Түүхч Н.Нагаанбуу: Галдан хаан Халхад довтолсноор Халх Манжид эзлэгдсэн хэрэг огт биш
Халхууд Урвасан
"Урвасан нь бодитой үнэн түүх. Түшээт хан Гомбодоржийн хүүхдүүд өсч, эцгийгээ амьд байх үеэс “Манжид эзлэгдэх юм бол…” хэмээн эртнээс нүхээ малтах зорилгоор Манж руу тал тохой татаж эхэлсэн байдаг. Түшээт хан Гомбодорж 1655 онд нас барсан. Гэтэл түүнээс хоёр жилийн өмнө 1653 онд хүү Бундар нь харъяат ард иргэдээ аваад Манжид очиж дагаар орсон байдаг. Тэр байтугай Халхын ноёдоос хамгийн анх удаа Засаг Чин ван цол хүртэж, харьд урвасан тод тохиолдол түүхэнд бичигдсэн байдаг.
Энэ бол Гомбодоржийн нөгөө нэг хүү Занабазар тэргүүтнүүд Манжид 1691 онд бүрэн бууж өгснөөс даруй 38 жилийн өмнө болсон үйл явдал шүү! Бас тэр эмгэнэлт цагаас 36 жилийн өмнө Анхдугаар Богдын төрсөн дүү шинэ Түшээт хан Чахундорж эцгийхээ эзгүйрсэн• суудлыг өвлөмөгцөө өөрийн дүү, хүүхдүүдээ Манжийн хааны ивээлгэд суулгасан гээд урвалгын урьдчилсан бэлтгэлийн гэмээр түүх яривал зөндөө зүйл ярьж болох байх.
Тодруулж хэлбэл, анхдугаар Богд ч, Чахундорж ч хожим Манж руу зугтан очиход тэнд эцэг эх нэгтэй элгэн садан Бундар зэрэг ах дүүс нь Манжийн албанд зүтгээд, элбэг хангалуун хүлээж тосч авсан. Өөрөөр хэлбэл, тэд Галдан хаанд хөөгдөхийн эрхээр юуны ч учир ололгүй хүний газар очсон юм биш."
"-Хамгийн гол нь энэ буруу ойлголтоос бас салах хэрэгтэй байна. Түшээт хан буюу төв халхдаа бурууг тохохоос зайлсхийдэг бөөрөнхий, аймхай үзэл сурталч түүхчдийн балгаас түүх гажуудаж байгаагийн тод жишээ энэ юм. Галданг довтлохоос өмнө Түшээт хан Чахундорж нэгэн түм буюу арван мянган цэрэг дайчлан Зүүнгарын нутаг руу дайн байлдаан, өдөөн хатгалга хийж, Галдан хааны дүү Доржжав болон Засагт хан Шар нарыг хүйс тэмтрэн алсан байдаг. Мөн Галдан хаанаас Манжийн хаанд илгээсэн гурван зуу гаруй элчийг зам зуураас довтолж устгасан гээд эдгээр ярих өч төчнөөн баримт юу харуулж байна вэ? Яагаад Түшээт хан Чахундорж Халхын хүчийг харийн Манж руу биш, Ойрад Монгол руу эхнээс нь эргүүлэх гээд байв?"
"-Би өмнө нь баримт дурьдан ярьсан. Галдан хаан, “Долоон хошууны Халх надад дайсан биш” гэж мэдэгдэж, “Түшээт хан, түүнийг дагасан Сэцэн хан нарыг дүү нар, үр хүүхдээ Манжийн хаанд илгээн, тэд нартай ураг худ болж холбоолж байгааг зогсоо, ойрад, халх хоёр нэгдэж Манжийн эсрэг зогсоё” гэж тэмцсэн. Чахундорж, Занабазар нар зугатаж Манжид байсан холбоотон болон ах дүүстээ очиход, Манжийн хаанаас “Монголын нэгдэл, тусгаар тогтнолд дайсагнасан эл хоёр этгээдийг өг!” гэж шаардаж байсан."
"Тухайн үе бол Монголын тулгын гурван чулуу баруун төв, зүүн гэх эртний уламжлал нь өөрчлөгдөж, Ойрад, Халх, Цахар буюу Ар, Өвөр, Баруун Монгол гэсэн ялгамжаар зааглагдсан үе. Ар халх нь боржигин буюу алтан ургийн бага ноёдын удамтнуудтай. Ойрад нь цорос овгийн дээд ноёдтой. Өвөрлөгч нар нь Лигдэн зэрэг алтан ургийн их ноёдын удам, мөн түүнийг дагасан Чингис хааны онгон шүтээнтэй байдаг байлаа.
Ар Монгол нь Чингис хааны цагаан тугтай голомт нутаг боловч товойн гарч чадахгүй байсан. Иймд шашны Анхдугаар Богдын дүрийг Түшээт хан Гомбодоржийн гэрээс Занабазар гэдэг хүүг тодруулж, түүнийгээ хаан хэмээн өргөмжилсөн.
Өвөр Монгол нь угсаа залгамжилсан Лигдэн хүртэлх хаадтай. Харин баруун Монгол нь Зүүнгарын Галдан хааны улстай байв. Манжийг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл мөхөстөж, улмаар өвөрлөгч ноёд ээлж дараалан Манжийн цол шагналд оочирлогдон урвасаар 1630-аад оноос Манжид дагаар оржээ.
Халхын ноёд, ялангуяа Түшээт хан аймгийнхан хашир хэрсүү Гомбодоржоос хойш Манжид ил далдаар сээтэгнэх болсон. Энэ үеэс л Галдан, Занабазар хоёрын тэмцэл хурцадсан хэрэг."
"Манжийг сөрсөн хүч энэ дэлхий дээр ганцхан Галдан хаан, түүний хүчирхэг арми л байсан. Манжаас илүүтэйгээр монголчууд, ялангуяа Түшээт ханы Чахундорж тэргүүтэй Түшээт ханыхан Галдан хааныг дотроос нь задлах, гаднаас нь бутлах үйл ажиллагааг олон жил уйгагүй хийсэн.
Галдан хаан Манжтай тулгарсан их бага олон тулаан, дайн байлдаан бий. Хамгийн гол нь, Галдан хаан бол манж, нанхиад, өвөрмонгол, бас халх монголын нэгдсэн цэргийн хүчний эсрэг Монгол үндэс угсаатныхаа тусгаар тогтнолын төлөө хааны ёсоор тэмцэж, эцэстээ ганцаардах хуртлээ туйлбартай тэмцсэн жинхэнэ Монгол хаан."
Ойрадын Гүүш хааны Цорос аймгийг Хасарын хойчис гэдэг. Цоросын Эсэн тайш хаан эцэг Тогоон тайшаас өвлөж, 1451-1454 онд нийт Монголын хаан байсан. Галдан хаан бол Эсэн хааны бага хүү Эсмүний хойчис бөгөөд 1643 онд Эрдэнэбаатар хиан тайшийн зургаадугаар буюу хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Зургаадугаар хүү гэсний учир нь, Эрдэнэбаатар хиан тайш гурван хатнаас төрсөн арван хоёр хөвүүнтэй байснаас зургаа дахь хүү нь Галдан хаан байсан юм. Харин Юм Агас хатнаас гарсан лоёр дахь хүү нь Галдан хаан юм. Хэрэйдийн Тойрол хааны торгууд удмын Амгалан ноёнд Ойрадын Тогоон тайш өөрийн Юм Агас охиноо өгчээ.
Тэгэхээр Галдан хаан Хасарын хойч Цорос эцэгтэй, эртний хуяань (хүннү) хаадын хойчис, Хэрэйд Тойролын алтан ургийн торгууд эхийн үр язгууртан юм.
http://mongolcom.mn/read/32168