USA-d ajilladag Mongol ongotsnii uilchlegchin talaar medeelel end bn.endees bas heregtei yumnuud oldono bh.
United-ын Монгол үйлчлэгч
Түүний нэрийг Б. Цэрэнбат гэх бөгөөд саяханаас Юнайтед авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа юм байна.
Монгол хүн Америкад онгоцны үйлчлэгч хийж байгааг нүдээрээ хараагүй л бол бараг итгэхгүй юм байна. Их сонин учрал байна. Бодвол урд нь Монголд онгоцны үйлчлэгч хийж байсан уу?
Урд нь онгоцоор нисэхээс эмээдэг байж. Би социологын чиглэлээр Монголд болон Уисконсины Их Сургуульд суралцсан. Саяханаас л нисдэг ажилтай болоод байгаа. (инээв) Гэхдээ Монголд байхдаа бас онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан боловч хүүхэдтэй тул чадаагүй. Ямар ч байсан хүн санаж явбал бүтдэг гэдэг дээ. Би мөрөөдлийнхөө энэ хэсэгт хүрсэндээ баяртай байна.
Тэгвэл яаж яваад ийм мэргэжилтэй болчихов оо? Шалгалт шүүлгийнх нь босго мэдээж өндөр биз дээ?
Миний хувьд удаан бодсоны эцэст өнгөрсөн оны 10 сард онлайнаар тус авиа компанид элсэн орох өргөдөл гаргасан. Тэр даруй тус компаниас ярилцлаганд орох цаг өгсөн. Сарын дараа хоёр дахь ярилцлаганд ороод 12 сараас шинэ ажилд орсон. Хоёр дахь ярилцлагад тэнцсэн тохиолдолд шууд гуравдахь ярилцлагад оруулсан. Товчхондоо хэлэхэд ярилцлагын эхэнд компанийхаа тухай танилцуулж, тухайн хүний зан чанар, бусадтай харилцах чадварыг илүү анхаарч байсан. Яаралтай үед болон элдэв ааш араншинтай хүмүүстэй хэрхэн харилцах талаар түлхүү асууж, урд хийж байсан ажил мэргэжлийн талаар ч тодруулж байлаа. Мэдээж гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, тус улсад ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг нарийн шалгадаг. Тэгээд л хурууны хээ аваад ажилдаа орох болсон доо.
Онгоцны үйлчлэгч байна гэдэг ялангуяа одоо цагт их хэцүү ажил мэргэжлийн нэг болсон гэж бодож байна. Та бүгдийн хувьд гол шалгуурууд юу байдаг вэ?
Онгоцны үйлчлэгчийн 12 зарчим гэж байдаг. Үүний хамгийн эхэнд мэдээж үйлчилгээ үзүүлэх. Тэгээд л аюулгүй байдал, багаар ажиллах чадамж, орчноо мэдрэх, янз бүрийн соёл зан заншлуудад мэдрэмжтэй хандах гэх мэт зүйлүүд байдаг.
Хамгийн анхны нислэгээ хаашаа үйлдсэн бэ? Сандарч байв уу? Ер нь United АНУ-ын томоохон авиа компани. Өөр Монгол хүн байдаг болов уу?
Чикаго –Филаделфиа- Чикаго гэсэн чиглэлд нислэг үйлдсэн. Ерөөс сандарч мэгдээгүй, харин сэтгэл маш их хөдөлж байсан. Сургалтын үеэр багшийнхаа зааж байсныг хэрэгжүүлэх мөч ирлээ дээ гэсэн бодол төрж байсан. Миний мэдэхээс нэг Монгол эмэгтэй нягтлангаар ажилладаг гэж сонссон. Одоогоор эрж сурсан боловч олоогүй л байна. Гэхдээ заавал холбоо тогтооноо.
Онгоцоор нисч байгаа хүмүүс мэдээж янз бүрийн ааш араншинтай байдаг. Үүнээс хамгийн эмзэг нь шашин шүтлэг байдаг байх л даа. Хэрэв таны онгоцонд нэгэн лалын шашинтай хүн чангаар залбирч эхлэвэл яах вэ?
Сургалтын үеэр иймэрхүү нөхцөл байдалд хэрхэн хандах талаар бидэнд бишгүй заадаг. Хэрэв тийм тохиолдолд түүний хажууд сууж буй хүмүүс ч тавгүй байдалтай байх нь зайлшгүй. Бидний хувьд заавал ганц үйлчлэгч очиж, асуудлыг зохицуулах зорилготой байдаг. Түүнээс бус хэн нэгнийг нь илт өмөөрсөн эсвэл буруутгасан үйлдэл хийж болохгүй. Хэрэв тухайн хүн хүлээж авахгүй бол онгоцны ахмадыг дууддаг. Бид тэр хүнд хүч хэрэглэх хүртэл эрхтэй байдаг. Нэгэнт нислэгийн үеэр ийм явдал гарвал онгоц газардтал нь аргалж байх үүрэгтэй. Онгоцны үйлчлэгч нар нислэг эхлэн, зорчигчдыг суудлаа эзэлж байхад бүгд үүдэн дээр гараад тэдэнтэй мэндчилдэг. Энэ үедээ ч гэсэн хэн нь сэжигтэй харагдаж байна, хэн нь хаана сууж байна гэдгийг давхар ажиглаж байдаг. Тэр бүү хэл асуудал гарсан тохиолдолд надад хэн тусалж чадах вэ, том биетэй хэн нь хаана суух нь вэ зэргийг ч давхар бүртгэж байдаг.
Aюулгүй байдал гэснээс, 9/11-ээс хойш нислэгт буутай агаарын маршалууд явдаг болсон.
Энэ нь арай нислэг бүрт гэж хэлж болохгүй. Тухайн нислэг хаашаа байхаас шалтгаалдаг. Америкийн томоохон хотууд уруу хийж буй нислэгт хоёр маршал явдаг. Тэд зорчигчдоос түрүүлж орж ирээд, өөрсдийгөө илчилж, хаана сууж буйгаа мэдэгдэх үүрэгтэй. Тэд харин алан хядагч онгоцны бүхээг рүү дайрахаас бусад тохиолдолд өөрсдийгөө илчилдэггүй. Онгоцонд согтуу хүн асуудал үүсгэж байсан ч тэд зохицуулдаггүй, энэ нь зөвхөн онгоцны үйлчлэгч нарын үүрэг. Хэрэв алан хядагч нар онгоцны арын хэсэгт үймээн дэгдээгээд бүх анхаарал тийшээ чиглэсэн мөчид онгоцны бүхээг рүү дайрах төлөвлөгөөтэй байж болно. Мөн онгоцны нисгэгч нар ч биедээ зэвсэг авч явахыг зөвшөөрсөн байгаа. Харин онгоцны ахмад юм уу туслах нисгэгч нислэгийн үеэр бие засах шаардлага гарвал үйлчлэгчдийн нэг нь заавал хаалган дээр нь манаж зогсдог. Тэр үед бас л олон юм бодогддог (инээв).
Юнайтедын үйлчлэгч нарын ихэнх нь настай улсууд харагддаг. Тэгээд ч нуулгүй хэлэхэд тэдний харьцаа нэг их сэтгэлд хүрдэггүй. Надтай лав хоёр ч удаа бохь зажилсан үйлчлэгч тааралдаж байсан.
АНУ-ын хөдөлмөрийн хуулиар бол аливаа хүнийг нас, хүйс, гадаад төрх, шашин шүтлэгээр нь ялгаварлахыг хориглосон байдаг. Тиймдээ ч насаараа шахуу онгоцны үйлчлэгч хийж буй олон настай хүмүүс байдаг. Япон, Солонгос, Тайланд тэр бүү хэл Монголд ч хүртэл залуу, сайхан хүмүүсийг авдаг бөгөөд тэдэнтэй тодорхой хугацаатай гэрээ хийдэг байхад хэрэв Америкт нас нь явчихлаа гээд ажлаас нь халбал шүүхдэнэ шүү дээ.
Мэдээж үйлчлэгч нар зорчигчдод эелдэг сайхан хандаж, ая тухтай бүхий л зүйлээр нь хангах үүрэгтэй. Гэхдээ миний хувьд ч гэсэн бохь зажилсан, ажилдаа хайнга хандаж байгаа үйлчлэгч нартай тааралдаж байсан. Өөрсдөө байгаа байдал, хийж буй үйлдэлдээ дүгнэлт хийх чадвартай улсууд байдаг тул тэр улсуудад заавал түүнийг нь сануулаад байдаггүй.
Зарим зорчигч нар дэндүү их юм шаарддаг. Тэр нөхцөлд мэдээж та нар хүн л юм чинь дотроо бол нүүрийг нь “маажаад” авмаар санагддаг үе бий байлгүй дээ.
Зорчигч нар суудлаа солих гэх зэрэг олон хүсэлт гаргадаг. Хэрэв тэр хүн сайхан асуувал, бас дээрээс нь боломжтой бол суулгалгүй яахав. Саяхан манай нэг үйлчлэгчээс нэг зорчигч алимны жүүс асуухаар нь залхасан уу яасан дууссан гэж хэлсэн байна. Тэр дороо бид нар дээр эргэн ирээд тэдийн тэд дээр сууж байгаа хүнд алимны жүүс дууссан гэж хэлнэ шүү гэх жишээтэй.
Нислэгийн үеэр үнэгүй ундааг нь гүзээлээд байхаас өөр хийх зүйл нэг их байдаггүй. Ер нь нэг зорчигч хэдэн удаа юм асуух эрхтэй байдаг вэ? Юнайтедэд шүдний сойз, хөзөр, улавч зэрэг байдаг уу? Бас хамгийн сонин хачирхалтай хүсэлт юу байдаг вэ?
Мэдээж олон улсын нислэгт бүх зүйл байдаг. Нэг хүнд уух зүйлийн хэмжээнд хязгаар байхгүй ч гэсэн хэдхэн цагын нислэгт олон зүйл шаардаад байвал жоохон бэрхшээлтэй байдаг. Жишээ нь саяхан Дэнвэр-Лас Вегасын 54 минутын нислэг агаарын түрлэг ихтэй нислэг байлаа. Тэгээд 156 хүнд гуравхан үйлчлэгч зогсоо зайгүй ажиллаж байхад урд сууж байсан улсууд шүүс, ундаа, кофе зэрэг зэрэг асуугаад маш хэцүү байсан. Одоо онгоцонд тамхи татахаа болиод удаж байгаа. Амстердам уруу хийж байсан нислэгийн үеэр нэг зорчигч, танай жорлонд үнсний сав харлаа. Би тамхи татаж болох уу хэмээн асууж байсан. Манай онгоцнуудын ихэнх нь нилээн хуучин тул, жорлонд нь үнсний сав байдаг. Гэхдээ түүн дээр тамхины иш хийж болохгүй гэсэн анхааруулга байдаг.
Би өөрийг чинь хэр зэрэг завгүй байдгийг бас харж байна. Би ч бас томоохон саад болчихлоо. Гэхдээ цаг зав гарган яриа дэлгэсэнд их баярлалаа. Танд өндөр амжилт хүсье!
Зүгээр. Юнайтедээр үйлчүүлсэн таньд ч бас баярлалаа.
Ярилцсан П. Байка
mongolmedee.net