***
Жин Кан Лун шилийн ойн 5 махбодь хэмээх урсгалын төмөр махбодь бүлгийн толгойлогч эрдэм чадал оюун билгийн хувьд энэ хэргэмдээ үнэхээр дүйцсэн хүн байлаа. Мөрөн голын амьдралыг алган дээр тавьсан юм шиг мэдэж байв.
Мөнөөх бүсгүйн овог үнэхээр Жу гэх бөлгөө. Нэр нь Сян Зюнь. Тэр хэдийгээр 18-19 орчим насны боловч тэнгэрт тэрслүү бүлгийнхний нилээд гол хүн гэгдэх болжээ. Тэнгэрт тэрслүү бүлэг мөрөн голоор хэрэн хэсэгч муу талын чадалтай баатруудыг цуглуулсан бөгөөд Жу Сян Зюний эзэмшсэн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга болбоос зэвсгийн эрдмийн хувьд ихэд дээгүүрт тооцогдох ажээ.
Сян Зюнь энэ удаа мөрөн голд шургалан нэр алдраа дуурсгаж 5 махбодийн бүлгийнхний омгийг дарахаар шийдсэн аж. 10 өдрийн дотор бүсгүй 5 махбодийн бүлгийн 19 баатар эрийн бодийг нь хөтөлж босоо илдийн 3 аргаар 4 махбодийн толгойлогчдын бүслэлтийг няцаасандаа эрэмшин дайснаа нилээд хөнгөлж үзэх сэтгэл төрөх болсон юм. Харин энэ удаа Жин Кан Лунтай учирч өвгөний цаглашгүй их дотоод хүчийг үзэн эрдэмд хязгааргүй гэдэг хичнээн үнэн үг болохыг сая ойлгожээ.
Гэвч бүсгүй бэрхийг үзээд шантрах хүмүүн биш билээ. Бүсгүй буруу номынхны нилээд гол хүн тул бас ч өвлөсөн эрдэм нэг их дутаад байхааргүй ажээ. Мөрөн голын баатар эрсийн тэргүүнтэй учраад нэгийгээ үзэж ялалт байгуулах хүсэл улам ч ихээр оргиллоо.
5 махбодийн бүлгийнхнийг өдөн ялалт байгуулах нь Жу Сян Зюний өнийн хүсэл байсаар ирсэн юм. Гэвч тэдэнтэй илд зөрүүлсний хойно энэхүү бодол нь тийм ч амархан бүтчих зйүл биш болохыг бүсгүй олйгожээ. 5 махбодийн бүлгийнхний дотор зэвсгийн эрдмээр хамгийн тааруухан нь Му Цин Ся, дараа нь Ту Ди Хан орно. Шуй Да Юнь усан дээрх тулалдаанд сайн боловч хуурай газар тулалдвал өөрийг нь бараадахгүй. Харин гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чунтай ганцаарчлан тулалдлаа ч их л бодоход хүч нь тэнцэх байлаа. Төмөр махбодийн толгойлогч учир битүүлэг өвгөн Жин Кан Лунгийн тухайд гэвэл түүнийг ялна гэдэг тэнгэрт авиран гарахаас ч бэрх мэт байлаа.
Хамгийн аймшигтай нь 5 махбодийн бүлгийнхэн ямар ч дайсантай учирсан хүчээ нэгтгэж ялвал цугтаа ялж ялагдвал хамтдаа гутамшгийг эдэлдэг байв.
Жу Сян Зюнь ихэд сийрэг тархита тул нисэх мэт хурдлан явах зуур дайсныхаа тухай ийн эргэцүүлэн явлаа. Төдөлгүй бүсгүйд 2 янзын бодол орж ирэв.
1. Хулгайг барья хэмээвээс толгойлогчийг нь түрүүнд устга гэдэгчлэн юун түрүүнд Жин Кан Лунг алваас 5 махбодийн хүрээ бутарч бусдыг нь амархан хөнөөж болно.
2. Вангийн хатан шавдал жимсийг идэхдээ юун түрүүнд зөөлнийг нь сонгодог гэдэг шиг эхлээд мод, ус, гал, шороо 4 махбодийн толгойлогчийг устгаад Жин Кан Лун өвгөнийг ганцаардуулж хэн нь хэнийгээ вэ? гэдгээ үзэх гэсэн хэрэг байлаа.
Жу Сян Юунь энэ хоёр бодлын хоёр дахийг сонгож авав. Учир нь гэвэл Жин Кан Лун 4 махбодийн толгойлогчдийн туслалцаагүйгээр ганцаараа тулалдсан ч өөрийг нь амархан дөнгөчих мэт санагдаад байв. Харин бусад 4-ийнх нь тухайд яаж ийж аргалж байгаад дөнгөчихөж болох ажээ.
Харин 4 махбодийн толгойлогчийг устгасны дараа Жин Кан Лунг яаж аргалдаг билээ. Жу Сян Зюнь мөнгөн буурал толгойтой мөрөн голын хааны тухай ийн бодох зуур өөрийн эрхгүй дотор нь жихүүдэс даав. Бүсгүй түүнтэй нилээд удаан амаараа тулалдаад арай гэж нэг муу юм алтан хануур жадыг нь тосч авсан боловч буцаагаад алдчихсан. Харин царай зүс нь ямархуу хүн болохыг мэдэж чадаагүй шүү дээ. Зөвхөн өмссөн гоёмсог хувцас, цал буурал үсийг нь харснаас биш өндөр нам тарган туранхай чухам ямархуу төрийн хүн болох тухай ямар ч төсөөлөлгүй хоцорчээ. Түүнчлэн хануур жад харвах буцаан авах дотоод хүч хосгүй ихтэй болохыг мэдсэнээс бус зэвсгийн эрдмийн нь тухайд тоймлон хэлэх юмгүй билээ.
Энэ хүнийг алж дөнгөнө гэж үү.
<<Санаа бодол сэтгэлээс заяа төөрөг тэнгэрээс гэсэн Жинь Кан Лунгийн үг бүсгүйн чихнээ хангинах шиг болов. Жу Сян Зюнь юуны түрүүнд шороон махбодийнхныг устгахаар шийдэв.>>
Бүсгүй дахин зүсээ хувиргасангүй урьдын адил зүсээ хичнээн хувилгаад ч мөрөн голын сайн эрсийн нүднээс зайлж чадахгүй. Харин ч тэнэг мангуу амьтан шиг харагадана гэдгийг бүсгүй мэдэж байв.
Бүсгүй шороон махбодийн бүлгийнхний хайсан хаана байдгийг мэдэхгүй байв. Харин хайсангийн эзэн Ту Ди Хан болон түүний шавь нар хөдөөх тариачны дүртэй хувцаслацгааж хурц анжсаар завсэглэдгийг мэдэх билээ. Шилийн эрсийн энэ том бүлгийн хайсанг мэдэхгүй хүн лав байхгүй биз гэж бүсгүй бодов. Жу Сян Зюнь их замаас дайжин явсаар нэгэн бага шиг гацаанд хүрч ирэв. Жу Сян Зюний нойр ихэд хүрч гацааны нэгэн хуучин байшинг сонгон очиж хаалгыг нь тогшлоо.
Модон хаалга чахран дуугарч нэгэн эмгэн тосон дэн барин гарч ирээд <<Охин минь хэнтэй уулзах гээв?>> гэв.
<<Эмээ минь энд Ли овогтын гэр байдаг уу?>> гэж Жу Ся Зюнь асуув.
Эмгэн толгой сэгсэрч <<Охин минь чи л лав зам төөрч ирснээс зайлахгүй. Манай тосгонд Дин овогтой хүмүүс суудаг>> гэлээ.
<<Яадаг билээ би ганц бие бүсгүй хүн шөнө явж сураагүй одоо үеэл ах Ли овогтыг хаанаас очиж сурах вэ?>> гэж Жу Сян Зюнь царай барайлган өчив.
Ай охин минь. Ганц бие эмэгтэй хүн энэ хэцүү цагаар шөнө орой яаж явах вэ? Манайд өвгөн бид хоёр л байдаг юм. Охин чи голохгүй бол өнөө шөнө хоноглоод маргааш явахгүй юу гэж эмгэн өгүүлэв.
<<Яасан гялайсан юм бэ? Эмээ минь>> гэж Жу Сян Зюнь яаран өчив.
Эмгэнийх үнэхээр ядуу айл байлаа. Балтгар дээвэртэй улалжин байшингийн дотор нэжгээд сандал ширээ байх нь нэрээс цаашгүй болсон эд байв. Эмгэн ханцуйгаараа яйжгар сандлыг арчиж Жу Сян Зюнийг суулгав.
<<Охин минь өлсөө байлгүй эмээ нь хоол хийж өгье>>
Газар зуух хаалганы архан талд байх агаад эмгэн тогоонд ус дүүргэж хэдэн ширхэг ногоо үйлээ. Мөн хайруулын тавган дээр хоёр ширхэг ноён шишээр хийсэн түүхий бин тавилаа. Тэгээд бөгтгөнөн гал асаав.
Түлээ нойтон бололтой өтгөн хар утаа өрөө дүүрч Жу Сян Зюнь амьсгал авахад хэцүү болов. Дотор өрөөнөөс сөөнгө паргиа хоолойгоор ханиах дуулдах нь өвгөн нь бололтой.
Төдөлгүй эмгэн нэг таваг ногооны шөл 2 ноён шишийн бинтэй авчирч Жу Сян Зюний өмнө тавив. Жу Сян Зюнь хөмсөг зангидан энэхүү бүдүүн бараг хоолыг иднэ гэхээс дотор нь эвгүйрхлээ. Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн хүн алж хүрээ талахын зэрэгцээ алттыг өмсөж амттаныг идэж заншсан тул арга ч үгүй буй за.
Эмгэн ч бүсгүйг нэрэлхэлгүй зооглохыг ятгаж буянтай царайд нь инээмсэглэл тодорно. Жу Сян Зюнь нэгэн бин авч амандаа хүргэх зуур эмгэний нүдэнд баярын оч гялалзахыг үзээд сэтгэлд нь сэжиг төрж бингээ амнаас холдуулав.
<<Охин минь чи Жин Кан Лун сайн эрийн анд нөхөр юм гэж үү?>> гэж эмгэн өөрийн эрхгүй дуу алдав.
<<Таних нь ч муухан танинаа. Харин анд нөхдийн зэрэгт өргөмжлүүлэх заяа хаана байх вэ?>> гэж Жу Сян Зюнь нилээд гайхан өчив.
Эмгэн ухасхийн босч <<Өвгөөн өвгөөн хурдан босоод ирээч манай Дин Зя гацаанд хүндэт зочин морилж ирлээ. Гацааны ахлагчид даруй айлтгая…>> гэв.
Өвгөн шуухинан хувцаслангаа <<Юуных нь хүндэт зочин байдаг юм бэ? Унтуулахаа ч байх нээ зөнөчихөөд>> гэж гүвтнэв.
<<Жин овогт сайн эрийн анд нөхөр эрхэм зочин бус гэж үү. Түргэн босож ирэхгүй эрхэм зочныг чилээвээс Жин овогт сайн эрд хүндэтгэл эс үзүүлсэнтэй адил бусуу…>> гээд эмгэн Жу Сян Зюньд хандаж <<Охин минь улалжин овоохойд хоноглож усан шөл ууж яахин болох аж. Жаахан хүлээх ажаамуу. Гацааны ахлагч таныг дотноор хүлээн авах буй за…>> гэв
Энэ үед өвгөн босон гарч ирэхэд эмгэн дөхөн очиж чихэнд нь ямар нэгэн юм шивэгнэлээ. Өвгөн Жу Сян Зюний зүг нэгэнтээ харснаа яаран бөхөлзөж <<Мунхаг өвгөн эрхэм зочны энд ирснийг мэдсэнгүй өршөөх ажаамуу>> гээд таягаа тулан гадагш зүглэв. Өвгөн эмгэн хоёр эгэл борхон хөдөөний улс боловч Жу Сян Зюнь тэдний үйлдэл бүрийг сэжиглэнгүй ажин суулаа.
Өвгөнийг гарсны дараа эмгэн 77 хэл дэлгэж <<Манай Дин Зя гацааны ойролцоо нэгэн уул байдаг юм. Хэдэн жилийн өмнө тэр ууланд хэсэг аюултай дээрэмчид үүрлэн адуу малыг маань тууж амуу будаа дээрэмдэн амар заяа үзүүлэхийг болив. Хэдэн ч удаа тамгын газар мэдэгдэж албаны цэргийг хоёр удаа томилон ирүүлсэн боловч барилдахаасаа таахалзана гэгчээр олныг хөлдөө чирэхээс цаашгүй байлаа. Өнгөрсөн жил Жинь Кан Лун сайн эр үүгээр өнгөрөхдөө гацааны олны зовлонг сонсож гав ганцаар уулын хайсанд хүрч дээрэмчдийн ахлагчийг алаад хань хамсааг нь үлдэн хөөснөөс хойш бид бүхэн чинь амар жимэр амьдардаг болоод байгаа юм. Өвгөн Жинь өөрөө ач гавъяа ч санасангүй яваад өгсөн. Харин сайн эрийн хань анд нөхөр манай үүгээр ирнэ гэдэг чинь хичнээн сайн хэрэг байх вэ? дээ >> гэнэ.
Энэ зуур модон хаалга нээгдэн өвгөн нэгэн чинээлэг байрын хүнийг дагуулан орж ирлээ. Тэр хүн Жу Сян Зюнийг үзэж нахилзан ёс үйлдээд <<Эрхэм зочин ядуу гацааг гийгүүлэн ирсэнд баярлавч баршгүй эрхэм зочны эрдэнэт бие ядуу овоохойд морилон очих ажаамуу>> гэв.
Жу Сян Зюнь мөнөөх хүнийг хялмахийн харах зуур ямар боловч заль гултан амьтан биш болохыг гадарлаж даруй босож дагалдан гарлаа. Хашаан дотор гацааны 4-5 эрс дэн барин зогсоод өмнө замыг нь гийгүүлэн явлаа.
Гацааны ахлагч бүсгүйг гэртээ авчрав. Тэдний хашаа хороо өвгөний улалжин овоохойтой зйүрлэшгүй ажээ. Улаан вааран дээвэртэй хөх тоосгон байшингийн зочны өрөөнд элбэг дэлбэг архи хоол өрсөн харагдана.Гацааны ахлагч Жу Сян Зюнь бүсгүйн богцноос илдний цацаг цухуйж буйг хараад мөрөн голоор хэрэн хэсэгч хүмүүн болохыг гадарлаж хоёр мөнгөн савх бүсгүйн өмнө тавив. Энэ нь бүсгүйг хүндэтгэсэн санаа байлаа. 1. Хоол унданд хор хийсэн бол мөнгөн савх өнгөө хувиргах, 2. Жу Сян Зюний санааг амраах гэсэн хэрэг байв.
<<Эрхэм зочин тавтай морил>> гээд гацааны ахлагч Жу Сян Зюньд архи хундагалж өөртөө дүүргээд түрүүлж уулаа. Жу Сян Зюнь хэдийгээр мөрөн голын эрээн барааныг нэвт шувт мэдэх боловч өчүүхэн төдий ч ажиг сэжиг олж мэдсэнгүй. Бүсгүйн санаа амарч цадтал ууж идэв. Гацааны ахлагч урьдын адил хүндэтгэл үзүүлсээр түүнийг нэгэн өрөөнд орууллаа.
Тэр шөнө Жу Сян Зюнь яахин санаа амар унтаж чадах билээ. Хувцас хунараа ч тайчсангүй нэгэн түшлэгтэй сандал дээр унтсан болов. Зэвсгийн эрдмээр хичээллэдэг хүн амархан сэргэдэг онцлогтой тул дугхйигээд авахын төдийд л сэтгэл санаа нь сэгхийтэл сэргэдэг байлаа. Мөрнийх нь шарх хөнгөний дээр өөрийн урсгалын нууц жороор үйлдсэн шархны эм түрхсэн тул араг эдгэх тийшээ ханджээ.
Тахиа гурвантаа донгодохын үес Жу Сян Зюнь сандлаас босч хаалга нээн хашаанд гарав. Хашаанд хэд гурван уд бургас модны нялх навчин дээр мөнгөн шүүдэр бөнжигнөнө.
Гацааны ахлагч мөн гарч ирээд <<Эрхэм зочин сайхан амрав уу?>> гэв.
<<Урьд шөнө та бүхэнд ихэд төвөг удлаа. Одоо би явъя даа>> гээд Жу Сян Зюнь толгой дохив.
<<Эрхэм зочин чухал хэрэгтэй болбоос саатуулан үлдээж яахан зориглох вэ? Дараа дахин ирэх буй за>> гэж гацааны ахлагч өгүүлэв.
<<Анд нөхөр хамаатан садан бус атлаа хоол унд архи дарсаар зочлоод явууладг нь ямар учиртай юм бол доо>> гэж Жу Сян Зюнь тэсгэлгүй гайхаж байлаа. Гэвч олон юм бодох цаг бус тул аяны богцоо аваад Дин Зя тосгоноос гарав.
Бүсгүй хаа явахаа ч бодож тогтсонгүй хүн хараас зайдуу энхэл донхол замыг сонгож хөнгөний тамир хэрэглэн нисэх мэт хурдлан одов. Одоо түүний гол зорилго уулын тосгон хээрийн буудал хаа нэгтээ шороон махбодийн бүлгийхний ул мөрийг олох явдал байв.
Их үдийн үед бүсгүй өмнөө анжис үүрсэн нэгэн эр хурдлан явахыг үзэж нүд нь өөрийн эрхгүй гялалзав. Хэдийвээр мань эрийн хөнгөний тамир гоц гойд гэмээргүй боловч энэ эзгүй хээр төдий л олон тохиолдооргүй ажээ. Жу Сян Зюнь нилээд гайхаж хурдаа нэмэн нөгөөх эрийг төдөлгүй гүйцэн очив. Мөнөөх эр огтхон ч ажиг сэжиггүй явах ажээ. Жу Сян Зюнь түүний анжисыг ажиглан харваас тариачдын хэрэглэдэг модон бариултай ердийн төмөр анжис шиг боловч эх бие нь тос түрхсэн мэт гялалзаж зарим талаар нилээд өөр байх ажээ.
<<Ту овогт ахаа!>> гэж Жу Сян Зюнь дуудав. Тариачин эр цочин эргэж хараад мөрөн дээрх анжсаа шувт татн авч өрөн зогсох нь үнэхээр шороон махбодийн бүлгийн хүн бололтой.