#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 7:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 
Author Message
 Post subject: Memento
PostPosted: Apr.11.18 9:46 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Салхинд туугдах үүлсийг дээш өлийн, нүдээ онийлгон харах ахуйд үзэсгэлэн гоо нь гайхшрал төрүүлэхийн зэрэгцээ үлэмж хөнгөн байдал нь бишрүүлнэ. Хаанаас эхлээд хаа хүртэл ийн туугдаж явааг нь үл мэдэх ч хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрээд бороо болон газарт бууж ирнэ гэдэгт нь гүнээ итгэнэ. Үүл болоод салхи болон хослох нь нэгэн жаргал гэлтэй. Гэвч... бороо болон буухын цагт бодол биенээс салан одох шиг, гашуун байх албагүй нэгээхэн хагацал тохиох нь юутай уйтай. Дахин уулзахгүйгээ мэдэх ч салахаас өөр замгүй хувь тавилан салхи, үүл хоёрыг үүрд нөмөрсөн нь тун ч харамсалтай. Гэхдээ... хамтдаа хөх манхан тэнгэрийг эзэгнэн, хэрэн хэсэж байсан үеийн аз жаргалын дэргэд салалтын зовлон өчүүхэн тул тэгтэл харамсах хэрэггүй. Салхи салхилдаг, үүл туугддаг. Энэ бодит үнэнийг өөрчлөх хүчин байхгүй юм болохоор салхи салхилсаар, үүл туугдсаар дуусах биз ээ...

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.12.18 6:13 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
1.


Амьдрал яагаад намайг юу ч бодохгүй үед усны урсгал шиг тайван, дөлгөөн хөвөрч байснаа санаж сэрэх гэдгээ ажиллуулаад эхлэхээр хамаг байдгаараа өөдөөс арзайгаад босоод ирдэг юм бол?
Энэ тухайд өнөөдөржин бодол боллоо. Хаврын нэг өдөр гэдгээ гайхуулан хуйсганах тэнгэрийн байдал миний бодол доторх ертөнцийн цаг агаар хоёр яг ижил. Өчнөөн жил үр бүтээлтэй ч юм шиг, үр бүтээлгүй ч юм шиг өнгөрөөж сууснаа гэнэтхэн шинэ зүйл сураагүй удсандаа маш ихээр бачимдаж буйгаа ойлгосон. Ойлгонгуутаа явах улс, сургуулиа сонгоод, зоригтойгоор мэргэжлээ тэс хөндлөн болгож солихоор шийдчихсэн хойно сурахаар шийдэхээс өмнө хүсэж байсан ажлын санал ирэхээр би яах юм? Өмнө нь тэр санал ирж байх нь ч яасан юм.
Хүн ерөөс хүссэн нь биелэхийн цагт хүслийн хязгаар нь өөрчлөгдөж байдаг давруу амьтан. Гэхдээ надад тэгж даварч байсан удаа үгүй. Дуртай ажлаа хийнгээ ходоодны хоолоо цуглуулах ёстой гэсэн бодлоороо дуртай ажлаа өөрийн хүслээр, сул чөлөөтэй хийж ирсэн. Магадгүй чадварт багадсан ажил удаан хийгээд залхсан эсвэл уйдсандаа мэргэжлээ солин барин өөрийхөө хувьд шинэ байж чадах ертөнцөд хөл тавихыг хүссэн байж болох юм.
Бүр анхнаасаа л философи хөөсөн бол өдийд хаана, юу хийж байх байсан бол? МУИС-д өрнийн философийн үзэл баримтлал гэдэг хичээл заагаад үрчгэр брюктэй ч индүүдлэг ханхалсан цамцтай зогсож байх байсан болов уу, үгүй бол Европын аль нэг улсад Монголын зүйр цэцэн үгийн философи гэдэг хичээл ороод улсаа, найз нөхдөө санагалзан суух байсан болов уу? Аль нь ч бай миний дуртай амьдрал байх байсан.
Харамсалтай нь би боловсролын тогтолцоо хамгийн бурангуй байсан үеийн бүтээгдэхүүн учраас хар нялхаасаа хайрласан философио хөөж чадаагүй. Учир нь би "гайгүй толгойтойнууд нь байгалийн ухаан хөөж инженер, физикч, эмч болдог, гамшиг толгойтууд нь нийгмийн ухаан хөөж түүхийн багш, философич, цаг уурч болдог байсан утгагүй завсрын нийгмийн золиосонд хүсэл мөрөөдлөө алдсан хүн. "Гавал" толгойныхоо буянаар сонирхох байтугай бодож ч үзээгүй байсан мэргэжил сонгочихсон. Үүндээ харамсдаггүй, гэхдээ баярладаггүй. Хэрэв тэгэхэд хэн нэгэн "чиний дуртай зүйл хамгийн чухал" гээд хэлчихсэн байсан бол өдийд...
Өдийг хүртэл хэнээс ч дутахааргүй амьдралаар замнаж яваа ч гэлээ холын холд, тэртээгийн тэртээд хайрт философи минь чаргууцалдсаар явааг ойлгож, ухаарсан мөчөөс эхлээд байж суухын аргагүй болоод ямар сайндаа гэнэтхэн мэргэжлээ солих шийдвэр гаргачихаад мэлэрч суух вэ дээ.
Өнгөрснийг ямар өөрчилж болох ч биш, тэр үед би философи хөөгөөгүй гээд одоо уйлан донгодоод байх хэрэг алга. Харин одоод ирээдүйг өөрчлөх боломж бий. Ирээдүйгээ одоод өөрчлөх гэтэл өнгөрсөнд хүсэж байсан ажлын санал ирэх нь яалт ч үгүй өнөө амьдрал өөдөөс өрвөгөнөж буй хэрэг мөн буй заа. Өнгөрснийг одоо болгож ирээдүйгээ бүтээх үү, одоог хэвээр үлдээж ирээдүйг хүлээх үү гэдэг шийдвэрийн өмнө миний мөхөс толгой ямар ч ажиллагаагүй болоод таг гацаж орхилоо. Яах ёстой юм бол?

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.14.18 5:16 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
2.


Би үргэлж өөрийгөө өөрчлөгдөхгүй гэж боддог байлаа, өөрчлөгдөөгүй гэж бодсоор ирсэн. Гэтэл өөрчлөгдсөн юм шиг байх юм. Олон жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтрээ сөхтөл тэндээс танихад хэцүү Үүл өндийн босч ирж байх юм. Би өнгөрсөнд ийм байсан гэж үү? Эдгээрийг бичин үлдээж, хуудсуудыг халтайлган элээсэн хүн үнэхээр би гэж үү? Надад ийм юмс бодож, эргэцүүлэн суусан цаг үе үнэхээр бий гэж үү?
Эдгээр асуултуудад тоймтой хариулт үнэндээ олдсонгүй. Өөрийгөө өөрчлөгдөхгүй гэж бодсон авч, өөрчлөгдчихөж. Өөрийгөө өнгөрсөнтэй зэрэгцүүлэн тавьж, харьцуулан үзэхээс нааш өөрчлөгдсөнөө мэддэггүй юм байна. Хэдийгээр танигдахгүй болтлоо өөрчлөгдчихөөгүй, ерөнхий рам байгаа ч гэлээ түүнд өрж тавьсан "сувенир" бүрт өөрчлөлт оржээ.
Хүмүүс хэрхэн өөрчлөгдөж эхэлдэг юм бол? Нас, ажил мэргэжил, найз нөхдийн хүрээлэл, хийж буй бүхэн хүний амьдрал өөрийн гэсэн хэв маяг өнгө төрхөө олоход нөлөөлж байдаг бололтой.
10 жилийн өмнөх би яг би мөн боловч, яав ч би бас биш юм. Ижил нэр, царай зүстэй, ижил зүйлд дуртай мөртлөө яав ч би лав биш. Хэзээ хамгийн сүүлд тийм "гал" байснаа би л хувьдаа санахгүй байна. Ямар ч уран цэцэн үгтэй байсан юм, хаанаас нь ч тийм их зориг гардаг байсан юм бүү мэд. Тэр үед олон хүн надад дурлаад, одоо хэн ч дурлахгүй байгаад гайхах юм огтхон ч алга.
Хэн байснаа санахаа байснаас болоод хэн байснаа мартаж орхиж. Хэн байснаа эргэн хараад хэн болчихоод байгаагаа мэдэрлээ. Өмнө нь бадамлан ассан бамбар байсан бол одоо удахгүй унтрах гэж буй өчүүхэн цучил болон хувирчээ.
Тэртээ үеийн намайг хамгийн сайн мэддэг хүн рүү залгаж эсвэл мэссэж бичээд би ямар байсан бэ? их өөрчлөгдсөн үү?" гээд асуучихъя гэтэл дугаарыг нь ч мэдэхгүй байх юм. Тэр хүн бас л миний өнгөрсөнтэй хамт, өөрчлөлтийн минь нэг болон бүдгэрэн алга болсон бололтой.
Он цагийн үрчлээтсэн гар намайн илбэн байгааг өчигдөр л дөнгөж олж мэдлээ. Дахиад 10 жилий дараа юу болсон байх бол гэж гайхшрал төрөхийн зэрэгцээ өнөө муу цучил болсон Үүл унтрах гээд цог болж орхисон байвал яана гэсэн айдас давхар нөмөрмүү.
Ай хөөрхий, цаг хугацаа чи юунд юм бүхнийг ингэж сүүдэрлэнэ вэ? Чиний сүүдрээс зугтааж чадах нэгээхэн үгүй гэдгийг хамаг сайнаар мэдэж байгаа ч дахин дахин оролдоно гэдгээ бүр илүү сайн мэдэж байна.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.18.18 5:27 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
3.


Хайрын тухай нилээд эргэцүүлэн бодлоо. Яг юуг хайр гээд байгаа юм? Аль нь шохоорхол, аль нь дурлал, аль нь хайр юм? Эдгээрийн хооронд ялгаа үүсгээд байгаа торгон ирмэг нь юу юм? Шохоорхол төдий байсан гэж боддог тэр үе чинь туршлага ихээхэн суусны дараа хайр байсан мэт сэтгэгдэл төрж байсан удаа бий юу? Түүнд би дурлачихсан гэж итгэхдээ хажуудаа байсан нэгэнд хайртай байснаа анзаараагүй өнгөрүүлсэн түүх бий юу? Надад лав байгаа.
Эх нь үрээ хайрлах хайрыг ойлгомжтой гээд орхиё. Миний хувьд сонирхлыг минь татаад байгаа хайр бол өөр газарт төрж өсөөд, өөр өөр хүмүүс болон хүмүүжсэнийхээ дараа "гэнэтхэн" бие биенээ хайрлах тэр хайр юм. Өөрт чинь хамгийн төгс хайрыг өгдөг ээжтэйгээ хамт амьдрахад л хэцүү асуудал өчнөөнөөрөө гардаг биз дээ? Тэгвэл яаж "огт танихгүй" хүнийг хайрлаад, түүнтэйгээ хамт амьдрах юм? Өөрийнхөө дотор бүрэлдүүлээд, тээж төрүүлээд, анхны алхмыг чинь харж, эхний үгийг чинь сонсоод, энгэрээсээ өчүүхэн ч салгалгүй өсгөсөн, бараг чамаас хэддэх өдөр, хэдэн грамм баас гардгийг нэгд нэгэнгүй мэддэг эхтэйгээ санал зөрөлдөх тохиолдол гардаг байхад уржигдар танилцсан "хайрт"-тайгаа зөрөлдөх бол энүүхэнд биз. Ингээд бодохоор бид яг хэн нэгэнд хайртай болдог ч юмуу, үгүй ч юмуу... Бидний тэдгээр хүмүүст өгсөн зүйл яг хайр мөн ч юмуу, үгүй ч юмуу... Шунасан сэтгэлээр босгосон ханаа "хайр" гэж нэрлээд байгаа ч юм шиг.

Хамгийн сүүлийн байдлаар би нэг эмэгтэйд "хайртай" л даа. Гэхдээ энэ хайр мөн бишийг мэдэхгүй юм. Хэрэв мөн бол үүнийг "хүлээлтийн хайр" гэж нэрлэх байсан би. Найзуудын шинэ жил хэтэрч үргэлжилсний хар гайгаар өнөө айхтар "клаб" гэдэг юманд чинь ороод, учраа олохгүй цочирдчихсон явахдаа түүнийг харж билээ. Анхны харцаар дурлах гэх мэтэд "хннн, мөн ярив аа" гэсэн хариу өгдөг байсан хүн өөрөө тэр асуудлыхаа боол болчих нь тэр ээ. Тухайн үедээ текэн дээр хэдэн үг сольсон санагдана. Тэрнээс хойш одоо 16 сар өнгөрөөд буй, би түүнтэй дахиж 1 ч удаа уулзаагүй. Маргааш нь дугаарыг нь олж зурвас шидээд хариуг нь хүлээж лав секунд тутамд утсаа шалгасаар орой нь ФБ-д нэмэх урилга хүлээж авч байсан. Бид 2 юм ярьдаггүй л дээ. Энэ хугацаанд над руу ганцхан удаа ээж нь хүнд өвдсөн тухайд хэдхэн зурвас л шидсэн. Гэхдээ л зарим нэг хүний зэрэглээн хайраас хамаагүй барьцтай. Ядаж л би ФБ-д найз, бас "хайртай" гэдгээ хэлээд өөр хэн нэгэнд "хайртай" болох хүртлээ чимээгүйхэн хүлээнэ, "хүлээхээ больсон" гэж хэлээгүй л бол хүлээж л байгаа гэсэн үг шүү гэдгээ мэдэгдчихээд хүлээж суугаа хүн. Яагаад хүлээж байгаа юм гэж үү? Учир нь тэр найз хүүхэнтэй. Гэсэн ч би түүнд хайртай, хэрэв хайр мөн бол шүү дээ. Заримдаа залхаад гялс өөр хүнд хайртай болох юмсан гэж бодох ч тийм хүн алга байгаа болохоор түүнд хайртай байдлаа хадгалсаар л... :xi: :xi: :xi:

Тэгээд бодоод л байлаа, бодоод л байлаа. Энэ яг хайр мөн юм уу? Өөрөөсөө болж алдсан тэр нэг хүн, энэ алдсан хүндээ хайртай гэж шаналж байх үед дэргэдүүр хийсч өнгөрөөд алдагдсан хайр 2 бас яг хайр мөн байсан уу? Аль нь хайр, аль нь биш юм бол? Эсвэл угаасаа бүгд хайр биш, би үзэж амжаагүй байгаа юм болов уу? Эсвэл бүр бүгд хайр байсан юм болов уу? Үгүй бол хайр гэж байдаггүй ч юмуу?
Яаж "танихгүй" хүнийг хайрлах юм бэ, тийм биз дээ? Гэхдээ л хайр яг ирдэг үү? Ирдэг юм бол хайр гэж яг юу юм бэ?

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: May.26.18 12:53 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
4.


Бөгс өндийж, толгой өөд татах битгий хэл шүлсээ залгих, шингэнээ гадагшлуулах завгүй өдрүүд урсав. Энэ өдрүүдийг давж гарсандаа итгэхэд бараг бэрх шахам байна. Барын сүүл явахараа батганы толгой яв аа гэж. Батганы толгой болох чинь яасан ч хэцүү ажил вэ дээ. Ядаж явахад Монголын төрийн байгууллагуудын хүнд суртал улам нэрмэнэ. Зүгээр л нэг үйлчилгээний байгууллага гэдгээ хэзээ ойлгох хүмүүс юм бүү мэд. Хэзээ ч дахин хэрэглэхгүй, онцын шаардлагагүй, архивт ороод салхи орохгүйгээр таг мартагдах хэдэн цаасыг алба мэт нэхэх нь заримдаа надад ард иргэд, албан байгууллагуудыг "чирэгдүүлж" таашаал авдаг гэж бодоход хүргэх юм. Төрийн албаны дарамтнаас арайхийж гараад "одоо л нэг юм" гээд амисгаа авахын даваан дээр банкнуудын дарамт эхлэх нь тэр... Ингэж үйл ажиллагаа эрхлэхгүй ээ, эрхэм хүндэт банкууд аа!!! Хүний мөнгө гуйн барин үрчгэр царай гаргаж авчихаад эргүүлээд бөөн бичиг цаас, очер, тав тухгүй салбаруудаар хариу барихгүй ээ!!! Харицмараа аяддаг банкуудаас 1 нь нэг салбараа бизнес салбар болгон өөрчилсөнтэй таарч, тэнд нь VIP болсноор энэ аймшигтай асуудлаас ангижирлаа. ВИП үйлчлүүлэгч л биш бол фүүү Монголд банкаар үйлчлүүлнэ гэж үлгэр юм байна. Энд тэндхийн банкаар орвол сонин содон шийдэл бүхий хувцаснаас гадна маш өвөрмөц үнэр үнэртэхийг нь яана. Гадуур дотуур гарахдаа ганц усанд орчихдоггүй хүмүүс үү, дэндүү юм...

Үнэндээ Монголд ажил эхлүүлэх гэж буй хүмүүс нэг бол тэнэг, нэг бол мангасын их зоригтой хүмүүс байдаг бололтой. Миний зориг бараг эхний 3 шатаа даваад шавхагдах тийшээ хандаж байна. Дуусахаас нь өмнө бүх зүйл цэгцэрнэ гэж найдахаас.

Оволзож байсан ажлууд цэгцрээд гэнэт завтай болчихсон чинь бараг цочирдож байна шүү. Найзуудтай цаг болзож тоглохоор болов. Сүлийн 1 сарын туршид анх удаагаа тохиож буй proper амралтын өдрөө юу ч бодолгүй өнгөрөөе гээд... Орой нь хүндэт ах ирж авьяас аа гайхуулахын зэрэгцээ бядны хэдэн нөхдийг хэмх шулах юм гэсэн. :hihi: Хэмх шулуулаад явах байлгүй.

Цаашид асуудлууд хэрхэн эргэхийг мэдэж байгаа юм алга. 06.20-ны ажиллагаа амжилттай болоод өнгөрсний дараа нэг том амисгаа аваад, аялалын ядаргаагаа гаргаж бүтэн 7 хоног гэртээ хэвтэнэ дээ гэж бодоод л хичээгээд байхаас. Монголын хөрөнгө оруулагч нарыг ивээж болох бүх юм ивээг ээ.

Шигтгээ бодол: Би хүмүүсийн нүдийг харах их дуртай. Том, жижиг, давхраатай, давхраагүй, цэнхэр, хар хүрэн болохоор нь биш тэр хүний сэтгэл мэдрэмжийг тэр чигт нь буулгадаг толь гэдэг утгаар нь харах дуртай. Хүн үйл хөдлөл, нүүрний хувирал, үг яриагаарааа үнэн сэтгэлээ нууж чаддаг юмаа гэхэд хүүхэн харааны өөрчлөлтөө нуух өчүүхэн ч боломжгүй болохоор чин үнэнийг зөвхөн нүд л хэлдэг байх.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Jun.16.18 12:11 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
5. Үнэр

Үнэрт нь бүр мансуурч орхих юм. Үнэрээрээ дамжуулаад зүрх сэтгэлийг минь урж тасдаж байна. Ийм юм хүлээгээгүй, хүсээгүй. Анхнаасаа бүр таалагддаг ч үгүй байсан, хэзээнээс ийм юм болж орхив? Тэр үнэрт их юм байна. Шатаар 3-хан гишгүүр алхсны дараа ханхийдэг тэр үнэр. Бусад бүх зүйлсийг, хямдхан нялуун усыг хүртэл давж үнэртдэг тэр үнэр. Мансуурч байна... Дээш хөвөн үүлэнд тулаад тэндээсээ асар хүчтэй доош унах шиг догдлуулан, намайг өөртөө уусган сорж байна. Би өөрөө ингэхийг нь зөвшөөрөх хамгаас хачин. 3 жил бүгдийг үзэн ядаж явсан биш билүү? Татагдах совин минь тэр чигээрээ үгүй болоод, бодохын төдийд дотор муухайрч бөөлжис цутгадаг байсан биш билүү? Тэр сэтгэл, мэдрэмж одоо хаана байна? Ор үндэсгүйрэн алга болсон үзэн ядалтын хойноос харамсах шалтаг байхгүй ч айж байна. Байж болохгүй зүйл. Миний хөлд гишгэгдэхэд хэтэрхий хол, хэтэрхий өөр, хамгийн гол нь хэтэрхий хайран байна. Өсөж том болоод аз жаргалтайгаар өөрт ноогдсон нэгэнтэй харилцан дурлалцаж, халуун ам бүл үүсгэн амьдраасай гэж хүсэх. Над шиг юманд гишгүүлэхэд хэтэрхий хайран байна. Гэр бүлийн үнэ цэнэд итгэдэггүй, гэр бүлийг үгүйсгэдэг нэгний гарт үрэгдэхэд хэтэрхий хайран байна. Гэмгүй инээмсэглэлийг нь гунигаар будаад, хааяа нэг гаргадаг дүнсгэр царай нь нүүрэнд нь үүрд тогтсон, хүйтэн нэгэн болгохоос айж байна. Шунал, хүсэлд минь золиослогдоход тэр хэтэрхий хайран байна. Гэвч тэр үнэр... Би мансуурч байна. Ухаантай нэгэнсэн, гэхдээ одоо лав биш. Хайран санагдах ч базахыг хүснэм. Энэ мөчид Starfish хамтлагийн дууны мөрүүд сэтгэлд зурсхийв. -Тэр сарнайг базаж чадахгүйдээ... гэдэг мөрүүд. Тэр сарнай юм. Хиргүй тунгалаг дэлбээг нь хорт амисгаагаараа бузартуулахыг хүсэхгүй байна. Гэвч тэр үнэр... Галзуурах шахсандаа гарц олж харахаа байсан өөрийгөө хүчээр тогтоон барьж байгаа ч өдөр шөнөгүй тэр үнэрийг хүсэх сэтгэлээ дарах чадал даанч алга. Ерөөсөө тэр үнэрийг л үнэртэж байх юм бол би үхэж байхдаа ч жаргалтай байж чадах мэт. Солиорлын утаан хөшиг ухамсрыг минь далдлан амьтан шинж давамгайлахад ойрхон байна. Үнэрээс нь тархиныхаа эд эсүүдийг салгаж чадахгүй байх тэр мансуурал дунд нүд минь ганц л газар гацаж орхидог. Хөмсөгнийх нь урд хэсгийн 0,8 см, харахгүй байж чаддаггүй. Яг тэр хэсэгт үнсэх юмсан. Өөртөө тийм боломж олгохыг хүсэхгүй байна. Тийм боломжийн дараа би зогсож чадахаасаа нэгэнт өнгөрнө гэдгээ мэдэж байна. Тэгээд гишгэчиж орхисныхоо дараа харуусалдаа хүлэгдэн бачимдах биз. Гуйя, намайг түүнээс хол байлгаж аль. Хүсэл, ухаан хоёрын тулааны талбарт сэтгэл хөндүүр оргино. Хэзээ мөдгүй өөртөө тавьсан хязгаарлалт минь сэт үсрэх гээд байна. Зэрэгцэн хэвтээд хөгжмийн намуухан аялгуун дор урьд сонсож дуулсан сонирхолтой түүхүүдээ ярьж өгөөд харцанд нь оч үсрэхийг хармаар байна. Бороонд албаар нэвт норчихоод хаа нэгтээ хувцсаа тайлж базахдаа бие биенийхээ налчийсан үсийг шоолон инээлдмээр байна. Нуруугаа нийлүүлж суугаад өөрийх нь үнэрт хэрхэн мансуурч байсан тухайгаа хүүрнэмээр байна. Зулзган ногоон ширгэн дээр өвсний үндэс амандаа зууж хэвтээд тэнгэр ширтэнгээ үсийг нь аяархан илбэж цаг хугацааг мартагнахыг хүсэж байна. Тэгсэн мөртлөө би тэгэхийг хүсэхгүй байна. Аврагдахыг хүсэж байна, хэн нэгэнд тийм муухай нүгэл үйлдмээргүй байна. Өөрөө өөрийгөө хүндлэх сэтгэлээ уландаа гишгэмээргүй байна, түүнд ийм муухайг аваачиж нааж болохгүй шүү дээ. Хамгаас сайн мэдэж, өөрийхөө бузар сэтгэлийн сүүдэрт дайруулахгүй юмсан гэж хичнээн хичээгээд ч нэмэр алга. Тэр үнэр... Намайг ийм юм бодоход хүргэж. Би найдвартай солиорсон, ийм юм хэзээ ч болж болохгүйг хангалттай мэдэх, бүр үл хүсэх. Гэхдээ л би мансуурсан байна...

_________________
Тэнгэрт...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited