#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.01.26 11:40 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 46 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:05 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Нэгдүгээр бүлэг
ОНОЛ

Өнгөрснийг эргэн харахад – фату - Хива арлын өвгөн. - Салхи ба урсгал - Тикийн эрлээр. Полинезид анх хэн нүүдэллэн очсон бэ? Өмнед далайн нууц - Онол ба баримт - Кон-Тики болон цагаан арьстны тухай домог - Дайн дэгдсэн нь.

Хүн заримдаа огт санамсаргүй явж байгаад аяндаа төвөгтэй хэцүү байдалд орчихдог удаа бий. Ингээд эргэж буцах замгүй болсон хойноо гэв гэнэт гайхаж яагаад ийм болсныг өөрөөсөө асуудаг.
Жишээлбэл: Та өөрөө ганц тоть, таван нөхрийн хамт модон сал дээр суугаад гадаад их далайн дунд хөвж явна гэж бодоход нэг сайхан өглөө, нойрсоод босохдоо чухам яаж байгаад ийм байдалд орчихов доо гэж бодох нь зайлшгүй.
Тийм нэг өглөө чийг дааж норсон аяны тэмдэглэлийн дэвтэрт «Өнөөдөр тавдугаар сарын 17. Норвеги улс тусгаар тогтнолоо олсон өдөр. Далай дээр сэвэлзсэн салхитай долгион ихтэй байна. Би өнөөдөр тогоочийн үүрэг гүйцэтгэж байна. Өглөө босоход манай сал дээр долоон ширхэг нисдэг загас, сууцны маань дээвэр дээр нэг кальмар хэмээх далайн зөөлөн биетэн, Торстейний унтдаг уутан хөнжилд нэр үл мэдэх загас нэг ширхэг тус тус байсныг олов...» хэмээн бичиж суув.
Ингээд тэмдэглэлээ орхиж энэ бүх байдал чухам яаж эхлэв ер нь их хачин юм болж байна шүү гэсэн өөр бодол сэтгэлд шурган орж ирэв.
Зүүн гар талд хөх цэнхэр далай цэлийн харагдаж шаагисан их давалгаанууд сал мөргөөд алс тэртээ рүү зайлан одно. Баруун гар тийшээ эргэж харвал жижигхэн харанхуй тасалгаа харагдах агаад түүний дотор урт сахалтай хүн өөдөө харж хэвтээд Гётегийн зохиолыг уншиж буй харагдана. Тэр хүн нүцгэн хөлийнхөө хуруугаар бидний орогнож унтдаг намхан тасалгааны дээврийн хулсан сараалжнаас дэгээджээ.
Ногоон тоть, аяны тэмдэглэлийн дэвтэр дээр суух гэхэд нь би түүнийг түлхэж зайлуулаад ямар чөтгөрт намнуулж бид энд ирэв ээ? гэж Бенгтээс асуув.
Тэр хүн, Гётегийн зохиолыг буржгар шар сахлаасаа доош буулгаад:
— Ямар чөтгөрт намнуулж бид энд ирснийг та л сайн мэдэх байх. Энэ бүх хэрэг таны баларсан үзлээс л болсон. Гэвч энэ бол аугаа их үзэл юм гэж би боддог шүү гэж хэлээд хөлөө дахин гурван хөндлөвчийн дээгүүр ахиулж тавиад ажиг ч үгүй номоо уншиж эхлэв. Нөгөө гурван нөхөд минь тасалгааны цаана, хулсан шал дээр ямар нэгэн юм хийж суугаа харагдана. Тэд цөм богино өмдтэй агаад бие нь наранд түлэгдэж хүрэн хар болсон, сахал нь урт ургасан, ар нуруугий нь дагаад хужир бурзайсныг нь харвал Номхон далайгаар өрнө зүгийг чиглэн насан туршдаа салаар аялж яваа мэт ажээ. Эрик нэг гартаа секстант хэмээх өнцөг хэмжигч багаж, нөгөө гартаа хэсэг цаас барьсаар тасалгаанд орж ирээд.
— Баруун уртрагийн наян есөн градус дөчин зургаан минут, өмнөт өргөргийн найман градус хоёр минутанд явна. Ганц хоногийн дотор бага биш явж шүү гэж хэлээд, надаас харандаа авч хулсан хананд өлгөөтэй байсан газрын зураг дээр жижиг дугуй тэмдэг тавилаа. Энэ бол Перу улсын Кальяо боомтоос эхлээд зураг дээр тавигдсан хорь дахь удаагийн тэмдэг бөгөөд биднийг Өмнөт далайн арлуудад дахин 40 бээрээр ойртуулсан тэмдэг байлаа. Үүнийг үзэхээр, Кнут, Торстейн, Герман гурав гаднаас яаран орж ирэв.
— Хараач, та минь? Бид Перугийн эргээс найман зуун тавин бээр холдсон байна шүү гэж Германыг хэлэхэд,
— Хамгийн ойрхон орших аралд хүрэхэд гурван мянга таван зуун бээр газар үлдээ шив дээ гэж Кнут нэмэн өгүүлэв.
— Бүр тодорхой яривал далайн ёроолоос таван мянган метр дээгүүр сарнаас хэдэн арван мянган метр доогуур хөвж яваа юм байна гэж Торстейн хэлэв.
Ингэхэд бид чухам хаа яваагаа мэдсэн болохоор би өөрийн бодлыг дахин үргэлжлүүлэв. Хөөрхий тоть шувуу хийх юмаа олж ядсан бололтой тэмдэглэлийн дэвтэр дээр суух гэж оролдоно. Эргэн тойрон хөх цэнхэр далайгаас өөр юу ч үл үзэгдэнэ.
Энэ аяны тухай санаа ноднин өвөл Нью-Йорк хотын нэгэн музейн өрөөнд сууж байхад анх төрж гарсан байж магадгүй юм. Арван жилийн өмнө Номхон далайн дунд байдаг Маркизын арлуудын нэгэн дээр ч төрсөн байж юуны магад. Хэрэв зүүн хойт зүгийн салхи биднийг урдуур аваачиж Танти буюу Туамоту олтриг дээр шидэж орхихгүй бол бид тэр арал руу очиж ч магадгүй. Тэр арлын нэр Фату-Хива гэдэг, эргээр нь гоолиг дал модон ургасан, хормойгоороо ногоон ширэнгэ ойгоор бүрхэгдсэн, улаан өнгөт асга хаднаас тогтсон уулуудтай үзэсгэлэнт сайхан байдал нь одоо ч нүдэнд харагдах мэт тод санагдавч энэ арал биднээс хэдэн мянган бээр алсад байгаа билээ. Тэр арал дээр бид орой бүр Оуиа гэдэг нарийхан хөндийн адагт хязгааргүй их далайг ширтэн эрэг дээр суудаг байсан минь санаанд орно. Тэгэхэд намайг далайн дээрэмчин адил их сахалт эдгээр харцуул дагалдаж яваа гүй харин миний эхнэр хамт явсан юм. Бид хоёр янз бүрийн амьтан ба зураг баримал болон мөхөж унтарсан эртний соёлын бусад дурсгалт зүйлсийг цуглуулсан юм. Ингэж өнгөрүүлсэн нэгэн орой тов тодхон санагдана. Соёлт ертөнц хүрч очиж боломгүй хол бөгөөд бодит биш юм шиг санагдан байж билээ. Бид хоёроос өөр цагаан арьст хүн тэнд байгаагүй. Зөвхөн бид хоёр л соёлт амьдралын сайн сайхан, муу муухай бүхнээс өөрсдийн дур зоргоор татгалзаж тэр зэлүүд арал дээр жил шахам суусан юмсан. Далайн эрэг дээр дал модны сүүдэрт шон зоож, дээр нь овоохой бариад халуун орны ой, Номхон далай хоёрын хишиг хүртээлээр амьдран суусансан.
Хүнд боловч ашигтай энэ сургууль Номхон далайн олон таавар нууцтай танилцах бололцоог бидэнд олгосон юм. Бие махбодын болоод оюун ухааны хувьд ч гэсэн бид хоёр энэ арал дээр өөр зүгээс нүүн ирсэн эртний хүмүүсийн ба нэг гартаа бурхны ном, нөгөө гартаа дарь, архи хоёр барьсан европчуулыг ирэхээс өмнө дангаараа эзэгнэн сууж байсан Полинезчуудын амьдралыг байнга давтдаг байсан гэж би боддог юм.
Тэр нэг орой эхнэр бид хоёр урьдын адил далайн эрэг дээр сууж байлаа. Сартай сайхан шөнө байсансан. Танил бус гойд хачин байдал санаа бодлыг маань эзэмдэн халуун орны ширэнгэ, ой, давстай далайн нялуун үнэр ханхлан дал модны оройн навчис салхинд сэржигнэх нь сонсогдоно. Үе үе далайн давалгаан бидний өмнө хөөсрөн босож эрэг мөргөөд бутран ойн шуугиан бусад дуу чимээг дарна. Сарны гэрэлд гялалзан харагдах тоо томшгүй олон чулууны дунд нэг үе турхиран нижигнэж хяхнах дуу гараад далайн усан ялагдашгүй эргийг дахин дайрахаар хүчээ хураан буцахад бас нам гүм болно.
— Нөгөө талын эргээр ийм давалгаан байдаггүй шүү дээ ямар хачин юм бэ? гэж эхнэрийн ярихад,
— Тиймээ. Энэ чинь салхин талын эрэг болохоор энэ зүгээс давалгаа ирэх ёстой л доо гэж би хариулав.
Ийнхүү далайг сонирхон суух зуур тэр нь давалгаагаа дорно зүгээс өнхрүүлэн авчирдагаа нотлон үзүүлэх гэсэн шиг дахин дахин авчирсаар л байна. Дорнодын пассат салхин далайн давалгааг үүсгэж намнан хөөсөөр давалгаа нь эрэг мөргөн эвдрэхэд, салхи, уул нуруу, ой модны дээгүүр дүүлэн гарч өрнө зүгт арлаас аралд дамжсаар жаргах наран тийш сааталгүй одно.
Ингэж хэзээнээс нааш давалгаа, үүл хоёр дорнодоос ирдэг байсан бизээ. Үүнийг энд ирсэн эртний хүмүүс мэддэг, жигүүртэн, шавьж атугай ч мэддэг байжээ. Алс дорнодод 4300 бээрийн цаана Өмнөд Америкийн эрэг орших бөгөөд эндээс тэнд хүртэл ганцхан далайгаас өөр юу ч үгүй билээ.
Хөвөн өнгөрөх үүл, долгилон цалгих далай хоёрыг бид ширтэн суухдаа унтран буй гал руу тонгойж явган суусан нүцгэн өвгөний яриаг сонсож байлаа.
— Тики гэдэг амьд бурхан манай өвөг дээдсийг энэ арал дээр дагуулж ирсэн юм гэдэг. Түүнээс өмнө бид далайн цаадах их газар дээр амьдарч байсан юм гэнэ билээ гэж тэр өвгөн намуухан дуугаар ярина. Тэгээд унтарч байгаа галын цуцлыг хөдөлгөж засаад бодлогошрон сууна. Энэ өвгөн элэнц хуланцын өвөг дээдсийнхээ алдар гавьяанд бишрэн тэднийгээ бурхан байсан гэж бодоод талийгаач болсон хойноо очиж уулзана гэж итгэдэг аж. Фату-Хива арлын дорнод эргээр байсан эртний омог аймгаас ганцаараа амьд үлдээд байгаа Теи Тетуа өвгөн одоо хэдэн настайгаа мэдэхгүй, үсийг нь зулмаадсан хүрэн улаан арьс шиг үрчлээт нүүр нь хэдэн зуун жилийн нар салхинд гандаж хатсан янзтай. Гэвч энэ өвгөн бол Полинезийн аугаа их жолоодогч наран хүү Тики бурхны тухай өвөг дээдсийнхээ яриаг мартаагүй түүндээ итгэж явдаг цөөхөн тооны хуучцуулын нэг нь юм.
Бид шон хатгасан урцандаа орж унтахаар хэвтсэн боловч Тикийн тухай болон далайн цаадах нутгийн тухай Теи Тетуа өвгөний ярьсан зүйл давалгааны шуугиантай хамтран чихэнд хоногшиж өнгөрч улирсан цагийн дуу хоолой шивэгнэх мэт дахин дахин сонсогдож нойр хулжив. Өнө эрт, өнөө цаг хоёрын зааг нийлж, Тики өөрийн далайчдын хамт энэхүү хөөсрөн оволзох далайн эрэг дээр гарч ирж байгаа ч юм шиг. Ингэж хэвтэх зуур гэв гэнэт нэгэн санаа төрж,
— Тэрээ дээр шугуй дотор байдаг Тикийн аврага том чулуун хөшөөнүүд Өмнөд Америкийн мөхсөн соёлын хөшөө дурсгалуудтай хачин адил байсныг нь анхаарав уу? гэж авгайгаасаа асуулаа...
Давалгааны хүрхрэх дуун миний үгийг батлан буй мэт санагдавч би түүнийг сонсохоо болин больсоор унтаж орхив.


Чухамдаа үүнээс эхлэн эцсийн эцэст энэ зургаан хүн ганц ногоон тотийн хамтаар Өмнөд Америкийн эргээс саланд сууж аялах болсон билээ.
Норвегт эргэж ирсэн хойноо Фату-Хива арлаас авчирсан шавьж, загасаа их сургуулийн амьтан судлалын музейд шилжүүлж өгөхөд минь аав, ээж, анд найзууд ихэд гайхан байсныг санаж байна.
Би амьтан судлалын мэргэжлээ орхиж эртний овогтныг судлагч болохоор шийдэв. Өмнөд далайн нууц тааврууд зүрх сэтгэлийг минь эзэмдлээ. Энэ бол нууцат эрх биш зөв мэргэн тайлбар байх ёстой учир гайхамшигт баатар Тикийн тухайд холбогдох бүхнийг судлах зорилтыг би өөртөө тавилаа.
Дараах жилүүдэд далайн давалгаа болон халуун орны балар ой дахь эвдэрхий хөшөө балгасууд надад урьд өнгөрсөн үеийн бүдэг зүүд мэт санагдан Номхон далайн арлуудад амьдран суугч овогтныг судлах гэсэн миний хичээл оролдлогын суурь дэвсгэр болж билээ. Анх эртний хүмүүсийн төрх байдлыг зөвхөн ном судар, музейн цуглуулгаар судлах гэдэг бүтэхгүй хэрэг боловч өчнөөн төчнөөн ном дэвтэрт эмхлэгдэн бичигдсэн бүхнийг одоо цагийн судлагч ганц өөрийн биеэр барьж гүйцэх гэдэг бүр ч дэмий хэрэг.
Түрүүчийн судалгааны мэдээ баримт шинжилгээний бичиг зохиол, Европ, Америкийн олон музейн тоо томшгүй цуглуулгууд нь нууцыг тайлахад надад тусламж болох байлаа. Америкийг нээсэн цагаас хойш европчууд Номхон далайн арлуудад анх хүрэлцэн очсон тэр үеэс эхлээд эрдэмтэн шинжээчин хүмүүс Өмнөд тэнгист оршин суугчид ба тэр хавь орчмын улс орнуудын хүн зоны тухай үлэмж их баримтыг цуглуулсан юм. Гэвч эдгээр зэлүүд арлын хүн ардын гарал үүслийн тухайд болон тэдний Номхон далайн зөвхөн дорнод хэсгийн арлуудад л оршин амьдардгийн шалтгааныг тайлбарлахдаа эрдэмтэд их зөрөлддөг байлаа.
Аугаа их далайгаар хэрэн хэсэх замд гарсан анхны европ хүмүүс энэ далайн төв дунд уулархаг бяцхан арлууд ба шүрэн арлууд оршин байдгийг олж их гайхжээ, Эдгээр арал дээр европчуудаас өмнө хүрэлцэн ирсэн өндөр гоолиг нуруутай хүмүүс тэднийг эрэг дээр нохой, гахайтайгаа угтаж авдаг байжээ. Тэд хаанаас ирсэн улс вэ? Бас тэд хүн мэдэхгүй хэлээр ярилцана. Номхон далайн арлыг анх нээгчид гэж өөрсдийгөө ичгүүргүй нэрлэдэг европчууд энд тариалангийн талбай, орд харш бүхий суурин газруудыг үздэг байв. Тэр ч байтугай хуучин цагийн пирамид дардан зам, дөрвөн давхар байшингийн хиртэй өндөр чулуун хөшөөтэй тулгардаг байжээ. Гэвч эдгээр хүмүүс хаанаас ирсэн, ямар учиртай улс гэдгийг тайлбарлаж чадаагүй юм.
Чухамдаа эдний тухай бичигдсэн зохиол бичиг бүхэнд өөр өөр хариулт гардаг бөгөөд шинжлэх ухааны янз бүрийн салбарын мэргэжилтнүүд тус тусдаа тайлбар өгч нэг нь нөгөөгөө цохидог байлаа. Малай, Энэтхэг, Хятад, Япон, Араб, Египет, Кавказ, Атлантид болон түүгээр ч барахгүй Герман, Норвег хүртэл Полинезчуудын эх орон гэж тооцогддог байв. Гэвч эдгээр зүйлийн аль аль нь ямар нэгэн саадтай тулгараад юу ч үгүй болдог байв.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:06 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Шинжлэх ухааны мэдлэг дутагдахад бодол санаа залгаж авдаг. Номхон далайн дундах ганцаардмал зэлүүд арлуудын аврага том хүн чулуун хөшөө болон бусад дурсгалын зүйл бол олон янзын тэс зөрүү онол, таамаглал гарахын үндэс болж байв. Зарим судлагчид Пасхи арлаас олдсон зүйлийг Өмнөд Америкийн эртний соёл иргэншлийн дурсгалт зүйлтэй адилтгаж үздэг. Эрт хэзээ нэг цагт энэ арал эх газартай үргэлж хуурай газар байгаад дараа нь доош суусан байж магад бус уу? Пасхи арал болон Өмнөд тэнгисийн адил төстэй дурсгалын зүйл олддог бусад арал нь одоо далайн ёроол болчихоод байгаа хуурай газрын үлдэгдэл юм биш биз дээ? Эдгээр онол мэрэгжлийн биш хүмүүсийн дунд их дэлгэрсэн боловч, геологчид болон бусад эрдэмтэд түүнийг тоож үздэггүй юм. Түүгээр ч барахгүй зоологичид, Өмнөд тэнгисийн арлууд дээрх шавьж, зөөлөн биетнийг судалсны үндсэн дээр энэ арлууд одоогийнх шигээ ямагт тусгаар байсан гэж баталдаг юм. Тэгэхлээр полинезчуудын өвөг дээдэс нь хэзээ нэг цагт өөрсдийн хүслээр буюу аргагүйн эрхээр ямар нэгэн онгоцонд сууж, салхи буюу урсгалын аяар явж энд ирсэн нь лавтай. Нарийвчлан судалбал өмнөд тэнгисийн хүн зон нь одоогоос хздхэн зуун жилийн өмнө ирсэн гэх үндэс байна. Полинезчууд хэдийгээр нийтдээ Европоос дөрөв дахин их талбай бүхий олон жижиг аралд тарсан боловч тэдний хэл нь онц өөрчлөгдөөгүй, хойно нь орших Гавайн арлууд, өмнө нь орших Шинэ Зеландаас, баруунтайх Самоал арал нь зүүнтэйх Пасхи арлаас олон мянган бээрээр тусгаарлагдсан боловч тэнд оршин суугчид нь полинезийн ерөнхий нэг хэлний аялгуугаар ярилцдаг. Одоо болтол өөрсдөө болоод нэг ч эрдэмтэн хүн уншиж чадаагүй байгаа үл ойлгогдох дүрс сийлсэн хэдэн ширхэг, хавтгай мод Пасхи арлаас олдсоныг эс тоолбол арлынхны аль нь ч бичиг үсэггүй байжээ. Гэтэл арлууд дээр сургууль байж, полинезчууд өөрийн түүхийг нь шашин болгон шүтэж, гайхамшигт үлгэр домгийг нь хичээнгүйлэн судалдаг байсан байх юм. Тэд өвөг дээдсээ өргөмжилж Тикийн үеийг хүртэлх үхсэн бүх жолоодогчдоо тахин шүтэх агаад Тикийг нарны хүү гэж ярилцдаг ажээ.
Аль ч арал дээр сургуульд суралцсан бүх эрэгтэйчүүд нь энд суурьшсан цагаас хойшхи бүх жолоодогчдынхоо нэрийг өчүүхэн ч түгдрэлгүй тоочих ажээ. Мартаж болох аюулаас болгоомжилж эртний Перугийн инк-индианчуудын хэрэглэж байсан нарийн олсон зангилаа ч хэрэглэдэг ёс бас байжээ. Одоогийн судлагчид өөр өөр арлын оршин суугчдын удам төрлийн холбоог тэмдэглэн авсан нь үе удам нэр усны хувьд яв цав нийцэж байдаг байна. Ийнхүү полинезчуудын нэг үеийг дунджаар 25 жил гэж бодоод тооцоо хийхэд Өмнөд тэнгисийн арлынхан манай тооллын 500-гаад оны үед энд ирсэн бололтой. Мөн нилээд сүүлийн үед ирэгчид нь 1100-гаад оны үед иржээ.
Ийм хожуу үед тэд хаанаас ирэв ээ? Гэтэл энэ арал дээр хожуу ирэгчид нь чулуун зэвсгийн үеийн хүмүүс байсан нь зайлшгүйг маш цөөхөн тооны судлагчид анхааралдаа авчээ. Сүрхий авхаалжтай, соёлын хувьд их хөгжсөн мэт атлаа, эдгээр далайчид суурьшсан арал бүхэндээ чулуун сүх зэрэг чулуун зэвсгийн үеийн багаж зэвсгийг авчирч дэлгэрүүлсэн байна. Гэтэл манай тооллын 500 юм уу 1100 оны үед ганц нэгийн зэрэг хоцрогдмол зэлүүд овогтон халуун орны ойгоор байснаас биш чулуун зэвсгийн шатанд байсан овогтон бүх дэлхий дээр Америкаас бусад нутагт байгаагүй гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн Америкийн индианчууд нь их соёлжсон хэдий боловч төмөр мэдэхгүй, харин чулуун сүх ба чулуугаар хийсэн багаж, зэвсэг хэрэглэдэг байв.
Энэхүү индианы олон овогтнууд л полинезчуудьн дорно зүгийн ойрын хөрш нь байжээ. Өрнө зүгт бол негрүүдийн алсын төрөл болох анх эртний хар арьстан овогтнууд Австрали, Меланезид оршиж байсан бөгөөд цаашаагаа Индонези, Азийн эргээр дэлхий дээр хамгийн түрүүнд чулуун зэвсгийг орхисон хүмүүс амьдарч байсан шүү дээ.
Олон эрдэмтэн полинезчуудын өвөг дээдсийг эрж цөхрөнгөө бараад олоогүй байгаа хуучин тивүүдийг би аажмаар сонирхохоо больж өөрийнхөө анхаарлыг урьд хэнд ч тоогдоогүй байсан америкийн судлагдсан ба судлагдаагүй индиан овогтонд чиглүүлэх боллоо. Ингээд Номхон далайн эрэг ба түүний орчмын уулархаг нутгийг эзлэн байгаа одоогийн Өмнөд Америкийн Перу улсын нутагт сонирхолтой ул мөрийг хайх хэрэгтэй болсон юм. Эрт хэзээ нэгэн цагт энэ нутагт ямар нэгэн овогтнууд гайхамшигт өндөр соёлыг цэцэглүүлэн хөгжүүлж байгаад гэв гэнэт газрын хөрснөөс хусагдан арилах мэт алга болжээ. Тэд одоогийн Питкерн, Маркизын арлууд болон Пасхи арал дээрх шиг аврага том хүн чулуу ба Таити, Самоа арлууд дээрх шиг шаталсан том пирамидуудыг барьж үлдээсэн байна. Энэ хүмүүс чулуун сүхээр уулнаас одоо цагийн галт тэрэгний хиртэй том чулууг түлхэн аваад хэдэн бээрийн тэртээ хөндийд буулгаж хүн чулуун хөшөө, чулуун дааман босгодог байжээ. Эдгээр нь одоо Номхон далайн арлуудад байгаа хөшөө дурсгалуудтай яг л адил юм.
Энэ уулархаг оронд анхны испанчуудыг ирэх үед инк-индианчууд өөрийнхөө хүчирхэг их улс гүрнийг байгуулсан байв. Тэд голын хөндийд байгаа аврага том хөшөөний тухай испанчуудад ярихдаа, энэ бол тэдгээр инкүүдийг өөрсдий нь ирэхээс өмнө энд байсан цагаан бурхны хүмүүс үүнийг босгосон юм гэдэг байжээ. Инкүүд энэ сөнөсөн гайхамшигт барималчдыг цэцэн мэргэн номхон дөлгөөн хүмүүс байсан бөгөөд эрт дивангарт хойт зүгээс энд ирж манайхны өвөг дээдсийг газар тариалан, барилгын ажилд сургаад, хэвшил заншлаа үлдээсэн юм гэж магтдаг байжээ.
Тэд бусад Индианчуудтай адилгүй, цагаан арьстай урт сахалтай хүмүүс байсан гэнэ. Нуруугаар ч инкүүдээс өндөр байжээ. Эцэстээ тэд гэв гэнэт алга болж эрх мэдэл нь инкүүдэд шилжсэн ба цагаан багш нар Өмнөд Америкийг эгнэгт орхиж баруун зүгт Номхон далайн төв рүү явсан юм гэлцдэг байна.
Мөн ч Номхон далайн арлуудад анх хүрэлцэн очсон европчууд нутгийнхны дунд цагаан арьстай урт сахалтай хүмүүс байсныг хараад гайхдаг байжээ. Зарим арал дээр цагаан арьс, цайвар шар үс, хөх цэнхэр нүд, монхор хамраараа нутгийхнаас эрс ялгаатай хүмүүсээс бүрдсэн айл өрх ч байдаг байсан гэнэ.
Бусад полинезчууд бол хүрэн хар арьстай, хар үстэй хавтгай хамартай байв. Шар үстэнгүүд өөрсдийгөө уру-кеху гэж нэрлээд бид бол Тангароа, Кане, Тики зэрэг анхны жолоодогч цагаан бурхнуудын удам юм гэж үздэг байжээ. Арлынхны үүсэж гарсан эртний цагаан хүмүүсийн тухай домог бүх полинезид дэлгэрсэн юм. 1722 онд Роггевеен (1669—1733 он хүртэл амьдарсан Голландын далайчин, нэгэн удаагийн аяллаараа Пасхи арлыг нээж, энэ нээлт нь Христосын шашны Пасха гэдэг хаврын (улаан өндөгний өдөр) сайн өдрөөр тохиолдсон тул уг арлыг Пасхи гэж нэр өгсөн юм. Пасхи арлыг нээхдээ эрэг дээр цугларсан хүмүүсийн дунд «цагаан арьстан» хүн байхыг олж харжээ. Пасхи арлынхан Тики, Хоту Матуа зэрэг өнгөрсөн цагийн цагаан арьст жолоодогчдоо нэр дараалан тоолдог бөгөөд тэд «Дорно зүгийн нарлаг уулархаг орноос ирсэн юм» гэлцдэг билээ.
Эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байтал минь Перугийн хүн ардын хэл соёл, үлгэр домогт сонин гайхалтай баримтууд олдож тэр нь полинезын Тики бурхан хаанаас гаралтайг тодруулах хэрэгт намайг улам тэвчээртэй шургуу болгосон билээ.
Ингээд би эрсэн юмаа оллоо. Перуд байгаад алга болсон цагаан хүмүүсийн их эзэн, наран хаан Виракочийн тухай инкүүдийн домог судрыг уншиж байгаад доор дурдсан зүйлтэй тулгарлаа.
«Инкүүдийн хэлээр Виракоча гэж нэрлэсэн явдал бол саяхны хэрэг бөгөөд наран бурхны анхны нэр нь Кон-Тики буюу Илла-Тики гэдэг байсан нь Наран-Тики буюу Гал-Тики гэдэг үг юм. Кон-Тики бол инкүүдийн домогт гардаг нүүж явахдаа Титикака нуурын эрэг дээр эвдэрсэн их балгас үлдээсэн «цагаан хүмүүсийн» их жолоодогч наран хаан байсан ажээ. Кокимбогийн хөндийгөөс ирсэн Кари нэрт овогтны жолоодогч Кон-Тикид довтолж, Тикикака нуурын нэгэн арал дээр ширүүн тулалдаан болж түүгээр сахалт цагаан хүмүүс цохигдоод, Кон-Тики ба түүний шадар хүмүүс амь гаран зайлж Номхон далайн эргэд хүрээд өрнө зүгт далайн цаад руу явж алга болсон гэдэг» гэж бичсэн байв.
Ингээд цагаан жолоодогч бол Номхон далайн дорнод арлынхны өвөг дээдсээ гэж хүндэтгэн шүтдэг бөгөөд инкүүдийн ярьдгаар бол тэдний өвөг дээдэс Перугээс үлдэн хөөсөн наран бурхан Тики байсан бизээ гэдэгт би эргэлзэхээ больсон юм.
Гэвч Кон-Тикийн номхон дөлгөөн хүмүүс арлыг өөрийн гарт удаан барьж байж чадаагүй бөгөөд удалгүй баруун хойт зүгийн индианчууд хүрэлцэн ирж Кон-Тикийн хүмүүстэй хутгалдан шинэ иргэнийг үүсгэсэн нь зайлшгүй. Эд бол чулуун зэвсгийн үеийн хоёрдох овогтнууд буюу 1100-гаад оны үед полинезид ирсэн бөгөөд төмөр гэж юу байдаг, шавар ваарын урлал, дугуй, ээрүул, үр тарианы ургамлын алиныг ч мэддэггүй хүмүүс байсан биз ээ.
Үүний дараа би Британийн Колумбид малталт хийж, баруун хойт зүгийн индианчуудын оршин сууж байсан газраас чулуун дээр сийлсэн эртний полинезын хэв маягийн зургуудыг хайв. Энэ үеэр германчууд Норвегт довтоллоо.
Яах вэ дээ, тэгээд баруунтай ший, зүүнтэй ший, эргээд марш л биз. Цэргийн хуарангийн шал угаах, гутал арчих, радио холбооны сургууль, дараа нь шүхэр гэсээр байгаад эцэст нь Мурманы харгалзагч (эх орны дайны үед Атлантын хойт захаар Америкаас Мурманск хүртэл усан онгоцоор ачаа тээж байсан замыг ийнхүү нэрлэдэг байв) болж финмаркений (норвегийн нэг муж) дэргэд ирээд хөхөө өвлийн турш наран бурхны эзгүйд цэргийн техникт ноёрхуулж байв.
Энх тайван цаг эхлэв. Би өөрийнхөө онолыг үндэслэж дуусгав. Эрдэмтэн мэргэжилтний зөвлөлгөөнд тавих болов. Үүний тулд Америк руу явах хэрэгтэй боллоо.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:07 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Хоёрдугаар бүлэг
АЯЛАХ БОЛСОН МИНЬ


Мэргэжлийн. хүмүүс дунд-Саад тотгор—Далайчдын ордонд Эцсийн ганц зам—Жуулчдын клуб —Шинэ багаж хэрэгсэл—Нөхөд оллоо—Гурвалжин хэлэлцээр— Уран зураач—Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож явсан хоёр хүн Вашингтонд—Цэргийн яаманд болсон зөвлөлгөөн—Арын албаар өргөдөл барьж гүйв.—Мөнгөн санхүүгийн асуудал.—НҮБ-д дипломатуудын дунд.—Эквадор орохоор нисэв.

Энэ бол өмнөд тэнгисийн нэг арал дээр полинез өвгөн задгай галын дэргэд сууж байгаад овгийнхоо өнгөрсөн түүх домгоос ярьж байсан тэр цагаас эхэлжээ. Олон жилийн хойно НьюИорк хотын нэгэн том музейн дээд давхрын харанхуй тасалгаанд өөр нэгэн өвгөний хамт би сууж байлаа.
Тэр тасалгаанд сайн эвлүүлж тавьсан шилэн тавиур дотор эртний боловч судлагдсан үеийн хүний гавлыг шавраар дууриалгаж хийгээд тавьсан нь балар эртний үед хүрэлдэн очих залуур мэт. Ханын дагуу ном хураасан байна. Тэдгээрийн заримыг ядаж арван ч хүн уншсан болов уу даа. Харин цөмий нь уншиж, заримыг өөрөө бичсэн сайхан зантай буурал өвгөн бичгийн ширээний ард сууна. Сая би түүний хоры нь буцалгаж орхив бололтой. Тэр өвгөн зөөлөн сандлынхаа тохойлдовчоос зууралдаад, хамаг юмы нь үймүүлчихсэн юм шиг харцаар намайг харж
— Үгүй, хэзээ ч тийм байх ёсгүй! гэж ундууцав.
Магадгүй ирэх оны зул сарын наадам 6-р сарын 23-нд болно гэж хэн нэг хүн маргавал сүлд модны наадамд гардаг өвлийн өвгөн л ийм төрх үзүүлэх байх.
— Та буруу бодож байна. Маш буруу бодож байна гэж тэр өвгөн дахин дахин өгүүлээд энэ бүтэлгүй үзлийг хөөн зайлуулах мэт хилэнтэйгээр толгойгоо дэнжигнүүлэв. Ширээн дээр байгаа өөрийнхөө гар бичмэлийг зааж,
— Та миний хийсэн дүгнэлтүүдийг уншаагүй байгаа шүү дээ гэж намайг хэлэхэд,
— Дүгнэлтүүд гэнээ! Угсаатны судлалын асуудалд сэрдэх мөрдөх байдлаар хандах эрх танд байхгүй шүү гэлээ
— Яагаад? Миний хийсэн бүх дүгнэлт бол миний өөрийн ажиглалт, шинжлэх ухаанд нэгэнт тодорхойлогдсон баримт дээр үндэслэсэн юм шүү дээ.
— Шинжлэх ухааны зорилт бол юухан хуухныг батлах гэсэн оролдлого бишээ. Харин элдэв зүүлт чимэггүйгээр цэвэр шинжилгээ хийхэд байдаг юм гэж тэр тайвуухан хэлээд гар бичмэлийг минь сөхөж үзэлгүйгээр хажуу тийш нь түлхэн зайлуулж ширээ рүүгээ тонгойгоод,
— Өмнөд Америк бол эртний гайхалтай их соёлын эх орон байсан гэдэг нь тун зөв, гэвч тэнд ямар хүмүүс байсан, инкүүд эрх мэдлийг авснаас хойш тэд хаашаа явсныг бид мэдэхгүй. Харин өмнөд Америкийн овогтнуудаас нэгэн нь ч Номхон далайн арлууд дээр очоогүй гэдгийг бид гарцаагүй мэдэж байна.
Юу гэх бол гэсэн байдалтай намайг ажиж хараад,
— Яагаад гэдгийг та мэдэж байна уу? Тэдэнд завь байгаагүй учраас тэд тийшээ очиж чадаагүй юм гэж үргэлжлэн ярив.
— Харин ч тэдэнд сал байсан шүү дээ. Бальс модон салыг та мэдэх үү? гэж асуухад өвгөн эрдэмтэн инээмсэглэн байж,
— Тэгээд та бальс модон салаар Перугийн эргээс Номхон далайн арлууд хүртэл аялаад үз л дээ гэлээ. Надад хэлэх үг олдсонгүй. Орой болж байсан тул бид хоёр суудлаасаа өндийв. Намайг явах болоход өвгөн эрдэмтэн миний мөрийг алгадаж хэрэгтэй бол би танд туслахад хэзээ ч бэлхэн байна гэлээ.
Харин би ирээдүйд нэг бол полинезиар эсхүл америкаар мэргэжих ёстой агаад хүн судлалын энэ хоёр аймгийг хутгаж болохгүй юм байжээ. Тэр дахин ширээ рүүгээ тонгойж,
— Та мартах нь байна шүү дээ гэж хэлээд, миний rap бичмэлийг надад өгөв.
Би үүнийг авахдаа «Полинези-Америк хоёрын түүхийн өмнөх үеийн харилцааг шинжилсэн нь» гэсэн нэрийг харав. Гар бичмэлээ сугандаа хавчуулаад шатаар дурамжхан бууж гудамжинд гараад олны дунд хутгалдан оров.


Энэ орой би Гринвич Виллежийн нэгэн бөглүү догол гудамжинд байгаа дан байшингийн үүдийг очиж тогшив. Миний хөөцөлдөж буй бяцхан асуудал сэтгэл санаагий минь бусниулан үймүүлэх үед би энд ирэх дуртай байдагсан.
Урт хамартай, намхан туранхай хүн надад хаалгаа нээгээд, баяртай инээмсэглэж, намайг байшиндаа бараг чирэх шахам татаж оруулав. Гал тогооныхоо өрөөнд аваачаад яаран сандран таваг халбага зөөж эхлэх зуураа зуухан дээр шарж байгаа хорхой хүрэм үнэр ханхалсан зуушаа нэмэв.
— Ирсэн чинь сайн байна. Ажил амжилттай юү? гэхэд нь,
— Муу муу. Гар бичмэлий минь уншъя гэх хүн ч алга гэв...
Энэ завсар тэр хүн хоол таваглаж бид идэж эхлэв.
— Уулзсан хүн бүр л таны үзлийг дэмий юм гэж хэлээд байгаа биз. Энд, Амернкад хачин, хөгтэй санаанууд их гарна шүү гэж өгүүлэв.
— Хэргийн учир үүнд биш л дээ.
— Тиймээ, тийм, та уг асуудлыг хэрхэн тавьж байгаад бас байгаа юм. Энд чинь ургамлын судлалаас эхлээд хуучны судлал хүртэл цөм өөр өөрийнхөө мэргэжлийн хүрээгээр л хязгаарлаж тэр л өөрийнхөө нүхнээс олон юмыг боловсруулахаас биш өөр нүхнээс гарсан юмтай харьцуулж үзнэ гэж байхгүй шүү гэж хэлээд босож зузаан гар бичмэл авчраад,
— Хар л даа. Хятадын тариачдын хатгамал дээр шувууг хэрхэн дүрсэлдэг байсан тухай миний сүүлчийн ажил энэ байна. Үүнийг би долоон жил нухсан юм. Харин дуусмагц нь хэвлэхээр авсан. Одоо чинь тусгайлан авсан жижиг сэдвийг л их сонирхдог болж шүү гэв.
Карлын хэлсэн зөв боловч Номхон далайн асуудлыг шийдвэрлэх нь шатрын хөлгөн дээр зөвхөн өөрийнхөө бодыг хэрхэн хөдөлгөснөөр асуудлыг шийдэж чадахгүйн адил тал бүрээс нь харахгүйгээр бүтэхгүй зүйл байлаа.
Хоол идсэний дараа аяга, тавгаа цэвэрлэхэд нь би Карлд туслав.
— Чикагогийн их сургуулиас чимээ алга уу?
— Алга.
— Музейн өвгөн найз өнөөдөр танд юу гэж хэлэв?
— Тэр өчүүхэн ч сонирхсонгүй. Индианчууд зөвхөн жирийн салтай байснаас биш тэд Номхон далайн арлуудад очиж байсан гэж бодох хэрэггүй гэж байна хэмээн хариулав.
— Тиймээ. Үнэнийг хэлэхэд таны онолыг эсэргүүцэж байгаа нь зүйтэй ч байх гэж хэлээд, нөгөө намхан хүн маань тавгаа хурдан хурдан арчиж эхлэв. Урьд нь өөрийнхөө үнэнч холбоотон гэж үздэг байсан энэ намхан хүнийг би дурамжхан харцаар ширтэхэд тэрээр,
— Намайг битгий буруу ойлгоорой, таных зөв, гэхдээ нэг л тодорхой биш байна. Хатгамлын тухай миний ажил таны онолыг баталж байна гэж яаран өгүүлэв.
— Карл аа, индианчууд Номхон далайг салаар гаталж байсан гэдэгт би бүрэн итгэж байна. Үүнийг батлахын тулд би өөрөө ч тийм сал боогоод явахад бэлэн байна гэж би хэллээ.
— Галзуураа юу?
Тэр хүн намайг тоглож байна гэж бодсон бололтой инээв.
— Галзуураа юу? Салаар уу даа? гэж асуугаад тоглосон юмаа гээд инээмсэглэх бол уy гэсэн байдалтай над руу харна.
Би инээсэнгүй. Ингээд Перу, Полинези хоёрын хооронд хязгааргүй далай байхад түүнийг гатлахын тулд балар эртний салнаас өөр юмгүй байгаад ийм онол баримталж байгаагий минь хэн ч зөвшөөрөхгүй юм байна даа гэж би ойлголоо.
Карл намайг итгэлгүй харцаар харж
— Гадагшаа гаръя, нэг нэг зуун грамм ууя гэв. Бид хоёр гарч яваад тус бүр дөрвөн зуун грамм татлаа.


Долоо хоногийн эцсээр орон сууц хөлсөлсөн хугацаа дууслаа. Яг энэ үеэр Норвегийн банкнаас хойшдоо надад доллар гуйвуулахгүй гэсэн захиа ирүүлсний нь хүлээж авлаа. Чемоданаа авч метрод суугаад Бруклинд хүрч тэнд Норвегийн далайчдын байранд суух болов. Хоол нь сайн, арвин агаад үнэ нь хямд байгаа нь миний түрийвчний доторхитой таарчээ. Хоёрдугаар давхарт нэг жижиг өрөөнд орж, далайчидтай хамт нийтийн хоолны газар хооллож байх боллоо.
Далайчид ирж л байна, явж л байна. Хүн бүр хэв маяг, өндөр нам болон балгах хир хэмжээгээр янз бүр л байх боловч далайн тухай ярихад чухам юуны тухай ярилцаж байгааг мэдэх хувьдаа тэд нэг ерөнхий шинж чанартай юм. Би ингэж байхдаа долгионы их бага нь далайн гүнээс буюу эргэд хол ойр байгаагаас болдоггүй, бас алс далай дунд явахаас эрэг орчмоор явах нь илүү аюултай гэдгийг мэдэж авлаа. Эргийн гүехэн устай газар буюу урсгалтай, эсхүл далайн их урсгал дуусаж буй хэсэгт долгио их байдаг гэнэ. Эрэг орчмоор аялахад зориулсан онгоцоор гадаад далайд алс аялж болно. Түүнчлэн хүчтэй шуурганаар том хөлөг онгоц хушуугаараа долгионд шааж ороод живэх явдал байдаг бол жижиг онгоц цувраа долгионы хооронд ч багтах учраас долгион дээгүүр бүжиглэх мэтээр аюулгүй өнгөрдөг ёс бий аж.
Би энд байхдаа шуурганаар онгоцоо живэхэд завинд сууж амь гарсан улстай ч уулзлаа. Гэвч тэд салны тухай бага мэддэг байв. Сал бол онгоц биш, түүнд нуруу мод ч байхгүй, хашлага хаалт ч байхгүй юм. Энэ бол зөвхөн аюул учрахад амь аврахын эрхээр суугаад аврах онгоц иртэл тэгсгээд л хөвж явдаг зүйл шүү дээ. Гэвч нэг далайчин салыг их магтаж, Атлантын далайд онгоц нь Германы цэргийн суманд оногдож сүйрэхэд сал дээр гарч суугаад гурван долоо хоног хөвсөн тухайгаа ярив.
— Гэвч та салыг жолоодож чадахгүй шүү дээ. Тэр чинь салхины эрхээр хаашаа ч явж магадгүй гэж тэр далайч нэмж хэлэв.
Өмнөт америкийн Номхон далайн эргээр ирж байсан анхны европчуудын бичсэн тайлангуудыг номын сангаас ухаж олоод тэндээс индианчуудын бальс модон салны зураг тодорхойлолт зэрэг нилээд зүйлийг олж үзэв. Тэнд дөрвөлжин далбаа, нуруу мод буюу залах сэлүүр зэрэг зүйл зурагдсан байгааг үзвэл салаа залдаг байсан байх нээ гэж мэдлээ.
Өдөр хоног өнгөрч, би далайчдын байранд суусаар л байв. Чикаго зэрэг миний гар бичмэлээ уншуулахаар хүргүүлсэн газруудаас хариу алга. Хэн ч уншаагүй биз дээ.
Нэгэн хагас сайн өдөр Уотер-стритэд байдаг далайн багаж хэрэгслийн дэлгүүр хүрэхээр зориглов. Тэнд очоод Номхон далайн усан замын харилцааны зураг авч байхад минь намайг «ахмад» гэж эелдгээр дуудаж байлаа. Тэндээсээ зургаа хуйлж сугандаа хавчуулаад хотын зах гардаг галт тэргэнд сууж Оссининг (Нью-Йорк орчмын жижиг хот) орохоор явлаа. Тэнд хотын захын нэгэн хөөрхөн байшинд норвеги залуу хос амьдран суудаг байсан юм. Нөхөр нь урьд тэнгисийн ахмад байгаад одоо «фред Ульсен» гэдэг хөлөг онгоцны компанийн Нью-Йоркийн конторыг даргалж байгаа юм.
Тэнд задгай усан санд орж сэрүүцсэний дараа хотын бүх ажил явдал ч мартагдаж. Амбьерг авгай тавиуртай дарс авчирч, бид зүлгэн дээр суугаад наранд шарж хэвтэв. Ийнхүү суух завсраа тэссэнгүй зургаа дэлгэж тавиад Перугээс Полинезийн арлууд хүртэл салаар эсэн мэнд аялж болох эсэх тухайд ямар саналтай байгааг Бильгельмээс асуулаа. Тэр гайхаж, над руу эгцэлж нилээд хараад болно гэж зөвшөөрсөн хариу өглөө. Энэ нь миний нуруун дээрээс нэгэн хүнд юм авч хаясан шиг болж, би ч онгоц жолоодох, дарвуул хийсгэн хөвөх явдал бол Вильгельмийн мэргэжил төдийгүй түүний дуртай ажил нь мөн гэж бодлоо. Ингээд өөрийнхөө төлөвлөгөөг ярьтал, тэр маань, энэ бол яагаад ч бүтэхгүй гэж эрс татгалзлаа шүү.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:09 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
— Та дөнгөж саяхан болно гэж хэлсэн биз дээ.
— Тиймээ, гэхдээ энэ явдал муугаар дуусаж болох тал нь даан ч их байна. Та өөрөө бальс салаар хөвж үзээгүй болоод ид шидээр Номхон далайг гаталчихна гэж бодож байх шиг байна. Тэр ёсоор болж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Перугийн эртний индианчууд бол олон үеийнхнийхээ туршлагад түшиглэж байжээ. Хэдэн зуун жил өнгөрөхөд арав, түүгээр ч барахгүй зуун салнаас ганц нь л гаталж бусад нь далайн ёроол руу одсоп байж болох шүү дээ. Инкүүд хэдэн арван бальс сал бэлтгээд ч олуулаа зэрэг далайд гардаг байсан гэж та өөрөө баталж байна. Тэгвэл нэг сал нь живэхэд түүн дээр явсан хүмүүсийг нөгөө сал дээрээ гаргаж авдаг байсан байж болно шүү лээ? Гэтэл таныг живэхэд хүрвэл хэн аврах вэ? Радио станцтай явлаа ч гэсэн хязгааргүй далайд хөвж яваа ганц жижиг салыг олоход тийм амархан гэж бодно уу? Далайн шуурга таныг салнаас чинь ховх үлээж орхилоо гэхэд та авралын онгоц очтол хэдэн арав дахин живж амжина шүү дээ. Тэгж баларснаас эндээ байгаад эрдэмтэд гар бичмэлий чинь уншихы нь хүлээж байвал дээр байхаа. Дахин дахин бичээд шаардахгүй юу. Үүнээс шулуун юм үгүй шиг санагдана гэв.
— Би хүлээж чадахгүй нь ээ. Сохор зоос ч үгүй боллоо.
— Тэгвэл манайд ир л дээ. Сохор зоос ч үгүй байж Өмнөд Америкаас аялах аянг яаж бэлтгэнэ гэж бодож байна.
— Уншаагүй rap бичмэлийг бодвол аялал нь сонирхолтой юм даа.
— Тэглээ гээд ямар ашиг олдох юм бэ?
— Шинжлэх ухааны хүмүүсийн сонирхлыг энэ зүгт татаж чаддаггүй юмаа гэхэд миний онолын эсрэг санааг няцаахад хэрэг болно шүү дээ.
— Муугаар дуусах болчихвол яах вэ?
Тэгвэл, юу ч батлаагүй л болно биз.
— Тэгвэл өөрийнхөө онолын бүтэлгүйг олны өмнө харуулах болно доо.
— Тийм ч байж мэднэ. Гэхдээ арван удаагийн оролдлогын бүтэлтэй нэг нь бидэнд таарчихаж магадгүй шүү дээ.
Хүүхдүүд байшингаас гарч ирээд крокет тоглох болж, бид ч яриагаа таслан дахиж энэ тухай ярилцсангүй.
Дараагийн бямба гаригт би газрын зургаа сугавчилсаар Оссинингд дахин очлоо. Энэ удаа очихдоо зураг дээрээ Перугийн эргээс Номхон далайн Туамоту арал хүртэл харандаагаар зурсан байлаа. Миний найз ахмад намайг ятгаж зогсоох найдваргүй болсныг нэгэнт мэдээд, бид хоёр салны хурдын тооцоо гаргах гэж хэдэн цar суув.
— Таны бодож байгаагаар дарвуулт сал салхинд тууг даж ямар ч саадгүй явлаа гэхэд ерэн долоон өдөр явах нь байна. Тэгэхлээр та доор хаяад дөрвөн сараас доошгүй хугацаа зарах хэрэгтэй юм. Харин түүнээс ч илүү байж магадгүй гэдгийг бодолцож бэлтгэх хэрэгтэй шүү дээ гэж Вильгельм хэлэв.
— Тиймээ, наад зах нь дөрвөн сараас доошгүйгээр бодож ерэн долоон хоног аялах юм байна гэж би ч аяндаа дагалдаж өгүүлэв.
Тэр орой байрандаа эргэж ирээд орныхоо өнцөг дээр сандайлан сууж байхад, далайчдын байрны бяцхан өрөө надад улам ч аятайхан шиг санагдаж билээ. Би өрөөнийхөө зайг алхмаар хэмжиж үзээд сал бол үүнээс нилээд том байх ёстой гэж бодов. Цонхоо нээж толгойгоо гадагш цухуйлган дээш харваас өндөр байшингуудын завсраар одот тэнгэр харагдана. Сал дээр хэдий явцуу боловч одот тэнгэр бүхэлдээ харагдаж байх бизээ.
Баруун хэсгийн 72 дугаар гудамжинд, төв цэцэрлэгээс хол бус газар Нью-Йоркийн хамгийн хаалттай клубүүдийн нэг байдаг. Хаалган дээрх «Жуулчдын клуб» гэсэн бичигтэй гялалзсан зэс самбар нь л хүмүүст энэ байшин дотор сонин хачин юм их байгаа байх гэдэг бодол төрүүлнэ. Тийшээ ороод очиход, завсар хоорондуур нь суудлын тэрэг хорхой шавьж шиг бужигналдсан, тэнгэр баганадам өндөр өндөр барилгатай Нью-Йоркоос өдий төдий бээр алс газар орших, ямар нэгэн өөр гайхалтай ертөнц рүү үсрээд буучихсан юм шиг санагдана. Ингээд хаалга хаангуут та халуун оронд арслан агнаж яваа юм шиг, эсхүл өндөр ууланд авирч, туйлын орноор жуулчилж яваа ч юм шиг сэтгэгдэл төрж, бас дэлхийг тойрон аялж яваа хөнгөн хөлөг онгоцны найрын өрөөнд сууж байгаа ч юм шиг санагдах бий. Энэ клубт халуун орны хамар дээрээ эвэрт хярс, буга, ангийн крабин, зааны соёо, цэргийн бөмбөр, жад, индиан хивс, чулуун хөрөгнөөс өгсүүлээд хөлөг онгоцны загвар, туг далбаа, зураг тэргүүтэн эсэн бусын юм байна. Клубийн гишүүд энд үе үе цугларч хоол идэх ба алс холын нутаг орны тухай лекц сонсдог ажээ. Би Маркизын арлаар жуулчилсныхаа дараа энэ клубийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон юм. Хамгийн залуу гишүүдийн нэг нь байсан болохоор Нью-Йоркт байх цагтаа хурал цуглааны нь бараг тасалдаггүй байлаа. Ингээд арван нэгдүгээр сарын энэ нэгэн бороотой үдэш би клубт орж ирээд хий дүүргэж хөвдөг хаймар завь, янз бүрийн багаж хэрэгсэл, шүхэр, хаймар хувцас, аврах хүрэм, ус нэрэх багаж болон бас бус олон зүйлийн юм дэлгэж шалан дээгүүр тавьсныг үзэж ихэд гайхав. Клубийн шинэ сонгогдсон гишүүн, агаарын цэргийн материал хангамжийн лабораторийн хурандаа Хаскин цэргийн шинэ нээлтүүдийн тухай лекц уншиж дээрх зүйлийг үзүүлэх гэж байгаа юмсанж. Түүний үзэж байгаагаар энэ бүхэн нь ирээдүйд хойт ба өмнөд өргөргийн далайн шинжилгээнд их л ашигтай юм байжээ.
Лекцийн дарга хөгжөөнтэй, ширүүн маргаан эхлэв. Дани улсын харьяат, туйл судлагч нэрт эрдэмтэн Петер Фрейхен гэдэг өндөр, том биетэй эр урт сахлаа сагсалзуулсаар дурамжхан босож ирэв. Тэр хүн шинэ зүйлүүдэд үл итгэж байгаа аж. Нэг удаа Гренландаар аялж явахдаа эскимосуудын далайн амьтны арьсаар бүрсэн хөнгөн завь ба цасан овоохойн оронд хаймар завь, хүүдий майхан хэрэглэж яваад үхэхээ шахсан юмсанж. Шуурганаар хүүдий-майхны нь «цахилгаан» товч хөлдөж орхиод онгойж өгөхгүй үхэх дөхсөн ба дараа нь загасчилж яваад загасны дэгээгээр хаймар завиа цоолж орхиод тэр нь шалчийж даавуу шиг живж бас нэг үхэх шахжээ. Харин эскимосын хөнгөн завь даруй хүрэлцэн ирж амий нь аварсан гэнэ. Хамгийн их авьяастай ч гэсэн нэг хүн өрөөндөө сууж байгаад бүтээсэн зүйл нь мянган жилийн туршлагатай эскимосууд эх орондоо ашиглаж байгаа тэр зүйлээс давж чадахгүй гэдэгт тэр хүн бүрэн итгэдэг юм байна.
Маргааны дараа хурандаа Хаскин санал тавьж, клубийн жинхэнэ гишүүд жуулчлалд явахдаа эдгээр зүйлээс авч яваад туршиж бопох ба харин эргэж ирсэн хойноо ямар санал сэтгэгдэл төрснийг лабораторит заавал мэдэгдэх хэрэгтэй гэв. Энэ нь чухамдаа надад л сайн юм болж би клубээс тэр орой хамгийн сүүлд явсан билээ. Гэв гэнэт ёстой л тэнгэрээс бууж ирсэн гэлтэй бөгөөд авъя л гэдгээ хэлбэл миний болох эдгээр шинэхэн багаж хэрэгслийг сайтар үзэх хэрэгтэй байв. Энэ бүхэн яг надад хэрэгтэй зүйл байсан агаад модон сал гэнэт эвдэрч ойр хавьд хөлөг онгоц байдаггүй юм гэхэд үүгээр амь аргалж болох юм.
Маргааш өглөө нь далайчдын байранд хоол идэж өчигдөр орой үзсэн багаж хэрэгслийн тухай бодолхийлэн сууж байтал, сайхан хувцасласан, тэнхээтэй байрын нэг залуу, цар дээр өрсөн хоолоо барьсаар миний хажууд ирж суув. Бид хоёр дэмий яриа эхэлж, тэр хүн маань далайчин ч биш, харин машины багаж хэрэгсэл худалдаж авах ба хөргөгч техниктэй танилцах зорилгоор Америкт ирсэн Норвег улсын Тронхейм хотын инженер хүн байлаа. Түүний сууц нь ойролцоо бөгөөд хааяа далайчдын байранд сайхан норвег хоол идэх зорилгоор ирдэг байжээ. Би түүнийг та юу хийдэг вэ? гэж асуухад нь өөрийнхөө төлөвлөгөөг товч танилцуулав. Хэрэв энэ долоо хоногт rap бичмэлийнхээ хариуг авч чадахгүй бол салаар аялах замдаа бэлтгэж эхэлнэ гэдгээ бас түүнд хэлэв.
Тэр хүн миний яриаг ихэд сонирхон сонссон боловч надаас юм асуусангүй.
Дөрөв хоносны дараа бид хоёр дахин тэнд дайралдав.
— За, та аялахаар шийдэж байна уу? гэж асуухад нь:
— Тиймээ явна гэвэл,
— Хэзээ? гэнэ.
— Тун даруйхан бол сайн юмсан. Хэрэв удчихвал өмнөд туйлын хүйтэн салхи эхэлж арлууд дээр ч салхи шуурганы цаг болчихно байх. Юуны өмнө Перуд очиж бэлтгэл хийх, бас мөнгө олох хэрэгтэй байна. Ингээд ойрын саруудад хөдлөх хэрэгтэй болж байна гэв.
— Та нар хэдүүлээ явах вэ?
— Зургуул явбал зүгээр бол уу, нэгд уйдахгүй, хоёрт дөрөв дөрвөн цагаар ээлж тогтоож салаа жолоодоход тохиромжтой юм.
Тэрээр юм бодож буй янзтай хэдэн хором дуугүй байснаа гэнэт:
— Чөтгөр ав, та нартай явах юмсан. Техникийн хэмжилт цаг уурын ажиглалт хийгээд явж дөнгөхсөн. Та нар ингэхэд замдаа салхины хүч, чиглэл, усны урсгал, давалгааны өндөр намыг нарийн хэмжих ёстой биз дээ. Одоохондоо юу ч мэдэгдээгүй байгаа уудам их далайгаар зам харилцааны шугамаас холуур явна шүү дээ. Ийм аялалд усзүй болоп цаг уурын судалгаа хийх ёстой байх. Энэ талаар миний термодинамикийн мэдлэг хэрэг болох л доо гэв.
Илэн далангүй хүн бол уу гэмээр байрын нүүр царайнаас нь өөр энэ хүний тухай надад мэдэх юм байгаагүй боловч,
— За тэг, хамт явъя гэчихэв.
Түүний нэр Герман Ватсингер, над шиг л дон туссан далайчин аж.
Хэд хоногийн дараа би Германыг жуулчдын клубт аваачиж тзнд туйлын орныг судлагч Петер Фрейхентай уулзуулав. Фрейхен бол урт сахалтай өндөр, бүдүүн биетэйн дээр олны дунд тархи нь эргэчихдэггүй, ямагт самбаатай хөдөлдөг жинхэнэ тундр орны хүн шиг санагддаг юм. Түүний дэргэд байхад хүйтэн оронд баавгайн мөр мөшгиж яваа юм шиг санагдаад нэг л хачин байдагсан.
Бид том газрын зургийн хажууд очиж зогсоод индианчуудын салаар Номхон далайг гатлах гэж байгаа тухайгаа ярилаа. Бид хоёрын үгийг ихэд сонирхон хүүхдийнхрүү цэнxэp нүдээ эргэлдүүлэн чагнаж байсан Фрейнхен модон хөлөөрөө шал дэвслэн, суран бүсээ чангалан бүслээд:
— Ээ халаг би та нартаи явах юмсан! гэв.
Гренландийг судлагч жуулчин бидний аягыг шар айргаар дүүргээд, балар эртний хүмүүс далай ба хуурай газраар чадамгай аялж байсан тухай, тэдний хөлөг онгоцонд бүрэн итгэдэг тухайгаа ярьж эхлэв. Тэр өөрөө Сибирийн их их мөрөнг салаар уруудаж хөлөг онгоцонд сууж туйлын орноор жуулчилсан тухайгаа ярьж урт сахлаа байн байн шувтарч бидний аялал сайхан болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Фрейхений халуун дэмжлэгээр ажил явдал эрс хурдсан, энэ тухай Скандинавын хэвлэл ч шуугиж эхлэв. Mapraaш өглөө нь миний өрөөний хаалгыг хүчтэй тогшиж намайг доод давхрын утсан дээр дуудаж байгааг мэдэгдэв. Ярианы үр дүнд тэр орой Герман бид хоёр Нью-Йоркийн хамгийн баян тансаг хорооллын нэгэн байшинд очих учиртай боллоо. Биднийг гэрийн эзэн бололтой, хөх костюм дээр торгон халааз өмсөж, гялалзсан шаахай угласан дэгжин залуу угтаж авлаа.
Тэр хүн үнэртэй ус шингээсэн алчуур амандаа барьж ханиад хүрсэндээ уучлалт хүсэж байгаа байдлыг ажиглахад онхиогүй муу биетэй болуу гэмээр боловч дайны үед нисгэгч байж гавьяа байгуулаад Америк даяар алдар нь цуурайтсан залуу байлаа. Төлөв томоотой байрын гэрийн эзнээс гадна, ажил хийхийн ааг омог нь багтаж ядсан хоёр залуу сэтгүүлчин байсны нэгийг авьяаслаг сурвалжлагч хүн гэж би мэддэг байв.
Гэрийн эзэн биднийг нэг шил хатуу архиар зочлон, аялал хийх тухайг ихэд сонирхож байгаагаа илэрхийлээд чухал хэрэгцээтэй багаж хэрэглэлийг бидэнд олж өгөх, бид оронд нь сонинд юм бичих, буцаж ирсэн хойноо олон хотоор явж лекц унших санал тавилаа. Уулзалтын явцад аялал хэн хийх түүнийг хэн санхүүжүүлэх тухай ярилцан тохироод амжилттай хамтран ажиллахын төлөө хундага тулгаж тарав. Эдийн засгийн асуудлууд үүгээр шийдвэрлэгдэж, манай түншүүд үүнийг хариуцах, бид ч санаа зовох хэрэггүй мэт болов. Герман бид хоёр хамт явах хүнээ шилж олох, юм хумаа төхөөрч салхи шуурганы үе эхлэхээс урьд аян замдаа гарах ёстой боллоо.
Маргааш нь Герман хуучин ажлаасаа халагдаж аяллын ажилдаа шаламгайлан оров. Би жуулчдын клубээр жуучлуулан америкийн агаарын цэргийн хүчний арын албаны шинжилгээний лабораториос бидний хүссэн бүхнийг өгнө гэсэн ам авч амжлаа. Манай аялал, тэдний хийсэн багаж хэрэгслийг туршиж үзэхэд хэрэг болно гэж лабораторийн удирдагчид ч дуртай байлаа. Одоо хамт явах дөрвөн хүн олох, замын хүнс бэлтгэх чухал асуудал үлдэв.
Саланд сууж гадаад далайгаар хамт аялах хүмүүсийг маш хянуур болгоомжтой сонгож олох хэрэгтэй. Эс тэгвэл далайд нэг cap явсны дараа эв түнжин хагарч эвгүй явдал ч гарч болно. Энэ ажилд далайчин хүн авахыг би хүссэнгүй. Тэд сал жолоодохын хувьд биднээс илүү юмгүй бөгөөд харин ажил хэрэг амжилттай дууслаа гэхэд Перугийн эрт балар цагийн салчдыг бодоход хашир догь далайчидтай явсны ачаар л амжилт оллоо гэсэн яриа гарч болох юм. Гэлээ ч гэсэн секстанд ашиглаад, газрын зураг дээр явсан замаа тэмдэглээд байх чадвартай нэгийн зэрэг хүн байх ёстой. Энэ бол дараа шинжилгээний тайлан бичихэд хэрэгтэй юм.
— Миний танил нэг зурагчин хүн бий юмсан. Өндөр биетэй, эрүүл чийрэг биетэй хөгжим дардаг, хөгжилтэй эр шүү. Далайн сургууль төгсгөөд дэлхийг тойрон хэд дахин аялсныхаа дараа зурагчин болчихсон хүн байгаа юм. Бид хоёр бүр багын танил бөгөөд нутагтаа байхдаа уул хадаар хамт аялдаг байсан юм. Би түүнд захидал бичье. Тэр лав зөвшеөрөх байх гэж намайг хэлэхэд:
— Таарах л хүн юмсанж дээ, тэгэхдээ радио мэддэг нэг хүн байвал зүгээр юм гэж Герман хэлэв.
— Радиогоор яах юм, эртний далайчид радио хэрэглэдэг байсан биш гэв.
— Тэгж болохгүй, болгоомжлох хэрэгтэй. Аюул осол болбол радиогоор тусламж гуйна. Мөн цаг уурын ажиглалт болон бусад мэдээг радиогоор нэвтрүүлэх хэрэг гарна. Гэхдээ далайн салхины тухай мэдээг бид хүлээн авч чадахгүй нь лав. Номхон далайн энэ хэсэгт ийм мэдээ нэвтрүүлдэггүй юм. Нэвтрүүллээ ч гэсэн бидэнд тэр нь тус болохгүй биз дээ?
Түүний хэлсэн энэ үг, миний эсэргүүцлийг аажмаар дарж, би даруй зөвшөөрөв.
— Сониноос харин би чинь алс зайн радио харилцааны хэд хэдэн хүнтэй танил юмсан. Дайны үед «мэргэжлийн дагуу» радио харилцааны салаанд хуваарилагдаж явсан хүн байхгүй юу. Кнут Хаугланд, Торстейн Робю хоёрт захиа бичье гэв.
— Та тэднийг таних уу.
— Танина. Кнуттай би 1944 онд Англид байхдаа уулзсан юм. Англичууд түүнийг Германд хийж байсан атомын бөмбөгний аюулыг устгах агаарын десантанд оролцсон гэж одонгоор шагнасан юм. Тэр хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд радио холбоочны хувиар оролцож Рьюкан дахь хүнд усны1 нөөцийг устгалцах ажилд оролцсон юм. Кнут. Норвегид байхдаа Осло хотын төрөх газрын яндан дотор радио нэвтрүүлэгч зоон ажиллаж байгааг нь гестапыхан мэдчихээд, түүнийг баривчлах гэж пулемёттой цэргээр байшингий нь бүслүүлээд хэдхэн цэргийг дотогш нь оруулжээ. Гестапын дарга фемер Кнутын хүүрийг чирэн гаргаж ирэхийг

1Хүнд ус-устөрөгчийн изотопын эсэл. Ердийн усанд ялимгүй бага хэмжээтэй байдаг бөгөөд атомын бөмбөг хийхэд хэрэглэдэг (орч).

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:10 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
хүлээгээд хашаан дотор зогсож байж. Гэтэл тэд хэрэг дээрээ өөрсдийнхөө хүүрийг чирч гаргасан юм гэнэ билээ. Кнут гар буугаар буудалцсаар явж дээд давхраас доод давхарт бууж ирээд арын хаалгаар гарч, больницын хашааг даван зугтаж амь гарсан гэж ярьдаг. Би түүнтэй английн эртний нэг цамхагт байгуулсан нууц станцад уулзсан юм. Дайсанд эзлэгдсэн Норвегийн дамжуулагч өдий төдий станцтай нууц холбоо барих ажлаар ирээд байсан үе.
Би ч тэр үед шүхрээр буух практикаа дуусгаад түүнтэй Ослогийн орчим Нордмаркд шүхрээр үсрэх болсон юм. Бид хоёр хамт явах болж байтал оросууд Киркенесийн районд нэвтрэн орж ирээд Норвегийн жижиг отряд Шотландаас Финмаркенд оросын армийн халаа авахаар очих болж, намайг ч тийш хуваарилав. Тэнд би Торстейнтэй уулзсан.
Тэнд тэр үед туйлын орны өвөл ид дангинаж туйлын туяа бүдэгхэн сүүмэлзэхээс биш өдөр шөнө ялгаагүй таг харанхуй болж билээ. Биднийг Финмаркений үнсэн товрог болсон районоор явж байтал ангийн арьсан дээл өмссөн хирнээ даарснаас болж хөхөрсөн царайт, цэнхэр нүдтэй шар үстэй хөгжилтэй залуу эр уулан дээр барьсан жижиг овоохойгоос гарч ирсэн билээ. Тэр бол Торстейн Робю байсан бөгөөд, дайны эхээр Англид очиж сургууль хийгэtд дараа нь Норвегид Тромсе хавьд ч юмуу даа нууцаар ирж «Тирпиц» хэмээх линкор онгоцны орчимд арван сарын турш нуугдан байж, онгоцон дээр болсон бүх явдлыг жижиг нэвтрүүлэгчээр өдөр бүр англи руу мэдээлж байлаа. Тэрээр германы нэг даргын зоосон хүлээн авах антенд жижиг нэвтрүүлэгчээ залгачихаад шөнө болохоор л мэдээгээ нэвтрүүлээд байдаг байж. Сүүлд нь түүний өгсөн мэдээгээр английн бөмбөгдөгч онгоцууд ирж «Тирпиц» хөлөг онгоцыг цааш нь харуулсан юм гэнэ.
Тэндээсээ мань хүн Швед улс руу зугатаж гараад, дахин Англид очиж шинэ радио нэвтрүүлэгч аппаратаар зэвсэглэж аваад Финмаркений районд германы цэргийн ар талд онгоцноос үсэрч буугаад байж байтал нь цаадуул нь ухран зайлж, бид ч тэнд очиж, уулзалдсан юм. Бидний том радно станцад дайсны мина дэлбэрч жагсаалаас гарсан учир Торстейны жижиг радио нзвтрүүлэгч их тус хүргэж билээ. Одоо Кнут, Торстейн хоёр гэртээ хийх юмгүй сууж уйдаа биз, модон салаар жаахан зугаалахаас аль аль нь татгалзахгүй дэг.
— Захиа бич, ир гээч гэж Германыг зөвлөхөд нь би Эрик, Кнут, Торстейн гуравт товчхон бөгөөд тодорхой захиа бичив.
«Өмнөд далайн арлынхан Перугээс очсон гэдэг онолыг батлахын түлд Номхон далайг модон салаар гатлахаар бэлтгэж байнам. Надтай хамт явах уу? Перуд ирэх ба өмнөд далайн арлуудад очиж, буцах зардлыг би даана. Та энэ аялалд оролцож техникийн авъяасаа хэрэглэвэл зүгээр юм. Хариуг яаралтай ирүүл» гэвэл.
Маргааш нь Торстейнээс утас ирж түүнд:
«Очлоо. Торстейн»-гэсэн байв.
Нөгөө хоёр ч зөвшөөрснөө мэдэгдэв.
Зургадугаар хүн дээр энэ тэр хүнийг авъяа гэж олон тоо төлөвлөсөн боловч заавал нэг саад учирдаг байв. Герман бид хоёр бас замын xүнс бэлтгэх асуудлаар хөөцөлдөх хэрэгтэй. Бид дан ганц тэмээн гөрөөсний борцолсон мах, кумара хэмээх төмс хоёроор хүнс хийнэ гэж бодсонгүй. Учир нь бид өөрсдөө эрт цагт индианчууд байсан гэж батлах гээгүй, харин инкүүдийн хэрэглэж байсан салны чанар, даац, хөвөх чадлыг хэрэг дээр нь шалгаж үзэх гэсэн улс билээ. Индианчууд хуурай газар хэрэглэдэг борцолсон мах, загас, төмсөө салаар аялахдаа ч бас хэрэглэдэг л байгаа биз. Гэвч далайд явахдаа загас барин хооллож, борооны усаар ундалж, чаддаг байсан эсэхийг тодруулах ёстой юм. Харин бид дайны үеийн хэн бүхний мэдэх хээрийн бор хоолоор өл залгаж явахаар бодов.
Яг энэ үед Норвегийн цэргийн атташегийн шинээр томилогдсон туслагч Вашингтонд хүрэлцэн ирэв. Дайны үед Финмаркений салааг командалж байхад нь би түүний орлогчийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор сайн таних байлаа. Түүний нэр Бьёрн Рёрхолт гэдэг, өмнөө тавигдсан зорилгыг биелүүлэх хэрэгт улаан галзуу дайран ордог гал дөл шиг хүн билээ. Тэгэхдээ нэг төвөгтэй ажлыг дуусгаад дараагийн ээлжит шинэ ажилд шууд орж чадаагүй бол учир зүггүй сандардаг тийм л хүмүүсийн нэг юмсан.
Би түүнд өөрийнхөө тухай захиа бичиж америкийн армийн ханган нийлүүлэх газарт харилцаа тогтоочмоор ямар нэг хүн олдох эсэхийг сураглан мэдэж өгөхийг захив. Бид агаарын цэргийн хүчний лабораторийн хийсэн багаж хэрэгслийг туршин үзэх гэсэн шигээ ханган нийлүүлэх газрын харьяа цэргийн лабораторийн боловсруулсан замын хүнсийг туршин үзэх зөвшөөрөл олдож магадгүй гэж горьдож байв.
Хоёр өдрийн дараа Бьёрн Вашингтоноос утасдаж америкийн цэргийн яамны гадаад харилцааны хэлтэстэй ярилцсан ба тэнд бидэнтэй уулзахыг хүсэж байгаа тухай мэдэгдэв. Герман бид хоёр, тэр даруй нь галт тэргэнд сууж Вашингтон орлоо.
Биднийг Бьёрн цэргийн төлөөлөгчдийн байранд хүлээж аваад,
— Маргааш хурандаагийн бичгийг хүлээн авмагц гадаад харилцааны хэлтэст орно. Ажил бүтэх байх гэж хэлэв.
«Хурандаа» гэсэн нь Норвегийн цэргийн атташе Отто Мунте-Косыг хэлсэн байжээ. Тэр хүн бидний зорьсон хэргийн учрыг сонсоод ихэд сайшааж, америкийн цэргийн яаманд өөрийнхөө гарын үсэгтэй бичиг хийж өгнө гэсэн байв.
Маргааш өглөө нь бичгээ авахаар ортол хурандаа бидэнтэй хамт явалцахаар болж, бид түүний тэргэнд суугаад америкийн цэргийн яамны байр-Пентагоны зүг явлаа. Ёслолын бүрэн хувцастай хурандаа, Бьёрн хоёр өмнө нь сууж, Герман бид хоёр хойно нь суугаад машины урд цонхоор Пентагон хэмээх асар том байшинг ширтэн явлаа. Гучин мянган түшмэлийг багтаасан, хорин зургаан километр урт гудамтай энэ аврага том байшин одоо цэргийн яамны дээд тушаалын хүмүүстэй «салны тухай асуудлыг зөвлөн хэлэлцэх» байр болох ёстой байв. Герман бид хоёрын хувьд сал маань энэ удаагийнх шиг тийм найдваргүй жижигхэн мэт огт санагдаагүйсэн. Өчнөөн төчнөөн шат, гудмаар дамжин явсаар гадаад харилцааны хэлтсийн үүдэнд очиж удсан ч үгүй зандан модоор хийсэн том ширээний хажууд, олон офицерын дунд суулаа. Гол суудал дээр хэлтсийн дарга суужээ.
Эмгэртээ Уэст-Пойнтын академийн тэмдэг зүүсэн том биетэй, ширүүн харцтай ихэмсэг байрын офицер манай модон сал, америкийн цэргийн яаманд ямар холбогдолтойг ойлгож ядан сууна. Гэвч манай хурандаагийн хийсэн оновчтой яриа, офицеруудын тавьсан мянга түмэн асуултапд бидний өгсөн хариу аятайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой аажмаар бидний талд шилжиж, агаарын цэргийн хүчний материалын хэсгийн лабораториос өгсөн бичгийг сонирхон уншив. Дараа нь босож зохих журмын дагуу тусламж үзүүлэхийг штабдаа тушаагаад бидэнд амжилт хүсэн гарч одов. Хаалга хаагдмагц штабын залуу офицер шивнэн өгүүлсэн нь,
— Хэрэг бүтлээ, та нар дуртай юмаа авна. Энэ чинь бяцхан дайн болсон шиг, бидний өрөө тасалгааны нэг янзын уйтгартай амьдралд ялихгүй ч болтугай өөрчлөлт орууллаа бас тэгээд төхөөрөмжийг аргачлан туршиж үзэх бололцоо олох юм гэлээ.
Гадаад харилцааны хэлтэс, арын албаны ерөнхий газрын харьяа туршлагын лабораторийн хурандаа Льюистэй биднийг уулзуулахаар ярьж, машинд суулган авч явлаа.
Хурандаа, Льюис бол аятайхан зантай бөгөөд том биетэй, тамирчин байрын хүн. Олон янзын туршлагын ажлыг удирдан явуулдаг албан хаагчдыг дуудуулан ирүүлсэн нь цөм л дор бүрдээ хийсэн бүтээсэн зүйлээ сайтар туршин үзэхийг бидэнд хүсэж, замын хүнснээс өгсүүлээд наранд шарагдахаас хамгаалдаг тос, чийг авдаггүй хөнжил хүртэл бидний бодож байснаас хавьгүй олон юмыг нэрлэв. Дараа нь энэ бүгдийг үзэх болж, тусгай бэлтгэж, битүүмжилсэн бэлэн хүнс, усанд норсон хирнээ асдаг чүдэнз, шинэ маягийн хөнгөн зуух, усны бидон, хаймар хүүдий, гутал, гал тогооны хэрэглэл, хөвдөг хутга зэрэг бидэнд хэрэгтэй зөндөө олон юм байлаа. Ингэж явахдаа Германыг харваас тэр баян эгчтэйгээ нарийн боовны дэлгүүрээр хэсэж яваа хүүхэд адил харагдана. Бүх юмыг үзэж дууссаны дараа лабораторийн ажилтнууд, юу юу хэдэн ширхэг хэрэгтэйг тэмдэглэн авлаа. Харин ч нэг боллоо доо гэж бодохоос бушуухан гэртээ харьж орон дээрээ хэвтээд энэ бүхнийг аажуу уужуу бодмоор санагдлаа. Гэтэл өндөр хурандаа гэв гэнэт:
— За одоо явж даргатай ярилцана. Хэрэв тэр зөвшөөрвөл өгнө гэхэд нь миний зүрх амаараа гарах шиг боллоо. Ингээд бид энэ бүх явдлаа дахин эхэлж, дахин уран үгээ урсгаж гарах нь. Тэр «дарга» гэгч нь ямар xүн байхыг ганц бурхан л мэдэх байв.
Дарга гэгч нь намхан нуруутай, тун ч ширүүн зантай офицер байв. Өрөөнд нь ормогц тэр ширээнийхээ араас боссон ч үгүй цэнхэр нүдээрээ биднийг цоо ширтэж,
— Энэ ноёдод юу хэрэгтэй юм бэ? гэж хурандаа Льюисээс асуув.
— Жаал зугаа юм хүсэж яваа улс юм байна гэж Льюис яаравчлан хариулаад, бидний хүсэлтийг ерөнхийд нь танилцуулав. Их л анхааралтай сонсон хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байсан дарга:
— Оронд нь бидэнд юу өгөх юм бэ? гэж огтхон ч гайхсан, сонирхсон шинжгүйгээр асуулаа.
— Эд нөхөд манай лабораторийн бэлтгэсэн зарим нэгэн хүнс хэрэглэлийн зүйлийг аяны хүнд нөхцөлд туршиж үзээд санал зөвлөлгөөнөө өгнө байх гэж найдаж байна хэмээн Льюис аль болох эвлэрэнгүйгээр өгүүлэв.
Ширүүн зантай офицер огтхон ч тоосонгүй байдлаар суудлаа налж суугаад,
— Оронд нь ямар нэгэн юм өгнө гэдгийг би огтхон ч ойлгохгүй байна гэж хэлээд надаас нүд салгалгүй гөлрөн ширтэхэд нь би сууж байгаа савхин бүрээстэй сандлынхаа хажуу руу өнхрөн ойчих шиг санагдлаа.
Хурандаа Льюис цамцныхаа захаар оролдон, бид ч үг дуугарсангүй хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө дарга нүднийхээ булангаар үл мэдэг инээмсэглэн:
— За, яах вэ зориг авхаалжтай нь сайхан хэрэг. Хурандаа та хүссэн бүхний нь олго! гэв.
Бид ихэд баяр хөөр болсоор тэндээс гарч зочид буудалдаа хүргүүлэн явах зуур, гэв гэнэт Германы хөх инээд нь хүрч хөхрөв.
— Та яав? гэж асуувал,
— Бидний авах гэж байгаа хүнсний зүйлийн дотор цалуу зургаан зуун наян дөрвөн лааз байна. Энэ чинь миний хамгийн дуртай хоол байхгүй юу гэж ичиж зовсон шинжгүй инээнэ.
Ажил хэрэг амжилттай мэт боловч аянд явах зургаан хүн, модон сал, хүнс хэрэглэл цөмийг Перугийн эрэг дээр нэгэн зэрэг, нэгэн байранд бөөгнөрүүлсэн байхын тулд хөөцөлдөх ажил бас л мянга түм аж. Бидний мэдэлд дөнгөж гуравхан сарын хугацаа үлджээ. Гэтэл бас Аладдиний дэнлүүгүй сууж байдаг.
Бид гадаад харилцааны хэлтсээс өгсөн албан бичгийг авч Нью-Йорк руу нисэж, тэнд Колумбийн их сургуулийн профессор Бэретэй уулзав. Энэ хүн бол цэргийн яамны газар зүйн шинжилгээннй хорооны дарга тул, эрдэм шинжилгээний нарийн хэмжилт хийх үнэт хэрэгслүүдийг олж бүрдүүлэхэд хүч тавин туслав. Дараа нь Вашингтон руу дахин нисэж далайн яамны ус зүйн институтийн захирал адмирал Гловертэй уулзлаа. Энэ далайн хөгшин чоно офицеруудаа цуглуулан Герман, бид хоёртой танилцуулсны дараагаар хананд өлгөөтэй байгаа Номхон далайн зургийн хажууд очоод:
— Энэ хоёр залуу манай шинэ хийсэн газрын зургийг сонирхож яваа юм байна. Тусламж үзүүл! гэв.
Ийнхүү эргэх дугуйн хурд улам эрчилсээр, манай цаашдын зорилт, эцсийн үр дүнг зөвлөн хэлэлцэх зорилгоор английн хурандаа Ламсден Вашингтонд байгаа британийн цэргийн төлөөлөгчдийн зөвлөлгөөн хийлгэв. Бид зөвлөлгөөнд суулцаж өчнөөн төчнөөн үнэт захиа санамж болон, бидэнд өгч туршуулахаар англиас нисэх онгоцоор тээж авчирсан зөндөө олон багаж хэрэглэлийг хулээж авав. Английн цэргийн эмч «аврага загасны хор» бидэнд гардуулж, түүнийгээ их л магтан, заавал туршиж үзэхийг захив. Хэрэв аврага загас ойртон ирвээс энэ хорноос хэдхэн чимхийг цацаарай, тэгэхэд л холдоод явчихна гэнэ.
— Эрхэм ээ энэ хоронд чинь бүрэн найдаж болох юм биз гэж намайг асуухад,
— Чухамдаа түүнийг л тодруулах ёстой юм! гэж англи эмч инээмсэглэв.
Цаг давчидсан учир галт тэргийг онгоцоор сольж, явган явах газарт машин хэрэглэсээр байтал түрийвч маань ч хатсан навч адил нимгэрч орхилоо. Ингээд Норвегид буцах онгоцны билетээ зарж олсон мөнгө маань дууссан учир Ныо-Йорк дахь найз түншүүдийндээ очиж санхүүгийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй боллоо. Гэтэл санхүүгийн захирал маань халуурчихсан орондоо хэвтэж, түүнийг эдгэрэхээс нааш нөгөө хоёр нь ямар ч тусламж үзүүлж чадахгүй цагаар таарчээ. Тэд биднийг хэд хоног хүлээзнэхийг хүссэн боловч дээд хурдаа аваад байгаа тоо томшгүй олон хүрдийг саатуулан зогсоох чадал үнэндээ байсангүй. Зөвхөн өнхөрч ойчихгүйг л хичээхээс биш, зогсох буюу тоормозлох цаг өнгөрчээ. Ийм учраас санхүүгийн найз нар маань байгуулсан гэрээгээ цуцлахыг зөвшөөрч бид ч тэднээс хараат биш байдпаар цаашдаа ажиллах болов.
Ийнхүү бид хоёр гудамжинд хармаандаа юу ч үгүй гарч ирлээ.
— Одоо арван хоёр, нэг, хоёр гэхэд ердөө л гуравхан сарын зай байна гэж Германы хэлэхэд,
— Ямар боловч бид гуравдугаар сард багтаж заавал гарах ёстой! гэж би өгүүлэв.
Ингээд бодож үзэхэд юм юм зуун задгай боловч, гагцхүү бидний аялал бол өмнөө тавьсан чухал зорилготой учир түүнийг Ниагар мөрний хүрхрээ рүү хоосон торхонд сууж буухтай буюу шонгийн орой дээр 17 хоног суухтай адилшааж болохгүй гэдэг нь тодорхой байлаа.
— Зажилдаг хаймар юм уу Кока-кола зардаг пүүснүүдийн эрхшээлд орчихгүй юмсан гэж Герман хэлэв.
Энэ асуудал дээр бид хоёрын санал яг нийлж байлаа.
Бид Норвегийн крон олж чадах авч тэр нь Атлантын далайн энэ талд хэрэг шийдэж чадахгүй нь мэдээж. Мөнгөн тэтгэмж хүсэж болох боловч, маргаантай онолыг батлахад зориулж тэтгэмж өгөхгүй бизээ. Бид аянаас эрүүл энх буцаж ирвэл жич хэрэг, гэвч одоо урьдчилан энэ хэрэгт хөрөнгө оруулах зоригтой тийм сонины газар ч байсангүй, тийм баячуул ч байхгүй нь яваандаа илэрхий боллоо.
Байдал улам хүндэрч, хэд хоног бодоод бодоод бодын шийр дөрөв гэхээс цааш хэтэрч чадаагүй байтал гэв гэнэт хурандаа Мунте-Кос биднийг аварч:
— Та нар суучихаад байгаа бололтой байна. Надаас зээл ав. Эргэж ирсэн хойноо өгнө биз гэж, бас туүний жишээгээр хэд хэдэн хүн тусалсны ачаар бид завсрын этгээд ба наймааны туслалцаагүйгээр ажлаа хөдөлгөх чадвартай болж, өмнөд Америкад нисэн очиж, сал боох ажилдаа орох цаг боллоо.
Эртний Перуд салыг бальс модоор хийдэг байсан бөгөөд энэ нь илчүүгээс ч хөнгөн чанартай юм. Бальс мод Перуд ургадаг боловч далайн эргээс хол, Андын нуурын цаад руу байдаг болохоор Инкийн далайчид далайн эргээр одоогийн Эквадорын нутагт очиж далайд ойрхон байгаа бальсын ойгоос мод авч сал боодог байсан байна. Бид ч бас тэгэхээр шийдэв.
Манай үед жуулчин хүн, Инкүүдийн үед огт байгаагүй шинэ асуудалтай тулгарах юм. Манай мэдэлд машин, нисэх онгоц, жуулчлалын товчоо зэрэг хурдан шаламгай юм олон байдаг боловч ажил явдал хурдан бүтчих бий гэсэн шиг бас саад их тохиолддог. Үүний нэг нь улсын хил гэж нэрлэгдэх нэг зүйл бөгөөд тэнд зэс товчтой хувцас өмссөн дэндүү хичээнгүй цагдаанууд шалгаж байцаагаад, юм хум урвуулж онгичин энэ бүхнийг арай чүү өнгөрмөгц өчнөөн төчнөөн анкет бүртгэл бичүүлж зовооно. Ингээд хачин жигтэй юм дүүрэн дүүрэн чихчихсэн хайрцаг чемодантай улс Өмнөд Америкад онгоцноос буугаад дохилзон бөхөлзсөөр, муухан испани хэлээр бид сал боож аялах гэж яваа улс гэвэл нөгөө зэс товчтонгууд ч лав биднийг барьж аваад шоронд хийчих байх гэж бодлоо.
— Тэгэхлээр албан ёсны тусгай зөвшөөрөл заавал байх ёстой гэж мань Герман хэлэв.
Нөгөө түрүүн цуцалсан их гурвын холбооны нэг найз маань Нэгдсэн Үндэсний Байгууллагад сурвалжлагч хийдэг байж, тэр биднийг машинд суулган НҮБ-ын байранд аваачив. Хурлын том танхимд орвоос дэлхийн олон улсын төлөөлөгчид эгнээ эгнээгээр зэрэгцэн сууж, хананд өлгөөтэй аврага том газрын зургийн хажууд зогсоод халуун хурц үг хэлж буй хар үстэй орос хүний үгийг дув дуугүй чагнаж байна. Энэ байдал бидэнд лут сэтгэгдэл төрүүлж билээ.
Хурлын завсарлагаагаар найз сурвалжлагч маань Перу улсын нэг төлөөлөгчийг олж, дараа нь Эквадорын төлөөлөгчтэй уулзуулав. Тэд том тасалгаанд зөөлөн ширэн сандал дээр суугаад, тэдний эх оронд эртний соёл иргэншлийг тогтоосон хүмүүс бол Номхон далайн олон аралд анх хүрэлцэн очсон улс байсан гэсэн онолыг батлах зорилго бүхий Номхон далайг гатлах манай төлөвлөгөөг анхааралтай сонсов. Тэр хоёулаа тус тусын засгийн газартаа үүнийг мэдэгдэх, тэгээд Перу Эквадорт хүрэлцэн очиход маань зохих туслалцаа үзүүлнэ гэж ам алдав. Энэ хоёртой уулзсаны дараа Трюгве Лигийн хүлээн авдаг өрөөгөөр дамжин өнгөрч явтал тэр биднийг нутгийнхаа хүмүүс гэдгийг сонсоод ирж уулзав. Хажууд байсан нэг хүн та эд нартай хамт саланд сууж аялах юм бишүү гэж тоглоом тохуу хийлээ. Гэвч тэр хүний хувьд далайн байтугай хуурай газрын салхи шуурга нь хангалттай байгаа бизээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн даргын туслагч Чилийн нэртэй археологч доктор Бенхамин Коен Перу улсын ерөнхийлөгчийн тушаалд байгаа өөрийн дотно найз хүнд захиа бичиж бидэнд өгч үзүүлэхийг хүсэв. Гарч явахдаа үүдний өрөөнд Норвегийн элчин сайд Вильгельм фон Мюнте-Моргенстьернтэй тулгарав. Хойшдын ажилд тэр хүн үнэлж баршгүй их түсламж үзүүлж билээ.
Ингээд бид хоёр билет худалдан авч Өмнөд Америк руу нислээ. Хүчирхэг дөрвөн мотор дараа дараагаар хүнгэнэж газраас хөөрөхөд, тэнхээ алдран гүнзгий зөөлөн суудлаа налан хэвтэж билээ. Бэлтгэл ажлын эхний хэсэг үүгээр дуусаж одоо бид зүйл зүйлийн адал явдалтай тулгарах цаг боллоо гэж бодохоос сэтгэл хөнгөрөх шиг болсныг үгээр илэрхийлэн гаргахад бэрх юм.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:13 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.10 10:00 am
Бичлэгүүд: 231
ene yu ve shine nom orchulad ehelj bgamu


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:13 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Гуравдугаар бүлэг
ӨМНӨД АМЕРИКАД


Экваторт хөл газардав.—Бальс модны асуудал—Кито руу онгоцдов.—Хүний толгой худалдагчид ба «бандидос» — «Биллис» машинаар Андыг давав. —Халуун орны ширэнгэ шугуйд — Киведод бальс мод огтлох ажлаар — Паленка голыг салаар уруудсан маань — Усан цэргийн догь боомт—Лимагийн далайн яамны сайдад бараалхав — Даниельсонтой учирсан минь. Буцаад Вашингтон — Пepy улсын ерөнхийлөгчтэй уулзав. — Арван хоёр килограмм татах бичиг цаас — Герман бэртжээ — Сал зангидах ажлаар усан цэргийн боомтноо —Болгоомжлол— Далайд гарахын өмнөхөн.— Салаа «Кон-Тики» гэж нэрлэв.—Өмнөд Америк минь, сайн сууж байгаарай.

Нисэх онгоц экваторыг өнгөрмөгц нарны гэрэлд цасан цагаан тал шиг яралзан харагдаж байсан мөнгөн цагаан үүлсийн хоорондуур аажимхан доошилж эхлэв. Хөвөн бөөн үүл цонх илэн өнгөрч, дээр хоцроод, доор халуун орны ойгоор бүрхмэл хурц ногоон өнгийн нутаг долгио татан харагдав. Энэ бол Бүгд Найрамдах Эквадор улсын нутаг бөгөөд онгоц Гуаякилийн буудалд буув. Зузаан хүрэм, хантааз өмсөж пальто бариад онгоцонд суусан хүмүүс энд онгоцноос гарахад бүгчим, халуун гэдэг нь жигтэйхэн, нимгэн хувцас өмссөн, үг хэл олонтой өмнөдийнхний баяр талархалд хариулж байх хооронд хамаг бие хөлрөн цамц нэвтэрч нуруунд наалдаад эвгүй оргино. Гаалийн ба гадаадаас орж ирэгчдийн хэрэг эрхлэх газрын албаны түшмэлүүд биднийг угтан авч бараг гар дээрээ өргөх шахам явж хотын зөөврийн тэргэнд суулгаад хамгийн сайн гэгддэг ганц зочид буудалд аваачлаа. Өрөөндөө оронгуут угаалгын өрөөг эрж олоод онгоцонд хүйтэн ус гоожуулан орж хэвтэв.
Бид бальс мод ургадаг оронд ирсэн болохоор одоо салны мод худалдан авах хэрэгтэй боллоо.
Эхний өдрийг нутгийн мөнгөний системтэй танилцах, ойр зуурын хэд гурван испани үг цээжлэх хэрэгт зориулав.
Хоёрдох өдрөөс эхлэн хүйтэн усаа орхиж гадагш гарч арай холхнуур явж биеэ дасгах, Герман ч хүүхэд зангаараа жинхэнэ дал модыг гараараа барьж үзэх хүслээ хангаж, би ч жимс амаараа гартал идэж аваад бальс мод худалдан авах ажилдаа орохоор шийдэв.
Гэтэл бидний аз дутаж, энэ нь хийхэд хэцүү хэлэхэд амархан зүйл байв. Бальс мод элбэг боловч том гуалингаараа байсангүй. Сүүлийн дайны үеэр нисэх онгоцны заводад хэрэглэхээр эрэг орчмын модыг өдий төдийгөөр нь хөрөөдөн унагааж дууссан байжээ. Харин тус орны төв хэсэгт л ургаа том том мод байдаг гэнэ.
— Тэгвэл бид өөрснөө очиж огтолж авъяа гэтэл,
— Болохгүй, яагаад гэвэл одоо хур борооны үе эхэлсэн, ойн зам явахын эрхгүй намаг шавар болж, гол горхиуд ч үертэй байгаа. Хэрэв бальс мод заавал хэрэгтэй байгаа юм бол хагас жилийн дараа эргэж ир. Тэр үеэр бороо татарч газар хатсан байна гэж нэр хүндтэй хүмүүс хүртэл хэлдэг байна.
Ийнхүү арга барагдаад бид Эквадор улсын бальс модны эзэн дон Густаво фон Бухвальдад хандаж тусламж гуйх, үүний тулд ямар хэмжээний хэд хичнээн гуалин хэрэгтэй болохыг заасан салны зургийг зурах болов.
Бальс модны ззэн,.намхан нуруутай туранхай хар хүн нэн даруй утсаа авч тал тал тийш нь хүн явуулж сураглуулсан авч модны заводуудад янз бүрийн банз гуалингийн тайрдас байснаас биш бидэнд хэрэгтэй том гуалин ер олдсонгүй. Густовын гэрийн гадаахи хог дээрээс хатаж хоцорсон хоёр гуалин олдсон боловч хэрэглэхийн эрхгүй байв.
— Миний дүү дон Федерикод бальс модны таримал их ой бий. Энэ хүн халуун орны ой шугуй дахь Киведо гэдэг жижиг сууринд суудаг юм. Бороо хурын үе өнгөрснөөс хойш түүнтэй харилцаа баривал та нарт дуртай модыг чинь өгнө дөө. Одоо даанч ид борооны үе болохоор ямар ч алга даа гэж Дон Густаво өгүүлэв.
Нэгэнт л Дон-Густаво ингэж хэлсэн болохоор бальс модны аливаа мэргэжилтэн хүмүүс бас л ийнхүү хэлэх нь лавтай. Ингээд бид Гуаякиль боомтод ганц ч ширхэг гуалингүй хоцорч орхив. Бороо хурын үеийг өнгөрөөх гэвэл хэтэрхий оройтох байлаа.
— Хүлээх цаг алга гэж Германыг хэлэхэд би хариу болгож,
— Заавал бальс мод олох хэрэгтэй. Яг л адил сал хийхгүй бол бид амьд үлдэхгүй ч байж магадгүй юм шүү гэж хэллээ.
Зочид буудлаас сургуульд заадаг газрын жижиг зураг олж аваад үзвээс түүн дээр халуун орны ой Номхон далайн эргээс сүрлэг Андын бэл хүртэл үргэлжилдэг гэж тодорхойлжээ. Хэрэв энэ талаас нь Киведо тосгонд хүрэлцэн очиж эс болбол, цаанаас нь Андын нурууны талаас Киведод очиж болохгүй юу? гэдэг санаа төрөв. Энэ бол цорын ганц бололцоотой зам байлаа.
Нисэх онгоцны буудал дээр байсан ачааны жижиг нисэх онгоц биднийг Кито хот хүртэл суулгахыг зөвшөөрлөө. Кито бол энэ улсын нийслэл бөгөөд андын ууланд далайн төвшнөөс 3000 метр өндөрт оршдог.
Бид олон хайрцаг, онгоцны тоног хэрэгслийн дунд дөнгөж данган суусан болж онгоц дээш хөөрөн үүлэнд ороэ ортол ногоон ой, гол мөрөн харагдаж байв. Үүлнээс дээш гарвал хөх цэнхэр тэнгэрийн дунд шовх сарьдаг уулсын орой, нүцгэн хад асга харагдана.
Онгоц уулын хажууг даган өгсөж бид хэдийгээр Экватор дээр байгаа боловч уулын оргилд цас гялалзан харагдаж байлаа. Дараа нь эгц шовх оргилуудын хоорондуур шурган өнгөрч баялаг ургамалтай талбар дээгүүр ойр зуур нисээд дэлхий дээр хамгийн өвөрмөц нийслэл хотын дэргэд газардан буулаа.
Кито хотын зуун тавин мянган хүн амын ихэнх нь уулын цэвэр индианчууд, эрлийзүүд юм. Учир нь энэ хот Колумб болон хойт европынхон Америкийг нээхээс өмнө индианчуудын нийслэл байсан юм. Хот нь эрт цагийн урлагийн их үнэт өвийг агуулсан сүм дацан, Испаний ноёрхлын үеийн том барилга харштайгаар онцгой ажээ. Индианчуудын суудаг хэсэг нь түүхий туйпуугаар барьсан навтгар байшин, нарийн явцуу гудамж олонтой тэнд улаан эрээн нөмрөг өмсөж, толгой дээрээ өөрсдийн хийсэн өндөр шляп тавьсан индианчууд дүүрэн. Тэдний зарим нь нуруу тэгнэж ачсан илжигнүүдийг хөөн зах зээлийн газар очиж яваа бололтой, нөгөө зарим нь гудамжинд шавар хана түшин наранд ээн сууж нойрмоглон буй харагдана. Мөн цагаан хувцас өмссөн испани гаралтай язгууртнуудын хөнгөн тэрэг зогсоо зайгүй бүрээдэн, хөл нүцгэн индиан хүүхдүүд илжгийг зайлуулан зам гарган явна. Энэ өндөр газрын агаар нь тунгалаг бөгөөд сүрлэг сайхан уул нь хотын байдлыг үзэсгэлэн гоо болгох аж. Бидний найз, «Галзуу нисэгч» гэж алдаршсан Хорхе бол Кито хотын эртний испани сурвалжит айлын хүү байв. Энэ хүн бид хоёрыг хуучны нэгэн зочид буудалд буулгасны дараагаар бидэнд уул давж, ой шугуй туучиж Киведо хот орох унаа хөсөг хайж хотоор баахан давхилаа. Орой нь хуучин испани гуанзанд уулзалдаж их л бүтэлгүй юм хэлэв. Халуун орны ойд аялах байтугай, даваа давах унаа унш замчин огт байхгүй. Ид борооны үе тул ой дотор шаварт сууж орхиод тонуулж, дээрэмдүүлж магадгүй, ийм учраас ер нь энэ аялал хийх тухай бодох ч хэрэггүй юм гэж ярилаа. Ердөө л ноднинхон нефть хайж явсан америкийн арван инженер Эквадорын дорно хэсэгт хорт суманд алагдсан гэнэ. Тэнд ой дотор нүцгэн чавган хэрэн хэсэж, хор шингээсэн нум сумаар гөрөө хийж амьдардаг ойн индианчууд олон байдаг юм гэлээ. Ийнхүү ярьсныг Герман огт тоомсорлосон шинжгүй, халуун хоол халбагадаж жимсний дарс шимэн суугааг хараад мань Хорхе,
— Эдгээр индианчуудын зарим нь хүний толгой гөрөөлдөг юм гэж өгүүлэв.
— Та намайг даваадуулж байна гэж бодож байна уу! гэж Хорхе шивэгнэн хэлээд. Ер нь үүнийг маш хатуу хориглосон авч, манайд хүний хатаасан толгой худалдаж, хүний амь бүрэлгэж ашиг хонжоо олдог хүмүүс бас л байдаг шүү. Энэ муухай худалдааг зогсоох арга алга. Яагаад гэвэл хөвчийн индианчууд одоо болтол дайсагнагч өөр нүүдлийн овогтны толгойг огтолж авдаг хэвээр байна. Тэд гавал ясыг бут цохиж гаргаад толгойн хоосон арьсанд нь халуун элс чихдэг юм, тэгсэн толгой агшиж, муурныхаас томгүй болох авч, нүүр царай нь хуучин хэвээр үлддэг. Ингэж хатаасан толгойг урьд цагт маш эрхэм зүйл гэж олзолдог байсан бол одоо цагт нууц зах зээл дээр маш ховор таваар болоод байна. Зууч эрлийз хүмүүс тийм хатаамал толгойг далайн эрэг орчмын худалдаачдад авчирч нийлүүлдэг, харин цаадуул нь түүнийгээ жуулчдад асар их үнээр дам худалддаг гэлээ.
Ингээд Хорхе бидний өөдөөс их маадгар харна. Харин өдөр нь Герман бид хоёрыг зочид буудлын хаалгачийн өрөөнд оруулаад хоёр тийм хатаасан толгой тус бүрийг мянган сукрё хэмээх янчаанаар худалдана гэж үзүүлснийг Хорхе яаж мэдэх вэ! Одоо мичийн толгойгоор тийм дууриамал толгой хийж мэхлэх болсон энэ. Харин бидэнд үзүүлсэн тэр хоёр толгой бол жинхэнэ цэвэр угсааны индиан хүмүүсийн толгой байсан тул нүүрний нь хамгийн бүдэг үрчлээ ч ялгарч байв. Тэр эр, эм хоёр хүний толгой нь их багаараа зүрж шиг, эмэгтэйн нь сормуус урт хар үс нь л жинхэнэ хэмжээ янзандаа боловч цэвэрхэн царайтай хүн байжээ. Энэ тухай санамагц бие арзасхийж зэвүүцсэн боловч хүний толгой бэдрэгчид уулынхаа цаана баруун биед байдаг биз гэж бодож сэтгэлээ засаж билээ.
— Юмыг яаж мэдэх вэ? гэж Хорхе хэлэв. Хэрэв таны нөхөр гэнэт алга болчихлоо. Тэгсэн чинь хэд хоногийн дараа толгой нь зах дээр явж байвал яана? Миний нэг нөхөрт яг тийм явдал тохиолдсон юм гэж нэмж хэлээд, намайг анхааралтай харав.
Герман хоолоо яаралгүй идэх зуураа нэг их сонирхсон шинжгүй;
— Тэр тухайгаа бидэнд ярьж өгөөч гэв.
Би сэрээгээ эвтэйхэн тавилаа. Хорхе ч яриагаа эхлэв. Урьд Хорхе халуун орны ой дунд нэг бөглүү сууринд эхнэртэйгээ алт угааж бусад алт бэдрэгчдийн олсон алтыг худалдаж авдаг ажилтай байж гэнэ. Тэр хоёрын таних нутгийн нэг найз нь тогтмол хугацаанд алт авчирч элдэв таваараар сольдог байжээ. Гэтэл тэр нөхрий нь халуун орны ой дотор алчихжээ. Хорхе тэр алсан хүнийг анаж яваад чамайг буудна гэж занасан гэнэ. Тэр нь ийм хатаасан толгой наймаалдаг бол уу гэж хардаж байсан нэг хүн тул хэрэв миний нөхрийн толгойг өгвөл амьд үлдээнэ гэж Хорхе түүнд хэлсэн гэнэ. Тэгсэн чинь нөгөө хүн, тэр даруй зангидсан гар шиг агшаасан нөхрийнх нь толгойг авчирч өгчээ. Хэдийгээр маш жижиг боловч нөхөр нь яг тэр хэвээрээ байгааг хараад Хорхе маш зэвүүцэж, сэтгэл ихэд хөдлөн тэр толгойг эхнэртээ авчирч гэнэ. Эхнэр нь хармагц ухаан алдаж унахад Хорхе арга буюу анд нөхрөө чемоданд хадгалах болжээ. Гэвч халуун орны ой дотор маш чийгтэй болохоор өнөөх толгой хөгцөрч, муудах гээд байхад Хорхе түүнийг үе үе гаргаж наранд хатаадаг байж гэнэ. Үсээр нь нарийн олсноос зүүж орхиход тэр толгой маш хөөрхөн бөнжигнөн савлан байх боловч эхнэр нь харах бүр ухаан алдаж унадаг байж. Тэгж байтал оготно чемоданы нь нүхийг томсгож ороод өнөөх толгойг бүр зэрэмдэглэж орхиход Хорхе ихэд харамсаж сайн нөхрөө арга буюу нисэх онгоцны буудлын талбай дээр нэгэн жижиг нүх малтаж ёс гүйцэтгэн оршуулсан гэнэ.
— Ер нь тэр чинь ямар ч байсан хүн шүү дээ гэж Хорхе яриагаа төгсгөв.
Би өөр юм ярихын тулд,
— Мөн сайхан хоол байна даа гэв.
— Харанхуйд биднийг харих гэж явахад ердөө л уулын зүгээс үлээж буй хүйтэн салхинд цохиулахгүй гэж шляп малгайгаа лав гэгч угласан Германы байдал надад нэг л ёозгүй харагдана.
Маргааш нь бид хоёр манай ерөнхий элчин сайд Брюн, түүний гэргийн хамт хотын гаднах тэдний өндөр модны сүүдэрт барьсан том зусланд очив. Бидний очих гэсэн нутагт дээрэмчид бүгсэн болохоор халуун орны ой хөвчийг дайран Киведо хүртэл жуулчлах гэсэн төлөвлөгөөг маань бидний шляп малгайн хэмжээг ихээхэн томсгож болох осолтой жуулчлал болох байх гэж Брюн үзнэ. Тэгээд нутгийн сониноос хайчилж авсан зүйлийг гаргаж үзүүлэхэд хур бороо татарч хуурай болмогц Киведогийн ойр тойрноо бүгсэн «бандидос» хэмээх дээрэмчдийг устгах тусгай цэрэг илгээх нь чухал болжээ гэж бичсэн байв. Одоо тийшээ явна гэдэг бол солиотой хэрэг бөгөөд бид газарчлах хүн ч, хөл дүүжлэх уналга ч олдохгүй нь илэрхий ажээ. Биднийг Брюнтэй ярилцаж суух зуур америкийн цэргийн төлөөлөгчдийн «Виллис» машин замаар хүнгэнэн өнгөрөхөд дотор шинэ бодол төрлөө. Бид ерөнхий элчинг.дагалдан америкийн элчин сайдын яаманд очиж, цэргийн төлөөлөгчтэй нүүр учрав.Тэр нь түрийтэй савхи, шар ногоон цэрэг өмд цамцтай, тэгш шулуун, идэр насны хөгжил наргиантай хүн байв. Орон нутгийн сонинд та нарыг чинь далайд салаар хөвж жуулчлахаар ирсэн хүмүүс гэж бичсээр атал, харин энэ Андын нурууны оргил дээр юу хийн тэнүүчлэн хэрж явдаг улс билээ гэж тэрээр инээмсэглэн биднээс асуув.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:15 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Сал холбох мод маань Киведогийн халуун орны ой дотор ургаастай л байна. Гэтэл бид их газрын хяр дээр гарч ирээд чухам тийшээ очих арга мухардчихаад байгаа болохоор нэгэн бол нисдэг онгоц, хоёр шүхэр, эсвэл «виллис» машинаа газар ус мэдэх жолоочийн хамт зээлдүүлэх арга байна уу гэж цэргийн төлөөлөгчөөс гуйлаа.
Цэргийн төлөөлөгч бидний улаан цайм аашилж байгаад бантаж, эхлээд үг ч дуугарч чадахгүй байснаа, хожим нь толгой сэгсрэн инээмсэглэж «За яах вэ хэрэв гурав дахь бололцоогүй юм бол хоёрдохыг зөвшөөрөхөөс дөө» гэлээ.
Маргааш өглөөний зургаан цагт зочид буудлын үүдэнд «виллис» машин шуугин ирж зогсоход дотроос нь эквадорын цэргийн нэгэн ахмад үсрэн бууж бидний захиргаанд шилжин ирснээ мэдэгдэв. Ямар ч булай юм дайралдсан биднийг Киведод хүргэж өгөх даалгавартай хүн гэнэ. «Виллист» лаазтай бензин пиг дүүртэл ачжээ. Үнэндээ ч бидний явах замд бензиний агуулах байтугай машины ч мөр гараагүй аглаг газар билээ. «Бандидос» хэмээх дээрэмчид бүгсэн тухай мэдээ нэгэнт байгаа болохоор бидний шинэ анд ахмад Агурто Алексис Альварес маань хутга, хурдан буу сэлтээр бүрэн зэвсэглэсэн байв. Харин бид хоёр бол эрэг орчмын газраас бэлэн мөнгөөр сал холбох мод худалдаж авахын тулд Эквадорт ёстой энх амгалан бодолтой энгийн хувцастай ирсэн хүмүүс болохоор замдаа хэрэг болохсон бол уу хэмээн санамсаргүй худалдаж авсан ногоон өнгийн нижгээд бэржээхэн өмд, эдэлж хуучирсан зургийн аппаратыг эс тоолбол «виллист» ачих бид хоёрын ачаа ууттай консервнаас өөр юмгүй билээ. Түүнээс гадна хэрэв бидний явах замыг саатуулах санаатай амьтан дайралдвал устгаж яв хэмээн манай ерөнхий элчин сайд парабеллум хэмээх том хүчтэй гар буугаа баахан сумны хамт бид хоёрт өгөв. Сарны бүүдгэр гэрэл цагаан шохой ханыг гэрэлтүүлж буй гудамжаар манай «виллис» шүнгэнэн өнгөрч, толгой эргэм хурдтай давхисаар, сайхан элстэй замаар өмнө зүг чиглэн хотоос гарч одлоо.
Уул хярласан тэр сайхан зам маань өмнөх талбайд нь мод тарьсан тосгоны цагаан сүмийн эргэн тойронд индианчуудын цонхгүй жижиг байшин шавааралдсан Латакунга хэмээх тосгон хүртэл үргэлжилнэ. Эндээс эхлээд бид, Андын нурууны хөтөл гүвээ дамнан өгсөж уруудсаар өрнө зүг зорьсон уулсын жимээр явах боллоо. Ёстой зүүдэндээ ч үзээгүй оронд орох нь энэ. Энэ бол нарны зүүхнээр сарны баруухнаар,1 жил cap, нутаг газар гэх тоймгүй уулын индианчууд орших нутаг ажээ. Бид бүх замдаа нэг ч тэрэг, нэг ч мөөртэй дугуй үзсэнгүй. Эрээн пончо хэмээх хувцастай, хөл нүцгэн малчид, залхуу хойрго лам гөрөөсөө тууж яваа нь буюу заримдаа гэр бүлээрээ яваа индианчууд л алдаг оног дайралдана. Нөхөр нь дандаа луус унаж түрүүнд нь явах бөгөөд түүний араас отгон хүүхдээ сагс дотор

* Норвег үлгэрт ингэж хэлдэг юм.

хийж үүрсэн бяцхан эхнэр нь зүсэн зүйлийн малгай өмсөж араас нь гэлдэрнэ. Бас тэгээд явдал дундаа ноос ээрч явна. Түүний хойноос мөчир, зэгс, шавар ваар ачиж сул тавьсан илжиг, лууснууд өөрөө зам мэдэн сажлах бөлгөө.
Цаашлах тусам испаниар ярьдаг индианчууд улам ховор тохиолдох болсонд манай Агуртогийн, олон хэл мэддэг нь маныхаа адил боллоо. Уулын хормойд наалдуулсан шавар урц энд тэндгүй харагдаж байснаа шавар урц улам цөөрч, мөчир хуурай ногоогоор барьсан урц улам олшрох боллоо. Ийм орон гэр нь нүүр дээр нь тор мэт үрчлээ татсан хүрэн улаан царайтай, хүмүүс нь ч Андын нурууны төөнөх мэт халуун наранд шарагдаж буй тэр газар дороос гарсан юм шиг санагдана. Тэр хүмүүс нь уулын нуганы ногоо шигээ тэр хадан цохио, асга, уулын билчээрийн салшгүй тасархай нь мөн билээ. Аазгар намхан тэр уулын индианчууд эд хогшил гэх юмгүй бөгөөд араатан мэт цаглашгүй, тэсвэртэй, эртний бүдүүлэг хүмүүс шиг гэнэн хонгор, ярихгүй дуугай байх тусмаа тачигнатал инээдэг ажээ. Биднийг хаана ч очвол хөгжилтэй сайхан царайтай, дун цагаан шүдтэй хүмүүс дайралдана. Ийм нутагт цагаан арьстан байх юм бол ганц ч мөнгөний зарлагагүй, бас ганц ч мөнгөний ажилгүй байх бизээ. Энд замын таних тэмдэг ч үгүй, элдэв эрээн мяраан хаяг зарлал ч үгүй хэрэв замын хажууд эвдэрхий лааз, элдэв цаас тохиолдвол аж ахуйд хэрэглэх нандин зүйлд үзэж даруй авна.
Бид уулын эгц оройд гарах хүртэл нэг ч сөөг модгүй, үр шимгүй элс бүрхэж, энд тэнд ганц нэгэн анчаар ургасан, наранд төөнүүлж шатсан хяраар өгсөн уруудан явлаа. Орчин хавь нил цасанд хучигдаж тэсгэм хүйтэн жавартай болохоор дусаалын мөс шиг бөнжийж хөлдөхгүйн тулд арга буюу хурдаа хасах боллоо. Бид нимгэн хувцастай болохоор ихэд даарч, харин халуун орны ойд бушуухан хүрч дулаацах тухай л бодно. Цааш ахих замаа бэдэрч асга, чулуу өвстэй ташуу, налуугаар эргэдэн тойрсоор л явна. Андын нурууны баруун хажууд хүрмэгц бидний явж байсан зөрөг маань саравчилсан мөсөн дээгүүр явж, эгц цохион гүн хавцал дунд ч оров.
Харин машин маань ёроолгүй нүхний амсарт тулж ирэхэд тухай бүр зохих зүг тийш эргүүлж амждаг, жолоогоо атгаад хярж буй мэт харагдах жолооч Агуртод л бүхнийг даатгаж, түүнийг шүтэж явлаа. Гэнэт өөдөөс салхи цоргих мэт хөөрөгдөж бид Андын нурууны торгон хяр дээр гарч тэртээ дор 4000 метр гүнд халуун орны ой харагдана. Гэвч тэр ёроолгүй эгц дор буй тэнгис мэт халуун ойг хараад бидний толгой эргэсэнгүй. Учир юун гэвэл биднийг чанх хяр дээр гармагц алмасын агуйгаас оргилж буй утаа мэт өтгөн манан биднийг бүрхэж билээ. Одоо бидний зам ямар ч саад тотгоргүй, дандаа эгц дорогш уруудах боллоо. Ямагт хавцал, хясаа, ганга жалга даган уруудахад тэртээ дор буй халуун орны хөвчөөс бүгчим дулаан нүсэр үнэр ханхална.
Дараа нь бороо орж эхлэв. Анхандаа цөөн хэд дусалж байснаа, ширүүсэж манай «виллис»-ийг байдаг хүчээрээ балбав. Газар сайгүй хар хүрэн өнгөтэй үерийн ус болж, бид золтой л суучихсангүй. Энэ нутгийн хөрс, чулуу, мод, ургамал нь нилэнхүйдээ чийг даасан зөөлөн хөвдөөр бүрхэгдсэн агаад, үе үе аврага том навчис дайралдана. Удалгүй хөвд ба ороонгон цацаг унжуулсан том модод үзэгдэх болж, дорогшлох тутам намаг шавар нь улам хэцүүдсээр балар битүү хөвч дотор орж явчихав. Манай жижигхэн «Виллис» аврага модны хоорондуур шавхай үсэргэн алгуур давхина. Агаар чийглэг, бүгчим халуун байна.
Оройн бүрэнхий болж байхад хэдэн жижиг овоохойд тулж очлоо. Далдуу модны навчаар дээвэрлэсэн эдгээр овоохойн дэргэд зогсож, борооноос хоргодон саравчинд унтах болов. Шөнө турш нохой бөөстэй тэмцэлдэж хоноод маргааш өглөө нь тэднийг усанд хаяж билээ. «Виллис» тэргэндээ халуун орны гадаль болон элдэв жимс ачиж аваад дорогшлон бууж явсаар халуун орны их хөвчид гүнзгийрэн орлоо. Замын шавар улмаар зуурамтгай болж байгаа боловч манай тэрэг саатсангүй, мөн ч ойр хавьд дээрэмчин байгаа тэмдэг үзэгдсэнгүй.
Ийнхүү явж байтал ойн дундуур урссан булингартай өргөн голд тулж, зам хаагдан зогслоо. Энэ голыг өгсөн, уруудан давхивч гарц олдсонгүй. Гэтэл ойн цоорхойд нэгэн овоохой дайралдаж гадна нь хэдэн эрлийз хүн ягуарын (Өмнөд Америкийн бар) арьс наранд дэлгэж байгаа бололтой. Мөн олон нохой, тахиа бужигнаж зарим нь наранд ээж хэвтэх ба хатаахаар дэлгэсэн какаогийн буурцаг түүж байгаа харагдана. Эрлийзүүд испани хэл мэддэг байжээ. Голын нэрийг Паленке гэдэг ба түүний цаад эрэг дээр Киведо тосгон байдаг гэж хэлж өглөө. Гол гүнзгий, урсгал нь ширүүн гэнэ. Энэ нутагт гүүр байхгүй боловч, нутгийн хүмүүс биднийг машины хамтаар сал дээр ачиж гол гаргаж өгөхөөр болов. Бүдүүн, нарийн янз бүрийн гуалинг өвс хулсаар холбож хийсэн сал маягийн юм голын эрэг дээр харагдана. Машины дугуй доор банз дэвсэж сал дээр түлхэн гаргахдаа юу л болдог бол гэж сэтгэл түгшин байлаа. Сал булингартай усанд живэн opcoн боловч «Виллис» тэрэг, бид болон хар хүрэн биетэй дөрвөн нүцгэн салчныг дааж чадлаа.
— Бальс мод уу? гэж Герман бид хоёрыг бараг зэрэг асуухад,
— Тиймээ бальс гэж нэг залуу хариу өчив.
Бид урсгалд автагдан уруудлаа. Салчид урт хатгуураа тулж салаа залан явсаар нилээд зөөлөн урсгалд хүрч нөгөө эргэд хүрэв. Ийнхүү бид анх бальс модтой учирч бальсан салаар хөвж үзлээ. Нөгөө эрэг дээр энх мэнд гарч Киведо руу баяртай давхив. Дал модоор дээвэрлэн давирхайдсан дүнзэн байшинг хоёр эгнүүлэн барьж гудамж гаргасан жижиг тосгон байв. Байшингийн орой дээр тас шувуу сууж байгаа харагдана. Тосгоныхон гэж хүрэн хар царайтай, хөгшин залуу янз бүрийн улс зарим нь хаалгаар, зарим нь цонхоороо биеэ цухуйлган харж байснаа бидний өөдөөс гүйлдэн ирж «Виллисийг» маань тойрон хүрээлж аваад дээр нь авирах, доогуур нь мөлхөх зэргээр сонирхон үзэцгээнэ. Бид ч жаал зугаа юмаа чанга атгаж, Агурто ч жолоогоо аймшиггүй эргүүлж байв. Гэтэл нэг дугуй хагарч, «Виллис» маань өрөөсөн дугуй дээрээ дэнжийн зогслоо. Киведод бид чинь ийнхүү угтуулж сүйд болж үйлээ үздэг байжээ.
Дон Федерикогийн бальс моддын тариалан гол уруудаад нэг их холгүй байдаг ажээ. Агурто, Герман бид гурвыг «Виллисээрээ» хонхор төвгөрийг гэтлүүлсээр амраа моддын дүндуур зурайх нарийн замд ортол, биеэр туранхай нэг өвгөн өөдөөс маань угтаж ирлээ. Хамт яваа залуу нь халуун орны хүн, энэ өвгөний ач хүү Анхело гэгч бөгөөд ойд хамт суудаг юм гэнэ. Бид дон Густаваас авчирсан захидлаа гардуулав. Төдөлгүй «Виллис» маань хашаан дотор ганцаараа зогсож байв. Энэ үеэр халуун орны сайхан сэрүүн аадар асгарлаа. Биднийг Дон Федерикогийн өргөөнд баяр ёслолын зоог хүлээж байв. Тахианы дэгдээхэй, цагаан сүүнээсээ гараагүй торой гал дээр шаржигнан шарагдаж байх зуур бид халуун орны амтат жимс дүүрэн ширээ тойрон сууж хэрэг зоригоо ярив. Top татсан цонхоор халуун орны борооны чимээ сонсдож, ургамал цэцгийн анхилам үнэр хамар цоргино.
Дон федерико балчир хүүхэд шиг л баяр хөөртэй байлаа.
Бальс модон салыг бүр балчир багадаа үзсэн энэ хүний баясаж баярлах нь ч хир бизээ. Тавин жилийн өмнө эндээс доохно суудаг байхад нь, Перугээс Гуаякиль орж загас худалдахаар индиан хүмүүс үүгээр байсхийгээд л өнгөрдөг байжээ.
Тэдний бальс модоор холбосон дарвуулт том салууд эрэг даган цувардаг бөгөөд салын тэхий дунд байрлуулсан хулсан бүхээгт хатаасан загас өдий төдий тонноор нь ачсан, заримдаа индиан хүүхэд, хүүхнүүд нь нохой, шувуутайгаа ч хүртэл хөвж явдаг байжээ.
Одоо бол бороотой, ус үер, гэтлэхийн аргагүй шавар шавхайтай цаг учраас бальс модны уулын тариаланд морьтой ч хүрэх нөхцөлгүй учир иймд дээр үеийн индиан хүмүүсийн сал холбож байсан лугаа адил тийм бүдүүн бальс мод олох гэдэг тун бэрх билээ. Гэвч дон Федерико чадах бүхнээ хийх болно. Бидэнд юуны олны хэрзг байх билээ. Ойрхон хавиас ч хэдэн мод олдож юу магад билээ дээ. Үнэндээ ч бидэнд олон модны хэрэггүй шүү дээ.
Нилээд орой тийшээ бороо хэсэг зогсоход бид гадагшаа салхинд гарч амраа модод дундуур сэлгүүцлээ. Дон Федерикогийн эдлэнд мөчрөөсөө унжсан цэгирмийн сонин зэрлэг цэцэг ургадаг ажээ. Наргилын самрын тал ясаар тэдгээр цэцэгт сав хийжээ. Ховор энэ ургамал таримлаа бодвол илүү сайхан үнэр танартай билээ. Герман үнэртэж үзэхээр цэцгүүдийн нэг рүү тонгойтол толгойн дээхнүүр навчис дундаас гялалзсан урт нэгэн зүйл сунав. Нүд ирмэх зуурханд Анхелогийн амжиж шавхуурдсан ташуурын дуу тасхийж урт хорхой гүрвэлзсээр газарт уналаа. Төдөлгүй хүү салаа үзүүртэй модоор могойн хүзүүг хавчин газарт чанга наалдуулж толгойг нь бяцалж орхиод,
— Хатгуулсан бол өнгөрлөө шүү гээд хэлснийхээ баталгаа болгон могойн хорт махир хоёр шүдийг бидэнд үзүүлэв.
Ингээд навчис болгоны цаана хорт могой нуугдаад байгаа юм шиг санагдах болсон учир бид Анхелогийн агнасан анг авч гэрт орохоор яарлаа. Герман могойн ногоон өнгөт арьсыг өвчихөөр сууж, дон федерико бидэнд тавагны амсар шиг бүдүүн хорт, аврага могойнуудын тухай сонин түүх ярьж гарлаа. Нэг хартал далайн арван хөлт хавчийн чинээ биетэй хоёр том хорт аалзны сүүдэр ханан дээр тусаж харагдав. Энэ хоёр том аалз амь наана там цаана тулалдан эврээрээ орооцолдоод сүүлний тус газар орших хорт хатгуураараа бие биеийг үхтэл хатгахыг хичээн бөгсөн биеэ матийлгана. Энэ бол ер бишийн үзэгдэл байлаа. Харин манайхны хэн нэг нь керосиноор асдаг дэнг байрнаас зайлуулангуут, бид бүх учрыг ойлгож билээ. Ширээний цаад өнцөг дээр зодолдож байсан ердийн хоёр жижиг аалзны сүүдэр дэнгийн гэрэлд тийм ер бишийн том харагджээ. Дон Федерико инээд алдан,
— Яах вэ дээ, зодолдож л байг. Нэг нь нөгөөгөө хөөнө биз, зодолдож л байг. Харин дийлсэн тэр нь бидэнд хэрэг болно. Гэрт жоом байлгадаггүй амьтан шүү. Унтахдаа орон дээгүүрээ ялаанаас хамгаалах тор сайн татаж, хувцас хунараа сайтар сэгсэрч байвал л гүйцээ. Би олон удаа ийм аалзанд хазуулсан мөртөө үхээгүй л өнөө хүрлээ гэж ярив.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Чихний минь дэргэдүүр гүрвэл, сарьсан багваахай чанга чанга дуугарч сарчигнаад сэрэх болгонд хорт могой санаанд ороод байснаас биш, би тавтай л нойрсов.
Бальс модныхоо эрэлд эртхэн гарцгаахын тулд бид үүрээр бослоо.
— Олигтойхон сэгсэрч хувцаслацгаагаарай гээд Агуртог цамцаа сэгсрэхэд аалз цамцны нь ханцуйнаас унаж, шалмы завсар руу орчихов.
Нар мандангуут дон Федерико явж болохоор ойр хавьд бальс мод байвал олуулахаар морьтой ажилчдаа зүг бүр тийш илгээв. Дон Федерико, Герман бид гурав төдөлгүй нэг том цоорхойд хүрч ирэв. Энд асар том нэгэн хөгшин мод байдгийг Дон Федерико мэддэг ажээ. Ойр хавийнхаа бусад модноос хавьгүй өндөр энэ мод бүдүүнээрээ нэг метр байв. Полинез нутгийн заншлаар бол мод огтлохын өмнө нэр өгдөг ёсоор бид тэр хөгшин модоо америк гаралтай, полинезийн бурхны нэрээр Ку хэмээн нэрлэв. Ингээд би далайсан сүхээ бальс модноо шигтгэв. Төдөлгүй сүхний хангинах дуу ой даяар цууриатлаа. Харин нойтон бальс модыг сүхээр огтолно гэдэг бол мохоо сүхээр илчүү цавчиж таслахаас огт өөрцгүй зүйл бөгөөд сүх өөрийн эрхгүй халтирна. Би хэдхэн цавчаад Германд халаагаа өгөхөөс өөр аргагүй болов. Сүх гараас гар дамжин, цавчдас үсчин, халуун орны бүгчим өдрийг хэлэх үү бид усан хулгана боллоо. Бараг орой болоход Ку маань ганц хөл дээрээ зогсох азарган тахиа шиг доогуураа шөрийж бидний цавчих бүрийд доргин чичирч байв. Ингэж байснаа, ганхаж, сүртэйгээр унахдаа ойр хавийн модтой хавиралдаж том том мөчир, зулзаган модыг хугалсаар унаад өглөө. Бид модныхоо мөчрий нь зурваслан, индианчуудын заншлаар мурий хэрчлээс гарган цавчиж холтослож эхлэв. Герман гэнэт сүхээ чулуудаад хөлөө тэврэн, полинез хүмүүсийн цэргийн бүжиг бүжиглэдэг шиг учир тоймгүй цовхчиж гарлаа. Харваас аалзны чинээ биетэй, гялалзсан том шоргоолжууд өмдний нь шуумагнаас унаж байв. Шоргоолжийн толгой нь далайн арван хөлт хавчийн адил хатуу учир бид гутлынхаа товхоор зэгсэн хүч гарган байж няцалж байлаа.
— Конго хэмээх шоргоолж жижиг мөртөө түрүүчийн аалзнаас дор золиг шүү. Гэхдээ чийрэг биетэй хүнд аюул байдаггүй юм гэж Дон Федерико эмгэнэнгүйхэн тайлбарлав.
Германы хөл хэдэн өдөр туж янгинаж өвчилсөн боловч аврага том бальс мод хайж ойн жимээр хэд хэдэн удаа бидэнтэй давхихад нь саад болсонгүй. Аглаг гүн ойд мөчир гишүү тачигнан, мод чихарч дүнгэнэн унаж буй чимээ үе үе сонсдож байв. Дон Федерико сэтгэл урамтай янзтайгаар толгой сэжнэ. Энэ бол түүний эрлийз ажилчид сал хийх бас нэг аврага том бальс мод унагасны тэмдэг байлаа. Долоо хоногийн дотор Ку маань полинезийн эрэлхэг зоригт баатрууд Кане, Кама, Ило, Маури, Ра, Ранги, Папа, Таранга, Кура, Кукара, Хити нарын нэрээр нэрлэгдсэн арван нэгэн аврага том бальстай нийлж арван хоёулаа боллоо. Эдгээр баатрын нэрс тэр нэгэн цагт Тики гэдэг нэрийн хамт гадаад далайн чандах Перугээс ирсэн ажээ. Шүүс нь дааварлаж гялалзсан гуалингуудыг эхлээд ойгоос морьдын тусламжтайгаар татаж, дараа нь Дон Федерикогийн трактороор тэдний сэхээвчийн өмнө голын эрэг дээр авчирлаа.
Шүүсэндээ нэвтэрсэн гуалингууд арай ч илчүү шиг хөнгөнгүй билээ. Гуалин тус бүр тонн татахаар учир усанд ороод яадаг бол доо гэж бид сэтгэл түгшиж байв. Гуалингуудаа нэг нэгээр нь өнхрүүлсээр эрэг дээр авчраад, урсаад явчихаас болгоомжлон цөмий нь өрөөсөн үзүүрээс оосорлож лиан хэмээх авирдаг ургамлын тасрахгүй бөх мөчрөөс аргамжив. Ингээд гуалингуудаа нэг нэгээр нь ус руу түлхэв. Бүдүүн гуалин усанд унах болгондоо асар өндөрт усан оргил үүсгэнэ. Тал нь усанд далд орон хөвөн эргэлдэж буй гуалингууд дээр гарахад живэхгүй байв. Ингээд бид халуун орны моддын оройгоор асаж урган доош унжсан лианы бөх мөчрөөр гуалингуудаа хооронд нь холбож түр зуурын хоёр сал холболоо. Хоёр салны маань нэг нь нөгөөгөө чирч урсах ёстой байв. Дараа нь бид хожим удахгүй хэрэглэх хулс, лианы баахан мөчир салан дээрээ ачиж, Герман бид хоёр үл мэдэгдэх арьстан хоёр эрийн хамт саландаа суулаа. Бид хоёр ч тэр хоёрынхоо хэлийг ойлгодоггүй, тэр хоёр маань ч бид хоёрыгоо ойлгодоггүй.
Ингээд аргамжаагаа тайлж эргээс хөндийрөхөд боргиотсон урсгал биднийг бүслэн авч түргэн уруудуулав. Эхний нэг хушууг тойрч гарах зуураа эргэн харцгаахад зан сайт нөхөд маань сэхээвчийнхээ өмнөх мөргөцөг дээр бидний хойноос rap гозолзуулан зогсож байгаа нь усан цацрагийн цаанаас нэвт харагдав. Ингээд бид хүрэн царайт хоёр мэргэжилтэндээ жолоогоо шилжүүлээд өөрсдөө гадалийн ногоон навчсаар барьсан сүүдэр доогуураа орлоо. Хоёр мэргэжилтэн маань нэг нэг том сэлүүр авч салныхаа толгой, бөгс хоёрт очиж зогсоод хатгаж гарав. Тэр хоёр ямар ч түргэн урсгалд салаа төвөггүй зогсоох бөгөөд бид усны унанги дархи болоод элсэн хайрга тойрохоор чиглэлээ байн байн өөрчлөн тал тал тийшээ дайвалзан гол уруудна.
Голын хоёр эргээр халуун орны ой битүү ханалан үргэлжлэх бөгөөд тоть, өнгө өнгийн гоё өд сөдтэй бусад шувуу өтгөн навчис дундаас үргэн нисэж байв. Бидний ойрхоя очиход аллигатор хэмээх матар хэд хэдэн ч удаа гол руу үсрэн, булингарт усанд алга болж байв. Төдөлгүй бид бас нэг сонин амьтан үзэв. Энэ бол гүмбэр матрын хиртэй бөгеөд хоолойдоо хүүдийтэй, нуруугаа дагасан дэлтэй игуана хэмээх аврага том гүрвэл байлаа. Гүрвэл эрт балрын үеэс унтаад сэрээгүй байна гэмээр л голын эрэг дээр нойрсоно. Биднийг хажуугаараа анир чимээгүй өнгөрөн гарахад тэр огт хөдөлсөнгүй. Сэлүүрчид маань битгий буудаарай хэмээн бидэнд дохио өгөв. Хэсэг явж байтал уртаараа метр хиртэй бас нэг игуана дайралдав. Манай салан дээр байсан бүдүүн гишүүнд цохиулсан тэр гүрвүүл аюул ойртсоныг мэдээд хөх ногоон арьсаа наранд гялалзуулан могойн нүд шиг зэвүүн хоёр нүдээрээ биднийг ширтэж байв. Дараа нь бид ой битүү ургасан нэг жижиг толгойн ёроолоор өнгөрч явахдаа бусдаасаа хамаагүй том бас нэг гүрвэл үзсэн юм. Толгой цээж цогнойлгоод зогсож буй тэр том гүрвэл холоос харахад чулуугаар урласан эрээн цоохор лууны дүрсийг санагдуулна. Биднийг толгодын яг ёроолоор өнгөрөн гарахад ч хүртэл гүрвэл бидний зүг харахгүй байсаар байгаад халуун орны ойд халхлагдан бараа тасрав.
Бид цааш хөвж явсаар утааны үнэр авч, ойн цоорхойд голын эрэг дээр сүрэл дээвэртэй хэдэн овоохой байхыг харлаа. Эрэг дээр цугларсан индиан, негр, испани холилдсон зэвүүн байр байдалтай хүмүүс манай салыг анхаарсан бололтой. Тэдний мод ухаж хийсэн том завиуд эрэг дээр хөмрөөстэй хэвтэж харагдана.
Үдийн хоолны цаг ойртоход бид сэлүүрч нөхдийнхөө халааг авч тэр хоёр маань нойтон шавар дэвсэж дээр нь түлсэн том түүдэг гал дээрээ загас, талх, модны жимс шарж эхлэв. Бидний зоогонд бас шарсан өндөг, халуун орны амтат жимс бий билээ. Энэ завсар сал маань түргэн урсаж, биднийг халуун орны битүү ойгоос гаргаж далайд ойр авчрав. Одоо бороо асгарч энэ орон тэр аяараа үерт автлаа ч гэсэн бидэнд юун хамаатай юм бэ? Бороо хэдийчинээ их орвол голын урсгал төдийчинээ л түргэснэ биз.
Эргэн тойронд бүрэнхий болохын хамт хоёр талын эргээс чих дөжрөм концерт сонсдож эхлэв. Мэлхий, бах, хүрэлзгэнэ, ялаа, шумуул ам амандаа хашгиралдсан олов янзын өнгө хосолсон сүртэй найраг дуудал дуулдана. Зэрлэг муурын дуу харанхуйд үе үе жингэнэн, халуун орны балар ойн шөнийн махчдаас үргэж айсан шувуудын түгшүүрт дуу энд тэндгүй сонсдоно. Ойд оршин суугчдын овоохойнуудад асаж буй гэрэл хэд хэдэн ч удаа гялсхийж шөнийн харанхуйд дэргэдүүр нь манайхны салыг өнгөрөхөд ноход хуцан, хүмүүс хашгиралдаж байгаа нь сонсдоно. Гэхдээ шөнийн анир чимээгүйг ихэвчлэн ойн дуу л эвдэж байв. Одот тэнгэрийг сонирхон ширтэж явсан биднийг нойр, бороо хоёр, навчис, мөчрөөр барьсан байранд маань хөөж орууллаа. Ингээд бид rap буунуудаа зэхээд унтахаар хэвтэв. Гол уруудах тутам овоохой, харь орны тариалангийн газар дайралдах нь олширсоор төдөлгүй голын эрэг дээгүүр жинхэнэ тосгон харагдаж эхлэв. Эндхийнхэн ухмал завь, урт хатгуур хэрэглэн голоо өгсөж урууддаг ажээ.Ногоон гадаль овойж сагсайтал ачсан бальс модон жижиг салнууд энд тэндгүй дайралдаж байлаа.
Паленке, Рио Гуяас хоёрын цутгалан хавьд ус тун гүнзгийрч Винсес хот эргийн Гуяакиль боомт хоёрын хооронд хүрдэт галт онгоц зорчдог ажээ. Герман бид хоёр цаг хожихын тулд галт онгоцноо шилжин сууж, хүн амьтан олонтой эгц эрэг даган далай руу хөвлөө. Бараан царайт хоёр нөхөр маань салтайгаа бидний араас замнах ёстой байлаа. .
Гуяакильд Герман бид хоёр салав. Герман маань бальс гуалингуудаа ирэхэд нь тосож авахаар Гуаяс голын адагт үлдэв. Түүний үүрэг бол гуалингуудаа эрэг хавийн ачаа тээгч галт онгоцонд ачиж Перу ороод, тэндээ сал холбуулж яг эртний индиануудын сал маягтай хийлгэх ёстой байв. Харин би сал холбоход тохиромжтой газар хайж олоод байхаар Перуглйн нийслэл Лима хот руу онгоцоор нисэв.
Онгоц маань Номхон далайн эрэг даган асар өндөрт ниснэ. Аглаг зэлүүд Перугийн уул нэг хажуугаар үргэлжлэн, нөгөө хажуугаар тээр дор хөх мөнгөн далайн ус цэлийнэ. Тэндээс бид далайгаар аялж эхлэв. Өндөр дээрээс нь харахад далай зах хязгааргүй юм шиг санагдана. Холын хол өрнө зүгийн тэнд гэхийн аргагүй алс хязгаарт тэнгэр, далай хоёрын зах нийлсэн мэт санагдаж, тэр нүд үл хүрэм алсаас дааш дахиад хуурай газартай уулзаж Полинез арал хүртэл дэлхийн бөмбөрцгийн тавны нэг хувийг эзэлсэн хэдэн зуун мянган метр өргөн ус үргэлжилдэг шүү дээ гэдэг бодлоосоо хагацах чадалгүй явлаа. Хэдэн долоо хоногийн цаана биднийг юу хүлээж байгаа тухай, энэ зах хязгааргүй цэнхэр мандал дунд өчүүхэн жижиг салаар хэдийд хөвж эхлэх тухайгаа нарийвчлан бодох гэж оролдсон боловч ийнхүү бодоход шүхэртэй үсрэхээр зэхэж байх үеийнх шиг эвгүй оргисон учир уг бодлоо орхив.
Лима хотноо ирмэгцээ сал холбоход тохиромжтой байр олохоор трамбайд сууж Кальяо боомт руу зорилоо. Бүх зогсоол усан онгоцоор дүүрсэн, эргийн дагууд ачаа агуулах газрууд, гаалийн агуулах, боомтын захиргааны болон бусад барилга үргэлжилсэн байхыг даруй харж мэдлээ. Боомт хавийн эрэг байшин барилгагүй боловч тэнд биднийг буруу харахын хооронд боомтыг юу ч үлдээлгүй зөөчихөөр олон хүн усанд орж байлаа. Кальяо нь өнөөдрийн хувьд тус орны хамгийн том боомт бөгөөд цагаан, хар арьстан нийлсэн долоон сая хүн амтай юм. Салын ажлаар оролдогсдын хувьд цагийн байдал Эквадорыг бодвол Перуд бүр ч ширүүссэн үе бөгөөд цэргийн боомтыг хүрээлүүлэн барьсан өндөр хашааны төмөр хаалганы дэргэд зогсож буй зэвсэг бүхий манаач намайг болоод хашааны ойр орчмоор дэмий сэлгүүцэгч бусад хүнийг сэжиглэсэн ширүүн харцаар анаж байв. Энэ ха шаанд орж чадсан хүн бол ямар ч аюулаас айхын хэрэггүй билээ.
Вашингтонд уулзсан Перугийн далайн атташе маань надад дагуур бичиг хийж өгсөн юм. Ингээд би маргааш нь тэр бичгээ барьсаар Тэнгисийн яаманд очиж сайд Мануэль Ниетогоос хүлээн авч уулзана уу гэж хүсэв. Сайд өглөөний цагаар, хуучны франц маягаар янзалж алтдан толь шиг болгосон танхимдаа хүлээн авдаг юмсанж. Жаахан хүлээж суутал сайд өөрийн биеэр орж ирэв. Энэ бол ёслолын хувцастай, нуруугаар намхан болж ирээд дотуур тамиртай байрын бөгөөд Наполеон шиг товч тодорхой яриатай хүн байлаа. Юу хэрэгтэй байна гэж сайдын асуухад би модон сал холбох санаатай юмсан, цэргийн боомтод оруулж өгнө үү гэж гуйв. Сайд уур нь хүрсэн янзтай хуруугаараа ширээ тогшин,
— Залуу минь чи өөр хаалга татчихаж дээ. Танд би дуртай л туслахсан. Гэтэл надад Гадаад явдлын яамны сайдын зөвшөөрөл хэрэгтэй. Цэргийн талбар руу гадаадын хүмүүс хамаа бус оруулж, цэргийн дархны газар ашиглуулж болохгүй нь хэний ч мэдээж хэрэг шүү дээ. Гадаад явдлын яамны сайдад хүсэлт бичээд үз л дээ. Амжилт хүсье гэв.
Гараас гар дамжсаар газар руу шингэчихсэн юм шиг ор сураггүй болчихдог өргөдөл хүсэлтүүдийн тухай бодоход гол минь гонсойгоод явчихлаа. Элдэв бичиг сачиг гэгч саадтай тулгардаггүй байсан тэр бүдүүлэг эрин үедээ Кон-Тики яасан жаргалтай байгаа вэ дээ. Гадаад явдлын яамны сайд дээр өөрийн биеэр орно гэдэг үнэхээр төвөгтэй зүйл байв. Норвег улсын дипломат төлөөлөгчдийн газар гэж Перуд байдаггүй бөгөөд харин хэн хүнд тус болоход бэлэн байдаг манай ерөнхий элчин Бар намайг Гадаад явдлын яамны зөвлөгчтэй л уулзуулж өгч чадахаас цаашгүй ажээ. Энэ ер нь цааш газар авч гавихгүйдэг шүү гэж би айх боллоо. Ингээд бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчнд илгээсэн доктор Коены захидалд хамаг горьдлого үлдэв. Эрхэмсэг ноён Хосе Бустаменте Риверод бараалхахыг хүссэн захидлаа Перу улсын ерөнхийлөгчийн хиад илгээлээ. Өнөөдөр арван xoёp цагт opдонд бэлэн бай гэж хэд хоносны дараа надад мэдэгдэв.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:18 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Лима бол аглаг өндөр уулсын хормой дахь уудам ногоон талд оршдог бөгөөд хагас сая гаруй хүн амтай орчин үеийн хот юм. Орд харшаараа, бас цэцэрлэг, цэцэгт гудамжаараа ч гэсэн тэр нь дэлхий дахины хамгийн үзэсгэлэнт төв хотын нэг бөгөөд хуучны испани маягийн барилгаараа гайхуулсан орчин үеийн Ривьер буюу Калифорний нэг хэсэг мөн нь эргэлзээгүй билээ. Ерөнхийлөгчийн ордон хотын төв дунд орших бөгөөд тод өнгийн хувцастай, зэвсэг бүхий манаануудаар нарийн чанд хамгаалуулдаг ажээ. Перуд ерөнхийлөгчид бараалхана гэдэг явдалтай хэрэг бөгөөд хүн амын олонхи нь ерөнхийлөгчөө зөвхөн киноны дэлгэц дээр хардаг байжээ. Гялалзсан дайзтай сум мөрөвчилсөн цэргүүд намайг дагуулан шатаар дээш гаргаж, урт гудмаар явж мухарт нь очиход энгийн хувцастай гурван хүн үнэмлэх сэлтий минь шалгаад, тусгай дэвтэрт тэмдэглэл бичив. Царс модон том хаалга нээгдэхэд орж очвоос тасалгаанд урт вандан ширээ, эгнүүлэн тавьсан хэдэн сандал байлаа. Намайг угтаж уулзсан цагаан хувцастай хүн суухыг уриад, өөрөө гарч одов. Хэдэн хормын дараа бас нэг том хаалга нээгдэж намайг тэр өрөө рүү орохыг урив. Энэ өрөө саяныхыг бодвол хавьгүй гоё сайхан эдлэл засалтай ажээ. Төв гоё хувцастай нэг хүн намайг угтав.
Би «Ерөнхийлөгч л мөндөө» гэж бодоод байдгаараа цэх шулуун болов. Гэтэл ерөнхийлөгч бас л биш байлаа. Алтан саан эмжээр болсон цамцтай тэр хүн намайг эгц түшлэгтэй хуучны зөөлөн сандалд суухыг уриад бас л алга болов. Зөөлөн сандалд бөгсөө ч хүргэж завдаагүй байтал бас нэг хаалга онгойж намайг сайхан гоёж алтадсан эдлэл тавьсан том өрөөнд орохыг урив. Зарц гэнэт орж ирсэн шигээ гэнэт алга болж, би хуучны урт зөөлөн сандал дээр сууж, өрөөнд ганцаардав. Ингэж суухдаа дэлгэж орхисон том хаалгатай хоосон цуваа тасалгаануудыг сонирхон ажиглаж байлаа.
Хачин нам жим байсан учир хэд хэдэн тасалгааны цаана аяархан ханиах дуу сонсдов. Ингээд наашилж байгаа чийрэг хөлийн алхаа тодорсоор цэрэг хувцастай эрхэмсэг нэг хүн орж ирэхэд би годхийн босов. Энэ хүн маань ерөнхийлөгч маань бас л биш ажээ. Ерөнхийлөгч танд мэнд дамжуулж байна. Сайд нарын Зөвлөлгөөн дуусахаар одоохон өөрөө ирнэ гэж хэлэхэд нь л би ерөнхийлөгч биш байна гэж мэдсэн билээ. Арваад минутын дараа чийрэг хөлийн чимээ дахин нам жим байдлыг эвдэж энэ удаад алтан погоон зүүж, алтан гинж түүнээсээ унжуулсан нэг хүн орж ирлээ. Би зөөлөн сандлаас годхийн босож тэр хүнд гүнээ мэхийв. Тэр хүн харин бүр ч гүнээ мэхийгээд, намайг дагуулж хэдэн өрөө өнгөрөөд зузаан хивс дэвссэн шатаар дээш гарав. Ингээд тэр хүн урт зөөлөн сандал, арьсан бүрээстэй жижиг зөөлөн сандал хоёроос өөр юу ч үгүй жижиг өрөөнд намайг ганцааранг орхив. Биеэр багахан цагаан өмд цамцтай, нэг хүн орж ирэх үед би бас л нэг тийш нь дагуулаад явах юм байлгүй гэж хүлээн хүлцэнгүй зогсож байлаа. Гэтэл тэр хүн намайг хаашаа ч дагуулж явсангүй, харин эелдгээр мэндлээд, бусдын адил гарч одсонгүй. Энэ хүн маань л ерөнхийлөгч Бустаменте Риверо өөрийн биеэр байсан юмсанж.
Ерөнхийлөгч англи хэлийг миний испани хэл мэддэгээс хоёр дахин илүү мэддэг хүн байв. Ингээд мэнд усаа мэдэлцсэний дараагаар бид хоёрын дундын хэлний баялаг гүйцэж, ерөнхийлөгч гараар дохин намайг суухыг урилаа. Дохио зангаагаар ихийг ойлголцож болох боловч Перугийн цэргийн боомтонд орж сал холбох зөвшөөрөл авахдаа хүрнэ гэдэг шонгүй зүйл билээ. Ерөнхийлөгчийн намайг ойлгохгүй байгаа нь надад тодорхой, ерөнхийлөгчид өөрт нь бүр ч тодорхой болов. Хэсэгхэн болоод намайг орхин гарч төдөлгүй агаарын яамны сайдыг дагуулан ирэв. Агаарын яамны сайд Ревередо бол энгэр дээр нь нисэхийн далавч тэмдэг хадсан, агаарын цэргийн xyцастай, бие бялдар чийрэг байрын хүн байлаа. Энэ хүн англи хэлээр америк аялгуутайхан боловч сайн ярьдаг ажээ
Онгоцны буудалд биш, харин цэргийн боомтод орох зөвшөөрөл гуйх гэсэн юмсан, андуурч таныг авчирсан бололтой хэмээн учраа хэлж уучлалт гуйваас генерал инээд алдан, би энд хэлмэрчээр уригдаж ирсэн билээ гэж надад тайлбарлав. Миний яриаг шат дараалуулан анхааралтай сонсож суусан ерөнхийлөгч генерал Ревередогоос дамжуулан чухал асуулт тавьж байв. Ингээд эцэст нь,
— Номхон далайн арлуудыг Перугийн хүмүүс нээсэн байж магадгүй гэдэг үндэс байгаа юм бол Перу улс таны энэ аяллыг сонирхон үзнэ. Та биднээс ямар туслалцаа авмаар байна вэ? гэж ерөнхийлөгч асуув.
Бидэнд цэргийн боомтын талбарт сал холбох байр гарган өгч, флотын дархны газрыг ашиглах бололцоо олгон, тоног төхөөрөмжөө агуулах газартай болгоно уу, бас тэдгээрийг нааш нь татаж авах зөвшөөрөл өгч, хөлөг онгоц засварлах газар, боомтын ажилчдыг авч ажилдаа туслалцуулах хэрэгтэй байдаг, тэрчлэн бас биднийг замдаа гарахад маань эргээс холдуулах хөлөг онгоц нэгийг гаргаж өгнө үү гэж би гуйв.
— Энэ хүн тэгээд юу гуйж байна? хэмээн асуусан ерөнхийлөгчийн асуултыг хэлсэн байр байдлаар нь би ч ойлгов.
— Нэг ч их юмгүй дээ хэмээн генерал Ревередо миний хэлсэн болгоныг тоочсонгүй товч хариулав. Ийм хариулт сонссондоо сэтгэл ханасан ерөнхийлөгч гуйлтыг зөвшөөрөн толгой дохив.
Ингээд уулзалт дуусахын өмнөхөн генерал Ревередо ерөнхийлөгч гадаад явдлын яамны сайдад үүрэг өгнө тэнгисийн яамны сайд Ниетод та бүгдэд зохих туслалцаа үзүүлэх бүрэн эрх олгоно гэж надад мэдэгдээд, салах ёс гүйцэтгэн:
— Та бүгдийг тэнгэр бурхан хараг! хэмээн инээд алдан хэлэв. Гаднаас орж ирсэн хиа намайг жижүүр дээр хүргэж өглөө.
— Энэ өдөр Лима хотын бүх сонин Перугийн эргээс салаар хөдлөх ёстой Норвегийн аяллын тухай нийтлээд Амазонкийн эргийн халуун орны битүү ойд амьдрагч индиануудын аж байдлыг судлах Швед-Финляндийн шинжлэх ухааны аяллынхан ажлаа дуусгасан тухай дашрамд мэдээлсэн байв. Уг аялалд оролцсон хоёр швед хүн тэндээс завиар голын урсгал сөрөн гарч саяхан Лима хотноо хүрэлцэн иржээ. Тэр хоёр хүний нэг нь Упсалийн их сургуулийн хүн бөгөөд одоо Перугийн ууланд оршин суугч индиануудын аж байдлыг судлах гэж буй Бенгт Даниельссон гэгч ажээ.
Би энэ өгүүллий нь сониноос хайчилж авлаа. Ингээд өрөөндөө ирээд, сал холбох байрынхаа талаар Германдаа захидал бичиж суутал гэнэт үүд тогших чимээ уг ажлы минь тасалдуулав. Халуун орныхоор хувцасласан, нар салхинд түлэгдэж борлосон өндөр залуу орж ирэв. Том цагаан малгайгаа авахад нь улаан шар сахал нүүрий нь шарлуулж, толгойтой үсий нь хагасыг шатаасан шиг санагдав. Энэ залуу балар ой шугуйгаар тэнүүчилж яваад ирсэн боловч их сургуулийн өрөөнд байрлах хүн болох нь тодорхой байлаа.
«Бенгт Даниельссон гэгч байх шүү» гэж бодогдов.
Орж ирсэн залуу «Намайг Бенгт Даниельссон гэдэг» хэмээн надтай танилцав.
«Салны тухай мэдчихэж дээ» гэж бодох хооронд,
— Салны талаар төлөвлөж байгааг тань дөнгөж саяхан сонслоо гэхэд нь «үндэстнүүдийн аж байдал, ёс заншил соёл судлагч хүн болохоороо онолы минь ниргэхээр ирсэн нь энэ юм биз дээ» гэж би муу санаалав.
— Ингэхэд би салаар тань та бүхэнтэй хамт явж болох эсэхийг ярилцахаар ирлээ. Би бол миграцийн онол сонирхдог хүн дээ гэж швед залуу ялдамхан ярив.
Халуун орны балар ойгоор тэнүүчлэн яваад саяхан буцаж ирсэн эрдэмтэн хүн юм гэнэ билээ гэхээс өөр энэ хүний тухай би юу ч мэдэхгүй билээ. Гэхдээ таван норвег хүнтэй цуг явъя гэж буй ганц швед хүнд татгалзахын хэрэг юу байх вэ дээ. Тэгээд бас сайхан сахлаар нь харваас тохьтой томоотой, наргиантай эр болох нь илт байлаа.
Зургаадах хүн олдоогүй байсан болохоор Бенгт тэр хүн маань болов. Энэ бол бидэн дотроос испани хэл мэддэг ганц хүн байв.
Ингээд хэдэн хоногийн дараа эрэг даган умар зүг нисэж мотороо нэгэн жигд хүнгэнүүлэн яваа суудлын онгоцноо сууж явахдаа би тэртээ дор цэнхэртэгч зах хязгааргүй далайг бишрэн ширтэж суулаа. Далай онгоцноос минь дүүжлээстэй, тэнгэрт хөвж байх шиг санагдана. Удалгүй бид зургаа өрнө зовхисыг тэр аяар нь бүрхсэн мэт санагдах зах хязгааргүй энэ их усанд хумхийн тоосонд нян орохын адил явах болно. Далай дээр бид биесээс хэдхэн алхмаас илүү холдох бололцоогүй явах болно. Харин одоохондоо бие биесээс зэгсэн хол байлаа. Герман маань гуалингуудаа хүлээн Эквадорт яваа, Кнут Хаугланд Торстейн Робю хоёр саяхан Нью-Йорк руу ниссэн. Эрик, Хесселбьерг маань Ослоос Панам руу гарсан усан онгоц дээр, би энд ингээд нисэж явдаг. Аян замдаа ороход бэлэн зэлэн болсон Бенгт маань л биднийг харуулдаад Лима хотын зочид буудалд ганцаараа сууж байгаа даа.
Миний хамт явах нөхөд бол урьд өмнө зүс бараагаа ч харалцаагүй, өөр өөр улс билээ. Ийм болохоор ч бид хэдэн долоо хоногтоо л бие биесийн яриа хөөрөөнөөс уйдана гэж санахааргүй юмдаг. Завиар хэдэн сарын турш хамт аялах зургаан хүний зан ааш зөрөлдөж болзошгүй гэдэг бол аянгын хар үүлс лүглийж нөмрөх агаарын даралт буурах тэнгэр хайрхан муудахаас аюултай зүйл билээ. Ийм аюул тохиолддог юм гэлээ гэхэд хөгжилтэйхэн ганц үг бол усанд живдэггүй олгой хаймар шиг хэрэг болдог удаа цөөнгүй тохиолддог билээ.
Хоёрдугаар cap бол Вашингтонд намайг буцаж ирэхэд цасархаг, хүйтэн өвөл ид дангинаж байсан үе билээ. Бьёрн маань радионы талаар эрчимтэй хөөцөлдөж Америкийн радио сонирхогчдын нийгэмлэгийн сонирхлыг татаж дөнгөсөн учир тус нийгэмлэгийн гишүүд манай салнаас мэдээ хүлээн авч байхаар тохирчээ. Кнут, Торстейн хоёр холбоо барих ажил зохион байгуулж явжээ. Богино долгион баригч тусгай хийцтэй хүлээн авагч заримдаа дайны үед эсэргүүцлийн хөдөлгөөнийхний хэрэглэж байсан авсаархан радио станцын тусламжтайгаар холбоо барих болов. Ер нь тэгээд аяллаа төлөвлөсөн ёсоороо зохионо гэж бодох аваас шалих шалихгүй түг түмэн асуудал шийдвэрлэх хэрэгтэй бaйлаа.
Гэтэл хавтаст бичиг хэрэг маань уул овоо шиг зузаарсаар л байлаа. Англи, испани, франц, норвег хэлээр бичсэн цагаан, шар, хөх зүсэн зүйлийн бичиг сачиг болоо цэргийн болоод иргэний үнэмлэх сэлт билээ. Манай өнөөгийн эрин үе гэдэг чинь салаар явахад хүртэл бичиг сачгаар хөөцөлдөх ажил нь мундахгүй болсон үе юмдаа. Хууль журамд хөл rapаа баглуулсан бид хэд чинь тоо томшгүй зангилгаанд толгой эргэх ёстой байжээ.
— Энэ бүх бичиг сэлт маань лав арван килограмм хүнд гэж андгайлахаас би буцахгүй байна гэж бичгийн машиныхаа ард тонгойн сууж байсан Кнут цөхөрсөн байдалтай хэлэхэд:
— Арван хоёр килограмм байна лээ. Би жигнэж үзсэн хэмээн Торстейн хэнэггүй хэлэв.
Сүүлчийнхээ юмнуудыг зэхэж байсан энэ хэдэн зугаатай өдөр «Би та зургааг салан дээрээ сайн сайхан гарчээ гэж л дуулахсан гэж хүсэж сууна!» гэж бичсэн байснаас нь үзэхэд ээж маань бидний байдлыг ойлгож буй бололтой.
Ипгээд байж байтал нэг өдөр Герман усанд орж байгаад хүчтэй долгионд эрэг дээр шидэгдэн гарч энд тэндээ сүрхий шалбалж, хүзүүнд нь юм орчихсон тухай цахилгаан мэдээ Лимаас ирлээ. Герман тэндхийн нэг эмнэлэгт хэвтэж байгаа ажээ.
Герман руу Торстейн Робю дайны үед норвегчүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсгийн удирдагчаар Лондонд байсан бөгөөд одоо Вашингтонд бидэнд тусалж байгаа Гред Волд хоёр нэн даруй нислээ. Наад хоёроо очиход Герман бараг зүгээр болсон байжээ. Гэвч эмч нар алтан хүзүүгий нь байранд нь оруулах гэж толгойноос нь оосорлон уяад хагас цаг хиртэй татуулжээ. Рентгений гэрлээр гэрэлтүүлж авсан зураг дээр үзвээс хүзүүний яс нь цав сууж эргээд буруу харчихсан байв. Эрүүл чийрэг бие сайтайдаа амьд үлдсэн Герман маань эмнэлгээс гарч нүүр царай нь хөх няц болж хүзүү нь эргэхгүй болчихсон амьтан бальс гуалингууд ирчихээд байсан цэргийн боомтод ирж ажилдаа оржээ. Хэдэн долоо хоногтоо эмчийн хараанд байх ёстой Германыг бид өөрсөдтэйгөө хамт явж чадна гэж итгэхгүй байлаа. Герман маань харин Номхон далайд анх удаа зэгсэн чанга тэврүүлсэн ч гэсэн явж чадна гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэх шинжгүй байв.
Төдөлгүй Эрик, Кнут хоёр Панамаас, би Вашингтоноос нисэж, аялал эхлэх газар болох Лима хотноо ирлээ.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:19 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Киведогийн ойгоос огтолж авчирсан бүдүүн бальс гуалингууд маань цэргийн боомтны хашаанд гулдайна. Энэ бол үнэнхүү сэтгэл хөдлөм учрал байлаа. Шинэхэн унагасан бөөрөнхий гуалингууд, шулуухан шар хулс, нишингэ гадалийн навчис зэргээс бүрдсэн манай сал холбох бүх материал маань өдий төдий шумбадаг догшин онгоц, нисэх онгоц тээгч аврага хөлөг онгоцуудын дунд хэвтээ харагдана. Умар зүгийн цайвар царайт зургаан хүн инк угсаа удмын хүрэн арьст хорин «усан цэрэг» зарим нь сүх, зарим нь гол төлөв чихрийн нишингэ огтлоход хэрэглэдэг урт хутга гозолзуулан мушгимал төмөр татлага чангалан заадас зангидан бэхэлнэ. Алтан саа тэмдэг болсон хөх өнгийн хувцастай усан цэргийн цэмцгэр дарга нар хажуугаар өнгөрөхдөө боомты нь хашаанд гэнэт буй болсон тэр цайвар царайт харийн хүмүүс мод ургамлыг гайхан харцгаана.
Зуун жил болоход Кальяо боомт бальс модон сал анх удаа холбож байгаа нь энэ бизээ. Далайн энэ эрэг хавийн усанд тийм салаар аялахыг эцэг өвгөд нь угтаж байхгүй болсон Кон-Тики овогтноос сурч авсныг инкүүдийн үлгэр домог баталдаг бөгөөд хожим хойно нь европчуул индианчуулын сал хэрэглэх явдлыг хориглосон юм гэдгийг түүхийн баримт нотолдог билээ. Задгай салаар аялна гэдэг бол амь нас алдаж мэдэх зүйл юм. Инкүүдийн ач гуч нар бол хирдээ хөгжиж бидэн шиг хуниастай өмд, усан цэргийн цамц өмсдөг болсон улс бөгөөд бальс мод, хулсыг өнгөрсөн хүй нэгдлийн үед хэрэглэдэг байсан бол одоо хуяг ган ашигладаг болж байгаа билээ.
Хэт орчин үеийн боомт бидэнд гайхалтай их тус хүргэж байлаа. Бенгтээрээ хэлмэрч, Германаараа ерөнхий зохион бүтээгч хийсэн бид хэд гэдэг чинь дарвуул сэлбэг засварладаг болон мужааны өдий төдий газарт өөрийн гэрт байгаа юм шиг дураараа туйлж байв. Юм хумаа хийж бай гэж ачаа агуулах газрын хагасыг бидэнд зайчилж, бас нэг хөвдөг далан өгсний нь хажууд бид салаа холбож эхлэхээр гуалингуудаа усанд хийлээ.
Саланд хангалттай хүрэлцэнэ гэж үзээд хамгийн бүдүүний нь шилж байж есөн гуалин авлаа. Гуалингуудыг маань хооронд нь ягштал холбож барих баглаас гулган гүйж магадгүй гэж бодоод модныхоо үзүүрт цавчиж гүн ором гаргав. Бид хэд гэдэг чинь ширхэг ч хадаасгүй алд төмөр татлага ч үгүй улс байлаа. Давын түрүүнд есөн бүдүүн гуалинг зэрэгцүүлэн усанд хийж тэднийгээ хэвийн хөвдөг байдалтай болтол нь тэвчээртэй хүлээсний эцэст гуалингуудьнхаа хамгийн урты нь дунд оруулж бусдыг урт богиноор нь дараалуулан дөрөв дөрвөөр нь түүнийхээ хоёр талд зэрэглүүлэхэд ерөнхийдөө цасны хутгуур хэлбэртэй болов. Салынхаа хитгий нь эгц тайрч хоёр тийшээ илүү гарсан дунд гурван гуалинг нь тайралгүй үлдээгээд энэ илүү гарсан хэсэг дээр нь бальс модны богино бөгөөд бүдүүн тайрдас хөндлөн бэхлэн түүндээ жолооны сэлүүрийн нүх гаргав. Есөн гуалингаа гучин миллиметр бүдүүн олсны тасархайгаар өөр хооронд нь сайтар холбон бэхэлснийхээ дараагаар гуалин дээрээ хэдэн нарийвтар гуалинг бие биесээс нь алхам алхам хирийн зайтай хөндөлдүүлэн баглаж бэхлэв. Ингээд урт богино үй түмэн уяагаар чанга баглаж сайтар бэхэлсэн сал маань бэлэн боллоо. Салан дээрээ цуулж жиргэсэн хулсан дэвсгэр дэвсээд хөндөл гуалингуудтайгаа бэхлэв. Түүн дээрээ залуухан хулснуудыг сүлжиж хийсэн дэвсгэр хаялаа. Салан дээрээ хитэгт нилээд ойрхон үүд нь задгай жижиг сууц барилаа. Түүнийхээ ханы нь нарийн хулсаар сүлжин, дээврий нь хавтгай хулс, гадалийн гялгар навчийг яст мэлхийн хуяг шиг дээр дээрээс нь давхарлан тавьж хийв. Сууцныхаа үүдэнд хоёр шураг зэрэгцүүлэн босголоо. Энэ хоёр бол төмөр шиг хатуу мангро модноос огтлон авч, бие биес рүү нь тонгойлгон дээд хоёр үзүүрий нь зөрүүлэн уясан шураг байв. Бөхий нь бодож хоёр нарийн хулс зэрэгцүүлэн баглаж хийсэн шонд дөрвөлжин том дарвуул бэхлэв.
Бид ингээд дээр нь сууж гадаад их далай гатлах есөн бүдүүн гуалингийнхаа урд талын үзүүрий нь индиан хүмүүсийг дууриан ус сайн зүсдэг болгон мөлийлгөж цавчаад хойхон талд нь давалгаанаас хамгаалах өндрөөрөө тун ялимгүй хаалт барив.
Өөр хоорондоо их завсартай гуалингуудын дундуур зузаан нарсан банз тавыг хийж шаантаг, уяагаар тогтоож бэхлэв. Зузаан нь хорин таван миллиметр, өргөн нь жаран сантиметр ямар ч эмх журам гэлгүй урд хойно байрлуулсан банзнууд маань хажуу ирмэгээрээ ус руу эгц доошоо хагас метр хиртэй дүүрэгдэн жижиг хяр модод болж өглөө. Америк тивийг нээхээс өмнө инкүүдийн хэрзглэж байсан бальс модон сал бүхэнд доод хавтгай ёроолы нь салхи усанд элэгдэхээс хамгаалах иймэрхүү хяр мод байдаг байжээ. Бид салынхаа ирмэгээр тойруулан хөлд сайн тулгуур болох нарийхан бальс гуалингууд бэхэлснээс өөр ямар ч бариул, хашлага хийсэнгүй.
Манай сал урд хамар дээрээ давалгааны намхан хаалттай бишсэн бол Перу Эквадорын эрт цагийн хөлөг онгоцнуудын нэг гэмээр адилхан боллоо. Бид тэр намхан хаалтаа шал илүү зүйл болсныг хожим хойно л ухаарсан билээ. Хөлөг онгоцны маань хөвөх чанарт муугаар нөлөөлж магадгүй юу л гэж болгоомжлохоос биш салынхаа энэ тэрийг санаж бодсоноороо янзлав. Асар удахгүй энэ сал бид хэдийн оршин суух ганц орон болох бөгөөд иймээс ч хийсэн юм болгон маань аминд орох цаг ирнэ гэдгийг бид сайн мэдэж байв.
Бяцхан хөлөг онгоцоо энэ тэр юм бүхэнтэй болгох гэж хичээдгийн маань учир энэ билээ. Хулсан дэвсгэр салы маань тэр аяар нь бус, зөвхөн хулсан сууц, түүний өмнөх талбарыг л хучиж байв. Сууцны зүүн талд бөх бат бэхэлсэн авдар тоног хэрэгсэл хураасан арын хашаархуу юм буй болж энэ бүх эд юмс, салны ирмэг хоёрын хооронд нарийн зурвас зай үлдэв. Урд талын хушуунаас аваад сууцны ар талын хана хүртэл есөн бүдүүн гуалин ямар ч хучилгагүй нүцгэнээрээ бөгөөд ийнхүү бид хулсан сууцаа тойрох гэвэл шар хулсан дэвсгэр, сүлжмэл сийрсэн дээрээсээ шууд нүцгэн саарал гуалин дээр гишгэж, дараа нь нөгөө хураалттай ачаа бараа өөдөө авирах хэрэгтэй байлаа. Энэ зай төдий л ихгүй боловч ямар нэг саад давах зэрэг янз бүрийн байдалтайгаар бидний хөдлөн явах зайн хязгаарлагдмал байдлыг орлон тэлж чадах сэтгэхүйн зүйн ашигтай тал бүхий юм. Бид шургийн оройд модон тавцан хийсэн явдал бол хуурай газар ойртон очихын үед хянах байртай байхад төдийгүй бас зам зуураа түүн дээрээ гарч далай дээрх өөр бусад зүг чигийг ажиглан харж явахад зориулсан билээ.
Сал маань бараг бүтэж, босох тийшээ хандаж цэргийн аврага хөлөг онгоцнуудын дунд нас гүйцсэн хулс, ногоон навчныхаа өнгийг хослуулан гялалзуулж байх үед Тэнгисийн яамны сайд бидний ажлыг үзэхээр хүрэлцэн ирлээ. Цэргийн сүрлэг том онгоцнуудаар хүрээлэгдэн зогсож байгаа эртний инкүүдийн амьд дурсамж болсон энэ салаа хараад бид ихэд бахархаж байлаа. Гэтэл Тэнгисийн Яамны сайд өөрийн нүдээр үзсэн зүйлээс сүрхий айн цочсон ажээ. Усан буудалд нь бидний барьж байгуулж буй зүйлийн аливаа хариуцлагыг тэнгисийн яаманд огт хамаагүй болгох тухай баримт бичигт мутар тавиулахаар, намайг цэргийн боомтын захиргаан дээр дуудан ирүүлэв. Намайг бас Кальяо усан буудлын дарга дуудаж, сал усан буудлаас гарсан хойно хүмүүс ба ачаа тээшинд ямар нэг осол аюул тохиолдвол үүний бүхий л хариуцлага надад тохогдох тухай дурдсан бас нэг баримт бичиг дээр мутарлуулав. Ингээд байж байтал гадаад орны далайн хэдэн мэргэжилтэн дипломат цэргийн усан буудалд хүрэлцэн ирэхийг зөвшөөрчээ. Тэдний санал онол итгэл найдвар бас л багатай байсан учир хэдэн өдрий дараа их гүрнүүдийн нэгний элчин сайд намайг өөрийндөө дуудуулж,
— Таны төрөл төрөгсөд амьд бий юу? хэмээн асуув. Амьд амьд гэж хариулбаас тэр хүн өөдөөс минь эгцлэг ширтээд ёжилсон байрын эгдүүтэй зэвүүн дуугаар:- Таныг үхсэн гэж дуулаад, аав ээж хоёр чинь тун их гашуудап харамсах болно доо гэж билээ.
Тэгээд тэр хүн эртхэн энэ аяллаа зогсоогтун гэж энгийн журмаар надаас гуйв. Усан цэргийн нэг жанжин манай салыг үзээд биднийг яагаад ч амьд мэнд үлдэхгүй гэж энэ хүнд хэлсэн байжээ. Үүнийг давын түрүүнд салны хэмжээ тохироогүй хүчтэй давалгаанд хөмөрчихөж мэдэхээр жижиг, уртаараа хоёр долгионы хооронд орчихоор богинохон учир хүмүүс болоод ачаа тээсэн бальс гуалингууд хүчтэй шахалт даалгүй хугарна гэжээ. Үүнээс гадна бас бальс мод гадаадад худалдагч тус орны томоохон нэг мэргэжилтэн, бальс мод далайгаар аялж бидний хүрвэл зохих газрын дөрөвний нэгд хөвж чадах бөгөөд түүнээс цааш усанд нэвт нороод живнэ гэж тэр элчинд ярьжээ.
Иймэрхүү үг тун олиггүй сонсдож байсан хэдий боловч бид хэд зориглосноороо шургуу зүтгэсэн учир далайд явахдаа биедээ авч яваарай гэж бидэнд христосын судар бэлэглэв. Ерөнхийдөө манай салыг үзэж харсан мэргэжилтнүүд бидэнд бага итгэж байв. Нэг бол ширүүн салхи, магадгүй улаан шуурга биднийг салан дээрээс минь хаман хийсгээд явна, эсхүл усанд гүн суусан задгай онгоц далай дундуур салхи ба давалгааны аяар эргэлдэж хөвөөд ямар ч арчаагүй байдалд орж мэднэ гэнэ дээ. Жирийн намуухан долгиотой үед ч гэсэн бидний хөлдөө өмссөн арьсан гутлыг идэж ялзлах давстай усаар цаг ямагт шавшиж, салан дээр байгаа юм бүхнийг гэмтээж дуусгана гэж байв. Хэрэв эдгээр янз бүрийн мэргэжилтний удаа дараа бидэнд сануулж хэлэхийг нэгтгэн авч үзвэл бидннй далайн усанд цацаж үхэхийн шалтгаан болохгүй нэг ч олсны тасархай, нэг ч зангилаа, нэг ч хэмжээ, нэг ч модны хэлтэрхий сал дээр байхгүй мэт болсон билээ. Манай сал хичнээн өдөр далай дээр тэсэн тогтох талаар томоохон мөрий тавьцгаасан бөгөөд Тэнгисийн хэргийг эрхэлсэн нэг хөнгөмсөг атташе хэрэв биднийг Өмнөд далайн ямар нэг аралд эсэн мэнд хурч чадсан байвал аялалд оролцсон бүх хүмүүст амьдралынхаа эцсийг хүртэл ууж хүрэлцэх тийм хэмжээний виск архиар мөрий тавьсан байв.
Энэ үед Норвегийн нэг усан онгоц буудалд орж ирсэн явдал бидэнд бүр ч муу юм болсон бөгөөд бид түүний ахмад ба хэдэн хамгийн хашир далайчийг цэргийн усан буудалд авчирсан юм. Бид тэдний шүүмжлэл зааврыг тэсгэлгүй хүлээж байлаа. Тэгтэл харин ийм мохоо хоншоортой болхи хөдөлгөөнтэй хөлөгт дарвуул ямар ч ашиг тус болохгүй гэдэгт тэд бүгдийн санаа нийлснээр барахгүй тэдний ахмад нь хэрэв биднийг далай дээр тогтож байж чадах юмаа гэж бодвол манай онгоц Гумбольдтын урсгалд туугдан далайг гатлахад нэг юм уу хоёр жил болох юм гэж хэлсэн явдал бидний урам зоригийг бүр ч хугалав. Тэдний боцман хэмээх бага дарга нь салы маань хараад толгой сэгсэрч байв. Учир иймд бид санаа зовохгүй байж чадсангүй. Юу гэвэл далайд явахад том дүнз моднууд цаг үргэлж дээш доошоо хөдөлж хоорондоо үрэлдэж байх учир хоёр долоо хоног бололгүй бүх уяа олс идэгдэн тасарч сал задарна. Иймээс хэрэв анхны уяагаа ган аргамж юм уу гинжээр солихгүй бол та нар чемодандаа юм хумаа тайван эмхэлж хийгээд гэр гэртээ харьж болно гэж тэр хэлж билээ.
Эд бүхнийг хэрэгсэхгүй няцаах гэдэг хэцүү байлаа. Хэрэв эдгээр үгийн зөвхөн ганц нь үнэнсэн бол бид зорьсондоо хүрэх ямар ч найдлагагүй байсан юм. Миний санаа зовж, бид ер нь юу хийж байгаагаа мэдэж байна уу? гэж өөрөөсөө олон удаа асуух болов. Би өөрөө далайчин байгаагүй болохоор дээрх бүх сануулга, анхааруулгыг эсэргүүцэн няцааж огт чадахгүй байлаа. Гэлээ ч гэсэн манай бүх ажлын тогтож суурилан байгаа цорын ганц итгэл надад үлдсэн бөгөөд энэ нь эрт балрын соёл боловсрол, Перугээс Номхон далайн арал дээр түгэн дэлгэрч байсан тэр үед манай энүүн шиг сал онгоц эндэхийн эрэг хавийн цорын ганц хөлөг байсан юм гэдэгт би сэтгэлийнхээ гүнд ямагт итгэл дүүрэн байсан билээ. Ингээд манай тооллын өмнөх 500 онд Кон-Тики салны бальс гуалингууд, баглаа сэлт далайгаар хөвөхөд тэсэж байсан юм чинь яг тэр салыг дуурайлган холбосон бидний сал ч энэ удаад түүний нэгэн адил гадаад далайгаар дажгүй гатална гэж би ягштал бодлоо.
Ийнхүү мэргэжилтнүүд бидний урам зоригийг хугалж байх үед Бенгт, Герман хоёр миний онолыг бүрэн дүүрэн хүлээж авсан бөгөөд манай бусад нөхөд тэр бүхнийг тун тайван, хэнэггүй үзэж, Лимад байх хугацаагаа маш зугаатай өнгөрүүлж байлаа. Нэг орой Торстейн далайн урсгал бидний хэрэгтэй зүгт чиглэсэн гэдэгт лавтай итгэж байна уу гэж надаас айсан байртай асууж билээ. Энэ үед бид кинон дээр Өмнөд далайн үзэсгэлэнт нэг арал дээр дал модон дунд богинохон сүрэл банзалтай Гавай нутгийн бүсгүйчүүдтэй бүжиг хийж байгаа Дороти Ламурыг сонирхон харж суусан юм.
— Бид ийшээгээ заавал очих ёстой юм. Харин одоогоор далайн урсгал таны баталж байснаас өөр чиглэлтэй байгааг бодохоос л та нарыг өрөвдөх юм! гэж Торстейн хэлэв.
Явах өдөр ойртож ирэх үед бид тус орноос гарч явах зөвшөөрөл авахаар жирийн янзаар паспортын товчоон дээр очицгоов.
Бенгт хэлмэрчийн хувьд бидний хамгийн эхэнд зогсож байлаа.
— Таны овог нэр хэн гэдэг вэ? гэж оросрхуу байрын жижигхэн түшмэл, Бенгтийн мундаг том сахалыг саравчныхаа дээгүүр сэжиглэсэн янзтай харж асуухад.
— Бенгт Эммерик Даниельссон гэдэг хэмээн Бенгт хүндлэлтэйгээр хариулав.
Тэр түшмэл бичгийнхээ машинд урт цаас хийгээд,
— Перу улсад та ямар галт онгоцоор ирсэн бэ? гэж асуухад,
— Ийм юмаар гээд мань Бенгт айж сүрдсэн тэр жижигхэн хүн рүү тонгойгоод — Би галт онгоцоор ирээгүй, Перуд завиар ирсэн юм гэж тайлбарлав.
Түшмэл ихэд гайхаж Бенгт руу хараад зохих хүснэгтэд «завиар» гэж тавив. Тэгээд,
— Перу улсаас та ямар галт онгоцоор явах вэ? гэж асуухад,
— Бас л галт онгоц биш дээ. Би Перугаас салаар явна гэж Бенгт эелдэгхэн хэлэв. Тэгтэл өнөө түшмэл,
— Юу гэсэн үг вэ? гэж уурлан цаасаа бичгийн машинаас суга татан аваад,
— Та миний асуултанд зохих ёсоор хариулах уу, үгүй юу? гэв.
Биднийг явахаас хэд хоногийн өмнө хүнс тэжээл, ус болон манай бүх эд хэрэглэлийг салан дээр аваачиж ачсан байлаа. Бид хүнс хоолоо зургаан хүнд дөрвөн сар хүрэхээр тохируулж авсан бөгөөд тэp нь бөх хатуу цаасан жижиг хайрцагт хийсэн цэрэг хүний норм байлаа. Замын хар тос хайлуулж цаасан хайрцаг бүрийг тал талаас нь жигдхэн шавж бүрэх саналыг Герман сэдэж гаргасан билээ. Ингэсний дараа бид уул хайрцгуудаа хооронд нь наалдуулахгүйн тул бас элс хийж бүрээд, хулсан тавцангийнхаа дор зайгүй зэрэглэж хураасанд тавцанг тулсан есөн нарийн хөндлөвчийн хоорондох зайг бүрэн эзэлсэн юм.
Өндөр ууланд байдаг нэгэн шүд хага ташим хүйтэн тунгалаг булгийн уснаас бид 1100 литр орчим ундны ус багтах тавин зургаан жижиг төмөр саванд дүүргэж авлаа. Савтай усаа бид бас эргэн тойронд нь далайн ус тасралтгүй цалгилж байхаар хөндлөвчүүдийн хооронд бөх сайн хурааж тавьсан юм. Хулсан тавцан дээрээ бусад тоног хэрэглэл ба жимс, наргил модны самар дүүргэсэн сүлжмэл том сагсаа уяж бэхлэв.
Кнут, Торстейн хоёр хулсан сууцны нэг буланд радио станцаа байрлууллаа. Өрөөний мухарт баганы доод зайнд найман авдар тавьж, тэднийг дүнзтэй тун сайн холбож бэхлэв. Эдгээрийн хоёр авдранд нь шинжилгээний багаж хэрэглэл ба киноны хальс хийж нөгөө зургаа нь хүн бүрд нэг ноогдох бидний бүрэн мэдлийнх байсан бөгөөд хүн болгон өөрийнхөө энэ ноогдсон авдранд багтааж чадахынхаа хирээр бүх юмаа авч болох байлаа. Эрик маань зураг зурах хэдэн боодол цаас, бас гитар хөгжмөө авчирсан учир түүний авдар пиг дүүрч, илүү нэг оймсоо Торстейны авдранд гуйж хийсэн билээ. Тэгтэл дөрвөн усан цэрэг Бенгтийн авдрыг авч ирэв. Бенгт номноос өөр юу ч аваагүй, харин нийгмийн ухаан ба үндэстнүүдийн судлалын 73 ном авдрандаа чихэж багтаасан байлаа. Авдарнууд дээрээ бид хулсан сийрс, сүрэл дэвслээ. Ингээд бид аялалд гарахад бүх талаар бэлхэн болов.
Хамгийн түрүүнд манай салыг цэргийн усан онгоцны зогсоолоос чирэн гаргаж ачаагаа зөв тэгш ачсан эсэхийг шалгахын тул булангийн эргэн тойрон нилээд газар явуулж үзсэний дараа бүх булангийн усаар тууш явж усан онгоцны клуб дээр очив. Тэнд уригдсан зочид болон бусад сонирхсон хүмүүс цугларч биднийг явахын өмнө манай саланд «загалмай зүүлгэх» ёстой байлаа.
Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Норвегийн далбааг босгож, бидний хайгуулын аялалд бодит дэмжлэг үзүүлсэн бусад гадаад орны далбааг бас намируулав. Манай ер бусын онгоцонд «загалмай зүүлгэх» ёслолыг үзэж харахыг хүссэн үй түмэн хүмүүс эрэг дээр багтаж ядан цугларсан байв. Энд цугларсан ихэнх хүмүүсийн арьсны өнгө, нүүрний төрх нь тэдний эртний элэнц хуланцууд ийм сал онгоцоор эндэхийн эрэг хавиар аялан явж байсныг аргагүй баталж байлаа. Гэвч энд бас тэнгисийн яам болон засгийн газрын төлөөлөгчид тэргүүтэй Испаний эртний гэр бүлийн удмууд, түүнчлэн Америкийн Нэгдсэн Улс, Их Британ, Франц, Хятад, Аргентин, Куба улсуудын элчингүүд, Номхон далай дахь Английн колонийн ерөнхий захирагч байсан нэг эрхэм хүнээс гадна Швед, Бельгийн төлөөлөгчид болон ерөнхий консул Бар тэргүүтэй Норвегийн бяцхан колониос ирсэн манаЙ нөхөд байлцлаа. Баахан сэтгүүлчид бужигнаж, кино зургийн аппарат паржигнан, үлээвэр хөгжим, том хэнгэрэг хоёр л дутагдаж байлаа. Хэрэв далайн булангаас гарч явтал сал маань задран салж орхивол энд эргэж ирснээс хүн бүр нэг нэг гуалин унаж, Полинезийн арлууд руу явсан нь дээр дэг шүү гэдэг ганц зүйл л бид бүхэнд тодорхой байлаа.
Нэг талаараа эртний чулуун зэвсгийн үеийнхтэй уялдуулж нөгөө талаараа Торстейны хувийн авдрын ёроолд үл мэдэгдэх замаар шил шампан архи орсныг тэмдэглэн, сал онгоцыг наргил модны самрын сүүгээр «амлан загалмайдах» үүрэг биднийг эх газартай холбогч, хайгуулын аяллын нарийн бичгийн дарга Герд Волдод ноогдов. Манай салыг мянга таван зуун жилийн өмнө баруун зүгт далайгаар аялан Перугээс гэнэт алга болоод дараа нь Полинезийн арлууд дээр үзэгдсэн, инкүүдийн аугаа их өвөг наран вангийн нэрээр нэрлэснийг цугларагчдад англи, испани хэлээр мэдэгдсэний дараа Герд Волд «Кон-Тики» саланд «загалмай зүүлгэх» ёслолд оров. Тэрээр садны хушуунд наргил модны (хальс нь цавтай байсан) самрыг тун хүчтэй цохисонд, хүндлэл ёслолын байдалтай тойрон зогсож байсан ойр орчмын хүмүүсийн үсэнд сүү ба хальс нь үсрэн наалдав.
Дараа нь бид чагт хөндлөвчөө дээш татаж, манай зураач Эрик голд нь Кон-Тикийн сахалтай нүүрийг улаан будгаар зурсан дарвуулаа дэлгэв. Кон-Тикийн энэ дүрс нь нурж сүйдсэн Тнахуанако хотоос олдсон наран вангийн улаан өнгийн чулуун сийлбэрийн яг хуулбар байлаа.
— Ай, ноён Даниельссон минь! гэж буудлын дархны газрын нэг өвгөн ажилчин дарвуул дээрх сахалтай улаан нүүрийг хараад бахархан хэлэв.
Тэр хүн цаасан дээр зурсан Кон-Тикийн сахалтай нүүрийг өөрт нь нэг харуулснаас хойш хоёр сарын турш Бенгтийг ноён-Кон-Тики гэж нэрлэж ирсэн бөгөөд Бенгтийн жинхэнэ нэр нь Даниельссон гэдэг болохыг дөнгөж сая л мэдэж байгаа нь тэр ажээ.
Далайд гарч явахын өмнө бид бүгдийг ерөнхийлөгчийн үдэлтийн ёслолд залсан бөгөөд түүний дараа бид зах хязгааргүй далайд аялахынхаа өмнө, хадан цохио, чулуун далангуудыг ханатлаа үзэж авахын тул өндөр ууланд зугааллаа. Эрэг дээр манай салыг үзэж байх үед бид Лима хотын ойролцоох дал модны шугуй доторхи хөлсний байранд суудаг байсан бөгөөд Кальяо усан буудал, байр хоёрынхоо хооронд аялалд бэлтгэх хугацааны дотор үйлчлүүлэхээр Гердийн олсон нисэх хүчний яамны нэг жолоочид хөлс өгч түүний машинаар явдаг байсан билээ. Тэгээд бид тэр жолоочоо ууланд аль болох алс хол, тэгэхдээ өдөртөө эргэж ирж багтахаар тийм газар хүргэж өгөхийг гуйсан юм. Бид ийнхүү манай сал онгоцны шураг модноос дээш 4000 метр, толгой эргэм өндөр ууланд гаран гартлаа эртний инкүүдийн услах сувгийн дэргэдүүр гарсан зэлүүд хоосон замаар давхив. Энд бид хадан цохио, уулсын оргил, ногоон өвс ургамлыг харж нүдээ хужирлан, өмнө маань сүндэрлэн байгаа амарлингуй дүртэй, аврага их Андын уулыг ханатлаа харж үзэхийг хичээн явцгаав. Халцгай хад чулуу, хатуу газар дэлхийгээс үнэхээр уйдаж, одоо салныхаа дарвуулыг дэлгэн хязгааргүй далайд аялан үзэхийг тэсгэлгүй хүсэж байна гэдгээ өөрөө өөртөө итгүүлэхийг хүн бүр дор дороо л мэрийн оролдож байлаа.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:20 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Дөрөвдүгээр бүлэг
НОМХОН ДАЛАЙД


Сэтгэл догдолсон мөч. — Биднайг задгай далайд чирч гаргаж өгөв. — Салхи хөдлөв. — Давалгаан долгионтой ана мана. Гумбольдт урсгалын дагуу. — Биднийг онгоцоор эрээд олоогүй нь. —Гуалинд ус нэвчиж байв. —Уяа татлага —Бид хэд нисдэг загасаар хооллох болов. —Өвөр түрийд орсон сонин гийчин. —Могой макрель хохь нь болж хоцорно. — Далай дээр нүдэнд өртөх зүйл. — Далайн чөтгөрийн тухай домог. — Бид дэлхий дээр хамгийн том загастай дайралдав. — Далайн яст мэлхийн хойноос . . .

Номхон дөлгөөн гадаад далайд «Кон-Тики» салыг чиргүүлт онгоц чирч гаргах тэр өдөр Кальяо усан буудал тун их хөлтэй байлаа.
Биднийг усан буудлаас, эртний индиан хүмүүс өөрсдийн салаар загасчилдаг байсан эрэг хавийн усан замын хилээс цааш далайн мандалд чирэн гаргаж өгөх тухай Тэнгисийн Яамны сайдын тушаалыг «Гуардиан Риос» хэмээгч чиргүүлт онгоцныхон хүлээн авсан байлаа. Энэ өдрийн үйл явдалд зориулан сонинууд, улаан, хар том том гарчигтай өгүүлэл сэлт бичиж, дөрөвдүгээр сарып 28-ны өглөө болоход үүр дүүрээр боссон үй түмэн хүн эрэг орчмыг бүчин бүрхсэн байв.
Бид арван цагт салан дээрээ цугларах ёстой байсан боловч тэр болтол хотод хийж гүйцэлдүүлэх ажил явдал хүн бүрт мундсангүй. Намайг эрэг дээр хүрэлцэн ирэхэд салан дээр Герман ганцаараа харагдав. Хэдий хирийн хугацаагаар үргэлжлэхий нь хэн хүн тааж хэлэхэд бэрх алс холын далайн аянд гарахын өмнө хөлийнхөө чилээг сайтар гаргах хэрэгтэй гэж бодоод би машинаа зэгсэн хол зогсоож, далангийн дагуу туж явган явж эрэг дээр очлоо. Би гадалийн хонхорцог, жимстэй сагс, шуудай эмх замбараагүй хөглөрсөн салан дээрээ үсрэн гарлаа. Бид хэд гэдэг чинь сүүлийн үед зэгсэн яарч сандарсандаа болоод энэ тэр хамаг юмаа хамаагүй хаяж орхисон маань энэ бөгөөд далайд гарч амьсгаа жаахан дарж байгаад л хурааж эмхлэх, баглаж даруулах ёстой байв. Герман тэр уул овоон дундаа, Лима хотын хэн нэгэн түншийнхээ бэлэг болгосон ногоон далавчит тоть шувуу бухий торон саван дээр өрөөсөн гараа тавьчихсан, доожоогүйхэн сууж харагдлаа. Намайг тосон:
— Энэ тотийг хэсэгхэн зуур харж байхгүй юу? Би эрэг дээр гарч сүүлчийн ганц аяга шар айргаа залгилчихаад ирье. Чиргүүлт онгоц мөд ирэхгүй байх л даа гээд Герман маань явчихав.
Ингээд түүнийг эрэг дээр үймсэн олны дотор орж бараа харагдахгүй болмогц хүмүүс ямар нэг юм руу зааж, гар хөлөө гозолзуулж эхлэв. Тэр зүг рүү харваас далангийн нэг талын шувтрагын цаад этгээдээс өнөөх «Гуардиан Риос» гэгч чиргүүлт онгоц хар хурдаараа айсуй харагдлаа. Эрэгт ойртон зай завсаргүй зогссон олон онгоцны цаана «Гуардиан Риос» зангуугаа хаяж зогсоод «Кон-Тикийг» маань чирч аваачих том моторт завь уснаа буулгав. Моторт завин дээр усан цэрэг, усан цэргийн дарга нар, кино зурагчид пиг дүүрэн харагдана. Ингээд тушаал заавар өгөгдөж, кино аппарат паржигнаж байх хооронд чиргүүлийн бөх татлага манай салны хамарт бэхлэгдчихсэн байлаа.
— Жаахан азнаарай! Цаг арай болоогүй байна. Аялах бусад нөхдийг хүлээх хэрэгтэй байна гэж би нөгөө тотийнхоо дэргэдээс босолгүй хашгирч, эрэг тийш занган дохиж тайлбарлахыг оролдов.
Гэтэл миний юу хэлж буйг хэн ч ойлгосонгүй. Дарга нар зелдэгхэн инээмсэглэхээс цаашгүй бөгөөд салны хушуунд татлагыг тун сайн уяж бэхэлжээ. Би элдэв янзын дохио тэмдэг өгсөөр татлагыг тайлж усанд хаялаа. Ингэж мунгинаж байх хооронд минь нөгөө тоть нь сараалж завсраар толгойгоо цухуйлгаж байгаад хаалганы түгжээг хушуугаараа мулталчихсан, намайг эргэж ирэхэд харин хулсан дэвсгэрт талбар дээгүүр хөгжилтэйхэн нь аргагүй таахалзаж явав. Бариад авах гэсэн чинь испани хэлээр хэдэн хараал хэлчихээд овоолттой гадаль дээр гарчихлаа. Ингээд би салгаж усанд хаясан татлагыг минь салны хамарт дахин уяж бэхлэхээр оролдож буй усан цэргүүдийн зүг үе үе хялмалзсаар нөгөөх тотийнхоо араас солиотой хүн шиг хөөцөлдөж явсаар хулсан сууц руу хашгичин нисэж ороход нь буландуулж шахаж байгаад толгой дээгүүр минь нисэн гарахыг завдахад нь өрөөсөн хөлнөөс нь шүүрэн барьж авлаа. Дахин гадагш гарч сарвалзаж байгаа тотийг сараалж саванд нь буцааж байх үеэр усан цэргүүд эрэг дээрх салны аргамжааг авчихсан, сал маань далангийн нөгөө этгээдээс ирэх том долгион дээр арчаагүй дайвганаж байв. Салаа эргийн модон хайс очиж мөргөчих вий гэж сандарч тэвдсэн би цөхрөнгөө барахдаа сэлүүр харагдмагц шүүрэн авч салаа тогтоохоор мэрийлээ! Ингэж байтал моторт завь хөдөлж «Кон-Тики» маань ч алсынхаа аян замд ухасхийгээд л гарчихдаг байгаадаа. Ингэхэд би гэдэг хүн чинь торон дотор ихэмсэг гэгч нь аргагүй сууж буй испани хэлтэй тоть шувуутай хоёулхнаа аялах болдог байна шүү. Эрэг дээр шавааралдсан олон хүн гараа гозолзуулан, баяр хөөр болон хашгиралдаж, моторт завь дээрх бараан царайт кино зурагчид ус руу унах шахан, Перугээс гарч байгаа сонирхолтой аяллын хөдлөл бүрийн зургийг нэгд нэгэнгүй дарахыг байдгаараа эрмэлзэнэ. Салан дээрээ ганцаархнаа болчихсон би хамт явах нөхдөө цөхрөнгөө бартал ширтсэн боловч нэг нь ч бараагүй байлаа Ингээд зангуугаа татан авч хөдлөхөд бэлэн хүлээж буй «Гуардиан Риос» руу хүрч очив. Би нүд ирмэхийн зуурханд олсон шатаар дамжин гүйж галт онгоцон дээр гарч баахан шуугиан дэгдээж байж сая нэг хөдлөхийг азнуулж моторт завийг эрэг рүү явуулахаар боллоо. Моторт завь удаж, удаж ирэхдээ ганган гоё авхай нараар дүүрэн эргэж ирсэн боловч «Кон-Тикээр» аялах хүмүүсийн нэг нь ч байсангүй Авхайчуул авчирсан явдал зугаатай сайхан хэрэг боловч миний байдлыг өчүүхэн төдий ч дээрдүүлж чадсангүй. Гайхсан авгай нар салан дээр шавааралдан үлдэж, моторт завь аялалд оролцох норвег хүмүүсийг эрэхээр эрэг тийш буцлаа.
Энэ үеэр Эрик, Бенгт хоёр баахан сонин сэтгүүл, элдэв юм тэвэрчихсэн, тайвуухан нь аргагүй эрэг рүү бууж яваа харагдав. Тэр хоёрын замд эрэг дээрээс тараад гэр гэртээ харахаар тархаж буй хүмүүс дайралдаж, цагдаагийн байрны дэргэд эелдэг зантай нэгэн дарга тэр хоёрыг зогсоож, одоо очиж сонирхоод баймаар юм байхгүй болсон биз дээ, гэхэд Бенгт барьсан янжуураа уран маягтай хөдөлгөн, бид сонирхогчид бус харин өөрсдөө тэр салаар чинь аялах ёстой улс гэж хариулжээ
— Тэгвэл та нар оройтжээ. «Кон-Тики» цагийн өмнө яваад өгсөн шүү дээ гэж цагдаа зовсон байдалтай хэлжээ.
— Арай үгүй байлгүй дээ гээд, Эрик тэвэрч явсан боодолтой юмныхаа нэгийг зааж — Дэнлүү маань надад яваа шүү дээ гэв.
— Энэ хүн манай залуурч, би бол тэр онгоцны чинь аж ахуйн эрхлэгч байгаа юм гэж Бенгт нэмэн тайлбарлав.
Ингээд эрэг дээр хүрч ирвээс сал нь үнэхээр алга болчихсон байжээ. Гайхаж цөхөрсөн мань хоёр далан даган урагш хойш холхилж явсаар салаа тэсгэлгүй эрж явсан бусад нөхөдтэйгөө дайралджээ. Гэтэл алсаас моторт завь айсуйг харж, төдөлгүй бид зургаа бөөгнөрлөө. «Гуардиан Риос» манай салыг далайн мандалд чирэн гарахад эргэн тойрны ус хөөсрөн оволзож байсан юм.
Биднийг хөдлөхөд үд аль хэдийнээ өнгөрсөн байсан учир «Гуардиан Риос» манай салыг эрэг хавийн хил өнгөрөөж өгөхийн тулд өглөө болтол явах хэрэгтэй болов. Биднийг дөнгөж далан өнгөрөхөд том том давалгаан өөдөөс хаялж, гаргаж өгч явсан жижиг завиуд нэг нэгээрээ буцсаар байлаа. Хэдхэн дарвуулт том завь л биднийг цааш хэрхэн явахыг. харахаар булангийн ам хүртэл хамт явсан билээ.
Чиргүүлд хөтлөгдсөн «Кон-Тики» эврээсээ оосорлуулаад ууртай нь аргагүй явж буй сэрх шиг өмнөөсөө ирэх давалгаанд хушуугаараа гудчин явахад далайн ус талбай дээгүүр хальж байв. Гэвч энэ давалгаа нь бидний ирээдүйд дайралдаж болох долгио давалгаатай зэрэгцүүлэхэд шалихгүй жижиг учир ер сайн юм болохгүй нь ерөнхийдөө мэдэгдэж байлаа. Булангийн усны дунд хирд явтал уясан аргамж маань гэнэт тас үсэрч наад талын үзүүр нь далайн ёроол руу тайвнаар шингэн орсон боловч «Гуардиан Риос» мэдэлгүй цааш явсаар байлаа.
Бид тасарсан аргамжны үзүүрийг авахын тул салны ирмэг рүү гүйцгээсэн бөгөөд дагаж явсан дарвуулт завиуд, чиргүүлт онгоцыг зогсоохын тулд чигээрээ цааш хурдалж явав. Биенд хүрэхдээ халгай мэт хорсгодог, модон агарууны дайтай том медузүүд салны ирмэгийн дагуу давалгаатай хамт дээш доош болон хөвөлзөх бөгөөд бүх аргамжийг, хорсгон түлдэг нялцгай цэлцгэр юмаар бүрхсэн байв. Бид салаа нөгөө тийшээ хазайхад, ирмэг дээр нь элгээрээ хэвтэж усны түвшинд хүрэх гэж байдгаараа зүтгэх боловч, бидний гар дөнгөж гулгамтгай аргамжинд хүрнэ. Ингээд сал маань дахин урагшаа тонгойход бидний толгой усанд далд орж, давстай ус, далбагар том медузүүд нуруун дээгүүр даван өнгөрч байв. Бид аманд орсон усаа тургиж, үсэнд наалдсан медузийн хэсгийг хараал тавин авч хаялсаар чиргүүлт онгоц буцаж ирэхэд аргамжныхаа үзүүрийг гаргаж, холбоход бэлтгэчихээд байв.
Бид аргамжныхаа үзүүрийг чиргүүлт онгоцонд өгөх гэж байтал гэнэт манай салны хушуу галт онгоцны цүлхгэр хормой доогуур шурган орж, бөгснөөс цохих давалгаанд зайлшгүй шахагдан бут үсрэх аюулд орж магадгүй болов. Бид бүх юмаа мартаж орхиод хулсан шураг болон сэлүүрүүдээ авч оройтоогүй дээр нь түлхэж зайлуулах гэж оролдов. Гэвч энэ нь огт тус нэмэр болсонгүй. Юу гэвэл сал хоёр давалгааны хонхорхойд орчихсон үед, хушуун дээр дарчихаад байсан галт онгоцны хормойд хүрч чадахгүй байсан бөгөөд ингээд сал, давалгаанд дээш өргөгдөн ирэхэд, «Гуардиан Риос»-ын бөгс доошоо суух үед бид энэ хэвээрээ байвал будаа болгож орхих байв. Чиргүүлт онгоц дээрх хүмүүс ийш тийшээ гүйж, хашгиралдан сандарч байтал ашгүй галт онгоцны хүрд салны яг хушууны тэнд эргэлдэн ажиллаж, түүнээс үүссэн долгио биднийг хойш нь авч шидэв. Салны хушуун дээр хэдэн хүчтэй цохилт тусаж өөрийнхөө урьдын хэлбэр дүрсийг баахан алдсан боловч аажимдаа тэгшрэн засрав.
— Эхлэлт нь ийм муу юм чинь төгсгөл нь заавал сайн байх ёстой. Энэ унжирсан юм л бушуухан болиосой. Сэгсрэлтнээс сал маань удахгүй зад үсрэх байх гэж Герман хэлэв.
— «Гуардиан Риос» бүхэл шөнөжин чирсэн бөгөөд бид бараг саад тотгоргүй, аажуу тайван явж байв. Дарвуулт завиуд аль хэдийний салах ёс гүйцэтгэн буцацгааж, эрэг дээрх сүүлчийн гэрэл баpaг тасрав. Харанхуй дотор хааяа бидний өмнүүр гарч яваа хөлөг онгоцнуудыи гэрэл гэгээ харагдана. Бид аргамжаа харж байхын тул ээлжээр манаанд гарсан бөгөөд бүгдээрээ ер нь ханатлаа сайн унтаж чадсан юм. Маргааш өглөө нь үүр цайхад өтгөн манан Перугийн эрэг дээгүүр битүү хучсан байсан боловч бидний явах баруун зүг тэнгэр маш цэлмэгхэн сайхан манхайж байв. Далайд намхан хяртай урт долгионууд аажуу тайван хөвөлзөж, бидний хувцас хунар, мод, бүх авч явсан юм маань шүүдэрт нэвт чийг даасан байв. Ерөнхийдөө сэрүүвтэр бөгөөд өмнөд өргөргийн 12 градуст байна гэхэд далайн ус гайхмаар хүйтэн байлаа. Юу гэвэл бид Антарктикийн хүйтэн усыг хойш нь Перугийн эрэг дагуу хөөж, дараа нь баруун тийшээгээ хугаран Экваторын өмнүүр далайн дундуур явдаг Гумьбольдтын урсгалд орсон байжээ. Чухам энэ орчмын усанд Перу дахь Инкүүдийн улсыг байлдан дагуулсан испаний колоничлогч Писсаро Франсиско, испаничууд Перуг байлдан эзэлсэн түүхийг бүртгэн зохиосон испаний түүхч Аугустин де Сарате болон бусад эрт үеийн испани хүмүүс Гумбольдтын яг урсгал дундаас идэшний үнэт загас барихаар эргээс 50—60 бээр хөвөн холддог байсан индиан-инкүүдийн дарвуулт том салуудтай анх дайралдсан байв. Өдөржин эргийн талаас салхилж орой болоход далай талаасаа эргэж салхилан загасчдын гэртээ буцахад нь тусалдаг байжээ.
Чиргүүлт онгоц тун ойрхон зогсох учир хийлсэн жижиг хаймар завь усанд буулгатал салаа мөргүүлчихгүйг бид оролдож арайхийж тогтоож байв. Хаймар завь усан дээр тоглоомын бөмбөг шиг бөмбөгнөн холбилзож «Гуардиан Риос»-д очиход Эрик, Бенгт бид гурав дүүжлүүр олсон шатаар дамжин онгоц дээр гарав.
Бенгт хэлмэрчилж, бидэнд манай салны яг байгаа газрыг зураг дээр зааж үзүүллээ. Үүнд бид эргээс 50 бээр хиртэй газар байгаа бөгөөд эрэг орчмын усанд явагч хөлөг онгоцууд биднийг мөргөж усанд живүүлэхээс болгоомжлон анхны хэдэн шөнө гэрэл гаргаж явах хэрэгтэй байв. Түүнээс цааш бид нэг ч усан онгоцтой дайралдахгүй бөгөөд юу гэвэл үүгээр галт онгоцны ганц ч зам гаргаагүй ажээ.
Бид гурав чиргүүлт онгоц дээр байсан бүгдтэй баяртайгаар салах ёс гүйцэтгээд эргэж өөрсдийнхөө бяцхан завь руу бууж сал руугаа сэлж очих хүртэл тэд тун хачирхан харж биднийг үдэв. Ингээд уясан аргамжийг тайлж чиргүүлт онгоцонд өгөөд бидний сал бүрэн биеэ дааж үлдэв. «Гуардиан Риос»-ын хашлаганы дагуу гучин таван хүн эгнэн зогсож, бараа нь ялгарч харагдахгүй болох хүртлээ бидний хойноос даллаж явсан билээ. Бидний зургаан хүн хайрцаг савууд дээрээ сууж, чиргүүлт онгоцыг далд ортол ширтэн харж үлдсэн юм. Oнгоцны хар утаа замхран арилж далд орсон зөвхөн тэр үед бид сая бие биес рүүгээ харж, толгой сэгсэрч билээ.
— Дараа баяртай, дараа баяртай, нөхөд минь. Одоо өөрсдийнхөө машиныг ажиллуулъя гэж Торстейн хошигнон хэлэв.
Бид инээд алдаж, хуруугаа шүлсээрээ норгоод, салхины зүг чигийг олж эхлэв. Зөөлөн сэвэлзүүр салхи өмнөөс үлээж байснаа баруун өмнөөс болж шилжив. Тэгэхэд нь том дөрвөлжин дарвуул бүхий хулсан хөндлөвчөө босгов. Дарвуул сулхнаар хүлхэлзэн унжихад дээр нь зурсан Кон Тикийн нүүрэнд атриа гарч, ууртай байгаа юм шиг харагдана.
— Өвгөнд одоо таагүй байх шиг байна. Уг нь залуу байхад нь салхи арай хүчтэй үлээж байсан байлгүй гэж Эрикийн хэлэхэд:
— Үгүй, бид ч зэгсэн хурдан явж байна шүү гэж Герман хэлээд бальс модны хэлтэрхий авч салны хушууны тэнд шидэв
— Нэг, хоёр. гурав... гучин ёс, дөч, дөчин нэг гэж тоолсон боловч бальс модны хэлтэрхий салны хушууны тэнд хэвээр байсаар бөгөөд салны урд талын хагасыг өнгөрч яваагүй байв.
— Тун гайхалтай: Энэ модны зомгол бүх замын турш дагаж явах нь шиг байна гэж Торстейн хэлэв.
— Далай талаас салхилах зөөлөн салхи биднийг орой тийшээгээ эргүүлж аваачих биз. Кальяо буудлаас салах ёслол тун сайхан болсон боловч биднийг ийм түргэн эргэж очиход хэрхэн баярлаж угтахыг би хувьдаа үзэхийг хүсэхгүй байсан гэж Бенгт хэлэв.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:20 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Гэвч усанд хаясан зомгол салнаас хоцорч үлдэв. Бид бүгдээрээ «ура» хашгирч баярлалдаад сүүлийн үед сандрахдаа салан дээр эмхгүй хаялсан юмаа бүгдийг хурааж, баглаж бэхлэх ажилд оров. Бенгт хоосон хайрцаг дотор дэн зуух асааж, төдөлгүй бид боовтой, халуун како ууж наргил модны самар нүхэлж идэн жаргалаа эдлэв. Харин гадаль жимс арай боловсорч гүйцээгүй байсан билээ.
— Нэг талаар үзэхэд одоо бүх юм маань бүрэн сайн байна гэж Эрик сэтгэл ханасан байртай инээн хэлэв. Тэрээр өргөн халхгар нэхий өмд, индиануудын өндөр оройтой малгай өмсчихсөн, өрөөсөн мөрөн дээрээ тотио суулгачихаад талбай дээгүүр алхалж байв.
Тэгээд хэсэг дуугүй байснаа,
— Нэг л юм надад тусгүй санагдаад байна. Юу гэвэл хэрэв бид эндээ ингээд хөдлөхгүй зогсоод байх юм бол өмнөөс ирэх үл мэдэгдэх бүх урсгал биднийг эрэг орчмын хаданд аваачиж болох юм гэж нэмж хэлэв.
Бид сэлүүрдэж явах уу гэж хоорондоо ярилцаж байгаад юу ч гэсэн салхи гарахыг жаахан хүлээхээр шийдэв.
Тэгтэл ч салхи гарч, зүүн өмнө зүгээс жигд тасралтгүй үлээж эхлэв. Манай дарвуул амьсгаадан оволзох цээж лүгээ адил урагшаа хүлхийн түрж, Кон-Тикийн царай тэнийн баясаад сал маань урагшаа явж гарлаа. Бид цөмөөрөө өрнө зүг эргэж:
— Мөндөө! хэмээн баяртай хашгиралдан шургийн олс, шат уяаг татаж эхлэв. Залуур сэлүүрээ уc руу дүрж, жижүүрлэх хуваариа мөрдөж эхлэв. Бид цаасан үрэл, зомгол ус pуу шидэж цаг харсаар;
— Нэг хоёр гурав... арван найм, арван ес гэж тоолон: —Зүйтэйдээ гэлцэв.
Цaac, зомгол залуурын сэлүүрийн дэргэдүүр хөвөн хоцорч долгион дунд дээш доош намилзан хойно хойноосоо утсаар хэлхсэн зүүлт шиг цуварч харагдав. Бид алхам алхмаар урагш ахиж байгаа хэрэг. «Кон-Тики» уралдааны шовх хушуут завь шиг, ус хагалан зүсэхгүй, эв хавгүй, хавтгай өргөн бие нь долгион дамжин удаан хөтлөх бөгөөд хурдлахгүй хир нь байрнаасаа нэгэнт хөдлөөд хүч гарган урагшилж байв.
Одоо бидний бүх анхаарал салны жолооны байгуулалтанд шилжив. Манай салыг испаныхны тэмдэглэж бичсэнээр яг хийсэн боловч энэхүү индиан маягийн салыг хэрхэн яаж жолооддогийг биечлэн үзүүлж бидэнд зааж өгөх амьд хүн манай үед нэг ч үлдээгүй билээ. Энэ асуудлыг эрэг дээр байхад бид мэргэжилтнүүдтэй нарийн сайн ярилцсан боловч үүнээс гарсан ашиг тус бага юм. Тэд үнэндээ биднээс илүү юм мэдэхгүй байв. Ийнхүү баруун өмнөх салхи ширүүсмэгц дарвуул маань ар талаасаа үлээгдэж байхаар тийм байдалд салаа тогтоож байх ёстой байв. Сал хажуу талаараа салхи өөд яг харснаас дарвуул дэрвэлзэн савж ачаа бараа, хүмүүс хулсан сууц pуy гуядах, үүнээс болж бүх сал эргэлдэн буруу харж бөгсөөрөө урагшаа явах болов. Энэ нь үнэндээ маш хэцүү тэмцэлдээн байсан бөгөөд гурав маань салны хушууг эргүүлж салхи өөд харуулахын тулд жолооны урт сэлүүрийг байдаг хүчээрээ даран эргүүлж байв. Ингээд арайхийж салаа эргүүлж авсны дараа жаахан байж байгаад дахиад ингэж үйлээ үзэхгүйн тул залуур барьж байгаа хүн тун сайн хянаж байх хэрэгтэй болов. Зургаан метр урт залуур сэлүүрээ салны хормойд бэхэлсэн мундаг бүдүүн дүнзэнд ухаж суулгасан хоног ухлаадсанд холхидог сул тавьсан юм. Энэ нь бид Эквадорт Паленка голоор мод татаж байх үед тэр нутгийн манай найзуудын хэрэглэж байсан сэлүүр билээ. Мангро хэмээх модоор хийсэн энэ сэлүүр ган шиг бөх боловч хэрэв усанд алдаж орхивол тэр дороо живж алга болохоор тийм хүнд юм. Сэлүүр шургаагны үзүүрт том нарсан хүрз олсоор уяж бэхэлсэн билээ. Далайн давалгаа ирж дэлдэхэд тэр урт сэлүүрийг хөдөлгөлгүй барьж байхын тул бид бүх хүч чадлаа гаргах хэрэгтэй байв. Далбан хүрзийг нь усан дотор яг эгц байлгахын тул сэлүүрийг байнга эргүүлэх чиглүүлэх гэж байдаг хүчээрээ чанга атгах хэрэгтэй учир бидний гар төлөөгүй цуцаж байв. Гэвч бид залуур сэлүүрийн ишинд хөндлөн мод хөшүүрэг болгон уясны ачаар тэр бэрхшээлээс ангижирч чадсан билээ. Энэ үед салхи ч улам ширүүсэв.
Үдээс хойш пассат хэмээх далайн салхи маш хүчтэй салхилж, далайн мандал тэр аяараа бидний араас хөөн хүрчигнэсэн сүрлэг давалгаагаар бүрхэгдэв. Бид далайн эрхшээлд эргэлтгүй орсноо анх удаа ухааран мэдлээ. Урьдын ертөнцөөс таслагдаж далайн догшин хүчин бидний өмнө биетэй бодитой зүйл болон тулгарч ирлээ. Бид бүхний амар мэнд гарах эсэх маань бальс модон салны далайд явах чанар чадвараас бүрэн шалтгаалах болов. Үүнээс хойш, өмнөөс үлээх салхинд найдах огт хэрэггүй бөгөөд эргэж буцах ямар ч нөхцөлгүй болсон гэдгийг бид мэдлээ. Өдөр ирэх тутам биднийг улам цаана далайд үлээн хөөх жинхэнэ пассат салхины ширүүн урсгалд бид оржээ. Бид одоо түхийтлээ үлээгдсэн дарвуултай алгуурхан урагшаа яваад байхаас өөр аргагүй болсон бөгөөд хэрэв бид салаа эргүүлж чадлаа ч гэсэн салхи тэртээ тэргүй салыг маань бөгсөөр нь түрж урагш хөөх байв. Иймд нар шингэх зүг рүү салныхаа хушууг чиглүүлэн барьж, салхины дагуу хөвөх ганц зам бидний өмнө үлдэж байлаа. Бид бүхний бодож байснаар Кон-Тики Перугээс хөөгдөхдөө өөрийн эртний наранд сүсэглэгчдийнхээ хамтаар яаж явсанчлан нарны чигийг барьж явах нь үнэндээ манай аяллын гол зорилт байсан билээ.
Манай модон сал анхны аймшигт сүрлэг давалгааны хяр дээр цойлон гарахыг бид баяртайгаар харж сэтгэл уужран байв. Гэвч залуурч маань том давалгаа ирж сэлүүрийг цохих үед түүнийгээ цэх барьж байж огтхон ч дийлэхгүй байсан бөгөөд ухлаадаснаас алдчих шахах юм уу эсвэл өөр тийш нь мурийлган хөшилдүүлж үзүүрт нь өлгөгдөн тонгорцоглож тоголдог хүн шиг арчаагүй эргэлдэн дүүжлэгдэж байв. Давалгаа ойрхноос босож, тавцан дээр нөмрөн буух үед сэлүүрийг хоёр хүн ч элбээд тогтоож барьж дийлэхгүй байлаа. Тэгэхлээр нь далбан хүрзнээс олс татаж салны хоёр үзүүрт бэхлээд сэлүүрийг зохих хэмжээнд чөлөөтэй хөдөлж байх ба хамгийн хүчтэй давалгаанд ч тэсэж чадахаар өөр олсоор ухлаадастай барьж боох мэргэн ухаан бидний толгойд төрөв.
Давалгаануудын хоорондох хонхор аажмаар улам ихсэж ирэхэд, Гумбольдтын хамгийн ширүүн урсгалтай хэсэгт орсноо бид мэдэв. Ерөөс далайн давалгаан нь салхи шуурганаас биш харин урсгалаас үүсэж гардаг нь үзтэл илэрхий байлаа. Хүйтэн ногоон ус бидний зүг бүрээс хүрээлж, Перугийн арсгар уулсын бараа өтгөн үүлсийн цаана орж үзэгдэхгүй болов. Далай дээр харанхуй болох үед догшин байгальтай үзэлцэх бидний анхны тулалдаан эхэллээ. Бид өөрсдөө тэмүүлэн зүтгэж далайн байгальтай нүүр учран тулгарсан тэр үед ч далай маань чухам бидний нөхөр болох уу, дайсан болох уу гэдгийг одоо хүртэл мэдээгүй, түүнд бүрэн дүүрэн итгээгүй хэвээр байсан билээ. Бүрхэн нөмөрсөн харанхуй дотор бидний эргэн тойрны давалгаа долгионы нийт чимээ ойртон ирж байгаа шуурганы чих дөжрөн исгэрсэн их чимээ болж, сууцны дээврийн өндрийн энгээр хуйлран ирж байгаа долгионы өндөр цагаан хярыг олж харав. Бид аль дайралдсан юмнаасаа шүүрэн авч, тэрхүү усан уул сал ба бидэн дээр шавхуурдан буухыг сэтгэл түгшин хүлээтэл, урьдын адил гайхан баярлаж, сэтгэл уужран тавигдсан билээ. Юу гэвэл манай «Кон-Тики» хажуухан талаасаа хөөсрөн өргөгдсөн тэрхүү уул мэт өндөр усан ойлыг үл хайхран, хормойгоо өргөсхийн тайвнаар дээр нь гараад дахин доош бууж дараачийн том давалгааг хүлээж байв. Хамгийн том давалгаа нь байнга хоёр юм уу гурав дараагаар үелэн ирэх бөгөөд түүний завсар чөлөөнд урт жижиг долгионууд үргэлжилнэ. Хэрэв xoёp өөр давалгаа хоорондоо тун ойрхон давхцан ирвэл, нэгд давалгаа нь салны хушууг дээш дэндийлгэн өргөсөн байхад нөгөөдөх нь ар хормой дээр нөмрөн буудаг байв. Ийм учраас бид манай сал дээр нэгэнт хашлага хамгаалалт байхгүй болохоор ээлжийн залуурчийн бүсэлхийгээр олс уяж нөгөө үзүүрийг салны модноос сайн бэхэлж шидэгдэж чулуудагдах явдлаас хамгаалсан юм. Залуурчийн үүрэг нь дарвуулыг салхинд үргэлж эгц үлээгдэн байхаар байлгаж, салны хушууг салхи ба давалгааны чигээс гажуулахгуй залж байх явдал билээ. Эрик маань явж байгаа чигээ үргэлж шалгаж, байрлал ба хурдаа тооцоолж мэдэж байг гэж бодоод бид салны хормойд хуучин хөлөг онгоцны луужинг хайрцаг дээр тавьж бэхлэв. Чухам тэрхэн үед тэнгэрт зузаан хар үүл бүрхэж, далай дээгүүр тэнгэрийн хаяа хүртэл эмх замбараагүй их долгио давалгаа оволзож байсан учир бид хаана яваагаа сайн мэдэхгүй. байлаа. Залуурын дэргэд хоёр хүн зэрэгцэн зогсож, сэлүүрийг шүүрэн авч хаях гээд байгаа салхи шуургатай байдаг хүчээрээ тэмцэлдэн байхад бусад үлдсэн хүмүүс ээлжээ хүлээж, задгай үүдтэй сууцандаа хоргодон жаахан ч гэсэн дугхийхийг оролдож байв. Гэтэл жинхэнэ аврага том давалгаа хуйлран хүрч ирэхэд залуурчид сэлүүрээ олсонд нь даатгаж орхиод өөрсдөө талбай дээгүүр хар хурдаараа гүйж сууцны дээврээс цухуйсан хулсан шургаагаас тэврэн авсанд усан ойл тэдний дээрээс асгаран бууж дүнзний завсар ба хормой руу урсан замхрав. Тэгэхэд нь залуурчид сал нь эргэж дарвуул нь эгцэрчээгүй дээр нь амжиж, тогтоохын тул сэлүүр рүүгээ сандран гүйлдэв. Хэрэв сал нь долгионы эсрэг яг хажуугаараа харчихвал хулсан сууцыг дор нь усаар дүүргэх байв. Харин ар талаас давалгаа ирж цохихдоо хүч нь дүнзний завсраар орж сулрах учир сууцны хананд хүрч ирэх нь бараг үгүй билээ. Салны хормойд дэвссэн бөөрөнхий дүнзнүуд усыг сэрээгээр хутгасан юм шиг завсар хоорондуураа шүүрүүлж байв. Чухам үүнд манай салны давуутай тал байсан бөгөөд ус доошоо орж шүүрэхээс биш дээшээ хэзээ ч буцаж гарахгүй учир дүнзний хоорондох зай хэдийчнээ их байвал төдийчнээ сайн байлаа.
Шөнө дундын алдад хойт талаар өнгөрч яваа галт онгоцны гэрлийг бид олж харав. Өглөөний гурван цагт мөн тэр зүг рүү бас нэг хөлөг онгоц явж өнгөрлөө. Бид дэнлүүгээрээ даллаж, гар чийдэнгээ гялалзуулан дохио өгсөн боловч, галт онгоц дээрээс биднийг олж харсангүй тэд хойшоогоо алгуурхан өнгөрч харанхуйд алга болов. Тэдний ойрхон далайн долгион дээр, ёстой индианы сал онгоц дайвалзан зогсож байгааг түүн дээр явсан хүмүүсийн аль нь ч тааж мэдээгүй бизээ. Гэтэл сал дээр байсан бид түүнийг далайн энэ хавьд дайралдаж байгаа сүүлчийн онгоц бөгөөд хүн амьтны сүүлчийн барааг харж байгаагаа бас мэдээгүй явсан юм.
Бид харанхуй дотор хоёр хоёроор залуурын сэлүүрт ялаа шиг наалдаж, далайн хүйтэн усанд шавшуулан бээрэхээс гадна сэлүүрт цохигдон ар өвөргүй шархиран өвдөж, хүчлэн атгаснаас rap бадайрч орхисон байлаа. Энэхүү анхны өдөр шөнө хоёрын шалгуур нь бидэнд зэгсэн сайн сургууль болж, юу ч мэдэхгүй шинэ хүмүүс байснаа яггүй хашир далайчид болж хувирсан байлаа. Анхны хоногт бид хүн бүхэн нарийн дарааллаар залуур дээр зогсож дараа нь гурван цаг амарч байв. Ингэхдээ залуур дээр хоёр цаг байсан хүнийг халах дараачийн ээлжийн хүн нь бүрэн сайн амарч амжсан байхаар бид хуваарь зохицуулсан билээ.
Залуурын сэлүүрийг зохих ёсоор нь ажиллуулж байхын тул түүн дээр байгаа хүн байдаг бүх хүчээ гарган мэрийх ёстой байв. Нэг залуурч сэлүүрийг түлхэж ядармагц нөгөө талд нь очиж татаж эхэлдэг байв. Ингээд түлхэж татсаар байгаад гар хөшиж, цээж хөндүүр болж ирэх үед, бид нуруугаар эргэж, солих зэргээр сэлүүрийн цохилтонд бидний ар өвөр нэлдээ хөх няц болж байлаа. Ингээд халааныхаа хүнийг ирэхэд бид туйлдаа хүртэл ядарчихсан амьтад сууцандаа мөлхөн орж, хөлөө олсоор оосорлоод хүүдий хөнжилдөө ч орох сэхээгүй, нойтон хувцастай хэвээрээ унтаж орхидог байлаа. Тэгтэл бараг тэр дорхноо шахам хөлөөс уясан олсноос хүчтэй татаж гурван цаг болчихсон байхад, залуурын сэлүүр дээр байгаа хоёр хүний нэгийг солихоор аргагүй босож гардаг байв.
Дараачийн шөнө улам дор болж, далайн долгион намдах бүү хэл улам ч ширүүсэн догшров. Хүн хоёр цагийн турш залуурын сэлүүр барьж байх үнэхээр хүч хүрэхгүй болсон бөгөөд хоёр дахь цагтаа залуур дээр зогсоо хүн aшгаар бага болж, давалгаа аргагүй хүчээр түрээ барьж биднийг ийш тийш нь бөмбөгнүүлэн шидэж, сал дээгүүр нилдээ ус халив. Тэгэхээр нь бид нэг нэг цагаар ээлжилж, хагас цаг амардаг боллоо. Ийм янзаар бидний дээрээс дараа дараагаар давхцан буух өндөр нам, үзүүртэй үзүүргүй, ташуу мурий, дээр дээрээ давхарласан замбааргүй их давалгаа долгионтой тасралтгүй тэмцэлдэн байж эхний жаран цагийг өнгөрүүллээ. Бидний дотроос хамгийн их ядарч муудсан нь Кнут байв. Тэрээр залуурын дэргэд зогсох ээлжнээс чөлөөлөгдөж, сууцны мухарт дуу шуугүй зовон тарчилж, Далайн ванд өргөл барьц өгөн байв. Тоть шувуу толгойгоо унжуулан торон дотроо гунигтай суух бөгөөд сал гэв гэнэт доргих юм уу давалгааны ус шуугин ирж сууцны ар ханыг цохих бүрд далавчаа дэрвэсхийлгэн байв. «Кон-Тики» тийм ч их хүчтэй үл холбилзоно. Тэрээр өөрийнхөө дайтай ямар ч хөлөг онгоцноос илүү долгион дээр тогтож чадах боловч одоо чухам аль тийшээгээ хазайхыг нь урьдчилан мэдэж болохгүйгээс гадна түүнийг зөвхөн холбилзуулан хөдөлгөх биш бүр байнга ийш тийш нь авч шидэх учир бид талбай дээгүүр тайван чөлөөтэй хөдөлж явах чадварыг эзэмшиж чадаагүй билээ.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:21 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Гуравдахь шөнө, салхи хүчтэй хэвээрээ байсан боловч далайн давалгаа баахан багасаж ирэв. Гэтэл өглөөний дөрвөн цагийн хирд харанхуй дотроос гэнэт хөөсөрсөн хүчтэй давалгаа гарч ирээд, залуурчийн юу болсныг ухаарч амжаагүй байтал нь салыг 180 градус эргүүлж орхив. Дарвуул маань өөрөө хэдэн хэсэг болон урагдаж одоо хулсан сууцыг хэмхчиж хаяхаар ороолгон шавхуурдав. Ачаа бараагаа аварч, салаа эргүүлэх, дарвуулыг нь салхи өөд эгцэлж урьдын адил урагшаа тайван хүлхийтэл үлээгдэж байхаар болгохын тул доод хормойны модыг нь залах гэж бид босон харайж гадагш гарав. Гэвч сал маань огт эргэж өгсөнгүй, хажуугаараа харан явсаар байв. Татлага татуурга, залуурын сэлүүртэй ноцолдож оролдсоны цорын ганц үр дүн нь харанхуйд дарвуулын уранхайд цохиулж хоёр маань золтой далайд уналгүй үлдсэн явдал билээ. Энэ үед далайн давалгаа мэдэгдэхүйц замхрав. Хөшиж бадайрсан хуруутай, урагдаж шалбарсан гартай, нойрондоо дийлдэн нүд маань анилдаж байгаа бид одоо ямар ч юм хийгээд юу ч бүтээж чадахаа больсон байв. Харин хэзээ юу болохыг хэрхэвч тааж үл болох учир хэрэв салхи дахин ширүүсэж байдаг хүчээ шавхан гаргах үе ирэхэд биеэ зэхэн гамнаж байсан нь дээр байлаа. Ийм учраас бид дарвуулаа эвхэн хурааж, хулсан хөндлөвчинд нь ороож бэхлэв. «Кон-Тики» долгионы эсрэг хажуугаараа харж түүн дээгүүр үйсэн бөглөө лүгээ адил үсрэн харайлж явав. Сал дээр бүх юм бөх сайн уяа бэхлээтэй учир бид зургуулаа бяцхан сууцандаа орж ундуй, сундуй унаж, хайрцагт хийсэн загас шиг чихэлдэн, үхсэн мэт унтацгаалаа.
Туулж өнгөрүүлсэн энэ тэмцлээ аяллын замд тохиолдсон бүх үйл явдлын хамгийн бэрх хүнд нь гэж бид бодоогүй юм. Харин зөвхөн далайн төв дунд бүүр алс гарч очсон хойноо бид инкчүүдийн хэрэглэж байсан, сал жолоодох энгийн бөгөөд ухаантай уран аргыг сая олж мэдсэн билээ. Бид үд хэвийсэн хойно тоть шувуу торон доторхи хөндлөвч дээгүүрээ цааш нааш гүйж, исгэрч, хашгирч эхлэх үед сая нэг сэрцгээв. Долгио улам их болсон боловч өчигдрийнхтэй адил догшин хүчтэй хөөсрөн цалгилахгүй, харин намдуу урт үеэр нэгэн жигд давалгаалж байв. Бидний эн түрүүний ашиг харсан юм бол хулсан талбай дээр хурц шар туяа татуулж, эргэн тойрны далайг эелдэг, хөгжүүхэн байдалтай болгосон нар байлаа. Хэрэв манай сал онгоцонд гэм хор хүргэхгүй бол далайн давалгаа хичнээн ч өндөр догшин оволзож байсан бидэнд ямар хамаатай юм бэ? Хуйлран эвхрэх давалгааны мандал дээр манай сал хоромхон зуур дүүлэн гарч, уурын өнхрүүлэг шиг хөөсөрсөн хярыг гөлчийтэл индүүдэхэд догшин ууртай тэр долгион урсан хальж доогуур маань орж дээш нь бидиийг зөвхөн өргөх төдий болохыг мэдэх болохоор өмнөөс маань хичнээн өндөр давалгаа ирсэн ч бидэнд ямар хүртээлтэй юм бэ? Хэзээ ч усаар бялхан дүүрч болох хоосон битүү биетэй завь, нэг долгионоос нөгөө долгионд дамжин шилжиж үл чадах үлэмж урт сал аль алийг нь хэрэгсэлгүй орхисон Перугийн эртний дархчуул өөрсдөө чухам ямар шуу юм хийснээ сайн мэдэж байжээ. Энэ бальс модоор хийсэн сал нь уураар хөдөлдөг үйсэн өнхрүүлэгтэй яг адилхан юмаа.
Эрик үд дээр, оршин байгаа газраа тодорхойлон үзсэнд бид дарвуулаа хурааж эвхсэнээс хойш эргийн дагуу нилээд хойшоогоо хазайж хөөгдсөн байв. Бид хуурай газраас далайн зуугаад бээр хиртэй газар Гумбольтдын урсгалд хэвээрээ оршсоор байгаа ажээ. Гэтэл одоо Галапагосын арлуудин өмнүүр гардаг тохигүй муухай урсгал руу аваачих юм биш бий байгаа гэдэг ноцтой асуудал бидэнд тулгарав. Энэ нь тун муу байдалд хүргэх бөгөөд юу гэвэл тэнд Төв Америк руу чиглэсэн далайн хүчирхэг урсгал байдаг учир биднийг нэг бол баруун тийш, нэг бол зүүн тийш нь урсган аваачих юм. Хэрэв бүх юм бидний бодож тогтоосноор болбол гол том урсгал биднийг засаж залруулж амжихаас өмнө далай дундуур баруун тийш алс хойгуур ташуулан хөөж, Галапагосын арлууд руу аваачих байв.
Салхи урьдын адил зүүн өмнө зүгээс салхилсаар байлаа. Бид дарвуул юугаа дэлгэн татаж, салныхаа бөгсийг салхи руу харуулан, залуурын дэргэд дахин ээлжлэн зогсоцгоов.
Кнут далайн шаналгаант өвчнөөс эдгэж Торстейн тэр хоёр ганхан салбаганах шураг өөд авиран гарч, ямар нэгэн нууцлаг антентэй юм, агаарын бөмбөлөг юм уу цаасан шувуунд уяж дээш нь хөөргөн туршлага үйлдэв. Гэтэл гэнэт тэдний нэг нь биднийг буцаан дуудаж байгаа Лима хотын далайн радио буудлаас ярихыг сонслоо гэж радио хоолойгоор бидэнд хашгиран мэдэгдэв. Сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэж биднийг далайд ямар янзтай явж байгааг харахаар Америкийн элчин яамны нисэх онгоц эрэг дээрээс нисэх гэж байгааг бидэнд мэдэгджээ. Удалгүй бид онгоцны холбоочинтой шууд ярьж эхэлсэн бөгөөд дараа нь харин санаанд ороогүй байтал тус онгоцонд сууж явсан аяллын нарийн бичлэгийн дарга Герд Волдтай ярилцаж чадсан билээ. Бид явж байгаа газраа чадахаараа тодорхойлон хэлж, хэдэн цагийн турш радио долгионы дохиог харилцан нэвтрүүлэв. Агаараас ирэх дуу манай салыг эрэн хайж, эргэлдэн тойрон байгаа (Арми-119) онгоцны ойртож холдох байдлаар нэг үе чангарч, нэг үе суларч байлаа. Гэвч бид уул онгоцны бараагий нь байтугай дуугий нь ч олж сонсож чадаагүй билээ. Юу гэвэл долгион давалгаан дунд намхан суусан салыг олж харах тийм ч амаргүй бөгөөд манай сал дээрээс тойрон харах хүрээ маань тун хязгаарлагдмал бага байлаа. Ингээд уул онгоц биднийг эрэхээ больж эрэг рүү буцав.
Энэ нь биднийг эрж хайсан сүүлчийн оролдлого байлаа.
Дараагийн өдрүүдэд далай аанай л амгалан бус боловч хөөсөрсөн давалгаанууд зүүн өмнө зүгээс нэгэн жигд үелзэн ирэх болсон учир сал хатгах ажил хавьгүй хөнгөрлөө. Салхи, давалгаа салны маань зүүн гараас ирж мөргөх тул сэлүүрч рүү ус бага цалгихаас гадна сал ч нилээд сайн тогтворжиж, дороо эргэлдэхээ болив. Зүүн өмнөдийн пассат салхи Гумбольдтын урсгал хоёр нийлээд салы минь Галапагос арлыг ороогч зам зуурын урсгалд улам бүр ойртуулж буйг мэдээд бид хэд сэтгэл их л түгших боллоо. Манай сал баруун хойт зүгийг чиглэн өдөрт далайн 55 — 66 бээрийн дундаж хурдтай урагшилж байв. Гэтэл 71 бээр гэдэг маань аврага хурд гэж тооцогддог гээд бод л доо.
— Галапагос арал дээр амьдрал зүгээр байлгүй дээ? хэмээн нэгэн удаа Кнут маань юм бодсон байртай асуугаад салныхаа хаа хүрээд явааг баримжаалан байн байн цэглэн тэмдэглэдэг зургаа ширтэн сууж харагдав. Гозойлгосон ганц хуруу шиг хэлбэртэй болсоор буй нэгэн тэмдэг Галапагос арлын тийш муу ёрлон ёрдойно.
— Хайдаа хөөрхий ямар л бол. Колумбаас өмнөхөн Тупак Юпанки гэгч инк хүн хэдэн нөхдийнхөө хамт Экватороос гарч Галапогос хүрсэн боловч уух ус ололгүй цөмөөрөө эргээд ирсэн юм гэлцдэг шүү дээ гэж хэлтэл, Кнут маань,
— Яамай яамай! Тэгвэл бид тийшээ очиж ямар чөтгөрөө хийхэв. Арай ч яваад очихгүй биз гэж найдаж байна шүү гэв.
Эргэн тойрон бүжиглэх давалгаанд нэгэнт дасчихсан бид чинь түүнийг анзаарах ч үгүй болчихжээ. Сал маань л хэдэн мянган метр гүн усан дээр хөвсөөр байгаа болохоор бага зэрэг бүжиглэхийн зэрэгт санаа зовохын хэрэг байх уу даа? Бальс гуалингуудад ус нэвтэрч буйг хялбархан мэдэж болох байлаа. Ирмэгийн бэхлээс моднууд бүүр ч их норов. Тэдгээрийн доогуур хуруу оруулаад үзэхэд ус пүл пал дуугарах нь дуулдаж байлаа. Ингээд би нөхөддөө юу ч хэлэлгүй, норсон модноос жижиг хэлтэрхий авч ус руу хаяв. Тэр хэлтэрхий аажмаар живж алга боллоо. Нөхдийн маань зарим бас миний нэгэн адил нууцгайхнаар ингэж үзэж буйг хожим би харсан юм. Тэд хэнд ч харагдаагүй гэж бодон, норсон модныхоо хэлтэрхийг ногоорсон усны гүнд аажмаар живэхийг нүд салгалгүй ажиглан зогсдог байв. Бид анх гарахдаа салаа усанд аль зэрэг гүн сууж байгааг хэмжсэн юм. Гэтэл одоо далайн ус амгалан бус учир сал маань нэг үе усан дээр гарч, нэг үед далд орон уг хэмжээг тогтоох нөхцөлгүй байлаа. Ингээд бид гуалингууд руугаа хутга шааж гаднаасаа хоёр хуруу хэтрэхгүй норсон байхад жигтэйхэн баярлав. Гуалингуудад ус иймэрхүү явцтайгаар нэвчдэг юм гэхэд бидний урьдчилсан тооцоогоор бол сал живэх тийшээ хандах үед xуypaй газар ойртсон байх ёстой байлаа. Тэгээд бас модны гүн давхраан дахь шүүс гаднаас нэвчих усыг тогтоон зогсоох үүрг гүйцэтгэнэ байлгүй гэж бид найдаж байв.
Эхний долоо хоног туж сэтгэл зовоосон өөр нэг аюул бол уяа, татлага юм. Өдөрт нь юун уяа муяагаа бодохтой манатай хэдүүлээ шөнө болгож, сууцныхаа шалан дээр дэвссэн хөнжилдөө орсон хойноо л сая нэг энэ тэрийг бодож, чих тавин чагнахтайгаа болдог байлаа. Хүн бүр сүрэл дэвсгэр нь доорхи гуалингуудынхаа хамт гүвэлзэн хөдөлж буйг мэддэг байсан юм. Сал маань тэр аяндаа дайвалзаад зогсохгүй, есөн гуалин нэгийгээ доош суухад нөгөө нь дээш овойж байрлалаа өөрчилнө. Цаг үргэлжийн энэ хөдөлгөөн тун ялимгүй боловч гуалингууд дээр хэвтэж байгаа хүнд амьсгалж буй аврага том амьтны нуруун дээр гарчихсан юм шиг санагдах учир бид гуалингийн дагуу хэвтсэн нь дээр байх болов уу гэж шийдлээ. Эхний хоёр шөнө бүүр ч хүчтэй хөдөлж байсан боловч мах болтлоо ядарч зүдэрчихсэн бид хэд юун анзаарахтай байгааж дээ. Сүүлдээ уяа татлага норж чангараад гуалингууд ч тэгтлээ их хөдлөхөө болив. Гэхдээ нэгийгээ доош суухад нөгөө нэг нь дээш овойж, зарим нь байрандаа сул эргэж есөн гуалин цаг ямагт хөдөлсөөр байлаа. Хулсан дэвсгэр хос шураг, сууцны сүлжмэл хана мөчир, навчсаар хийгдсэн дээвэр сэлт ган татлагаар татагдаж бэхлэгдсэн хир нь нэг тал нь өргөгдөхөд нөгөө тал нь доош суун дайвалзана. Ингэж хөдлөх нь тун ялимгүй боловч бидэнд яриагүй сайн мэдэгдэж байлаа. Сууцны нэг булан доош суухад нөгөө нь өргөгдөж, дээврийн нэг талын хулснууд нэг тийшээ, нөгөө талын хулснууд нь өөр тийшээ матийна. Сууцны задгай хэсгээр гадагш харахад хөдөлж байгаа нь бүүр ч хүчтэй юм шиг санагдана. Учир нь тэр задгай хэсгээр тусах тэнгэрийн хэсэгхэн цоорхой эхлээд дөрвөлжин хэлбэртэй харагдаж байснаа аажмаар дүгрэг болон хувирч цаанаас нь өндөр өндөр давалгаан үсрэн цовхчино.
Хамаг зовлонг биедээ хүлээсэн уяа татлагууд шөнөжингөө гуалингуудад үрэгдэн хяхар чихар дуугарч хононо. Тэдгээрийн энэ хяхар чихар дуу шөнийн харанхуйд найрал хөгжмийн гунигт нэгэн эгшиг болон хувирч, уяа татлага дор бүрдээ л бүдүүн нарийн, чанга сул янз бүрээр уянгална. Бид өглөө болгон уяа татлагаа сайтар шалгадаг байлаа. Хэн нэг маань салны ирмэг дээр очиж элгээрээ наалдаж хэвтээд хоёр нөхөрт хөлөө сайн бариулж байгаад хүйтэн ус руу толгойгоо дүрж салны усан доторхи хэсгийн уяа татлагын байр байдлыг ажиглаж шалгах удаа ч тохиолддог л байв.
Харин уяа татлагууд маань тэссээр л байлаа. Хоёр долоо хоноход л бүх уяа татлага чинь модондоо үрэгдэж тасарна даа гэж биднийг анх хөдлөхөд усан цэргүүд ам амандаа шуугилдаж байсан хэдий боловч үрэгдэж тасрах гэж байгаагийн өчүүхэн ч шинж тэмдэг мэдэгдээгүй байлаа. Яагаад харин ингэж үрэгдэж тасраагүйн учир шалтгааныг бид бүр алс далайд орсон хойноо л олж мэдсэн юм. Бальс мод зөөлөн байдаг болохоор уяа татлага маань модондоо өөрсдөө шигдэж ороод үрэлтээс хамгаалагдсан байлаа.
Бараг нэгэн долоо хоног өнгөрөхөд далай тайвширч, ногоон бус харин цэнхэр өнгөтэй болох нь мэдэгдлээ. Одоо бид баруун хойшоо бус, бараг баруун-хойт зүг хөвж явав. Энэ бол бид хэдийн эрэг хавийн урсгалаас нэгэнт гарч одоо ил хуль далайн мандал руу цаашлаад байна гэсэн хэцүүхэн үг байлаа.
Их далайн дунд хэдүүлхнээ болсон анхны өдрөөс эхлээд л эргэн тойронд загас гэдэг чинь янз бүрээрээ л харагдаж байлаа. Бид хэд жолоо залах ажилдаа дарагдаад юун загастай манатай явсан юм. Маргааш нь сардин хэмээх сүрэг загастай дайралдав. Ингээд хэсэг явж байтал хоёр метр хиртэй урт цэнхэр аврага загас үзэгдлээ шүү. Аврага загас цагаан өехийгөө дээш харуулсаар Герман, Бенгт хоёрын сэлүүр бариад усан дотор хөл нүцгэн зогсож байсан хитгийн ойролцоогуур эргэлдэж байв. Биднийг эргэн тойрон хэсэг ингэж наадаж байснаа харин гар жадаа зэхэхтэй зэрэг алга болчихдог байв.
Нөгөөдөр нь бидэнтэй тунец, бонит, алтан макрель дайралдаж, байсхийгээд том том нисдэг загас салан дээр маань бууж байв. Бид тэр нисдэг загасуудыг илбээс болгон хэрэглэж төдөлгүй нэг нь 10, нөгөөнь 15 килограмм татах том гэгчийн хоёр алтан макрель гаргаж ирлээ. Энэ чинь бидэндээ хэдэн өдрийн хүнс гэсэн үг шүү дээ. Жолооны дэргэд жижүүрлэж байх үед урьд өмнө огт үзэж хараагүй сонин сонин загас байсхийгээд л үзэгдэх бөгөөд нэг өдөр тоо томшгүй гэмээр олон далайн гахай дайралдлаа. Салны маань ирмэгийн яг цаахна хар хар нуруу уснаас цухуйж, салны шургийн орой дээр гараад харахад далайн ус тэр аяндаа буцалж байгаа юм шиг харагдаж байв. Эргээс улам алслагдаж экваторт улам ойртох тусам нисдэг загас дайралдах нь олширч байлаа. Ингээд биднийг, салхинд үе үе мяралзан, нарны гэрэлд гялтганан туяарсан том том давалгаан сүр жавхлантайяа хойно хойноосоо хөөцөлдөх цэнхэр уснаа орж очиход нисдэг загас уснаас үсэрч шулуун шугамаар нисэж явснаа хүчээ барагдахад дахин ус руугаа шумбан сум мэт орж байлаа.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:22 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Шөнийн цагт керосиноор асдаг жижиг дэнлүү дүүжилсэнд нисдэг загас гэрэл рүү нь татагдан салан дээгүүр том жижиг янз бүрээрээ ниснэ. Зарим нь хулсан сууц, дарвуул руу ирж мөргөөд салан дээр арчаагүй унадаг байлаа. Нисдэг загас нисэлт дундаа уснаас бултан зайлдаг шигээ бидний сууц, дарвуул зэргээс зайлж чадахгүй ингэж мөргөөд, гэдсэндээ том сэрвээтэй, бүлтгэр нүдэт май загас адил хөөрхийлэлтэй тийчигнэж хэвтдэг байв. Зарим үед салан дээр зогсож байсан хэн нэгний маань улаан нүүр рүү хүйтэн биетэй нисдэг загас зэгсэн хурдтай нисэж ирээд мөргөчих нь багагүй өвтгөдөг явдал ч бас гардаг байв. Нисдэг загас толгойгоо урагш харуулан их хурдтай нисдэг бөгөөд ингэж нисэж ирээд нүүр рүү мөргөчихвөл зэгсэн сайн алгадаад авах адил халуу дүүгүүлдэг байлаа. Гэвч гэмгүй байж хэлмэгдсэн бид энэ түрэмгийллийг доорхино нь мартдаг байв. Ямар ч байлаа гэсэн энэ бол амттайхан загасан зоог aгaapaac шууд шунгинан нисээд ирдэг тэнгисийн гайхамшигт орон байлаа. Бид нисдэг загасыг ихэвчлэн өглөөний зоогондоо хэрэглэдэг байв, Загас маань амт сайтай махтайдаа ч тэр үү, аль эсвэл тогоочийн сайнаас ч тэр үү, үгүй бол бидний хоолонд сайныхаас ч болоод тэр үү нисдэг загасаа хайрсы нь сайн цэвэрлэж байгаад шарахад тэр маань шарсан хулд загаснаас ялгаагүй санагддаг байлаа.
Салны тогооч хүний хамгийн нэгдүгээр үүрэг бол өглөө босонгуутаа гадагш гарч өнгөрсөн шөнийн турш салан дээр газардсан нисдэг загасыг нэгд нэгэнгүй цуглуулж авах явдал билээ. Өглөөд ихэвчлэн зургаагаас доошгүйг цуглуулдаг байсан боловч нэг өглөө тарган гэгчийн хорин нисдэг загас хаман авч билээ. Кнут нэгэн өдөр хайруул тавгаа бариад зогсож байж л дээ, гэтэл нэг нисдэг загас ирээд гар руу нь мөргөчихсөн юмсанж. Ингээд Кнут маань тэр загасыг шууд буцалгаж байгаа тос руу минь ирж орсонгүй гэж ундууцаж байж билээ.
Торстейн нэгэн өглөө босохдоо дзрэн дээрээсээ нэг сардин хэмээх загас олсон хойноо л сая далайтай бид хэд хичнээн их ойр дотно амьдралтай болсноо ухаарсан билээ. Сууцны маань зай давчуухан учир Торстейн толгойгоо үүд рүү харуулж унтахаас өөр аргагүй байв. Ингээд шөнө хэн нэг хүнд гадагш гарах хэрэг тохиолдож, нүүрэнд нь хүрчихвэл Торстейн хөлий нь хазчихдаг байсан юм. Сардин загас орж ирэхэд сүүлэн дээрээс нь барьж аваад бүх сардин загасанд үнэн голоосоо хайртай болохоо түүнд тодорхой ойлгуулсан ажээ. Дараа шөнө нь бид Торстейнд аль болохоор их зай гаргаж өгөхийн тулд хүн бүр хөлөө зэгсэн сайн атийж хэвтсэн боловч харин төдөлгүй Торстейнийг маань босгож, радио харилцааны булан дахь идэж уух юмтай хайрцагнууд дзэр гарч унтахад хүргэсэн нэг явдал тохиолдлоо.
Хэдэн шөнө өнгөрөөд байтал ийм нэг үйл явдал тохиолдов. Тэнгэр бүрхэг тас харанхуй байсан учир Торстейн дээгүүрээ алхан өнгөрөх шөнийн жижүүрт гэрэлтэй байг гэж бодоод керосиноор асдаг дэнлүүгээ яг толгойныхоо хажууханд тавьчихсан юмсанж... Шөнийн дөрвөн цагийн үед дэнлүү өнхөрч ойчоод ямар нэг хүйтэн юм нүүрний нь өмнө цовхчоод Торстейнийг маань сэрээчихжээ. «Нисдэг загас л байлгүй» гэж бодоод аваад чулуудчихаар шийдээд харанхуйд тэмтэрч л байж гэтэл могой шиг гулбилзсан нэг хүйтэн юм баригдсанд гараа ухаан жолоогүй угз татан авчээ. Ингээд Торстейнийг дэнлүүгээ асаах гэж ядаж байх хооронд үл үзэгдэгч гийчин дээгүүр нь өнгөрч Германы маань хөл өөд авиран очжээ. Германыг босон харайхад би ч сэрж далайн энэ усанд шөнийн цагт гарч ирдэг кальмар л ороод ирсэн юм байх гэдэг бодол төрлөө. Ингээд арай гэж нэг дэнлүүгээ асаатал харин Герман могой шиг мушилзан тийчилж байгаа урт нарийн загасны хүзүүгээр нь атгачихсан ялалт байгуулсан хүний дүртэй сууж харагдлаа. Энэ бол метр хирийн, яг могойных шиг урт нарийн биетэй, бүлтгэр хар нүдтэй, урт гэгчийн хурц цагаан шүдээр дүүрсэн махчин шинжийн том амтай гонзгой толгойтой амьтан байлаа. Шүднүүд нь хутга шиг хурцаас гадна барьж авсан зуушаа залгихад нь ийшээ тийшээ матийн нугардаг чадалтай байв. Германыг олзоо барьсаар сууж байтал тэр махчны нь амнаас хоёр төө шахам урт цагаан загас суга үсрэн гарав. Хойноос нь бас нэг тэр хиртэй загас гарлаа. Энэ хоёр бол могой загасны шүдэнд зэгсэн хэлмэгдсэн гүн усны загас болох нь илт байлаа. Могой загасны арьс нуруугаа дагаад хөх ягаавтар, хажуу, тал өөхийгөөрөө цэнхэрдүү өнгийн хальстай, тэр нь бидний гарт том томоороо хууран ирж байв.
Дуу шуугианаар Бенгт маань ч сэрэв. Бид дэнлүү, урт загас хоёроо өмнө нь аваачиж барив. Бенгт уутан хөнжил дотроос нойрмоглон өндийж, эрхэмсэг нь аргагүйгээр:
— Үгүй дээ, ийм загас байдаггүй юм гээд тайван гэгч хөнжилдөө буцаж шурган дахин унтаад өглөө.
Бенгт тэр болгон андуурдаг хүн ч биш л дээ. Хожим хойно сонсож байхнаа тэр урт загасыг амьдаар нь анх удаа үзсэн улс бол хулсан сууцандаа дэнлүүгээ тойроод сууж байсан бид зургаа л байж билээ. Өмнөд Америкийн эрэг орчим, Галапагос арлаас пймэрхүү нэг загасны яс хэд хэдэн удаа олдсон бөгөөд загасны аймаг судлагч эрдэмтэд могой макрель гэж нэрлээд, амьдаар нь огт үзэж хараагүй болохоор далайн бүр гүн ёроолд амьдардаг юм байлгүй гэж таажээ. Харин энэ загас өдөр бүлтгэр нүд нь наранд гялбаад л гүнд ордог байж мэдэх билээ. Түүнээс биш могой макрель шөнийн цагт долгион дундуур зугаалж явдаг болохыг салан дээр явсан бид хэд лавтай мэдсэн юм.
Ховор энэ загас Торстейний маань уутан хөнжилд ороод ирсэн тэр шөнөөс хойш долоо хоноод байтал бид хэд дээр өөр нэг гийчин орж ирлээ. Бас л үүрээр, дөрвөн цагийн орчим үе юмдаг. Шинэ cap орчихсон, эргэн тойрон харанхуй, гэхдээ одод гялалзаж байсан цаг даа. Сал маань сэлүүрийн аясаар дуулгавартайхан хөвнө. Би жижүүрлэх хугацаагаа дуусгаж, дараагийн хүндээ хүлээлгэж өгөөд, юм бүгд зохих ёсоороо байгаа эсэхийг шалгаж үзэхээр салаа нэг тойроод ирье гэж шийдлээ. Би жижүүр хүний ёсоор оосор бүслэхээрээ ороож уяад, керосин дэнлүүгээ барьсаар ирмэгийн гуалин дагаад, болгоомжтойхон явж байв. Гуалингууд, нойтон, хальтарч ойчмоорыг хэлэх үү, гэнэт нэг юм ар талд минь чирэгдэж явсан оосрын үзүүрээс шүүрэн авч, тэнцвэрээ алдаж унатал минь угзарсанд уур хүрсэн гэж яана. Эгшин зуур эргэж, дэнлүүгээрээ гэрэлтүүлэн харвал хэн ч байсангүй. Дахиад нэг угзрахад нь эргэн харвал салан дээр маань ямар нэг юм гялталзан хөдөлж байх шиг болов. Очоод үзсэн чинь бас нэг могой макрель байв. Энэ удаад могой загас оосорт минь шүдээ гүн шигтгэсэн учир хэдэн шүд нь хугарчихсан байлаа. Чирэгдэж явсан оосрын үзүүр дэнлүүний гэрэлд цагаан амьтан гүйж яваа харагдаад далайп гүнээс заларсан гийчин маань хосгүй урт, зэгсэн амттай зууш бариад авна гэж найдан үмхээд авсан бололтой. Ингээд хөөрхий минь амьтан формалинтай лаазанд ялаа эдлэх болсон юм.
Далай өөрийн нь гадаргатай нэгэн түвшинтэй, өөр дээгүүр нь алгуур аажим, нам жим хөвж яваа байранд амь зуугч хүнд тун их бэлэг барьдаг юмсанж.
Ой ширэнгээр туучиж туучиж ирсэн анчин, амьд амьтны бараа харсангүй гэж ярьдаг удаа байдаг. Гэтэл хожуул дээр гарч суугаад хүлээж байсан өөр нэг анчинд эргэн тойронд нь янз бүрийн дуу чимээ сонсдож, бут сөөгийн цаанаас сониуч нүднүүд өдий төдийгөөрөө ширтээд байдаг бол далай ч бас иймэрхүү юм.
Бид ихэвчлэн далайн усыг том хөлөг онгоцоор хөөсрүүлэн зүсэн дуу чимээ хадааж хадааж явж ирээд л далайд үзэгдэж харагдаад байхаар ч юм байхгүй гэж ярьдаг л даа.
Харин яг усан дээр шахам суугаад хөвж эхлэхэд ганц өдөр өнгөрөв үү, үгүй юу л сониучхан гийчид биднийг тойрон цуглардаг болж, зарим нь жишээлбэл алтан макрель, лоцман хэмээх газарч загаснууд бидэнтэй бүр ч дасчихаад салы маань өдөр шөнөгүй эргэлдэн дагадаг болсон билээ.
Шөнө болж халуун бүсийн харанхуй тэнгэрт од мичид яралзаж эхлэхэд эргэн тойрны ус гэрэлтэж од мичидтэй өнгө юугаа булаалдаж эхэлдэгсэн. Ийм гэрэлтэгч махбод бүхэн яг л бөөрөнхий улаан цог санаанд оруулах учир гэрэлтэгч бөмбөлгүүд давалгаанаар салан дээр хаягдахад бид хэд нүцгэн хөлөө өөрийн эрхгүй атийдаг байлаа. Ингээд харин нэг хоёры нь барьж үзээд гэрэлтэгч жижиг хавчнууд мөн болохы нь таньж мэдсэн юм. Зарим шөнө салны маань яг дэргэд гэнэт хоёр том гэрэлт нүд гарч ирээд цавчилгүй биднийг ширтэж айлгадаг байв. Ёстой л далайн чөтгөр гэдэг чинь энэ юм байлгүй гэж бодогдмоор шүү. Энэ бол фосфор мэтийн туяатай муухай ногоон нүдээ харанхуйд гялалзуулан далайн гүнээс гарч ирдэг мундаг том кальмарууд гол төлөв байдаг байлаа. Зөвхөн шөнийн цагт дээш гарч ирдэг гүн усны энэ загаснуудын гэрэлтэй нүднүүд зарим үед биднийг гайхсан бүдэг гэрлээрээ гэрэлтүүлж хөдлөхгүй хэвтдэг байв. Далай тайван үед харанхуй уснаа 60—90 сантиметр диаметр бүхий том бөөрөнхий толгойнууд цухуйж, гэрэлтэй том нүдээрээ биднийг ширтэн хөдлөхгүй хэвтдэг удаа ч байлаа. Зарим үед цахилгаан чийдэн шиг жигд бус хугацаагаар асаж унтардаг, метр орчим диаметртэй гэрэлт бөмбөлөг усан дотор харагдана.
Ингээд бид доохон талдаа амьдрагч эдгээр газар доорхи, газар доорхи ч гэж дээ усан доорхи амьтдад аажмаар дасдаг боловч өөр хэлбэр маягтай амьтан үзэгдэх болгонд л гайхдаг байв. Үүлэрхэг шөнө байлаа л даа. Хар ус, харанхуй тэнгэр хоёрыг ялган зааглахад бэрх, хоёр цагийн орчим үе юмдаг. Жолооны дэргэд жижүүрлэж байсан хүн усан дор бүдэг гэрэл гэрэлтэж, аажмаар ямар нэг том амьтны дүрс болон хувирахыг олж үзэв. Биен дээрх планктон юм уу, аль эсвэл том амьтан өөрөө гэрэлтэж байгааг ялгахад бэрх тэгээд бас энэ гэрэл нь тэр амьтны биеийн хэлбэрийг янз янз болгон хувиргаж байлаа. Нөгөө амьтан маань нэг үе бөөрөнхий нэг үе зууван, тэгснээ гурвалжин хэлбэртэй болж байснаа хоёр тасарч тус тус хоёр амьтан болоод салан доогуур маань хөвж эхлэв. Сүүлдээ бүр гурав болоод л эргэлдэж гарлаа. Энэ бол үзэгдэж байгаа хэсэг нь 6—8 метр урт, ёстой чөтгөр шулмас гэдэг нь байж таармаар байв. Бид хэд цөмөөрөө босон чөтгөрийн бүжиг харахаар салныхаа ирмэг дээр очлоо. Гэрэлтэгч чөтгөрүүд салны араас хэдэн цаг дагалаа. Манай дуу чимээгүй, үл мэдэгдэгч гийчид тун гүнзгийд оршиж байлаа. Тэд гол төлөв манай дэнлүү дүүжлээтэй байсан баруун талын ирмэг бараадан явах бөгөөд зарим үед яг салан доогуур орж, зүүн ирмэг талаар үзэгдэж байв. Нуруун дээрх гэрлээр нь бодоод үзвэл тэр амьтан биеэр заанаас том болох нь мэдээж бөгөөд харин амьсгалахаар нэг ч удаа усан дээр гарч ирэхгүй байгаагаар нь бодвол халим биш байлаа. Магадгүй хажуугаараа харахдаа дүрс нь өөр болдог аврага том скат загастай дайралдаж орхисон байж ч мэдэх юм шүү? Бид хэд дээш нь ойртуулж ирж сайтар ажиглахаар дэнлүүгээ усанд ойртуулж барьсан боловч нөгөө амьтад огтхон ч анхаарах шинжгүй байлаа.
Ингээд тэр амьтад үүр гэгээрэхтэй зэрэг л жинхэнэ албин чөтгөр шиг алга болдог байв.
Бид хэд шөнийн гэрэлтэгч тэр гурван шулмасын учрыг хэзээ ч олохгүй өнгөрөх байсан билээ. Гэтэл хоёр хоноод байтал дараа өдрийн үд дундын үед бас нэг гийчин ирж таавар өөрөө таагдав. Энэ бол биднийг өрнөд уртрггийн 95°, умарт өргөргийн 7°-д мяралзсан зөөлөн долгион дунд ороод явж байсан тавдугаар сарын 24-ний өдөр болсон хэрэг. Үд дундын үе байлаа. Бид өглөө эрт гэгч барьсан хоёр том алтан макрелийнхаа гэдэс дотрыг авч усанд хаяв. Би жаахан сэрүүцэхээр салныхаа хамар дээгүүр далай руу үсрэн орж, салнаас бэхэлсэн оосрын үзүүрээс атган усан дотор хэвтэж байлаа. Нэг харсан чинь хоёр метр хиртэй урт бор саарал загас надтай нилээд ойртож танилцахаар шийдсэн бололтой тунгалаг уснаа хөвөн айсуй. Би шалавхан салны ирмэг дээр авиран гарч аажимхан хөвж яваа загасыг ажигласаар халуун наранд шарагдан хэсэг суув. Гэтэл хулсан сууцны ар талаас Кнутын дуу хадав. «Аврага загас!» гэж байдгаараа орилж байснаа дуу нь бүр нарийсаж орхив. Аврага загас салны ойр хавьд өдөр болгон шахам үзэгддэг болсон боловч үүнээс урьд өмнө хэн нэгий маань ингэтэл сандаргасан удаагүй, учир энэ удаад ер бишийн явдал тохиолдов гэж бодсон бид Кнутдээ очиж туслахаар ухасхийв.
Кнут салны ирмэг дээр явган суугаад долгионд өмдөө угааж байсан юмсанж. Санаандгүй толгой өндийлгөн хартал өмнөхөн талд нь бидний хэний ч амьдралдаа харж үзээгүй нэг амьтны муухай том хоншоор цухуйж байжээ. Ёстой л далайн мангасын хачин том жигтэйхэн муухай толгой байлаа. Далайн чөтгөр өөрөө ч байлаа гэсэн биднийг тэгтэл их цочоохгүй байсан бизээ. Хажуу тал нь мэлхийнх шиг өргөн болж ирээд хавтгар тэр том толгой хоёр жижигхэн нүдтэй, уртаашаа бараг бүтэн хагас метр мэлхийнх шиг ам нь хоёр завж болон унжсан олон давхар үрчлээтэй ажээ. Асар том биений урд хэсэг тэр аяараа толгой болоод төгсгөлдөө яг цэх боссон сэрвээтэй урт нарийн сүүл болон шувтарчээ. Үүгээр үзвэл далайн энэ махчин халимын багт багтдаггүй нь илт байлаа. Усан доторхи бөгсөн бие нь бор сааралдуу харагдах боловч толгой, их бие нь жижиг цагаан толбонуудтай байлаа. Тэр махчин бух нохой шиг шүдээ ярзайлган сүүлээрээ үл мэдэг сэлж манай салны хойноос залхуу нь хүрсэн янзтай аажимхан хөвж байв. Нуруун дээрх дүгрэг том сэрвээ нь уснаас ил гарч, зарим үед сүүлний нь сэрвээ цухуйх бөгөөд тэр амьтныг хоёр давалгааны хоорондын хонхорт орох үед ус өргөн нуруун дээгүүр нь жирэлзэн өнгөрөхдөө усан доорхи ямар нэг том хадыг долоож байгаа юм шиг харагдаж байв. Махчны өргөн амны өмнөхөн талд алаг тахь шиг судалт газарч загас сүргээрээ хушууран явах бөгөөд наалдуур хорхой болон бусад паразитууд махчны аврага том биенд бөх наалдан усан доогуур жуулчилна. Тэр есөн шидийн амьтад нийтдээ нилээд гүн усанд хөвдөг хад мэт зүйлийг тойрон байрласан сонихон цуглуулга болж байна.
Загас агнуурын хамгийн том зургаан дэгээнд өлгөж салны араас дүүжилсэн арван килограммын алтан макрель бол аврага загасны хорхой хөдөлгөх ёстой илбээс байлаа. Газарч загаснууд алтан макрель руу ирж хоншоороороо мөргөснөө, тэр дорхиноо өөрсдийн захирагч, далайн хаан руу эргэн очиж байв. Оньс түлхүүрээр хөдөлдөг юм шиг тэр махчин хөдөлгөөнд орж, усан дотор хялбархан гулгасаар том амны нь өмнө тоглоом адил харагдах алтан макрель руу ойртон ирэв. Биднийг илбээсээ болгоомжтойхон салныхаа ирмэгт ойртуулан татахад, тэр хойноос нь аажимхан дагаж ирлээ. Энүүхэн жижиг юманд ам ангайхын хэрэг юу байхсан билээ гэж бодсон мэт ам нь хамхиатай харагдана. Ингээд аврага том тэр амьтан саланд тун ойртож ирсэн учир жолооны сэлүүрт нуруу нь шүргэж, сэлүүр уснаас ил гарч ирэв. Аврага тэр махчныг тийм ойрхноос харах боломжтой болсон бид ер бишийн түүнийг хараад ухаан жолоогүй хашгиралдан тэнэг юм шиг инээлдэж билээ. Уолт Десней хичнээн ухаалаг ч гэлээ гэсэн сая салны маань ирмэгийн цаахна аймшигт амаа ангалзуулан харагдсан энэ амьтнаас аймшигтай муухай амьтан санаачлан бүтээж чадахгүй бизээ.
Аймшигт энэ амьтан маань манай өнөө үед мэдэгдэж буй хамгийн том аврага загас, дэлхий дээрх загаснуудын хамгийн том нь болох халиман аврага загас байлаа.
Халиман аврага загас тун ховор амьтан бөгөөд халуун бүсийн усанд хааяа нэг дайралддаг юмсанж. Энэ бол дунджаар 15 метр урт, амьтан судлагчдын нотолгоогоор 15 тонн жинтэй юм. Зарим нэг томоохон нь 20 метр хүрдэг бөгөөд жадны тусламжтайгаар алсан залуу халиман аврагын зөвхөн элэг нь 300 килограмм болж байсан гэлцдэг. Урт том амандаа гурван мянга орчим шүдтэй амьтан юм.
Бидэнтэй дайралдсан тэр махчин зэгсэн том байсан бөгөөд салан доор эргэлдэхэд толгой нь салны нэг талаар, сүүл нь нөгөө талаар цухуйж байж билээ. Өмнөөс нь харахад хоншоор нь ер бишийн сонин, хачин бүдүүлэг болхи тэнэг дүйнгэдүү мэт учир бид хэд сүүл нь нэг хөдөлбөл бальс модон салы минь зомгол болгож орхино гэдгийг яриангүй сайн мэдэж байсан хир нь л инээдээ барьж чадаагүй билээ. Аврага загас салны маань доогуур улам бүр дотогшлон эргэлдэж, бид хэд гэдэг чинь цаашид юу болохыг хүлээн ажиглаж суухаас өөр учраа олохгүй болов. Аврага загас салны ирмэгийн дэргэдүүр хөвсөөр жолооны сэлүүрийн доогуур амгалан бөгөөд аажуухан явж өнгөрөхдөө сэлүүрийг дээш болгов. Сэлүүрийн хүрз аврага загасны нурууны дагуу шүргэж байлаа. Бид гap жадаа зэхэн салан дээрээ зогсож байв. Бидний барьсан жаднуудыг хэрэг тохиолдвол үзэлцэх гэж байгаа аврага том тэр амьтантай жишээд үзэхэд шүд чигчийлэх мод л гэсэн үг байв. Аврага загас биднийг ер орхих шинжгүй, салыг тойрон эргэлдэж, эзний сайн нохой шиг холдохгүй дагасаар байлаа. Бидний хэн маань ч иймэрхүү аймаар юмтай дайралдах байтугай, дайралдана байх гэж санаагүй явсан хэрэг. Салны араас далайн ийм аймшигт амьтан даган заримдаа салан доогуур хөвж яваа энэ тохиолдол бидэнд байж болшгүй зүйл мэт санагдаж, бид хэд үнэмшиж үнэхээр чадахгүй байлаа.
Халиман аврага загас биднийг нэг цагаас илүүгүйхэн хугацаанд эргэлдэн тойрсон боловч энэ хугацаа бүхэл бүтэн өдөр өнгөрсөн мэт санагдаж байв. Ингээд хоёр метр урт гар жад бариад салны нэг буланд зогсож байсан Эрик тэвчээр алдан, бид хэд нь ч гэж бодлогогүй амьтад ам амандаа хашгиралдан онгироож орхисон байхгүй юу, жадаа толгой дээрээ өргөв. Халиман аврага загас хөвж ирээд, өргөн хавтгар толгойгоо салны яг булан тушаа болгов. Эрик лут хүчээрээ жадаа чулуудаж, аврага загасны ясархаг том толгойд зоолоо.
Аймшигт тэр амьтан чухам юу болсныг хэдхэн хормын зуурханд ойлгон мэдлээ.
Ингээд тэнэг дүйнгэдүү нөгөө амгалан амьтан маань нүд ирмэхийн хооронд тэр аяндаа ган булчин шөрмөс болж хувирлаа. Жадны оосор исгэрэн ус руу чавхдаж, аврага загас усан оргил босгон доош шумбалаа. Бие биетэйгээ ойрхон зогсож байсан гурван хүн өнхрөн унав.
Агаарт чавхдан хийсэж явсан жадны аргамжинд хоёр нь дайралдаж өвдтөл шавхуурдуулжээ. Салны ирмэгт уяатай байсан бага шиг онгоц тогтоохоор бөх бүдүүн төмөр аргамж өгөршсөн муу оосор адил дорхноо тас үсэрч хэдхэн хормын дараа жадны бариул мод биднээс хоёр зуугаад метрийн зайнд усан дээр хөвөөд гарч ирлээ.
Айж сандарсан сүрэг газарч загас хуучин эзэн захирагчаа гүйцэж очихоор санд мэнд л алга боллоо. Аймшигт амьтан усан доогуур шумбадаг онгоц шиг эргээд ирнэ байх гэж удтал хүлээсэн боловч дахин бид халиман аврага загасны бараа хараагүй билээ.
Ингээд бид Өмнөд экваторын урсгалд ороод, Галапагосын арлуудаас 400 бээрийн өмнүүр өрнө зүг хөвж явлаа. Галапагос урсгалд яваад орж орхих вий гэх аюул ард өнгөрч, тэр олтригтой танилцах ажил маань яриангүй тэр зүгээс далайн ийм алсад хүрч ирсэн том том яст мэлхийтэй л толгой дохилцох төдийгөөр зүйл дууслаа.
Нэгэн удаа өрөөсөн хөл, толгой хоёроо усан дээр ил гаргаад самарч яваа далайн аврага том яст мэлхийг бид харав. Ус мяралзахад яст мэлхийн доогуур ногоон хөх алтлаг шар туяа татаж байв. Яст мэлхий алтан макрель загаснууд лугаа амь наана там цаана тэмцэлдэж явааг бид мэдлээ.
Уг тулалдаан даанч хүч тэнцээгүй байлаа. Том толгойтой, тод өнгийн арван хэдэн макрель яст мэлхийн хүзүү хөл рүү дайрах бөгөөд хөөрхий яст мэлхийн хөл, толгойгоо хуяг доогуураа нууж, өехийгөө доош харуулан өдөр өнжин хэвтэж чадахгүйг яриангүй сайн мэдээд тамирдуулж эрхэндээ оруулж авах санаатай нь илт байлаа.
Яст мэлхий манай салыг харангуутаа гялалзсан алтан макрелиудад хөөгдсөөр бидний зүг шууд чиглэв. Ингээд салны ирмэгт тулан ирж, гуалин өөд мацах нь холгүй байснаа гэнэт биднийг харжээ. Бид хэд жаахан дадлага туршлагатай улс байсан бол яст мэлхийг салны ирмэг даган аажимхан хөвж явахад оосорлоод авч дөнгөх л байж. Гэтэл бид түүнийг харсаар суугаад хайран сайхан цагаа гарзаджээ. Гогцоо сая нэг бэлэн болоход аврага том яст мэлхий салны маань хамар өнгөрөөд явж байлаа. Бид яст мэлхийнээс үл ялимхан том хаймран завь ус руу буулгав. Герман, Бенгт, Торстейн гурав яст мэлхийн араас нэхлээ. Аж ахуйн эрхлэгч Бенгт маань сайхан махтай хоол, яст мэлхийн амттайхан шөл бодож явжээ. Гэтэл манай нөхдийн хэдийчнээ түргэн сэлэх тусам яст мэлхий төдийчнээ хурдан хөвж, тэднийг салнаас зуун метр холдож чадаагүй явтал яст мэлхий гэнэт алга болжээ. Ийнхүү манай гурав нэг ёсондоо буян үйлджээ. Тэдний сууж явсан бяцхан шар хаймар завийг эргэж хөвөхөд алтан шар биесээ гялтгануулсан сүрэг макрель загас араас нь хушууран хөөв. Тэд шинээр буй болсон яст мэлхийг тойрон хүрээлж, зоригтойхон зарим нь яст мэлхийн хөл шиг усанд дүрэгдэж явсан сэлүүрийн үзүүр үмхэж авахаар дайрч байжээ. Тэр хооронд түрүүчийн жинхэнэ яст мэлхий ичгүүр сонжуураа алдсан мөрдөгчдөөсөө амар мэнд салж бараагүй болсон байлаа.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.13 8:23 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Хоёр хүнд өгнө гэж амласан байсан номоо яахав энд оруулж л байя гэж бодлоо.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 12:59 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm
Бичлэгүүд: 422
Сайхан байна шүү бараг л мартах шахаж дээ энэ зориг баатарлагын туулийг

_________________
Х Ү С


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 3:03 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Тавдугаар бүлэг
ЗАМЫН ХАГАСТ


Өдөр тутмын амьдрал, туршилт салныхны ундны ус - Амтат төмс, хулууны нууц тайлагдав - Бэт самар, хавч, -Юханнес,- Бид бэлэн хоолон дунд явж байв.-Планктон - Иддэг очнууд - Халим загастай танил тал болцгоосон маань -Шоргоолж, эмгэн хумс.- Бидний дотно нөхөд.-Алтан макрель бидэнтэй зам нийлэв. Аврага загас агнадаг болсон маань-«Кон-Тики» сал маань далайн аврага том амьтан болж «хувирав.- Аврага загаснаас өнчирч хоцорсон газарч загаснууд. Нисдэг кальмар.-Үл таних гий'чид- Ус руу ордог торх. Их шуурга давалгаанд.-Байдаггүй. хад асга ,-Шаантаг ийм учиртай байжээ.-Замын хагаст.

Өдөр хоног өнгөрсөөр л байлаа. Ойр хавьд хөлөг онгоц яваагийн өчүүхэн боловч шинж тэмдэг мэдэгддэггүй хорвоо ертөнц дээр бид хэдээс өөр амьд хүн байдгийг илчлэх ямар нэг юм хөвж явдаг болов уу гэхэд үгүй шүү. Зах хязгааргүй их далай, эргэн тойронд маань зөвхөн бид хэдийнх мэт цэлийнэ. Тэнгэрийн хаяанаас аваад жиихэнэ амгалан тайван, эрх чөлөөтэй амьдралын шинж мэдэгдэнэ.
Нэн цэвэр, тунгалаг агаар хамар цоргин сэнгэнэж, эргэн тойронд толийсон цэв цэнхэр ус бие сэтгэл сэргээн сэрүүцүүлнэ. Салан дээр яваа бидэнд соёлт хүмүүсийн нарийн ухаантай асуудал бүхэн нэг л зохиомол, хий хоосон, ердийн хүний ухаан санааг гуйвуулсан төдий зүйл мэт санагдана. Бариад авмаар бодитой ганц зүйл бол ус л байлаа. Гэтэл ус бяцхан салыг тоосон шинжгүй. Аль эсвэл далайн амгалан тайван байдалд өчүүхэн ч хоргүй, урсгалд, давалгаанд загас, шувуу шиг зохилдсон болохоор нь тэдний нэг ижил амьтан гэж бодсон ч байж болох юм. Хөөсрөн хуйлран дайрах давалгаанууд аймшигт дайсан байхаа болиод, харин газар ахихад маань бидний итгэлтэй туслагч, сайн нөхөр болов.
Салхи, давалгаан салы маань түрэн хөөж, далайн урсгал нуруун дээрээ үүрч бид хэдийг хүрэх газарт минь ойртуулсаар байлаа.
Хэрэв бидний далай дээр өнгөрүүлсэн ердийн өдрүүдийн аль нэгэнд, хөлөг онгоц дайралдсан бол түүн дээрх хүмүүс урт намуухан долгионы аясаар амгалан гэгч нь аргагүй хөвөлзөн хөвж явсан манай салыг олж харах байсан бизээ. Бас пассат салхи дарвуулы маань Полинези арлын зүг цүлхийлгэн үлээж байлаа.
Богино өмднөөс өөр хувцасгүй, нар салхинд түлэгдсэн хүрэн бор биетэй, бавгар сахалт нэгэн эр салны залуурын урт сэлүүртэй ана мана ноцолдон, ээдэрч орооцолдсон оосроос чангаан, хэрэв тэнгэр сайхан өдөр бол жолооны сэлүүрийн бөгсийг хөлийнхөө хурууны салаанд хавчуулж орхиод, халуун наранд биеэ шаран нойрмоглон сууж байхыг хөлөг онгоцныхон харах байсан бизээ.
Бенгт жолооны тэнд алга байвал нийгмийн судлалын далан гурван номынхоо нэгийг бариад, хулсан сууцныхаа үүдэнд түрүүлгээ харан хэвтэж орхисон байх нь тэр. Бенгт бас аж ахуйн эрхлэгчийн албан тушаалтай бөгөөд өдөр тутмын хоолны цэс зохиох үүрэг хүлээсэн хүн билээ. Харин хэдийд хаана ч байж мэдэх хүн бол манай Герман байгаа юм. Цаг уурын шинжилгээний багаж бариад салны шургийн орой дээр сууж байх юмуу, нэг бол толгойдоо усны баг углаж аваад, салан доогуур орж орхисон салны нуруу мод ажиглаад байж байх нь тэр. Эсвэл салнаас аргамжаатай сундаг завь дотор орж орхисон, агаарын бөмбөрцгөөс өгсүүлээд хэмжүүрийн хачин хачин багаж өрж орхисон сууж байх бий. Цаг уурын болоод усан мандлын шинжилгээний ажиглалт хариуцсан техник-ангийн дарга хүн ийм байхаас ч өөр аргагүй шүү дээ.
Кнут, Торстейн хоёр ч яах вэ дээ хагас хуурай зай, гагнуурын багаж, бүдүүвч зураг сэлтээ дэлгэж орхисон сууж байдаг улс. Тэр хоёр жижиг радио станцаа ус чийг дааварласан орчинд, уснаас тохой хиртэй өндөрт ажиллуулах гэж дайны үед хуримтлуулсан бүх туршлагаа хэрэглэж суугаа нь тэр шүу дээ. Тэр хоёрын шөнө болгон ээлжлэн мэдээлдэг цаг уурын байдлын тухай мэдээг радио сонирхогчдын санаандгүй хүлээн авсан нэг нь Вашингтоны цаг уурын шинжилгээний байгууллага ба бусад газарг дамжуулдаг байсан байж л дээ. Эрик маань их төлөв дарвуулаа оёж, нөхөн, уяа татлагын унжиж салбарсан үзүүрийг сүлжиж бэхлэн, заримдаа модоор юм уу, цаасан дээр сахал самбайгаа унжуулсан хүний толгой, ер бишийн загасны дүрс сийлж, зуран сууж байсаар үд дундын үед өнцөг хэмжүүрийн секстант хэмээх багажаа авч хайрцагнууд дээр авирч гарна даа. Учир нь хоногт сал маань хэдий хиртэй газар явсныг өдөр болгон ингэж тодорхойлох ажил Эрикт оногдсон юм. Би ч яах вэ дээ, усан онгоцныхоо тэмдэглэлийн дэвтрийг хөтлөх, тайлан тооцоо бичих, планктон цуглуулах, загасчилахаас өгсүүлээд кино зураг авах энэ тэр гээд л таардаг ажилтай хүн шүү дээ.
Иймэрхүүгээр хүн бүр дор дороо хариуцаж авсан тодорхой ажилтай бөгөөд хэн маань хэнийхээ ч ажил хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй юм. Жолооны дэргэд жижүүрлэх, хоол цай бэлтгэх зэргийн хүн дурламааргүйхэн ажлаа бол ээлжээр хийнэ. Хүн болгон өдөрт хоёр, шөнөд хоёр, хоногт дөрвөн цагаар жолооны дэргэд жижүүрлэнэ. Харин тогоочийн үүргийг бол өдрийн цагийн хуваарийн дагуу хүн бүр гүйцэтгэнэ. Салан дээр хууль дүрэмсээд байх юм цөөхөн л дөө.
Харин шөнийн цагт жолооны дэргэд ижүүрлэгч хүн бол заавал бэлхүүсээрээ оосор уяж бэхэлсэн байх, хамгаалалт татлага тогтоосон нэг байранд байх сууцан дотор хооллож болохгүй, «бие засах газар» бол салны хамгийн холын булан байх ёстой гэх мэтчилэн дотоод дүрэмтэй байв. Ямар нэг чухал асуудал шийдэх хэрэгтэй үе тулгарвал индиан хүмүүсийн заншлаар цэргийн зөвлөлгөөн зарлан, нийтээрээ хэлэлцэж шийднэ.
«Кон-Тики» салныханд ердийн нэг шинэ өдөр эхлэхдээ шөнийн хамгийн сүүлчийн жижүүр тогоочийг татаж сэрээнэ. Нойрмогоороо тогооч маань шөнийн шүүдэрт норсон нойтон, өглөөний нарны туяанд нүд гялбам гэрэлтсэн талбар дээр энд тэндгүй хэвтээ нисдэг загаснуудыг түүж авна. Полинез, перу хүмүүс загасыг түүхийгээр нь иддэг заншилтай байсан бол харин бид сууцны үүдний өмнөх талбар дээр хөдлөхгүйгээр бэхэлсэн модон хайрцаг дотор суулгасан жижиг дэн зуухан дээрээ хайрна. Манай гал тогоо бол тэр хайрцаг бөгөөд салны бусад хэсэгт бол хаацайлж хамгаалахад бэрх зүүн-өмнөд зүгийн пассат салхи ийшээ бараг үл үлээнэ. Харин салхи давалгаа дэн зуухны маань дөлөөр дэндүү хүчтэй наадах үед модон хайрцаг цонож эхэлдэг байв. Тогоочийн зүүрмэглэж орхисонд нэгэн удаа гай дайрч хайрцаг тэр аяараа галд автагдаж, галын дөл улмаар хулсан сууцны маань хана өөд өрвөлзөж, утаа май болоход л бид сэрж галыг тэр доорхон нь дарсан билээ. «Кон-Тики» дээр ус хол биш дээ. Зовох юмгүй байлаа. Хулсан сууцандаа хурхирч байгаа хүмүүс хайрсан загасны үнэрээр сэрэх нь ховор учир тогооч маань тэднийг сэрээгээр ёврох, эсвэл босох бүрээгээ хамаа намбаагүй бархируулахад хүрдэг бөгөөд тэр дууг удаахан тэвчих хүн ч харин ховор доо. Салны ойр хавьд аврага загасны живэр эс харагдвал эхлээд Номхон далайн усанд хэсэг зуур орж сэлээд дараа нь салныхаа нэг ирмэг дээр бөөгнөрөн сууж байгаад цайлцгаана.
Идэж уух юмны хувьд ч харин өөлөх зүйлгүй шүү. Бид нэгдүгээр нь хорьдугаар зууны бэлтгэн нийлүүлэх газарт, хоёрдугаар нь Кон-Тикид, тавдугаар зуунд хамаатай хоёр янзын туршилт хийж явлаа. Эхний туршилтанд Торстейн, Бенгт хоёрыг ялгаж гуалингууд болоод хулсан талбар хоёрын завсраар хийсэн хайрцаг дотор хадгалагддаг жижиг нарийхан боодолтой тусгай хуваарьт хоолоо өгдөг байв. Торстейн, Бенгт хоёр тэр тусмаа бас загас, далайн бусад амьтны маханд дуртай биш хоёр л доо. Хэдэн долоо хоног болоод л хулсан талбарын бэхлээс татлагуудыг тайлж, хэд хоногийн бэлтгэл хоол гарган авч түүнийгээ сууцны өмнө талд сайтар бэхэлдэг байв. Ил байсан бин битүү төмөр лаазнуудад далайн ус орж доторхи нь муудсан байхад харин эргэн тойрон зузаан гэгчийн үе барагшингаар бүрсэн хатуу цаасан хайрцгууд маань яагаа ч үгүй байж байдаг байлаа.
Далайн аялалд гарсан анх удаагийн Кон-Тикид барагшин ч байгаагүй, бин битүүмжилсэн лааз ч байгаагүй хир нь хоол хүнсээр нэг их зовдоггүй байжээ. Тэр үеийн далайн жуулчид анх юутай гарсан, зам зуураа юу олсноороо хооллодог байсан ажээ.
Титикак нуурын хавьд цохигдоод Перугийн эргийг орхин далайгаар цаашилсан Кон-Тики дараах хоёр зорилгын аль нэгийг сонгосон байж таарах билээ. Нарыг бурхан сахиусаа гэж шүтдэг ард түмэндээ амьд нар нь болсон Кон-Тики нар жаргадаг зүгийг чиглэн явбал өөр нэг шинэ энх амгалан улс орон дайралдаж юу магад вэ хэмээн найдахдаа шууд далай руу орж орхисон байж мэднэ. Эсвэл салнуудаа Өмнөд Америкийн эрэг дагуулан умар зүгийг чиглүүлж, хаа нэгтэйд мөрдөн нэхэгчдийнхээ хүрэлцэн ирж чадахгүйгээр газарт шинэ төр улс үндэслэн байгуулах санаатай ч байсан байж болох л доо! Ингээд дайсагнагч овог аймгийнхнаар дүүрсэн, аюултай хад хясаат эргийг орхин далайд орсон тэд яг л бидний нэг адил зүүн өмнөдийн пассат салхи, Гумбольдт урсгалын эрхэнд орж, яг л бид хэд шиг нар жаргах зүгийг чиглэн уртын урт хагас тойрог зам туулахад хүрчээ.
Төрөлх нутгаа орхин гарсан тэр наранд шүтэгчид ямар төлөвлөгөөтэй байсан ч байг, аяллын хугацаанд хэрэглэх хүнс тэжээлийн бэлтгэлтэй байжээ. Балар цагийн тэр хүмүүсийн гол хүнс нь борцолсон мах, загас, амттайхан төмс байсан билээ. Тэр үеийн хүмүүс Перугийн эл хуль эрэг дагуу аялахдаа уух ус ихээхэн нөөцөлж гардаг, тэгэхдээ ваар савны оронд цохилт, доргилтоос айдаггүй мундаг том хулууны хальс хэрэглэдэг байжээ. Салан дээр авч явхад хамгийн тохиромжтой сав бол бүдүүн хулсны гол бөгөөд эртний хүмүүс түүний үе болгоны бөөрөнд жижиг нүх гаргаж, ус хийгээд уг нүхийг ямар нэгэн бөглөөгөөр, эсвэл давирхай буюу бохиор таглан шавдаг байжээ. Гуч, дөчин ширхэг тийм хулсан савтай усыг салны ёроолд гуалингуудын дагуу бэхэлж орхиж болдог, тэгээд тэр цэвэр устай савууд нь гаднаасаа далайн хүйтэн усаар (экваторын урсгалд усны дулаан 26° байдаг юм) угаагдаж явдаг байжээ Төдий хирийн устай бол бид хэд аяллынхаа туршид дөнгөж тал хувий нь хэрэглэхээс гадна бас салны ёроолд хэдэн тийм хулсан савтайг нэмээд бэхлэн орхиход хүнддээд, зай эзлээд байхааргүй учир усны нөөцийг арвижуулж ч болох л доо.
Бидний авч гарсан цэвэр ус хоёр cap өнгөрөхөд муухай эхүүн үнэр амттай болж орхисон байлаа. Гэхдээ хоёр cap гэдэг маань далайн бороо хур багатай хэсгийг нэгэнт өнгөрөөд, аадар борооны усаар нөөцөө сэлбэж болох хэсэгт явж ороод байх хугацаа юм. Хүн бур өдөрт мянга хоёр зуун тавин миллитр усны хувьтай боловч тэр болгон бүгдий нь хэрэглэж бардаггүй билээ.
Биднээс өмнөх жуулчид хүрэлцэх хэмжээний хүнс бэлтгэж чадалгүй гарсан ч гэсэн загас гэдэг нь шороо шиг бужигнасан урсгал дагуу хөвж явах зуураа идэж уух юмаар нэг их гачигддаггүй байж л дээ. Салны маань эргэн тойронд учиргүй олон загас эргэлдэн бараг өөрсдөө гарт ороод ирдэггүй байсан тийм өдөр манай аяллын туршид нэг ч өнгөрөөгүй л юм шүү дээ. Бараг өдөр болгон тоогоор нэг их олонгүй ч гэсэн нисдэг загас өөрсдөө салан дээр маань гарч ирдэг байлаа. Хачин сайхан махтай том том бонит загас салны ирмэг долоосон долгионоор гарч ирээд гуалингуудын завсраар ус доошоо шүүрэхэд цовхчиж хэвтдэг үе ч байдаг байв. Өлсөж үхнэ л гэж юу ч гэсэн бодох юмгүй дээ.
Түүхий загасны мах шимж амны цангаа гаргадаг аргыг эртний индиан хүмүүс сайн мэддэг байжээ. Энэ аргыг дэлхийн сүүлийн дайны үед далайд сүйдсэн хөлөг онгоцныхон олонтаа хэрэглэж байсан юм. Түүнээс гадна бас загасны нэг хэрчмийг ямар нэг даавуунд ороогоод шүүс гаргаж болдог бөгөөд хэрэв загас том бол тийм шүүс гаргахаас хялбар юм гэж байдаггүй ажээ. Юу гэвэл том загасны биенд хэд хэдэн жижиг хонхор гаргаад хүлээж байтал тэр хонхрууд төдөлгүй загасны тунгалгийн булчирхайгаас ялгардаг шингэнээр дүүрдэг байна. Арга тасраагүй хүнд амтаар базаахгүй энэ шингэн ялихгүй давстай байдаг учир амны цангаа гаргадаг ажээ.
Байн байн усанд орж сэлээд дараа нь сууцныхаа сүүдэрт биеэ хатаалгүй хэвтээд байвал ч цэвэр ус бараг хэрэглэгдэхгүй болдог юм. Аврага загас амдаж харуулдаад далайн усанд сэлэх бололцоо өгөхгүй байгаа үед бол салныхаа ирмэгийн гуалин дээр, хөл гарынхаа хуруугаар оосор татлагаас сайн гэгч атган хэвтэж, хэдэн хором болоод л цалгилан ирж сэрүүцүүлдэг Номхон далайн тунгалагхан усаар сэрүүцээд байх нь тэр.
Халуунд ам нь их цангасан хүн гол төлөв өөрийнхөө бие махбодыг шингэн зүйл шаардаж байна гэж боддог тул цэвэр усныхаа нөөцийг шал дэмий үрэхэд хүргэдэг. Халуун орны үнэхээр тэсвэрлэшгүй өдрүүдэд амаараа буцаж гартал ус уувч ам цангаад л байдаг юм. Гэтэл харин хүний бие махбод шингэн зүйл биш давс шаарддаг нь гайхмаар боловч аргагүй л үнэн шүү.
Бидний авч явсан тусгай хүнсэнд хэтэрхий халуун өдрүүдэд үе үе хэрэглэхэд зориулсан давсны үрлүүд багтсан байдаг байлаа. Хүний бие хөлсний хамтаар давс ялган гаргадаг учир давс дутагдаад ам цангадаг ажээ. Салхи сэрвэлзэхээ ч болиод, нар хайр найргүй шарахад л бид гэдэг чинь шатаж үхэхэд хүрдэг байлаа. Гэдсээ цэрдийтэл ус уувч дахиад л уумаар санагдана. Тийм халуун өдрүүдэд бид хуваарьтай цэвэр ус руугаа түүнийхээ 20-иос 40 хувь хиртэй далайн ус хольж ууж үзсэн юм. Ингээд шорвогдуухан тэр ус маань харин цангаа сайн гаргадгийг мэдээд их л гайхацгаасан юм. Уусан хойно удтал далайн ус амтагдах боловч бөөлжис хутгадаггүй байв. Ийнхүү бид цэвэр усныхаа хэмжээг санаандгүй нэмэгдүүлж орхисон билээ.
Нэгэн өглөө цайлаад сууцгааж байтал өнчин ганц давалгаан цойлон ирж агшаамал руу маань бага зэрэг орж орхисон биш, харин бид хэд овьёосны амууны амтанд далайн усны эвгүй муухай амт зэгсэн их дарагддагийг үнэ төлбөргүй мэдэж авсан юм.
Полинез өвгөдийн үе уламжлан марталгүй хэрэглэж ирсэн сонин нэг зүйл бол тэдний элэнц хуланц далайгаар жуулчлахдаа зажлахад цангаа гаргадаг ямар нэг ургамал авч явдаг байжээ.
Бас тэр ургамлын өөр нэг хачин чанар гэвэл, түүний өчүүхэн нэг хэсгийг араандаа зууж байгаад далайн уснаас шууд утгаж аваад ууж орхиход бөөлжис огт цутгагддаггүй юмсанж. Өмнөд далайн арлууд дээр байдаггүй тэр ургамал элэнц хуланц нарын нь нутагт ургадаг байсан бололтой. Полинезийн түүхчид ингэж махран зүтгэдэг бөгөөд орчин үеийн эрдэмтэд уг баримт сэлтийг сонирхон тийм сонин шинж чанартай ургамал бол зөвхөн ганц Перуд ургадаг кока гэгч ногоо юм гэдэг дүгнэлт хийжээ. Балар эртний Перуд амьдарч байсан инкүүд, тэдний элэнц хуланц кокайн агуулсан тэр кока гэдэг ургамлыг байнга хэрэглэж байсныг хуучны судлалын булшнууд баталсан юм. Тэр уул хадаар хэрж хэсэх, далайгаар аялах зэрэг хэцүү аялалд гарахдаа боож авсан тэр ургамлын навчаасаа удтал зажлан цангах ундаасахгүй эцэж ядрахгүй явдаг байжээ. Кокаин навч зажилсан тэд хэдэн өдрийн турш далайн ус уугаад дажгүй явдаг байжээ.
Өмнөд далайн арлуудынхны бүх амьдралд гүн гүнзгий ул мөр үлдээсэн өөр ургамлаар дүүргэсэн том том сагс «Кон-Тики» салны урд талын хушуун дээр өрөөстэй явсан бөгөөд бид харин кокайн навч зажилж үзээгүй юм. Сууцны туурганы нөмөрт найдвартай баглаж бэхэлсэн тэр сагсан дотроос цаг хугацаа өнгөрөх тусам шар соёонууд, ногоон навчис улам бүр өндөр болсоор байлаа. Үүнийг харахад модон салан дээрх дулаан орны бяцхан цэцэрлэг санаанд орно. Номхон далайн арлууд дээр ирсэн анхны европ хүмүүс Пасхи, Гавайн арлууд, шинэ Зеланд дээр амтат төмсний том том аж ахуйнууд олж үзжээ. Тэр ургамлыг бас бусад арал дээр, тэгэхдээ зөвхөн Полинезийн хязгаарт тарьж ургуулдаг байжээ. Өрнө зүгийн орнууд тэр ургамлын нэрийг ч дуулж сонсоогүй байлаа. Хүмүүс нь уг ургамалгүй бол загаснаас өөр бараг идэх юмгүй алс холын тэдгээр арал дээр тариалдаг хамгийн чухал ургамлуудын нэг бол бодонцог хэмээгч амтат төмс байжээ. Полинезийн өдий төдий үлгэр домог тэр ургамалтай холбогдсон байдаг. Нэгэн үлгэр домогт тэр ургамлыг анх амтат төмсөөр гол хоолоо хийдэг байсан эцэг өвгөдийнхөө унасан газар угаасан усыг орхин гэргий Панийнхаа хамт заларсан Тики өөрийн биеэр авч ирсэн юм гэж өгүүлсэн байдаг билзэ. Амтат төмсийг завиар бус харин «өөр хооронд нь баглаж хүлсэн гуалин дээр ачиж далайн чанадаас авчирсан юм» гэж шинэ Зеландынхны үлгэр домогт гардаг.
Европчуудыг ирэхээс өмнө Полинезаас өөр амтат төмс ургадаг байсан нутаг бол Америк тив гэдгийг бид бүхэн мэднэ. Тикийн авч ирсэн амтат төмс бол Перугийн иидиан хүмүүсийн дээр үеэс эхлэн тарьж ургуулдаг байсан тэр төмс биеэрээ байжээ. Хатаасан амтат төмс бол балар эртний Перугийн индианчууд, полицезчуудын аль алины нь аян замдаа хэрэглэдэг гол хүнс байжээ. Өмнөд далайн арлууд дээр амтат төмс ургах тун дургүй бөгөөд туйлын их арчилгаа, маллагаа шаарддагийн учир бол тэр төмс далайн усанд тун дургүй юмсанж. Гэтэл тэр ургамал дөрвөн мянгаад бээр өргөн далайг гатлаад Перугээс тэр алс холын эдгээр арал дээр өргөн дэлгэрсэн байдгийг тайлбарлана гэдэг л хялбаргүй зүйл байлаа. Тэгээд бас ийм чухал дүгнэлтийг үгүйсгэнэ гэдэг хэцүүгээс гадна Өмнөд далайн арлуудын асар уудам дэвсгэр нутаг даяар амтат төмсийг «Кумара» гэж нэрлэдэг бөгөөд Перугийн балар эртний индиан хүмүүсийн мэддэг байсан амтат төмс бас ч «Кумара» гэдэг нэртэй байсныг хэл бичгийн эрдэмтэн мэргэд батлаад байхад тийнхүү үгүйсгэнэ гэдэг бүүр ч бүтэхгүй оролдлого билээ. Амтат төмсөө дагаад нэр нь ч бас гадаад их далайг гаталжээ.
Полинезийнхны тарьж ургуулдаг өөр нэг хамгийн хэрэгтэй, бидний «Кон-Тики» дээрээ авч гарсан ургамал бол лонхон хулуу байлаа. Энэ ногооны гадар хальс нь үр жимснээсээ дутуугүй ач холбогдолтой ажээ. Полинези хүмүүс түүнийг гал дээр барьж хатаагаад, усны сав болгож ашигладаг юмсанж. Бас л далайгаар хөвж гараад бусад арал дээр зэрлэгшиж үржсэн байж хараахан таарамгүй, ногооны газрын нэрт ургамлын нэг энэ ногоог балар эртний полинези хүмүүс, Перугийн анх нутаглаж байсан хүмүүсийн хэн хэн нь мэддэг байжээ. Усны сав болгон хувиргасан тийм лонхон хулууг бид Перугийн эрэг хавийн эртний булшнуудаас олсон бөгөөд тийм савыг бас Номхон далайн арлууд дээр анхны хүмүүс очихоос олон зуун жилийн өмнөх загасчид хэрэглэдэг байжээ. Перугийн соёлын уг үндэс ингэж лавтай үлдсэн Төв Америкийн индиан хүмүүсийн үг хэлэнд ч лонхон хулууны полинез нэр «Кими» гэдэг үг дайралддаг л даа.
Бидний ялзарч муудахаас нь хэдэн долоо хоногийн өмнө идэж амжсан өмнө зүгийн үр жимсэн дотор амтат төмсний нэг адил Номхон далайн түүх намтарт зэгсэн үүрэг гүйцэтгэсэн өөр нэг ургамлыг нэмж хэлэх хэрэгтэй. Бидний эрүүгээ хөдөлгөж дотор биеэ сэрүүцүүлэх сайхан ундаа гаргаж уудаг нэг зүйл бол хоёр зуун ширхэг самар байсан юм. Самрын зарим нь ургаж дал хоног өнгөрөхөд манай салан дээр тохой хиртэй өндөр зулзаган наргил модод ургаад, сагсгар ногоон навчсаа дэлгэж эхлэв. Наргил мод Колумбын өмнөх эрин үед Панамын хүзүүвч, Өмнөд. Америкт ч ургадаг байжээ. Перуд анх испаничуудыг очиход Номхон далайн эрэг орчмоор цөөн тооны наргил мод ургадаг байлаа гэж Овьедо түүхийн сонсголдоо дурдсан байдаг билээ. Тэр үед наргил мод Номхон далайн бүх арал дээр ургадаг болоод удаж байсан юм. Наргил мод ямар замаар Номхон далайд тархсан тухай ургамлын судлагчид тодорхой юм мэддэггүй билээ. Гэвч нэг зүйл нотлогдсон юм. Гадуураа маш бөх хальстай ч гэсэн бэт хэмээх энэ самар хүний туслалцаагүйгээр гадаад их далайг гаталж яасан ч чадахгүй. Сагсанд хийгээд салан дээрээ авч явсан самар биднийг Поливез хүрэн хүртэл муудаагүй хэвээрээ, ургах чадвараа алдаагүй билээ. Гэтэл дэвсгэр доорхи хайрцагтай идэж уух юмтайгаа хамт хийсэн хоёр зуугаад бэтийн маань нэг нь ч үлдэлгүй далайн усанд муудаж орхисон байлаа. Тэгвэл салхинд туугдагч бальс модон салнаас илүү хурдтайгаар далайгаар хөвөөд арлуудад хүрчих самар гэж яасан ч байхгүй шүү. Самрын зуламнуудын аль нэг дэвтэж зөөлөрсөөр байгаад ангайхад завсраар нь далайн ус нэвчдэг ажээ. Тэгтэл бас хог цуглуулагчдын бүхэл бүтэн арми идэж уух зүйлтэй юухныг боловч ертөнцийн нэг хэсгээс нөгөө хэсэгт очуулахгүй юмсан гэж далайн мандлыг тэр аяар нь харж хянаж байдаг байна.
Зарим намуун тогтуухан өдрүүдэд аливаа эргээс алс холын цэнхэр уснаа манай салтай зэрэгцэн хөвж яваа шувууны ганц өд харагддаг байлаа. Уснаа шөнийг нойрсон өшөрөөж чаддаг ганц бие салхич шувуу, далайн бусад шувуу хуурай газраас хэдэн мянган бээр холд бидэнд дайралддаг байлаа.
Ганц цагаан өдөнд ойртож очоод сайгар ажиглан харахад, түүн дээр хоёр гурван жуулчин тухтай тохитой нь аргагүй байрлаж орхисон, салхинд туугдаж хөвөн явдаг байв. «Кон-Тики» сал ямар нэг махчин амьтан мэт өдөнд ойртон очиход, жуулчид өөрсдийнхөөс зайтай, түргэн хөвдөг хөлөг онгоцыг үзээд хөөрхий өдийг ганцаары нь орхин сал өөд ум хумгүй авирдаг байв. Төдөлгүй «Кон-Тики» дээр үнэ төлбөргүй зорчигчид өчнөөн төчнөөн болов. Тэр зорчигчид бол далайн бяцхан хавчууд юм. Хумcын чинээ, зарим нь түүнээс үл ялим том тэд салан дээр яваа аврага том амьтнуудад баригдаж гэмээж нь амттайхан зууш нь болдог байлаа. Жижиг хавчууд далайн мандал дээр цагдаа нарын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд идэх юмны зүйл олж харвал огт тээнэгэлздэггүй билээ. Хэрэв тогооч гуалингуудын завсраар орж орхисон нисдэг загасыг үзэлгүй үлдээсэн бол маргааш өглөө нь босоход түүн дээр найм есөн жижиг хавч овооролдон орхисон хавчуураа ажиллуулан зооглож байдаг байлаа. Бидний барааг харангуут үргэж, ум хумгүй зугтаж алга болдог боловч бидэнд ижил дасал болсон нэг хавч залуурын сэлүүрийн дэргэдэх жижиг нүхэнд байдаг байлаа. Бид түүнд Юханнес гэдэг нэр өгсөн юм. Хүн бүхний хайртай тоть, Юханнес хоёр салны халуун ам бүлийн тоонд орж билээ. Нартай сайхан өдөр хулсан сууц руу нуруугаа харуулаад сууж буй жижүүр дэргэдээ Юханнесийг байхгүй бол цэнхэр далайн хязгааргүй уудам мандал дунд зэгсэн ганцаарддаг байлаа. Бичний бараагаар бусад жижиг хавч ум хумгүй зугтаж, ердийн хөлөг онгоц дээрх жоомууд шиг энэ тэр юмны завсар заалхайгаар орж нуугддаг бол Юханнес харин нүхнийхээ үүдэн дээр нүдээ бүлтэлзүүлэн, жижүүр халалцах цагийг хүлээн сууж байдаг гээч. Жижүүрт гарсан хүн болгон Юханнесад гамбирын үйрмэг буюу хэрчим загас авчирч өгдөг бөгөөд Юханнесийг дуудахын ч хэрэгцээгүй билээ. Нүхний нь аман дээр очиж тонгойнгуут л өөрөө гарч ирээд хавчуураа сарвайлган тосно. Ингээд хавчуураараа гар дээрх үйрмэгийг түүж аваад, нүхэндээ эргэж очиж амсар дээр нь сууж байгаад амандаа багтаж ядтал чихэн идэх нь дүрсгүй жаал амаараа дүүрэн талх чихсэнтэй адил,
Жижиг хавчууд сагаж муудаад ялзарсан бэт дээр ялаа шиг шавааралдах буюу эсвэл долгионоор салан дээр хаягдсан планктон түүж гүйлдэнэ. Далайн хамгийн жижиг амьтад болох планктонууд, аврага том амьтад бидэнд ч муу биш хоол болдогсон. Планктоныг бид нэг сайн үмх болохоор түүж аваад залгидаг болж сурсан юм.
Далайн усаар урсгалын эрхшээлд хэрэн хөвж явдаг эдгээр үл үзэгдэх шахам жижиг амьтан бол тун дориун сайн тэжээлтэй хоол мөн нь эргэлзээгүй. Зарим загас, далайн шувуунууд өөрсдөө плантоноор хооллодоггүй ч гэсэн бусад загас, далайн амьтдыг идэж, тэдний идсэн планктоноор хооллодог нь гарцаагүй. Планктон гэдэг бол далайн усны яг гадарга дээгүүр хөвж явдаг нүдэнд үзэгдэгч ба үл үзэгдэгч жижиг амьтдын олон мянган төрлийн ерөнхий нэг нэр юм. Тэдний зарим нь ургамал (фитопланктон), зарим нь чөлөөтэй хөвж явдаг загасны түрсүүд буюу өчүүхэн жижиг амьтад (зоопланктон) билээ. Амьтан планктон ургамал плактоноор хооллож ургамал плактонууд нь үхсэн амьтан планктоны задрахад үүсдэг аммиак, азотын хүчил ба азотлиг хүчлийн нэгдлүүдээр хооллодог юм. Энэхүү хоёр янзын планктон нь бие биеийнхээ тэжээл болдгийн зэрэгцээгээр усан доогуур ба усан дээгүүр хөдлөгч бүх амьтны тэжээл болдог ажээ.
Планктон нь хэмжээгээрээ тун ялимгүй боловч тоо ширхгээрээ хязгааргүй олон юм. Планктон ихтэй ганц аяга усанд хэдэн түмээрээ байдаг. Сэрээдээд авахад юм уу, тор дэгээгээр бариад авахаар том загас олдолгүй тэнгисийн усанд өлсөөд бурхан болж орхисон хүн нэг биш байдаг билээ. Гэтэл тэр хүмүүс загас нь түүхийгээрээ боловч нэн элбэг шөлөн дотор л хөвөөд байсан хэрэг. Тэгээд тэр хүмүүс дэгээ, торноосоо гадна эргэн тойрондоо цалгилагч шөлнөөс шүүгээд идэж орхих шанага шүүртэй явсансан бол тэжээл сайтай сайхан хоол болох планктон олж идэх байж шүү дээ?
Газрын хөрснөөс үр тариа хурааж авах ухаан эрт урьд нэг цагт толгойд нь орсон шиг, хүмүус далай тэнгисийн уснаас планктон асар их хэмжээгээр цуглуулах талаар хэт нь нэг бодох л болно доо. Ганцхан ширхэг тариа хоол болохгүй боловч үй түмээрээ нийлээд хүнс болдог.
Гидробиологич нэг эрдэмтэн ингэж бидэнд сануулаад, бидний барихаар шийдсэн тэдгээр амьтдыг барьж авахад тохирсон тор бэлдэж өгсөн юм. Тэр «тор» нь нэг сантиметр дөрвөлжин талбайдаа хагас түм орчим нүдтэй мяндсан тор байлаа. Юүлүүр хэлбэртэй түүний өргөн амсар нь 45 миллиметр голч бүхий цагриг төмөрт бэхлэгдсэн байв. Top маань салны араас аргамжаатай хөвнө. Олз омог бусад загас барих аргын нэг адил цаг үе байгаа газраас шалтгаалдаг байлаа. Өрнө зүг улам цаашилж, далайн ус бүлээсэх тусам олз багадаж байв. Харин өдрийн цагт планктон усны гүнд ордог учраас олз омог багасаж шөнийн цагт л олз ихтэй байдаг байлаа.
Салан дээр яваа бидэнд цаг өнгөрөөх өөр арга сүвэгч байгаагүйсэн бол бид хэд өдрийг өнжин тэр тор руугаа хамар дүрэх дөхөж явдаг байхсан бизээ. Энэ бол үнэр танарт нь болоод тэр биш, планктонууд харин ч базаахгүй үнэртэй юм. Бас харахад ч хорхой хүрэм эд биш юм шүү. Тэгвэл юунд нь болоод тэр вэ гэвэл нэг учир бий. Торонд орсон планктонуудыг салан дээр гаргаж асгаад, өчүүхэн жижиг тэр амьтдыг энгийн нүдээр ажиглан харахад хэлбэр дүрс, өнгө зүс нь гайхам олон янз билээ.
Энэ бол их төлөв хавч хэлбэрт маш жижиг гарнелиуд (копеподууд) буюу загасны чөлөөтэй хөвөгч түрсүүд байдаг боловч бас загасны авгалдай, дунгууд өнгө өнгийн хөөрхөн жижиг хавчаахай, медокууд болон Уолт Диснейн «Уран сэтгэмжээр» бүтсэн байж таармаар элдэв янзын жижиг амьтад дайралдах бий, зарим нь ус шингэдэггүй целлофон цаасаар хайчилж хийсэн юм шиг эрвэн сэрвэн дүрс хэлбэртэй амьтан, зарим нь өднийхөө оронд хатуу хайрстай, улаан хушуут бяцхан шувуу санаанд оруулна. Планктон ертөнцийг байгаль үнэхээр олон хэлбэртэй бүтээжээ. Энэ ертөнцийг нүдээр үзэж харсан сюрреалист уран зураач хэн боловч хүч чадалгүйгээ арга буюу хүлээхсэн билээ.
Экватороос урагших Гумбольдт хүйтэн урсгал өрнө зүг эргэх үед бид хэдэн цаг болж байгаад торноосоо нэгээс хоёр килограмм планктон гаргаж авдаг боллоо. Торонд бөөгнөрсөн планктон, бор, улаан, саарал, ногоон өнгө өнгө үелүүлсэн тоорт адил үе давхраа болж байх бөгөөд энэ нь бид планктоны ямар шуу талбайд явж өнгөрснөөс шалтгаална. Шөнийн цагт эргэн тойрны ус гэрэлтэн туяарч байгаа үед бол гэрэл цацруулсан эрдэнэс чулууг бид хүүдийлэн байгаа юм шиг санагдана. Тэгээд алган дээрээ тавиад үзэхэд нөгөө их үнэт эрдэнэс маань харанхуйд овоолсон цог адил улалзагч түм буман жижиг амьтад, загасны авгалдайнууд болж хувирна. Ингээд хувинд хийхэд ус нь шүүгдсэн нөгөө есөн шидийн амьтад маань чамин гайхалтай гэрэлтэн задарч галт будаа буцлах мэт харагдана. Шөнийн цагт зайдуухан газраас харахад үнэхээр үзэсгэлэнтэй энэ зүйл ойртоод үзэхэд даанч ой гутмаар даа. Эвгүй муухай үнэр танартай ч гэсэн, хэрэв та тэр гэрэлт будаанаас нэг халбагыг ам руугаа хийж зориглож гэмээж нь л амтаар тийм ч муухай биш гэдгийг мэдэх болно. Хэрэв шүүрэнд гол төлөв бяцхан гарнелиуд орсон бол амтаараа далайн арван хөлт хавч, наймалж буюу креветка хавчийн мах санагдуулна. Харин гол төлөв гүн усны загаснуудын түрс бол амт нь хар түрс, могой загасны махтай төстэй байх бий. Иддэггүй ургамлын төрлийн планктон ихэвчлэн шүүрэнд тогтохгүй устай хамт гараад явчих учир зөвхөн томоохон нь үлдэнэ.
Эдгээрийг гараар бариад ялгаж болохоор байдаг юм. Планктон доторхи хортой зүйлс нь гэвэл ганц нэг цэлцгэр, шилэн бөмбөлөг гэмээр хэлбэртэй хөндий хэвлийтэн, хумсны тольтын чинээ медузууд байдаг. Эдгээр нь гашуун амттай тул шүүж хаяхаас өөр замгүй юм. Бусды нь тэр чигээр нь буюу аль эсвэл цэвэр усанд будаа шиг буцалгаад идэж болдог билээ. Хүн хүний дур өөр өөр байдаг л даа.
Манайхны хоёр маань планктон тун амттай гэнэ, нөгөө хоёр маань яах вэ аятайхан л гэнэ. Харин үлдсэн хоёр маань бараагий нь хараад л ой гутдаг байлаа. Планктон шим тэжээлийн хувьдаа зэгсэн том том дунгаас дутуугүй бөгөөд сайтар амталж, янзалж орхивол далайн амьтдын маханд дуртай хүн бүхний дээд зэргийн хүнс болж чадах нь эргэлзээгүй.
Эдгээр өчүүхэн жижиг амьтад хангалттай калори агуулдгийг адгуусан амьтдын хамгийн том нь байтлаа планктоноор хооллогч цэнхэр халим нотолж байгаа юм. Далайд хөвж явсан нэг халим сахлынхаа завсраар планктон хаман авч усы нь буцаан оргилуулж байхыг харахад түүний дэргэд их төлөв өлсгөлөн загаснуудад зүгээр хоол олж өгдөг бидний шүүх арга ч тун хөөрхийлөлтэй бүдүүлэг санагдаж билээ. Ингээд нэгэн сайхан өдөр нөгөө тор маань ч ус руу далд орж, ор сураггүй алга болсон юм даа.
— Планктоноор хооллодог улс та нар харин түүнээс үлгэр жишээ аваач! Амаараа дүүргэж байгаад л усы нь сахлынхаа завсраар гаргаж орхивол болох нь тэр шүү дээ? гэж Торстейн, Бенгт хоёр ус оргилуулж буй халим руу зааж биднийг ёжлов.
Миний бие халимын барааг холоос, галт онгоц дээрээс харж чихмэл дүрий нь музейд үзсэнээс биш, харин аврага, том энэ амьтдыг адуу юм уу, заан шиг бүлээн цуст адуусан юм гэж бүрэн сайн ухаараагүй л байж. Гэхдээ би биологич хүн болохоороо халим сүүн тэжээлтэн гэдгийг яриагүй сайн мэддэг. Гэтэл халим аль ч талаар аваад үзсэн хүйтэн цуст загас мэт санагддаг. Ингээд тэднийг манай салны араас даган дэргэдүүр маань хөвж байгаа одоо үед бидний бодол нэгэнт өөр болжээ. Нэгэн өдөр салны ирмэг дээр аягаа зайлъя гэвэл эргэж гар сунгаад л гүйцэхээр усанд ойрхон сууцгаан хооллож байтал ар талд маань гэнэт усанд самарч яваа адуу тургих мэт дуугарсанд цочин эргэж харваас том халим уснаас цухуйв. Халим бид хэд рүү ширтэх бөгөөд тун ойрхон зайд байсан болохоор хоншоор нь гялалзтал тосолсон гутлын хушуу шиг тодхон харагдаж байлаа. Хамаг амьтан нь уушиггүй төрж, заламгайгаа ангалзуулан дуу шуугүй амьсгалдаг амьтантай далайн дунд жинхэнэ амьсгаалах чимээ сонсоход тун хачин бөгөөд бид хэдийн нэг адил алс далайд амь зууж яваа балар эртний маань ураг төрөл тэр халим бидэнд их л элэгсэг дотно санагдаж билээ. Хоншоороо цухуйлгаж амьсгаа авах гэж ухаарч үл чадах халиман аврага загасыг бодохоор энэ удаад бидний дэргэд зочлон ирэгч бол амьтны үзмэрийн газрын алиа хөөрхөн ааштай армааны адил хэд дахин сүрхий амьсгалаад (Энэ нь надад тун тааламжтай сэтгэгдэл үлдээсэн юм) ус руугаа орж алга болов.
Халим бид хэд дээр бишгүйдээ л ирж байлаа. Их төлөв далайн жижиг гахайнууд, шүдэт халим сүрэг сүргээрээ эргэн тойронд үзэгдэх боловч бас том том кашалот, бусад аврага халим ганц нэгээрээ буюу эсвэн цөөхүүл үе үе дайралдана. Тэд заримдаа зэгсэн холд толгой дээрээсээ ус оргилуулан хөлөг онгоц лугаа адил хажуугаар өнгөрдөг ба зарим нь шууд бидний зүг ирдэг байв. Лут том халим чиглэлээ өөрчилж, сал руу маань ирэхээр илт шийдсэн анхны тэр нэг удаад бид хэд аюултай мөргөлдөөнд зэхэн бэлдэж билээ. Халим улам бүр ойртож, уснаас үе үе толгойгоо гаргах бүрт нь түүний тасалдсан хүчтэй амьсгаа улам бүр тодхон сонсогдоно. Саръсан баавгай шувуутай төсгүйн адил загастай төсгүй энэ амьтан аврага том биетэй, болхи удаан хөдөлгөөнтэй, хуурай газрын нэг амьтан усан дотор арай ядан явж байх шиг санагдана. Халим бид хэдийн бөөгнөрөөд байсан зүүн ирмэг рүү ойртсоор бөгөөд шургийн орой дээр гарсан хүн маань бас долоон найман халим ирж явна гэж хашгирав.
Эхний халимын гөлгөр том хар дух салны ирмэгт хоёр алхам шахуу ойртож гэнэт ус руу шумбаж алга болов. Ингээд харин нэг харсан чинь яг бидний хөлийн тушаа дор усан дотор хөхөвтөр туяатай хар өнгийн хавтгар өргөн нуруу алгуурхан гулсаж, салан доогуур маань орлоо. Халим салан доор хэсэг зуур хөдөлгөөнгүй харлан хэвтэв. Бид салнаас хавьгүй урт биетэй тэр сүүн тэжээлт амьтны бөгтөр өргөн нурууг амьсгаа даран ажигласаар байлаа.
Тэгж байснаа халим хөхөвтөр усны гүн рүү алгуур живж, бараа харагдахгүй болов. Ингэж байх зуур бусад нь салыг тойрч орхиод байсан боловч биднийг анзаарсан шинжгүй байв. Аврага их хүч чадлаа үзүүлж, халим агнуурын сэлүүрт онгоцыг сүүлээрээ ганц шарваад живүүлдэг тэр халимнуудын зэвүүг хүн л эхлээд хүргэдэг байсан бололтой. Тэр өглөөжингөө бид салын эргэн тойрны, санаанд огт оромгүй газруудад чимээтэйгээр амьсгалж буй халим олж харж байсан боловч тэд сал жолооны сэлүүр хоёрын аль алиныг ч биеэрээ шүргээгүй билээ. Тэд нарны гэрэл цацарсан долгионууд дунд энх тунх билчээрлэж яваандаа сэтгэл санаа бүрэн ханамжтай мэт байлаа. Ингээд бага үдийн алдад ямар нэг дохио сонссон юм шиг сүргээрээ ус руу шумбаж ороод, дахин үзэгдэхээ байсан юм.
Манай салан доогуур халимнаас өөр бусад амьтныг ч олж харж болох байлаа. Дээр нь унтдаг сийрс дэвсгэрээ сөхөж байгаад гуалингуудын завсраар доош харвал, тунгалаг цэнхэр ус үзэгдэнэ. Хэсэг азнавал даливалзан хөдөлж буй хэвлий буюу нурууны сэлүүр харагдаж улмаар загас өөрөө харагдана. Гуалингуудын завсар зай зэгсэн өргөнсөн бол бид хэд түрүүлгээ харан хэвтэж байгаад л дэвсгэр доогуураасаа загас дэгээдэж гаргаж ирээд байхаар байлаа.
Манай салыг алтан макрель, газарч загаснууд бусдаас илүү дагадаг байв. Кальяо боомтоос гарч, Гумбольдтын урсгалд анх ороход алтан макрелиуд бидэнтэй зам нийлж аваад, аялал дуусан дуустал салны эргэн тойронд том том алтан макрель харагдаагүй өнгөрсөн өдөр нэг ч үгүй бизээ. Юундаа тэд тэгж манай салнаас салж чадахаа байсныг бүү мэд.
Цаг үргэлж хөдлөгч дээврийн суүдэр дор хөвж явах нь тийм сонин байсан юм бил үү, аль эсвэл тэд салны гуалингууд, жолооны сэлүүрийн эргэн тойронд цацаглан унжсан замаг, дун бүрээгээр хооллодог байсан ч юм бил үү мэдэхгүй юмдаа. Гуалингуудын доод тал эхлээд нимгэн ногоон давхраагаар бүрхэгдэж, улмаар урт урт ногоон замаг ургасаар «Кон-Тики» маань далайн ямар нэг үсэрхэг амьтантай төстэй болж билээ. Гэтэл тэр ногоон замаг бяцхан жараахайнууд, манай үнэ төлбөргүй зорчигч хавчуудын их л дуртай орогнодог болсон орон юмсанж. Нэг үе сал маань шоргоолжоор дүүрч билээ.
Зарим гуалинд жижиг хар шоргоолж үүрлзсэн байж л дээ. Тэгээд биднийг далайд гарч гуалингуудад ус нэвчин эхлэхэд шоргоолжууд гадагшлан, бидний хөнжил дэвсгэрээр нэг таржээ. Хазахын айхтры нь яана. Бид хэд шоргоолжинд хөөгдөн салаа тэдэнд орхиход хүрдэг юм биш байгаа даа гэж эмээж байв.
Ингээд давалгаан байн байн ирж салы маань угаадаг болоход, шоргоолжууд өөрсдөд муу юм болсныг ухаарсан байх л даа. Тэдний зэгсэн тэсвэр хатуужилтай цөөхөн хэд нь л бидэнтэй хамт далайг гаталсан юм. Хавчнуудаас гадна салан дээр жаргалаа эдэлж явсан амьтан бол далайн нугас билээ. Хоёр хагасаас дөрвөн сантиметр урт биетэй энэ хавч хоногт хэдэн зуу болон ялангуяа салхины нөмөр талд хурдан үрждэг тул нас гүйцсэн нэгийг нь тогоотой шөл рүү илгээж байх зуур л үр зулзага нь өсөж томорч байдаг байлаа. Эдгээр хавчийн мах амт шимт сайтай юм. Бид хоолны хольцонд замгийг хэрэглэдэг боловч харин амтаар базаахгүй байдаг сан. Үнэндээ алтан макрелиудын хооллож байхыг харсан удаагүй боловч тэд үе үе гялгар цагаан өсгийгөө дээш харуулаад салан доогуур яваад орчихдог байсан юм.
Алтан макрель бол гялалзсан тод өнгөтэй, гол төлөв зуугаас зуун гучин таван сантиметр урт, цүдгэр, бүдүүн гэдэстэй, өндөр хүзүү толгойтой загас юм. Нэг удаа бид 143 сантиметр урт биетэй 37 сантимер толгойтой загас салан дээрээ гаргаж билээ. Алтан макрелийн өнгө зүс гайхалтай гоё. Усан дотор явахдаа хар батгана шиг хөх ногоон өнгөтэй, алтан шаргал сэлүүр нь гялалзан харагдана. Харин уснаас гаргаад ирэхэд гайхалтай явдал тохиолддог удаатай. Энэ загас үхэхдээ өнгө нь эхлээд хар хар толботой гялгар саарал болж хувираад эцсийн бүлэгт бүр гялгар цагаан болж орхино. Дөрөв таван минут ийм өнгөтэй байж байснаа дахин зүсээ хувилгаж, анхныхаа өнгөнд орно. Алтан мекрель хамелеон шиг усан дотор ч өнгөө хувиргана.
Бидэнтэй нэг бус удаа тааралдсан зэс өнгөтэй гялтганасан загасыг алтан макрелийн «шинэ дүрс» гэж ойлгоод ойртож үзвээс харин бидний хуучин танил алтан макрель зүсээ хувилгаад байж билээ.
Алтан макрелийн өндөр түнтгэр дух нь усан дотор түүнийг тайга нохой лугаа төстэй болгох бөгөөд тэр махчин бутран зугтсан нисдэг загасны сүргийн араас нэхэн хөөх үедээ ус зүсэгч мина шиг түнтгэр духаараа ус хагалбарлан зүснэ. Алтан макрель сайхан зантай үедээ хажуу бөөрөөрөө эргэж уснаас дээш өндөрт хөөрөн өргүүлсэн бин шиг усандаа буцаж буух бөгөөд ингэж нэгэн жигд завсарлагаатайгаар хөөрөн буух бүрдээ ус үсэргэн босгоно. Ус руу буцаж ормогцоо дараагийн нислэгт үсэрч үелзэх давалгаануудын дээгүүр даргалан дүүлж өнгөрнө.
Харин муухай зантай байх үедээ жишээлбэл барьж аваад салан дээр татаж гаргах үед хазна. Торстейн маань хөлийнхөө эрхий хурууг бандайтал нь боогоод хэд хоног доголон явж билзэ. Амандаа орсон түүний эрхий хурууг цаад амьтан нь ердийнхөөсөө арай чанга хазаж хэдэн шүдээ шигтгээд авч самбаачилжээ. Алтан макрелиуд усанд шумбаж байсан хүн рүү дайрч, барьж идсэн ч удаатай гэж бид нутагтаа буцаж ирсэн хойно сонсож билээ. Алтан макрелийн сүрэг дунд өдөр болгон шумбадаг байсан мөртлөө тэдний сонирхлыг нэг их татдаггүй байсан бидэнд энэ үг гойд үнэмшмээр юм биш байсан. Тэгэхдээ ходоодноос нь бүхэл бүтэн кальмар, нисдэг загас гардаг байсныг бодоход алтан макрель аюултай махчин амьтан мөн нь яриангүй.
Нисдэг загас бол алтан макрелиудын амтат зууш билээ. Усан дээр ямар нэгэн юм гялтганавал ч хөөрхий нисдэг загас гэж бодоод л ухасхийх нь тэр дээ. Өглөө босож нойрмогоороо амьтан гар нүүрээ угаах санаатай мунгинаж байж шүднийхээ сойзыг усанд унагаж орхиод салан дороос хар эрчээрээ шуугин гарч ирж шүдний сойзонд хоншоороо хүргээд урам нь хугарсан янзтай мушилзаж буй алд илүү загаснаас цочин сэрж босон харайх явдал хэний янаагүй л тохиолддог байлаа. Салны ирмэг дээр өглөөнийхөө зоогийг зооглон тайван сууж байтал алтан макрель уснаас үсэрч хажуугаараа хачин хүчтэй буухдаа далайн ус цалгилуулж бидний зоогийг услан аяга руу минь ус үсэргэж орхих үе ч тохиолдоно.
Нэг удаа үдийнхээ хоолыг идээд сууж байтал Тростейнд маань анчны хамгийн ер бишийн яриа хөөрөөнд л байж болох нэг сонин явдал учирлаа. Тростейн гэнэт сэрээгээ тавин ар тийшээ эргэж тэнгисийн ус руу гараа дүрэв. Бид хэдийг юу болсныг ойлгож завдан байтал ус булгилж, том гэгчийн алтан макрель бидний дунд тэлчигнэж байлаа.
Тростейн хажуухнаараа хөвж явсан өөшийн шижмийн үзүүрээс бариад авч л дээ. Шижмийн дэгээтэй нөгөө үзүүр хэд хоногийн өмнө Эрикийн шижмийг тас зүтгэсэн нөгөө алтан макрелийн аманд явжээ.
Долоо найман алтан макрель салы маань тойрон дагахгүй өдөр бараг л байдаггүй байлаа. Бүрхэг өдөр хоёр гурав хүртлээ цөөрөх боловч маргаашдаа гуч дөч болж орхих нь тэрдээ. Шинэхэн загас зооглоё гэвэл хоолны өмнөхөн тогоочид хэлж орхивол гүйцлээ. Тогооч маань богинохон хулсан савааны үзүүрт бэхэлсэн шижмийн үзүүр дэх дэгээнд нисдэг загас нэгийг хоёр хувааж өлгөөд л ус руу шидэж орхино. Алтан макрель ч нүд ирмэх зуур гарч ирнэ. Толгойгоо уснаас цухалзуулан дэгээний хойноос хөөж буй түүний араас бас хоёр гурав дагаж харагдах вий. Хамгийн зугаатай агналт гэдэг чинь ёстой л энэ дээ. Уснаас дөнгөж сая гаргаж ирсэн алтан макрелийн мах зажлууртайн дээр сагамхай, хульт хоёр загасных лугаа адил амттайхны нь яана. Бас хоёр хоногтоо л муудна гэж ярихгүй дээ. Гэвч далайн ус загасаар хүрэлцээтэй болохоор түүнээс удаан хадгалах хэрэг бидэнд юу байхав дээ.
Харин газарч гэдэг загаснуудтай бол бид өөрөөр танилцсан юм. Тэднийг бид амь бие үрэгдсэн аврага загаснаас үрчилж авдаг байлаа. Анх биднийг эргээс холдмогц эхний аврага загас угтан уулзсанаас хойш тэд байнгын гийчид маань болсон юм.
Аврага загасны зарим нэг нь манай салыг нэг хоёр удаа тойрсноо олз хайн цааш явж оддог байлаа. Гэхдээ л их төлөв жолооны сэлүүрийн яг ар талд чимээгүй хяран хэвтээд, салны маань хоёр ирмэгийг ээлжлэн харах бөгөөд аажимхан хөвж буй салнаас хоцрохгүйн тулд хааяа нэг сүүлээ мушилзуулна. Усны гадаргатай нэг хэмжээнд яваа аврага загасны хөх саарал нуруу нарны туяанд, боровтор юм шиг санагдан, давалгаанд дээш доош болоход сэрвээ нь уснаас сүртэй цухалзаж харагдана. Далай шуургатай үед аврага загас давалгаанд салнаас хамаагүй дээр өргөгдөн, үргэлж том амны нь өмнө явдаг жижиг газарчуудынхаа хамт бидэн рүү ирж яваа харагдах нь тун ч аймаар ажээ. Энэ үед бид түүнийг шилэн савтай усан дотор хийж орхисон юм шиг ёстой нэг сайн харж авдаг байлаа. Ингээд аврага загас, сагсгар биет газарчидтай хамт салан дээр гараад ирлээ шүү гэж бодохын зуур сал маань нөгөө тийшээ сүрхий хазайж, давалгааны хяр дээр гарч цаад руу бууж орхино.
Эхлээд бид нэр төртэй, аймаар байр байдалтайд нь болоод аврага загас болгоныг их л хүндэлдэг байлаа. Тэр аяараа ган булчин болсон шувтан бие нь асар их хүч чадал агуулснаас гадна, муурынх шиг жижиг ногоон нүдтэй, хөл бөмбөгийн бөмбөг элбэг орж орхихоор том амтай өргөн хавтгар толгойг нь харваас ер бишийн ховдог амьтан гэдэг нь аргагүй л мэдэгдэнэ. Жолооны сэлүүрийн дэргэд жижүүрлэж байсан хүнийг «баруун талд аврага загас» гэж эсвэл «Зүүн талд аврага загас» гэж хашгирахад бид хэд дор бүрийдээ гар жад, сэрээ шүүрэн авч салныхаа ирмэг дээр эгнэн жагсдаг байлаа. Аврага загас их төлөв биднийг тойрон, анир чимээгүй, салны гуалинд сэрвээнийхээ сэлүүрийг хүргэх шахам эргэлдэнэ. Нэгэн удаа ар шилний нь зүлгүүр чулуу гэмээр хуяг руу шааж орхих санаатай чулуудсан сэрээ маань хальт үсэрч, гаргаад ирсэн чинь нарийн гоймон шиг гулзайсан байсан бас туйлж байгаад жадны маань үзүүрийг хугалж орхисноос нь хойш бид тэднийг бүр ч их биширдэг болсон юм. Сэрээ, жад маань арьсы нь цоолж чадаж гэмээж нь ч харин ёстой л нэг тулалдаан болдог гэж байгаа даа. Эргэн тойрны ус оволзон буцалж байснаа аврага загас бидний гараас шувт татуулж, усны гадаргуу дээр хэсэг тослог толбо үлдээж орхиод алга болдог банлэа.
Бид хэд үлдсэн ганц жадаа хайрлахдаа хамгийн том дэгээ хэдийг нийлүүлэн баглаж, өөшинд нь бүхэл бүтэн нэг алтан макрель хэрэглэх боллоо. Ингээд шижмий нь олон салаат ган аргамжаар сольж, нөгөө үзүүрий нь аврах оосрынхоо үзүүрт бэхлээд, өөшөө ус руу хийж орхиход аврага загас аажим мөртөө шийдэмгий ойртож ирээд уснаас толгой цухуйлгаж, хавирган cap хэлбэртэй том амаараа алтан макрелийг ганц үмхэн залгиж орхино. Хөөрхий чинь ингэж нэг бидний гарт ордог байгаа даа. Ширүүн тулалдаан эхэлж, аврага загас эргэн тойрны маань усыг хөөсрүүлэхэд бид аргамжаас байдгаараа зуурч, айхавтар тэр амьтныг салны ирмэг гуалинд тултал татаж авчирна. Aвpara загас цааш юу болохыг хүлээж, биднийг айлгах гэсэн мэт хөрөөний ир шиг хурц цагаан шүдтэй том амаа ангайлган хэвтэнэ. Цаанаас үелзэн ирсэн давалгаан түүнийг замагтаж гөлгөр болсон гуалингууд дээр гаргаж орхих үед бид сүүлээр нь оосорлож аваад, ум хумгүй холдоод догшин бүжиг дуусахыг хүлээдэг байлаа.
Эхний нэгийг өвчиж байгаад, хэдэн өдрийн өмнө хугалуулсан нөгөө жадныхаа үзүүрийг биенээс нь олж энэ маань шархтай болоод л нэг их эсэргүүцэж чадсангүй бололтой гэлцэж түүнээс хойш бас хэдийг шинэ аргаар хялбархан агнаж билээ «Хэн нь хэнийгээ» гэдэг ийм үзэлцээнд бид хэд нь ган аргамжаасаа сөөмийг ч алдалгүй чанга татаж чадаж гэмээж нь аврага загас хичнээн ч тийчилж чаргуулдаад нэмэргүй болж, нөгөө лут их хүч чадлаа бүрэн гаргаж чадалгүй номхордог байна. Бидний салан дээр чирч гаргасан голдуу хоёроос гурван алд цэнхэр, бор аврага загас байх бөгөөд тэр аяараа булчин болсон биеэ бүрхсэн арьс нь жигтэйхэн хатуу, хутгаар цоолохын тулд байдаг чадлаараа далайж байж буулгах хэрэгтэй болдгоос гадна, хутга маань тэр болгон орохгүй хальтардаг байлаа. Хэвлий нь арьс ч нурууных шигээ юунд ч даагдашгүй цорын ганц эмзэг газар нь гэвэл толгойн хоёр хажууд тав таваараа байрласан байдаг заламгайн дэлбэнгүүд билээ.
Бидний салан дээрээ гаргаж ирсэн аврага загаснуудын биенд нялцгар, хар прилипал (наалдлаг хорхой) хэд хэдээрээ наалдаатай байдаг байлаа. Зулайн дээрх зууван хэлбэртэй хөхүүлээрээ аврага загасны биеэс зуурч орхисон тэр хорхойг бид сүүлнээс нь байдгаараа угзраад салгаж дийлддэггүй байхад харин тэд дураа хүрвэл нүд ирмэхийн зуур байраа өөрчилж орхино гээч. Хуучин эзнээ ус руугаа буцаж орох шинжгүйг мэдээд түүнээс салж, шинэ эзэн олж авахын тулд салны гуалингуудын завсар руу үсрэн орно. Ингээд аврага загас дайралдахгүй бол өөр бусад загасны биенд наалдаад авна даа. Энэ хорхой зарим нь хурууны хиртэй, зарим нь сайн төө том жижиг байдаг байлаа. Бид энэ хорхойг амьдаар нь барьж авч полинезчуудын хуучны догь нэг аргыг хэрэглэж үзье гэж бодлоо. Полинезчууд энэ хорхойг барьж аваад сүүлнээс нь сайн оосорлож ус руу тавьдаг байж л дээ. Ингээд аль дайралдсан загасандаа наалдангуут нь самбаатай загасч загастай нь хамт угз татаад гаргаад ирдэг юмсанж. Бидэнд харин тийм завшаан тохиолдоогүй билээ. Бидний оосорлож байгаад ус руу тавьсан хорхойнууд маань мундаг том аврага загас байна гэж бодоод, салны гуалингуудын аль нэгэнд наалдаж орхидог байлаа. Иигээд хичнээн ч хүчлэн угзравч салдаггүй байв. Төдөлгүй манай сал тийм жижиг прилипал хорхой ззгсэн олонтой болж, тэд маань гуалингуудын доод талын хавчнуудын дунд наалдсан хэвээрээ бидэнтэй хамт Номхон далайгаар аялсан билээ.
Наалдамхай тэр хорхойнууд тэнэг, муухай гэдэг нь аргагүй учир хөгжөөнтэй газарч загаснууд шигээ бидний хайртай нөхөд болж огт чадаагүй юм. Газарч загас буюу лоцманууд бол аврага загасны амны өмнөхөн нь хушуурч явдаг, алаг хулан шиг эрээн мяраан болж ирээд, янжуур тамхирхуу хэлбэртай жижиг загас билзэ. Энэ загас дээр үед дэлгэрсэн онол бодлоор харалган эзэндээ усан дотор зам зааж явдаг учир газарч гэдэг нэр авсан ажзэ. Үнэндээ тэд аврага загастай хамт явдаг бөгөөд ямар нэг хоол олж харвал өөрсдийн зоргоор салан оддогоос гадна эзэндээ прилипал хорхой шиг наалдаж явдаггүй учир аврага загас гэнэт уснаас дээш дүүлэн одож, эргэж ирэхгүй бол гайхаад л хоцордог байлаа. Энэ үед тэд эзнээ эрж ийш тийш гүйлдэж байсаар аврага загасны гарч ирсэн салны ирмэгийн тушаа ирж цуглардаг байлаа. Ингэж хичнээн хулээвч аврага загасаа эргэж ирэхгүй болохоор тэд шинэ эзэнтэй болохоос өөр аргагүй болж «Кон-Тикийн» бөөрөнд л хоргодоно доо хөөрхийс минь.
Заримдаа салны ирмэг дзэр түрүүлгээ харж хэвтээд тунгалаг ус руу толгойгоо дүрж харахад салны маань доод тал далайн ямар нэг том амьтан шиг санагддаг байлаа. Жолооны сэлүүр тэр амьтны сүүл нь, шаантаг банзнууд үзүүр мохоотой сэрвээнүүд нь юм уу гэмээр санагдана. Банзнуудын хоорондуур бидний аврага загаснаас үрчилж авсан жижиг загаснууд ус буржигнуулж буй хүний толгойг огт анзаарсан янзгүй сүрэглэн явна. Хааяа бидний хамар руу ирж мөргөсөн ганц нэг нь шалавхан хажуу тийшээ зайлаад эцэж цуцахыг мэддэггүй самардагч бусадтай очиж нийлэн тайвширч орхино.
Манай газарч загаснууд хоёр хэсэг болон харуулдаж явдаг байлаа. Нэг хэсэг нь шаантаг банзнуудын хоорондуур, нөгөө хэсэг нь салны хушууны өмнөхөн хушуу жагсаалаар журамтай явнэ. Үүгээр түүгээр идэж уух юухан шуухан юм хөвж явбал нөгөөдүүл маань тэр зүг хушууран очно. Бид хооллож дуусаад сав суулгаа далайн усаар угаах үед эрээн мяраан жижиг загас, тамхи хэдэн авдраар асгаж орхисон юм шиг болдог байлаа. Газарчууд сав суулганаас унасан юухныг боловч шиншиж үзэлгүй өнгөрөөдөггүй байлаа. Ургамал ногооны л зүйлтэй юм биш бол залгиж орхих нь тэр дээ. Инээдтэй энэ жижиг загаснууд манай салын доогуур, өөрсдий нь яагаад ч тэр юм эцэг ёсоор үздэг аврага загас шигээ бодож итгэл төгс дагана. Газарч загас «Кон-Тикийн» хайртай амьтан болж, тэдэнд rap хүрэхийг хориглосон «жаяг» батлав.
Манай дагуулуудын дотор хүүхдээрээ ч амьтад байдаг байлаа. Газарч загас уртаараа их төлөв арван таван сантиметр байдаг бол тзр хүүхдээрээ нэг нь хоёр сантиметрээс хэтэрдэггүй байв. Эрикийн чулуудсан жад дагзны яс руу нь шигдэж аврага загас нүд ирмэхийн зуур дүүлэн одоход түүнийг дагаж явсан газарч загаснуудын ихэнх нь дийлэгчийн талд орсон билээ. Тэд жаран сантиметр хиртэй урт байлаа. Ингээд «Кон-Тики» удаа дараагаар дийлэх болгонд 40 — 50 газарч загас шинээр нийлж, салны нэгэн жигд намуухан хөвөлт, өдөр тутмын хоолны үлдэгдэл санаа сэтгэлд нь бүүр ч зохилдсон учир далайн мянгаад бээр замын туршид биднийг дагасан билээ.
Гэхдээ тэд бас л урваж шаравдаг байсан юм. Нэгэн өдөр намайг жолооны дэргэд зогсож байтал салны өмнөх ус буцлах мэт боргилж сүрэг алтан загас торпед онгоц шиг гялалзан довтолж явлаа. Алтан макрелиуд голдуу наадан, уснаас үсэрч, хавтгай хажуугаараа буцаж буусаар ойртож ирдэг бол харин энэ удаад хачин хурдан, бараг агаараар нисэн ирж явлаа. Далайн цэнхэр мандал эмх замбараагүй зугтагчдын хөдөлгөөнд цагаан хөөсөөр оволзож, араас нь ямар нэг амьтны бараан сэрвээ моторт хурдан завь шиг хурдалж байлаа. Ухаан жолоогүй зугтаж явсан зуу шахам алтан макрель ойртож ирээд ус руугаа шумбан салан доогуур маань гарч, дорно зүгийг чиглэн одлоо. Манай салны ирмэгний цаад ус тэр аяараа гялалзсан шар өнгөтэй болсноо дорхиноо л хэвэндээ болов. Нөгөө хөөж явсан том амьтны гялалзсан нуруу уснаас бараг тал хувь нь цухуйж явснаа, салан доогуур сайхан шумбаж өнгөрөөд алтан макрелиудын араас шуугиж одлоо. Тэр бол уртаараа лав л зургаан метр лут том цэнхэр аврага загас байв. Түүний араас бидний хайрт газарч загаснуудын бараг тал хувь нь дагаад арилна. Далайн зэгсэн хүчтэй баатрын бараа хараад түүнтэй ганзага нийлүүлсэн нь тэдэнд дээр шиг бодогдсон бололтой.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 3:37 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm
Бичлэгүүд: 422
Баярлалаа баярлалаа

_________________
Х Ү С


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 3:48 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Мэргэжилтнүүдийн захиж байснаар бидний сэрэмжилбэл зохих далайн хамгийн аюултай амьтан бол кальмар байлаа. Тэр амьтан салан дээр гараад ирж чаддаг ажээ. Вашингтон дахь газар зүйн үндэсний нийгэмлэгт байхад маань бидэнд тайлан сэлт танилцуулж, магнийн гэрлийн тусламжтайгаар авсан аймшигт гэрэл зургууд үзүүлж билээ
Тэдгээр зургаас үзэхэд шөнийн цагт усны гадарга дээр гарч ирдэг махчин кальмар Гумбольдт урсгалын нэгэн районд элбэг байдаг нь тодорхой байсан юм. Кальмар бол нэг нь хумсын чинээ махнаас болж дэгээнд өртөж орхивол нөгөө нь тэр даруй гарч, баригдсан нөхрөө иддэг ховдог амьтан юм. Тэд мундаг тэмтрүүлийнхээ тусламжтайгаар аврага загасыг амий нь хороож, халимын биенд хүртэл айхавтар шарх сорви суулгаж чаддаг бөгөөд тэмтрүүлүүдийн нь дунд бүргэдийнхээс дутуугүй лут хушуу байдаг ажээ.
Кальмарууд шөнийн цагт усан дээр оч шиг ногоон нүд гялалзуулан хэвтэж байж мэдэх бөгөөд, салан дээр гарахаасаа залхуурлаа ч гэсэн тэмтрүүл нь салны аль ч өнцөг буланд хүрнэ гэж бидэнд сануулж байсан юм. Харанхуй шөнө хүйтэн тэмтрүүл хүзүүгээр ороон авч, уутан хөнжлөөс маань сугалаад авахыг хэн байг гэх билээ дээ. Иймээс бид шөнө хүйтэн л юм биедээ хүрвэл цочин сэрж, хүн бүрт нэг нэг байдаг том балиусаа шүүрэн босдог байлаа. Эргээс холдсоноос хойш, ялангуяа Перуд суудаг далайн эрдэмтэд тэр тухай бидэнд ярьж хамгийн аюултай газрууд гэж тэмдэглэсэн тэмдэг нь яг Гумбольдт урсгал дагууд тавигдсан газрын зураг үзүүлснээс нь хойш кальмарын тухай бодол бид хэдийг бүр ч зовоодог болсон билээ.
Салан дээр ч, усан дотор ч кальмар байгаагийн шинж тэмдэг мэдэгдэлгүй зэгсэн удлаа. Гэтэл одоо л дайралдаж эхэлнэ дээ гэсэн анхны дохиог нэгэн өглөө хүлээж авлаа.
Нар жаргахын хирд салан дээр маань кальмарын төрөл садан бололтой муурын чинээ жижиг зулзага хэвтэж байлаа. Тэр зулзага шөнө салан дээр хэний ч туслалцаагүй гарч ирээд, биднийг үзэхэд харин тэмтрүүлээрээ сууцны маань үүдний хулсан баганыг ороогоод үхчихсэн байлаа. Өтгөп хар шингэн хулсан дэвсгэр дээр гоожиж, кальмарын ойр хавийг будсан байв. Бид тэр бэх шиг хар шингэнээр хөлөг онгоцныхоо дэвтэр дээр хэдэн хуудас бичиж, үхсэн зулзагыг алтан макрелиудын олз болгон ус руу чулуудав.
Ингээд бид ялимгүй энэ явдал бол шөнө зэгсэн том гийчидтэй учрах дохио доо гэлцэв. Зулзага нь л салан дээр гараад ирж чадсанаас хойш өлсгөлөн томчууд нь яриангүй гараад ирнэ шүү дээ. Бидний элэнц хуланц эрт балар тэр үед өөрсдийн салаар аялж явахдаа яг л бидэн шиг айн түгшиж, далайн савдгийн тухай л боддог байсан бизээ. Гэтэл дараагийн нэг үйл явдал биднийг бүр самууруулж орхив. Нэг өглөө боссон чинь дал модны навчсаар хийсэн дээвэр дээр түрүүчийнхээс жижиг бас нэг зулзага үхсэн байлаа. Бид ч бүр сэтгэл түгшлээ. Бэх адил хар шингэн цуварсан дуссан өөр газаргүй, зөвхөн дээврийн дунд тэр зулзагын эргэн тойронд л тунарсан байлаа. Ингэхлээр тэр зулзага өөрөө дээвэр дээр авиран гарсан байж таарахгүй байлаа. Далайн ямар нэг шувуу авч яваад унагаж орхисон юм уу гэхэд бие нь ямар ч шарх сорвигүй байв. Давалгаанд шидэгдээд дээвэр дээр хаягдчихсан юм уу гэхэд тэр шөнийн жижүүр ямар ч салхи шуурга гараагүй, давалгаан босоогүйг сайн мэдэж байлаа. Ингээд хэдэн өглөө алгасалгүй салан дээр зулзаган кальмар гарч ирсэн бөгөөд тэдний хамгийн жижиг нэг нь дунд хуруун чинээ байж билээ.
Төдөлгүй бид дасаж орхиод далай тайван хоносон өглөөд ч гэсэн нисдэг загаснуудын хамт салан дээр хоёр гурван жижиг кальмар хэвтэж байхад тоохгүй боллоо. Энэ жижиг зулзаганууд бол бидний хүмүүсээс дуулж сонссон нөгөөх аюулт төрлийн кальмарынх байлаа. Эргэн тойрондоо дүгрэг хөхүүлүүдтэй найман урт, үзүүр дээрээ өргөс хэлбэрийн дэгээтэй бүр ч урт хоёр, нийт арван тэмтрүүлтэй ажээ. Харин том кальмар салан дээр гарч ирэхгүй л байв. Шөнийн цагт усны яг гадарга дээгүүр аажуухан хөвөгч гялгар гэрлүүд үзэгддэг байлаа. Гэтэл цорын ганц удаа эргэн тойрны ус буцлан бургилж том дугуй шиг нэг амьтан агаарт эргэлдэхэд алтан макрелиуд маань зарим нь уснаас үсчин зугтаж эхлэв. Багууд нь шөнө болгон гарч ирээд байхад том кальмар яагаад салан дээр нэг ч удаа гарч ирэхгүй байгаа нь бидний хувьд учир үл олдох зүйл байлаа. Ингээд бүтэн хоёр сарын дараа зэгсэн хал үзэж хашир суусан хойноо л бид учрыг олсон юм. Тэр үед бид кальмарын үүр болсон өөдгүй районы хилээс гараад байсан юм.
Бага кальмарууд салан дээр гарч ирсээр л байлаа. Нарлаг нэг өглөө гялалзсан биетэй сүрэг амьтан уснаас үсрэн агаарт дүүлж байгаа нь борооны том том дусал шиг санагдлаа. Гэтэл тэднийг хөөж яваа алтан макрелиуд ус боргилуулав. Эхлээд бид нисдэг загаснууд л юм байлгүй гэлцэж байлаа. Яагаад гэвэл нисдэг загас гурван ч янзын төрөл байдаг нь бидэнд нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Гэтэл гялалзсан амьтад ойртоод, зарим нь салан дээгүүр маань бүтэн хагас метр өндөр үсрэн нисэж эхлэх үед тэдний нэг Бенгтийн маань хэнхдэг рүү мөргөж салан дээр унав. Харсан чинь жижиг кальмар хэвтэж байв. Бид хэд гайхсан гэдгийг яана. Ингээд барьж аваад брезентэн хувинд хийсэн чинь гарах санаатай цовхорсоор л байлаа. Гэхдээ хувин жижиг учир зай нь давчдаад, хангалттай хурд авч чадахгүй хувинтай усны тал дунд хүртэл цовхорч байв. Кальмар тийрэлтэт онгоцны маягтайгаар усанд самардаж явдгийг хэн бүхэн мэдэх билээ. Тэр хажуу талынхаа таглаатай гуурсаар ус хүчтэй шахан гаргаж гэдрэг тийрэн их хурдан хөдөлдөг бөгөөд тэмтрүүлүүдээ толгой дээрээ хумиад загас хэлбэртэй болдог ажээ. Хоёр хажуугий нь зузаан далбагар арьс гол төлөв усанд тайван хөвөх, зүг чигээ өөрчлөх хэрэгсэл болж өгдөг юмсанж.
Гэтэл бас ихэнх том загаснуудын амттайхан зууш болдог хөөрхий жижиг кальмарууд нисдэг загас шиг агаарт дүүлэн дайсны амнаас мултарч чаддагийг бид нүдээрээ харсан хэрэг шүү дээ. Кальмаруудын тэр тийрэлтийн хүч ашигладаг аргыг суут ухаант хүн хожим хожим нь бодож олоод тийрэлтэт онгоц бүтээжээ. Кальмар далайн усыг биедээ хурааж байгаад гадагш гаргаж асар их хүч хуримтлуулж авсан хойноо, хоёр хажуугийнхаа далбагар арьсыг далавч адил дэлгэн усны гадаргаас ташуу замаар хөөрөн дүүлнэ. Ингээд тэр нисдэг загас шиг өмнөөсөө цойлох давалгаануудыг нэг нэгээр нь даван бууж жигд үсрэлттэйгээр хуримтлуулсан хүчээ барагдтал ниснэ. Түүнээс хойш бид бүр ч их анхаардаг болж ганц ганцаараа буюу хоёр,гурваараа нийлэн 45 —55 метр зайд дүүлэн нисэж чаддагийг нь мэдэж авав. Кальмарын тэгж жигд үсрэлттэйгээр нисэж чаддагийг буцаж ирээд ярихад бидэнтэй дайралдсан амьтны аймаг судлагч болгон гайхан сонирхож билээ.
Би Номхон далайн арлууд дээр оршин суугч айл хунараар орохдоо кальмарын мах идэж үзсэн арван хөлт хавчийн маханд сунадаг хольж орхисон юм шиг л амттай мах байдаг шүү. «Кон-Тики» дээрээ бид кальмарыг бараг тоодоггүй байлаа. Өөрсдөө үнэ төлбөргүй гарт ороод ирсэн нэгий нь өөр арай дээр махаар сольдог байлаа. Солино гэдэг чинь юу гэсэн үг вэ хэнтэйгээ тэр билээ гэж гайхах хэрэггүй. Бид кальмараа дэгээдэж далайн ус руу шидчихээд хэсэг болсны дараа түүнийхээ хамт том гэгчийн загас нэгийг гаргаж ирдэг байсан юм. Жижиг кальмарт бонит, тунецүүд дуртай нь аргагүй бөгөөд энэ хоёр бидний зэгсэн дээгүүр хоол байлаа.
Бид далайн усанд тааваараа хөвж явахдаа шинэ танил олонтой боллоо. Үүнийг миний тэмдэглэлийн дэвтрийн хэдэн хуудсыг эргүүлж үзээд л мэдэж болно.
«11/5 өнөөдөр биднийг салны ирмэг дээр хоолоо идэж суутал хажуухан талд маань ямар нэг том амьтан хоёр ч дахин уснаас цухуйв. Тэр амьтан ус аймаар цалгиулаад алга болов. Ямар амьтан болохы нь бид мэдсэнгүй.
6/6. Герман маань шувтан сүүлтэй, өргөстэй, өргөн цагаан хэвлийтэй хар бараан өнгийн бүдүүн том загас харжээ. Тэр загас баруун талын ирмэгийн цаахна уснаас хэд дахин цухалзав.
16/6. Зүүн талын ирмэгийн цаахна сонин загас үзэгдэв. Хоёр метр хиртэй урт, хамгийн бүдүүн газраараа 30 сантиметр, толгой нь урт гонзгор, боровтор өнгөтэй, толгойныхоо арханд том сэрвээтэй, нурууны дунд хирд багавтар бас нэг сүүлэндээ гар хадуур хэлбэрийн хүчит сэрвээтэй ажээ. Уснаас арай цухуйхгүй байж байснаа үе үе могой загас шиг мурилзан хөдөлнө. Герман бид хоёрыг гар жадаа авч сунадаг завиар ойртон очих үед усны гүн рүү шумбав. Хойхно нь бас нэг үзэгдсэн боловч төдөлгүй шумбаж, дахин ер харагдсангүй.
17/6. Эрик маань үдийн хирд шураг дээр сууж байгаад өчигдрийнх шиг бор өнгөтэй, урт нарийхан 30—40 загас харжээ. Энэ удаад тэр загаснууд зүүн талаас хурдан ойртон ирж явснаа салны ирмэг доогуур шумбаж алга болов.
18/6. Кнут маань 60—90 сантиметр урт, могой шиг нарийхан нэг амьтан үзжээ. Тэр амьтан усны гадаргаас доохно нэг тахиралдаж нэг сунаж байсаар могой шиг мушилзан шумбаж алга болов.
Заримдаа бид том багаараа гэрийн буурийн чинээ хөдөлгөөнгүй хар юмны дээгүүр хөвөн өнгөрдөг байлаа. Холоос харахад усан доторхи хад юмуу гэж санагдмаар. Бодвол нэр тун муутай аврага том скат загас байсан нь биднийг хажуугаараа өнгөрөхөд огт хөдлөөгүй юмсанжээ. Бид хэлбэр байдлы нь олигтойхон ажиглаж харахаар ойртож очоогүй.
Иймэрхүү есөн шидийн амьтан орогносон далайн усаар явж буй бидэнд цаг түргэн өнгөрдөг байлаа. Харин салныхаа доод талын уяа бэхлээ ямар байгааг шалгаж үзэх хэрэг гарч өөрсдөө ус руу шумбана гэдэг л зэвүүхэн зүйл дээ.
Нэгэн өдөр шаантаг банзнуудын маань нэг доошоо сугарч салан доогуур уяа таталгатай орооцолдсон учир бид дээш нь татаад татаад гаргаж авч чадсангүй. Усанд сайн шумбадаг маань Герман Кнут хоёр. Герман хоёр ч удаа ус руу шумбаж алтан макрель, газарч загаснуудын дунд орж. банзаа гаргаж ирэхийг оролдов.
Хоёр дахь удаагаа уснаас гарч ирээд, салныхаа ирмэг дээр амьсгаа дарж суутал нь ердөө л гуравхан метр зайд хоёр метр хагас аврага загас усны гүнээс яаралгүй гарч Германы хөлийн хуруу руу чиглэв. Бид аврага загасыг дэмий хардаж сэрдсэн ч байж болох юм. Ар дагз руу нь гар жад шигтгэж орхисон чинь усан оргилуур өдий төдийгөөр босож тэмцээн эхлэв. Эцсийн бүлэгт аврага загас усны гадарга дээр тослог толбо үлдээн алга болов. Ингээд салан доогуур орооцолдсон банз маань тэр хэвээрээ хоцорсон юм.
Эрик сагс үйлдэж, түүн дотроо сууж ус руу орох арга бодох боллоо. Бидэнд материал ховор боловч хулс урт богино оосроос гадна бэт агуулаатай хуучин модон сагс байв. Ингээд бид хулс залгаж гөрсөн оосроороо хуучин cагсaa өндөр болгоод дотор нь сууж усанд орох боломжтой боллоо. Загасны хорхой хөдөлгөдөг хоёр хөл сагсны ёроолд далдлагдаж, оосрон залгаа маань бидний болоод загасны сэтгэл хуурсан төдий зүйл байсан хэдий боловч хорон санаа өвөртөлсөн ямар нэгэн амьтан дэргэдүүр өнгөрөх үед сагсан дотор суугаа хүн шалавхан доошоо нугдайн салан дээр үлдсэн бусад нь түүнийг даруй уснаас татаж авдаг байлаа.
Тэр сагс бидэнд ашигтайгаар барахгүй, зугаагаа гаргах хамгийн аятайхан байр болж хувирав. Туүн дотор сууж судлах ажлаа тухтайхан үйлдэж болдог боллоо.
Далайн ус тайван давалгаалж буй үед бид ээлжээр сагсан дотроо сууж уснаа амьсгалах агаараа дуусан дуустал байдаг болов. Усан дотор гэрэл нэг хачин өөрөөс гадна аливаа юм үл сүүдэртэнэ. Усан дээрх ертөнцөөс ялгаатай нэг зүйл гэвэл ус руу оронгуут л нар алга болж орхино. Гэрлийн хугарсан цацрагууд, зөвхөн дээрээс ч биш, дороос тусна. Нар ганц биш олон болсон юм шиг газар сайгүй харагдана. Салаа доороос нь харахад ёроол нь учиргүй гэрэлтэн есөн бүдүүн гуалин, салны эргэн тойрон жолооны сэлүүр энд тэндгүйгээс салбайн унжсан гялгар ногоон замаг лугаа хамт намилзан унжиж харагдах бэхлээс уяа татлагын үзүүрүүд нэгд нэгэнгүй л ер бишийн гэрлээр туяаран гэрэлтэнэ.
Алаг тахь шиг эрээн мяраан газарч загаснууд журамтай эгнэн хөвж, идэш хайсан мундаг том алтан макрелиуд эцэж цуцах шинжгүй бөгөөд хянамгай нь аргагүй тойрон эргэлдэнэ. Гуалингуудын завсраар доош цухуйн, усанд дэвтэж пэмбэгэр улаан болсон банзнууд тал талаасаа гэрэлтэх бөгөөд тэдэн дээр далайн цагаан нугаснууд цацаг хэлбэрт шар заламгайгаа жигд сагсалзуулан хооллож харагдана. Ямар нэг амьтан ойртон очиход тэд улаан, шар өнгийн эмжээртэй дунгаа шалавхан хамхиад, аюулгүй боллоо гэж лавтай сайн мэдэхээсээ нааш үүд хаалгаа үл нээнэ. Усан дотор гэрэл гайхалтай өөр бөгөөд удтал салаар явж халуун орны наранд дассан бидэнд их л тааламжтай нөлөөлдөг байлаа. Мөнхийн харанхуй шөнө байдаг далайн ёроолгүй гүн рүү харахад нарны цацраг ойх учир тэр харанхуй шөнө бидэнд аятайхан цэнхэр өнгөтэй харагдана.
Усны гадарга дээр яваа бидэнд хязгааргүй гүн тунгалаг цэнхэр уснаа хачин их доогуур яваа загас үзэгддэг нь гайхалтай хэрэг билээ. Тэд бонит загас байж болох боловч ямар нь мэдэгдэхгүйгээр тийм их гүнд явах өөр загаснууд ч байдаг. Зарим үед асар олноор заарцагласан загас дайралдахад бид далайн ус тэр аяараа загас байдаг юм болов уу, аль эсвэл хэдэн өдөр бидэнтэй зам нийлэх гэж «Кон-Тикийн» тушаа ингэж заарцагладаг хэрэг үү гэж гайхдаг байв.
Алтан шар живэртэй аврага том тунец загаснууд цугларсан үед ус руу орох бүр ч сайхан даа. Заримдаа сүргээрээ шавдаг тэр загас нь их төлөв хоёр гурваараа ирж бидний дэгээнд орон ортлоо хэдэн өдрийн турш салы маань тойрон тайван эргэлддэг юм. Салан дээрээс онцын гойд гоёл чимэг гэх юмгүй боровтор өнгийн эв хавгүй том биетэй загас харагддаг боловч усан дотор дунд нь ороод харахад зүс, хэлбэрээ хэдэн янз болгон өөрчилнө. Тийнхүү өнгө зүс, хэлбэрээ өөрчлөх нь хачин гайхалтай учир бид, усанд үзсэн нөгөө загаснуудаа мөн эсэхийг магадлахаар тэдний явж буй чиглэлийг тодорхойлохын тулд уснаас дахин дахин гарахад хүрдэг байлаа. Том загаснууд биднкйг огтхон ч анзаарсан шинжгүй, сүрлэг тойролтоо үргэлжлүүлсээр байх бөгөөд хэлбэр дүрсээ хачин гоё болгон өөрчлөх нь өөр ямар ч загас ингэж байхыг бид үзээгүй билээ. Гэтэл бас зүс нь шинэхэн төмрийн өнгө шиг гялалзсан хөх саарал туяатай цайвар ягаан болж орхино. Тэнцвэр гоц сайтай, шүвтан бие нь мөнгөлөг ган өнгөө гялалзуулсан хүчит шумбадаг онгоц санаанд оруулах бөгөөд ганц хоёр сэрвэнгээ хөдөлгөхөд 70—80 килограмм татах том бие нь усан дотор торох юмгүй хөдөлнө.
Далайн ус ба доторхи амьтадтай нь хэдийчнээ ойртох тутам бид тэр болгон их гайхаж шагширдагаа больж юм бүхэнд улам бүр дассаар байлаа.
Номхон далайтай тун ижил дасал байсан, тийм болохоор бидний дуулж сонсоо ч үгүй онцлогуудыг нь сайн мэддэг байсан балар эртний хүмүүсийг ч бид хүндэтгэдэг болж сурсан юм. Харнн одоо бид далайн усны давсны хэмжээг тодорхойлж, тунец, алтан макрель загаснуудад латин нэр өгч явахад эртний полиезчуул ингэдэггүй байсан билээ. Гэхдээ л балар эртний хүмүүс далайн талаар биднээс хавьгүй их юм мэддэг улс байсан байж мэдэх байх.
Далайд замын тэмдэг гэж бараг юу байх вэ дээ. Давалгаан, загас, нар, од, мичид цөм л үзэгдээд л алга болж орхидог биш үү. Өмнөд далайн арлыг Перугээс тусгаарладаг далайн 4300 бээрийн туршид өчүүхэн төдий ч хуурай газар байхгүй гэж тооцогддог байлаа.
Иймээс ч бид өрнөд уртрагийн 100 градуст ойртож очоод Номхон далайн зураг дээр яг бидний зам зуурт дайралдах усан доорхи хад хясаа тэмдэглээстэй байхыг олж үзмэгц хачин их гайхсан билээ.
Тэр хясааг зураг дээр жижиг дүгэрэглэн тэмдэглэсэн байв. Зураг шинийг хэлэх үү, бид гайхсандаа «Өмнөд Америкийн шасдар бичгийг» дэлгэж уншин үзвээс «1906 хожим нь 1926 онд Галапагос арлаас баруун тийш 600 бээр орчим зайтайд, өмнөд өргөргийн 6 градус 45 минут, өрнөд уртрагийн 99 градус 43 минутад хад мөргөсөн давалгаан үзэгджээ. 1927 онд уг газраас баруунтайгуур нэг бээр зайтай өнгөрсөн галт онгоц, 1943 онд өмнүүр нь нэг бээр зайтай өнгөрсөн өөр нэг галт онгоц тийм давалгаан огт ажигласангүй, 1935 онд «Каури» хэмээх моторт хөлөг онгоц уг тэмдэгт газрын гүнийг 300 метрээс цааш хэмжиж чадсангүй» гэж бичсэн байв.
Зургаар үзэхэд энэ районд хийгдсэн аялал эргэлзээтэй зүйл хэвээр тооцогддогоос гадна усанд их дүрэгддэг том хөлөг онгоц гүехэн хэсэгт хэт ойрхон очвол манай салнаас хавьгүй ноцтой байдалд орж мэдэх учир бид зураг дээр тэмдэглэсэн тэр зүг шууд очиж чухам юу байгааг үзэж мэдэхээр шийдлээ. Усан доорхи тэр хад хясаа бидний чиглэж буй зүгээс ялимгүй хойхнуур тэмдэглэгдсэн байх учир бид жолоогоо баруун тийш нь залж, дөрвөлжин дарвуулаа салны хушуу барагцаалбал умар зүг рүү чиглэж байхаар бэхлэв. Салхи, давалгаан салны баруун хажуугаас ирж байлаа. Уутан хөнжлүүд маань Номхон далайн усаар улам их дүүрэх болсноос гадна салхи тэр үеэр зэгсэн сэнгэнүүр болсон юм. Гэвч бид салхи л бүр намдаж орхихгүй бол «Кон-Тикийг» хатаад байж бүрэн болох юм гэдгийг мэдэж аваад сэтгэл их тааламжтай болж билээ. Ийнхүү салхи хөндлөөшөнд хатгахад дарвуул харин тэгширч орхих учир бид хэд салаа түрүүчийн чигт нь оруулахын тулд циркийн номер хийхэд хүрдэг байлаа. Иймэрхүү янзтайгаар умар-баруун умарт зүгийг чиглэн бүтэн хоёр долоо хоног газар ахисан юм. Давалгаан өндөрт хөөрөн пассат салхины хүч намдаж нэг үе зүүн өмнөөс тэгснээ зүүнээс ээлжлэн үлээдэг болоход зогсоо зайгүй үелзэн ирэх давалгааны хамт нэг дээш хөөрөн, дахин доош бууж урагшилсаар л байлаа. Шургийн оройд хэн нэг маань заавал жижүүрлэнэ Сал давалгааны хяр дээр гарч ирэхэд бидний өмнөх далайн мандал зэгсэн өргөн болж хадагддаг байв. Давалгаан манай хулсан сүуцны дээврээс бараг хоёр метр дээш босох бөгөөд хэрэв хүчтэй хоёр давалгаа нэг зэрэг босвол хоорондоо мөргөлдөж шуугисан усан хуй болон хувирч бидний дээрээс, хаанаас ч ер хамаагүй бууж ирдэг байлаа. Унтахынхаа өмнө бид сууцны үүдийг хоол хүнстэй хайрцгуудаараа халхалж хаацайлдаг боловч далай аанай л тайван нойрсуулдаггүй байв. Зүүрмэглэх төдий болж байтал л хулсан сууцны хажуу хана шажигнаж сүлжмэл хулсны завсар хоорондуур түг түмэн газраар ус годогдох, хөөсөрсөн их ус хайрцгуудын дээгүүр дүүлэн орж ирэх нь тэр дээ.
Орж ирсэн их усанд шалны завсраар доош орох зам тавьж өгөх гэж дор бүрдээ атийж хорчийж байхад нэг маань нойрмоглон,
— Ус түгээгүүрийхэнд утасдаарай гэх нь сонсогдоно. Ус түгээгүүрийхэн хаанаасаа бидэн дээр ирэх юм билээ дээ. Тийнхүү бид хэвтэртээ тэр шөнө хэд дахин хүйтэн вананд орсон юм. Германыг жижүүрлэж байх үед том гэгчийн нэг алтан макрель салан дээр санаандгүй гараад иржээ.
Маргааш нь пассат хэсэг зууртаа зүүнээс үлээхээр шийдсэн учир далай жаахан тайвшрав. Бид орой тийшээ нөгөө тэмдэгт газраа бараг хүрч магадгүй байсан учир шургийн орой дээр ээлжлэн жижүүрлэж явлаа. Энэ өдөр далай бидэнд урьд урьдынхаасаа хөл хөгжөөнтэй юм шиг санагдаж билээ. Энэ бол бид түүнийг урьд урьдынхаасаа анхааралтай ажиглаж явсан болоод ч тэр байж болох л доо.
Үд өнгөрөөд байсан үе билээ. Бараг усан дээр ил хөвсөөр сал руу том гэгчийн юлд загас ойртож явлаа. Уснаас дээш шовойсон хурц үзүүрт хоёр сэрвэн нь хоорондоо хоёр метр орчим зайтай, юлд нь их бие шигээ урт санагдаж билээ. Тэр загас сэлүүрчийн дэргэдүүр нэг тойроод, давалгааны цаагуур орон алга болов.
Ингээд далайн шорвог ус ихтэй хоолоо идээд сууж байтал хүчит давалгаа босож, хөл толгой нь хуяг дотроосоо унжсан далайн том яст мэлхий бараг бидний нүүр шүргэх дөхтлөө хөөрөн ирээд дараагийн давалгаанд хамрагдан алга болж билээ. Энэ удаа ч алтан макрелиуд ногоовтор цагаан еехийгөө гялалзуулан хуяг дотроо хөл, толгойгоо хумхиад авсан яст мэлхийн араас нэхэж хөөлөө. Далайн энэ хэсэг хоёроос гурван сантиметр урт жижиг нисдэг загас ихтэй бөгөөд тэд сүргээрээ бидний хажуугаар хушууран дагалдаж зарим нь салан дээр гарч ирнэ. Бас нэг удаа эргийн өнчин цахлай дайралдаж, аврага том алтан хараацай гэмээр хоёр салаа урт сүүлт фрегатууд салны дээгүүр урагш хойш нисэж өнгөрдөг боллоо. Фрегат шувуу дайралдвал газар ойртож байгаагийн тэмдэг гэж ярилцдаг бөгөөд бид хэдийн сэтгэл санаа бүр сэргэж орхисон хэрэг л дээ.
«Энэ хавиар үнэхээр усан доорхи хад хясаа, аль эсвэл элсэн хайрга байж магадгүй юм шүү» гэж зарим маань бодож явав. Бусдаас илүү өөдрөг сэтгэлт зарим нэг хүн,
— Үгүй, та минь тэгтэл өвс ногоондоо хучигдсан бяцхан арал дайралдвал яанаа? Ер нь биднээс өмнө үүгээр явсан хүн амьтан цөөн шүү дээ. Тэгвэл ч бид нээж олсон тэр газраа Кон-Тики арал гэж нэрлэнэ шүү гэлцэнэ.
Үд дундаас хойш Эрик маань гал зуухны хайрцгууд дээр байн байн гарч, нүдээ онийлгон секстант хэмжүүрээрээ шагайж байсаар зургаан цаг хорин минутад бид өмнөд өргөргийн 6 градус 42 минут, өрнөд уртрагийн 99 градус 42 минутад орлоо гэж мэдээлэв. Бид хулсан хөндлөвчийг шургаас салгаж, дарвуулаа буулган хуйлав.
Зүүнээс үлээх салхи манай салыг уг тэмдэгт хэсэг рүү алгуур аваачик ёстой байв. Төдөлгүй наран далайн тэртээ зах руу орж алга болоход тэргэл cap халааг нь авч тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн мөнгөлөг хар мандлыг гэрэлтүүлэн гийгүүллээ. Шургийн орой дээрээс юм болгон сайн харагдаж байв. Өөр хоорондоо мөргөлдөх урт давалгаан эргэн тойронд үелзэх боловч усан доторхи хад хясаа буюу элсэн хайрга буйг заах хад долоосон байнгын давалгаан харагдахгүй байлаа. Сууц ганц ч хүнгүй, бид хэд салан дээрээ тал бүхэн рүү нүд үзүүрлэн зогсох бөгөөд хоёр гурав маань шургийн орой дээрээс ажиглаж явлаа. Бид тэмдэт хэсгийнхэа төв рүү аажмаар орж очихдоо гүний нь байн байн хэмжиж явав. Тавин дөрвөн хэсэг уяа сүлжиж залгасаар 800 метр гаруй урт болгосон мяндсан оосрынхоо нөгөө үзүүрт хамаг байдаг тугалган живхүүлээ хамж бэхлээд усанд тавив.
Сал хөвөөд, уг живхүүл эгц доошоо орж чадаагүй юм гэж бодоход 600 метр элбэг гүн явсан байж таарах бөгөөд гэтэл тэмдэгт хэсгийн төвд, зүүн, баруун талаар хаагуур нь ч хаяж үзсэн ёроол дайралдах шинжгүй байлаа. Далайн мандлыг эцсийн удаа сайтар ажиглаагүй уг хэсгийг шинжлэгдсэн, гүехэн газар яасан ч биш гэж тооцох бүрэн эрхтэй болцгоосондоо эргэлзэхээ больсон бид хэд дарвуулаа дэлгэж, салхи давалгаа дахиад л сал нь ap, зүүн хажуугаас ирж байсан болохоор жолоогоо хэвийн байдалд шилжүүлэхэд сал маань ердийнхөө тайван хөвөлтөөр урагшилж эхлэв. Давалгаан урьд өмнөх шигээ салан дээр бууж, ус гуалингуудын завсраар доош шүүрнэ. Далай тоймгүй догширч, хэдэн өдрөөр үймрэн пассат салхи нэг үе зүүн зүгээс, тэгснээ зүүн өмнөөс үлээх боловч бид хэд хүйтэн ваннанд оролгүй тайван унтаж, хооллож явахтайгаа болов.
Бид салны гуалингуудын завсрын шаантаг банзууд чухам ямар үүрэгтэйг байхгүй хад хясаа руу явж очихоор зорьсон ахархан хугацааны аяллынхаа үеэр л мэдэж авсан билээ. Хожим нь бид Герман, Кнут хоёрыг салан доогуур хамтдаа шумбаж тавдахь шаантгийн ороолдоог гаргахад тэдгээр сонин банзны талаар бүр ч ихийг мэдэж улаан арьст хүмүүс дээр үеийн тэр спортоо мартсан цагаас аваад хэний ч мэдэхгүй болсон нэг зүйлийг сурсан юм. Уг банзнууд шаантгийн үүрэг гүйцэтгэж, салыг салхины чиглэлд өнцөг үүсгэн явах боломжтой болгож өгдөг нь бидэнд испанийн эртний түүх сударчдын бичсэнээс уншиж үзэхэд индиан хүмүүс далайд өөрсдийн бальс модон салаар аялахдаа түүнийгээ «гуалингуудын завсраар хөндлөнгөөр нь шаадаг нэг төрлийн шаантгуудын» тусламжтайгаар «жолооддог» байжээ гэсэн үг бидэнд болоод уг асуудлаар хөөцөлдөгч бусад хэн хүний боловч бодоод бодоод учры нь оломгүй зүйл байв. Гуалингуудын завсраар хөдлөхгүйгээр ****** тэр банзууд ийш тийш эргэлдэн жолоо болж чадахгүй шүү дээ.
Уг нууц иймэрхүү янзтайгаар тайлагдлаа. Салхи нэгэн жигд үлээж, далай тайвширсан учир бид «Кон-Тикийг» хэрэгтэй зүг явуулах гэж жолооны бэхлээст сэлүүр рүү гар сунгалгүйгээр хэдэн өдөр боллоо. Ингээд салан дороос гаргаж ирсэн нөгөө нэг банзаа хитэг хавийн хоёр гуалингийн завсраар шааж орхисон чинь «Кон-Тики» тэр даруй чиглэлээ баруунаас баруун хойт руу хэдэн градусаар өөрчилж, шинэ чиглэлээ дахин алдалгүй тайван бөгөөд жигдхэн хөдөлгөөнөөр урагшилсаар байв. Тэгэхэд нь банзаа сугалаад авахад түрүүчийнхээ чиглэлд буцаж орлоо. Банзаа талд нь хүртэл сугалбал сал түрүүчийнхээ чиглэлийн дөнгөж тал дунд орохтой болно. Ийнхүү бид шаантаг банзыг дээш доош нь болгох төдийхнөөр салныхаа чиглэлийг жолооны сэлүүрт гар хүргэлгүй өөрчилж чаддаг болсон юм. Инк хүмүүсийн хурц ухаан чухам үүнд л байжээ.
Дарвуулыг салхинд үлээгдэхэд шураг нь үл хөдлөгч цэг болж өгдөг хөшүүргийн ийм энгийн системийг тэд анх санаачлан хийжээ. Шургаас урагш, хойш илүү гарсан салны хоёр хэсэг хөшүүргийн мөр болж өгнө. Шаантаг урдуураа усанд их дүрэгдээд байвал салны хушуу салхины зүг хялбархан эргэнэ, хэрэв шаантаг хойт талаараа их дүрэгдэж байвал хитэг салхины зүг эргэнэ. Мөрийн урт, хүчний харьцаа хоёрын хууль ёсоор шаантгийн шурагт ойр хэсгийн нөлөө бусдаас бага ажээ. Хитэг талаас салхитай үед шаантгууд огт нөлөөгүй бөгөөд салаа нэгэн жигд явуулахын тулд туж жолооны сэлүүрийг ажиллуулах хэрэгтэй болно. Ийм үед сал яг салхинд туугдахаас гадна арай богино байсан бол давалгаан дээгүүр хялбархан гараад баймаар санагддаг билээ. Сууцны үүд, хамаг хоол хүнс маань баруун талдаа учир бид давалгааныг салныхаа зүүн хойт талаас ирэхээр тохируулах гэж байдгаараа хичээдэг байсан хэрэг.
Ингээд цаашдын замд жолоо барьж яваа хүн жолооны сэлүүрийн оосрыг нааш цааш чангааж байхын оронд шаантаг банзаа дээш доош нь болгоод л явахаар болгосон хэдий боловч бид хэд сэлүүртээ дасаж орхисон болохоор шаантгийн тусламжтайгаар зөвхөн ерөнхий чиглэлээ тогтоож, харин салаа сэлүүрээр явуулах нь дээр гэж үзсэн юм. Манай аяллын ээлжит тэмдэглүүштэй нэг үе бол зураг дээр байсан мөртлөө эрж хайгаад олдоогүй нөгөө хайрга шиг сонин зүйл билээ.
Далайд өнгөрүүлсэн дөчин тавдахь өдөр маань юмдаг. Бид өрнөд уртрагийн 78 градусаас аваад 108 градус хүртэл явж, өмнөө тохиолдох хамгийн анхны арал хүрэх замынхаа яг талыг аваад байв.
Дорнод тийшээ өмнөд Америк биднээс хоёр мянган бээр зайд, өрнөд тийшээ Полинезч биднээс бас л тийм хэмжээнд оршиж байсан хэрэг. Хамгийн ойртсон арал бол зүүн, зүүн өмнө талд Галапагос, өмнө талд Пасхи арал байсан боловч тэдгээрийн аль алиныг зах хязгааргүй их далайн 500 бээр ус биднээс тусгаарлаж байлаа. Номхон далайн энэ хэсэгт ердийн усан зам байхгүй учир бид ганц ч хөлөг онгоц олж хараагүй, олж харж чадах ч үгүй байсан билээ.
Гэвч үнэн хэрэгтээ бид асар их тэр зайг баримжаалж мэддэг ч үгүй явсан юм. Тэнгэрийн хаяа бидэнтэй хамт цаашилж, сал зах хязгааргүй их усны тэг дунд хэвээрээ, шөнө болгон нөгөөх л од мичид биднийг даган дагасаар л байлаа.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 5:27 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Зургадугаар бүлэг
НОМХОН ДАЛАЙД


Сонин маягийн хөлөг. —Их далайд хаймар завиар. —Болгоомжгүйдэж балрах дөхөв. — Их далайд хулсан овоохойн дотор. — Пасхи арлын харалдаа. —Пасхи арлын нууц. — Аврага том хүн хөшөөнүүд. — Улаан чулуун үс гэзэг. —«Урт чихт» хүмүүс. —Гол гогцоо нь Тихи-Газар нутгийн учир утга бүхий нэр ус. —Аврага загас улаан гараараа барьдаг болов. —Тоть шувуу. —L12B дуудлага. — Од мичдээр баримжаалан. — Гурван угсраа давалгаан. —Хар салхи. —Далайн ус, сал улаан цусаар будагдав. — Хүн усанд унав. —Дахиад хар салхи босов. —«Кон-Тики» сэг болж гүйцлээ. —Полинезийн анхны гийчид.

Далайн уур омог бага зэрэг дарагдсан үед бид хэд бяцхан хаймар завиар салнаасаа байн байн холдож зураг авдаг байлаа. Анх удаагийн тэр нэгэн явдал санаанаас огт гардаггүй юм. Далай дээр хачин амгалан тайван байсан учир манай хоёр нөхөр агаарын бөмбөрцөг шиг бяцхан завинд сууж бага зэрэг сэлүүрдэх дур нь хүрчээ. Ингээд тэр хоёр салнаас жаахан холдмогц л сэлүүрдэхээ больж учир зүггүй инээлдэж гарлаа. Тэгээд зэгсэн холдож давалгааны хооронд орж нэг үе алга болон нэг үе үзэгдэн тийнхүү үзэгдэх болгондоо л хязгааргүй цэлгэр далайн мандал дээгүүр нэг хадтал хөхрөлдөнө. Бид ийш тийш харсан боловч, сэгсгэр үстэй, сахал самбайндаа баригдсан өөрсдөөс маань өөр тэгж хүний инээд хүргээд байхаар сонин хачин юм юу байх вэ дээ. Биднийг хараад ингэж инээлдэнэ гэхэд өдий болтол хамт явж байгаа хоёр нөхөр маань биднийгээ бишгүйдээ л харсан баймаар учир ингээд л гэнэт солиорчихдог юм байж дээ гэх сэжиг төрлөө. Нарны хордлого л болчихсон нь энэ юм байж дээ. Гэтэл инээсээр байгаад тамир тэнхээ нь бүр тасарч, нүдэнд нь нулимс гүйлгэнэсэн нөгөө хоёр маань арай чамай нэг юм «Кон-Тики» дээрээ гарч ирэхдээ, та нар өөрсдөө завинд сууж жаахан холдоод үз гэж ятгав.
Миний бие өөр нэг нөхрийн хамт, дайвалзаж байгаа завь руу үсрэн буув. Давалгаан тэр даруй хаман авч биднийг салнаас холтгов. Бид хоёр ч завины суудалд бөгс хүргэв үү, үгүй юу л байдгаараа инээлдэж эхлэв. Сал дээр үлдээд, бид хоёрыг ёстой л солиорчихов бололтой гэж бодож буй бусад нөхдийнхөө сэтгэлийг амраахын хүслэн болсон бид хоёр шалавхан буцаж очив. Өөрсдийгөө болон омог бардам нь аргагүй хөвж яваа хөлгөө анх удаа холоос ингэж харахад ийнхүү солиорсон юм шиг инээхээс өөр аргагүй байлаа. Бид хэд зах хязгааргүй цэнхэр далайд гарснаас хойш хөөрхий муу салаа өнөөдөр л хажуугаас нь харж байгаа хэрэг билээ. Гуалингууд нь хамгийн жижиг давалгаанд ч хүртэл далд орчихоод, онгойсон задгай үүдтэй налчгар сууцнаас маань өөр юм үл харагдана. Навчин дээвэртэй навтгархан сууц маань давалгаан дунд яйчилзан үсэрч ойж явна. Манай сал ердөө л зах хязгааргүй цэнхэр далайд, сахал үсэндээ баригдсан хэдэн тэнүүлч дотор нь толгой хорогдож яваа эртний норвегийн нэг өвсний пүнз гэмээр ажээ. Бид хэд араасаа тэвшин дотор суугаад хөвж яваа хүн харсансан бол саяных шигээ ингэж ухаан жолоогүй инээлдэх байсан бизээ. Ердийн нэг долгион хүртэл салны маань ирмэг дээгүүр халин хитэг, сууцны хана хоёрын хоорондын зайг бүрхээд, за даа одоо л тэр сахал үс болсон хэдэн хүн дотор нь хэвтэж байгаа задгай үүдтэй сууц руу хуйлраад орно доо гэж бодогдоно. Тэгснээ нөгөө муу налчгар пүнз чинь усан дээр ил гарч ирэхэд, дотор нь байсан сахалт хэд түрүүчийнхээ янзаар огт нороогүй хэнэггүй, тухлаг нь аргагүй л хэвтэж харагдана. Нэг өндөр давалгаан бослоо гэхэд нөгөө муу чинь дарвуул шураг сэлттэйгээ алга болох боловч аанай л бас гараад ирнэ.
Харваас тун онхиогүй дорой байх тул өвөрмөц хөлөг онгоц маань яаж ингээд ажрахгүй яваад байгааг бид хэд ойлгохгүй их л гайхдаг байв.
Дараагийн нэг өдөр өөрсдийгөө шоолж ханатлаа инээж авах гэж завиар холдоод золтой л балраагүй билээ. Салхи давалгаан бидний бодож байснаас хавьгүй хүчтэй байсан тул «Кон-Тики» маань давалгаан дундуур санаанд оромгүй хурдална. Бид хэд эсэн мэнд үлдэхийн тулд зогсоод хүлээж ч чадахгүй, эргээд буцаж ч чадахгүй дөр хамагчгүй салныхаа хойноос байдаг чадлаар сэлүүрдэх ёстой байлаа.
«Кон-Тики» дээрээ үлдсэн нөхөд маань дарвуулаа буулгасан боловч салхи хулсан сууц руу нь хүчтэй үлээх тул бальс модон сал өрнө зүгийг чиглэн хурдлах бөгөөд давалгаан дунд бүжиглэж буй дүгэрэг хаймар завь, тоглоомын юм шиг өчүүхэн жижиг сэлүүр барьсан бид хэд хичнээн ч хурдлаад хялбар гүйцнэ гэж санашгүй ажээ. Хүн бүхэн нэг дор бөөгнөрч нийлсэн байх ёстой хэмээн ганц зүйлийг бодно. Зугатаж давхисан салаа арай гэж гүйцэж очиж, гэр орондоо, нөхөдтэйгээ нийлэн нийлтлээ бид хэд мөн ч их бажгадаж билээ.
Энэ өдрөөс эхлэн, хэрэгтэй цаг үе болоход салан дээр үлдсэн нөхөд нь татаж авахуйц аргамжаагаар завиа аргамжихгүйгээр салнаас холдох явдлыг хатуу цээрлэсэн юм. Ингээд ч бид салхи маш бага, ус тогтуун үед л бол юу вэ гэхээс биш, хаймар завиар нэг их холдож чадахаа байсан билээ. Биднийг Полинези хүрэх замынхаа тэхий дунд орсон тэр нэг өдөр л яг тийм тогтуун сайхан, зах хязгааргүй их далайн мандал дэлхийн бөмбөрцгийн аясаар төвийн дэлийж байлаа. Ингээд бид «Кон-Тики» салаа зэгсэн хол орхиж, тэнгэр, далай хоёрын завсар хооронд цэнхэртэх их уснаа дураар зорчиж чадах болов. Холдон холдсоор үзэгдэхгүй болж, том дарвуул нь эцсийн бүлэгт алс холд бүртийх хумсын чинээхэн дөрвөлжин хар толбо болон хувирч буй салаа хараад хачин эвгүй ганцаардах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Далай хөх мөнгөн тэнгэрийн доор хөхрөн цэлийж улмаар ус, тэнгэр хоёр нийлэх алст заагтай юм гэж мэдэгдэхээ болино. Ийм үед хий агаарт хөвөөд ч байгаа юм шиг санагдаж, эргэн тойронд хацар хүзүү хорстол төөнөх халуун орны хайлмаг шар нарнаас өөр хараа тусгах юмгүй хөндий хоосон цэнхэр орчин цэлийнэ. Ингээд алс мандалд сүүмийх цорын ганцаар дарвуул соронзон адил татна. Бид буцаж сэлүүрдсээр, салан дээрээ гарч ирсэн хойноо төрсөн гэр орондоо өлгий нутагтаа, тулах ганц тулгуур болсон салан дээрээ эргэж ирсэн санагдана. Хулсан сууцны дотор талд хулс, дал модны муудсан навчны сүүдэр, үнэр, танар өөдөөс угтана. Сууцны маань задгай талд харагдах нарны гэрэл туяа тунарсан хэсэг цэнхэр зүйлийг харж явахад одоо хангалттай санагдана. Энэ бол бид хэдийн харсаар яваад нүд дассан зүйл бөгөөд дахиад л хязгаар хаяагүй тунгалаг цэнхэр их ус салаа орхих хорхой хүргэн хүргэтэл хараад явахад хангалттай байдаг билээ.
Хулсан муу сууц маань бид хэдийн ухаан санаанд ямар нэгэн нөлөө үзүүлдэг нь тун гайхалтай байдаг байлаа. Өргөөшөө хоёр хагас, уртаашаа дөрвөн метр энэ сууцаа бид салхи, давалгааны хүч бага тусна гэж бодоод тун навтгар барьсан учир хэн маань ч гол баганы нь дэргэд хүртэл эгцээрээ зогсож чаддаггүй толгой тулдаг байв. Туурга дээврийг нь өөр хооронд нь оосор уяагаар холбож багласан бөх хулс саваануудаар хийсэн бөгөөд завсар заалхайг нь зулзаган хулс цуулж сүлжин битүүлсэн юм. Дээвэр дээрээс хучсан навчнууд салбайж сэлбийж унжсан ногоон, шар өнгийн ийм сүлжмэл туургатай сууц маань цагаанаар будсан хана туургыг бодвол нүдэнд хавьгүй аятайхан ажээ. Баруун талын хулсан хананы нь гуравны нэг хэсэг нь онгорхой, туурга дээвэр нь нар, сарны гэрэл нэвт тусгадаг хир нь л бүдүүлэгдүү энэ хорго аюул осол багатай санагдан, иймэрхүү нөхцөлд бидэнд ямар ч хэрэг болохооргүй цав цагаан өрөө тасалгаа, бин битүү дугариг цонхноос л илүүд үзэгдэнэ, Бид яахлаараа ийм хачин бодол төрүүлдэг учрыг тайлбарлах гэж оролдсоор ийм нэг дүгнэлт хийсэн юм. Юу гэвэл бид л өөрсдөө дал модны навчаар хучсан хулсан сууцанд суугаад гадаад их далайгаар аялж яваа гэдэгтээ нэг их итгэхгүй байв. Хөөсрөн оволзогч цэлгэр их далай, давалгаан дунд хөвөгч завсар заалхайтай хулсан пин хоёр өөр хоорондоо ямар ч нийцэх холбоогүй санагдана. Иймээс ч нэг бол пин давалгаан дунд хөвж яваа бус, эсвэл пингийн эргэн тойронд давалгаан оволзож байгаа биш байж таарах байлаа. Салан дээрээ яваа үед хулсан сууц, халуун орны ой шугуйн үнэр нь бидэнд хэзээний ижил дасал болсон зүйл, харин хөөсрөн оволзогч далайн давалгаан нэг л хуурмаг хоосон зүйл мэт санагдана. Харин хаймар завинд сууж яваа үед бол давалгаан, хулсан сууц, хоёр уг чанараа солилцоно. Бальс модон гуалингууд давалгаан дээгүүр цахлай шувуу шиг гулсан хитэг, даван хуйларч ирэх усанд завсар хоорондуураа цаг ямагт зай тавин өгөх бөгөөд энэ нь цорын ганц хуурай газар бол хулсан сууц маань гэдэгт биднийг ямар ч эргэлзээгүй итгэдэг болгосон юм. Аялал улам бүр уртсаж өдөр хоног өнгөрөх тусам бид тохилог байрандаа улам бүр идээшиж, хамгаалалт хаацайлалттай санагдаж, задгай үүдний цаахна хөөсрөн оволзож буй долгионуудыг өөрсдөд ямар ч хал балгүй ердөө л нэг сэтгэл догдлом кино зураг хараад сууж байгаа юм шиг явдаг байлаа. Задгай үүд нь ямар ч хаалт хашилтгүй хитгээс бүтэн хагас метр зайтай, усны түвшнээс хагас метр өндөр ч гэлээ гэсэн хулсан сууцандаа орсон хойноо бол далайгаас олон бээр алс хол хуурай газраар жуулчилж, далайн осол аюул бүхнээс хол ямар нэг ой шугуйд овоохойд сууж байгаа юм шиг санагдана. Хулсан сууцандаа бол бид хэд салхинд мөчир шиг ганхан найгагч инээдэмтэй сонин дээвэр өөд хараад, шинэхэн мод хулс, далын хуучирч удсан навчисны үнэр ханатлаа үнэрлэн хэвтэж явж чадахтайгаа билээ.
Шөнийн цагт заримдаа өөрсдийгөө хажуугаас харах гэж бас хаймар завиар холдох л доо. Жилбэн шиг гялгар хар хар давалгаан тал талаас оволзон гүрвэлзэж халуун орны түг түмэн од далайн усны өнгөн дээрх планктонуудын биенд бүдэг гэрэлтэнэ. Ертөнц гэж ердөө л харанхуйн дундах түг түмэн од. Манай галбын өмнөх ч билүү, манай галбын ч билүү 1947 он л юм даг болж орхино. Бид амьд мэнд л явж байгаагаа хамгаас илүү мэдэж явна. Хүмүүсийн амьдрал ер нь техникийн эрин үе эхлэхээс өмнө орчин цагийн хүмүүсийнхээс олон талаараа бялхам дүүрэн баялаг бийлэг байсан гэдгийг хэний манаагүй л ойлгож явна. Иймэрхүү үед цаг хувьсал гэж байдаггүй өнөө үеийн хүний амьдралын бариад авах бодитой ач холбогдолтой юм болгон урьд өмнө ч ийм л байсан, хойшид ч ийм байхаар санагдана. Бид түүхийг үнэмлэхүй түгээмэл нэг хэмжүүрээр хэмждэг болчихсон нь юун гэвэл түм буман оддын доорхи буцалтгүй ганц харанхуй билээ. Харанхуйд давалгаан дундаас «Кон-Тики» нэг ил гарч бараантан оволзогч их усан дунд дахин алга болно. Сарны саруулд сал ер бишийн орчин байдалтай харагдах бөгөөд замаг салбалзуулсан гөлгөр бүдүүн гуалингууд далайн дээрэмчдиинх шиг хар дарвуулын дөрвөлжин дурс ар талд нь асаасан керосин дэнлүүний шap гэрэл бүүдэлзэх яйжигнасан хулсан сууц энэ бүхэн бодит зүйл бус харин үлгэрт гардаг ид шидэт хөлөг шиг санагдана. Сал маань оволзсон хар хар давалгаан дунд байн байн алга болж дахин ил гарч ирэх нь оддын бүдэг гэрэлд тодхон харлан харагдах бөгөөд гуалингуудын нь завсраар ус гялалзан шаагина.
Ганцаархнаа, салаа шөнө ингээд холоос хараад явж байхад хүмүүс анх энэ гадаад их далайд зам гаргахдаа зах хязгааргүй алс тэртээ мандалд өдий төдий ийм салаар хэн нэг нь хуурай газар харах юу магад хэмээн бодож дэвүүр маягаар зэрэглэн хөвж явсан бизээ гэж төсөөлөн бодоход санаанд хялбар бууна. Испанчуудыг хүрэлцэн ирэхээс өмнөхөн Перу Эквадор хоёрын аль алиныг эрх захиргаандаа оруулаад байсан инк Тупак Юпанки Номхон далайд хаа нэгтээ сураг гарсан арлуудыг эрж олохоор олон мянган хүн дагуулан өдий төдий зуун бальс модон салаар далайд гарчээ. Түүний олсои хоёр арлыг зарим хүн одоогийн Галапагосын арлууд байсан байж магадгүй гзж үздэг бөгөөд найман сарын дараа тэр хүн бусад олон нөхдийнхөө хамт арай чамай гэж Эквадорт эгж ирсэн гэдэг. Кон-Тики ч одоогоос олон зуун жилийн өмнө мөн тийнхүү аялсан боловч Полинез арал олсон тэр хүмүүст эргэж буцаж мунгинах шаардлага байсангүй.
Ингээд бид салан дээрээ эргэж ирээд голдуу л хулсан дэвсгэр дээрээ керосин дэнгээ тойрон сууж мянга таван зуугаад жилийн тэртээ бидэн шиг ингээд л явж байсан байж таарах Перугийн далайн жуулчдын тухай ярилцаж хөөрдөг байлаа. Дэнлүүний гэрэлд дарвуул дээр бавгар сахалтай том том хүний сүүдэр тусан буйг хараад ул мөр нь Мексикээс аваад Төв Америк, Өмнөд Америкийн умард-өрнөд хэсэг Перу хүртэл үлгэр домог барилгын хэв байдалд үлдсэн бавгар сахалт цагаан арьст хүмүүсийн тухай бодол болон явна. Тодорхой бус соёл иргэншил инкүүдийг хүрэлцэн ирэхээс өмнөхөн ид шидтэй юм шиг гэнэт тасалдаад бидний одоогийн ойртож яваа өрнөдийн ганц арал дээр шилжээд ирсэн байдаг. Тэдгээр жуулчин хүмүүс Атлантын далайн цаана оршин сууж байсаи эртний соёлт ард түмнэзс гаралтай бөгөөд тэд аль дивангарт далайн өрнөдийн урсгал пассат салхийг ашиглан ердийн нэг аргаар Канарын арлуудаас Мексикийн буланд хүрээд ирсэн байж болох биз дээ. Энэ зам бол бидний одоогийнхоос хавьгүй богино бөгөөд далай бол цорын ганц тусгаарлагч зүйл байсан гэдэгт бид бүүр итгэхээ больсон хэрэг. Мексикийн ацтекүүдийнхээс авахуулаад Перугийн инкүүдийнхийг хүртэлх индианчуудын өргөн их соёл нь гадаад их далайн дорно тэртээгийн гэнэтийн их шилжилтийн үр дүнд үүссэн харин америкийн индианчууд бол нилэнхүйдээ хорин мянга, магадгүй түүнээс олон мянган жилийн өмнө Сибирээс Америк руу нэвтэрсэн азийн анчин загасчин овогтчууд гэж олон судлагч бариад авах иш үндэс багатайгаар баталдаг юм. Мексикээс Перу хүртэл тэр нэгэн цагт түгэн дэлгэрсэн гэгддэг өргөн их соёл иргэншлийн яваандаа хөгжин цэцэглэсний ганц ч ул мөр бидэнд дайралдахгүй байгаа нь гайхалтай. Хуучны судлалын эрдэмтэд хэдийчнээ гүн гүнзгий ухаж малтан төдийчнээ өндөр соёлын баримт олсоор байгаа хир нь эрт дээр үеийн соёл иргэншил хүй нэгдлийн үеийн соёлоос ямар ч үндэсгүй үүссэн гэж үг дуугүй баталж болохуйц тийм тодорхой зааг тогтоож чадаагүй байгаа билээ.
Тэгээд бас соёл иргэншил атлантын урсгал дөхөж очдог тэр газар нутагт өөрөөр хэлбэл соёл иргэншил үүсэх нөхцөл эрт дээр цаг орчин үеийн аль алинд ч нэн таатай байсан хавьгүй зөөлөн уур амьсгалтай газруудад биш харин Төв ба Өмнөд Америкийн элсэн цөл, балар ой шугуйд үүсжээ.
Өмнөд тэнгисийн арлууд дээр ч гэсэн байдал иймэрхүү байна. Соёл иргэншлийн хамгийн тодорхой ул мөр Перугийн ойролцоох Пасхи арал дээрээс олдож байна. Гэтэл хөрс нь хуурай үржил шим муутай энэ бяцхан арал Номхон далайн бусад арал дотроос азиас хамгийн зайдуу нь билээ.
Бид замынхаа хагаст орсон хойноо Пасхи арал хүртэл яг Перугээс энэ хүртэл явсан шигээ зайтай газар явах хэрэгтэй байсан бөгөөд домогт энэ арал биднээс ялимгүй өмнүүр байлаа. Бид салныхаа шулуун замыг бодож Перугийн эргийн яг дунд хавиас анх гарсан бөгөөд хэрэв ялимгуй өмнүүр Кон-Тикийн эвдэрч сүйдсэн нийслэл Тиахуанак тийш дөтлөн гарсан бол аанай л одооныхоо энэ салхинд туугдан урсгалын хүч зөөлөн газраар замнах байсан боловч Пасхи арал дээр ирэх нь ирэх байжээ.
Ингээд бид өрнөд уртрагийн 110 градусыг өнгөрч Полинезийн хавийн далайн савд орсон бөгөөд учир нь Полинезийн Пасхи арал Перуд биднээс ойрхон болсон хэрэг. Бид одоо Өмнөд тэнгисийн арлуудын анхны нэг бөгөөд арлуудын эртний соёл иргэншлийн төв тэр аралтай нэгэн уртраг дээр явж байна. Зам заагч хайлмаг улаан дугуй, өнгө өнгийн цацраг дагуулынхаа хамт далайн мандлын цаад хааяа руу далд орж бүрэнхий болоход сэвэлзэн үлээх пассат салхи Пасхи арлын ер бишийн нууцын тухай чихэнд шивэгнэж эхэлнэ.
Шөнийн тэнгэр цагийн талаархи аливаа таамаглал алдуулж, бавгар сахалт том том толгой дахиад л дарвуул дээр сүүдэр нь тусна.
Гэтэл алс холын Пасхи арал дээр шувтан сахалтай, цагаан арьстан мэт нүүр царайтай бүр ч том том чулуун толгой дайралддаг бөгөөд эрт дивангарын нууц бүхнийг эрэгцүүлэн бодож байдаг бизээ. Энэ толгойнууд 1722 онд европчууд анх эдгээр арлыг нээхэд ч өнөөгийн Полинезийн өнгөрсөн хорин хоёр дахь үеийнхэн тэвшин салаараа тэр арал дээр очиж удам сударт нь олдохоо больсон соёлт ард түмний гартаа орсон эрэгтэйчүүд болгоныг нь хүйс тэмтрэх үед ч өнөөгийнх шиг ингээд л зогсож байжээ. Тэр үеэс эхлээд Пасхи арал дээрх чулуун толгойнуудыг эрт цагийн хамгийн учир тайлагдаагүй зүйлд тооцож иржээ. Ой модгүй энэ арлын энд тэндэх нүцгэн толгойн бэлээр асар том чулуун хөшөө, гурав дөрвөн давхар байшингийн алдтай ганц том хадаар сийлбэрлэсэн хүмүүсийн дүрс тэнгэр баганадан харагдана.
Эрт балар цагийн хүмүүс ийм том хадаар хөшөө сийлж энд зөөж авчирч ийнхүү босгож яаж чаддаг байсан хэрэг вэ? Тэдэнд бас уг ажил нь чамлагдаад байсан юм шиг газраас дээш арван хоёр метр өндөр зарим хөшөөний толгой дээр лут том улаан хад тэнцүүлэн тавьсан байх нь овойж сэгсийсэн хиймэл үс шиг харагдана. Энэ бүхэн ямар учиртай хөшөө байдаг орчин цагийн шилдэг инженерүүдэд ч гэсэн зэгсэн бэрхшээлтэй ийм юм хийдэг байгаад алга болчихсон тэр уран барилгачид ямар багажтай байсан юм бол?
Ингээд ийм баримт сэлтийг нэгтгээд байх юм бол Пасхи арлын нууц тайлагдашгүй зүйл биш бөгөөд үүнийг тайлах түлхүүр нь Перугээс салаар гадаад далай гатлагсад болж өгөх нь илэрхий. Энэхүү арал дээр эртний соёл иргэншлийн үлдээсэн ул мөрийг улирах цаг хугацаа ч хусан баллаж чадсангүй. Пасхи арал бол эрт дээр үеийн сөнөсөн галт уулын орой юм. Эртний соёлт хүмүүсийн тавьсан дэвсмэл зам харгуй эрэг хавийн эвдэрч муудаагүй хэвээр усан зогсоолуудад хөтлөн аваачих агаад энэ бол тус арлын усны гүн өнөө үеийг хүртэл өөрчлөгдөөгүйн баталгаа билээ. Энэ бол доош суусан эх газрын үлдэгдэл биш харин цагтаа Номхон далайн соёлын төв болж байхдаа ч тэр бяцхан ганцаардмал зэлүүд хэвээрээ байсан юм.
Шовгор хэлбэртэй энэхүү бяцхан арлын төв дунд сөнөсөн галт уулын тогоо орших бөгөөд тэрхүү тогооны ёроолд хачин сонин чулуу бутлах газар уран баримлын газар байх ажээ. Тэр нь эртний уран барилгачид тус арлын дорнод хушуу руу санд мэнд дүрвэхдээ ямаршуу байр байдалтай орхисон яг тэр хэвээрээ үлгэр домогт гардагчлан тийшээ очсон хүмүүс тэндхийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийг толгой дараалан хүйс тэмтрэх тэр үед ямар янзтай байсан яг тэр хэвээрээ өнөө хүртэл үлдэн хоцорчээ. Уран барилгачдын ажилд гэнэтийн саад учирсан болохоор ч бид өнөөдөр Пасхи арлын галт уулын тогооны ёроолд ажлын ердийн нэг өдөр яаж өнгөрдөг байсныг төсөөлөн зураглаж чадахтай юм. Уран барималчдын ундуй сундуй хаясан цахиур мэт хатуу чулуун сүхнүүд хэвтэж байгаа нь соёлт тэр ард түмэн төмөр гэж юу байдгийг Андын нурууны дэвцэг дээгүүр яг иймэрхүү лут хадан хөшөө үлдээгээд Перугээс дүрвэн одсон Кон-Тикийн уран барималчдын нэгэн адил мэддэггүй байсныг гэрчилж байна. Үлгэр домогт гардаг сахалт цагаан арьст хүмүүс бусдаас хатуу чулуун сүх хэрэглэн уулын бэлээс есөөс арван хоёр метр урт урт чулуу хагалан авдаг байсан газрууд Пасхи арал Перу хоёрын аль алинд ч дайралдаж байна. Олон тонн татах асар том чулуунуудаар лут лут хүний дүрс хийх буюу бие биес дээр нь давхарлан тавъж сонин хачин тэвсэг хана босгохынхоо өмнө тэдгээрийг овон товон бартаа ихтэй газраар олон арван километр газар зөөдөг байсан нь тэнд Перуд ч дайралдаж л байсан энд ч дайралдаж л байна.
Өдий төдий дуусаагүй тийм том чулуун хөшөө анхныхаа тэр газар өөрөөр хэлбэл Пасхи арлын галт уулын тогооны гүн малтсан ёроолд өнөө болтол хэвтэж буй нь уг ажил ямар үе шат дамжин хийгдэж байсныг харуулж байна. Уран барималчид нь арга буюу орхин зайлах үеэр бараг бэлэн болоод байсан хамгийн том хүн хөшөөний урт нь 22 метр байх бөгөөд бүрэн дуусгаад босгосон бол түүний толгой найман давхар байшингийн дээвэртэй зэргэцэх байсан ажээ. Хүн хөшөө тус бүрийг бүхэл бүтэн ганц үргэлж чулуугаар хийсэн байх бөгөөд уран барималчдын ханан хонхор эргэн тойронд нь байгаагаар бодвоос нэг тийм хөшөөг хэдхэн хүн хийдэг байжээ. Пасхи арал дээрх хүн хөшөөнүүд хоёр гараа гэдсэн дээрээ тавьсан ар нуруугаараа хэвтэх нь Перугийн аврага том чулуун хөшөөнүүд лүгээ эгээ адил. Хүн хөшөөнүүдийг газар дээр нь хийж дуусгасны дараа тэндээс нь босгох ёстой уг байранд нь зөөж авчирдаг байжээ. Гараас гарсан хүн хөшөөг чулуу бутлах газрын хадтай нурууны тус газраар нарийн холбоотой үлдээх бөгөөд хожим нь хөшөөнийхөө ёроолд гулсахаас болгоомжилсон бул чулуу ивж байгаад тэр холбоог нь тас цохин салгадаг байжээ.
Ийнхүү холбоог нь салгаснаар барахгүй тогооны ёроол руу гулсган буулгаж хажуу налуулан орхисон хөшөө ч өдий төдий ажээ. Харин хамгийн томуудыг нь тогооноос гаргаж олон километр бартаа ихтэй газраар зөөж чулуун хавтан дээр босгон толгой дээр нь бас асар том улаан чулуу авчирч тавьсан байна. Ийнхүү аврага том тэдгээр чулуун хөшөөг асар хол зөөж байсан нь ёстой ид шид гэмээр зүйл мөн авч Перугээс гэнэт алга болсон уран барималчин Андын нуруунд ч яг тийм аврага том чулуун хөшөө үлдээсэн нь тэдний гарамгай уран авьяас чадварыг яах аргагүй гэрчилж буй зүйл билээ. Бул хар чулуун ийм хөшөөний хамгийн том нь Пасхи арал дээр дайралдсан юм. Тэндхийн уран барималчид өвөрмөц хэлбэр маягтай байсан боловч гэнэт алга болсон аанай нөгөө л соёлт ард түмний төлөөлөгчид Номхон далайн Америкт ойролцоох бусад олон арал дээр яг тиймэрхүү аврага том чулуун хөшөө босгосон байх бөгөөд тэдгээрийг ариун дурсгалт газруудад алс зайтай чулуу бутлах газраас зөөж тавьсан байдаг. Маркизын арлууд дээр том чулуун хөшөөг хэрхэн яаж зөөдөг байсан тухай миний бие нэгэн домог сонссон бөгөөд энэ нь Тонгатабу арал дээр аврага том чулуун хөшөөг хэрхэн ямар аргаар зөөдөг байсан тухай тэндхийн улс амьтны ярьж хөөрдөгтэй яг тохирох тул Пасхи арал дээр ч яг тэр хүмүүс, яг тийм арга хэрэглэдэг байжээ гэж үзэж болох билээ.
Чулуу бутлах газрын ажилд урт удаан хугацаа шаардагддаг боловч уг ажлыг хэдхэн тооны мэрэгжлийн хүмүүс гүйцэтгэдзг, харин бэлэн болсон аврага том хөшөөг зөөх ажил хавьгүй түргэн бүтдэг боловч өдий төдий хүн шаардагддаг байжээ. Энд яригдаж буй тэр цаг үед Пасхи арал бол загас ихтэй байснаас гадна Перугийн амтат төмсний том том тариалан нь арчилгаа сайтай байжээ. Тийм элбэг дэлбэг цаг үед тус арал долоо найман мянган хүн ам тэжээгээд байхтайгаа байсан байж таарна гэж мэрэгжлийн хүмүүс тооцоолон боддог. Тэгвэл аврага том чулуун хөшөөг тогооны налуу амсар өөд өгсүүлж гаргахад мянган хүн элбэг хүрэлцээтэй бөгөөд цаашдын зөөх ажилд таван зуун хүн хангалттай юм.
Долон, ургамлын мяндсаар сүлжиж томсон гайхалтай бөх уяа татлагаар чулуун хөшөөг модон жаазан дээр бэхлэн татаж, таро хэмээх үндсээр зүлгэж гөлгөр болгосон бүдүүн гуалин, бага зэргийн бөөрөнхий чулуун булан дээр өдий төдий хүн өнхрүүлэн явдаг байжээ.
Эрт цагийн соёлт хүмүүс уяа татлага чадамгай сайн хийдэг байсныг өмнөд далайн арлууд, ялангуяа Перугээс олдсон зүйл лавтай баталсан билээ. Перуд ирсэн анхны европчуул тэнд түргэн урсгалт гол мөрөн, ганга хавцал дээгүүр хөндлөн хаясан зуугаад метр урт дамнуур гүүр олонтой дайралдсан нь цөм нас бие гүйцсэн эрэгтэй хүний бэлхүүс шиг бүдүүн сүлжиж томсон татлагууд байжээ.
Чулуун хөшөөг зохих газар нь авчирсан хойно түүнийг хэрхэн ямар аргаар өндийлгөж босгох асуудал тулгардаг байжээ. Хэсэг хүмүүс нэг тал нь налуу, нөгөө тал нь эгц тусгай далан чулуу, элс шороогоор хийдэг байжээ. Ингээд аврага том чулуун хөшөөгөө уг налуу өөдөө бөгсөөр нь урагш харуулж өгсүүлсээр ирмэг дээр тулгасны дараа толгойг нь өндийлгөн урьдаас ухсан хонхор руу бөгсөөрөө зоогдохоор эгцээр нь гулсуулж буулгадаг байжээ. Аврага том чулуун хөшөөний ар дагз далангийн эгц ирмэг лүгээ чацуу байх бөгөөд уг далан дээгүүрээ нэмэлт бөөрөнхий чулууг өнхрүүлэн авчирч хөшөөний толгой дээр тавьсны эцэст л далангаа нураадаг байжээ. Иймэрхүү бэлэн болсон далан хэзээ ч ирэхгүй болсон аврага том чулуун хөшөөгөө хүлээн Пасхи арал дээр хэд хэд дайралдана. Энэ арга гайхалтай уран хэдий боловч бид эртний хүмүүсийн оюун санааг басамжилдаг зангаа орхиод асар их цаг хугацаа, ажиллах хүчтэй байсныг нь анхаарч санагалзваас энэ бол ид шид орсон юмгүй энгүүн хялбар арга билээ.
Харин эртний хүмүүс тийм хүн хөшөө ямар учиртай хийдэг байсан хэрэг вэ? Тэдгээр хөшөөнийхээ толгой дээр тавих тусгай улаан чулуу авах гэж галт уулын тогоон дахь чулуу бутлах газраас долоон километр зайтай өөр нэг газар руу хэрэг болгож очдог байсан нь ямар учиртай юм бэ? Мөн Өмнөд Америк Маркизын арлууд дээр энэ чулууг алс холоос авчирч бүхэлд нь хийсэн хөшөө ч үе үе дайралдана. Улаан малгай бол Полинези, Перу хоёрын аль алинд дээд язгуурын хүмүүсийн өвөрмөц хувцас байсан билээ.
Юуны өмнө эдгээр хүн хөшөө хэн, ямар улсыг орлосон хэрэг вэ? гэдэг ясуултыг тодруулахыг оролдъё. Пасхи арал дээр анх хөл гишигсэн европчууд эрэг дээр үл мэдэх «цагаан арьст хүмүүсийг» харсан нь цагаан арьстнууд шиг биш эрэгтэйчүүл нь урт шар сахалтай агаад тус арал дээр хамгийн анх амьдарч байгаад булаан эзлэгчдэд өршөөгдөж үлдсэн эмэгтэйчүүд, хуүхэд багачуул бол тэдний удам билээ. Арлынхан ч өөрсдөө бидний заримын эцэг дээдэс цагаан арьст хүмүүс байсан гэж мэдэгддэг боловч тэдний зарим нь хүрэн арьстай билээ. Тэд өөрсдөө бол полинезийн бусад аль ч юм бэ арлаас хүрэн арьст хүмүүсийн хүрэлцэн ирсэн тэр цагаас хойш хорин хоёр удам үе, харин дорно зүгээс том том хөлөг онгоцонд хүмүүс анх ирснээс хойш бүхэл бүтэн тавин долоон удам үе өнгөрсөн гэж нарийн тооцдог нь манай тооллын өмнөх 400 ба 500 онуудын хоорондох хугацаа лугаа ойртон очиж байгаа юм. Дорно зүгээс ирсэн хүмүүс чихнийхээ гэдэснээс ямар нэг хүнд чимэг зүүж чих нь сунасаар мөрөндөө хүрдэг байсан учир тэднийг «урт чихтүүд» гэдэг байжээ. Тэдгээр хаанаас ирсэн, хэн болох нь үл мэдэгдэх «урт чихтүүд» тус арал дээр хүрэлцэн ирсэн «богино чихтүүдэд» цохигдсон боловч Пасхи арал дээрх чулуун хөшөө сэлт нь уран барималчид шигээ мөрөө хүртэл унжсан урт чихтэйгээ байлаг билээ.
Перугийн инкүүдийн улгэр домогт өгүүлдгээр наран хаан Кон-Тики нь чихээ албаар мөрөндөө хүртэл сунгадаг болохоор нь инкүүдийн «Том чихтүүд» гэж нэрлэдэг байсан урт сахалт цагаан арьст хүмүусийн жолоодогч ажээ. Инкүүдтэй өөрсөдтэй нь Титикака нуурын арал дээр тулалдаж дийлдээд хагас нь хөнөөгдөж хагас нь зугатсан Кон-Тикийн «Том чихт» хүмүүс Андын нурууны аврага том хүн хөшөөнүүдийг үлдээсэн юм гэж инкүүд онцлон дурсдаг.
Үүнээсээ дүгнэлт хийгээд үзье. Перугээс өрнө зүг рүү дүрвэн алга болсон Кон-Тикийи «Том чихт» хүмүүс аврага том чулуун хөшөө босгох ихээхэн дадлага туршлагатай улс байсан бөгөөд, гэтэл бас Пасхи арал дээр дорно зүгээс ирсэн Тикийн «урт чихт» хүмүүс ч уг урлагт гарамгай сайн байжээ. Юу гэвэл тэд тус арал дээр ирмэгцээ л авьяас чадвараа үзүүлж эхэлсэн бөгөөд Пасхи арал дээрх уг аврага хөшөөнүүдийг харахад энэ урлаг энд алгуур удаан хөгжиж ирсний өчүүхэн ч шинж тэмдэггүй билээ.
Өмнөд далайн зарим арал дээрх лут том чулуун хөщөөг Перугийн тийм хөшөө лүгээ харьцуулан үзэхэд тэдгээр нь хоорондоо өмнөд далайн бусад арлуудынхьг бодвол тун адил төстэй нь мэдэгдэж байна. Маркизын арлууд болон Таити арал дээр тийм хөшөөг ерөнхийд нь Тики хэмээн нэрлэдэг бөгөөд цөм л эдгээр арлын түүхэнд алдаршиж үхсэн хойноо бурхан болсон гэж тооцогддог байсан эцэг дээдсийн нь дүр билээ. Пасхи арлын хүн хөшөө нь яагаад толгой дээрээ хачин улаан чулуун малгайтай байдаг нь үүгээр тайлбарлагдах нь эргэлзээгүй юм. Бидний дээр цухуйлгаснаар Полинезийн аль ч арал дээр улаавтар өнгийн үстэй, цайвар царайтай хүмүүс, бүхэл бүтэн өрх гэрийнхэн лүгээ дайралдаж болох бөгөөд тэднийнхэн ч өөрсдөө тус арал дээр ирж суурьшсан анхны цагаан арьстнуудын удам угсаа гэж баталдаг билээ. Зарим арлын хүмүүс шашны баяр ёслолд оролцохдоо элэнц хуланцаа дуурайж нүүрээ цагаанаар, үсээ улаанаар буддаг ажээ. Пасхи арлын жил болгоны хамгийн том баяр ёслолын үеэр гол хүн нь үсээ улаан өнгөөр будах гэж богиносгон тайрдаг ажээ. Гэтэл Пасхи арлын аврага том хүн хөшөөнүүдийн толгой дээрх том том улаан чулуун малгай нутгийн хүмүүсийн үс гэзгээ янзалдаг шиг орой дээрээ товхтой нь эрэгтэйчүүдийн бут үсээ орой дээрээ зангидан бөндийлгөдөг уламжлалт ёсыг бодсон хэрэг юм.
Уран барималчид нь өөрсдөө урт чихтэй байсан болохоор Пасхи арлын хүн хөшөөнүүд цөм урт чихтэй байдаг. Уран барималчид нь өөрсдөө улаавтар үстэй байсан болохоор хөшөөнүүдийн үсийг заавал улаан өнгийн чулуугаар хийсэн ажээ. Уран барималчид нь өөрсдөө урт сахал ургуулдаг байсан болохоор хүн хөшөөнүүдийн доод эрүү нь шовх урт, уран барималчид нь өөрсдөө Малайн бүлэг ард түмний нэг хэсэг байсан болохоор хүн хөшөөнүүдийн нүүр царай цагаан арьст хүмүүсийнхэрхүү нарийвтар, хамар шулуун, уруул зургар нимгэн ажээ. Хүн хөшөөнүүд асар том толгойтой, даан ч жижигдсэн хөлтэй, хоёр гараа гэдэсний тус газар алгаар нь наалдуулсан байдаг явдал бол уран барималчид нь Перуд тиймэрхүү хөшөө хийж сурсных юм. Пасхи арал дээрх хүн хөшөөний цорын ганц гоёл чимэглэл гэвэл яг гэдсээр ороосон бүс нь юм. Гэтэл бас Титикака нуурын эрэг дээрх Кон-Тикийн эртний хотын нурсан балгасын хөшөө болгон ийм эрдэнийн бүстэй байдгийг бид мэднэ. Энэ бол наран хааны сүлд солонго бүс юм. Мангарева арал дээр им нэгэн домог байдаг байжээ. Юу гэвэл солонго бол наран бурхны эрднийн бүс бөгөөд тэрээр Мангарева арал дээр цагаан зүс царайт хүүхдүүдээ авчирч нутагшуулахын тулд эрдэнийн бүсээ тайлж тэнгэрээс бууж ирсэн ажээ. Эрт дээр үед эндхийн бүх арлын нэгэн адил Перуд ч гэсэн нарыг эрт урьд цагийн овгийн эцгээ гэж хүндэлдэг байжээ.
Сал маань яг Полинези руу чиглэн хөвж ганцаардмал Пасхи арлыг газрын зураг дээр биш, жинхэнэ өөрийг нь нүдээр үзэх ямар ч горьдлогогүй бид хэд од түгсэн тэнгэрийн доор суун тэрхүү арлын сонин хачин түүх намтрыг байн байн ярилцдаг байлаа. Гэтэл Пасхи арал дээр дорно зүгийнхний ул мөр маш их бөгөөд, эрт дээр цагийн нэр нь хүртэл нууцыг тайлах түлхүүр болж мэдэх билээ.
Хэн ч гэлээ нэг голланд хүн (Пасхи улаан өндөгний) баярын өдөр олж нээсэн учир газар зүйн зураг дээр анх «Пасхи арал» гэдэг нэр бий болжээ. Түүнээс гадна бас энэхүү арал дээр аж төрж байсан хүмүүс өөрсдөө эх нутгаа арай ч учиртай өөрөөр нэрлэдэг байсныг нь бид санадаггүй байжээ.
Жишээлэхэд л полинезчууд энэ арлыг гурван ч өөр нэрээр нэрлэдэг билээ.
Үүний нэг нь Те-Пите-те-Хенуа бөгөөд энэ нь «Арлуудын хүйс» гэсэн үг юм. Гоёмсог энэхүү нэр Полинезчуудын өөрсдийн ч боддогоор хамгийн түрүүчийн нэр бөгөөд Пасхи арлыг өрНөдийн бусад арлаас ганцаарыг нь онцгойлж үзсэн нь илт билээ. Арлын дорнод хэсэгт «урт чихтүүдийн» анх буусан домогт тэр газраас холгүйхэнд маш сайн засаж янзалсан «алтан хүйс» гэгч бөөрөнхий хад байдаг бөгөөд түүнийг бас Пасхи арлын өөрийн нь «хүйс» гэж үздэг ажээ. Полинезчуудын уран гоёмсог эцэг өвгөд тус арлын хүйсийг дорнод эрэг дээр тогтоож, Перуд хамгийн ойр энэ арлыг өрнөдийн өдий төдий арлын хүйс гэж зарласан нь учиртай юм. Полинезийн үлгэр домогт арлуудыг анх нээж олсон гэж өгүүлдэггүй тэдгээрийг «төрсөн» гэж өгүүлдэг нэгэн учрыг анхаарч үзвээс энэ нь Пасхи арал Полинезчуудыг бусад бүх аралтай холбосон анхны нь холбоо газар яриангүй мөн нь илэрхий.
Пасхи арлын өөр нэг Рапа-нуи гэдэг нь«Их Рапа» гэсэн үг бөгөөд бас Paпa-ити буюу «Бага Рапа» гэдэг нэртэй. Пасхи арлаас алс хол өрнөдөд оршдог бөгөөд хэмжээ дамжаагаараа яг түүнтэй адил өөр нэг арал байдаг билээ. Аль ч ард түмэн анхныхаа эх нутгийг жишээлэхэд Их Рапа гэдэг юм гэлээ гэхэд дараагийнхийг хэмжээ дамжаагаараа яг түрүүчийнх шиг нь ч байлаа гэсэн Шинэ Рапа, юм уу Бага Рапа гэж нэрлэх явдал ердийн зүйл билээ. Тэгвэл Бага Рапын ард түмэн ийм нэгэн үлгэр домог манай өнөөгийн өдрийг хүртэл мартагдалүй ирсэн билээ. Юу гэвэл уг домогт тэдний арал дээр анхны хүмүүс Их Рапаас өөрөөр хэлбэл дорно тийш Америкт ойрхон байдаг Пасхи арлаас ирсэн тухай өгүүлдэг билээ. Энэ бол анх удаагийн хүмүүс дорно зүгээс нүүдэллэн очсоны шууд нотолгоо яриангүй мөн.
Энэхүү гол ганц арлын өөр нэг сүүлчийн Мата-Ките-Рани гэдэг нэр нь «Тэнгэр өөд харсан нүд» гэсэн утгатай үг билээ. Мөхөс мөчид болгоовоос энэ нь Таити, Маркиз, Гавайн зэрэг бусад нэн өндөрлөг уулархаг арлуудыг бол тэнгэр өөд өлийсөн гэж хэлэхэд болох уу гэхээс биш, бусдаас нам доор Пасхи арлын хувьд бол огт зохиогүй хачин нэр санагдах бизээ. Гэтэл «Рани» (тэнгэр) гэдэг үг нь полинезчуудын хувьд хоёр өөр утгатай юм. Нэгдүгээрт энэ нь тэдний эцэг дээдсийн нь анхны эх нутаг, наран хааны ариун газар шороо, хүн амьтангүй зэлүүд хоосон болсон уулархаг орон Тикийн гэр юм. Тэгээд бас гадаад их далайн өдий төдий арлын дундаас Америкт чухамхүү хамгийн ойрхон оршдог Пасхи арлыг өөрсдийн төрөлх нутаг руу харсан нүд гэж нэрлэсэн нь тун учиртай зүйл билээ. Түүнээс гадна бас полинезчуудын хэлээр «Тэнгэрийн нүд» гэсэн утгатай Мата-Рани гэдэг нэр перу нутгийн Пасхи арлын талын Номхон далайн эргийн дагуу, Андын нурууны хормой хавийн Кон-Тикийн эртний нийслэлийн эвдэрхий балгас оршдог яг тэр хавийн газрын хуучны нэр лүгээ тохирч байгаа нь гайхалтай зүйл юм.
Тэнгэрт түг түмэн од түгсэн шөнө задгай салан дээр сууцгаан, эрт цагийн эдгээр бүх үйл явдалд өөрсдийн биеэр оролцож явсан улс шиг ийнхүү яриа хөөрөө дэлгэж явахад ердөө л ганц Пасхи арал хангалттай сэдэв болж өгдөг байлаа. Бид хэд Тикийн тэр үеэс авахуулаад л ингэж хуурай газар хайн далайн давалгаан дунд нар, cap оддын доор насан туршдаа хөвж яваа юм шиг санагдана.
Бид бүүр давалгаан, далайгаа ч бишрэн хүндэтгэдгээ больжээ. Бид давалгаа, далай гэж юу болохыг, салаар яваа бид тэднээс юу хүлээж болохыг сайн мэддэг болжээ. Аврага загас ч бидний хувьд ердийн нэг амьтан болж гүйцэсний учир бол бид хэд түүний зан авир, байр байдлыг мэддэг болсных билээ. Бид rap жадныхаа тухайд ч мартаж орхиод аврага загас дөхөж ирсэн ч салныхаа ирмэг дээрээс холдож зайлдаггүй болсон хэрэг. Харин ч бүүр салны хажуугаар ойртож ирэхэд нь нурууны нь сэрвээнээс барьж авах гэж оролддог болов. Яваандаа энэ маань аврага загастай оосор моосоргүй улаан гараараа «чадлаа үзэлцдэг» нэг ёсны аятайхан дасгал болж хувирлаа.
Эхлээд бид даруухан үзсэн юм. Бид идэхээсээ хамаагүй илүү олон алтан макрель барих гэвэл төвөггүй л барьдаг болов. Аятайхан зугаацаж сатаарах түүний нөгөөтэйгээр хүнс тэжээлийнхээ илүүдлийг дэмий хаяхын оронд гэж бодоод, дэгээгүй уяагаар загасчлах инээдэмтэй нэг арга санаачлав. Ер нь алтан макрелиуд ба бидний хэн хэнд маань зугаатай аятайхан зүйл байдаг байсан юм. Юу гэвэл бид өөрсдөд хэрэгцээгүй нисдэг загаснуудаа уяагаар оосорлож ус руу шидээд, гадаргуу дээгүүр хөвөхөөр татдаг байлаа. Алтан макрелиуд ч хөөрхий ухас хийж очоод л үмхээд авах нь тэр. Ингээд л загас ч цаашаа зүтгэж бид ч нааш нь чангааж циркийн аятайхан тоглолт үзүүлдэг байв. Алтан макрелиудын нэг нь алдлаа гэхэд нөгөө нь тэр даруй ухасхийгээд л оосрын үзүүрээс уяатай нисдэг загасыг үмхээд авна. Бид хэдийн зугаа гарч, зцсийн бүлэгт алтан макрель ч загасаа авч салдаг байлаа.
Улмаар бид хэд аврага загастай ингэж тоглодог болов. Бид оосрынхоо үзүүрт загасны нэг хэрчим юм уу, аль эспэл хоолны үлдэгдэл хийсэн шуудай уяад, уг илбээсээ ус руу хийдэг байлаа. Аврага загас өехийгөө өөд нь харуулдаггүй харин уснаас толгойгоо цухуйлган, өгсөн зүйлийг авч үмхэхээр амаа байдгаар нь ангайн хөвж ирдэг байв. Аврага загасыг амаа хамхихаар завдангуут бид хэд нь тэвчээр алдаад илбээсээ угз татаж орхидог байлаа. Хууртсан аврага загас тэнэг юм шиг тэвчээртэй царайлан улам ойртож, үмхээд авах гэх болгонд нь зайлаад явчихдаг илбээсийг үмхэж авахаар дахиад л амаа ангайна. Бүүр сүүлдээ аврага загас маань салны чанх ирмэгт тулж ирээд, хоншоорын нь дээхэнд хорхой хүрэм бөндөгнөж буй зуушийг үмхэж авахын тулд горьдсон нохой шиг эгц дээш цовхорно. Ингэж байхад адгуусан амьтдын хүрээлэнд арманын том ам руу идэх юм хийж байгаа юм шиг санагддаг бөгөөд бүтэн гурран cap аялаад байсан долдугаар сарын бөгсөөр юмдаг би тэмдэглэлийнхээ дэвтэрт ингэж бичив.
«Бид хэд өнөөдөр араас маань салахгүй дагаад байсан аврага загастай танилцаж журмын сайн нөхөд боллоо. Хоолноосоо үлдсэн зүйлсийг ам руу нь шидэж өгөв. Хажуугаар зэрэгцээд ирэхэд нь зуудаг болов сайхан зан нь хөдөлсөн нохой гэж бодож болохоор ажээ. Аврага загас гэдэг чинь ч хүн л өөрөө ам руу нь очоод орчихгүй бол зэгсэн зугаатай амьтан юм байна шүү. Юу ч гэсэн биднийг усанд ороогүй үеэр бол дэргэдүүр хөвж явахдаа аятайхан л санагддаг байлаа».
Нэг өдөр аврага загасанд бэлдсэн хоолтой шуудайн хамтаар оосрын үзүүрт бэхэлсэн хулсан саваа маань салны ирмэг дээр байснаа гэнэт долгионд долоолгож ус руу орчихов. Хулсан саваа салнаас бараг хоёр зуугаад метр холдон усан дээр хөвж байснаа гэнэт гозосхийн босоод, хэлүүлж шаардуулалгүй байрандаа эргэж очъё гэж шийдсэн юм шиг салны араас хөөж гарлаа. Түүнийг гозолзсоор ойртон ирэх үед нь бид доохон талд нь гурван метр аврага загас хөвж явааг харлаа. Хулсан саваа усан дотроос яндан дуран адил ёрдолзоно. Аврага загас шуудайтай идэх юмыг залгисан боловч, оосрыг тас хазаж чадаагүй ажээ. Ингээд хулсан саваа биднийг гүйцэж, хажуугаар маань тайван өнгөрч гараад, салны урд орж алга болов.
Бид хэд аврага загасыг шал өөрөөр хардаг болсон хир нь л алд том аман доторхи тав, зургаан ч эгнээ хөрөөний ир шиг хурц цагаан шүдий нь хараад аанай бас л хулхи буудаг байлаа.
Гэтэл хөөрхий муу Кнут маань нэг удаа өөрийн эрхгүй л аврага загаснууд дунд орчихсон юм. Нэгдэхэд салнаас хоцорчихож болзошгүй, хоёрдоход аврага загасны зоог болчихож болгошгүй тул нэг ч хүн салнаас холдох ёсгүй байлаа. Гэтэл далайн ус хачин амгалан тайвныг хэлэх үү, дагаад салахгүй байсан хэд хэдэн аврага загасыг дээшээ татаж гаргасныг хэлэх үү, би шалавхан усанд шумбаж болно гэж зөвшөөрчихсөн юм. Кнут усанд шумбан орж, зэгсэн холдоод, дахин гарч ирж сал руугаа эргэж яваа л харагдсан. Гэтэл шургийн орой дээр сууж явсан бид түүний доохон талд усан дотор өөрөөс нь хавьгүй том ямар нэг амьтны сүүдэр хөдлөхийг ажиглав. Бид ч айлгачихгүйг бодож аль болохоор тайван байхыг хичээн ам амандаа анхаарал өгөн хашггралдаж, Кнут ч сал руугаа хамаг чадлаараа сэлж гарав. Гэтэл усан доторхи сүүдэр бол түүнээс хавьгүй чадамгай сэлдэг амьтных байсан тул усны гүнээс эрс дээшлэн Кнутыг маань гүйцэж ирлээ. Кнут, тэр амьтан хоёр саланд зуузай холбон хүрч ирэв. Кнутыг салан дээр авиран гарч байх хооронд хоёр метр урт аврага загас гэдсэн доохнуур нь гарч салан доогуур орлоо. Кнутын маань хөлийг хазаад аваагүйд нь баярласан бид хэд аврага загасанд алтан макрелийн амттайхан толгой чулуудав.
Аврага загас ихэвчлэн идэх юм олж хараад бус, харин үнэрий нь аваад хорхой нь гозгонодог амьтан. Үүнийг турших гэж бид хэдийг салны ирмэг дээр очиж суугаад хөлөө ус руу дүрэхэд аврага загас метр, бүүр хагас метр хиртэй ойртож ирээд төдөлгүй тайван нь аргагүй буцаж явдаг байв. Харин загасны гэдэс дотор арилгаж ус руу жаахан цус дусаавал аврага загасны сэрвээ хөдөлгөөнтэй болж, махан дээр цугласан ялаа шиг л улаан цайм дайраад эхлэх нь тэр. Ингээд загасны гэдэс дотор чулуудахад тэр махчид ёстой галзуурч, эргэн тойронд маань ийшээ тийшээ шуугин давхилдаж гардаг байлаа. Тэд өөрсдийн төрөл садан болох амьтныхаа гэдэс дотрыг хомхой нь гэгчээр залгиад ус руу хөл дүрвээс харвасан сум шиг шуугин ирж, зарим нь хөл унжиж байсан тэр хавийн гуалинг үмхэнэ. Аврага загаснууд ухаан алддаг болохоороо нэг нь нөгөөгийнхөө гэдэс дотрыг ч залгина.
Бид сүүл сүүлдээ аврага загаснаас бүүр бишүүрхдэгээ больж, сүүлдэж аваад л салан дээрээ чирч гаргадаг болсон юм. Аврага загас сүүлдэж авна гэдэг олиггүй тоглоом гэлцэх боловч энэ нь урьд өмнө нэг ч хүн ингэж тоглож үзээгүй болохоор л тэр бизээ. Гэтэл тун аятайхан тоглоом шүу.
Аврага загасыг сүүлдэж авахын тулд эхлээд бид түүнд ёстой л амт шимттэйхэн нэг юм өгөх ёстой болно. Аврага загас өгснийг авахын тулд уснаас толгойгоо цухуйлгахаас ч буцдаггүй амьтан. Урьд өмнө хоолы нь шуудайд хийж ус руу тавьдаг байв. Харин аврага загасанд улаан гараараа хоол өгнө гэдэг бол ердөө ч дурлах зүйл биш юм шүү. Нохой юм уу, сургасан баавгайд идэх юм гараараа барьж өгөхөд махнаас шүдээрээ зууж аваад л хэсэг бөөхнийг тасдаж автлаа зулгаана. Гэтэл аврага загасны толгойноос дээр аюулгүйхэн зайд алтан макрель унжуулаад зогсож үзвэл аврага загас цовхорч, эрүүгээ дуугаргах боловч, rap дахь загас чинь бараг хөдлөөгүй атал тал нь алга болж, таны гарт ердөө л сүүл нь үлдэнэ гэж мэдээрэй. Бидний хутгаар хоёр хуваах гэж үйлээ үздэг алтан макрелийг аврага загас харин хөрөөний ир шиг гурвалжин шүднүүдтэй эрүүгээ хажуу тийш ялимгүй хөдөлгөөд, машинаар хиам хэрчиж байгаа юм шиг, нурууныхаа сэрвэнгээр нүд ирмэхийн зуур тас хяргана. Ингээд аврага загас санаа амран цааш эргэж усны гүн рүү арилахаар завдахад сүүл нь усан дээр мушилзах тул ухасхийгээд барихад хялбархан байв. Аврага загасны арьс зүлгүүр цаасархуу ширүүн бөгөөд сүүл нь үзүүр хавийнхаа доод талд, сайн атгахад зориулагдсан юм шиг хонхортой ажээ. Яг тэр газраар нь шүүрээд авбал барагтайд алдахгүй. Ингээд түүнийг сэхээ авахаас нь өмнө хүчтэй угзарч сүүлий нь гуалинд шахан дээш гаргах хэрэгтэй байдаг. Тэрхэн үедээ сэхээ аваагүй аврага загас юу болсныг гэнэт мэдээд толгойн талаараа, тэгэхдээ сүүлгүйгээр ямар ч хурд авч чадахгүй учир чадал нилээд сульдаж цааш зүтгэж гарна. Сүүлнээс бусад сэрвээ нь ердөө л хүч тэнцүүлэгч, залуурын үүрэг гүйцэтгэдэг хэрэг шүү дээ. Тийнхүү туйлах үед нь ердөө л сүүлий нь алдахгүй зуураад байх хэрэгтэй. Аврага загас тэгж ямар ч ашиггүй хэд зүтгээд санаа сэтгэлээр унаж, чөлөөтэй явдаг гэдэс дотор нь толгой тал руугаа сэгсрэгддэг учир бүүр номхорч, эцсийн бүлэгт муужирдаг юм. Тийнхүү номхорч, цаашид юу болохыг хүлээн хөдөлгөөнгүй гулдайхтай нь зэрэг хамаг чадлаараа угзрах хэрэгтэй. Бид хэд хүнд тэр загасыг уснаас тал биеий нь хүртэл татаж тэр болгон чаддаггүй боловч гэнэт, сэргэсэн аврага загас наашлах ажлыг өөрөө гүйцэтгэдэг байв. Юу гэвэл аврага загас хүчлэн мушигасхийж өөрөө толгойгоо гуалин дээр гаргаад өгдөг бөгөөд тэгэхэд нь бид хамаг тэнхээгээрээ чангааж, хөлөө хамгаалахын тулд хажуу тийшээ огло харайдаг удаа ч байлаа. Яагаад гэвэл энэ үед аврага загасны маань зан хувирсан байх шүү дээ. Ингээд л салан дээр үсэрч цовхчин, хулсан сууцны маань ханыг сүүлээрээ мунадаж гарна Ган булчингуудаа хайрлах юмгүй ажиллуулж, том амаа байдгаар нь ангайлган, хурц цагаан шүднүүд нь тажигнаж хавь ойрын юм болгонд шигдэнэ. Энэхүү цэргийн бүжиг заримдаа аврага загас санаандгүй ус руу цовхрон орж, муугаа үзэж дахин эргэж ирэхгүй алга болдог боловч их төлөв хий дэмий цовхчиж цовхчиж, сүүлэнд нь бугуйл углаж авах юм уу, эсвэл аврага загас өөрөө аюултай цагаан шүдээ үүрд ярзайлгаад төгсдөг байлаа.
Салан дээр аврага загас гарч ирсэн үед манай тоть сүйд майд болдог байв. Хулсан сууцнаас ум хумгүй гарч туурга өөд хачин хурдан шаламгай авирч. дал модны навчин дээвэр дээр гарч айх аюулгүй харж суухад болохоор байр эзэлж аваад толгой сэгсрэн суух буюу эсвэл нуруу модон дээгүүр хойш урагш гүйж байгаа харагдана. Тоть маань аль хэдийнээ хашир догь далайчин инээд ханиад, зугаа цэнгэлийн эзэн болж гүйцлээ. Бид хэд өөрсдийгөө зургаан хүн, нэг ногоон тоть нилээд ам бүл долуулаа гэж тооцдог болсон билээ. Хүйтэн цуст амьтан Юханнес хавч харин энэ өрх гэрийн тэгш эрхт гишүүн гэж хараахан тоологддоггүй байлаа. Манай тоть шөнийн цагт бол хулсан сууцанд байдаг торондоо орж, өдрийн цагт салны талбай дээгүүр чухаг амьтан зугаалж явах юм уу, аль эсвэл шургийн татлага уяа, оосроос дүүжигнэж хүч тамирын хамгийн гайхалтай дасгал болгоныг хийж үзүүлнэ. Манай салны шургийн татлагын уяа оосор эхлээд чангалж сулруулах тусгай төмөр тендер хэмээх жаазтай байсан боловч уяа татлага үрэгдэж идэгдээд байхаар нь авч хаяж, далайчдын мэддэг ердийн уяа гогцоогоор орлуулсан юм. Татлагын уяа оосор нар салхинд хатаж үлхийн сулраад төмөр шиг хатуу, хүнд мангро модон шураг улам бүр хазайж уяа оосорт ороолцолдон, эцсийн бүлэгт унах тийшээ хандаад ирэхийн үед бид хэд цөмөөрөө хамсаж байж тогтоосон юм. Хамаг хүчээ шавхан угзарч байгаа хамгийн эгзэгтэй үед тоть шувуу маань огцом дуугаараа.
«— Чангаа! Чангаа! Хо-хо-хо, ха-ха-ха!» хэмээн хашгирч инээн бид хэдийг тэсэлгүй инээлгэн, өөрөө бөөн баяр болсон амьтан татлагын уяанаас дүүжигнэн эргэлдэж эхлэх хүртлээ инээдэг байлаа.
Манай холбоочид эхлээд тоть шувуутай түнжин муутай байсан юм. Тэр хоёр маань яах вэ дээ Оклахомын ч юм уу ямар нэг радио сонирхогчтой холбоо барьж ид шид шингээсэн чихэвч чагнуураа хийсэн орчлонгийн хамаг юмыг мартсан амьтад л сууна. Гэнэт чихэвч чагнуур нь таг болбол энэ хоёр хамаг утсаа шалгаж, товчоо эргүүлж мушгиж ядаад ч чимээ олж сонсохоо болино. Тоть энэ үеэр антенний нь утсыг тоншоод сууж байдаг ажээ. Антеннаа агаарын бөмбөрцөгт уяж эгц дээш босгодог байсан эхний үед ийм явдал байн байн тохиолддог байв. Гэ тэл тоть маань өвдөж, бие нь сүрхий муудав. Тийнхүү хоол унданд ойртолгүй хоёр өдөр торон дотроо хариугүй суусан бөгөөд ялгадас дотор нь антенны утасны улаан үртэс гялалзаж байсан юм. Ингээд холбоочид ч хорон муухай хараал тавьдаг байсандаа, тоть ч болохгүй ажил хийж байсандаа гэмшиж, тэр өдрөөс эхлэн Торстейн Кнут хоёр, тоть шувууны дотно нөхөд нь болж билээ. Тоть маань радио станцын буланд хонодог боллоо. Анх салан дээр ирэхдээ төрөлх хэл нь испани хэл байсан бол Торстейнийг уянгат норвеги хэлээр хамгийн дуртай хэдэн үгээ давтдаг болж сурахаас аль өмнө мань тоть норвеги аялгуутай испани хэлээр сайн ярьдаг болсон юм гэж Бенгт ярьдаг байв.
Хөгжилтэй алиа тоть, түүний эрээн мяраан өд сөд бүхэл бүтэн хоёр сарын турш бид хэдийг тун их баясгаж явсан чинь нэг өдөр түүнийг минь шургийн орой дээрээс татлага дамжин бууж явах зуур салны apaac гэнэт хүчтэй давалгаан босож, тотио салан дээр алга байгааг мэдэх үед нэгэнт хожимдсон байлаа. Тотийн маань бараа сураг ойр хавьд алга болж «Кон Тикийг» зогсоох ч нөхцөлгүй, эргүүлэх ч нөхцөлгүй ямар нэг зүйл ус руу унавал түүний араас эргэж буцах боломжгүйг бид олон удаагийн явдлаар лавтай мэдсэн юм.
Тотио талийгаач болсон анхны тэр орой бид хэд уруу дорой царайлсан байлаа. Шөнийн цагт ганцаараа жижүүрлэж байгаад ус руу уначихвал иймэрхүү л юм болно шүү дээ гэдгийг дор бүрийдээ сайн мэдэж авсан юм.
Ингээд бид дүрэм горимоо улам хатуу чанд болгож, шөнийн жижүүрийн үеэр хэрэглэдэг хамгаалалт аргамжаа өөрөөр сольж, эхний хоёр cap тайван сайхан өнгөрсөн гээд аюул ослын талаар хэрхэвч мартаж болохгүй гэдгийг бие биендээ айхтар сайн захисан билээ. Гэгээн цагаан өдөр ч гэсэн нэг л болгоомжгүй гишигвэл, нэг л эвгүйхэн хөдөлбөл ногоон тоть шувууныхаа хойноос залраад өгч мэдэх билээ.
Калимарын том цагаан өндөгний хальс, тэмээн хяруулын ч юм уу, цагаан яст мэлхийн өндөг гэмээр эрээлж татсан хөх усан дээр хөвж явахыг бид хэд хэдэн удаа харсан юм. Цагаан хальсны доод талд нялцгай биетэн салж ядаж байхыг цорын ганц удаа олж харсан билээ.
Холгүйхэнд том цагаан бөмбөлөг хөвж явах бөгөөд эавиар явж очоод, хялбархан бариад авч болмоор санагдана. Планктон шүүдэг торгон тор маань тасарч салны араас ямар ч хэрэгцээгүй чиргүүлдэж явдаг болсноос хойш бид аанай санаа сэтгэл өөдрөг хэвээр, харин ч эргэж ирэхэд амар гэж салнаасаа аргамжсан завь усанд тавьдаг болсон юм. Харин салхи, давалгаан хоёр оройтох боломж завинд олгохгүйгээс гадна «Кон-Тикээс» аргамжсан оосор усан дотор тун саад болдогийг мэдэж их л гайхсан билээ. Бид салныхаа саяхан байсан тэр газар хүртэл ч сэлж очиж нэг ч удаа чадаагүй юм. Зарим үед нөгөө хүрч очих гэсэн зүйлдээ хэдхэн метр зайтай дөхөж очиж явтал аргамжаа чавхарч, «Кон-Тики» маань өрнө зүг рүү чангаагаад эхэлнэ. Ийнхүү бид «Салнаас салсан юм болгон тэр чигээрээ өнгөрдөг юм байна» гэдэг дүгнэлт яваандаа хийж аяллынхаа эцэс төгсгөлд хүрэн хүртэл огт мартаагүй билээ. Амь мэнд үлдэхийг хүсдэг хүн бол «Кон-Тики» салнаасаа далайн алс тэртээд хүрч хуурай газар урдуураа мөргөтөл нь салахгүй зуураад байх хэрэгтэй байлаа.
Тоть шувуу талийгаач болсноос хойш радио станцын байр эзгүйрсэн боловч маргааш өглөө нь ургахын улаан нар Номхон далайг гэрэлтүүлэн гийгүүлэх үед манай гашуудал төгссөн юм. Дараагийн өдрүүдэд зэгсэн олон аврага загас салан дээрээ татаж гаргасан бөгөөд тэдний ходоодноос гарсан тунец загасны толгой болон бусад сонин хачин зүйлсийн дотор махир хар эвэр хушуу дайралдсаныг бид хэд тотийнхоо хушууг мөн гэж санаад сайтар ажиж шинжиж үзвэл уусаж боловсорч дууссан калимарын хушуу байв.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.13 5:29 pm 
Оффлайн
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.13 11:49 am
Бичлэгүүд: 810
:wd: Энийг нэг уншчих юмсан гэээл бодоод явдаг байлаа. Баярлалаа.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.20.13 2:02 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.02.10 8:07 pm
Бичлэгүүд: 229
Сүүлийн 2 бүлгийг тэсэн ядан хүлээж байна шүү :)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.20.13 5:10 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Тоож унших хүн алга гэж бодоод орхичихсон шд.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.25.13 5:25 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.23.12 1:40 pm
Бичлэгүүд: 92
миний дуртай ном байна дээр үеийн монгол хэвлэл нь надад байсан дүү сургуулийн номын сандаа аваачиж өгөөд олдоогүй алга болсон одоо болтол харамсаж явдаг юм ямар сайхан хэрэг вэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.25.13 6:49 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.24.12 8:54 pm
Бичлэгүүд: 55
wooooo croftoo (huls tsudgaadiinaaaa)

_________________
Ядуу гэж хэзээ ч бүү гунь...


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 46 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Bing [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр