|
Цэцгэнд дуртай эр
1963 оны тавдугаар сарын үдэш Нью Йорк хотын Авенюгийн гудамжаар халаасандаа гараа хийсэн нэгэн залуу эр түргэн гэгч нь алхаж явлаа. Цаг агаар тун ч тайван тогтуун байх бөгөөд цэнхэр өнгийн тэнгэр аажим аажмаар үдшийн бүрэнхийн нил ягаан өнгөд шилжин хувирана. Эндхийн хүмүүс хотдоо хайртай, энэ бол тэдэнд хотоо хайрлах сэтгэлийг нь төрүүлэх үдшийн нэг байлаа. Түргэн хоол болон хуурай цэвэрлэгээний газрууд, ресторануудын үүдэнд зогсох хэн бүхэн инээмсэглэж буй мэт үзэгдэнэ. Хуучин хүүхдийн тэргэнд хоёр уут дүүрэн хоол хүнсний зүйл хийгээд түрж яваа нэгэн настай хатагтай залуу эр рүү инээд алдан хараад: “Сайн уу, сайхан залуу минь!” гэж мэндчилэв. Залуу эр түүн рүү хагас инээмсэглэн гараа даллалаа.
Настай хатагтай цааш явахдаа дотроо “Тэр дурлачихаж” гэж бодов.
Залуу эр цайвар саарал өнгийн хослол өмсч, хүзүүндээ зүүсэн нарийхан зангиагаа бага зэрэг султгаж, цамцны захаа дутуу товчилсон байв. Бараан өнгийн үсээ богинохон засуулжээ. Түүний царай нь цайвар, нүд нь гэрэлтсэн цэнхэр өнгөтэй. Энэ бол тийм ч онцгой царай биш, гэвч 1963 оны тавдугаар сарын энэхүү намуухан хаврын үдэш Авенюгийн гудамжинд алхаж яваа тэр залуу үзэсгэлэнтэй харагдах бөгөөд бас настай хатагтай өөрийн хонгорхон дурсамжаа эргэн санана. Хавар хүн бүхэн үзэсгэлэнтэй харагдаж чадна...хэрэв тэд өөрсдийн мөрөөдлийн хэн нэгэнтэй оройн хоол хамт идэж, магадгүй дараа нь бүжгинд явахаар яаран алхаж буй бол...Хавар бол өнгөрсөн дурсамжууд гашуун санагддаггүй цорын ганц улирал, тийм ч учраас настай хатагтай сэтгэл хангалуун гэгч нь алхаж, залуу эртэй үг солилцож, хариуд нь залуу инээмсэглэн гар даллаж мэндэлсэнд баяртай байсан юм.
Залуу эр 63-р гудамжийг хөндлөн гараад, урууландаа хагас инээмсэглэл тодруулсан хэвээр дэгдсэн алхаагаар цааш алхан явлаа. Цэцэгсээр дүүргэсэн ногоон өнгийн модон дугуйт тэргэний хажууд нэгэн хөгшин эр зогсож байв. Цэцэгсийн ихэнх нь шар өнгө давамгайлсан жонкиль болон крокус цэцэгс аж. Түүнчлэн хөгшин эрд улаан лиш цэцэг, мөн цөөн тооны цайны сарнай цэцэгс байлаа. Тэдгээрийн ихэнх нь мөн л шар болон цагаан өнгөтэй. Хөгшин эр жигнэмэг идэнгээ тэрэгнийхээ буланд тавьсан овор ихтэй хүлээн авагчийг чагнан зогсоно.
Хүлээн авагчаар дараах таагүй мэдээнүүдийг дамжуулна: алх барьсан алуурчин одоо хүртэл сул чөлөөтэй явж байна, Жон Кеннеди Вьетнам нэртэй Азийн жижигхэн улсын нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ, Ийст голоос нэгэн үл таних эмэгтэйн цогцос олджээ, ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүн хар тамхины дайны гол удирдагчид ял оноохоос татгалзав, Оросууд цөмийн зэвсэг дэлбэлжээ... Эдгээр мэдээний нэг нь ч бодит бус, бас тийм ч ач холбогдолтой мэт санагдахгүй аж. Цаг агаар тайван тогтуун. Талхны мухлагийн гадаа шар айрагны гүзээ сууцгаасан хоёр эр тавьтийн зоос шидэлцэж тоглоно. Энэ хотын хаврын улирал зуны улиралд байраа тавьж өгөхөөс айн сүрдэх мэт, зун бол мөрөөдлийн улирал билээ.
Залуу эр дүүрэн цэцэгс бүхий модон тэргэний дэргэдүүр өнгөрөхдөө хүлээн авагчаар дамжуулах таагүй мэдээг сонсов. Тэр эргэлзсэн шинжтэй мөрөн дээгүүрээ эргэн хараад хэсэг бодолхийлэн зогсов. Тэр цувныхаа халаасанд гараа хийгээд дотор нь байгаа ямар нэг зүйлийг тэмтэрлээ. Энэ агшинд түүний царай ганцаардмал, бодолд дарагдсан мэт харагдаж байв. Дараа нь тэр халааснаасаа гараа аваад царай нь түрүүчийн догдолсон, ямар нэг зүйлд хүсэн тэмүүлсэн байдалдаа эргэн шилжлээ.
Тэр инээмсэглэсээр цэцэгтэй тэргэний дэргэд буцаж очив. Тэр өөрийн эмэгтэйдээ сэтгэлд нь нийцэх хэдэн цэцэг авч очвол...Түүнд зориулж гэнэтийн бэлэг худалдаж авахад түүний нүд баярлан гэрэлтэхийг нь харах тэр дуртай. Тэр баян биш учраас жижигхэн зүйлс худалдан авдаг. Чихрийн цуглуулга, бугуйвч. Зөвхөн нэг удаа Валенсиагийн цүнх авч өгсөн...учир нь энэ бүхэн Нормагийн дуртай зүйлс гэдгийг тэр мэднэ.
|