|
Доллар, юанийн дайн
Өнөөдөр 8 цаг 50 минут
БНХАУ-ын төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Блумберг агентлаг энэ шийдвэрийг 2011 он хүртэл түр түдгэлзүүлэх магадлалтай гэж мэдээлэв. Тус улсын хувьд хэт хурдацтай өсч буй эдийн засгийг даган нэмэгдэж буй инфляцийн төвшинг бууруулах зорилгоор зээлийн болон хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх юм.
Хятадын Ардын банкны мэдэгдсэнээр нэг жилийн хугацаатай зээлийн хүүгийн төвшинг арванхоёрдугаар сарын турш 5,56 хувьд барина хэмээн Блумбергийн 17 шинжээчийн 12 нь үзэж байгаа юм. Дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай өсч буй эдийн засгийн бүс болох БНХАУ-ыг хүүгийн төвшин 2011 оны сүүл гэхэд дор хаяж хагас хувиар өснө гэж 12 шинжээчдийн найм нь таамаглаж байна. Харин “Nomura International Ltd” байгууллага тус улсыг хүүгийн төвшинг бүтэн нэг хувиар өсгөх боломжтой гэжээ.
“Инфляцийн аюул тус улсын хувьд хамгийн том асуудлуудын нэг. Ийм ч болохоор ирэх жилд хүүгийн хэмжээг өсгөх нь тодорхой. Захиргааны арга хэмжээ одоо тийм ч үр дүнтэй байхаа больж байна” хэмээн “Nomura”-гийн ахлах эдийн засагч Роберт Суббараман хэлж байна.
Нэгэнт АНУ, Японы төв банкууд хүүгийн төвшинг бараг тэг хувьд барьж байгаа тул хөгжиж буй зах зээл бүхий орнуудын бодлого боловсруулагчдын зүгээс үнийн хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авч байгаа юм. Энэ онд 10,1 хувийн өсөлттэй байгаа БНХАУ-ын эдийн засаг 2011 онд есөн хувь байна гэж эдийн засагчид Блумбергийн судалгаан дээр үндэслэн тооцоолж байгаа юм.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд БНХАУ 2007 оноос хойш хийж байгаагүй зүйл болох бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлэх болсон юм. Түүнчлэн томоохон банкуудын хуримтлалыг нэмэгдүүлж, юанийн ханшийг өсөсөн. Мөн Хятадын гадаад валютын хуримтлал есдүгээр сард 100 тэрбум ам.доллараар өсч, 2.65 триллион болсон.
Аравдугаар сарын 19-нд Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн хэмжээг 0.25 хувиар нэмэгдүүлж 5,56 хувь хүргэсэн бол хадгаламжийн хүүг мөн хэмжээгээр нэмэгдүүлж, 2.5 хувь болгоод байгаа юм.
“Бээжингийн зүгээс Хятадын эдийн засгийг боломжийн хэмжээнд хүргэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай харагдаж байна. Бидний зүгээс хүүгийн төвшинг дахин нэмэгдүүлнэ гэж таамаглаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр байгаа” хэмээн Хонг Конг дахь Канадын Эзэн хааны банкны ахлах стратегич Брайн Жэксон хэлжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван сарын дотор 9,6 хувиар өссөн байгаа. Харин үүнийг дагаад инфляцийн төвшин есдүгээр сард 3.6 хувь буюу бараг хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрээд байгаа юм. Харьцуулахад, АНУ-ын эдийн засаг мөн улиралд гурван хувиар, харин хэрэглээний өртөг буурч буй Японы эдийн засаг 2,4 хувиар өссөн байна.
Капитал хөрөнгийн хангамж ихэсч буйгаас юанийн ханш өнгөрсөн сард 1,7 хувиар өссөн нь 2005 оны долдугаар сараас хойш харагдаагүй их хэмжээний өсөлт байлаа. Харин энэ сарын хувьд 0,6 хувиар өсөөд байгаа нь харьцангуй бага хэмжээ болж байна. Энэ оны хувьд Хятадын мөнгөн тэмдэгт АНУ-ын ам.долларын эсрэг 6,60 юань байх юм. Харин ирэх онд юанийн ханү дахин чангарч, 6,24 юань нэг ам.доллартай тэнцэнэ хэмээн Блумберг мэдээлж байна. Одоогийн байдлаар нэг ам.доллар 6,6729 ам.доллартай тэнцэж байна.
Дөрөвдшгээр сараас хойш БНХАУ-ын бодлого боловсруулагчид зээл төлөлтийн шаардлагыг чангатгаж, гурав дахь орон сууц авах зээлийг түр зогсоох болсоноос гадна өмчийн татварын асуудалд илүү чанга бодлого тавих санал дэвшүүлээд байгаа зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Ингэж чадвал эдийн засгийг хэт халахаас сэргийлж, инфляцийг барьж чадна гэж тооцоолж байна.
Энэ жилд Хятадын банкууд 6.3 триллион юанийн зээл олгоод байгаа. Засгийн газрын зүгээс энэ онд олгох зээлийн хэмжээг 7.5 триллион болгож хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл банкууд 2010 оны сүүлийн улиралд сард дээд тал нь 400 тэрбум юанийн зээл олгох боломжтой гэсэн үг юм.
Ирэх сард болох “Group of 20” буюу эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж буй дэлхийн 20 орны төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтын өмнө өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Их-20-ийн Сангийн сайдууд Өмнөд Солонгосын Гёнжу хотод уулзсан билээ. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудал нь хөгжиж буй эдийн засаг бүхий орнууд, ялангуяа БНХАУ-ын асуудал байсан. Энэ үеэр сайд нар Хятадын эрх баригчдыг юанийн ханшийг хүчээр боож байгаа нь АНУ зэрэг орнуудын экспортод муугаар нөлөөлж байгаа гэжээ. “Мөнгөн тэмдэгтийн ханшийн дайн” хэмээн нэрлэж буй энэ асуудалд БНХАУ болон АНУ гол үүргийг гүйцэтгэж байгаа юм.
АНУ-ын Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гэйтнер БНХАУ-д айлчилж, Ерөнхий сайдын орлогч Ванг Чишантай уулзаж, хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар ярилцлаа. Тэрбээр Их-20-ын сангийн сайд нарыг энэ тал дээр анхаарч, хөгжиж буй эдийн засгийн мөнгөний ханш барихгүй байхыг сануулж байгаа юм. Бямба гаригт өндөрлөсөн энэ чуулга уулзалтаас Их-20-ын сайд нар “ханшийн дайн” үүсгэхгүй байх нь чухал хэмээн санал нийлсэн билээ.
Хятад мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг барих гол шалтгаан өөрийн бүтээгдэхүүний экспортыг хямд байлгах явдал юм. Өөрөөр хэлбэл, импортлогч орнуудад хямд үнэтэй бараа нийлүүлж, гадаад худалдаанаас ашиг олно гэсэн үг. БНХАУ ч үүнийг амжилттай хийж, сүүлийн гучин жилийн дотор огцом хөгжиж чадсан. Гэвч зохиомлоор юанийн ханшийг бага байлгаж байгаа нь бусад орнуудын гадаад худалдаанд муугаар нөлөөлж байгаа юм. АНУ-ын зүгээс үүнийг хамгийн ихээр буруушааж, БНХАУ-ыг шударга өрсөлдөөний эсрэг заль хэрэглэж байна хэмээн мэдэгдэж байгаа билээ. Гэвч юанийн ханшийг аргамжаанаас нь тавьбал Хятадын гадаад худалдаа эрс буурах эрсдэлтэй байгаа. Иймээс Бээжингийн хувьд гадаад худалдаанд муугаар нөлөөлөхгүйгээр юанийн ханшийг өсгөх бодлого боловсруулахаар ажиллаж байгаа гэж мэдээлж байна. Тус улсын хувьд мөнгөний зах зээлд бусад оронтой нэгдмэл байдлаар хандах нь хамгийн гол асуудал болж байгаа юм. Хэдийгээр олон улсын зүгээс Хятадыг мөнгөн тэмдэгтийн ханшаа чөлөөлөх ёстой хэмээн шахалт үзүүлж байгаа ч ойрын ирээдүйд дорвитой алхам хийхгүй шинж харагдахгүй байна.
Ийм мэдээлэл гарсан байна Хундага админ тэгээд үзээд өөрийн дүгнэлтээ хийнэ биз...
|