|
Нутгаа зорин зугтаж ирсэн бүсгүйчүүд хил нэвтэрч чадахгүй байна
2007.04.9 Sonin.mn Print This Post/Page
Хятад нөхрүүдээсээ зугтсан дөрвөн эмэгтэй, гурван хүүхэдтэйгээ Эрээн хот дахь Монголын Консулын газарт толгой хоргодож байна. Тэдний нэгнийх нь нөхөр араас нь хөөж ирсэн гэнэ.
Энэ мэдээллийн дагуу сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Замын-Үүдийг зорьсон юм. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийнхэн зугтаж ирсэн бүсгүйчүүдийг авахаар хөөцөлдөж байлаа. Гэсэн ч бичиг баримтгүй хүмүүсийг хил давуулах нь тийм ч хялбар ажил биш аж. Тэд Хятадын нутагт “харлаад” 3-7 жил болчихож.
Бүсгүйчүүдтэй уулзахын тулд Эрээн рүү гарахаас өөр аргагүй болов. Цахилгаан тасарсан, Эрээний шалган нэвтрүүлэх боомтын компьютерийн сүлжээ гацсан зэргээс болоод Монголын Консулын газарт хил хаахын өмнөхөн очлоо. Хэд хоногийн өмнө зугтаж ирсэн дөрвөн эмэгтэй дээр Бээжингээс бас нэг охин нэмэгджээ. Тэдний байгаа өрөөнд ороход өрөвдмөөр бас эмгэнэлтэй дүр зураг угтав. Хоёр ортой жижиг өрөөнд найман хүн багтаж ядна. Хятадаар шулганалдах гурван дүрсгүй хүүхэд, гялгар ууттай бэлэн гоймон. Долоон хүний өмч гэх ганц цүнх хувцас. Зугтаж чадсандаа олзуурхах ч, Монголын хилийг давж чадах болов уу, эндээс буцаачих юм биш байгаа гэсэн түгшүүр дунд өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа тэд өгүүлэв.
“Чи чаддаг юм бол яв, Монгол руугаа“
Энэ эмэгтэйг Тц /Тэдний хүсэлтээр нэрийнх нь эхний үсгийг бичлээ/ гэдэг. 30 настай. 1997 онд Улаанбаатарт Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа хийн засварчин Сун Зу Хуй гэдэг хятад эртэй танилцан, хамт амьдарч байгаад, хоёр жилийн дараа хүүхэдтэй болсон аж. Түүнийг хүүхдээ төрүүлэх үед нөхөр нь нутаг буцсан байжээ. Хүүхэдтэй болсноо дуулаад “Та хоёрыгоо нутагтаа авчирна. Энд гурвуулаа хамт амьдрахаар том байшин худалдаж авсан. Та хоёрыгоо сайхан амьдруулна” гэж ярьжээ.
Дараа жил нь тэрбээр урд хөршийг зорьж, Жинин хотоос урд зүгт орших Шан Ду хэмээх хөдөөгийн жижигхэн тосгонд очжээ. Сайхан амлаад байсан нөхөр нь эд хогшил гэх юмгүй жижигхэн шавар тагзанд толгой хоргодож байж. 2001 оны долдугаар сард Хөх хотод очин гэрлэлтээ бүртгүүлсний дараагаас нөхрийнх нь ааш хувирч, Тц-д үе үе гар хүрэх болжээ. Удалгүй тэр нь хэрээс хэтэрч, байнга зодож нүдэх болсон гэнэ. Сун Зу Хуй жижиг трактороор уулнаас чулуу зөөдөг ажилтай. Тэр чулуугаа худалддаг, эсвэл хөлсний ажил хийдгийн алин болохыг Тц сайн мэдэхгүй. Эхнэрээ гэрээсээ гаргахгүй. Гаднаас нь цоожилчихоод өөрөө архи ууж, мөрийтэй тоглоод алга болно. Хүүхдээ ч нүднийхээ харцаар хөдөлгөнө.
Тц-г тэнд байх хугацаанд гадаад паспортынх нь хугацаа дуусчээ. Сунгуулмаар байна гэхээр нөхөр нь “Чи Хятадын харьяат болсон. Одоо чамд Монголын паспорт хэрэггүй. Танай Монгол юу юм бэ” гэх зэргээр загнан, доромжилдог гэнэ. Тц тэднийд гадны хүн шиг л байдаг байж. Тэр тухайгаа “Надтай юу ч дуугардаггүй. Юм ярих гэхээр муухай хараад уурлаж, надаар зогсохгүй Монгол Улсыг маань доромжилдог. Монголд байхдаа надтай монголоор ярьдаг байснаа нутагтаа очоод монголоор ганц ч үг хэлээгүй. Анх танилцахад дуу цөөтэй, дөлгөөн залуу байсан. Гэтэл нутагтаа очоод араатан болсон доо. Нэг удаа охиноо айхтар зодсон. Би хүүхдээ салгаж авах гэж байгаад цонх санамсаргүй хагалчихсан. Тэгсэн чинь намайг багалзуурдаад цонхны хагархай шилээр миний гарыг зүссэн. Ер нь зодохоороо дандаа багалзуурддаг. Тэгсэн хэрнээ хүний нүдэн дээр зоддоггүй. Найз нөхдөө ирэхээр их сайхан зантай, хөл алдан нахилзаад байдаг. Гараад явмагц л нөгөө сайхан ааш нь хаачив гэмээр болдог” гэж ярив.
Тэрбээр харьд байхдаа ах дүүстэйгээ нэг ч удаа утсаар ярьж, захиа бичиж чадаагүй аж. Нөхөр нь сохор зоос ч өгдөггүй байж. Утсаар яримаар байна, захиа явуулъя гэхээр загнаж, зодно. 2005 онд албаар орилж чарлаж, тосгоноор нэг шуугиан дэгдээж байж нөхөртэйгээ Хөх хот явжээ. Тэндхийн Консулд очиход нөхөр нь “Хамаагүй юм битгий яриарай. Би дараа хөөцөлдөж байгаад бичиг баримтыг чинь зөрчилгүй болгож өгье. Одоо миний мөнгө дууслаа. Мөнгөө хурааж байгаад намраас болъё. Тосгондоо очоод чамайг Монгол руу утсаар яриулна” хэмээн өвдөг сөгдөх шахам, уйлж дуулахын наагуур аргаджээ. Түүнд нь итгээд Консулд үнэн учраа хэлэлгүй өнгөрч.
Гэтэл зальтай нөхөр нь хэлсэндээ хүрсэнгүй. Нутагтаа буцаж очоод “Мөнгө дэмий үрлээ. Би чамайг тэжээж байгаа шүү. Чаддаг юм бол Монгол руугаа яв. Чамд нэг ч мо хялайлгахгүй. Хүүхдийг минь орхиод яваарай” хэмээн агсарч, зоджээ. Түүнээс хойш юм л бол хөөж туудаг болсон гэнэ. Тэгэхээр нь “Би явъя. Чи замын зардал өг” гэхээр юу ч өгдөггүй аж.
“Харийн хүн дагаж явахаар ээжийнхээ толгойг түшихгүй яав даа“
Түүнийг хаана юу хийж явааг ах дүү нар нь мэдэхгүй. Өндөр настай ээж, ганц эрэгтэй дүү нь Өвөрхангайд байх учиртай юм гэсэн. Тэрбээр Эрээний захад жимс зардаг байж. Тэгж яваад жимсний наймаачин Зо Ши хэмээх хүнтэй танилцжээ. Нөхөр нь 47 настай. Харин Ц 37-той. Тэр Зо Шитэй гэрлэхдээ хоёр настай охинтой байжээ. Тэд дөрвөн сарын дараа Хөх хотод очиж гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэхдээ тэдний гэрлэлт хуурамч бололтой.
Хятад улс гэр бүл бологсдоос төрөл бүрийн нарийн шинжилгээ авдаг. Гэтэл тэднээс ямар ч шинжилгээ аваагүй. Гэрлэлтийн баталгаан дээр хурууны хээ ч даруулаагүй аж. Нөхөр нь хүнд багагүй мөнгө өгч, гэр бүлээ батлуулсныг тэрбээр сүүлд мэджээ.
Зо Ши түүнийг төрсөн нутагтаа аваачив. Ц тэнд очоод нөхрөө бас л нэг шавар тагзанд амьдардаг, мэргэжил боловсролгүй, хар ажилчин гэдгийг мэдэж. Харин нөхрийнх нь ах дүү нар хотод ажилладаг, тэр тосгонд ногооны газартай аж. Зо Ши тэднийхээ ногооны газар дээр ажиллаад өвөл өөр ажил хийдэг байж.
Ц-г гэртээ аваачсан жилийнхээ өвөл Бээжингээс цааш тэнгисийн эрэг дээрх нэгэн тосгонд гагнуурчнаар ажиллахдаа дагуулж явжээ. Тэнд очоод Ц-г нэг шавар амбаарт хорьж орхиод, өдөрт ганц удаа хооллоно. Тэр нь хүн идэх аргагүй байсан тул Ц дургүйцэж. Нөхөр нь түүнд өдөрт таван мо өгөх болжээ. Түүгээр Ц өдөрт 2-3 бууз авч идээд /нэг бууз нэг мо/, үлдсэн мөнгөө цуглуулна. Тэгсээр 100 мо-той болжээ. Нэг өдөр гадуур гарах боломж олдохоор нь шил шаазан эдлэлийн дэлгүүрт орж, аяга авсан гэнэ. Тэр тухайгаа Ц “Нөхрийнхөө зовж олсон мөнгийг үрээд яахав.
Гэртээ ганц ч болов юм авъя гэж бодсон. Дараа нь мөнгөө бас л бага багаар хурааж, дахиад л аяга шаазан авсан. Гэтэл Бээжингээс буцах болтол нөхөр тэр аяга тавгийг хая гэсэн. Тэнд байхдаа би жирэмсэн болсон. Нэг удаа угаасан хувцсаа өлгөх гэтэл хэцэнд гар хүрэхгүй үсэрч байгаад зулбачихсан. Тэгэхэд их мөнгө зарцуулна гээд намайг эмнэлэгт үзүүлээгүй. Нөхрөө дуудуулахад ажлаасаа чөлөө авбал зоос алдана гээд ирээгүй. Түүнээс хойш миний бие байнга өвддөг болсон. Нөхөр маань надтай ерөөсөө юм ярьдаггүй. Гэрээс ч гаргадаггүй болохоор тэнд гурван жил болохдоо би хятадаар олигтой ярьж сураагүй. Зовлонгоо дотроо хадгалсаар ирсэн дээ” гэсэн юм.
Тэднийг Бээжингээс Маниба тосгондоо буцаж очиход охин нь ээжийгээ таниагүй гэнэ. Эзгүй хойгуур хадам ээж нь хүүгийнхээ дагавар охиныг ад үзэж, шоовдорлодог байсан бололтой. Охиныг нь зодоод пийшин рүү түлхсэнээс болж түлэгдсэн байж. Түлэгдсэн газарт нь бор сорви үлдсэн байв.
Сая гэрээсээ зугтахын өмнөх өдөр хойд эцэг нь дагавар охин Б рүүгээ буцалсан ус цацаад гарыг нь түлжээ. Оргож явах замд түлэгдсэн гар нь үрэвсэн, охин уйлж, халууран их л зовж байж хол замыг туулж Эрээнд ирсэн гэнэ. Одоо ч сайн эдгээгүй, тос түрхэн боосон байлаа.
Ээж нь “Муу охиныг минь хүн бүр илүү үздэг байсан. Нөхөр надад хааяа ганц ширхэг гадил жимс авчирч өгөхөөр түүнийг нь охиндоо өгнө. Тэгэхээр “Чиний охинд авчраагүй. Өөрөө ид” гэж загнадаг. Би нөхөртэйгээ ногооны талбайд ажилладаг байсан. Миний цалинг эзнээс авчихаад надад мөнгө хялайлгахгүй. Гуйж, царайчилж байж арайхийж хэдхэн зоос авдаг” гэж ярив. Тэрбээр “Би ийм амьдралаасаа зугтсан. Охиноо өөр шигээ болгомооргүй байна. Ээждээ хятад хүнтэй суулаа гэж хэлээгүй. Одоо 90 настай байх ёстой. Уулзаагүй гурван жил боллоо. Түүнээс хойш хэл ам авалцаж чадаагүй болохоор амьд байгаа гэх найдлага бага л байна. Өөд болсон биз дээ. Ганц эрэгтэй дүү бий. Тэр минь л ээжийг асарч үлдсэн” гээд хоолой нь зангирав.
“Харийн хүн даган сайхан амьдрал хайж явахаар ээжийнхээ толгойг түших минь яав. Зовж, өлсөж байж цуглуулсан зоосоороо аяга шаазан авахын оронд ээжтэйгээ утсаар ярих минь яав даа” хэмээн халаглан, өөрийгөө зэмлэж суусан.
Охиныг нь хүнд худалдчихжээ
Харийн нутагт дарлуулаад зогсохгүй, ханилсан хань нь охиныг нь хүнд худалдахыг харж, ер нь л юм юм үзэж яваа энэ эмэгтэйг О гэдэг. Одоо 38 настай. Тэрбээр “Монгол керамик” хэмээх тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа 1998 онд Хо Зай Күтэй танилцжээ. Хоёр жилийн дараа охин А-гаа төрүүлээд удалгүй Хятадад иржээ. Тэр уг нь гурван охинтой. Хоёр том нь монгол хүний хүүхэд. Гэхдээ өөр өөр эцгийнх. Бага нь эрлийз. Хятад руу ууганыгаа бага охинтойгоо дагуулж очсон аж. Хоёр дахь охиныг аав нь аваад Монголд хоцорчоо. Хоёр ч монгол залуутай гэрлэж, үр хүүхдийг нь төрүүлсэн ч амьдрал нь болж бүтээгүй болохоор харийн хүн арай өөр байх гэж найдаад Хо Зай Күтэй ханилсан гэнэ. Гэсэн ч тэр нь бас л бүтэлгүйтэв. О тэр тухай ярихдаа “Бүсгүй хүний зовлон дуусахгүй юм даа” гээд шүүрс алдлаа.
Тэрбээр хятад хүнтэй гэрлээд Ятифо гэдэг тосгонд амьдрах болжээ. Жилийн дараа ганц зоосноос болж нөхөр нь түүнд гар хүрчээ. О-г зээл явахад хөрш эмэгтэй түүнд мөнгө өгч, цамц захисан гэнэ. Ирээд хариулт мөнгийг нь өгөх гэж байтал нөхөр нь олж хараад “Миний мөнгийг хулгайлсан байна” хэмээн уурсчээ.
Дагавар охин Н-ыг нэгдүгээр ангид байхад хойд эцэг нь сургуулиас гаргачихаж. Харин төрсөн охин А-гаа сургуульд оруулсан байна. Н охин үеийнхэнтэйгээ тоглож наадсаар хятад хэл сурчээ. Гэхдээ бичиж чадахгүй. Харин мессеж бичиж сурчээ. Хо Зай Кү дагавар охин Н-ийгээ айлгаж дарамталсаар нүднийхээ харцаар хөдөлгөх болсон гэнэ. Юм л бол түүнийг дарамтална. Охиноо өмөөрөх гэвэл хамтад нь зодно. Охин ээжийгээ зодуулахгүй гэсэндээ хойд эцэг нь түүнийг яаж ч байсан ээжээсээ нуугаад хэлдэггүй байсныг О ярилаа. “Зодохдоо заавал толгой руу нь цохидог.
Нүдийг чинь сохолно, хөлийг чинь хугална гээд дайраад байдаг юм. Ийм дарамтаас болоод охин надтай хамаагүй юм ярьдаггүй. Аавтайгаа л ярина. Нөхөр тэгж бай гэж охинд хэлсэн байх. Том охиныг минь юу гэж загнасан, зодсоныг бага охиноосоо л сонсдог. Жилийн өмнө миний төрсөн эгч ирээд буцсан. Тэр үед би нууж байж цуглуулсан 500 юаниа түүнд өгсөн. Тэрийг мэдчихээд намайг хэвтэрт ортол зодсон” хэмээв.
Том охин Н нь одоо 17 настай. Тосгоныхоо нэг хятад залуутай үерхдэг байсан ч хойд эцэг нь түүнийг холын хамаатандаа 200 мянга гаруй юаниар худалдчихжээ. Энэ оны хоёрдугаар сарын 8-нд хуримыг нь хийлгэсэн байна. Нөхөр нь эхнэртээ охиныг нь ямар хүнтэй гэрлүүлж байгаа, хэзээ хурим хийх, оронд нь хэдэн юань авч байгаагаа огт хэлээгүй. Бүр хуримын өдөр хүртэл шүү. Охин нь л хойд эцгийнхээ нүдийг хариулан байж ээждээ юу болоод байгааг там тум хэлдэг байж. “Ядаж хуримын өдөр нь хэлэх байлгүй гээд хүлээсэн ч хэлээгүй. Нөхрөөсөө энэ тухай асуух гэтэл охин хориод байсан.
Өрөө дарахын тулд охиныг минь худалдсан юм билээ. Тэр тухай сүүлд нь тосгоны хүмүүсээс дуулсан. Хуримын өмнөхөн хэсэг монгол хүнтэй уулзаад ирье гэтэл явуулаагүй. Тэгэхээр нь би охиноо дагуулаад явчихсан юм. Нэг хоноод очтол үгийн зөрүүгүй охиныг минь нөхрийнх нь нүдэн дээр шууд зодсон. Тэгээд нөхөрт нь өгөөд хөөгөөд явуулсан. Түүнээс хойш охинтойгоо холбоо барьж чадаагүй. Би уг нь охиноо тэр хүнтэй суулгах дургүй байсан л даа. Тэглээ гээд яаж ч чадаагүй. Охин минь хойд эцэг хэцүү юм. Би эндээс явмаар байна. Эндээс явж л байвал хамаагүй. Та тэвчээрэй гээд байдаг байсан” хэмээн ярихдаа их л цөхөрсөн байдалтай харагдлаа.
Одоо охиноо хятадуудаас салгаж авахыг хүсч байгаа аж. Монголд очвол дунд охиныхоо эцгийг гуйж охиныхоо араас явуулбал яах бол хэмээн янз бүрийн л юм бодож, төлөвлөж суугаа гэнэ. Гэхдээ тэр өөрөө ч Монголдоо буцаж ирж чадах эсэх нь эргэлзээтэй.
Тэрбээр “Би яах гэж охиноо дагуулж Хятад руу явав. Охин үрээ юунд хойд эцгийн гар харуулав. Ер нь би яах гэж хятад хүнтэй гэрлэв ээ” хэмээн өөрийгөө зүхэж байв. Би түүнийг уйлчих вий дээ хэмээн битүүхэндээ эмээсэн ч нулимсаа дотогш нь залгив бололтой. Амьдрал түүнийг дэндүү нухалжээ.
Үргэлжлэл бий.
Х.БОЛОРМАА (Өнөөдөр сонин)
|