|
Барон Олшеври
Ороолонгууд
[center]Е. Л. X-ийн дурсгалд зориуллаа.
ЭХЛЭЛ
«Хүсэхгүй бол бүү сонс, харин
худал ярихад минь л бүү саад бол».[/center]
Өнөөдөр тосгоны буудлын том танхимыг баяр ёслолын байдлаар чимэглэж тод сайхан гэрэлтүүлжээ.
Тэнд баян чинээлэг эрхмүүд хуран цугласан байна.
Америкийн саятан, ноён Гарри Карди буудлыг тэр чигээр нь хөлсөлж аваад долоо хоног гаруй болж байгаа юм.
Түүнийг ирэх сургаар үлгэр домог мэт яриа энд тэндгүй тархжээ. Тэрээр хэмжээлшгүй баян, түүний хөвөнгийн тариалан нь гэхэд л бүхэл бүтэн хаант улстай тэнцэхээр тэнгүй их юм гэлцэнэ. Гарал үүсэл нь ч тун нууцлаг гэнэ. Тэр мексикийн хаан асан Монтезумын удам бөгөөд Вицли‑Пуцли бурхныг нууцаар шүтдэг ч гэж хэлцэх ажээ.
Хүмүүсийн санаанаасаа зохиосон эдгээр ярианд үнэний хувь багахан байсан нь мэдээж хэрэг. Харин ноён Гарри туйлын баян бөгөөд, нас залуу, ан авд их хорхойтой, тэр хүсэлдээ хөтлөгдөн Африкт ч тэр, Энэтхэгт ч тэр очиж байсан гэдэг нь л хөдөлшгүй үнэн ажээ.
Тэрээр ажил төрлөө амжуулахын хажуугаар аялан жуулчлах хүслээ ч мөн гүйцэлдүүлэхээр Европт иржээ.
Үлгэрийн хан хүү мэт ноён Гарри, Дракула гүнгийнхний эртний цайзыг эзэмшилдээ багтаахаар Карпатын уулсыг зорин ирсэн юм гэж тосгоныхон ярилцана.
Энэхүү цайз нь хамгийн багаар бодоход дөчин жил харж хайхрах эзэнгүй хаягдаж хоцорсон бөгөөд бүх эзэмшигчид нь хэдийн бурхан болж, хамгийн сүүлийн нэг нь хорвоогийн явдлыг умартаж хувраг сахил хүртэн хийдийн хашаанд нэгэн насыг баран ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэлцэнэ.
Нэг хэсэг хүмүүс ноён Гарри цайзыг худалдаж авсан гэж, бас нөгөө хэсэг нь өв залгамжлан авсан гэж мэтгэцгээх аж. Дракула гүнгийн удмынхны нэг нь Энэтхэг оронд очин тэндхийн бярман нарт шавь орж, хар шидийн аргад суралцсан бөгөөд хожим нь тэр хүний өв залгамжлагчид Америкт очсон гэнэ.
Ноён Гарриг албат зарц нар, найз нөхөд, зусар бялдуучдаас бүрдсэн бүхэл бүтэн чуулган дагалдах бөлгөө.
Саятны хамгийн ойр дотнын хүмүүс гэвэл: Вейс эмч хэмээх яриа хөөрөө сайтай, хөгжөөн наргиантай, балтгархан биетэй ноёнтон; ажиггүй тайван байдлын туйл болсон ахмад Райт хэмээх англи хүн хоёр юм. Ахмад Райт хэрцгий Бовамид олзлогдон гарцаагүй үхлээ хүлээн зооринд хоригдож байхдаа ч амгалан зангаа алдаагүй, амандаа навчин тамхи зуугаад ажиггүй сууж байсан гэлцэх бөгөөд бараг ид шидээр шахуу суллагдахдаа ч аяга ром дарс гуйж аваад анд нөхдийнхээ найран дээр суугаа юм шиг хээвнэг уусан юм гэнэ билээ. Хагацаж салшгүй энэ гурваас гадна хэдий америк хүн боловч франц цустай гэдэг нь гарцаагүй мэдэгддэг Жемс Уат хэмээх нэгэн сэргэлэн залуу бий.
Тэр бол үзсэн харсан бүхнийхээ учрыг нь олж хужрыг нь тунгаахыг үргэлж хичээж явдаг овтой сэргэлэн залуу. Энэтхэгийн нэгэн шүтээний цээжин дээрх алтан лянхуа цэцгийг барьж үзэх гэснийхээ төлөө золтой л гараасаа салчихаагүй гэнэ. Гарыг нь могой мэт ороосон улаан цоохор сорви одоо ч түүнд бий. Тэрхүү сорви нь шүтээнээ доромжлуулсны төлөө түүнийг занчсан нэгэн улайрсан шүтлэгтний үлдээсэн дурсгал болон үлджээ. Ийм ажигч гярхай, авхаалжтай сэргэлэн болохоор нь Вейс эмч түүнийг Шерлок Холмс хэмээн нэрлэх аж.
Эднээс гадна эрхлэгч Смит; Гарригийн шадар хиа Сабо; Вейс эмчийн зарц бөгөөд туслах, аюул осолтой ан гөрөө хийхэд аяндаа хэрэг болдог эм тан, ороох боох зүйлсийг хариуцдаг Жо болон бусад тогооч, зарц нар түүнийг дагалдан явна.
Бусад хөлсний ажилчдыг тухайн очсон газраасаа түр хэрэглээд буцахдаа халдаг ажээ.
Ноён Гарриг тойрон хүрээлэгчид ч мөн түүний оршин суугаа газрын аясыг даган өөрчлөгдөнө.
Одоо харин голдуу ан авын хорхойтой залуучууд эсвэл саятны хишиг горьдсон, хүний юмаар хүүдэгнэх дуртай хүмүүс ноён Гарриг дагалджээ.
Эрхлэгч Смит бол саятан эзнийхээ зочдыг зохих ёсоор нь хөгжөөн цэнгүүлж чаддаг нэгэн гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй юм. Улам бүр их олз омогтой ав хомрого тасралтгүй үргэлжилж үдэш бүр элбэг дэлбэг зоог барьж, шилдэг сайхан дарсыг ширээ дүүрэн сөгнөсөөр байлаа.
Сархад зооглосон хүмүүсийн ам задгайрч оройн зоогийн сүүлээр санаандаа орсон бүхнийг хамж шимэн ярина. Эхэндээ хурдан морьдын уралдаан, хүүхэн шуухны тухай ярьж байснаа цаашлан уул гүвээ даван холдсоор ан авын сэдэв рүү шилжиж Америкийн ой шугуй, Энэтхэгийн ширэнгэнд болсон элдэв явдлын тухай өгүүлцгээнэ.
Гэрийн эзэн өнөө орой элдэв сонин түүх уншуулж уригдсан зочдыг хөгжөөхөөр шийджээ. Хэрэгтэй чухал бичиг баримтуудаа эмхлүүлэн цэгцлүүлэх, гол нь тосгоны сүмийн бичиг цаасан дундаас Дракула гүнгийн удмынхны нас барсан хийгээд оршуулсан тухай баримтуудыг олуулахаар номын санч өвгөн Карл Иванович Шмидтийг саяхнаас өөртөө ажиллуулж байгаа юм. Номын санч орой бүр өдөр юу олсноо ноён Гаррид тайлагнадаг бөгөөд сүмийн бичиг цаасан дундаас олсон зарим баримтыг, үнэндээ бол хэн нэгний, хэзээ нэгэн цагт бичсэн тэмдэглэлийг өнөөдөр эзэндээ авч иржээ. Эдгээр тэмдэглэлүүд ноён Гаррид сонирхолтой санагдсан тул оройн зоогийн дараа бүгдэд сонсогдохоор уншиж ирсэн зочдыг зугаацуулна уу гэж тэрээр Карл Инановичаас хүссэн ажээ.
I БҮЛЭГ
БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС
Нэгдүгээр хэсэг
Тэр нэгэн шөнөөс хойш нутгийн оршин суугчдын дунд түүний барааг харсан хүн нэгээхэн ч үгүй. Юу болох нь энэ вэ, санамсаргүй тохиолдол уу эсвэл ахиад нэг хүн үрэгдэх нь тэр үү?
Би нэг хүн үрэгдлээ гэж хэллээ, гэхдээ юунаас болж үрэгдсэн байх вэ?…
Хоёрдугаар хэсэг
Би энэ дэвтрийг гартаа барилгүй хагас жил болчихжээ. Бүх юм нам тайван байлаа. Эдгээр олон «санамсаргүй тохиолдлуудын» цаана ямар нэг аймшигт уялдаа холбоо байна гэх сэжиг төрөөд энэхүү азгүй явдлуудыг товчоолон бичиж эхэлсэн боловч эцэст нь ийм мухар сүсэгт автсандаа өөрөөсөө ч ичиж энэ ажлаа хойш нь тавихад хүрсэн билээ…
Харин тэгтэл өчигдөр орой анчин Генрих алга болсноор миний эргэлзээ дахин сэргэв.
Генрих бол тосгоны бүх хүүхнүүдийн нууцхан хайрыг татсан, үргэлж хөгжилтэй, баяр хөөртэй явдаг сайхан залуу.
Хамгийн сайхан бүжиглэдэг, хамгийн лут зоригтой эр. Тэр айх эмээх гэдгийг огт мэддэггүй, чөтгөрөөс ч хулчийдаггүй бөгөөд манай тосгоныг өршөөн ивээдэг Эх Дагиныг гүнээ шүтэн биширч, бүр түүний дүрийг сахиус болгон ногоон оосроор хүзүүндээ зүүж явдаг байсан гэлцэнэ.
Генрих баасан гаригийн өглөө анд мордохдоо сүмийн үдшийн хуралд амжиж ирнэ гээд явжээ.
Гэвч ням гаригт ч, даваа гаригт ч тэрээр ирсэнгүй.
Түүний дүү бүсгүй Мария, ах нь гай зовлонд унасан байх вий хэмээн маш их сэтгэл нь зовж манай гал тогооны өрөөнд ирж уйлж дуулан, арга чарга асуулаа.
Лхагва гаригт ч Генрих ирсэнгүй. Тэр хэдийн амь үрэгдсэн бөгөөд цогцос нь Шулмын хөндийгөөс л олдох байх хэмээн тосгоныхон ам дамжин цуурч эхэлжээ…
* * *
Гэхдээ Генрих яах гэж тийшээ явсан байх вэ?
Дархан Михелийг Шулмын хөндийгөөс олсон байдаг юм аа гэхэд тэр чинь согтуу байсан…
Харин Генрих архи амсдаг ч үгүй, түүний ан ав хийдэг газар нь ч хүний замаас хол, Шулмын хөндийгөөс огт эсрэг зүгт, ууланд байдаг.…
– Эндээс хэдэн хуудас ураад авчихсан байна, – гэж номын санч өвгөн хэлээд нүдний шилээ дээшлүүлэн дух уруугаа сөхөв.
– Ашгүй дээ, түр завсарлаад бүгдээрээ аяга аяга дарс ууцгаая гэж ноён Гарри олзуурхан дуу алдлаа! Хөөе, Сабо…
– Ноёд оо, мартсанаас, төлөвлөсний дагуу маргаашийн ан авын дараа бид Анчдын байшинд хононо шүү. Харин тэр Анчдын байшин нь яг тэр Шулмын хөндийн аман дээр байдаг юм билээ. Ахмад Райт минь, чамд зориг зүрхээрээ гайхуулах боломж гарч ирж байна даа.
– Одоогоор би юу ч ойлгоогүй л байна шүү гэж ахмад Райт амандаа бувтнав.
– Шулмын гарт орохоороо ойлгоно оо, гайгүй.
– Тэр алдартай Шулмын хөндий гэдэг чинь тэгээд ямар учиртай газар вэ гэдгийг тайлбарлаад өгсөн нь дээргүй юү?
– Шулмын хөндий бол тун сайхан газар хэмээн зочдын дундаас энэ нутгийн уугуул нэгэн эр ярианд оролцлоо.
– Тэр муу ёр шүглэсэн газар чөтгөр шулам үүрлэж аймшигт баяр наадмаа хийдэг гэлцдэг. Сүнс сүүдрээ бодож, нүгэл чивлээс холхон байдаг хүмүүс тэднийг харах учиргүй юм гэдэг шүү гэв.
– Харж байна уу, миний эрхэм найзууд аа, – гэж Гарри дахин дуугараад, – Шулмын хөндий бол манай цайз оршдог хадан цохионы бэлд байдаг багашаархан сайхан хөндий. Гэвч хадан цохио нь дэндүү өндөр учраас тэндээс хөндий рүү буух боломжгүй юм.
Цаад талаараа битүү үргэлжилсэн модтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Шулмын хөндийн нэг захад манай Анчдын байшин бий, харин нөгөө захаас нь холгүй цагаан зам өнгөрдөг юм. Хөндийн төвд ягаан удвал цэцгээр битүү хучигдсан жижиг нуур бий. Тэр нуурын эрэг хөвөө нь их намгархаг, нар жаргах цагаар нуурын дээгүүр манан суунагладаг юм гэнэ билээ.
– Ай даа, миний бодоход наад манан чинь л Шулмын хөндийн талаарх элдэв домог ярианы эх үндэс болсон гэдэг нь тодорхой байна хэмээн Вейс эмч хошуу нэмэрлэв.
– Наадахаа битгий сонсоорой, утга уянгын мэдрэмж өчүүхэн ч байхгүй хүн шүү гэж гэрийн эзэн түүний үгийг таслав. – Тэрхүү манан нь ялангуяа сарны гэрэлд үхмэл сарнай цэцгэн хэлхээ толгойдоо зүүж, дал мөрөн дээгүүрээ нимгэн цагаан нөмрөг дэрвэлзүүлсэн үзэсгэлэн төгөлдөр залуу бүсгүйчүүд болон хувирдаг юм… Тэдний нүд нь од мэт гялалзан, бие нь ягааран гэрэлтдэг…
– Муугүй л юм байна хэмээн Райт бөвтнөв.
– Тийм ээ, гэвч тийм дурлалыг таашаан соёрхох хүн тийм ч олон байдаггүй байх. Өөрийн хүслээр болон өрөөлийн эрхээр Шулмын хөндийд тэргэл сартай шөнөөр очсон хүмүүс тэндээ үхэцгээдэг бөгөөд амьд буцаж ирлээ гэхэд нэг сарын дараа тэргэл саран дахин гийх үеэр үхдэг юм. Нуурын хүүхнүүд шимэн үнсэхдээ хүний амь амьдралыг хамт сорчихдог гэнэ лээ. Тэр шимүүлсэн эр тамир тэнхээ нь тасарч, нүүр нь зэвхийрч явсаар үхдэг юм.
– Нуурын ус нь тогтонги бөгөөд ялзармал юм бол тэндээс үүсдэг манан будан нь ямархуу хортой уур шингээсэн байхыг бурхан л мэдэх байх. Тийм байхад үхэхгүй яадаг юм бэ гэж Вейс эмч нэмэрлэв.
– Эмч минь болгоомжтой байгаарай, эргэлзэж тээнэгэлзсэнийхээ төлөө хожим харуусах болов доо гээд Гарри инээв.
– Юу гэж дээ, хэрэв согтуу хүн намаг уруу очвол живж үхнэ, живдэггүй юмаа гэхэд ус чийгтэй газар унтсанаас болж намгийн чичрэг өвчин тусна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна, харин намгийн чичрэг өвчин бол тоглоом ч биш дээ хөө.
– Харин чи Шулмын хөндийд үхсэн хүмүүсийн бие дээр байсан шархыг юу гэж бодож байна вэ?
Шарх нь маш жижиг, үзэгдэх төдий байсан ч цаанаа л нэг учиртай байх.
– Чи өөрөө дөнгөж сая дөнгөж мэдэгдэх төдий шарх байсан гэж хэллээ шүү дээ. Энэ чинь тайлбарлахад тун хялбархан, могой юм уу эсвэл хануур хорхой л хатгаа биз.
– Тэгээд ч, өнгөрсөн юмыг яриад яах вэ дээ, ноёд оо гэж Гарри гунихарсан байртай өгүүлээд: – Шулмын хөндийд хүн үхэж үрэгдэхээ больсоор гуч гаруй жил өнгөрчихөж, манай зоригт ахмад Райтад ч лут их зүрх зоригтой гэдгээ үзүүлэх шаардлага алга. Нойрсож буй гоо бүсгүй, тэнгэрийн луу битгий хэл жирийн нэг цус сорогч ч нүдний гэм болсон цагт амьдарч буйдаа харамсахаас өөр зүйл бидэнд үлдсэнгүй. Бид зөвхөн бусдын байгуулсан баатарлаг үйлсийн тухай л сонсож суухаас аргагүй болжээ. Дахиад нэг нэг аяга дарс уугаад нааш анхаарлаа хандуулна уу гэв.
Номын санч өвгөн нүдний шилээ буулгаад цааш үргэлжлүүлэн уншиж эхэллээ:
Түүнийг дөнгөж ухаан ормогц ямар нэгэн зүйл тас атгаж хөшсөн хуруунуудыг нь бид арай гэж тэнийлгэв. Үргэлж сахиус болгон хүзүүндээ зүүж явдаг Эх Дагинын дүр нь Генрихийн гарт атгаастай байжээ.
Арван таван
Өнөөдрөөс Генрих урд хойно нь оруулан, учир битүүлэг зүйл ярьж эхэлсэн ч ухаарч сайн нягтлаад үзвэл нэг иймэрхүү явдал болсон бололтой юм. Хэдийгээр Генрихийн хувьд энэ нутагт төөрөх гэдэг тун хачирхалтай зүйл боловч төөрч явсаар шөнө Шулмын хөндийн нуур уруу яваад оччихжээ. Аливаа цусан зүрхтэй, усан нүдтэй хүмүүсийн нэгэн адилаар тэрхүү нуураас айх сэтгэл төрж зугтахаар шийдэн нуурын манан будан үл хүрэх хадан цохион дээр авиран гарч тэндээ унталгүй үүр цайлгахаар шийджээ. Хадан цохионы орой дээр, долоогонын бутны дэргэд суун үнэн сүсэгт католик шашинтны ёсоор «Аве Марияг» амандаа уншин, бодлогошрон суусан ажээ.
Саран авхай хорвоо ертөнцийг гийгүүлж, нуурын мандал дээгүүр суунаглах манан буданг мөнгөлөг цацрагаараа нэвт сүвлэн туяарч, долоогонын цэцэгсээс адбиш сайхан үнэр анхилан байжээ.
«Бүх бие тавирах мэт урд өмнө үзэгдээгүй сайхан мэдрэмж яг л шууд харван орж ирэх шиг болж халуу оргисон» гэж Генрих ярилаа. Гэнэт салхи сэрчигнэн долоогонын бут найгаж мөчир нь түүний цээжийг дэлдэх тэрхэн хоромд долоогонын цагаан цэцэгс түүнийг хучин бүрхжээ.
«Намайг цагаан бүтээлгээр хуччих шиг санагдсан» – гэж тэр хэллээ. Сар бүүдийгээд иржээ. Тэрхүү бүтээлэг нь гэрэлтэн, том ногоовтор нүдтэй, улаан ягаан уруултай, үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй сайхан хүүхний цайвар царай тодхон харагдаж байсан ажээ.
«Тэр хүүхний үзэсгэлэн гоо царай улам бүр ойртож, би түүнээс нүдээ ч салгаж чадахгүй байсан» гэж Генрих хэлж байна. «Залбирал унших гэсэн чинь үг эвлэж өгсөнгүй, хүзүүндээ зүүлттэй сахиусаа шүүрэн гартаа атгах гэтэл оосор нь ч алга байхыг мэдээд би хэчнээн их айсан гээч» хэмээн тэр хоолойгоо чичрүүлэн хэллээ.
«Тэр хүүхэн» намайг цагаан бүтээлгээр хулдан авахдаа сахиусыг тас татан хаяжээ!
Эцэст нь тэрний уруул миний уруулд наалдаж…, бүх юм бүдгэрэн толгой эргэж… Би ухаан алдсан», – гэж Генрих нэмж хэлэв.
Генрих хүзүүгээр нь хүчтэй өвдөхөд хөндүүрлэн сэрж ухаан оржээ. Нүдээ нээж амжихаасаа өмнө шинэхэн цусны эхүүн үнэрт толгой нь эргэн мансуурч эхэлжээ…
«Миний толгой дахиад л эргэж би унаад өгсөн. Унахдаа ямар нэг юмнаас гараараа зууран авсан, цаашаа яасныг огт санахгүй байна» гэж Генрих өгүүлж байна.
Түүнийг цус сорогчдоос аврахаар Эх Дагина өөрийн биеэр тэнгэрээс бууж ирсэн гэдэгт Генрих чин сэтгэлээсээ бат итгэлтэй байна. Эх Дагинын нүүрнээс гэрэл цацран байхыг тэр харсан бөгөөд ялагдсандаа хорссон шулмын зэвүүн инээдийг ч сонссон гэнэ. Түүний унахдаа гартаа атгаж авсан зүйл нь өнөөх ариун нандин сахиус нь байжээ!
Арван зургаан
Тосгоны багш, соёл гэгээрлийн үрийг таригч миний бие цус сорогч мэтэд итгэх учиргүй.
Хэрэв Генрихт тохиолдсон явдлыг уужуу тайван тунгаан бодоод үзвэл утга учир нь ойлгогдохгүй зүйл огт алга.
Генрих төөрчээ. Ням гаригийн шөнө маш харанхуй байсан. Шулмын хөндийд явж байгаагаа мэдээд манай тосгоны бусад тариачдын адил маш их айж, хөндийг түргэн нэвтэрч тосгон уруугаа зүглэхийн оронд уул уруу гүйжээ.
Хөндийг нэвт гарна гэдэг бол нуурын хажуугаар явна гэсэн үг, харин энэ бол түүний хувьд зүрхэлж болшгүй зүйл.
Генрих чулуун дээр суугаад зүүрмэглэж, тэр яриад байгаа бүхнээ зүүдэндээ л үзжээ. Нойрондоо дийлдэн унахдаа толгойгоороо чулуу мөргөн ухаан алдсан байна. Ийм л юм болж дээ.
Харин яагаад түүний тамир тэнхээ нь ийм дорой байна вэ?
Маш ихээр цус алдсан үед л хүн ингэж тамиргүй болдог гэж бага эмч хэлээд байгаа.
Түүний биед ямар нэг шарх сорви байгаагүй тул ердөө л халууцаж, сэтгэл нь хэт хөөрснөөс хамраас нь цус гарсан байх, тэгээд л цамцных нь энгэрт цусан толбо тогтсон байлгүй гэж бага эмч үзэж байна. Харин тэр толбыг нь харахад нэг их цус гараагүй мэт байгаа хэдий ч ийм өчүүхэн юмнаас болж эрүүл саруул, залуу чийрэг Генрих ингэтлээ тамир тэнхээгүй болсон нь бага эмчийг гайхшруулж байна.
Арван долоон
Өнөөдөр би Шулмын хөндийд очиж, Генрихийн унтаж байсан газрыг амархан оллоо. Хад түшүүлэн тавьсан бууных нь дэргэд хаяж орхисон малгай нь ч байж байна. Түүний сууж байсан чулуун дээр сууж үзээд долоогонын бут хүчтэй салхинд найган ганхахдаа хэрхэн хурц өргөсөөрөө Генрихийн хүзүүнд байсан сахиусны оосрыг тасдаж, хүзүүг нь хатган шархдуулсныг ч маш тодорхой ойлголоо. Нөгөө сахиусны оосор ч энэ мөчрөөс унжиж байна. Чулууны ёроолд Генрихийн өвдөг, тохойн мөр гарсан байхыг ч үзлээ. Унах үедээ аль таарсан зүйлээс зуурч авахад оосор нь тасраад ойчсон сахиус гарт нь таарч тэрнийгээ тас атгасан бололтой. Хэрэв би хамраас нь гарсан цус хааш асгарсныг мэдэж болох ямар нэг сэжүүр олсон бол бүх зүйл маш тодорхой болох байлаа. Харамсалтай нь би тийм шинж тэмдэг олж чадсангүй. Эргэн тойрон бүх юм нам гүм байлаа.
Гэртээ харих замдаа энэ хавьд зөвхөн Шулмын хөндийн нууранд ургадаг ягаан удвал цэцэг зам дээр хэвтэж байхтай таарав. Хаанаас гараад ирсэн юм бол?
Бага зэрэг гундсан ч үзэмжтэй сайхнаараа л байна. Генрих цэцэг түүсэн тухайгаа яриагүй дээ, тэр угаасаа нуурын тэнд очоогүй гэсэн.
Би тэр цэцгийг гэртээ авчраад шилэн аяганд хийгээд ширээн дээрээ тавьчихсан нь одоо энэ байж байна. Ямар үзэсгэлэнтэй цэцэг вэ! Хатаж гундсаны ул мөр ч алга, амьсгал ч хүргэхийн аргагүй эмзэгхэн тунгалаг дэлбээ нь чичирсхийж, бөнжигнөн гялтганах усны дуслууд нь бүсгүй хонгорын нүд шиг гялалзах ажээ… Юутай анхилуун үнэр ханхална вэ? Энэ үхмэл сарнайн төрлийн цэцэгс ер үнэргүй байдаг биш билүү? Элдэв хоосон төсөөлөл ингээд хааяа орж ирэх болж дээ.
Унтаж амрах цаг болжээ. Бурхны авралаар цус сорогчийн явдал ингээд нэг юм дууслаа. Ойлгож цөхөөд байх юмгүй жирийн л зүйл байжээ.
Хорин нэгэн
…Үзэг барьж, үг холбосонгүй гурав хоночихжээ… Ойрд миний ухаан санаа нэг л биш байна.
Генрихт тохиолдсон тэр бүх явдлыг уужуу тайван эргэцүүлэн бодож үзээд миний сэтгэл амарч унтахаар хэвтсэн билээ.
Дэрэн дээр толгой тавингуут л унтаад өгсөн бололтой байх юм… Хэчнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч нэг мэдэхэд би унтаа сэрүүн хоёрын завсар байх шиг санагдаж эхлэв.
Өрөөнд мөнгөлөг цайвар гэрэл анивчин гийж, жирвэлзэн байлаа. Энэ бол сарны хүйтэн ёлтгор туяа биш харин хүний хүсэл сонирхлыг гижигдэм хэрнээ сүрдмээр гэрэл байна… Миний өрөөний хаа нэгтэйгээс ийм гэрэл үүсэж буй нь тодорхой ч чухам яг хаанаас тусаад байна вэ? Гэрлийн цацрагийг угтуулан харвал миний бичгийн ширээний тэндээс тусаж байх ажээ.
Өнөө ягаан удвал цэцэг аягатай усанд амьгүй юм шиг хөвөхөө нэгэнт болиод өндөр гуалиг ишин дээрээ ихэмсэг бардам гунхалзаж байснаа тэрхүү цэцгийн иш нь аажмаар эмэгтэй хүний сэтгэл татам сайхан бие болон хувирч, цомирлогийн оронд нүд баясгам хөөрхөн толгой бий болов. Гуниг шингэсэн том алаг нүд, улаан ягаан уруул, цонхигор цайвар царайтай бөгөөд алтлаг шар үс нь цээж, хөх рүү нь асгаран буужээ.
Тэрхүү дүрс чимээгүйхэн гунхалзан хөдөлж гунхалзах тусам улам бүр эгэл жирийн эмэгтэй хүний бие төрх аажмаар цогцлон бий болох бөгөөд сиймгэр мөнгөн утсаар нэхсэн мэт нэвт харагдах ажээ.
Түүнийг ширээнээсээ холдон нааш чиглэхэд анхилуун тансаг үнэр, аялгуут сайхан эгшиг өрөөгөөр дүүрлээ. Хэрхэн хөдөлж байгаа нь сайн харагдсангүй, яг л агаарт хөвөн хөөрөх мэт байлаа…
Улам бүр ойртсоор хэдийн миний орны дэргэд хөвөн ирж ямар нэг зүйлийг шивнэх бөгөөд чухам юу хэлснийг нь би ухаарч ойлгож завдсангүй…
Тэр хүүхэн над уруу тонгойход миний хамаг бие хүйт оргиж, цээжин дээр минь даран унахыг завдахад би айсандаа хүч орж байдгаараа хашгиран хий үзэгдлийг түлхэж орхилоо…
Юм түчигнэх чимээ гарч, шил сав жингэнэн хагарлаа…
Мина сандарсандаа өрөөнд гүйн орж ирээд бяцхан байзнаснаа:
– Хар дарж зүүдэлж хашгираад ширээн дээр байсан шилэн сав унагаагаад хагалчихлаа. Хоёрхон жилийн өмнө худалдаж авсан цоо шинэхэн сав байсан юм гэж үглэх нь сонсогдов. Тэгэхлээр энэ зүүд байжээ!
Итгэж чадахгүй бичгийн ширээ рүүгээ харвал өнөө муу ягаан удвал цэцэг бүр гундаж хоцорчээ… Ердөө зүүдэлж дээ, хөөрхий!
Инээдтэй, бас ичмээр юм болж байна даа.
Хорин хоёрон
Өдөр ердийнхөөрөө л өнгөрөв.
Шөнө болохын хэрд нөгөө ягаан удвал цэцэг амилж эхлэх шиг санагдлаа.
Би орондоо орж хэвтээд ном уншиж эхэлсэн боловч нөгөө цэцэг рүү өөрийн эрхгүй байн байн хялмалзсаар байв.
Би андуурсангүй, тэр цэцэг улам бүр өнгөжин гэрэлтэж эхэллээ. Дахиад хэдэн хором өнгөрөхөд тэр бүр ишин дээрээ гунхаж эхэллээ шүү.
Би нойроо мартан орон дээрээ өндийн суулаа.
Харин нөгөө цэцэг аль хэдийн бүсгүй хүний биеийг олон хувирчээ. Нөгөө л эгшиг аялгуу, үнэр үүгээр нэг түгэж эхлэв…
Гэвч тэр над уруу ирсэнгүй, харин ямар нэг зүйл аргадан гуйх мэт царайчлан ширтээд л байх аж…
Тэр яах гэсэн юм бол?
– Амиа хорлож үхсэн азгүй нэгэн бүсгүйн сүнс аврал эрэн, өөрийнхөө хойноос мөргөл залбирал уншихыг хүсээд байна уу даа гэж надад бодогдлоо.
Хий үзэгдэл ёолон гиншсээр алга болчихов…
Хэрхэн яаж унтсанаа ч би санахгүй байна.
Хорин гурван
Өглөө болоход өнөө удвал цэцэг бараг бүрмөсөн гунджээ.
Би дахиад л зүүдэлсэн гэж үү? Үгүй ээ, огт үгүй!
Тэр хүүхэн надаас чухам юу хүсээд байгаа юм бол гэсэн бодол өдөржин намайг зовоов.
Өнөөдөр энэ тухай би өөрөө түүнээс асуух болно.
Оройн хоолны дараа би нөгөө ягаан удвал цэцгээ харах гэсэн боловч цэцэг ширээн дээр байсангүй. Минагаас асуувал, тэр хатаж хорчийсон цэцгийг гаргаад хаячихсан гэнэ ээ. Хайран цэцэг, би бүр дасаж орхиж.
Шөнө болсон хэдий ч миний нойр бүр хулжиж, би түүнийг хүлээсээр байлаа.
Харанхуйд хоосон ширээ бүртэлзэн харагдаж, бөгчим халуунд дотор давчдан, би хүлээсээр байсан боловч эргэн тойрон нам гүм байна.
Гэвч би дэмий хүлээжээ…
Эцэст нь цаашид хүлээх тэсвэр алдагдаж, босоод цонхоо нээлээ.
Сарны мөнгөн туяанд тэртээ Шулмын хөндийд буй манан будан элдэв хэлбэр дүрсийг олон суунаглаж харагдана. Тэр бүсгүй намайг Шулмын хөндийд хүлээн байх шиг санагдлаа.
Тэр хүүхэн юу хүсээд байгаа юм бол?
Манан буданг нүдээ чилтэл ширтэвч тэр харагдсангүй. Гэхдээ л нөгөө бүсгүй намайг тэнд хүлээж байгааг би тодорхой мэдэрч байлаа.
Түүн дээр очдог ч юм билүү? Хэрэв Шулмын хөндийн талаарх хүмүүсийн яриа үнэн бол яах вэ?
Намайг тээнэгэлзэж байх зуур наран мандаж, манан будан ч миний эргэлзээ хүслийн хамт замхран сарнилаа. Ямартаа ч бага эмчээс тайвшруулах дусал өгөөч гэж гуйя даа.
Хорин дөрвөн
Дашрамд хэлэхэд өнөө Генрих сүмийн манаачийн туслахаар ажиллах болжээ. Шинэхэн цус үзэж огт чадахаа больсон, одоо хийсэн нүглээ ариусган залбирах цаг болсон гэж тэр ярьж байх юм. Сүмийн манаач өвгөн түүнийг нэлээд хөхүүлэн турхирах ажээ. Зуу гаруй насыг зооглож, эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнд залуу туслах үнэхээр хэрэгтэй тул тэгэх нь ч аргагүй биз дээ.
Хэрэв цус сорогч хэн нэг хүний цусны амтыг авсан л бол түүнээс зугтаан амьд гарах тун хэцүү гэдгийг өвгөн Генрихт үнэмшүүлжээ. Харин сүмд байвал Эх Дагинын аврал хамгааллаас гадна өвгөн өөрөө ч түүнд тусалж чадна гэнэ.
– Тэр золигнуудыг хэрхэн аргалахаа би мэднэ! – гэж манаач өвгөн баталсаар байна.
Хорин таван
Дусаалга эм уугаад бөх сайхан унтах болсон нь хамаг учир цус сорогчид биш харин миний сэтгэл мэдрэлд байсны гарцаагүй нотолгоо биш гэж үү?
Цааш юу болохыг үзэлгүй би яагаад хулчийж орхисон юм бол? Генрих гүнээ сүслэн мөргөж, сүмийн хонхыг хичээнгүйлэн дуугаргах болсныг эс тооцвол бүх л юм урьдынхаараа хэвийн явагдаж байна.
Яагаад ингэх болсныг Генрихээс асуувал тоймтой юм ярьсангүй, гагцхүү хүзүүний шарх нь тун удаан эдгэж байгааг л хүлээн зөвшөөрлөө.
– Тэр хүүхэн өөр хүний цусыг сорохоос нааш Генрихийн шарх эдгэх ч үгүй гэж бидний яриаг чагнаж суусан хөгшин манаач дуртай дургүй өгүүлэв.
Өвгөн ойрд их л сонин байна. Цонх болон цонхны хүрээний дээд талд, хаалган дээр энд тэндгүй хэрээс зуржээ. Цоожны нүхнээс авахуулаад завсар зай бүрийг сармисаар чигжиж, сармисны иш, цэцгээр хийсэн хэлхээг Генрихийн орны дэргэд өлгөж, тэр муухай үнэртэй ургамлаар цэцэрлэгийг тэр чигээр нь дүүргэж орхижээ.
Яагаад ингээ вэ гэж намайг асуухад:
– Тэд сармиснаас жигшдэг юм гэж өвгөн хариуллаа!
Шинжлэх ухааны номоор бол цус сорогч гэж байдаггүй, үхсэн хүн ч авснаасаа босож ирнэ гэдэг боломжгүй зүйл гэж би түүнд тайлбарлахад тэрээр ёжтой мушилзаад:
– Залуу байна даа чи, миний насан дээр ирээд аяндаа мэднэ гэж үглэлээ.
Минагын ярьж байгаагаар бол өвгөн цагтаа цалгиж явсан хүн юм. Тэр Дракула гүнгийн удмынхныг хүмүүжүүлж цайзад амьдардаг байжээ. Гэвч гүнгийнхэнд золгүй явдлууд ээлж дараалан тохиолдож бараг бүгдээрээ хадан гэртээ харьцгааж, цайз орхигдон хөсөр хаягджээ. Гүнгийн холын төрөл садангууд Америкт амьдардаг гэж ярьцгаах боловч тэдний хаана байдгийг нь хэн ч үл мэднэ.
– Байзнаарай гэж залуусын нэг нь багшийн тэмдэглэлийг цааш уншихыг түр таслаад, – Тэр Америкт байдаг өв залгамжлагч гэдэг нь ноён Гарри та юм биш үү? Би ч бас нэг тиймэрхүү зүйл сонссон юм байна гэлээ.
– Тэр ч харин үнэн шүү, гэж залуу эзэн хэлээд, тэр хүн нь би, яг үнэндээ бол миний нагац ах байгаа юм. Нагац ах маань өөд болохдоо өөрийн хөвөнгийн тариаланг бас гүнгийн хэргэм ба цайз өвлөх эрхийн хамт надад өв залгамжлуулан үлдээсэн юм. Хөвөнгийн наймаа хямралд өртсөн учраас эхэндээ надад мөнгө төгрөгөө салхинд хийсгэчихгүйн төлөө зүтгэхийн хажуугаар хэргэм зэрэг, цайз шилтгээн бодож явах зав байсангүй.
Тэгээд эцэст нь нэг боломж гарч хагас жилийн өмнөөс Европт ирж энэ бүхнийг хөөцөлдөхөөр шийдсэн билээ. Цайз хийгээд эдлэн газар нь ямартаа ч байж л байгаа юм байна. Гэвч харж хайхрах эзэнгүй удсанаас бүр авах танаггүй болжээ.
Цайз нь нурсан балгас шиг л юм харагдана билээ. Би очиж ч үзээгүй байна. Тэгээд ч элэнц өвөөг оршуулсан тухай болон эсвэл хаана оршуулсныг нь гэрчлэх бичиг баримт олдохгүй байгаа тул би цайзыг шууд эзэмшилдээ авч чадахгүй байгаа юм.
Тийм учраас л би сургууль-сүмийн бичиг цаасыг нягтлан шалгаж өгнө үү гэж Карла Ивановичаас хүссэн билээ.
Хайгаад байгаа бичиг баримтаа олоогүй хирнээ Карл Иванович эндхийн цус сорогчдын тухай элдэв тэмдэглэл авч ирээд байх юм. Үнэнийг хэлэхэд цус сорогчдын тухай би өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, тэр тусмаа эндхийн лам энэ бүхнийг эрт балрын үеийн үлгэр домог гэж тайлбарлаж, харин тосгоны ахлагч нь болохоор сүүлийн гучин жилд ямар нэг хүн амины хэрэг, нууцлаг үхэл тохиолдоогүй гэж баттай хэлж байна. Нэгэн согтуу мужаан эр эхнэрээ цавчиж орхисон ганц тохиолдол гарсан боловч эхнэр нь түүнээс хойш бүтэн жилийн дараа л өөд болсон гэнэ билээ.
Та бүхний мэдэж байгаачлан би өвлийг Парист өнгөрөөсөн. Харин хавраас миний ан ав хийх хорхой гозгонож, хараахан албан ёсоор өвлөж аваагүй байгаа эдлэн газартаа, энэ Карпатын уулс уруу хамтдаа ирэхийг та бүхэнд санал болгосон хэрэг.
Цайз нь тун олхио муутай харагдаж байсан тул одоохондоо Анчдын байшинг аятайхан янзлахыг тушаасан байгаа.
Карл Иванович энд түрүүлж ирээд хуучны бичиг цаасны тоос шороотой хутгалдаж байгаа юм.
– Хэрэв ноён Гарри та цайзын бичиг цаасыг үзэхийг зөвшөөрвөл тун сайн байна даа гэж номын санч өвгөн хэлэв.
– Тэгээрэй, тэгээрэй. Энэ ажил танаас зугтаагаад явчихгүй, маргааш бүгдээрээ хамтдаа цайзыг үзэцгээе.
Найзууд аа, одоо бүгдээрээ сүүлийн удаа нэг тамхилцгаая гэж эзэн бүгдэд нь санал болгоод, Карл Иванович, үргэлжлүүлээд уншина уу гэв.
Гуравдугаар хэсэг
Хорин долоон
Шөнөдөө саргүй харанхуй байх болж, миний сэтгэл санаа ч тайвшран сайхан унтдаг боллоо.
Өчигдөр Генрихийнд очиход царай нь хэдий цонхигор хэвээрээ ч мөн л тайвширч хуучин хэвдээ орсон бололтой байлаа. Өвгөн л харин нөгөө хэрээсээ идэвхийлэн зурж, хаа сайгүй сармис тараан тавьдаг нь янзаараа байх ажээ.
Сармис тараагаад байгааг нь жаахан шоолвоос:
– Ээ хөөрхий, энэ тухай чамтай яриад байх хүсэл алга, яривал ч мөн их юм ярина даа би гэж байх юм!
Өвгөнд аяга тагш юм уулгаж, үгийг нь сонсох хэрэгтэй юм байна даа.
Хорин найман
Бүх юм бахь байдгаараа, нэгэн хэвийн уйтгартай байна. Сүмийн хашаанаас сармисны үнэр шөнөдөө миний өрөөнд хүртэл ханхлах ажээ.
Хорин есөн
Өнөөдөр манаач өвгөн сүмийн зарим эд хэрэглэлийг Минагаар цэвэрлүүлэхээр манай гэрт ирлээ.
Би өвгөнийг өрөөндөө урьж хоёр халбага ром архи нэмж амжсан аяга халуун цайгаар түүнийг дайлав.
Өвгөн ч дорхноо ам нь халж цайз шилтгээн, тэндхийн дэг жаяг, анч тайга ноход, үзэсгэлэнтэй боловч өрөвдмөөр гүнгийн хатны тухай урсгаж гарлаа.
– Харин тэр золиг золтой л миний хоолойг тас хэмлэж орхиогүй шүү хэмээн өвгөн гараа алдлан дуу алдав!
– Хэн тэр вэ? Анч тайга ноход уу? – гэж би асуулаа.
– Юуных нь тайга ноход байх вэ дээ, гүнгийн ахайтныг л хэлж байна. Тэр хэдий нас барсан ч тэргэл сар гарахаар л босож ирээд үүгээр түүгээр яваад байсан юм. Түүнтэй наалдсан хүн бүхэн үхсэн гэж сонсогддог байлаа! Зарим нь цаанадаж хоёр сар амьд явна, зарим нь тэр дороо амьсгал хураана. Хүний амь амьдралыг зүгээр л сороод уучихдаг байсан юм.
Тэр үед тун ч олон хүн цайзаас дайжин зугтсан юм… Нэг удаа бид ойн чөлөөгөөр явж байлаа. Гэтэл нэг том азарган чоно үсрээд миний дээр буугаад ирлээ..., би ч ингээд л өнгөрдөг юм байж дээ гэж бодлоо! Харин тэгтэл миний хүүхэн хонгор Нетти тэр чонын сэрвээнээс зуураад авлаа, тэр минь сайхан ч амьтан байж билээ…
– Юу гэнэ ээ? Өнөө гүнгийн өөд болсон хатан уу? – гэж би гайхав.
– Ээ, чи бүр будлиж орхиж! Миний өөрөө тэжээж өсгөсөн Нетти нэртэй тайга нохой байхгүй юу, эзэндээ үнэнч нохой байж билээ! Гүнгийн залуу хатныг могойд хатгуулдаг тэр шөнө үхчихсэн юм. Тийм нэг ногоон нүдтэй..., мэдэх үү…
Цааш ярих тусам өвгөн улам бүр будилсаар, сүүлдээ бүр холион бантан болж, Нетти хэмээх жингэрийн тухай яриад байна уу, эсвэл гүнгийн ахайтны тухай, нэг бол могойн тухай яриад байна уу гэдэг нь ойлгогдохоо больсноор барахгүй хэн нь хэнийгээ хатгасан, хэн нь ногоон нүдтэй нь ч мэдэгдэхээ болиод ирлээ.
– Би түүнийг өөрийн гараар хуучин худагт живүүлж орхисон юм! гэж бардам ихэмсгээр мэдэгдсэнээр өвгөний яриа төгсөв.
Өвгөн ч гэртээ харихаар явах болж, би түүнийг саатуулсангүй. Босгон дээр очоод тэр над уруу эргэн харж мушилзаад:
– За яав, миний яриа тус болох нь уу гэж асуулаа.
Таван
Тэргэл саран тэнгэрт мандах үе эхэллээ. Сэтгэлд уйтгар гуниг хурган, учир битүүлэг нэгэн хүсэл намайг эзэмдэж хоосон оргино.
Тэр бүсгүй юу хүсэж, надаас юу гуйсан юм бол?
Шөнө бүр өөрийн эрхгүй түүнийг хүлээн, сэрвэлзэх боллоо…
Нам гүм.
Сармисны муухай үнэр өрөөнөөс салахаа болилоо. Цонхоо онгойлгон салхи савир оруулаад ч дээрдэх юм алга.
Би юу хүлээгээд байна вэ? Зүүд зэрэглээг үү, хий үзэгдлийг үү?…
Өдөр нь тайван амгалан байх боловч шөнө болохоор л дотор давчдан, орох байх газраа олохоо больчих юм. Хаашаа ч юм бэ явж, юу ч юм бэ хиймээр санагдах боловч хаашаа явж, юу хиймээр байгаагаа мэдэхгүй шаналж байна. Сүүлдээ бүр тэсэхийн аргагүй болж ирлээ.
Маргааш Шулмын хөндий орж ягаан удвал цэцэг түүж ирэхээс дээ.
Зургаан
Өдрийг арайхийн өнгөрөөгөөд үдэш болмогц тосгоноос гарч Шулмын хөндийн нуурын хөвөөнд гүйж очоод намагт өвдөгөө хүртэл шигдэн байж сайхан ягаан удвал цэцэг тасдаж авлаа.
Хүний юм хулгайлсан юм шиг хулмалзан гэтсээр нөгөөх цэцгээ өрөөндөө авчрав.
Ширээний дэргэд суугаад түүний гарч ирэхийг хүлээлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй! Орондоо орж хэвтэх ёстой юм болов уу?
Шөнийн турш унтаж чадалгүй хүлээгээд, хүлээгээд юу ч болсонгүй!
Ягаан удвал цэцэг огтхон ч хөдөлсөнгүй, харин сармисны үнэр л өрөөгөөр нэг ханхалж байна.
Яах вэ? Тэр хүүхнийг хэрхэн буцааж ирүүлэх вэ? Түүний шаналан зовж байгааг сэтгэл зүрхээрээ мэдрэвч хэрхэх учраа олохгүй л байна?!
Арван нэгэн
Шулмын хөндийн нууран дээр хэд хэдэн удаа очсон боловч хөлөө норгож, гутлаа шавар болгохоос хэтэрсэнгүй.
Уйтгар гуниг минь улам бүр ихэссээр…, тэр хүүхэн хий үзэгдэл, сүнс сүүдэр ч биш, харин миний сэтгэлийг булаасан хайртай бүсгүй минь шүү дээ…
Арван гурван
Генрихийнд очлоо. Нөгөө манаач өвгөн зальтайхан инээмсэглэх ажээ. Өнөөх Нетти хэмээх жингэрийн нь тухай асуухад гүнтний цайзад тун сайн анч тайга нохдын бүхэл бүтэн сүрэг байсан, харин Нетти бол хатан ахайтны хайртай нохой байсан бөгөөд байнга хатантны хөлийн дэргэд хэвтэж онцгой эрх дархтай амьтан байсан юм хэмээн тэрээр буурьтай гэгч нь тайлбарлав.
– Неттиг гарцаагүй тэр муу хөгшин америк чөтгөр л цааш нь харуулсан биз. Тэр чөтгөрийг анх ирсэн цагаас нь эхлээд л Нетти түүнийг үздэггүй байсан юм! Адгуусныхаа зөнгөөр мэдэрдэг байсан байх. Тэр америк чөтгөрийг харах бүрдээ л шүдээ ярзайлган, үсээ өрвийлгөж архидаг байлаа. Харин хатан авхайг өөд болдог шөнө Неттиг харахад ч аймаар байсан.
– Намайг хатантны өрөөнд гүйн ороход Неттигийн сэрвээний үс нь босчихсон, амнаас нь цагаан хөөс цахарч, шүд нь тачигнан нүд нь галзуурсан мэт гялалзан бүх бие нь байдгаараа чичирч байсан. Тэгэхэд нохойг анзаарахтай манатай байсан тул шууд гадна сүүдрэвч рүү гардаг хаалгыг онгойлгосноо л сайн санаж байна. Нетти галзуу юм шиг үсрэн гараад хуучин дуганын тийш давхин алга болсон…
Харин түүнээс хойш дахин үзэгдээгүй…
– Неттиг могой хатгасан байх гэж та бодож байна уу? – гэж би өвгөнөөс асуулаа.
– Үгүй ээ, могой хатантныг хатгасан юм.
– Цайзад могой хаанаас орж ирдэг байна аа? – гэж би гайхлаа.
– Тэр хөгшин америк чөтгөрийн авчирсан хайрцаг дотроос… гэж өвгөн хэлэв.
Намайг явахаар завдахад өвгөн надаас нойрондоо сайн болсон уу, нуур уруу очихоо больсон уу хэмээн асуулаа.
– Намайг нуур уруу очлоо гэж хэн танд хэлчихээ вэ?
– Та өөр хаана ингэж гутлаа арчиж зүлгээд ч арилахааргүй нуль замаг болгох билээ дээ. Зүгээр дээ, та сайхан унтаж амрах болно гэж манаач өвгөн хэлээд инээлээ.
Би гэртээ ирээд өвгөн яагаад миний нуур уруу очдог эсэхийг сонирхоод байгааг, миний сайхан унтаж амарна гэдэгт яагаад тийм итгэлтэй байгааг эргэцүүлэн бодлоо.
Бодолд автан өрөөн дотуураа нааш цааш явж байгаад цонхны хөшгийг санаандгүй хөдөлгөж орхитол шалан дээр нэг юм унаад ирлээ!… Сармисны хатсан цэцэг, хумсаар сүлжиж хийсэн цэцгэн хэлхээ байна! Сүмийн цэцэрлэгээс үнэртэж байна гэж миний бодоод байсан нөгөө муухай үнэр эндээс л ханхлаад байсан хэрэг. Солиотой өвгөн үүнийг энд хийснээс зайлаа гэж үү?
– Энд дахиад л хэдэн хуудас нь алга болсон байна гэж өвгөн номын санчийн хэлэв.
– За ашгүй, унтах цаг ч болсон байна, манай зочдын зарим нь зүүрмэглэж, ахмад Райт бүр хурхирч байна гэж ноён Гарри хэлээд – бүгдээрээ сайхан амарч, сайхан зүүд зүүдлээрэй гэв.
Өдөржин ан гөрөө хийж алжааж ядарсан хүмүүс дуртайяа босоцгоож тосгоны зочид буудлын өрөөнүүдээр тархан одлоо.
Дөрөвдүгээр хэсэг
– Ноёд оо, өнгөрсөн шөнө та бүхний хэн дээр чинь эндхийн хүүхнүүдээс ирэв? Хэн дээр ч ирээгүй гэж үү? – хэмээн өглөөний цайн дээр гэрийн эзэн хөгжилтэй гэгч нь асуув.
– Над дээр ирсэн хэмээн бараг хүүхэд гэмээр арван зургаа орчим насны, үлбэгэр дорой, бүрэг ичимтгий байрын нэгэн залуу гэрэвшсэн маягаар хариуллаа.
– Хөөх, за тэгээд яав? Алив яриад байгаарай хэмээн түүнийг тал талаас нь шалгаацгаав.
– Тэр над дээр ирээд өөрийнхөө удаан хоригдон зовж байгаа өрөөний хаалгыг нээж өгөөч гэж гуйгаад намайг өөрийнхөө хамгаалагч, хүлэг баатраа болгоё гэсэн гэж ичингүйрэн хэлэв.
– Хаана байдаг, ямар хаалгыг тэр вэ? – гэж Гарри асуулаа.
– Мэдэхгүй. Тэр хүүхэн өөрөө «хайгаад ол» л гэж хэлсэн.
– За, мэдээж хэрэг, үсээ задгай тавьсан, ягаан удвал цэцэгтэй хүүхэн л байсан биз дээ? – гэж эмч инээд алдан асуув.
– Огт үгүй гэж хөвгүүн хариулаад, – би түүнийг мянган хүний дундаас ч танихаар сайн харж авсан. Тэр хүүхэн урт хар үсээ яст мэлхийн хуягаар хийсэн том самаар дагзан дээрээ хатгаж шуусан байсан.
– Хий юм харж дээ, – гэж эмч бөвтнөв.
– Морьд бэлэн! – гэж зарц илтгэлээ. Бүгд л буу, цүнх, сумны дайз уруугаа ухасхийлдэж, ертөнцийн бүх хүүхнүүд, цус сорогчид мартагдсан хорвоо болж хоцорлоо. Анчид аа гэж.
Тавдугаар хэсэг
Орой нь анчид дахин хамтдаа цуглацгаав. Ав ав нь тун ч олз омогтой байсан тул бүгдээрээ сэтгэл хангалуун, хөөр хөгжөөнтэй байлаа. Тансаг оройн зоог барьж олон аяга дарс уусны эцэст ан гөрөө хийж явсан элдэв адал явдлын тухай яриа хөөрөө нь ахиад л босоо ороолонгийн сэдэв рүү халтирлаа.
Номын санч өвгөнийг дуудан ирүүлж нөгөө багшийн тэмдэглэлийн үргэлжлэлийг олсон эсэхийг шалгааж эхлэв.
– Үгүй ээ, ноёд оо, олж амжсангүй. Эх Дагинын мэлмий гийсний баярт бэлтгэх гээд сүмийн бичиг цаас хадгалдаг өрөө цоожтой байлаа. Гэхдээ хэрэв ноён Гарри таалан болгоох аваас өнөөдөр Анчдын байшингаас олсон захидлуудыг би уншиж өгье.
Өнөөдөр эрхлэгч бид хэд тэнд очсон боловч өнөө орой гэхэд тэр байшинг бэлтгэж амжаагүйг та бүхэн хэзээний мэдэж байгаа. Харж хайхрах эзэнгүй орхигдоод удсан тул тэр байшин бүр нурах шахаж. Маргааш орой гэхэд бүгдийг нь биш зөвхөн хоолны танхим, бас бус хэдэн өрөөг л янзалж амжих байх. Эрхлэгч унтлагын нэг өрөөг цэгцэлж байгаад ширээний нүднээс бөөн захидал олж надад өгсөн юм. Би тэдгээр захидлуудыг гүйлгэн уншиж үзээд нөгөө багшийн тэмдэглэлүүдтэй холбоотой юм байна гэж бодлоо. Хэрэв эрхэм ноёд та бүхнийг зөвшөөрвөл би тэр захидлуудыг уншиж өгье гэж Карл Иванович санал болголоо.
– За уншаад байгаарай!
– Тэмдэглэлийг нь үзвээс үүнийг бичсэн хүн Италийн Венец хотоос найздаа илгээсэн юм шиг байна гэж Карл Иванович нэмж хэлэв.[/color]
|