|
Урьд нь нүүх суух, арилжаа наймаа алив бүхнийг толгой мэдэн шийдэж явахдаа энэ юу гэх бол, тэр юу гэх бол гэж нэгээхэн ч бодож явсангүй. Гэтэл одоо юухныг ч ганцаар шийдэхээсээ эргэлзэн ингэчихээр хоёр хөгшний сэтгэл санаанд таардаг болов уу, үгүй болов уу. Тогоохүү юу гэх бол гэсэн бодол төрөн яахав, ийхэв хэмээн Дэлэг өвгөнөөс асуух боловч цаадах нь Дамбын ажил хөдөлмөрт няхуур сүрхийг нь анзаарч «Харин яамаар юм дээ» гэж өөдөөс нь асууна. Ийм үед Дамба Тогоохүүтэй зөвлөе асууя гэлтэй ч биш бодсоноороо шийдэн ингэж шийдсэнийхээ дараа энэ маань зөв болов уу, буруу болов уу гэхээсээ тэдний сэтгэлд нийцээ болов уу яагаа бол гэж зовнин, энэ бүх өөрийнхөө төлөө бус ямагт бусдын төлөө, бусдад хийж байгаа ажил мэт сэтгэлээс нь нэг л хөндий санагдан, аливт хүний ам харж явах амаргүй юм даа ч гэж заримдаа бодох авч тэр өөрсдөө шийдчихэж чадахгүйдээ ч бус Дамбад өөриймсөг хандаж байгаадаа, Дамбыг хүндэтгэсэндээ тэгж байна гэдгийг ухаарч түүний нь ухаарах тусмаа буруу зөрүү шийдчихгүй юмсан гэж мэрийн, сэтгэлд нь юм хийчихгүй юмсан гэж боддог байлаа. Энэ бодлоосоо үүдэн тэдний сэтгэлд нийцсэн эсэхий нь мэдэх гэж Тогоохүүгээс битүүхэн тамдах, энэ тэр мэдэхгүйгээ асуух, яах вэ, ийх вэ гэж болжээ. Тогоохүү ч Дамбын энэ байдалд дуртайгаар үл барам ялангуяа Дэжидийн тухай бодсон санаснаа ний нуугүй ярьсанд нь баярлан өөрөө ч тэр тухай юу бодож санаж явдгаа ярихсан хэлэхсэн гэх авч тэр тухай Дамба хөндөж ярьдаггүй байсан болохоор хий л дотроо бодож явдаг байсан нь эл яриагаар задарч «Чамайг би давхиж очоод аваад ирээгүй ч гэсэн яагаад ч юм Дэжидийн өмнө би буруутай юм шиг санадаг. Эхний үед Дэжид гэнэт давхиад ирвэл яана гэж бодохоос хүний юм хулгайлчихсан хүн шиг айдас хүрэн тэр зүгээс морьтой хүний бараа харагдахтай зэрэг дотор зарсхийгээд явчихдаг байсан. Хүн ер нь айснаас л элдвийн муу юм боддог байх. Чамайг ч гэсэн буцаад явчих вий гэж айдаг. Буцаад явчихвал хойноос нь очоод эргүүлээд аваад ирэх эрх байхгүй шүү дээ гэж бодохоос миний гол харладаг юм. Тэр мэрнээсээ ч болдог юм уу, би чамайг малд явуулах ч дургүй. Эзгүй хээр ганцаар яваа хүн юу эс бодох вэ, элдэв юм санаанд нь орохыг хэн байг гэх вэ гэж бодогдоод хамт байгаад байвал сэтгэл амар санагддаг. Царай зүсээ харалцаад суугаа юм чинь яалаа гэж элдвийн юм бодох вэ. Би л чадахгүй. Хүний дэргэд байж байгаад тэр хүний тухай ч юм уу, аль эсвэл ямар нэгэн юм бодоод түүнээ хэлэхгүй байя гэхэд болохгүй. Тэр хүн царайг минь хараад л юу бодож байгааг минь мэдчих юм шиг санагддаг. Дамаан чамаас бол би бодлоо нууж чаддаггүй юм байна лээ. Чи дорхноо л мэдчих шиг болдог. Заримдаа би тэднийгээ эргэчихээд ир гэж хэлье гэж санасан хэр нь ирэхгүй болчих юм биш байгаа гэж бодогдоод хэлж зүрхэлдэггүй юм. Буруу гэж мэдсээр хэрнээ би чамайг очоод байгаасай гэж боддоггүй ээ. Яагаад ч юм би Дэжидийг надаас бүхий л талаараа илүү байх гэж санадаг. Тийм болохоороо л айдаг байх» гээд гэнэт дуугүй болон Дамбыг мэлийтэл ширтдэг байв.
--Яав гэж Дамбыг асуухаар Тогоохүү:
--Их ярих дэмий байна. Би дэндүү чалчаа, тийм биз?
--Зүгээр.
--Үгүй зүгээр биш. Сүүлдээ ярих юмгүй болчихвол яана.
--Ярих юмгүй болох гэж яаж байх вэ дээ.
--Гэлээ ч гэсэн бага ярих нь л дээр. Тогоруу хоорондоо бараг дуугардаггүй. Тийм болоод л насаараа хамт явдаг байх.
--Ярьдаг байлгүй. Нэг нь зогсчихсон, нөгөө нь тойроод л тонголзоод л далавчаа дэрвэлзүүлээд л чухам юу гэгч болж байгаа юм бэ, бүү мэд, жигтэйхэн л юм болдог шүү дээ. Тэгэхдээ бидэнд дуулдахааргүй шивнэлддэг ч юм билүү, хүн ямар ойртуулах биш. Тэгээд ч ярьснаас биш ярьдаггүйгээс, ярихаа больчихсоноос л хамаг хэрэг үүддэг байх шүү.
--Би ч ярихгүй байж чадахгүй л дээ. Гэхдээ би заримдаа тэгж боддог юм.
--Ярьсан нь л дээр.
--Чамд сонирхолгүй санагдвал яах вэ?
--Өөр юм ярь гэхгүй юу.
--Яриад ч залхуутай байвал яах вэ?
--Дуугүй бай гэхгүй юү.
--Чи тэгж хэлэх үү?
--Хэлнэ.
--Хэлээрэй, за юу?
--За.
--Ер нь миний хийсэн хэлсэн ямар нэгэн юм сэтгэлд чинь хүрэхгүй бол чи ззаавал хэлж байгаарай.
--За.
--Би ч бас чамд хэлж байна гээд Тогоохүү түр азнаснаа,
--Би чамаас нэг юм асуух уу гэв. Дамба түүн рүү харснаа,
--Тэг, тэг гэв. Тогоохүү түүний харцнаас дальдран түүний цээжинд нүүрээ наан:
--Больё, яах юм, тэртэй тэргүй мэдэх юм чинь гээд дуугүй болов. Дамба юү вэ, хэл барь ч гэж шавдуулсангүй. Толгойг нь энхрийгээр илнэ. Энэ нь чи Дэжидэд хайртай байсан уу гэнэн асуулт болохыг Дамба Тогоохүүг <Дэжид!> гээд дуудчихсан юм байжээ. Энэ асуултанд өөрөө ч юү гэж хариулахаа үл мэднэ. Цэргээс дөнгөж халагдаж ирээд байхад нь Дамбад нутгийн бүсгүйчүүлийн дотроос Дэжид сайхан харагдаагүй гэж үү. Үеийнхээ залуусыг < Хорлоо чамд их л сайн юм билээ.Хороотой суучихаач Сайхан хүүхэн шүү дээ.> гэхий нь ч тоолгүй Дэжид рүү тэмүүлсээр байгаад суучихаагүй гэж үү. Эцэг эхээс орон гэр, мал хөрөнгө тусгаарлан хийх бүтээх, санах хүсэх, баярлах цэнгэх цөм өөрсдийн дур хүслээр болж ирсэн айл гэрийн анхны амьдрал жаргалтай байгаагүй гэж үү. Цаанаа хүлээсэн хүнтэй юм биш байгаа. Намайг тоохгүй юм биш байгаа гэж түүнийг түгшүүлж явсан хэнз ногоо шиг нялх залуу байсан бүсгүй Дэжид биш гэж үү хэмээн бодоход «хайргүй байсан» гэж Дамба хэлж чадахгүй санагдана. Гэтэл одоо яагаад... энэ болов? Тэр анхны хайр хайчив? Ерөөс хайр сэтгэл гэгч он цагтай цуг оддог юмсанж уу. Сэтгэл хувирна гэгч нь энэ үү? Дэжид анх учирч, Дэжидийг хайрлаж байсан тэр хайр энэ мөн гэж үү? Гэж бодохоор яагаад өөр тус тусдаа онд ондоо санагдана вэ гэдэгтээ ч хариу бас үл олох тул энэ мэт юм битгий асуугаасай гэж бодов. Үнэн чанартаа энэ асуултын цаана Тогоохүүгийн асуухсан гэж бодож явдаг «Надад хайртай юү»гэсэн асуулт байгаа гэдгийг Дамба гадарлаж байлаа. Гэвч Тогоохүү асуусангүй. Шинэ нутагт буумагц Дэлэг өвгөн илүү гэрийнхээ юмыг гадаа хураан дотор нь хоёр хөгшин ор дэвсгэр, авдар сав, зуух яндан тавин нэг ёсондоо хоёр хөгшин, Дамба Тогоохүү хоёроос туурга тусгаарлажээ. Энэ нь Дамба Тогоохүү хоёрт юүхнийг ч орондоо орцгоосон хойноо шивнэлдэх гэхгүй, хэзээ дуртай цагтаа ярьж хөөрч инээж хөхрөхөд таатай болсон боловч Тогоохүү мөнөөхөө дахин асуусан ч үгүй өнгөрчээ. Нүүдлээр тархи толгойноосоо хурц наранд шарагдаад ч тэр үү Бумбаа хөгшний хууч хөдлөн хэвтсэн тул Дамба эм авахаар сум нэгдлийн төв орохдоо Багаа өвгөнтэй дайралдан тэндээс хүүдээ тонгорог худалдан авч өгчилгөөд яаран эргэж ирвэл гурав хоногийн дараа хадланд яв гэсэн зар бригадын төвөөс ирсэн байлаа. Хуучин бригадаасаа Тогоохүүгийн бригадад шилжээгүй тул явахаас өөр аргагүй болж хоол унд, хадуур хуурай бэлтгэхээс эхлээд ойр зуурын ажил дороосоо ундран, чөдөр ногт зангидан суух зав гарсангүйд хэрэггүй л дархныхаа багажийг авчирлаа. Ядаж хэлээгүй аваад ирсэн хэмээн сэтгэл зовних боловч яах ч арга Дамбад олдсонгүй. Зүй нь өглөө давхиж оччихоод учир явдлаа ярин сэтгэлийнх нь сэвийг арилгачихаад орой давхиад ирж болмоор бодогдовч дөнгөж саяхан эргэж ирчихээд бас дахиад явна гэхээр Тогоохүүгийн сэтгэлд юм хийчих болов уу гэж бодно. Тэгээд ч олон хоногоор эзгүй явах гэж байгаа болохоор Тогоохүү аль болохоор хамт байхсан гээд байгаагаас гадна хадланд явах хүмүүсийн нэрс дотор Хорлоогийн нэр байгаа явдал битүүхэн хардах сэтгэх Тогоохүүд төрж байна гэдгийг Дамба мэджээ. Уг нь Хорлоо Дамбыг хүлээгээд хүнтэй суудаггүй юм гэнэлээ гэсэн дэл сул яриа тарчихсанаас биш Дамба Хорлоотой сэтгэл ярьж явсан нь үгүй ажээ. Энийг л Дамба Тогоохүүд ярьсан байжээ. Хорлоо Дамбад сайн гэдэг нь үнэн билээ. Бүр дунд сургуульд байхаасаа Дамбад сайн байсан бөгөөд цэрэгт байхад нь эгэл жирийн хэрнээ хүсэн хүлээдгээ битүүхэн цухалзуулсан захиа бичдэг байжээ. Дамба хоёр гурван захиа авсны эцэст ажил сурлага, нутгийн цэргүүд хэн хаана байгаа зэргийг товч тоочсон хариу өгдөг байлаа. Хорлоо түүний байдлыг мэддэг хэр нь сэтгэлээ татаж авч чадсангүй. Цэргээс ирсэн хойно ч гэсэн түүнийг битүүхэн харуулдан, уулзаж учрахыг эрэлхийлэх болсон учир Дамба түүнээс битүүхэн зугтаан дайралдахгүйг хичээн, заримдаа ч надад найдаж хүлээж суухын хэрэггүй гэдгээ ний нуугүй хэлмээр санагдавч Хорлоогийн хайр гуйсан харц, бусадтай зүгээр ярьж хөөрч байснаа Дамбатай уулзахаараа царай нь час улайн үгээ олж хэлж чадахгүй ээрэн арчаагүй бүрэг дорой болчихдогий нь бодохоос өрөвдөн нүүр өөд нь эгцлэн харахаас ч халширдаг байжээ. Тэгээд ч удалгүй Дэжидтэй суун, энэ бүхнийг мартагнасан хэр нь одоо хүртэл хүнтэй суугаагүй яваагий нь дуулах бүр буруутан нь өөрөө юм шиг санагдан зовсон цагт нь тус болж явах юмсан даа хөөрхий гэж бодох боловч түүний тусыг Хорлоо ч бусад хүмүүс ч буруугаар ухаж мэдэх тул яаж ч чадахгүй гагцхүү хол явахыг эрмэлздэг байв. Дамбын энэ байдлыг мэдэх зарим залуус «Дүүрчихсэн эр юм даа, хэд хоног ашиглаж байгаад хаячихгүй» гэдэг байлаа. Ийм үг сонсохоороо Дамба дотроо Хорлоог өмөөрч, тэдэнд ундууцан цухалдахдаа «тэгээд байвал бүр суучихалтай нь билээ» гэж хүртэл бодох боловч яагаад ч суухгүй гэдгээ мэдрэн тэрхүү бодлынхоо ямар өнгөц, хуурамч болохыг зөвхөн тэр шалдир балдир залуусын үгийн өшөө төдий бодол болохыг ухаарна. Заримдаа ч Хорлоод уур нь хүрдэг байлаа. Ялангуяа Дэжид рүү тэмүүлж явах үедээ Хорлоогийн тухай элдэв юм дуулчих вий гэж бодохоос сэтгэл түгшин, Дэжидийн найз хүүхэн Дулам дайралдан «Хорлоо Дэжид хоёрыг мөргөлдүүлчихэв дээ» гэж их л ёозгүй хэлэхэд нь иш үндэсгүйг ярьж буй тэр хүүхэнд бус «Би Дамбатай явдаг» энэ тэр гэж амьтанд зарлаад явдаг юм уу хаашаа юм гэж Хорлоод уур нь хүрч давхиж очоод уур омго дарагдтал хэрэлдмээр бодогдож байжээ.
Харин Дэжид Хорлоогийн явдлын үнэн мөнийг ойлгосон ч юм уу, тоосонгүй ч юм уу тэр тухай юү ч болсонгүй өнгөрсөнд Дамба ч төдөлгүй Хорлоог мартжээ. Тэр цагаас хойш Дамба Хорлоогийн өөртөө сайныг мартсан мэт дайралдсан үедээ мэнд ус мэдэн, хэнтэй ч ярьдаг хөөрдгөөрөө хэд гурван үг солин, Хорлоогийн харц, үг яриаг ч анзаарахаа больсоор өдийг хүрсэн бөгөөд энэ удаа Тогоохүү эртний явдлын үүх түүхийг мэддэг хүний өнгөөр Хорлоогийн нэр байна лээ гээд түүн хүү жоготой харсан нь энэ бүгдийг Дамбад эргэн санахад хүргэж тэр бүгдийг Тогоохүүд ярья гэж бодсон боловч ярих далим гарсангүй байсаар Дамба хадланд морджээ.
«Нөгөөдөр бид хоёр хонио туугаад говь явна. Тэнгэр тогтуун байвал хэд хонохыг бодно. Та хоёр үнээ малаа саагаад зав зай гарвал ганц хоёр шуудай таана түүнэ биз» гэсэн Дэжидийн шийдэмгий үгийг дуулаад Багаа өвгөн жаахан дуугүй сууснаа «Малаа бодвол буруу нь юү байхав. Болохгүй нь ч юү байхав. Гэлээ гэхэд ... үгүй тэгээд санаанд чинь багтаж байгаагаас хойш бид хоёр юү хэлэхэв. Ойр зуур болох бүтэхээр нь таана хөмүүл гоочлон, өвөлжөө бууцаа додомдосхийгээд л байж байхаас. Юмыг яаж мэдэхэв, хэрэг болж юуны магад, миний муу халийбрийг аваад яваарай» гэснээс ондоо юм хэлсэнгүй. Тэгээд явах өдөр нь эртлэн босч юм хумнаас нь төхөөрөлцөн тэмээгий нь хомнолцож тогоо шанага, майхан сэлтий нь ачилцаж өгөхөөр хөгшинтэйгээ хоёул иржээ. Айлын хоёр хөгшний энэ байдалд Дэжид нэг талаараа баярлан нөгөө талаар авч явах юман дотор нь боодолтой яваа хүрэл гөрөөсийг анзаарчих вий гэхээс яс нь хавталзан хурдхан ачаалаад хөдлөхийн түүс болсон боловч тэд огт анзаарсангүй хоцорчээ. Оторт гарсан эхний хоёр өдөр Дэжидийн сэтгэл ойрын мөд байгаагүй гоц гойд шинэ сэргэг баясал дүүрэн байлаа. Хэн хүний шийдсэнийг бус хэрхэх, яахаа өөрөө шийдсэний урам, санасан бодсон нь хэний ч дургүйцэлтэй тулгаралгүй хүссэнчлэн бүтсэний баяр, цаашид ч энэ хот айлын ажил үйлс гагцхүү түүний хүсэл зоригийн хэрэг бөгөөд Дэжидийн ярьсан, хэлснээс зөрөх хүн үгүйг мэдрэн ахин дахин захирахын хүслэн, амьдралын учир утга бүхний гогцоог атгачихсан мэт санагдахын омог энэ бүхэн түүний сэтгэлийг урьд урьдынхаас өөр, илүү баян тансаг болгон, улмаар энэ хязгаар хярхаггүй хөх тэнгэр, эл хул их говь сая живаа хорхой шавьжны дэргэд өдрийн од шиг цөөхөн хүмүүс хичнээн насална гэж бие биедээ хар буруу санаж, бие биеэ муучилж явах юм даа гэж бодон «Өөрт нь жаргалтай л бол болоо» хэмээн Дамбыг цагаатгаж, «хөөрхийг харанхуй шөнө харааж зүхэн юунд ч хөөв дөө» хэмээн Жигжидийг өршөөх сэтгэл төрөн энэхүү сэтгэлээс нь бас өөр сэтгэл ундран, өдий наслахдаа ер хэнийг гомдоож л явснаас ач болсон нь үгүй мэт санагдана. Ялангуяа Нацаг гэгч хазгар залууг хүүхэд ахуй цагтаа насан турш нь мартахааргүй гомдоосон мэт санагдан, тэр цагийн явдлыг өчигдрийнх лугаа ижил тов тод санав.Тэгэхэд тэд зургадугаар ангийн сурагчид байжээ. Нацаг Дэжидийн зэргэлдээ ангид сурдаг, завсарлагаа бүхнээр хаа нэг газраас ширтэж байдаг, түүний нь ч үеийнх нь охид анзаарчихсан, холбож шоолдог, тэрэнд нь ангийнхаа тоонд сайн юм уу, биеийн тамирт тэргүүн хөвгүүдтэй нэр холбогдохсон гэж хүсч явдаг Дэжид дургүйцэн Нацагийг үзэн ядаж ичиж зугатаадаг байжээ. Нэг өдөр Дэжидийг ганцаараа явж байтал гэнэт урдаас нь замы нь отон зогсож байсан Нацаг гарч ирсэнд Дэжид давхийн цочиж, тэр уурандаа ч тэрүү Нацагийн өгсөн бичгийг авч ураад нүүр өөд нь цацчихаад гүйгээд явчихжээ. Түүнээс хойш Нацаг ч Дэжидийг энд тэнд амдах, завсарлагаа бүхнээр ширтэх нь үгүй болж, голцуу хаа нэг мухрын цонхон дээр цааш харан зогсох юм уу, Дэжидийн явдаг замаас холуур улам ч хазгар болчихсон юм шиг хазганан яваа нь харагддаг байлаа. Дэжид ч өөрийн хийснийг зөвтэйд тооцон Нацагтай холбож шоологдох ичгэвтэр юмнаас ангижирсандаа санаа нь амран төдөлгүй Нацаг хаагуур юу хийж явдаг, сүүлдээ юу болсныг мэдсэнгүй. Нэг үгээр хэлэхэд Дэжид орчлон дээр тийм хүн байгаа эсэхийг ч мартжээ. Гэтэл гэв гэнэт эзгүй говьд өөдөөс нь дөрөв нугалсан бичиг сарвайж байгаа Нацаг, нүдний нь өмнө цас шиг бутарч байгаа цаасны өөдсүүд түүнийг дагуулан ширтсээр хэрхэн газар унахы нь харан зогсох Нацагийн харц санаанд нь урган, цас малгайлан хаялах бүрт анхны хайрын зурвасаа уруулсан тэр өдөр нь гашуунаар дурсагддаг байх даа гэж бодохоос хүний үрийг хэрхэн гомдоосондоо одоо мэдрэн, эхнэр хүүхэдгүй явдаг бол гуйж байгаад ч болсон хань ижил нь болж хазгар доголонгий нь марттал жаргаах юмсан гэж бодсоноо түүнээсээ даамжран тэгвэл хүн юу гэх бол, мэдээжийн хэрэг Нацагийг өрөвдөөд суучихаж гэхгүй «Шалдаа бууж л гэнэ». Үгүй яадаг юм тэгэх тусам нь суучихаад хоорондоо атаархмаар сайн байх юмсан. Тэгвэл Дамба яах бол гэсэн бодолдоо хариу үл олох бөгөөд цаашдаа хэн нэгэн хүнтэй сууж, түүнээ Дамбаас илүү сайн болчих тийм цаг ирвэл яана гэж бодохоос айх ч шиг ичих ч шиг санагдан бушуухан өөр зүйл бодохыг тэр дундаа Дамбын тухай аль болохоор бодохгүйг хичээн, хүнд хэлэх нь бүү хэл, өөрөө ч ичихээр хүсэгдэж байгаа нууц хүсэл энхрийллээ дарж ядахдаа гэдсэндээ тээж яваа хүүхдээ хурдхан гараасай, цээжээ тэнийтэл үнсэж энхрийлэх юмсан. «Одоо ч бид хоёр нэг охинтой бол болоо» гэж нэгэн цагт хэлж байсан Дамбын үгний хариу болж охин төрөөсэй. Тэгээд бас хясаатай юм шиг Тогоохүүгээс хүүхэд гарахгүй байгаад байгаасай. Тэгвэл Дамба яах бол» гэж дахиад л бодно. Ер нь Дамбын тухай аливаа бодол яван явсаар «Дамба одоо Тогоохүүг тэврээд хэвтэж байгаа шүү дээ» гэдэгт хүрч гол нь харлан хоолой нь зангирдаг байлаа. Харин бараг бүх эрчүүл хадланд явж байгаа болохоор Дамба ч мөн зайлшгүй хадланд яваад эзгүй байгаа гэдэгт санаа нь амарсан юм уу, эсвэл ерөөс сүүлийн энэ өдрүүдэд түүний сэтгэл санаа өөрчлөгдөөд тэр үү. Дамбаас салаад өч төчнөөн жил болчихсон юм шиг Дамбад гомдож байсан гомдол уур, цөм үгүй болж, болбол яаж ийгээд тус болж явах юмсан, хүүгий нь үе үе уулзуулж байх юмсан гэж бодох болж, «Энэ гөрөөсийг би яахин авчирав аа. Эзгүй хойгуур ирээд авбал авна л биз», Дамба мэдчихвэл муухай л юм болж байгаа юм гэхчлэн уужуу саруул юм бодогдоно. Хүү нь ч гэсэн эхний хоёр өдөр, гүйж харайж, инээж хөхөрч энэ тэр амьтан ургамал сонирхон, шүд амаа хөхөрч харлатлаа хармаг идэн маргааш л отроос буцчих гэж байгаа юм шиг хоёулаа олон хононо шүү хэмээнэ. Сүүлийн үед дуу нь цөөрч, энэ тэр юм гөлрөн, олигтой тоглож наадах ч үгүй болжсав л хийвэл тоглоом наадам, гүрвүүл хөөцөлдөн, бүрэнхий болмогц хоол ч идэлгүй унтчихдаг болжээ. Энэ байдал Дэжидийн сэтгэлийг улам ч амар тайван болгож, алсын уул дэргэдэх бут сондуул, өвс ногоо, алаг эрээн чулууг харахад танигдашгүй нууцыг хадгалан анир чимээгүй хөдөлгөөнгүй байх авч дуугүй ширтээд байхаар тэрхүү нууцанд нь нэвтэрч, ухаарч байх мэт хачин сэтгэл төрөх бөгөөд чухам юу билээ хэмээхэд эргээд хэлж чадамгүй байх ажээ.
Ерөөс оторт гарсан тэр өдөр Дэжид урьд өмнө үзээгүй, дуулаагүй нэгэн шинэ ертөнцийн хаалгаар орсон мэт харагдах сонсогдох юмны өнгө дуу ч өөр, бодогдох санагдах юмны учир шалтаг ч өөр, давагдашгүй бэрх, тайлагдашгүй нууц гэж үгүй бөгөөд харин энэхүү өөр ертөнцийн хаалга зөвхөн түүнд ганцааранд нь нээгдсэн мэт санагдан, юм бүхэн сонин, сайхан гайхамшигтай мэт байснаа төдөлгүй тэрхүү ертөнц нь гачлантай эл хул тэвчиж үл барам уйтгартай болж ирэв. Гурав, дөрөв дэх хоногоос хүү нь ч гэсэн энэ тэрнийг сонирхохоо болин, үүргэлж морин дээрээсээ уначих гэж айлгах юм уу эсвэл ам цангалаа гэдэс өлслөө гэж буюу заримдаа харъя ээжээ, аягүй бол аав ирчихээд хүлээгээд байгаа гэдэг болов. Өөрөө ч хэрэггүй наашаа гарлаа, элдэв амьтны хэрэгт дурлах дэл сул эрчүүлийн гоочлох гэх энэнээс л дор байв гэж бодох авч Багаа өвгөнтэй зөрөн, зөрөн отор хийнэ энэ тэр гэж явчихаад арав хонолгүй ямар нүүрээрээ буцах билээ хэмээн буцашгүй юманд орсондоо өөрийгөө зэмлэн, юутай ч арав хоноё энэ хооронд тэнгэр муухайрдаг аз байдаг юм уу, үгүй юм уу гэж үйл ч үгүй, салхи ч үгүй, өнгө ч үгүй тэнгэрийг ширтэн, дургүй цагтаа дусал ч хургүй энэ хов хоосон тэнгэрийн эрхшээл дор яах гэж яваа билээ хэмээхүй бодол нь мухардан эргэн тойрны анир чимээгүй, хөдөлгөөнгүй, нозоорсон халуунд амьд яваагаа ч мартахад хүрэх аж. Хүлээн авагчийн зай ч дорхноо муудан, дуулдахын төдий шивнэж байснаа таг болоход өдөр хоног ч хөдөлгөөнгүй болсон мэт бөгөөд ер нь энэ ертөнцөд юү хөдөлж юү урагш давшиж буйг Дэжид мэдэхийг больжээ.
Дөрөв дэх хоногийн өглөө эрт хонио бэлчээчихээд ачаалах гэтэл хүү нь нойрмоглоод боссонгүйд Дэжид ганцаараа майхнаа буулган ачих гэж оролдсон боловч тэмээ нь босч давхиад ачуулахгүй болохоор тэмээгээ сөглөж байлгах санаатай хүүгээ дахин дахин дуудсаар арай гэж сэрээсэн хэр нь хүү нь өндийж суучихаад хөдөлсөнгүй. Дэжид «Яав миний хүү, бие нь өвдсөн үү» гэхэд хүү дуугарсангүй.
--Миний хүүгийн гэдэс нь өвдөөд байна уу?
--Толгой нь өвдөөд байна уу...
--Яасан? Аа? За ээждээ хэлчих. Ээж хүү хоёр оройтчихвол дараачийн худаг хүрч малаа усалж чадахгүй шүү дээ. Тэнгэр ч бүрхэг байна.
--Харина. Аавдаа очно.
--Харинаа, харина. Ингэж явж байгаад одоо зургаахан хоночихоод л хоёулаа харьчихна. Одоо аав чинь байх ч үгүй, хадланд явчихсан.
--Худлаа. Аав хадланд яваагүй.
--Явсан. Харин чи бид хоёрыг очсоны маргааш л хүрээд ирэх бий вий. Одоо хоёулаа эртхэн хөдөлье. Майхан тогоо шанагаа ачна. Худаг дээрээс онгоц ховоогоо авчирна. Ээж хүү хоёрт их ажил бий, ингэж сууж болохгүй за? За бос.
--Үгүй би харина. Аавдаа очно.
--Аав чинь байхгүй, хадланд явчихсан гээд байхад чинь зөрүүдлээд суугаад байх юм, тэгж байж чи алганы амт үзэвээ.
--Үгүй худлаа. Шал худлаа. Та дандаа худлаа хэлдэг. Би явахгүй. Би аавдаа очно. Гэхэд нь Дэжидийн уур гэнэт дүрхийн,
--Тэг тэг. Одоо ингээд гүйгээд яв. Чиний тэр хаяад явсан эцэг чинь авдаг юм бол хамаа байсан уу. Би яахав тэртэй тэргүй ганцаараа хүн. Тэгж яваад л үхнэ биз гэж хэлээд Дэжид хүүгийн дэргэдээс босч хомтой тэмээ рүүгээ очин, бурантагнаас нь амьсгаа чөлөөгүй дугтчин байж хэвтүүлээд урьд хоёр хөлий нь богочин шилээр даруулан хүлчихээд ачаагаа ачиж эхлэв.
Хүү тэр суусан янзаараа хааяа нүднийхээ булангаар эх рүүгээ харан хэсэг сууснаа эхийгээ онгоцоо ачихаар тэмээгээ хөтлөн худаг руу явахад сая босч хойноос нь очин, онгоцны нэг талаас өргөлцөв. Дэжид ч нүүр өгөхгүй гэсэн бололтой түүнийг онгоц өргөлцөж дэм болж байна ч гэж тоосон янзгүй байлаа. Ачаалж дуусмагц хүү хоёр морь руугаа гүйн очиж эхийнхээ морийг хөтөлж авчирч өгөөд, өөрөө мориндоо мордон бараа нь тасрах шахсан хонь руугаа давхижээ. Энэ өдөр Цэдэн Иш хүү энэ тэр рүү гүйж харайн, алив ажил бүхнээ Дэжидийг хэлэхээс өмнө санаагаараа хийн гэмшсэн янзтай ч юм шиг үе үе эх рүүгээ хялавхийн харах авч Дэжид түүний нь хараа ч үгүй юм уу анзаараагүй байдал гаргана. Тэнгэр бүрхэн, бороо ч орох янзтай болсонд Дэжид эртхэн бууж майхнаа шааж, төвхнөхийг бодов. Тэднийг буувуу үгүй юу салхи шороо босч бороо шивэрч эхэллээ. Хоёул салхи бороон дундуур майхнаа босгон, морь малаа чөдөрлөн хонио хотлуулчихаад Дэжид гал түлж тогоон дээрээ цай үйв. Өдрийнхөө явдалд ядарч галын илчинд дулаацсандаа хүү нь унтаад өгчээ. Дэжид цайгаа хам хум болгож уудлаад ороо засан хүүгээ унтуулж, хажуугаар нь бүхлээрээ хэвтэв. Бороо шижигнэн салхи майхны бааданг хөвхөлзүүлэн нүүрэн дээр нь үе үе усан манан сэрүү татуулан буух авч Дэжид түүнийг огт үл анзааран гагцхүү энэ бороо нозоорол, ганцаардал бүхнээс нь ангижруулж буйг ямар нэгэн далд баярын зөн сэтгэлд нь татан буйг амтархан мэдэрч хэвтэхдээ уурын мунхагт хэлэх хэлэхгүй үг хүүдээ хэлж сэтгэлий нь сэвтээчихлээ гэж өөрийгөө зэмлэн, чухамхүү яаж гэмээ цагаатгаж, хүүгийнхээ сэтгэлийг засдаг юм билээ хэмээн бодоход түүнд хүүгээ аваачаад ч болсон Дамбатай уулзуулахаас өөр арга үгүй мэт санагдана.
Үнэхээр тэгээд очдог юм гэхэд юугаа өмсөж яаж уулзах хэрхэн угтах нь одоо үл тааварлагдах авч юутай ч амар хялбар бардам сайхан зүйл биш нь мэдээж бөгөөд адгийн наад зах нь гэдсэн дэх хүүхдээ хэрхэн нуух билээ гэдэгтэй хүртэл тулгарах ажээ. Гэвч яагаад ч юм Дэжидэд энэ бүхнийг хэрхэн давах билээ хэмээн айх түгших юм огт үл бодогдоно. Сүүлийн үед айдас гэгч Дэжидээс холдсон мэт бөгөөд Дэжид Дамба хоёрын тухай жиг жуг яриа, тэр ч бүү хэл хөл хүндтэйгээсээ ч айх ичих нь үгүй болсон мэт ажээ. Хэрэв энэ бүхэн үнэхээр айх түгших зүйл биш бол орчлонд айх юм давшгүй хэцүү бэрх гэгч Дэжидэд үгүй болж үхэл гэгч ч аймшигтай биш санагдан, ер яагаад ингэдэг билээ хэмээн гайхан, энэ бүхэн цаг зуурын бодол бизээ гэж бодоход хүргэнэ. Дэжид ийнхүү хэвтсээр хэдий хэр болсноо ч мэдсэнгүй хонь ямаа майлалдах чимээнээр гүйн гарвал харанхуй болж бороо улам ширүүсч байлаа. Хонь нь уруудан майхнаас холдох янзтай харагдсан буцаж орон дээлэн дээгүүрээ цув давхарлаж өмсөөд шилбүүр барин хониныхоо урд гарч тогтоох гэсэн боловч ширүүн бороонд цохигдсон олон хонь хоёр талаар нь дайрч арай гэж нэг талы нь тогтооход нөгөө тал нь тэр хооронд уруудан түрүүчийн газраасаа цаашлачихаад ганц Дэжидэд огт хүчрэгдэхгүй алхам алхамаар майхнаасаа холдож эхлэхэд ганцаархнаа унтаад хоцорсон хүүгээ сэрчихээд айж уйлж байгаа болов уу гэж бодохоос майхан руугаа хурдхан очмоор санагдах авч эргэх дөрвөн цагт хойноос нь дагаж үс зүс, удам судраар нь таних, ижил дасал болсон нэгдэл нийгмийн энэ олон малыг зоргонд нь хаячих зүрх түүнд байсангүй. Дэмий л үе үе майхан руу харан харан холдсоор удалгүй майхан нь ч харагдахгүй болов. Одоо түүний сэтгэл шулуудан үхсэн ч сэхсэн ч хониноосоо салалгүй явж, хаа хүрч юу болохыг үзэх л үлджээ. Ер яах гэж наашаа гараваа? Эз нь татна гэгч болж дээ. Эсвэл би ерөөс энэ эзгүй говьд үхэх үйлтэй амьтан юм уу. Үхнэ гэдэг тохиолдлоос л хойш тэр тохиолдол нь энэ байхыг хэн байг гэх юм? Намайг ингээд үхчихлээ гэхэд хэнч мэдэхгүй шүү дээ, мэдлээ гээд яах юм, их л удаж Дамба ирж... Даанч дээ. Дамба минь би чамд ямар гэм хийгээв? Яалаа гэж намайг ийм зовлонд унагаж байгаа юм. Чамайг сэтгэлээ хувиргаагүй бол Жигжид мэт нь намайг оролдож зүрхлэнэ гэж үү... Энэ эзгүй говьд энэ усан бороон дунд үр хүүхдээ ганцааранг нь хаячихаад хаана, яаж үхэхээ мэдэхгүй явах гэж үү.... Муу жаал маань юу болж байгаа бол... Айж үнхэлцэг нь хагарчих гэж байгаа болов уу ... Яах гэж наашаа гарав...
Бороо гэнэт ширүүн эхэлсэн шигээ мөн гэнэтхэн зогсов. Дэжид хониндоо туугдах шахуу явснаа бодвол хонио тогтоон, хаа ирснээ багцаалах санаатай ийш тийш хичнээн хараад газрын баримжаа мэдэж чадсангүй. Бороо зогсчихоор улам ч харанхуй болсон мэт санагдана. Одоо яах вэ. Хонио майхан руугаа туухуу? Хаа гэж туух вэ. Тэгээд ч энэ нүх шиг харанхуйд хонь явна гэж үү... Хонио орхичхоод майхан руугаа явах уу... Хаа гэж явах вэ? Энэ бороо дахиад орохыг хэн байг гэхэв. Аягүй бол хонь ч үгүй майхан ч үгүй юм болно. Хоньтойгоо хоноод л өглөө учраа хайя хэмээн бодож хонио шаагьтал нь хурааж хэвтүүлээд өөрөө хонин дундаа ороод суув. Олон малын илч даарах ч үгүй хажуудаа мал байгаа болохоор ханисан айх үгүй янзтай болж ирэхэд дотор нь ч одоо уужирч хэн хүнд гомдох, майханд хоцорсон хүүгийнхээ хойноос сэтгэл түгших нь гайгүй болов. Богинохон зуурын энэ ширүүн бороонд хонио тасдаад алдчихалгүй бүрэн бүтэн гарсандаа ч тэр үү, сандарч тэвдэх бүхэн ард хоцорсон болоод ч тэрүү, нэг их үйлс бүтээчихсэн мэт урам орж бороо дахиад орсон ч ер алзахгүй санагдана. Урьд өмнө хийх нь бүү хэл хийвэл би давах болов уу, үгүй болов уу ч гэж санаж яваагүйгээ хийхээр үл барам нэг их зүдрэлгүй, хамаг хүчээ шавхчихалгүй бүтээн, цаанаа бас бие сэтгэлийн тэнхээ хуримтлагдан хоцорч байгаагаа мэдрэн, одоо ер нь хүнтэй сууж хүүхдүүддээ хойт эцгийн царай харуулаад ч яах юм, нэгэнт л хэний ч царай харалгүй айл гэрээ аваад яваад байж чадахаас хойш. Харин тээж яваа хүүхдээ гаргах үеэр л хүн бүлгүй хэд хоног бажгадах болов уу. Түүнээс цааш ер юү л байв гэж. Эрүүл саруул л явбал болоо гэж бодон, иймэрхүү юм бодож байгаадаа өөрийгөө гайхах ч шиг, урьд өмнө нь бодогдож санагдаж байгаагүй энэ шинэ бодол нь түүнийг улам ухаан суулгаж байгаа ч юм шиг санагдуулна. Амьдрал яг хуучнаараа байсан бол хүний нөмөр нөөлгөнд хий гэснийг хийчихээд л өөрөө бие даан хийж чадах эсэхээ ч мэдэлгүй тэжээвэр хурга адил хүний гар харсаар насыг барах байсан байх даа. Гэтэл хэний ч дор орохгүй хэнийг ч царайчлахгүй амьдрах тэнхээ надад өөрт минь байжээ гэсэн омог бардам бодол бас төрнө. Зөвхөн маргааш юу хийх яахаа бус, отрын дараа юү хийх яахаа хүртэл тодорхой мэдэж байх шиг бодогдоно. Юуны өмнө хүүгээ эцэгтэй нь уулзуулчихаад сум нэгдлийн төв орж гурван хавтастай толь авна. Ямар дээл өмсч явдаг юм билээ гэж бодоход түүнд өөрийнх нь хуучин дээлний өнгө хийц гологдоод өөр аятайхан дээл хийж өмсөхсөн гэж бодсоор хэсэг зуур зүүрмэглээд сэрвэл үүр цайж байв. Дэжид босч газрын баримжааг харан майхнаасаа нэлээд холдсоноо мэдэж хонио босгон туусаар майхныхаа ойролцоо очиж хонио орхиод хүрч очвол хүү нь сэрээ ч үгүй тайван унтаж байлаа. Дэжид цайгаа чаначихаад хүүгээ дуудан шөнө юү болсон яасан ийснээ ярин хоёул цайгаа ууцгаав. Борооны дараах өглөөний чийг ханхалсан цэнгэг агаар, газар дэлхийн өнгө зассан байдалд сэтгэл нь сэргэн буцах эргэх тухай хүү нь дурсахгүй байсанд Дэжид иймэрхүү байвал ганц хоёр ч болсон хоног энэ хавьдаа байя хэмээн дотроо шийдэж байтал хүү нь «морьтой хүн айсуй» хэмээн хар гүйхээрээ орж ирж эхдээ хэлчихээд гүйн гарав. Дэжид ч хойноос нь гарч харвал гэрийнх нь байгаа зүгээс бараан морьтой хүн айсуй харагдлаа. Хүү тэр зүг нүд салгалгүй хэсэг харж байснаа «Аав байна, аав ирж явна» гэж хоолой зангируулан хашгираад тэрхүү морьтонг тосон гүйв. Нээрэн ч мөн юм шиг Дэжидэд санагдан хүний хань гэдэг үү... бороо шороонд зутарч яваа байх, хүг минь ч санаж сүйд болж байгаа байх даа гээд ирж байна шүү дээ. Хэр ч байгаа даа. Сэтгэл нь эргэчихсэн ч гэсэн элэг нь хайчихав гэж бодон баярлах ч шиг яах гэж наашаа гарсан юм гэж загнах болов уу гэж айх шиг, юунаас ч юм Жигжидийн явдлыг дуулчихсан болов уу ч гэж ичих шиг болон майхандаа буцаж орон ор дэрээ янзлан, дэвсгэрээ гүвж хоймроо дэвсээд буцаж гарвал айлынх нь Багаа өвгөн ирж явах бөгөөд хэн болохыг нь таниад урамгүйхэн зогсох хүүгээ өрөвдсөндөө хоосон горьдож урам хугарсандаа Дэжид золтой л уйлчихсангүй. Багаа өвгөн дөхөн ирж буун харайгаад :
--Үгүй та хоёр минь энэ бороо, шороонд тохитой юу. Яасан ч сүрхий ширүүн бороо вэ. Зарим улс ч хонь малаа тасдаад алдчихсан, эрж сураад л давхилдаж байх шиг байна.
--Бид хоёр ч урьд шөнө нойргүй л хонолоо. Гэгээ тусав уу үгүй юү наашаа гарч байгаа нь энэ. Хонь мал бүрэн үү? Сүрхий хоёр юмаа та хоёр. Хн. Одоо яах вэ, буцах уу, эсвэл бид хоёр хүрээд ирэх үү, бид ч тэнд байж чадашгүй хүү минь гэхчлэн үгийн солиогүй дээр дээрээс нь угсруулан ярихад хүү --ямар гоё вэ? Буцья, буцья” хэмээн баярлан дэвхрэв. Дэжид хүүгээ харж инээмсэглэснээ «Буцъя даа, буцъя» гэлээ.
Хадланчид ч гэсэн борооний маргааш гэр малаа эргэнэ гэцгээн тал тал тийшээ одоцгоосонд Дамба шууд давхиад харьчихдаг юм билүү, яадаг юм билээ хэмээн эргэлзэн байснаа юутай ч Тогоохүүтэй уулзаж учир явдлаа ярья гэж шийдэн хүрч ирсэн боловч Тогоохүүгийн баярласан сэтгэлийг хараад яаж ч чадсангүй. Өөрөө ч Тогоохүүтэй нүүр учрахаараа бодсон шийдсэнээ няцаахад хүрдгээ бас мэдэрчээ. Ер яах ч учраа олохгүй дэмий л дотроо шаналж байлаа. Түүнийг хадлангаас юү бодож ирсэн, юү хэлэх гээд хэл нь эвлэж өгөхгүй байгааг Тогоохүү огт үл анзаарах бөгөөд гагцхүү энэ хооронд юү юү болсон, юү бодсоноо ярих гэж яарна. Тэр хоёр унтатлаа ярьсан хэр нь Тогоохүү «Харанхуй болохоор би чамаас нэг юм асууна» гэснээрээ орондоо орсон хойно түүнийг хүүхэд мэт хүзүүдэн байж «Чи ямар хүүхэд гараасай гэж боддог вэ» хэмээн шивнээд Дамбыг учиргүй үнссэнээ «Чи яав? яагаад дуугүй байна вэ?» гэв.
Дамба юү хэлэх, яахаа ч мэдэхгүй таг дуугүй мэлрэх тэрхэн зуураа орчлон яасан хяслантай вэ хэмээн өөртөө шүүрс алдан шууд давхиад харьчихья гэсэндээ л явчихдаг байж гэж харамсан бодов. Үнэндээ гэхэд хадлан дээр өнгөрүүрлсэн тэр хэд хоног шиг сэтгэлий нь тарчлаасан өдөр хоногийг Дамба урьд өмнө үзсэнгүй. Тиймэрхүү юмтай учирна гэдгээ ч төсөөлсөнгүй. Түүнийг бодох төсөөлөх зав зайг Тогоохүүгийн хайр энхрийлэл өгөөгүй байжээ. Ирэх замдаа гэрээр нь орсон хадланчдын егөө, наргиан, битүү үгс, миний явдал та нарт ямар хамаатай юм гэх бодлыг Дамбад төрүүлсэнгүй. Харин ч зовох, шаналахынх нь үндэс болжээ. Ялангуяа Жигжидийн хэлсэн үг Хандын ярьсан хоёр түүнийг улам ч зовоов. Яагаад Жигжид Дэжидийг ингэтлээ муулах болов. Яагаад Ханд Дэжидтэйгэйгээ эргэж суу гэж ятгана вэ. Яахаараа түүний хувийн амьдрал, бригадын даргад хамаатай байна вэ гэсэн бодол шаналгаж, Жигжид мэтийн дэл сул амьтан Дэжидийн гоочлуулж яваагийн хамаг буруутан өөрөө гэдгийг ухаарч, Дэжидийг магтах Хандын үгийн үнэнийг мэдрэх тусам Дэжидтэй эргэж суухаас өөр замгүй санагдан хадлангаас шууд харьчихдаг ч юм уу гэж бодон байсан нь тэр байжээ. Гэтэл Тогоохүүгийн энэ асуулт түүнийг яаж ч боломгүй зовлонд өнөөдөр эс ч хэзээ нэг цагт унагах юм шиг санагджээ. «Чи дургүй байгаа юм уу? чи бид хоёр үр хүүхэдтэй болох дэмий гэж үү» гэсэн дараачийн асуулт түүнийг «Яалаа гэж. Үр хүүхэдтэй болох шиг сайхан юм хаа байх вэ» гэдэг үгийг арай чамай хэлүүлэв. Энэ үгэнд нь Тогоохүү цаанаа үр хүүхэдтэй болохоороо огт тоохгүй байна хэмээн гомдож учиргүй уйлсанд Дамба «Хүүхдээр яах юм энэ тэр гэж би хэлээгүй шүү дээ. Чи юундаа уйлж унжаад байгаа юм. Угийн үг яриа удаантайгий минь эс мэдэх биш» гэхэд Тогоохүү «Нээрэн ч тийм юм болов уу» хэмээн дорхноо тайтгарч «Чи хүү гараасай гэж боддог уу, охин гараасай гэж боддог уу» гэсэнд Дамба «Охин» гэв. Энэ нь Тогоохүүд хүүтэй болохоороо л тэр гэсэн бодол төрж «Чамд ч тийм нь тийм л байх. Би бол чамтай адилхан хүү гаргах юмсан л гэж боддог» гээд санаа алдсанд үгийнх нь өнгийг мэдэрсэн Дамба дахиад эвгүй үг хэлчихсэнээ булах санаатай «Би бол чамайг дуурайсан охин гараасай л гэж боддог юм. Дараа дараачих нь л хүү байна биз» гэсэнд Тогоохүүгийн сэтгэл сэргэн «Тийм олон гараасай гэж чи боддог уу?» «Тэгэлгүй яахав», «Нээрэн үү, нээрэн, нээрэн». «Цөөхүүлээ өссөн болоод ч тэр үү би өнөр өтгөн олуулаа явах сан гэж боддог» «Хэрвээ би хүүхэд олохгүй бол чи яах вэ?» «Яадаг юм, олохгүй бол олохгүй л байна биз», «Гэхдээ л мэдээж чи жаргаж чадахгүй шүү дээ» гэхчлэн үүр цайтал ярьцгаажээ. Маргааш нь тэр хоёр энэ тухай ярьсан ч үгүй. Энэ ярианаас болж сэтгэл эвдэрсэн ч байдал үгүй, хэн хэн нь сэтгэл өег, амгалан жаргалтай байцгаалаа. Дамба ч нөгөө хоёроо эргэх барих талаар үг цухуйлгасангүй. Тэгтэл нөгөөдөр нь тэднийхнийг чиглэн хоёр морьтон ирсэн нь Дэжид, Цэдэн--Иш хоёр байлаа. Хоймроо нөмгөн суун бороонд норж, сунасан чөдрийн хөх янзалж байсан Дамба тэр хоёрыг ирлээ гэх чимээнээр өөрөө хүрээд ирэх зориг зүрх Дэжидэд бий билүү, үгүй билүү, худлаа байлгүй гэж тээнэгэлзэн, гарч харснаа үнэхээр ирж яваагий нь хараад яаран орж ирж юм хумаа хумин «Яах гэж яваа бол? Юу гэх бол?» гэхээс айх ч шиг санагдан, Тогоохүү рүү харвал мөн яах ч учраа олж ядан зогсож байлаа. Ирж буй хүн хэн болохыг хэдийнээ мэдсэн Бумбаа «Чи бид хоёр ч иймэрхүү л ажил хийж явна даа» гэж ширэв татаад гэртээ оржээ. Тогоохүү Дэжидийг угтахаар гарч төдөлгүй гадаа мэнд ус мэдэлцэх дуулдсанаа баадантай юмбарьсан Дэжид, араас нь хүү нь орж ирэв. Дамба яах учраа олохгүй зогсож байтал Дэжид гэрийн зүүн тал руу гарч цомбойн суугаад:
--Бороо шороонд тохитой л байцгаана уу хэмээн санаанд оромгүй тайвнаар өгүүлсэнд Дамба сая суун:
--Тохитой, тохитой. Та нар тохитой юу хэмээснээ хүү рүүгээ гар сунган:
--Алив миний хүү наар ир гэв. Цэдэн Иш гэрэвшсэн янзтай Дэжид рүү наалдан суусаар байсанд Дэжид:
--Хүүе, аавдаа үнсүүлээч гэлээ. Хүү дурамжхан босч очиж үнсүүлсэн болоод буцаж ирж эхдээ наалдан суулаа. Энэ завсар Тогоохүү цай аягалж идээ будаа тавин, Дэжидийг битүүхэн ажиглаж байлаа. Дэжид аягатай цайгаа оочлох зуураа:
--Танай энэд чинь бага ороо юү дээ гэхэд Дамба:
--Энэ хавиар зах нь шүргэсэн юм шиг байна лээ. Би ч хадлан бордоо гэж яваад өчигдөр л ирлээ.
--Аман усанд хадаж байгаа гэл үү. Хэр юм?
--Унац муутай л юм, гээд яахав дээ.
--Бид хоёр бас хонио авч говь руу хэд хоног отор хийгээд өчигдөр л ирлээ. Энэ хүүхэд наашаа явах гээд санаад ч байгаа юм шиг болохоор нь өнөөдөр дагуулаад гараад ирж байгаа юм.
--Отор оо? Хоёулхнаа юу?
--Тэгэлгүй яахав. Өөр хэнтэй явах вэ дээ.
--Нөгөө хоёр хөгшин яасан?
--Үхэр малаа хараад үлдэхгүй юу гэснээ Дэжид хоол хийхээр борц гарган түмпэн сав угааж байгаа Тогоохүү рүү хандан:
--Бид хоёрт хоол хош хийх гэж байгаа бол хэрэггүй шүү. Бид хоёр бас гэдэргээ яарч яваа хоёроо гэхэд Тогоохүү сая зориглон ам нээж:
--Хийлгүй яахав. Яаж хоосон гардаг юм.
--Зүгээр зүгээр. Энэ хүүхдийг л эцгийнх нь барааг харуулчихъя. Та нартай би ч нэг уулзъя гэж яваа юм гээд түр азнахад Тогоохүүгийн ч, Дамбын ч дотор палхийн одоо юү гэх бол хэмээцгээн царайд нь түгшүүр илэрцгээсэн боловч Дэжид огт үл анзааран мөнөөх тайван хэрсүү хэвээр үгээ цааш залган:
--Нэгэнт бидний явдал ийм болсон хойно, бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр гэхэд сая сэтгэл уужирсан Дамба:
--Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Маргааш нөгөөдрөөс та нарыг эргэе барья л гэж байтал харин хүрээд ирцгээлээ гэхэд Дэжид, Дамбын энэ үгийг сонсоогүй мэт өөрийн үгийг үргэлжлүүлэн:
--Айл гэр болж яваа улс та нарт юүхэн ч хэрэг болох л байлгүй, Хэрэгтэйгээ хэлээд аваарай. Анхнаасаа би өгнө ч гэж хэлсэн шүү дээ гээд барьж орж ирсэн баадантай юмаа задлан дотроос нь цутгамал хүрэл гөрөөс гарган:
--Дамбын өвөг эцгээс үе дамжин ирсэн эд юм гэнэ лээ. Энийг би танайд байх учиртай юм гэж зориуд авчирч өгч байгаа юм гээд хойморынх нь авдар дээр аваачиж тавиад баадангаа эвхэн өвөртлөөд:
--За явах уу, миний хүү гэсэнд хүү гагцхүү тэр үгийг хүлээж байсан мэт ухасхийн босов. Тогоохүү:
--Хүүе алив чихэр гээд авдарнаасаа ууттай чихэр гарган Цэдэн Ишид өгөн:
--Ирж байгаарай гээд инээмсэглэв.
Хүү Тогоохүүгийн өгсөн чихрийг хам хум өвөртлөөд гарахаар завдан буй эхийнхээ араас ум хумгүй яаран гарчээ. Дэжид хүүгийн хамт тэндээс мордон гэрийн зүг явахдаа хийе гэснээ хийчихлээ гэж баярласан ч үгүй. Сэтгэл санаа нь уйтгар гунигтай биш ч хэрнээ хов хоосон ч юм шиг санагдав. Хүү нь өврөө ухан нэгэн цаастай чихэр гарган харснаа буцааж хийн дахин өврөө уудлан өөр нэгэн чихэр гаргаж эх рүүгээ сарвайн:
--Ээж ийм чихэр идэх үү гэв. Дэжид
--Үгүй миний хүү өөрөө ид.
--Үгүй надад бий ээжээ.
--За сүүлд больё доо гэхэд Цэдэн Иш мөнөөх чихрээ задлан амандаа хийснээ,
--Эднийх манай гөрөөсийг тэр том толиныхоо өмнө тавих болов уу яах бол? --Мэдэхгүй л дээ хүү минь яах юм бол доо.
1982 он
|