Мөнхийн нууц, мөнхийн домог-Чингисийн онгон
-Чингис хааны онгон угийн янзаараа хадгалагдаж,
бурхан шүтээн шиг Монголын ард түмний зүрхэнд өнө мөнхөд орших болтугай-
- Н.Багабанди
Чингисийн онгоныг замын ажил хийж байсан хүмүүс Онон гол орчмоос олжээ гэдэг мэдээлэл гадаадын сайтад гарч олны анхаарлыг татав. Гэхдээ энэ бол үндэслэлгүй мэдээлэл гэдгийг ССАЖЯ болон ШУА-ийнхан болон Архелогийн хүрээлэнгийнхэн зэрэг холбогдох албаныхан үгүйсгэж байна. Ер нь монголчууд бид өөрсдөө ч мэдээгүй байхад гадаадынхан эзэн Чингис хааны маань онгоныг оллоо, онгон байгаа газрыг илрүүлчихлээ гэх мэтээр үе үе дуулиан тарьдаг. Саяын мэдээлэл түүний л нэг. Бас л нэг ээлжит алдар нэр, адал явдалд дурлагчийн хийсэн ажил байж мэднэ. Их эзэн Чингис хааны алтан шарилыг төр, ард түмэнд нь мэдэгдэлгүйгээр батаарын яс шиг хил давуулаад явчихгүй нь ойлгомжтой.
Юутай ч Чингисийн онгон хаана байгаа вэ гэдэг асуулт хүн төрөлхтний анхаарлыг татсаар байна. Чингис хаан эгнэшгүй их алдар суу, агуу үйлсийнхээ адилаар тайлагдашгүй, дуусашгүй нууцыг хүн төрөлхтөнд үлдээсний нэг нь түүний онгон юм. Тэрхүү нууцыг тайлах гэж олон хүн мэрийж, их хааны намтар, түүхийг судалж, түүхийн жимээр бэдэрч байна. Хүн төрөлхтөний хамгийн агуу их хаан хаана мөнх нойрсч байна вэ. Үүнд хариулах гэж мэрийсэн түүхч, судлаач, эрдэмтэд хэдэн зуугаар тоологдох авч зорилгодоо хүрсэн нь алга. Сүүлийн 200 жилийн дотор 100 гаруй экспедиц Чингис хааны онгоныг хайж байжээ. Тэд бүгд л мухардалд орж, агуу их санаархлаа арга буюу орхидог байв. Гэвч дахиад л нэг адал явдалд дурлагч гараад ирнэ. Чингис хааны онгоныг олж, алдар нэрээ түүхэнд мөнхлөхийг мөрөөднө. Урьдын адил бүтэлгүй тавилан түүнийг хүлээж байх ажгуу.
Чингисийн онгоныг мөшгөсөн олон зуун экспедицийн дотроос их хааны онгоныг олчихлоо гэж хэлсэн нь ганцхан байдаг. Тэр нь монголчууд байсан нь сонирхолтой. “Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн таван жилийн өмнөөс Чингис хааны онгоныг олсон хэмээн дуулиан тарьсан мэдэгдлүүд хийж эхэлсэн. Тэдэнтэй адил Чингис хааны онгоныг олсон гэж барин тавин ярьдаг нэгэн эр бас бий. Казахстаны иргэн Серик Самарханов далд ертөнцөөс ирсэн мэдээллийн дагуу агуу их Чингис хааны онгон Казахстаны нутаг Айнабулагийн хөдөөгийн тойрог, Зайсаны районы Сундуктас гэдэг ууланд Чингисийн онгон байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Манай “Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн Чингис хааны онгон Бурхан Халдун уулын их овооны дор байгаа хэмээн үзэж, хэвлэлээр баахан ярилцлага өгсөн. Харин ШУА-ийнхан тэдний энэ мэдэгдлийг олон нийтийн сэтгэл зүйгээр тоглосон, ашиг хонжоо хайсан явдал, сонгуулийн өмнө шоу гэж үзэж, үгүйсгэж байсан юм. Далд ертөнцийн мэдээллийг аваад Чингисийн онгоныг олчихлоо хэмээн дуулиан тарьсан казах эрийн үгэнд итгэхээсээ далдхан мушийх хүн олон байв. Сэтгүүлч Г.Бадамсамбуу жил гаруйн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чингисийн онгон олдох онолын магадлал өндөр байгаа” хэмээн дурдсан байсныг ч бас анхаарахгүй өнгөрч болохгүй.
Америкийн “National geographic” нийгэмлэг, Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хамтран Чингис хааны онгоныг хайх төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. “Хааны хөндий” хэмээх энэхүү төслийн судалгааны багийн 30 гаруй хүн Монголд ирж, олон улсын 700 гаруй судлаач хиймэл дагуулаас авсан Монголын газрын 85.000 орчим зургийг судалсан байдаг. Тэд “Майя, ацтек зэрэг эртний иргэншлийн тууриуд олдож, 3000 жилийн өмнө амьдарч байсан хүний булшийг ч нээсэн. Тэгвэл Чингис хааны булш 800 жилийн настай учраас бидэнтэй харьцангуй ойр байх учиртай. Дэлхийн түүхэн дэх агуу удирдагчийн бунхныг олно гэдэгтээ итгэлтэй байна. Олон хүний хүч, ухаан, компьютерийн өргөн мэдээлэл бидэнд энэ боломжийг олгоно” хэмээн мэдэгдэж байсан юм.
Уг судалгааны багийн аяллын тухай “Чингис хааны хориотой булш” нэртэй баримтат кино үзэгчдэд хүрсэн. Энэ мэтээр Америк, Япон, Хятадын олон судалгааны баг Монголд ирж, Чингис хааны онгоныг эрэн хайж байсан юм. Ийм судалгаанууд өнөөдөр ч үргэлжилсээр.
Анх 1990-1992 онд Япончууд нэг тэрбум 200 сая иений тусламжийн хөрөнгө гарган Монгол, Японы эрдэмтдээс бүрдсэн хамтарсан археологийн баг байгуулан, “Гурван гол” нэртэй эрэл хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
Түүний дараа 2000 онд Америкийн тэрбумтан Круз нэг сая 200 мянган америк доллар зарцуулан, Монгол, Америкийн хамтарсан анги байгуулж 2000-2002 онд Чингис хааны онгоныг эрж хайх ажиллагаа явуулсан байна. Мөн 2001 онд Монгол, Японы хамтарсан хайгуулын баг “Шинэ эриний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж дахин Чингис хааны онгоныг эрж хайх археологийн судалгааны ажил өрнүүлжээ. Дээрх хайгуулын баг, ангиудын ажил бүгд ямар ч үр дүнгүй төгссөн юм.
Энэ мэтээр Чингис хааны төрөлх нутаг, гал голомт, унасан тоонотыг нь нэгжин хайхаас гадна түүхэн сурвалж бичгүүдийг онгичин онгоныг нь бэдрэгчид тоймгүй олон. Хятадын өвөр Монголын өөртөө засах орны Эзнэй хороо хошууны төв байрлах Алтан шилийн тосгоноос өмнө орших Гандир овоон дээр Монгол гэрийн хэлбэртэй байгууламж бүхий Чингисийн онгон бий.
Түүхэн сурвалжийг нягтлахад энэхүү байгууламж нь Чингисийн онгон тахилгын газар хэдий боловч их хааны онгон энд байхгүй гэдэг нь нотлогддог. Ордос дахь энэ газарт Чингисийн өмсөж байсан хувцас төдийхнийг л төлөөлүүлэн онголсон гэдэгтэй эрдэмтэд санал нэгдсэн юм. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа “шарилыг Онон, Хэрлэн, Туул гурван голын эх авдаг Бурхан халдун уулын аль нэгтээ газар онголов” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Досаны “Монголын түүх” номд Чингис хааныг “Чинянгү”-д \Чонын гуу\ онголов” гэж бий. “Юань улсын судар”-т “Чингис хааныг нэгэн уулнаа оршоов. Тэр уулын нэрийг Алтай хэмээмой. Хожим түүний ургийнхан болон хаадыг энд онголох болов” гэсэн байдаг бол Марко Пологийн тэмдэглэлд “Чингис хааны онголсон уулын нэрийг Ехан гэнэ” гэжээ.
Ийнхүү судар шаштир өөр өөрөөр тэмдэглэсэн нь хожмын хүмүүсийг эргэлзээ, төөрөгдөлд оруулжээ. Энэ нь зориуд тэгсэн хэрэг байж магадгүй гэж үзэх хүн ч бий. “Чингис хааныг заримууд Алтай ханд онголов гэх, заримууд Бурхан Халдунд онголов гэх” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Чингис хааныг тэнгэрт хальсны дараа шарилыг нь маш чанд хамгаалалтын дор эх нутагт нь авчран, зөвхөн алтан ургийнхныг байлцуулан онголсон гэх мэдээ баримт бий. Тиймээс Чингисийн онгон олдохгүй, олох гэж хайх ч хэрэггүй гэж үзэх хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ.
Ийм үзэл бодолтой хүмүүсийн дотор эгэл жирийн иргэдээс гадна эрдэмтэд, судлаачид, төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид ч олон байна. ШУА-ийн академич, Юань гүрний түүх судлагч эрдэмтэн Ч.Далай нэгэн сонинд өгүүлэл нийтэлж Чингис хааны онгоныг эрж хайх ажиллагааг эсэргүүцэж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа 2004 онд Хятадад айлчлах үеэрээ ССТВ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Чингис хааны онгоныг эрж хайхыг зөвшөөрөх ч үгүй, дэмжих ч үгүй. Чингис хааны онгон угийн янзаараа хадгалагдаж, бурхан шүтээн шиг Монголын ард түмний зүрхэнд өнө мөнхөд орших болтугай” гэж хэлж байсан юм. Тэрээр бас “Чингис хааны онгон чухамдаа аль зүгт байгаа, чухам ямар байдалтай байгаа гэдэг асуудал нь түүнийг өнө мөнхийн нууц болгож тэдгээр нууцыг тайлахыг эрмэлзэгчид тэрхүү нууцыг тааж тааварлаж л байг” гэсэн билээ.
Чингис хаан бол хүн төрөлхтөний түүхэнд домог болсон бие хүн. Түүнтэй алдар суугаараа эн зэрэгцэх хаан, жанжин, удирдагч төрөөгүй, төрөх ч үгүй биз. Дэлхийн алдарт долоон жанжин Чингисийн дэргэд хүүхэд шиг юм. Ийм санааг Ж.Неру охиндоо бичсэн захидалдаа дурдсан байдаг. Тэгвэл яг үүнтэй адилаар дэлхийн долоон гайхамшиг ч Чингис хааны бүтээн цогцлуулсан гайхамшгийн дэргэд юу ч биш юм. Чингисээс өөр ямар ч алдартай хаан, ямар ч агуу байлдан дагуулагч Их Монголын эзэнт гүрэн шиг агуу том нутаг дэвсгэрийг эзэлсэн улс гүрэн байгуулж байсангүй. Чингис хаан үлгэр домог шиг, хий үзэгдэл, хуй салхи шиг л тийм ер бусын ид шид, эрчим хүчээр өрнө, дорныг эзэлж, наран ургахаас шингэх хүртэлх бүх газрыг өөрийн эрхшээлд оруулж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж чадсан.
Тэрээр нэгэн хүний амьдралд ахдам үйлсийг бүтээсэн шигээ өөрийн хураан төвшитгөсөн тэр агуу уудам газар нутгийнхаа хаа нэгтээ шингэхдээ хүн төрөлхтөнд тайлагдашгүй оньсого үлдээсэн юм. Домог хэзээ ч төгсдөггүй. Нууц гэдэг хэзээ ч тайлагддаггүй. Чингис хааны онгон энэ дэлхийн хаа нэгтээ бий гэдэгт итгэдэг хүмүүс төрсөөр, түүнийг хайсаар байх биз ээ. Их хаан мөнхийн нууцаа хадгалан нойрссоор...
Г.Сонинбаяр
Eagle.mn