Байдал бараг л хэвээрээ дээ. Эрт ирчихээд буцахгүй гүрийгээд үлдсэн хүмүүс бараг оносон юм шиг. Эхнээсээ хөл гараа нэлээн сайн олцгоож эхэлж байна, ядаж л амьдрах аргаа олсон байна.
Шинээр хүмүүс ирээд л байх шиг. Ихэвчлэн ах дүү, хамаатан саднаа түшсэн улсууд л ирж байгаа. Тэд нарыг бол энд нэгэнт суурьшаад авсан хүмүүс яаж ийгээд талхаар нь тасалчихгүй байлгаад байх биз. Бүр ямар ч танилгүй хүмүүс европд ирвэл ч мэдэхгүй ээ. Яажшуухан цаашид явахыг төсөөлөх ч үгүй байна. Би өөрийнхөө амьдардаг газрын монголчуудын талаар л бичиж байгаа шүү. Гэхдээ амьд хүн аргатай, уг хүн өөрөө арга ухаантай, сэргэлэн бол хаана ч амьдарна шүү дээ. Бэлэн хоол идээд сурчихсан, гар хөлөө олигтойхон хөдөлгөж сураагүй, залхуу хүнд бол "капиталист" орон хатуухан боорцог. Хаана ч адил.
Гадагшаа гарч амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн бодолтой хүмүүсийг би буруу гэж үздэггүй. Мэдээж ганц амьдрах насандаа хэн ч аятайхан амьдарч үзээд үхье гэж бодно. Гол нь хаа очсон газраа амьдрах зөв, үр өгөөжтэй арга зам сонгож л амьдар гэе дээ. Ямар ч газар адилхан, сэргэлэн авхаалжтай явж шударга хөдөлмөр эрхэлнэ, юу ч тохиолдож болно гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй л ирэх хэрэгтэй. Бэлэн хоол хаана ч байхгүй гэдгийг л маш сайн ойлгосон байхад болчих байх. Яах гэж ч ирэв дээ, монголдоо байсан бол бэлэн гоймонгоо идээд л болоод л байх байсан шүү гэж гоншигнох, уйлагнах үе хэнд ч тохиож болно. Хамгийн гол нь л энэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй!