Хормой султай бүсгүйд чадуулсан Английн шигшээгийн ахлагчийн тууз
Нийтэлсэн: ShuuD.mn (2011-03-21)
Английн шигшээгийн ахлагчаар Жон Терриг эргүүлэн томилсон тухай манай цахим хуудас өчигдөр мэдээлсэн билээ. Терри дахин ахлагч болох нь тодорхой болсны дараагаар олон үйл явдал өрнөж, хөлбөмбөгийн нэр хүндтэй мэргэжилтнүүд ч үзэл бодлоо илэрхийлж эхлэв. Юун түрүүнд энэ явдал Терригийн нүглийг дахин санахад хүргэж, чамгүй шүүмжлэл дагуулж байна.
“Ливерпуль”-ийн дасгалжуулагч Кенни Далглиш “Терри жилийн өмнө ёс суртахууны хувьд Английн шигшээгийн ахлагчийн туузыг зүүх эрхгүй болсон. Тэгвэл одоо тэр өөрчлөгдсөн гэж үү?” хэмээн хэвлэлээр дамжуулан Английн шигшээгийн дасгалжуулагч Фабио Капеллогоос асуужээ. Өнгөрсөн оны эхний сард Жон Терри баахан хэрэг мандаасан билээ. Үнэндээ бол хэргээ нэлээн дээхнэ хийчихсэн ч илэрсэн нь өнгөрсөн жилийн эхэнд юм.
Жон Терри үнэхээр сайн хөлбөмбөгч ч гэсэн энгийн л нэгэн эр хүн. Тэрээр цагтаа “Челси”-дээ өдөр бүр хамт бэлтгэл хийдэг асан Уэйн Бриджийн найз бүсгүй Ванесса Перронсельтой учир ургуулсан нь “баригдчихсан” юм.
Шигшээ багийн ахлагч гэдэг хөлбөмбөгчнийхөө хувьд ч, хүний хувьд ч хүүхэд залууст үлгэр дууриал болсон хүн байх ёстой. Тийм учраас л энэ дуулиан мандсан даруй Терригээс ахлагчийн туузыг авч, Рио Фердинандад өгсөн.
Найз бүсгүйг нь эргүүлдэг хэрнээ наанаа юу ч болоогүй юм шиг хамт бэлтгэлээ хийж явсныг мэдээд Уэйн Бридж ихэд эгдүүцэж, Английн шигшээд Жон Территэй мөр зэрэгцэн тоглохоос татгалзсан билээ. Мөн тэрээр “Манчестер Сити”-гийн бүрэлдэхүүнд багтан “Челси”-тэй тоглохынхоо өмнө Территэй гар барихаас татгалзсан.
Терри, Бридж хоёрын харилцаа олны өмнө иймэрхүү байдлаар өрнөөд өнгөрсөн. Харин өнөөх “Челси”-гийн одод “эргүүлэгдэх” дуртай Перронсель зөвхөн Бридж, Терригээр тогтоогүй өөр гурав ч хөлбөмбөгчтэй учир ургуулж явсан нь тодорхой болж, богино хугацаанд жинхэнэ од болсон.
Английн шигшээгийн дасгалжуулагч Фабио Капелло Терригээс авсан ахлагчийн туузаа Рио Фердинандад өгсөн ч өнөөх нь бэртчихсэн. Ингээд хоёр дахь хувилбар Стивен Жеррардад өгсөн. Гэтэл Стивен Жеррард улирал эхэлсээр удаа дараалан бэртсэн тул ахлагчийн тууз эзнээ хайн нэгнээс нөгөө рүү нь “нүүх” болсон билээ.
Ингээд эцэстээ Капелло “Ахлагчийн тууз” хэмээх савангийн дууриас салахаар шийдэж, эргүүлээд Террид өгөх шийдвэр гаргажээ. Үүнийг дуулсан Рио Фердинанд ихэд дургүйцэж, Капеллотой дуугарахаас ч татгалзжээ. Тэрээр “Хэрвээ ийм шийд гаргасан бол эхлээд надад хэлчихээд хэвлэлээр зарлах хэрэгтэй. Харин би үүнийг хэвлэлээс эхэлж дуулах ёсгүй” гэсэн байр суурьтай байгаа юм.
Харин Английн шигшээгийн хэрэг явдалд хошуу дүрэх дуртай “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Харри Реднапп “Капелло ахлагчаа сонгохдоо маш хэцүү таарамжгүй үеийг сонголоо. Фердинанд, Жеррард хоёр хоёулаа бэртэлтэй байхад ийм алхам хийсэн нь хэл ам үүсгэж л таарна” гэж мэдэгджээ.
Далглиш, Реднапп хоёрын үзэж буйгаар бол Фердинанд, Терри, Жеррардын алинд нь ч биш харин Фрэнк Лампардад ахлагчийн туузыг өгвөл зөв шийдвэр болох байж. Гэвч Капелло нэгэнт шийдчихсэн.
Энэ мэтээр Ванесса Перронсель хэмээх хормой султай бүсгүйгээс эхэлсэн хэрэг Английн шигшээгийн хамгийн эрхэм зүйлүүдийн нэг болох ахлагчийн туузын нэр хүндийг унагасаар ирэв.
Р.Гэгээ
http://shuud.mn/index.php?option=news&t ... w&id=17123