|
Амьдралд гэгээрэл
Бичсэн Ц.Даланцагаан
Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоож, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, тунгалаг төрийг бий болгох талаар хувь хүн, улс төрчид хэн хүнгүй л ярьдаг. Хэдийгээр энэ бүхний үндэс нь ард иргэдийг соён гэгээрүүлэх явдал байдаг боловч харин энэ тухай тун бага яригддаг. Соён гэгээрэл бол гэгээрсэн хэдхэн хүний хүрээний асуудал бус энэ бол өдөр тутам явагдаж байдаг, явагдах ч ёстой хүн болгонд хамаатай асуудал.
Гэтэл манайд ер нь соён гэгээрүүлэх гэдэг үгнээс ичдэг ч болсон юмуу даа. Гэгээрүүлэх яам, Гэгээрлийн яам гэж байснаа нэрээ сольж 80-аад оноос ардын боловсролын яам болж, 1996-2000 онд эргэж гэгээрлийн яам болсон боловч одоо мөн л энэ үгнээс нүүр буруулсан.
Уг нь гэгээрлийн яам гэдэг нь боловсрол, соёл, шинжлэх ухааныг бүгдийг хамарч буй ойлголт баймаар. Монголын үе үеийн соён гэгээрүүлэгчид (В.Инжинааш, Д.Равжаа, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, ...) хүн ардаа гэгээрүүлэхийн төлөө зүтгэсээр ирсэн. Их сургуулийн Ректор гэхийн оронд Соён Гийгүүлэгч Тэргүүн буюу Согитэр гэх нэр хэвшүүлэх саналыг профессор, доктор Л.Дашням хэдэн жилийн өмнө дэвшүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Уг цаад санаа нь бол боловсрол, соёл, шинжлэх ухаан маань нэг цул юм шүү, энэ гурав нийлж байж хүн ард маань гэгээрнэ, Их дээд сургууль бол үүнийг хэрэгжүүлэгч газар л гэж хэлэх гээд байсан болов уу.
ΧΙV-XV зуунд Баруун Европын нийгэм-эдийн засгийн амьдралд өөрчлөлт гарч, сэргэн мандалтын үе эхэлсэн ба чухам эндээс орчин үеийн хөгжлийн гараа эхэлсэн гэж үздэг. Хүн төрөлхтний сэтгэлгээнд шинэ үеийг авчирсан энэ үеийг Renaissance гэж нэрлэх болсон нь францын дахин төрөлт гэдэг үгнээс гаралтай ойлголт юм. Европын харанхуй бүдүүлэг үе төгсч эртний Грек, Ромын соёл ахин дэлгэрлээ гэсэн үг байв. Сэргэн мандалт анх соёл урлагт нэвтэрч улмаар эдийн засаг , нийгмийн бүх л салбарыг хамрах болсон байдаг. Энэ үеийн Н. Коперник, Галилео Галилей Ж. Бруно, Леонарда да Винчи, Рафаэль, Микеланжело Н. Макиавелли, Т. Гоббс, Ж. Локк, Ш. Монтескью Ж.Руссо зэрэг эрдэмтэд, урлагийн зүтгэлтнүүдийг хүн төрөлхтний агуу соён гэгээрүүлэгчид гэж дэлхийн соёлт хүн төрөлхтөн дээдлэн үздэг.
"Монсудар" хэвлэлийн газраас зохион байгуулж байгаа "СОЁН ГЭГЭЭРЛИЙН ӨДРҮҮД" бол хүн ардаа гэгээрүүлэх үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр гэж үзэж болно. Энэ арга хэмжээ 2011 оны 6-р сарын 9-нөөс 11-ны хооронд Соёлын төв өргөөн дэх Монголын Уран зургийн галерейд зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрүүдэд түүхэнд хандах хандлага, хүүхдэд хандах хандлага, дэлхийн сонгодог уран зохиол болон орчин үеийн бэстселлер номууд, философийн сэдвүүд зэрэг маш өргөн хүрээг хамарсан төрөлжсөн ярилцлага, уулзалтууд зохион байгуулагдах юм. Мөн хөгжмийн тухай, хөгжим хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцахаас гадна пянз харилцан солилцох, худалдах үйл ажиллагаа явагдах ба дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номын нээлт болно. Энэхүү уулзалт ярилцлагуудад доктор Б.Батчулуун, доктор Ч.Билигсайхан, доктор Д.Галбаатар, доктор Б.Даш-Ёндон, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, доктор С.Молор-Эрдэнэ, доктор До.Цэнджав, ДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү зэрэг салбар салбарын нэртэй эрдэмтэд, зүтгэлтнүүд ярилцлагыг хөтлөн явуулна.
Арга хэмжээнүүд А, Б, В, Г танхимуудад зэрэг явагдах тул уншигч та манай “Соён гэгээрлийн өдрүүд” мэдээнд байгаа хөтөлбөрөөс өөрт хэрэгтэй уулзалтуудаа сонгоцгооно бизээ. Нэг зүйл хэлэхэд энд номуудын тухай ярилцахгүй ерөөсөө уг сэдвүүдээр ярилцах ба ном бол энд зөвхөн туслах чанартай л байх юм. Өөрөөр хэлбэл соён гэгээрлийн тухай ярьж байхад дэлхийн агуу сэтгэгчид тэдний үзэл бодол, бүтээлийн тухай ярихгүй байхын аргагүй л дээ. Хүн ардыг гэгээрүүлэхэд ном хэзээнээсээ нааш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс ч ном хэвлэж сурсныг сэргэн мандалтын үеийн хамгийн чухал ололтын нэгд зүй ёсоор дурьддаг.
|