|
Лённебергийн Эмиль хүүгийн тухай өгүүлэх нь
Лённеберг хэмээх гацаанд амьдардаг нэгэн жаал хүүг бүгд ийн нэрлэх бөлгөө. Тэр хэтэрхий зүггүй, зөрүүд нэгэн болохоор хэн хүнтэй зүйрлэх юм биш ээ. Түүнийг унтаж байх үед нь халти харвал дуулгавартай, эрх хонгорхон зантай болов уу гэмээр бодогдож ч болох юм.
Та нарыг хүсвэл ямар хүүхэд болохыг дүрслэн хэлээд өгөх үү? Гүн цэнхэр нүд, балин хамар, ягаан хацар, боловсорч гүйцсэн хөх тарианы өнгөт даахирсан үс төдий биш ээ! Гэхдээ та нар ийм хүү байжээ гэж бодож байна уу. Тэгвэл том алдаа болно шүү! Таван настай боловч бие том, чацархуу чийрэг өссөн, бяр чадал сайтай ажээ. Тэр миний дээр хэлсэнчлэн Лённеберг гацаанд амьдарч байсан, гэхдээ яг тэр гацаанд ч биш Катхульт хэмээх Лённебергийн зэргэлдээ орших Смоландын тойрогт орших хот айлд байжээ. Ийм болохоор түүний ярианы аялга Смоланд маягийнх шиг биш байдаг нь түүний буруу ч биш юм. Смоландад нийслэлийнхэн шиг ярьдаггүй шүү дээ. Жишээ нь, Эмиль та нар шиг «Надад саравчтай малгай аваад өгөөч!» гэж хэлэх хэрэг гарвал тэр, «Миний саравчит хаа байна?» гэж хэлнэ.
Нэгэн удаа аав нь хот яваад ирэхдээ түүнд бяцхан цохтой цэмбэн малгай авчирч өгчээ. Тийм малгайтай болоод хэчнээн их баярласан гээ! Тэр ч атугай унтахаар хэвтэхдээ, «Миний саравчит хаа байна?» гэж ээжээсээ шалаад салахгүй байдаг байлаа. Цэмбэн малгайтай унтах нь тийм ч таатай биш учир ээж нь нуучихдаг байж, Гэвч тэр, «Миний саравчит хаа байна?» гэж Лённебергийн захад ч дуулдахаар чанга орилж хашхирна. Бараг гурван долоо хоног шахам Эмиль энэ малгайгаа өдөр ч, шөнө ч толгойноосоо салгасангүй. Тэгээд тэр малгай нь юу болон хувирсан гэж санана? Гэхдээ хүссзн бүхнээ гүйцээж хийж явах нь түүнд юу юунаас чухал байлаа.
Нэгэн удаа шинэ жилийн үеэр ээж нь ямар ч байсан нэг таваг жигнэсэн шош түүнд идүүлье гэж шийджээ. Шош гэгч их илчлэг тул биенд ашигтай шүү дээ. Гэвч Эмиль эрс татгалзсан,
- Чи ер ногоо идэхгүй юү?
- Яалаа гэж? Хүсээд, байвал одоо ч идээд өгье. Гэхдээ чанаж болгосон биш жинхэнэ ногоо, - гээд тэр гацуур мод уруу очиж шилмүүстэй мөчрийг таслан авч амандаа шууд хийгээд зажилсан. Шилмүүс хэлийг нь хатгаад, мэдээж удаан зажилж чадаагүй.
Эмиль гэгч хэчнээн зөрүүд хүүхэд болохыг одоо чи ойлгож байгаа биз? Тэр, бүгдийг захирч байхыг хүснэ. Ээж, аав, Катхульт хот айлынхныг, тэр ч атугай болдог бол Лённебергийнхнийг цөмийг нь! Гэхдээ Лённебергийнхэн ер үүнийг юунд хүлээх билзэ дээ,
- Катхульт хот айлын Свенсоных гэж хэцүүхэн улс шүү! гэж тэд гашуудалтай дуу алдацгаан, - Тэдний хүү ч хүн биш хараалд хатмар даа! Өсөж том болоод ер ямар хүн болох бол гэцгээнэ.
Тэнэг гэж тэнэг хүмүүс шүү!
Эмилийг өсөж том болохоороо ямар хүн болохыг нь хэрвээ тэд мэддэг сэн бол тэгж уйлан дуулахгүй байх байсан биз! Эмиль өсөж том болоод их бага ч гэлээ тосгоны тэргүүн болсон шүү дээ! Харин тосгоны захиргааны тэргүүн гэж юу байдгийг мэдэхгүй бол энэ нь тэр тойрогтоо хамгийн хүндтэй хүн болохыг би чамд батлан хэлж чадна. Эмиль тийм л хүн болсон. Ямар вэ дээ!
Гэвч энэ тухай дараа өгүүлье. Харин одоо бол Смоландын тойргийн Лённеберг гацааны Катхульт хот айлд Эмиль гэгч жаахан хүүхэд аав ээжтэйгээ хамт амьдарна.
Түүний аавыг Антон Свенсон, зэжийг Альма Свенсон гэх агаад тэд бас Ида хэмээх охин дүүтэй. Тэднийд Альфред гэгч эрэгтэй, Лина гэгч эмэгтэй зарцлагддаг байна.
Тэр үед хот айл бүхэнд гэр орны нь ажилд туслах зарц нар байдаг байжээ. Тэдний эрэгтэйчүуд газар хагалж, мал маллан, өвс хадаж, төмс ногоо арчлах ажил хийхэд, эмэгтэйчүүд үнээ мал саах, сав суулга угаан, гэр орны ажил хийж хүүхэд асарна.
Одоо чи Смоландын тойргийн Лённеберг гацааны Катхульт хот айлынхны тухай мэдэж авав уу,
Тэгвэл хамтдаа тэднийг нэрлэе. Аав Антон, эх Альма, охин дүү Ида, эрэгтэй зарц Альфред, эмэгтэй зарц Лина, бас хоёр морь, хос бух, 8 үнээ, 3 гахай, 10 хонь, 15 эм тахиа, нэг азарган тахиа, ганц муур, гоонь нохой. Тэгээд мэдээж Эмиль өөрөө байгаа!
Катхульт бол гаднаас нь харахад нүд булаам сайхан хот айл! Улаан өнгөөр будсан байшин нь бяцхан толгойн орой дээр алимны мод, голт борын бутан дунд оршино. Эргэн тойрон тал хөндий малын бэлчээр цэлийж, алсад нуур, битүү шигүү ой харагдана. Хэрвээ Эмиль байгаагүй бол энэ Катхульт хот айл хэчнээн амар жимэр байх сан бол!
- Зүггүй золиг! гэж Лина санаа алдан, үгэнд ер орохгүй. Зүггүйтэхгүй юм аа гэхэд өөртэй нь хэзээд нэг л бүтэлгүй юм болж байна. Ийм юм насандаа үзсэнгүй гэж үглэнэ.
Гэвч зэж нь Эмилийг ямагт өмгөөлж,
- Хүүхэд ад үзээд хэрэггүй.Аюултай юм юу болоод байгаа юм бэ? Өнөөдөр гэхэд тэр ганц удаа л Идагаа чимхсэн, бас нэг удаа цөцгий асгасан. Тэгээд л болоо! Чи бод л доо! Аа, бас тахианы хонуур тойруулж муур хөөсөн... Гэхдээ Лина минь, тэр чинь сайн хүү шүү гэнэ.
Үнэндээ Эмиль тийм ч муу зантай хүүхэд биш ээ. Энэ талаар бол хэлэх юмгүй! Тэр Ида, бас муурандаа хэчнээн хайртай билээ. Иймд дүүгээ чимхэх хэрэг гараад л тэгээ биз. Тэгээгүй бол тэр лав жимсний чанамалтай талхаа түүнд өгөхгүй байсан биз. Харин өндөрт хэр харайдгийг нь үзэх л гэж муурыг элдэж хөөсөн хэрэг! Харин тэнэг муур түүнийг ойлгоогүй аж.
Ийнхүү 3-р сарын 6-нд Эмиль биеэ гайхалтай сайхан авч явж байлаа. Тэр зөвхөн ганц удаа Идагаа чимхэж, мууртай жаахан тоглоод өглөөний ундны өмнө цөцгий асгасан. Өөр онцын юм энэ өдөр тохиолдсонгүй. Харин одоо аливаа элдэв сонин үйл явдлаар дүүрэн байдаг Эмилийн амьдралын бусад өдрийн түүхээс ярья. Ингэж ярих болсон учраа би төдийлөн сайн мэдэхгүй юм. Гэхдээ Эмиль үнэндээ Линагийн баталснаар зүггүйтэхгүй байж чаддаггүйгээс юм уу, эсвэл тэр хэзээд өөрийн эрхгүй янз бүрийн юманд орооцолдож явдгаас ч тэгдэг байж болох юм. Тэгэхээр...
[/size]
_________________ u r ma hero
| Сүүлийн удаа pcd 5-р сар.25.11 3:33 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан. |
| тэмдэгт нэмэв |
|