Сайхан байна аа. Шинэ долоо хоногийн өглөө байгаль дэлхийн байдлыг эс тооцвол сайхан л эхлэж байна. Шороон шуураад л, өглөө гэрээсээ гараад явдаг чиглэлээрээ автобусны буудал орлоо хүн ихтэй, автобус бүгд л чихээстэй, чихэлцээд суулаа, хүмүүсийн байгаа байдал яг л хэвээрээ картын бараанд дугаарлан зогсдог бага нас байнга санагдаастай хэхэ...
Жас ёсоороо 10 минут хоцорлоо ажлаасаа. Өчигдөр дүүтэйгээ уулзсан баярласан баярын нулимс унагасан бас дүүгээ өрөвдсөн.
Багынх нь гал цогтой нүд, жоохооон хэрнээ шөрмөслөг хөөрхөн бор төрх харагдахгүй болчихож. Дуу нь ч яасан шингэхэн юм хэхэ бүүр хайр хүргээд. Арга ч үгүй биздээ. 2 эгч, эмээ гээд дандаа эмэгтэйчүүдийн дунд байгаад байхаар...
Амьдралын нугачаанд алдалгүй явж байгаад нь маш их баярласан. Өдийд 80 хүрчихээд сэргэлэн цовоо байгаа эмээд бас маш их баярлаж байна. Эрүүл саруул урт наслах болтугай буурай минь.
Ах шуу юм бол одоо л тэрнийгээ харуулах болжээ
Чойном гэж чухам хэн юм бэ?
Хагартлаа цадсан баян айлын танхил нөхөр байв уу?
Зүс царай сайхан, бие бялдар бадриун хүдэр нөхөр байв уу?
Зөвлөлт социалистаар амьсгалсан боловсрол гэж төө зузаан эрдэмтэн нөхөр байв уу?
Танил найз нөхдийн ардуур урдуур гүйх гүйдэл лугаа нөхөр байв уу?
Мэдэх хүн байвал хэлж өгөөрэй гэж хүсэе.
Ямартаа ч энгийн хэрнээ гайхалтай бичдэг нөхөр гэдэгтэй би л хувьдаа баттай итгэдэг.
Диваажин
[spoil]Үхээд төрөх диваажингийн орон
Үүлнээс дээр бий гэлцэнэ
Үнэн ч бай, худал ч бай тэр яах вэ
Үс маань тас хар байхад би зовохгүй
Зовсон ч гэсэн үхэхийн цагт
Зориуд хийсэн үйлийн эрхээр
эрхэм тэр диваажинд биш
Эрлэг тэр тамд нь орох байлгүй
Амьд насны минь диваажин гэж
Алтан дэлхийд байдаг бол
Амралтын путёвк олгодог шиг
Арын хаалгаар очмоор байна
Очихгүй ч гэсэн эрэн эрсээр
Орноосоо нэг хармаар байна
Хаана байна диваажин?
Хааны цагаан орндонд байна уу?
Ханандаа тольтой
Шаландаа хивстэй
Крантны устай
Гүйдлийн галтай
Хамаг хоол нь витаминаат цэнэглэгдэж
Халбага сэрээ нь никелээр гялалзаж
Гэрийн хэрэгсэл тоосгүй гялалзаж
Гэргийн нүүр тос даагаад
Гэмгүй нөхдийн дуудлаганд утас
Гэнэ гэнэхэн жингэнэн дуугарна
Гэгээн цонхоор саран авхай
Гэтэн харсаар сэмхэн сэрвэлзэнэ
Хурал, баяр хоёрт айргийн тавтай
Худалдаа, үзвэр хоёрт арын хаалгатай
Хураасан буян ходоод хоёрын хүндэд
Хурдан тэрэгний нум хотос хийх газарт
Хуурай газрын диваажин байна уу?
Хаана байна диваажин?
Хагархай цоорхойгоо сольж өмсөөд
Хатсан талх хувааж идээд
Харанхуй үүрээр ажилдаа шогшин
Халагдан, хаа газрын хаалга тогшоод
Баярын үеэр мөнгө нь ховордоод
Базааж бэлдсэн юмгүй зочид нь олдоод
Балга дарс нь аманд ч үгүй, хамарт ч үгүй
Байцааны шөл, дэмий яриа хоёроор орлуулан
Үхсэн ч <<Алтан өлгий>> гэдэг
Үхээрийн газрын эрхгүй
Төрсөн ч <<Зим>> гэдэг
Төмрөөр хэрэглэх золгүй
Өрөвч сэтгэл нь цагаан яваа
Өвдөвч ухаан нь эрүүл байх
Өдий төдий хүний
Шоргоолжин довнууд шиг
Өрх гэрүүдэд диваажин байна уу?
Хаана байна, диваажин чинь?
Халуун амрагийн зүрх
Хайрыг амтлан догдлох үеэр
Харандааны үзүүр цаасан дээр
Хальтирсан юм шиг довтлох үеэр
Ширхэг үс нь бууралтаагүй толгойд
Шижгэнэн буцлах үгийн хаялганаас
Шишинхуар цэцэг шиг шүлгүүдийн
Шинэхэн бадгуудын урьтах цагаар
Эрт балрын домог цуурхал
Ээрэм тал, эсгий гэр, аргалын утаа
Эцэг өвгөдийн бурхан шүтээн
Элбэг найрын ууган дугараа
<<ЭР борын>> урьхан цуурай
Эхлээд учирсан хоньчин бүсгүй
Энэ бүхэн хасагдах болохоор
Энд диваажин байна уу?
Хаана байна, диваажин?
Харанхуй түрэх шөнийн цагаар
Халуу дүүгэх хөнжлийн доор
Хатан төмөр пүршийг шажигнуулж
Хангал согоо шиг амьтныг янцаглуулж
Хатуу юмыг дэвттэл тавьж
Хамгаас зөөлөнг өвдтөл тачаалж
Зангирсан багтарсан хүслэнт ертөнцөөр
Залуу цогцсоо сүлэх үед
Замбуулин тивд хамгаас үнэтэй
Заяасан биений заар ханхлах цагт
Ээ дээ, би үүний төлөө төрсөн гэж
Эр хүн зүтгэж, эм хүн мэхийж
Элбэг баяны туйлд хүрдэг
энэ хавьцаа диваажин байна уу?
Хаана байна, диваажин?
Хааны цагаан ордонд суугаад
Хань ижлээр ганцаардах зовлонтой
Халуун насны найргийн сэтгэлд
Хаалттай дуугаа нуухын зовлонтой
Харанхуй түнэрэх шөнийн цагт
Хардах сэрдэх түмний зовлонтой
Олгогдсон энэ зовлонгоо мартаж
Орос архины бөглөө мулталж
Орчин тойрны хороог мартаж
Ойчин бөөлжиж нэгэнт унаад
Хөлдсөн ч, шатсан ч давгүй хурхирдаг
Хөөрхий хүн гэдэг амьддаа
Сэтгэлээрээ зугаалдаг агшин зуурын
Диваажин тэр байна!
Давай хорин найман төгрөг
Даруулгын хоёр хэрчим хиам!
Даруйхан шиг энэ биеэрээ
Давхиад очьё диваажинд![/spoil]