хэнд ярьсныг би олж мэдлээ» гэв.
Витториа барайгаад явчхав. «Макс, аав хэнд ч л хэлээгүй гэж надад ярьж байсан юм шүү».
«Хэлсэн байх вий гэж эмээж байна шүү. Би аюулгүйн албанаас зарим нэг юм тодруулчхаад, эргээд яръя» гэснээ Макс утсаа тавилаа.
Витториагийн царай барайсан хэвээр, гар утсаа хармаандаа хийлээ.
«Чи зүгээр үү» гэж Ландон асуув.
Бүсгүй мишвэлзэн толгой дохисон боловч хуруу нь чичгэнэнэ. Зүгээр ч биш байлаа.
Оливетти: «Сүм Пиаца Барберинигийн тэнд байгаа» гэж хэлээд, дуут дохиогоо унтраан цагаа харав. «Есөн минут л байна шүү».
Ландон эхний тэмдгийг шууд олж харсан боловч сүмийн хонх нэлээн хол царгилах сонсогдов. Пиаца Барбени. Их л сонссон нэр санагдавч, яг юу билээ гэдгийг нь ололгүй, бодлыг зовоосоор ... гэнэт саналаа. Энэ талбайн хажууд, метроны буудал барихтай холбоотой нэлээн шуугиан болсон билээ. Хорин жилийн өмнө, тэр хавьд метроны буудал барьж, талбайн доогуур ухах болж, урлагийн түүхчид, тэгж ухвал талбайн голд байгаа гэрэлт хөшөө нурна гэж эсэргүүцэж байжээ. Хот байгуулалтын мэргэжилтнүүд аргаа барж, сүүлдээ тэр гэрэлт хөшөөг нүүлгэн, оронд нь Тритон гэх усан оргилуур барьж өгчээ.
Тэгэхээр Бернинигийн үед энэ талбай дээр гэрэлт хөшөө байсан хэрэг гэж Ландон олзуурхан бодов. Одоо харин гурав дахь тэмдэг алга болчхоогүй байгаа даа л гэж Ландон эмээж байлаа.
Талбайгаас нэг гудамжны наана, Оливетти машинаа хажуу гудам руу нь эргүүлж зогсоолоо. Тэгээд хүрмээ товчилж, захыг нь босгоод, буугаа цэнэглэв.
«Та хоёр зурагтаар гарчихсан болохоор хүмүүс таньчихаж магадгүй. Тэгэхээр, сэмхэн шиг урд гол хаалгыг нь ажиглахаар талбайн нөгөө талд гар. Би ар талаас оръё» гэлээ. Нэг буу гаргаж Ландон өгөөд: «Юмыг яаж мэдэх вэ» гэв.
Ландон өнөөдөртөө хоёр дахь удаагаа буу барьж байгаа нь энэ. Буугаа энгэрийнхээ хармаанд хийхдээ, нөгөө Диаграм-ынхаа хуудсан дээр нь хийчихсэнээ гэнэт санав. Орхиод гарахгүй яав даа гэж бодлоо. Үнэлж баршгүй номынх нь хуудас, ингээд хэн нэг хүний хармаанд жуулчинд зориулсан Ром хотын зураг шиг явж байгааг мэдвэл, Ватиканы номын санч гуай галзуурах байх даа. Архиваас гарахдаа шилэн ханыг хагалж, ном бичгийг нь талаар нэг цацаж орхисноо санавал голоор нь могой гүйх шиг эвгүй болов. Гэхдээ, архив маань өөрөө энэ шөнө дэлбэрч цацагдчихгүй бол ч...
Оливетти машинаасаа гараад, нарийн гудамж руу зааж: «Талбай тэр зүгт бий. Нүдээ онгойлгоод, хүн амьтанд харагдчихгүй шиг яваарай даа» гэв. Тэгээд, гар утсаа бүсэндээ бэхэлсэн гэрэнд нь хийгээд: «Ветра авхай. Хоёулаа утсаа автоматаар дууддаг дээр нь тохируулъя» гэлээ.
Витториа утсаа гаргаж ирээд, Пантеоны дэргэд очихдоо тохиргоо хийсэн товч дээр дарж, Оливетти руу залгахад, бүсэнд нь байсан утас чимээгүйхэн чичирхийлэв.
«Болж байна. Ямар нэг юм харвал надад мэдэгдээрэй» гээд буун дээрээ зөөлөн цохилон: «Би дотор хүлээж байя. Тэгээд, тэр муу тэрсүүдийг ч цусыг нь холиод өгнө дөө» гэлээ.
Яг тэр үед, тэднээс тун холгүй өөр нэгэн гар утас дуугарч байлаа.
Хассассин: «Байна уу» гэв.
«Би Янус байна» гэлээ.
Хассассин инээмсэглэн: «Эзэн минь, та сайн л биз дээ» гэв.
«Хаана байгааг чинь мэдчихээд, зарим хүн чам руу хөдөлж байгаа шүү».
«Тэгвэл тэд арай л оройтчихож дээ. Би энд аль хэдийн амжуулчхаад байж байна».
«Сайн л байна. Наанаасаа мэнд л зайлаарай даа. Хийх ажил дуусаагүй л байна шүү».
«Миний өмнө хөндөлдсөн бүхэн хүүр болдог юм».
«Чиний өмнө хөндөлдсөн хүн ч их юм мэддэг бололтой билээ шүү».
«Та тэр Америк залууг хэлээд байна уу?»
«Чи түүнийг мэддэг юм уу?»
Хассассин хөхрөн: «Ухаантай мөртөө гэнэн юм билээ. Надтай утсаар яриад байсан шүү дээ. Хажууд нь байгаа хүүхэн харин яг эсрэгээрээ.» Леонардо Ветрагийн охины тухай ярихад, хуял тачаал нь сэрнэ.
Утасны цаана хэсэг чимээгүй болоход, хассассин анх удаа эзэн нь тээнэглэзэнгүй байдалд орохыг мэдрэв. Эцэст нь: «Хэрэгтэй бол тэр хоёрыг нухчихна биз дээ» гэлээ.
Алуурчин инээвхийлэн: «Тэгчихье» гэв. Бүх биеэр нь янагийн нялуун мэдрэмж жирсхийн гүйж: «Хүүхнийг харин би алчуур болгоод авчихъя» гэлээ.
_________________ Avatar by Someone
|