| Оффлайн |
| Хvндэт Гишvvн |
 |
 |
Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm Бичлэгүүд: 168
|
1944 оны дөрөвдүгээр сарын 11. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Толгой тархи минь дүүрэн байна! Юунаас эхлэхээ мэдэхгүй сууна. Тав дахь өдрийн үдээс хойш болон хагас сайн өдөр бүгдээрээ баахан тоглоцгоов. Өдөр хоног нэг л янзаар урссаар дорхиноо өнгөрөн одож байна. Бүтэн сайн өдөр би Петерийг над дээр орооч гээд орж ирэхээр нь хэсэг өрөөндөө хамт сууснаа дээш гарч тэндээ зургаан цаг хүртэл байсан. Оройн зургаа арван таваас долоо хүртэл Моцартын маш сайхан концертийг радиогоор нэвтрүүлэв. Надад “Шөнийн бяцхан уянга” нь үнэнхүү онцгой санагдлаа. Сайхан хөгжим сэтгэл хөдөлгөөн баясгадаг боловч би олон хүний дэргэд биеэ барин, сэтгэл зүрхнээсээ амтархан сонсож чаддаггүй юмаа.
Бүтэн сайн өдрийн орой Петер бид хоёр хамтдаа дээврийн агуулах руу очив. Тухтай сууцгаах гэж манай өрөөнөөс ганц хоёр жинтүү аваачин, түүнийгээ хайрцаг дээр дэвсээд шахцалдан суув. Муши муужгай бид хоёрт хань болов. Тийн хаая хүүе гэх хүнгүй тайван суутал гэнэт найм дөчин тав орчимд Даан гуан дуу гарч, Дусселийн дэрийг авсан эсэхийг асуув. Бид ч огло үсэрцгээн жинтүү, муураа аваад Даан гуайтай хамт доош буулаа. Тэр жинтүүнээс болж бөөн шуугиан дэгдэв. Дэрлэж унтдаг жинтүүний нь нэгийг бидний авч явсанд Дуссел эмчийн уурласан гэж жигтэйхэн. Жинтүүндээ нохой бөөс орсон байх гэж айсан тэр хэчнээн шуугиан тарьсан гэж санана. Хэлдэг юм биш. Петер бид хоёр түүнээс өшөө авах гэж дэвсгэр доор нь овоо ширүүн үстэй хоёр сойз шургуулж бөөн хөхрөлдөөн болов.
Бидний зугаатай явдал удахгүй төгсөх нь тэр. Ес хагаст Петер харин хаалга тогшиж, англи хэлнийхээ хүндхэн өгүүлбэрт туслаач гэж аавыг гуйв. Би тэгэхэд нь Марготод “Ээ дээ, юу л бол. Туслуулна барина гэдэг ч худал байх аа” гэв. Миний таавар зөв байжээ. Дэлгүүрт хулгай оржээ. Аав, Петер, Даан гуай, Дуссел нар яах ийхийн завгүй тийшээ очицгоов. Ээж, Маргот, Даан эзэгтэй бид дөрвөн эмэгтэй тэднийг хүлээж хоцров. Бид дөрөв айж сандарснаа мартагнах гэж дэмий л ярьж гарлаа. Тэгтэл доор нэг юм түс тас гээд чимээгүй болчихов. Цаг ч ес дөчин тав болов. Бид бүгд царайгаа цонхийлгон, нам гүм дагжин сууцгаав. Эрчүүд маань хаачив? Юу тас няс гэдэг билээ? Тэд нар маань хулгайчтай үзэлцэж байгаа юм болов уу? гэсэн янз янзын асуулт тавин сууцгаалаа. Арван цагт харин хүний хөлийн чимээ гаран, аав цонхигор царайлан ууртай нь аргагүй Даан гуайг дагуулсаар орж ирэв. Тэгээд гэрлээ унтраа, чимээгүй дээшээ гарцгаа, цагдаа ирнэ гэв. Юун айж сандарлаа гэхтэй манатай, ум хумгүй гэрлээ унтраацгаан, гарт дайралдсаныг авч нөмрөн дээш гарцгаав. Дээр очмогцоо “Тэгээд юу болсон бэ? Хурдан яриач ээ” гэж гуйлаа. Гэвч ярьж хөөрөх завдал ч гарсангүй. Эрчүүд дахиад л доош буув. Арван цаг арав болоход нөгөө дөрөв дээш гарч ирэв. Гудамж руу ордог хаалга, эргэдэг тавиур бүхий үүдийг хан ян түгжиж, хоёр нь Петерийн онгорхой цонхон дээр харуулд гарав. Тэгээд ингэж ярьцгаав. Петерийг дээр сууж байтал хүчтэй түн тан хийх сонсогджээ. Тэгэхээр нь тэр доош бууж харвал агуулахын хаалганы зүүн хавтасны нэг самбар уначихсан байжээ. Санд мэнд дээш гүйж гаран, эрэгтэйчүүдэд хэлээд доош буужээ. Тэгтэл тэд агуулахыг түйвээж байгаа хулгайч дээр яг орчихжээ. Гэтэл Даан гуай яах ийхийн тухгүй “Цагдаа!” гээд хашгирчихаж. Хулгайчид ч яаран зугтсан байна. Цагдаагийн эргүүл тэр онгорхойг харчихаад бөөн юм болох вий гэж бодоод тэд хаалганы унасан самбарыг эргүүлж бөглөнгүүт нэг хүн гаднаас нь хүчтэй гэгч өшиглөн унагажээ. Мань дөрөв ч сандарч орхисон нь мэдээж. Даан гуай хүүтэйгээ болдогсон бол тэр эрийн бодийг нь хөтөлчих байсан гэнэ. Даан сүхээрээ газар балбаж байтал удалгүй нам гүм болжээ. Хаалганыхаа самбарыг бэхэлье үү гэтэл бас нэг гай учирчээ! Юу гэвэл гадаа нь зогсож байсан сэтгэлтэй хос гар чийдэнгээр өрөөг гэрэлтүүлжээ. Тэгэхээр нь манай эрчүүдийн нэг нь “хараал идмэр” хэмээн шивнэжээ. Тэгээд цагдаагийн дүр үзүүлж байснаа болиод мань хэд хулгайчийн дүрд хувирчээ. Манай дөрөв дээш гаран Петер гал зуух, эзний конторын үүдийг онгойлгож утсыг нь авч шалан дээр чулуудаад нуувчиндаа оржээ. Эхний явдал ингэж дуусчээ.
Сэтгэлт хосууд цагдаа дуудах нь лавтай байлаа. Энэ нь ядаж улаан өндөгний баярын орой, бүтэн сайн өдрийн үдэш орой байв. Баярын дараа өдөр пүүсэнд хэн ч ирэхгүй тул пүрэв гариг хүртэл бид сэтгэл амар байх аргагүй болов. Хоёр шөнө, нэг бүтэн өдөр ийнхүү айж дагжин сууна гэдгийг чи бодоод үз! Арав хагас, төдөлгүй арван нэгэн цаг болов. Чимээ байдаггүй. Тэгтэл арван нэгэн цаг арван таван минутад доор чимээ гарав. Хүн бүхэн бусдынхаа амьсгааг сонсохуйц чимээгүй таг чиг болов. Гаднаас орж ирж буй хүмүүсийн хөлийн чимээ, эхлээд байшинд, дараа нь гал тогоонд...бүүр сүүлдээ манайхны шатан дээр гарав. Хүн бүхэн амьсгаагаа даран, зөвхөн л найман зүрх түг түг цохилон байлаа. Тэгтэл мөнөөх алхаа бидэн рүү ордог шүүгээн хаалганы тушаа тачигнав. Энэ эгшнийг үгээр дүрсэлж чадашгүй нь ээ. “За, ингээд л өнгөрдөг байж дээ” гэж бодов. Энэ шөнө бид бүгд гестапогийнханд чирэгдэж яваа маань нүдэнд минь харагдах шиг боллоо. Шүүгээн хаалгыг хоёр ч удаа түлхэх сонстож, бас юм унах дуулдав. Тэгснээ нөгөө хөлийн чимээ холдоод явчихав. Аюул түр ч болов холдов. Манайхан их багагүй айсандаа чичирцгээн эрүү шүд нь хавьжигнах нь сонсогдов. Үг дуугарах сөгөөтэй хүн нэг ч байсангүй. Байшин чимээгүй болсон ч шүүгээ хаалга бүхий хонгилын гэрэл асаастай чигээрээ хоцров. Сайхь шүүгээ сэжигтэй харагдав уу? Эсвэл цагдаа гэрлээ унтраахаа мартав уу? Унтраах гэж хэн нэг нь дахиж ирэх болов уу? гэсэн бодолд өөрийн эрхгүй автдаг юм байна. Байшинд хэн ч байхгүй юм шиг болоход сая хэл амны ээдрээ арилав. Гэвч гадаа үүдэн дээр цагдаа зогсож байхыг үгүй гэх газаргүй ажээ. Бүгд айснаас чичирсээр байв. Даарахад нус, яарахад шээс гэгчээр хэн хүнгүй л морь хармаар болов. Хувин дээвэр дээр байсан бөгөөд Петерийн барьж ирсэн цаасны төмөр хувингийн хэрэг гарав. Даан гуай эхэлж, аав дараа нь бие засав. Ээж ичээд байгаа бололтой. Ээж, Маргот, Даан эзэгтэй биднийг учраа олог гэж аав хувинг өрөөнд оруулав. Маргот, Даан авгай, бид гурав дуртайяа бие засав. Дараа нь бас ээж ч бие засав. Тэгтэл цаасны хэрэг гардаг байна. Азаар би жаахан цаас хармаалсан байлаа. Саван дахь өтгөн шингэний үнэр ханхлан, бид дэмий л шивнэлдэцгээнэ. Бидний ядарсан гэдэг тоймгүй. Шөнийн арван хоёр цаг болов. Шалан дээр хэвтээд унтацгаа гэх нь дуулдав. Маргот бид хоёрт дэр, орны бүтээлэг өгөв. Марготыг шүүгээний урдуур хэвтэхэд би дэргэдэх ширээнийхээ хөлний хоорондуур хажуулав. Шалан дээр хэвтэхэд өнөөх хувинтай юмнаас ханхлах үнэр гайгүй байв. Даан эзэгтэйг жаахан хажуулаад босож сандал дээр суухад Даан гуай хөлийг минь дэрлэн шалан дээр хэвтэв. Бүх юм дахин бодогдоод Даан гуайг дугхийхээр бие чичирнэ. Цагдаа буцаж ирвэл яах вэ гэж айсандаа бодов. Хэрэв сайхан сэтгэлт Холланд хүмүүс байвал аварна. Харин нацистууд байвал хахууль өгнө дөө! гэж бодов.
Тэгтэл Даан эзэгтэй “Радиогоо нуугаарай” гэв. Даан гуай тэгэхэд “Тэгье, гал тогоонд нууцгаая. Нээрээ тэд биднийг олох юм бол түүнийг бас олно л доо” гэв. Аав:
-Аннегийн өдрийн тэмдэглэлийг ч бас олох байх даа гэвэл манайхны хамгийн аймхай нэг нь:
-Шалавхан шатаагаач гэв. Энэ нь цагдаа нар шүүгээ түчигнүүлэн байгаатай адил аймар сонсогдов. Намайг тэсэж чадалгүй:
-Үгүй! Миний өдрийн тэмдэглэл надтай хамт өнгөрөх болно! гэхэд аав юу ч дуугарсангүй. Бурхан өршөө. Миний санаанд тодоос тод ул мөрөө үлдээсэн тэр бүх яриа хөөрөөг энд бичихийн хэрэггүй бизээ. Мөн ч их маргалдацгаасан даа. Айж сандарсан би Даан авгайг аргадаж тайвшруулав. Бид Геспотагийнхны байцаалт, мөрдөлт, тэднээс оргож зугатаах болон аливаад зориг самбаатай байх тухай хүүрнэлдэв. Даан гуайн авгайд хандан:
-Эзэгтэй, бид яг л тулааны талбарт байгаа цэрэг шиг л байх хэрэгтэй! Тэгвэл “Ораня” нэвтрүүлэгт хэлдгээр хатан хаан, эх орон, эрх чөлөө, үнэн шударга ёсны төлөө байх болно шүү. Цорын ганцхан гайхмаар юм гэвэл, бид тэр бүхнээ золгүй явдал руу аваад одож болох юм гэв.
Даан гуайг авгайтайгаа байраа солиход аав маань над дээр ирэв. Эрчүүд тасралтгүй тамхи татаж, үе үе гүнээ санаа алдах нь сонсогдон, хэн нэг нь хувин дээр мордох нь дуулдана. Энэ байдал эргэн давтагдсаар дөрвөн цаг, таван цаг, тав хагас болов. Би Петерийн өрөөнд очив. Бид хоёр цонхон дээр шахцалдан, чимээ анир чагнан, бие биесийхээ чичрэхийг мэдрэн суув. Бид хааяа ганц нэг үг сольцгоон сонор соргог суулаа. Зэргэлдээх айл хөшгөө татав.
Өглөөний долоод эрчүүд хэн нэгнийг ирүүлээч гэж гуйхаар ноён Коофуйсыг утсаар дуудах юм болцгоов. Тэд утсаар түүнд хэлэх гэсэн үгээ бичив. Агуулах руу ордог гадна хаалган дээр суугаа манаач утасны дууг сонсох юм бол цагдаагийнхан буцаж ирж болох нь бүүр ч осолтой билээ. Коофуйст хэлэх үг нь “Хулгай орлоо. Цагдаа нууц хаалга бүхий шүүгээ хүрээд буцлаа. Хулгайч сандрахдаа агуулахын хаалгыг цөм цохиж, цэцэрлэг рүү зугтсан байж таарна. Гол хаалга түгжээстэй байснаас ноён Кралер хоёр дахь хаалгаар гарч явсан болог. Бичгийн машинуудаа эзний конторын төмөр авдранд хийсэн нь дээр. Хенкэд хэл хүргэж, Эллигээс түлхүүр авахуулан, муурын хоол дөхүүлэх нэрээр пүүр рүү ирүүл.”
Ашгүй бүгд л хүссэнээр болжээ. Коофуйс гуайд дээр бидэн дээр байсан бичгийн машинуудыг доорхи эзний өрөөний төмөр шүүгээнд хийсэн тухай хэл өгөв. Бид ширээ тойрон, Хенк ирдэг болов уу эсвэл цагдаа ирдэг болов уу гэж түгшин хүлээж суулаа. Петер зүүрмэглэн, Даан гуай бид хоёр шалан дээр хэвтэж байв. Тэгтэл доор хүний хөлийн хүнд чимээ сонсогдов. Намайг “Ашгүй Хенк ах!” гээд сэмээрхэн босоход манайхны нэг нь:
-Үгүй биш. Цагдаа байна! гэв. Нэг хүн хаалга тогшин, Мийпийн исгэрэх сонсогдов. Даан хатагтайн царай цонхийн, сандал дээр хөдлөх тэнхээгүй сууж байлаа. Хэрвээ тэр түгшүүрт байдал дахиад минут хэртэй үргэлжилсэн бол эзэгтэй ухаан алдах байв. Мийп, Хенк хоёрыг орж ирэхэд бидний сууж байгаа өрөө тасалгааг ямар байсан гэж санана. Зөвхөн ширээн дээр байгааг харахад ойлгомжтой. Чанамал жимс барьсан ганган бүжигчний хөрөг бүхий дэлгээстэй “Кино ба театр” гэдэг сэтгүүл, чанамал жимсний хоёр шил, бүтэн хагас талх, толь, сам, шүдэнз, үнс, янжуур, үнсний сав, тамхи, эмэгтэй хүний гэрийн халат, гар чийдэн, жорлонгийн цаас ундуй сундуй хөглөрнө. Хенк, Мийп хоёрыг хараад л бөөн баяр хөөр, уйлаан майлаан болцгоов. Хенк өнөөх онгорхойг модоор таглаад тэр явдлыг цагдаагийн газар ойлгуулахаар одов. Мийп харин тэр онгорхойг үзэж, цагдаад хэл хүргэсэн тухай мэдээг агуулахын хаалган доороос олжээ. Хенк бас л түүн рүү очих болов. Хагас цаг хэртэй хугацаа өнгөрөхөд би байраа эмхэлж цэгцлэн, хэвийн байдалдаа орцгоов. Хагас цагт бид хэзээ ч тэгэж бүх юмаа амжуулж үзээгүй юм. Маргот бид хоёр доош бууж, ор дэрээ янзлан, жорлонд орж угаалга цэвэрлэгээгээ хийн, үсээ самнав. Дараа нь өрөө тасалгаагаа жаахан янзлаад дээш гарахад ширээн дээрх юмсыг аль хэдийнэ хурааж янзалсан байв.
Бид ус авчран, кофе чанаж, өглөөнийхөө цайны ширээг засав. Аав, Петер хоёр өнөөх хувингуудад байсан өтгөн шингэнийг асган, хлортой халуун усаар цэвэрлэжээ. Арван нэгэн цаг гэхэд бид тайвширцгаан, Хенктэй хамт ширээ тойрон суухад тэр:
-Нэг үл таних авгай манай шөнийн эргүүл Слатер Уай дээр ирж, нөхрөө муу завьтайгаа хотын сувгаар явахдаа манай үүд цөм цохигдсоныг хараад, цагдаа авчран пүүсний бүх л өрөө тасалгаагаар орж үзсэн гэж ярьжээ. Хоёр дахь өдөр л Кралер гуайнд очиж мэдэгдье. Тэр цааш нь ярина байх. Булангийн ногоочныхоор орж, хулгай орсныг яривал өнөөх номой эр “Би мэдсээн. Өчигдөр эхнэртэйгээ танай пүүсийн дэргэдүүр өнгөртөл хаалга тань цөм цохиулсан байна билээ. Авгай маань харчихаад бушуухан шиг холдъё гэсэн. Харин би тэссэнгүй гар чийдэнгээр гэрэлтүүлж үзсэн. Тэгтэл хулгайчид нь түр тар гээд л зугтчихсан. Танайхныг нэг л өөр байна уу гэж санадгаас юу ч болж мэднэ гээд цагдаа дуудсангүй. Гэхдээ би тодорхой юм мэдэхгүй шүү. Харин тэгэхдээ та нарыг нэг л зүгээргүй гэж боддог шүү!” гэсэн гэв. Хенк тэгэхэд нь талархаад гарчээ. Тэрээр биднийг энд байгааг гадарлаад, үдийн хоолны төмс залгуулдаг байх нь ээ! Сайн эр.
Хенкийг гарч одоход бид сав суулгаа угаан, үдийн нэг цагийн хэрд цөм унтахаар хажуулав. Гурав дөчин тавд сэрээд харвал Дуссел арилаад өгсөн байв. Нүүрээ угаах санаатай нойрмог царайлан явтал Петер мөн л нүүрээ угаах санаатай явж байгаад гэнэт тааралдав. Бид доор уулзахаар болзлоо. Үс толгойгоо хурдхан самнаад доош буувал Петер:
-Агуулахад очвол чи айхгүй биз гэв. Би зөвшөөрөөд тухтай суух гэж дэрээ аваад буув. Гадаа хэчнээн сайхан байсан гэж санана. Удалгүй түгшүүрийн дохио хангиналаа. Бид хоёр тэндээ сууж л байлаа. Петер нэг гараараа мөрөөр минь тэвэрсэнд би ч бас түүнийг тэврэв. Тэгээд биднийг кофегоо уу гэж хэлэхээр Марготын ирэн иртэл тэврэлдэн суулаа.
Бид талх идэж, жүржийн ундаа уун, жаахан төрхгүйтэв. Өөр гойд юм ч болсонгүй. Бүхнээс илүү зоригтой байсанд нь би Петерт талархав. Бидний хэн нь ч өнгөрсөн шөнийх шиг аюулд учирч явсангүй. Ёстой л тэнгэр биднийг тэтгэжээ. Бүр шүүгээн хаалга хонгилд цагдаа ирж гэрэл асаасан мөртөө юу ч анзааралгүй яваад өгсөн гэж бодоод үз л дээ.
Чөлөөлөлт хэрэв бөмбөгдөлтөөр эхэлбэл хэн хүнгүй л хар амиа бодох хэрэгтэй болно доо. Тэгэхэд ч муу хоргодох байр маань бас л хөөрхийлөлтэй бидэндээ нөмөр болно бий! Тэрхэн мөчид бид яацгаах бол? Өчигдөр хулгай орсноос болж мөн л их юм өөрчлөгдлөө. Дуссел эмч орой бүр ноён Кралерийн өрөөнд суудгаа больж, угаалгын өрөөнд суух болов. Оройн найм хагас, ес хагас болоход Петер эргүүл хийж байгаа нь энэ гэж өрөө тасалгаагаар явдаг болов. Петерийн цонх онгорхой байдгийг болиулав. Оройн есөн цагаас хойш жорлонгийн ус татахыг зөвшөөрөхгүй боллоо. Өнөө орой агуулахыг хаалгыг бөхөлж бэхлүүлэхээр нэг мужаан ирүүлэв. Кралер ер нь бидний болгоомжгүй байгааг зэмлэж, Хенк ийм байдалд бидний хэн нь ч доошоо бууж болохгүйг анхааруулав. Бид дүрвэж амь хоргодсон хувь тавилангүй еврейчүүд учраас тайлбар хийх эрхгүй, үг дуугүй байх үүрэгтэйгээ хатуу санав. Еврейчүүд бид дураараа байж болохгүйг, гонгинолдолгүй сэтгэл чангахан байж, хувь тавилангаар оногдсон лай ланчигаа эдлэн, хэрээрээ байж, бурханд залбирах хэрэгтэйгээ л мэдлээ. Энэ аймшигт дайн нэг л өдөр дуусаж, бид зөвхөн еврейчүүд биш хүн гэдгээ мэдрэх цаг ирнэ дээ. Хэн биднийг ингэж ялгаварлаж эхлэв ээ? Хэн нь еврейчүүд биднийг улс түмний дундаас онцгой ялган золиослох болов оо? Хэн биднийг өдий хүртэл ийнхүү зовоон шаналганам бэ? гэвэл тэр нь бурхан ажээ. Бас бурхан л биднийг энэ зовлонгоос ангижруулна. Газар дэлхий, хүн ардаас сайныг нь суралцах, түүнийхээ төлөө өөрсдөө зовох ёстой гэдэг нь магадгүй зөвхөн еврейчүүд бидний бодол, сүжиг болохыг хэн мэдэх билээ. Бид дангаараа Холланд, Англи эсвэл ямар нэгэн өөр орныг хэзээ ч төлөөлж чадахгүй. Бид хэзээний л еврейчүүд хэвээрээ байна, ийм байхыг ч хүсдэг. Зоригоо чангалагтун... Бурхан еврей хүн ардыг хэзээ ч зовлонд орхиж байгаагүй юм. Улиран одох тэр он жилүүдэд еврейчүүд хүчирхэгжин батажсан. Сул дорой нь устан талийхад, амьдрах чадвартай нь үлдэн үндэс угсаагаа тасалсангүй!!! Би өнгөрсөн шөнө ингээд л үхэх ёстой болж дээ гэж бодлоо. Цагдааг ирэхийг хүлээж байхдаа яг л тулалдааны талбар дахь цэрэг шиг шийдчихээд байлаа. Хэрэв амьд үлдэж, дайн дуусгавал Холландын харьяат болох минь гэж хүсч байна. Би Холланд хүмүүс, эдний болон миний эх орон Холланд нутаг, Холланд хэлэнд хайртай. Энд л ажиллахсан гэж хүснэм. Сансандаа хүрэлгүй замынхаа дундаас буцахгүй юмсан. Шаардлагатай бол энэ тухайгаа Холландын хатан хаанд ч бичнэ!
Би улам бүр эх, эцгээсээ хараат биш болсоор байна. Хэдийгээр би балчир ч гэсэн надад ээжээс илүү амьдрах зориг, өөртөө итгэлтэй зан төрх, сэтгэлгээ байна. Би өөрийн гэсэн зорилго, үзэл бодол, итгэл бишрэл, хайрлах юмтай. Намайг байгаагаар минь л байлгаач. Тэгвэл л болох нь тэр. Би өөрийгөө дотоод сэтгэлийн хүч чадал зориг бүхий эмэгтэй хүн гэдгийг бас мэднэ. Бурхны ивээлээр хэрэв амьд үлддэг юм бол ээжийн хүрснээс илүүд хүрнэ. Энэ амьдралаа зүгээр нэг утга учиргүй өнгөрөөхийг хүсэхгүй байна. Хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах болно! Зориг, өөдрөг сэтгэл бүхнээс чухал гэдгийг би мэдэж байна!
Анне
|
|