За миний хувьд хамгийн анхны консол маань 1994 онд ээжийн урдаас авчирч өгсөн, Famicom -ийн хуулбар "хужаа компьютер" байлаа. Энүүн дээрээ хамгийн их тоглодог байсан тоглоомууд маань гэвэл Super Mario Bros, Track & Field, Contra, Tank зэрэг байлаа даа.
Харин дараа нь 1996 оны өвөл шинэ жилийн өмнөхөн Sega Mega Drive авахуулж магнай хагартал баясч байлаа. Тухайн үед би 5-р ангид байсан бөгөөд, Mortal Kombat чухам л хит болж байв. Манай дээд айлын ангийн анд Sega авчихсан үе үе л тийшээ орж тоглодог байсансан. Тэгээл тоглоомын газруудаар их явж тоглоно. Тухайн үед MK3 дисктэйгээ нийлээд, 50'000 байсан, чанга л үнэ байсан дөө. Ultimate Mortal Kombat 3 21'000 гэж байлуудаа. За тэгээд гол нь морталаа л нүддэг байлаа дөө. Их тоглосноос болоод хичээл дээрээ дунд гараад сегагаа хураалгаж байсан ч үе бий. Өөр тоглож байсан тоглоом гэвэл тоймгүй олон: Sonic the Hedgehog series, Sunsetriders, Flintstones, Alien, Greendog, Contra the Hardcorpse, Shinobi гэх мэт заримыг нь таг мартаж.
Ер нь бол сегагаа 2000 он гэхэд тоглож л байсан юмдаг. Надтай тоглочих ах байсан болохоор Mortal Kombat, Ice Hockey, Top Gear сайн тоглодог байлаа. Одоо ах маань тусдаа гарчихсан болохоор ганцаараа л тоглодог.
Анх 98 билүү 99 онд Playstation гэдэг юмны барааг анх харсан юмдаг. Red Alert тоглож байхыг нь харахад үлгэрийн юм шиг л санагдаж байлаа. Тоглоомын газар л тоглодог байлаа. Krossfire гээд нэг стратеги байдаг байсансан тэрийг сайн тоглодог байлаа. Бас Army Men, Mortal Kombat Trilogy их тоглодог байв. Playstation бараг зүүдэнд ордог болоод ээжээсээ авч өгөөч гэж гуйхад намайг галзуу хүнийг харах адил харсан юмдаг. Тухайн үед 200'000 төгрөгний үнэтэй байсан, 2000 онд. 200 мянгаар тоглоом авна гэж төсөөлшгүй байж л дээ.
2000 онд бас манайд Nintendo 64 анх орж ирж байсан санагдана. Ангийнхантайгаа James Bond: Golden Eye их тоглодог байсан. Дэлгэцээ 4 хуваагаад буудалцаж өгдөг давгүй тоглоом байж билээ.
За энэ цагаас хойш миний консолын түүх тасарч, 2001 онд ком авснаас хойш PC тоглоомоор дагнасаар 2007 онтой золгосон байдаг юм. Энэ үед Playstation 2 дээр MK: Armageddon зэрэг сайхан сайхан эдүүд гарч хэцүүдүүлж байв. Ийм сайхан тоглоомууд тоглохын тулд консолтой болъё гэж шийдээд 140'000 төгрөгөөр Sony Playstation 2 Silver авч орхисондоо. Гол нь FIFA 08 л тоглож байлаа. Бас God of War 2 нилээн явуулаад амжсан. За нэг иймэрхүү байдалтай байж байгаад 2008 он гарав.
Ерөөсөө Xbox 360 сайхан санагдаад болдоггүй ээ. Тэгээд PS2 -оо арилжиж орхиод мөнгө нэмж хүнээс Xbox 360 авч байсан юм. 20 GB Pro хувилбар байлаа. 2007 оны Falcon чиптэй (CPU 65нм болж шахагдаж, халалт арай багассан, 175W хэрэглэдэг) эд байсан. Графикийн гайхамшгийг л мэдрэх шиг болсон доо. Харамсалтай нь агаар сэлгэх зай сайн гаргалгүй тоглож байснаас болж, RROD болсон доо. Америкаас X-Clamp Fix авчруулж өөрөө засдаг юм болсон нэмэр болоогүй.
Тэгээд 2 жил шахуу гэрт хэвтэж байгаад сая хавар засварчин дээр авч очсон чинь би X-Clamp хэтэрхий чанга боогоод хөлнүүдийг нь нийлүүлж орхисон юм болсон. Ингээд 70-80 мянгаар засуулах, тэгээд ч ажиллагаа нь найдваргүй гэх хариу сонссон тул эртхэн аргаа хайя гэж бодоод урагш нь Xbox 360 Arcade захисан билээ. За энэ цагаас хойш л X360 -аа сайхан нүдэж сууна даа
