|
Хүүхдийн паркын танилцуулга
ҮСАХ нь анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан. Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5,6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбай юм.
Паркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965-1971 он хүртэл томилон ажиллуулж байжээ. Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 шахам хувийг дан залуучууд, олон нийтийн хүчээр барьсан байдаг юм байна. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжлэн хийгдсэн байна
Паркийг 1966 онд анх нээх үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2,8 км зам МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.
1979 оны намраас 1,8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж 1980 онд ашиглалтад оруулсны дээр, улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, Сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аялалын галт тэрэг, далайчин зэрэг 124,0 мянган төгрөгний үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцион, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болсон байна.
1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ.
1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна.
Үндэсний Соёл Амралтын дарга, захирлаар дараах хүмүүс ажиллаж байсан. Үүнд:
Паркийн даргаар:
1.Дамчаагийн Дашдэндэв 1965-1971 он
2.Р.Занабазар 1971-1975 он
3.Содномын Арьяашарав 1976-1978 он
4.Даваажавын Бавуудорж 1979-1982 он
5.Жавзанжавын Нарантунгалаг 1982-1985 он
6.Сосорын Лунаа 1985-1991 он
МҮСАХүрээлэнгийн захирлаар:
7. Дарингийн Баяраа 1991-1997 он
8 Довжинсүрэнгийн Тогтохбаяр 1997-2000 он
9. Пүрэвийн Дэлгэрнаран 2000 оны 4-12-р сар
10. Раднаагийн Зоригт 2000-2005 он
11. Д.Мөнхбат 2005 оны 02-р сараас одоог хүртэл
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг Нийслэлийн Засаг Даргын 2005 оны 09-р сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар татан буулгасан байна.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 09-р сарын 21-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргасан байна.
2005 онд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК болон нэр нь өөрчлөгдсөн.
Одоогийн байдлаар ҮСАХ нь гинжит савлуур, эргэдэг дельфин, үсэрдэг мэлхий, саран савлуур, алсыг харагч, завь, пуужин, агаарын дугуй, жижиг галзуу хулгана, морин тойруулга, мөргөлддөг машин, том галзуу хулгана \ одоогоор ашиглалт ороогүй байгаа зунаас ашиглалтанд орох байх\
зэрэг 13 төрлийн тоглоомоор үйлчилгээ үзүүлж байна.
_________________ Wish all the best MGL
|