|
Арван долдугаар хэсэг
Өглөөний цайнд ахмад Райт хамгийн сүүлд орж ирэв. Тэрээр маш их уурлаж, уруул нь татвалзаж байлаа.
Ахмад нийтийн ширээний дэргэд дөхөж ирээд ердийнхөөрөө мэхийн мэндчилэхийн оронд шалан дээр том гал улаан сарнай шидэж, дээрээс нь дэвсээд:
– Ноёд оо, би хүүхэн биш, миний өрөөний цонхоор сарнай чулуудна гэдэг зөөлнөөр хэлэхэд тэнэг хэрэг. Би үүнийг доромжлол гэж үзэж байна, дахиад ингэвэл миний илдний амтыг үзэх болно шүү гэв.
Юм бүхэнд нягт нямбай хандаж сургасан зарц Райтын дэвсээд хаясан сарнайг шүүрэн авч Сабо хиад үзүүлээд:
– Энэ сарнайг хаанаас авсан юм бол, манай цэцэрлэгт ийм сарнай байхгүй шүү дээ гэхэд:
– Уулан дээрх цайзад бий, өчигдөр орой аваачсан юм хэмээн Миллер хэллээ.
Тэр өдөр өнгөрч өгөхгүй тун ч уйтгартай байв.
Орой нь үлдсэн зочид хооллох цуглалаа. Тун цөөхөн зочин үлджээ. Бүгдийнх нь царай тун урвагар байлаа.
Гэрийн эзэн зочдоо хөгжөөх, өөрөө ч өнгөрсөн таагүй явдлуудыг түр ч болов мартахын тулд нөгөө захидлуудаа гүйцээн уншиж өгөхийг Карл Ивановичаас хүслээ.
Карл Иванович харваас нэлээд эргэлзэн тээнэгэлзэж, нэг юм хэлэхээр завдсанаа гараа сэгсрээд нүдний шилээ зүүж:
– За, би уншиж эхэллээ шүү гэв.
Арван долоо дахь захидал
Альф минь, сүүлийн захидал бичсэн өдрөөс хойш ганцхан хоног өнгөрсөн боловч энэхүү ганцхан хоногт миний насан туршийн амьдрал эрс өөрчлөгдөж, ариун нандин, эрхэм дээд бүхэн минь нуран уналаа. Миний амин хувийн аз жаргал ч сүйрлээ. Рита минь яах бол? Тэр минь ямар буруутай билээ? Үгүй ээ, би сэтгэл зүрхэндээ нажид зовлонгоо эдэлж, түүнийхээ өмнө аз жаргалтай хүний дүр эсгэж байх ёстой! Ритагийнхаа төлөө л энэ шүү дээ.
За, дэс дараагаар нь сонсож бай.
Би Ритаг өрлөг эх, үеэл хүүхнүүдийнх нь гарт даатган орхиж, гэр аж ахуйнхаа талаар зохих заавар тушаалаа өгөөд өвгөн эмчийг эрж олохоор хот уруу явлаа.
Хэрэг болгон асууж сураглаад явах ч шаардлага байсангүй, буусан буудлаасаа асуун ам ангаймагц л шууд өвгөний гэрийн хаягийг хэлээд өглөө.
– Гэхдээ та түүн дээр очоод хэрэггүй л болов уу, эмч хүн эмчлэхээ байгаад удаж байна, гэртээ бараг хэнийг ч оруулдаггүй юм гэж миний буусан буудлын давхрын үйлчлэгч хэллээ.
Тэр маш хачин ааш зантай хүн. Хэрэв та зөвшөөрөн соёрхвол би таныг Фриш эмч дээр аваад очсон нь дээр байх. Маш сайн эмч, манай энэ буудалд амьдардаг юм.
Би түүнд талархаад Фриш эмч дээр очихоос татгалзлаа…
– Харин та яагаад өвгөнийг маш хачин зан ааштай гээд байгаа юм бэ? хэмээн сонирхвол:
– Юу ч гэх юм бэ дээ, бүгд л тэгж ярьцгаадаг юм, өвгөний ухаан санаа нь муудсан даг аа гэв.
Би ч өвгөнийд очихоор явлаа.
Хөлсний морь тэрэгч намайг хотын захад орших нэгэн жижиг модон байшингийн өмнө аваачиж буулгалаа. Гадна хашаанд нь нэгэн хижээлдүү авгай намайг тосон уулзаж эмч хүн үзэхээ больсон, хэнийг ч хүлээж авахгүй гэж дурамжхан дуугарч байна.
Намайг түүн дээр хүргэж өг гэж хэлээд алтан «үнэмлэх» гарт нь атгуулав.
Тэр даруй намайг үүдний хонгилоор дагуулан явж түүний өрөөнд орууллаа.
Эхний өрөө нь гоц гойд юмгүй, хотын борчуудын жирийн л нэг өрөө байна. Харин дараагийн өрөө нь маш өөр төрх байдалтай ажээ.
Дүүрэн ном хураасан хар бараан шүүгээнүүд, лабораторийн шилэн сав суулга, багаж хэрэгслүүд, амьтны чихмэл дүрсүүд, түүгээр ч зогсохгүй хүний араг яс тавьсан харагдах бөгөөд алхимич юм уу эсвэл эрдэмтэн хүний ажлын өрөө байна.
Цонхны дэргэдэх том зөөлөн түшлэгтэй сандал дээр мань өвгөн сууж байлаа. Эхлээд би хаяг андуураад өөр хүний гэрт ирчихэв үү гэж хүртэл бодлоо. Тэрхүү хатангир туранхай өвгөнийг манай бүдүүн тарган биетэй, хөгжөөн наргиантай эмч гэж бодоход хэцүү байлаа. Үс нь бүр халзарч, асар том нүдний шил зүүжээ.
Би хэнийд ирснээ өөрөө сайн мэдэж, өвгөний нүүр царайнаас эрхбиш бага боловч танил төрх олж харж байсан бол харин өвгөн намайг огт танихгүй байлаа.
– Танд юу хэрэгтэй вэ? Би хүн үздэггүй гэж хэлээд өвгөн шуудхан бослоо.
Би нэрээ хэлэв.
Тэрээр миний хэлснийг ойлгоогүй юм шиг хэсэг зуур хөдөлгөөнгүй зогссоноо шилээ жигтэй шөргөөж хоолой нь чичрээд ирлээ:
– Та хэн гэнэ ээ? Би нэрээ дахин хэлэв.
Альф минь, тэр өвгөн айсандаа царай нь цаас шиг хувхай цайж, зүүж байсан нүдний шил нь шалан дээр унахыг ч огт анзаарахгүй байсныг чи харсан ч болоосой. Биеэ ямар нэг юмнаас хамгаалах гэсэн мэт хоёр гараа урагш сунгаж:
– Үгүй ээ, тийм байж таарахгүй! гэж бувтнан хөл нь өөрийн эрхгүй нугалраад түшлэгтэй сандал дээрээ ёолон унаад өглөө.
Би түүнд аяга ус өгөөд гараас нь бариад ярьж эхэллээ.
– Эмч ээ, эмч минь, та өөрийн хайртай бяцхан Карлогоо мартаагүй биз дээ гэж асуугаад хүүхэд цагийнхаа аар саар зүйлс, түүний хэлдэг байсан тоглоом наадмын үгс, надад өгсөн бэлэг сэлт зэргийг ярьж түүнд сануулахыг хичээлээ...
Өвгөн бага багаар тайвширч, бүр инээмсэглэв:
– Үгүй нээрээ чи Карло мөн байна шүү дээ, эрүүл саруул эсэн мэнд явна. Ямар том, сайхан эр болоо вэ? Чиний эцэг, миний найзад ийм сайхан хүүгээрээ бахархаж явах хувь тавиланг бурхан тэнгэр заяасангүй дээ, хөөрхий гэв.
– Тийм ээ, эмч ээ, би долоон настай балчирхан хүү байхдаа эцэг эхээсээ холдсон, харин ямар учраас тэгэх болсныг одоо хүртэл ухаараагүй л явна.
Өвгөн цочисхийн надаас бага зэрэг холдож хэсэг дуугүй байснаа:
– Чи манай хотод ямар хэргээр ирэв, энд хир зэрэг удах вэ?
– Би өнөөдөр ирлээ, харин миний энд хир зэрэг удахыг та л шийдэх хэрэг. Хэрэв та миний хүсэлтийг зөвшөөрвөл маргааш өглөө хамтдаа цайз уруу хөдөлцгөөе.
Өвгөний хамаг бие салганаад ирэв:
– Юу гэнэ ээ? Танай удмынхны цайзад очих гэж үү? Чи тэнд очиж яах гээв? хэмээн өвгөн уурсан хашгичив.
– Юу яах гээв гэж? Би цайздаа очиж амьдраад хоёр сар гаруй болж байна шүү дээ хэмээн би инээд алдав.
– Чи цайздаа очоод хоёр сар гаруй болж байна гэнэ ээ гэж өвгөн амандаа бувтнан бүр шүд нь буюу үнэнийг хэлэхэд шүдгүй эрүү нь чичирч
– Чи эсэн мэнд, эрүүл саруул байгаа юм биз дээ тэгээд. Эх Дагинын өмнө өчүүхэн ч худал яриагүй гэдгээ батлан тангарагла гэж шаардангуй хэлээд тасалгааны нэг булан уруу заалаа.
Тэр буланд Бурхан тэнгэрийн том жижиг олон янзын хөргүүдийн өмнө зул барьсан байх бөгөөд тахилын ширээн дээр судар ном дэлгэн тавьжээ. Би өрөөн анх орж ирэхдээ тэр буланг анзаараагүй тул бурхан тахил дэлгэж, өмнө нь зул барьсны зэрэгцээ хүний араг яс тавиастай байхыг үзээд ихэд цочирдон гайхлаа.
– Тангарагла гэж чамд хэлж байна шүү, алив загалмайлан залбираадах! гэж өвгөн сүртэй гэгч нь шаардахад өвгөн эмч солиорчихож гэж бодоод түүнийг уурлуулахгүйг хичээхдээ загалмайлан залбирч:
– Эх Дагинын нэрийг барин тангараглая, би эсэн мэнд, эрүүл саруул байна хэмээн ёслол төгөлдөр хэллээ.
Өвгөн уйлж, үнэндээ бол гиншин мэгшсээр том алчуур халааснаасаа гаргаж ирэх зуураа:
– Чи яах гэж ирээ вэ, яах гэж ирсэн юм бэ? Юу хүсээ вэ? гэж байн байн үглэсээр байлаа.
Өвгөнийг бүр тайвширсны дараа би түүнд бүр бага балчир байхаасаа л эх орноо үгүйлэн санагалздаг байсан боловч эцгийнхээ үгнээс гарч зүрхлээгүй учраас харь хол хүний нутагт арга буюу суусаар байснаа ярьж аав маань гэнэт нас барснаар тэрхүү хөл хорио тавигдаж эцэг эхийн шарилд мөргөх гэсэн боловч бунханд байгаагүй тухай ч хэллээ.
– Олоогүй юм уу? Бунханд байхгүй байна уу? гэж өвгөн баяртай нь аргагүй шивэгнээд Шинэ бунхныг чи хөндөөгүй биз? гэж асуулаа.
– Өөр шинэ бунхан бас байгаа юм уу?
Хаана тэр вэ?
– Сайн байна, маш сайн байна гээд өвгөн гараа үрчлээ.
Би бүр учраа олохоо байж, дэмий л ухаан нь орж гардаг өвгөн дээр ирсэндээ харамсан эвгүй байдлаас хэрхэн гарах тухай бодолхийлэн дуугүй суулаа.
Өвгөн ч дуугарсангүй.
– Чи харь нутаг уруу хэзээ буцах юм бэ? гэж эцэст нь тэр асуув.
– Буцах аа? Тийм бодол алга аа! гэж би гайхан дуу алдлаа.
– Цайзыг хэдийн цэвэрлэж, засаж янзалсан, хоёр долоо хоногийн дараа бидний хурим болно.
Өвгөний нүдэнд дахиад л айдас хүйдэс тодорлоо.
– Чи цайзад бүрмөсөн суурьшиж эхнэр аван тэнд амьдралаа төвхнүүлэх гээд бүр сүйт бүсгүйгээ олчихоо юу? Ухаангүй амьтан, ухаангүй амьтан, Петро өвгөн чам дээр очоогүй юм уу? Эцэг чинь өөд болохдоо чамайг цайзад хэзээ ч битгий эргэж ир, залуу эхнэр ээ дагуулаад ирж бүр ч болохгүй гэж гэрээсэлснийг хэлээгүй гэж үү? хэмээн өвгөн бүх бие нь салганан хашгичлаа.
Энэ бүх уйлаан майлаан, орилоон хашгираанаас би бүр залхаж гүйцээд:
– Эцэг минь надад нэг ч удаа тийм үг цухуйлгаж байгаагүй, тэгээд ч одоо тэр тухай ярихад нэгэнт оройтсон, миний сүйт бүсгүй аль хэдийн ирээд одоо цайзад амьдарч байгаа гэв.
– Гэгээн Эх Дагина минь тэр бүсгүйг аварч нигүүлсэж хайрла! гэж өвгөн гунигтайхан шивэгнэв.
Карло минь, би үхэн үхтлээ энэ гай зовлонг эдэлж явах үйлтэй хүн юм. Одоо яая гэх вэ! Бид зориуд чамайг энэ гай гамшгаас холдуулсан юм, гэтэл чи өөрөө дур мэдэн эцэг эхийнхээ элбэрэл нигүүлслийг талаар болголоо. Эцэг чинь Петро бид хоёрыг үхэн үхтлээ энэ нууцыг задлахгүй гэсэн андгай тангараг өргүүлсэн юм…, гэвч одоо би түүнээсээ няцах хэрэгтэй боллоо, би тэр нууцыг чамд хэлж өгөх ёстой… Элбэрэлт Эх дагина минь өчүүхэн намайг өршөөн соёрх…, эрхэм нөхөр минь, чи «Нэг ч амьд амьтанд, зүүдэндээ ч энэ тухай дурсаж болохгүй, би булшнаас ч чамайг харж байх болно шүү» гэж хэлсэн, хэрэв чи одоо намайг сонсож байгаа бол ойлгож уучилж үз, харин би одоо Карло хүүгийн чинь төлөө тангаргаа няцах хэрэгтэй боллоо, тангаргаасаа тэрсэлсэн нүгэлтэн болж сүнсээ түймэрдэх байсан ч хамаагүй! хэмээн өвгөн гунигтай боловч ёслол төгөлдөр хэлээд тэргүүнээ гашуудалтай мэхийлгэн дуугаа хураалаа.
Өвгөний урсгасан энэ олон үг зөнөсөн хүний дэмийрэл мэт санагдаж байсан ч яагаад ч юм бэ би түүний үгэнд итгэн, намайг аймшигт зовлон угтаж буйг зөн совингоороо мэдэрч, түүнийг ч солиотой хүн гэж үзэхээ болилоо.
Би эмчийг ярих зүйлээ цэгцлэн бодоход нь саад болохоос эмээн чимээгүй суухын хажуугаар надад ямар нууцыг задлан хэлэх гээд байгааг нь таамаглаж ядан байлаа. Хамгийн түрүүнд өвлөн авсан үлэмж их хөрөнгө зоорь минь санаанд бууж, үнэн шударга замаар хурааж хуримтлуулсан хөрөнгө юм болов уу, эсвэл хүний халуун амь тасалж, бүлээн цусыг урсган байж олсон юм биш байгаа даа, хэрэв боломжтой бол чадах хэрээрээ гэм нүглээ цагаатгах маягийн юм бодож суулаа.
Үгүй ээ, тийм байх учиргүй.
Ээжийн минь үхэлд аав буруутай юм болов уу?
Бас л үгүй. Аав маань ээжийг үнэн голоосоо хайрлаж, арван таван жилийн турш үнэнч ханийн журмыг умарталгүй сахиж, өнгөрсөн хойно нь ч гэгээн дурсгалыг нь хүндэтгэж байсан хүн.
Тэгээд өөр юу байж таарах вэ?
Эмч баахан дуугүй суугаад дараа нь надаас:
– Карло, чи хүүхэд насныхаа дурсамжуудаас санадаг уу? гэж асуув. Би санаандаа орсон зарим зүйлийг ярьж эхэллээ.
– Харин чи эхийнхээ нас барсан талаар ямар бодолтой явдаг вэ?
Үнэхээр тэр нууц нь ээжийн нас барсантай холбоотой болж таарах нь уу гэж бодохоор хамаг бие хүйт даагаад явчихлаа.
Би эртээд чамд бичсэн тэр зүйлүүдийг, өөрөөр хэлбэл ээж могойд хатгуулж зүүдэлснийг, шөнө орилж, айснаасаа болж өвчин туссаныг ярилаа. Дараа нь ээжийн бие хэдий илааршсан боловч хөргийн танхимд ухаан алдаж унаснаасаа хойш өвчин нь улам хүндэрсэн юм.
Түүнээс хойшихыг чи мэдэхгүй. Ээжийн бие өдөр ирэх тусам улам муудсаар, шөнө цээжин дээр нь хүнд юм дарчихаад түлхээд хаячихаж ч чадахгүй, дуугарч ч чадахгүй байна гэж ээж маань ярьдаг болсон.
Аав маань ээжийг сахих болсноос хойш ээжийн бие дахиад сайжирч эхэллээ. Хэдэн шөнө дараалан ээжийг нойргүй сахиад, аав нэг өдөр амарч нойр авахаар шийдээд Пепегээр ээжийг сахиулсан юм.
Харин тэр шөнө ээжийн бие бүр муудлаа.
Шөнө ээжийн бие хэдэн цагийн үеэс муудаж эхэлснийг Пепегээс асуувал цаадах нь өрөөнд байгаагүй тул би мэдэхгүй гэжээ.
– Ноён гүнтнийг орж ирэхэд би өрөөнд үлдэж зүрхлээгүй гараад явсан шүү дээ гэж Пепе бүсгүйн хэлэхэд
– Намайг очсон гэж Пепе чи юу яриад байна вэ гээд аав инээлээ.
– Эзэнтэн минь, юу гэсэн үг вэ, таныг тавцангаас ордог хаалгыг онгойлгоод орж ирэхэд хүйтэн салхи сийгээд явчихсан, та хэдий цув нөмөрсөн байсан ч би таныг шууд л таньсан гэж шивэгчин хүүхэн зөрлөө.
– За, цааш нь ярь гэж хэлэхдээ аавын царай хувхай цайсан байлаа.
– Таныг орж ирээд эзэгтэйн орны дэргэд сөхрөөд суухаар тань би гараад явсан гэж Пепе яриагаа төгсгөлөө.
– За мэдлээ, одоо явж болно гэж аав хэлээд эмчид хандаж:
– Би тэнд байгаагүй шүү дээ! гэсэн гээд би хэсэг дуугүй болов.
– Тийм, тийм гээд өвгөн толгой дохилоо.
– Энэ явдал хэрхэн дууссаныг, ээжийн өрөөнд байсан тэр хүн хэн болохыг би одоо хүртэл мэдэж чадаагүй яваа гэж сүүлд нь хэллээ.
– Цааш нь ярь, ярь гэж өвгөн бувтналаа.
– Гурав хоногийн дараа Люси, миний бяцхан дүү Люси орон дотроо үхчихсэн байлаа. Урд орой нь цоо эрүүл, маргааш өглөө намайг эрт сэрээгээрэй, би нар мандахыг хармаар байна гэж шувуухай шиг шулганаж байсансан.
Тэр өглөө Люси сэрэхгүй унтаад байхаар нь Катерина өрлөг эх гайхаж, орны нь дэргэд очиж үзэхэд охин дүү минь аль хэдийн үхээд, бие нь бүр хөшчихсөн байсан гэсэн.
– Тийм ээ! гэж өвгөн дахин баталж хэллээ. Люсиг оршуулсан тэр өдөр ээж намайг зөөлөн буйдангийнхаа дэргэд дуудаж ирүүлээд адислан ерөөл тавиад:
– Маргааш өглөө чи сургуульд сурахаар Нюрнберг хот уруу Петротой хамт явна, хагацъя даа гэж хэлээд нүднээсээ нулимс дуслуулан байж намайг чанга үнссэн. Би гуйж гувшиж, уйлж дуулаад ч нэмэр болоогүй, хэн нэг нь намайг тэндээс аваад гарсан юм.
Хэдий өчнөөн жил өнгөрсөн ч тэр тухай бодоход миний сэтгэл зангиран хоолой минь чичирч, би өөрийн эрхгүй дуугүй боллоо.
– Тийм ээ, тийм гэж тэр дахин толгой дохиод Люсигээс өөр хэн нэгэн үхсэн тухай санаж байна уу? гэж асуулаа.
– Саналгүй яах вэ, зөндөө олон хүн үхсэн, тэр тусмаа хүүхэд залуучууд олноор үхсэн. Тосгоноос гарах оршуулгын хонхны дуу цайзад тодхон сонсогддог байсан учраас би сайн санаж байна, бас манай ууланд ч хэд хэдэн хүн нас барсан гэж би хариуллаа.
Дахиад л удаан дуугүй болчихлоо. Өвгөн эмч хүч тэнхээгээ жаал сэлбээд авъя гэсэн шиг хүндээр амьсгаадан алчуур гаргаж ирээд халзан толгойгоо арчлаа.
– За, Карло, одоо миний хэлэхийг сонсож бай.
– Чамайг явсны дараа ч үхэл зовлон намжаагүй юм. Нэг үе сураггүй болж, нэг хэсэг дэлгэрч байлаа. Би тэдгээр үхлийн шалтгааныг эрсээр бүр солиорох шахсан. Эмнэлгийн ном дэвтрээ бүгдийг нь сөхөж онгичин, үхсэн хүмүүсийг судалж, тэр хавийн хүмүүсээс ч асууж үзлээ…
Тэр тохиолдлууд шинж тэмдгийн хувьд урд өмнө нь мэдэгдэж байсан нэг ч өвчинтэй адилгүй байсан.
Намайг задлан шинжлэхийг зөвшөөрсөн цогцоснуудад цус гэхээр юм бараг үлдээгүй тийм нэг хоорондоо төстэй шинжийг л би олж анзаарсан юм. Бас хүзүүн дээр нь, заримдаа цээжинд нь зүрхний орчимд толбо юм уу гэмээр жижигхэн улаан шарх байдаг байлаа. Тэгээд л гүйцээ.
Ард олны дунд дэлгэрсэн тэр жигтэй хачин өвчнийг би ихэд сонирхож байсан боловч чиний ээжийн өвчний өмнө хүчин мөхөсдөж өвдөг сөхөрсөн тул тэр өвчнийг нухацтай судалж чадаагүй юм.
Ээж чинь харсаар байтал тамирдан доройтож, хамаг эрдэм чадлаа гаргаад ч би эрүүл цус гэрэлтэж улаа бутарсан царайг нь эргүүлэн сэргээж чадаагүй юм.
Гарцаагүй үхэл рүүгээ явж байгаа нь тодорхой байвч амьдралын хамаг хүч нь нүдэндээ шингэсэн мэт харц нь гялалзаж байлаа.
Тэр цув өмссөн ноёнтны орж ирсэн тэр тохиолдлын учир одоо ч тодорхойгүй байна.
Харин тэр тохиолдлоос хойш ээжийг чинь нэг ч шөнө ганцааранг нь орхиогүй бөгөөд нэг бол аав чинь, нэг бол би сахиж байлаа.
Би өөрөө эмийг нь өгдөг байсан, гэвч энэ бүхэн талаар болж ээж чинь улам бүр доройтсоор байлаа.
Нэг өглөө намайг өөр нэг талийгаач дээр дуудаж, аав чинь эрхлэгчтэйгээ ажил төрөл ярилцаад завгүй, харин цэцэрлэгт хэвтэж байсан ээжийг чинь Катерина асарч үлджээ.
Хоёр цагийн дараа намайг буцаж ирэхэд ээжийн чинь бие эрс муудсан байв.
– Юу болоо вэ? гэж би Катеринагаас шивэгнэн асуулаа.
– Бараг юу ч болоогүй ээ, ахайтны цээжин дээр урд өмнө үзэгдэж харагдаагүй нэг хар шувуу ирээд суучихсан ч огт тайван хэвтсээр байсан. Би тэр шувууг үргээх гэсэн боловч ахайтан гараараа дохиод «битгий үргээ» гэсэн. Тэгээд л тэр гэж Катерина хариулав.
Юун шувуу юм бол? Катерина санаанаасаа зохиогоод байна уу?
Ээжийг чинь элдвээр түгшээхгүй гэсэндээ өөрөөс нь асууж зүрхэлсэнгүй.
Түүнээс хойш гурав хоног өнгөрлөө.
Чиний эцэг бид хоёр талбай дээр сууж, ахайтан урдын адил тосгон уруу хараад зөөлөн буйдан дээрээ хэвтэж байлаа.
* * *
_________________ ▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Сүүлийн удаа Саруул 3-р сар.30.11 2:30 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|