|
[center][/center]ЧАРЛЬЗ ДИККЕНС - СУМЧИН
“Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу!”
Тэрбээр ийнхүү өөрийг нь дуудаж байх үед дарцгаа богинохон ишинд нь ороож нэг гартаа барин бүхээгийнхээ үүдэнд зогсож байлаа. Тэр хавийн газрын байдлыг харахад, чухам хаанаас хүний дуу гарч буйг амархан тааж болох мэт санагдана. Гэтэл нэлээд өндөр эрэг маягийн! газар зогсож буй над уруу өөдөө харахын оронд биеэрээ бүтэн эргэж, төмөр замын дагуу харав. Түүний эл хөдөлгөөн нэг л хачин боловч чухам юу нь хачин санагдсаныг би хэрхэвч хэлж чадахгүй байлаа. Гэвч жаргаж буй нарны догшин улаан туяанд умбан өндөр дов дээр зогсож байсан би, надаас доор сүүдэрт зогсож буй жижигхэн хүүхэд лүгээ адил харагдах хүнийг гараа саравчлан харж байсан боловч түүний эл хачин хөдөлгөөн аргагүй миний анхаарлыг татлаа.
“Хөөе! Тэр доор байгаа хүн!”
Төмөр замын дагуу харж байснаа больж, дахин биеэрээ бүтэн нэг эргээд дээш өлийн намайг сая олж харав.
- Наад уруу чинь буух зам бий юу? Хэд гурван үг солих гэсэн юм.
Надад юу ч хариулалгүй хараад байхад нь би дэмий юм асууж шавдуулалгүй азнаж урдаас нь харж зогслоо. Яг энэ мөчид газар, агаар хоёр үл мэдэг доргих шиг болж, нүд ирмэх зуур эргэн тойрон тэр аяараа аймшигтайгаар чичрэн донслов. Хурдлан айсуй галт тэрэгнээс өөрийн эрхгүй цочин арагшаа ухрав. Миний хажуугаар түжигнэн өнгөрч, одоо тэртээ алсыг зорин хурдалж буй галт тэрэгний утаа манан нь дээш хөөрөн замхарч, орчны юм харагдахуйц болоход би дахин доош харвал нөгөө хүн галт тэрэг хажуугаар нь өнгөрөхөд дэлгэж далласан тугаа дахин ишинд нь ороон зогсож байлаа.
Би түүнээс нөгөө асуултаа давтан асуув. Намайг анхааралтай ширтэж байснаа өнөөх тугаараа, эндээс хоёр гурван зуун алхмын цаана доошоо буух зам бий гэж заав. Би “За за!” гэж хэлээд заасан газрыг нь чиглэн алхав. Очоод харвал мурийж тахирлан уруудсан зам байлаа. Би ч тэр замаар доошиллоо.
Зам нэлээд урт, мөлгөр мөлгөр чулуу бүхий бөгөөд доошлох тусам улам нойтон, халтиргаатай, шавар шавхайтай болох тул би тун болгоомжтой, удаан уруудахдаа саяын хүн надад зам заахдаа нэг л дурамжхан, тэгсэн хэр нь зааж өгөхөөс өөр аргагүйдсэн юм шиг байсныг нь санаж явлаа.
Би мушгирсан замаар уруудсаар нэлээд доор саатан зогсож нөгөө хүнийг харвал, саяхан галт тэрэг явж өнгөрсөн төмөр зам дээр намайг хэзээ гарч ирэх бол гэсэн байдалтай хүлээн зогсож байлаа. Зүүн гараараа эрүүгээ атгаж, баруун гараараа зүүн гарынхаа тохойг түшин зогсох бөгөөд миний бууж ирэхийг хүлээн, анхааралтай ширтэн зогсохыг хараад би баахан гайхлаа.
Би замаараа уруудсаар төмөр зам дээр гарч ирээд өөдөөс нь явж байхдаа, тас хар үстэй, цонхигор царайтай, хар сахалтай, өтгөн хөмсөгтэй хүн ажээ. Түүний ажлын байр шиг тийм уйтгартай, бөглүү газар би урьд өмнө ер хараагүй. Хагалсан чулуу өрж босгосон, үргэлж борооны ус нэвтэрч байдаг ханатай байшин байлаа. Энэ байшинг хонхор газар барьсан учир эндээс хаашаа ч харсан харц тулах бөгөөд тэнгэр зурвас төдий харагдана. Энэхүү шорон шиг байшин дотроос нэг тийш харвал, том дэгээ мэт мушгирсан төмөр зам, нөгөө тийш харвал, уйтгарт улаан гэрэл болон хонгилын харанхуй ам хоёр л харагдана. Аварга том хадан уулыг нүхлэн гаргасан хонгил уруу харахад байдал нь нэг л догшин зэрлэг, санаа сэтгэл унагамаар, хориглож хаасан мэт санагдах ажээ. Ертөнцийн энэ хэсэгт нар тусах нь ховор учраас чийгтэй муухай үнэр ханхална. Энд хүйтэн салхи нэвт шувт үлээх тул маш хүйтэн бөгөөд огт амьдралгүй өөр ертөнцөд оччихсон юм шиг санагдав.
Түүнийг хөдлөлгүй зогссоор байхад нь би нэлээд ойртлоо. Дэргэд нь очиход надаас нүд салгалгүй ширтэн нэг алхам ухарснаа гараа өргөв.
- Хүн суухад уйтгартай бөглүү газар юмаа даа гэж хэлээд би түүнийг доороос нь дээш өгсүүлэн шинжин харвал, байдал нь аргагүй хачин санагдав. Энд зочин гийчин гэж бараг ирдэггүй бололтой хэмээн дотроо таамаглаж тийм ч учраас энэ хүн зочин ирэхэд дургүйцдэггүй болов уу хэмээн горьдов. Намайг, насан туршдаа хязгаарлагдмал, хавчигдмал амьдарч байгаад дөнгөж сая эрх дураараа болж, энэ аугаа их ажил үйлсийг анх удаа цоо шинээр сонирхон харж байгаа хүн байна хэмээн бодож байгаа бололтой. Тийм ч учраас би яриа өдлөө. Харин чухам ямар үг хэлснээ сайн санахгүй байна. Учир нь би угаасаа яриа эхлэх дургүй, тэгээд ч тэр хүнд айдас хүргэсэн ямар нэгэн эвгүй юм байлаа.
Хонгилын амны дэргэдэх улаан гэрэл болон тэр хавийн зүйлээс нэгийг үгүйлсэн мэт гайхсан байртай харж байснаа над уруу харлаа.
Тэр гэрлийг бас харж хамгаалж байх ёстой юм болов уу? Үгүй юм болов уу?
- Тийм ээ, та мэдэхгүй гэж үү? хэмээн баргил дуугаар хариулав.
Түүний гөлийсөн нүд, дүнсгэр царайг хараад энэ бол хүн биш хий үзэгдэл байна гэсэн эвгүй бодол төрөв. Тэгээд ер нь ухаан санааны согогтой юм биш байгаа даа ч гэсэн бодол төрж гайхлаа.
Би ч мөн адил ухрав. Харин ухарч байхдаа тэр хүний нүдэнд далд айдас буйг ажиж мэдлээ. Тэгмэгц нөгөө эвгүй бодол ч замхран арилав.
Би хүчээр инээмсэглэж,
Надаас айгаа юу? Ямар сүрхий харах юм бэ гэж хэллээ.
- Би таныг урьд өмнө харсан юм шиг санагдаж баахан эргэлзлээ гэж нөгөө хүн хариуллаа.
- Хаана?
Нөгөө улаан гэрэл уруу заахад нь би:
- Тэнд үү? гэж асуув.
Намайг сүрхий харсан хэвээр,
- Тийм гэж огт дуу гаргалгүй хариулав.
- Найз минь, чи юу ярьж байна? Би тэнд элэнцгээ хийх юм бэ? За яах вэ, намайг тэнд харсан юм шиг санагдаж болно. Гэвч би тэнд очиж ер үзээгүй гэж андгайлахад бэлэн байна.
Тэрбээр зөрж хэлсэн нь:
- Үгүй ээ, би үнэхээр харсан. Яах аргагүй л харсан юм даа.
Удалгүй бид хоёр хэн хэнийхээ ярих, хөдлөхөөс цэрвэж сэжиглэхээ болилоо. Мингай хэлсэнд дургүйцсэн шинжгүй, хэлэх үгээ сайтар эргэцүүлэн дэнсэлж байгаад уриалгахан хариулна. Хийх ажил ихтэй юу? Байлгүй яах вэ, байлгүй яах вэ ч гэж дээ, нэлээн хариуцлагатай ажил шүү. Гэхдээ цагаа ягштал барих, туйлын анхааралтай байх хоёр л шаардагдаж, яг тогтмол хийх ажил гээд байх юм үгүй билээ. Дохиогоо солих, гэрлээ бэлдэх, төмөр бариулыг нэг ийш нь, нэг тийш нь хөдөлгөх зэрэг ердөө л ийм хэдхэн ажилтай гэж хариулав. Ганцаархнаа өнгөрүүлдэг олон уйтгарт цаг надад тун хэцүү мэт санагддаг байсан харин нэгэнт амьдрал нь ийм хэлбэр олсон хойно түүнд дасах хэрэгтэй гэж хариуллаа. Энэ хонхорт байхдаа хэлийг дүрс үсгээр нь ойлгож, дуудлагын талаар туйлын бүдүүн бааз ойлголттой байхыг хэл сурч байгаа гэж хэлж болдог бол бие даан хэл судалдаг байлаа. Бутархай тоо, аравтын бутархай бодож, бас ч гэж жаал зугаа алгебр үзжээ. Тэглээ ч гэсэн хүүхэд байсан үе шигээ тоонд сайн биш байлаа. Ажилд гарахдаа үргэлж л энэхүү чийгтэй хоолойд байх ёстой юм уу? Энэ чулуун ханан дундаас дээшээ нарны гэрэлд хэзээ ч гарах эрхгүй гэж үү? Яалаа гэж, хэзээ, ямар нөхцөлд байгаагаас шалтгаална. Зарим үед төмөр зам хөдөлгөөн багатай байдаг. Зарим үед шөнийн цагаар бараг хөдөлгөөнгүй болдог. Цэлмэг тэнгэртэй сайхан өдөр болоход бололцоог нь тааруулж байгаад нар үзэхээр дээшээ гардаг байжээ. Гэвч цахилгаан хонх хангинамагц ажлынхаа байранд бэлэн байх ёстой учраас наранд гарсан хойно хонх дуугарчих бий хэмээн чих тавин чагнаж, улам л сэтгэл нь түгшдэг тул сүүдрээс наранд гарлаа гээд жаахан ч гэсэн амарсан, болдоггүй аж.
Намайг бүхээгтээ оруулахад дотор нь орж харвал, пийшин, хааяа тэмдэглэл хөтөлдөг ажлынхаа дэвтрийг тавьдаг ширээ, харилцуурын утас, хэдэн зүү, нөгөө ярьж байсан жижиг хонх зэргийн юм байлаа. Таны боловсрол нэлээн өндөр, ямар ч байсан та боловсролын хувьд энэ өртөөний ажилд ахадсан хүн байна гэж эрхбиш учрыг нь ойлгож миний хэлснийг уучилна биз хэмээн бодож хэлэхэд (миний энэ үгэнд гомдоогүй байх) ер нь олон хүнтэй газар иймэрхүү маягаар ажил нь хүндээ, эсвэл хүн нь ажилдаа тохирохгүй байх явдал цөөнгүй тохиолддог юм гэж хариулсан билээ. Тийм явдал үйлдвэр, цагдаагийн газар, эсвэл эр хүний хоолтойгоо залгах эцсийн арга болсон армид тохиолддог гэж дуулддаг: мөн аливаа томоохон төмөр замын ажилтад ажилчдын дунд их бага хэмжээгээр тохиолддогийг мэднэ. Залуу зандан насандаа (би энэ овоохойд нь сууж байхдаа түүний хэзээ нэгэн цагт залуу явсан гэдэгт итгэж чадахгүй байсныг нуух юун) их сургуулийн гүн ухааны ангийн оюутан байхдаа лекц, хичээлд бишгүйдээ л суужээ. Гэвч томоогүй зам гаргаж олдсон бололцоонуудыг буруу ашиглан, амьдралаа нураагаад дахин өөдөлсөнгүй. Одоо хэндээ ч гомдох вэ дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй хойно. Өөрөөр амьдаръя гэтэл нэгэнт оройтжээ.
Энд миний хэдхэн үгээр товчхон хэлснийг тэрбээр яаралгүй, асаж байсан гал бид хоёрт эн тэнцүү хүндэтгэл үзүүлэн гунигтай дүнсийн хүүрнэсэн юм. Одоо байгаагаас нь өөр хүн байснаар бүү ойлгоорой гэж гуйсан боловч үе үе ялангуяа залуу насныхаа тухай ярихдаа “ноёнтон” гэсэн үг хавчуулна. Хонхны дуу түүний яриаг хэд хэдэн удаа тасалж, ирсэн мэдээг уншин, хариу өглөө. Нэг удаа галт тэрэг өнгөрөхөд, гадаа гаран үүдэндээ тугаа барин зогсож, галт тэрэгний жолоочтой хэдэн үг солилоо. Албан үүргээ гүйцэтгэхдээ тун хариуцлагатай чамбай ханддаг нь өөрийн эрхгүй нүдэнд тусна. Яриагаа тэг дунд нь тасалж, ажлаа хийж дуустлаа ганц ч үг дуугарахгүй аж.
Нэг үгээр хэлэхэд би түүний тухай ажилдаа өө сэвгүй сайхан тохирсон хүн байна гэсэн дүгнэлт хийх гэж байтал надтай ярьж суухдаа хоёр ч дахин царай нь хувирч, жижигхэн хонх дуугараагүй байхад тийш харж, гаднаас биед муу чийг орж ирэхээс сэрэмжилж хаасан хаалгаа дэлгэж, хонгилын амны дэргэдэх улаан гэрэл уруу харав. Тэгээд галын дэргэд ирэхдээ анх уулзаад би учрыг ололгүй гайхаж байсан нөгөө үл ойлгогдом хачин янзтай болсон байв.
Би явахаар завдан босохдоо:
- Таныг хараад сэтгэл хангалуун яваа хүн шиг санагдаад байна шүү гэв.
(Би зориуд яриа өдөн тэгж хэлснийгээ нуух юун).
Тэрбээр анх уулзаад ярьж байсан шигээ нам дуугаар:
- Би тийм хүн болсон байж магадгүй шүү. Гэхдээ, ноёнтон минь, үнэн хэрэг дээрээ миний сэтгэл их зовж байгаа юм даа гэлээ.
- Юунд? Яагаад зовж байгаа юм бэ?
- Хэлэхэд амаргүй, ноёнтон минь, хэцүү, мөн хэцүү байна. Харин та дахин нэг ирвэл би танд ярьж өгч болно.
- Тэгэлгүй яах вэ, би дахин заавал ирнэ. Харин хэзээ байж болох вэ?
- Би өглөө эрт бууна. Тэгээд маргааш оройн арван цагаас дахин ажилдаа гарна, ноёнтон.
- Тэгвэл би арван нэгд ирье.
Надад талархсанаа хэлж, намайг үүд хүртэл гаргаж өгөөд нөгөө хачин нам дуугаараа,
- Таныг эндээс дээш гарах замаа олтол цагаан гэрлээ асаалттай нь барьж байя, ноёнтон. Харин та замаа олсон гэж битгий хашхираарай! Дээшээ гарсан хойноо ч гарснаа мэдэгдэх гэж бүү хашхираарай! гэв.
Түүний ерөнхий байдал, тэр хавийн газрыг улам хүйтэн болгох шиг санагдлаа. Гэвч би хариуд нь ердөө л “За тэгье” гэхээс өөр юм хэлсэнгүй.
- Маргааш наашаа бууж ирэхдээ битгий дуу өгч хашхираарай! Таныг явахаас өмнө нэг юм асууя. Та яагаад өнөөдөр “Хөөе! Төр доор байгаа хүн дуулж байна уу?” гэж хашхирсан бэ?
- Бүү мэд, тэнгэр л мэднэ биз. Нээрэн би тиймэрхүү үг хэлсэн байх шүү... гэж би хэлэв.
- Тиймэрхүү биш ээ, ноёнтон. Яг тийм үг хэлсэн. Би энэ үгийг сайн мэднэ.
- Нээрэн тийм үг хэлсэн байх шүү. Гэхдээ би таны доор байсныг л хараад тэгж хэлсэн байх аа.
- Өөр ямар ч шалтгаан байгаагүй гэж үү?
- Өөр ямар шалтгаан байх вэ дээ?
- Ямар нэгэн далдын хүч тэр үгнүүдийг танд шивнээгүй биз?
- Үгүй ээ.
Надад сайн явахыг ерөөгөөд, асаалттай гэрлээ дээш өргөн барьсаар хоцров. Төмөр замын дагуу нэлээд уруудаж явтал нөгөө зам ч олдлоо. Араас юу юугүй галт тэрэг гүйцэж ирэх гээд байгаа юм шиг санагдах нь эвгүй. Замаар өгсөх нь уруудахаас хялбар байсан учир би элдэв явдалтай учралгүй зочид буудалдаа хүрэв.
Маргааш нь би яг болзсон цагтаа нөгөө тахиралдсан зам дээр хөлөө тавимагц тэртээ алсад арван нэгэн цаг дэлдэж буй чимээ сонстов. Тэрбээр намайг замын эцэст гэрлээ асаагаад барьчихсан хүлээж байлаа. Би дөхөж очоод “Би хашхираагүй шүү. Одоо энд ярьж болох уу?” гэв. “Бололгүй яах вэ, ноёнтон”. “Тэгвэл амар байна уу гэж мэнд усаа мэдэлцэж, гараа барьчихъя.” “Сайн та амар сайн уу? Гар баръя”. Тэгээд бид хоёр мөр зэрэгцэн алхсаар нөгөө бүхээгт хүрч, дотогшоо орон хаалгаа хааж аваад, галын дэргэд суулаа.
Бид хоёр галын дэргэд суумагц сумчин урагш тонгойж их нам дуугаар, шивнэх шахам,
- Би шийдлээ, ноёнтон. Намайг юу зовоогоод байгаа тухай танаар дахин асуулгаад юу хийх вэ. Өчигдөр орой би таныг өөр хүнтэй андуурч, сэтгэл санаа үймж зовлоо.
- Андуурсандаа юу?
- Үгүй ээ. Тэр хүн л ирэв үү гэж бодоод.
- Юун хүн юм бэ?
- Мэдэхгүй ээ.
- Надтай адилхан юм уу?
- Мэдэхгүй ээ. Би царайг нь огт хараагүй. Харин зүүн гараараа нүүрээ халхалж, баруун гараараа даллаж байсан, тэгэхдээ бүр жигтэйхэн даллаж байсан. шүү. Ингэж...
Тийнхүү даллаж үзүүлэхийг нь харвал, “Хөөе, наад замаасаа зайлаач!” хэмээн учиргүй шаардан загнаж буй хүний хөдөлгөөн байлаа.
- Нэг удаа сартай шөнө байсан юм даг, би энд сууж байлаа. Тэгтэл “Хөөе. Тэр доор байгаа хүн дуулж байна уу?” гэж хашхирах дуулдав. Би гайхан шалавхан босож, хаалгаа нээн гадагшаа харвал, өнөөх хүн хонгилын амны улаан гэрлийн дэргэд зогсож, сая миний үзүүлсэн шиг даллаж байсан юм. Тэр хүн хашхирсаар хоолой нь сөөсөн мэг дуугаар “Хараач! Хараач!” гэснээ “Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу?! Хараач!” гэлээ. Би чийдэнгээ шүүрэн авч, улаан гэрлийг нь асаан өнөөх хүний зүг хар хурдаараа гүйнгээ, “Юу болохоо болчхов оо? Юу болов? Хаана?” гэж хашхирсан юм. Тэр хүн хонгилын харанхуй амны дэргэд зогсож байлаа. Би түүнд нэлээд ойртож очсон тул түүний нэг ханцуйгаараа нүүрээ халхлахыг хараад яаж байгаа нь энэ вэ хэмээн гайхсан юм. Би гүйсээр яг дэргэд нь очиж, ханцуйнаас нь татан, гарыг нь доош буулгахаар гараа өргөтөл нөгөө хүн яваад өгсөн юм.
- Хонгил уруу орчихсон уу? гэж би асуув.
- Үгүй ээ, би тэр чигээрээ гүйсээр хонгилд орж, таван зуун алхам хэртэй газар гүйлээ. Тэгээд чийдэнгээ бүр дээш өргөж харвал, замын уртыг заасан тоо бүхий тэмдгүүд, хана даган гулдан хаалганы завсраар урссан мөр толбо л харагдсан юм. Би тийм газар удаан байж чаддаггүй тул орсноосоо ч хурднаар гүйн гарч тэнд байдаг улаан гэрлийг тойруулан улаан гэрлээ асаан нэлээн сайн шалгаж, олсон шатаар авиран гэрэл зоосон тавцан дээр гарч, дараа нь бууж, байрандаа гүйж ирсэн юм. Би хоёр тийш нь цахилгаан явуулж, “Түгшүүрийн дохио ажиллалаа. Ямар нэгэн осол гэмтэл гарсан уу?” гэж асуув. Хоёр талаас “Бүх юм зүгээр” гэсэн хариу ирсэн билээ.
Хэдийгээр түүний яриаг сонсоод миний нуруугаар хүйт оргин бие зарсхийсэн боловч би тайван байхыг хичээж, түүний нүдэнд үзэгдсэн хүн бол хий үзэгдэл байж болно, харин тэр тоонуудын хувьд гэвэл, хүний нүдний ажиллагааг удирдаж байдаг туйлын нарийн бөгөөд эмзэг мэдрэлийн өвчин үрэвслээс болж нүдэнд элдвийн юм үзэгддэг бөгөөд зарим нь зовлонгоо зөв ойлгож, өөр дээрээ туршлага хийж өвчин хүрснээ баталдаг явдал хүртэл бий. “Харин хүний хашхирах дуу дуулдсаны тухайд бол бид хоёр ингэж дуугаа намтган ярьж байх хооронд эл жирийн бус хачин хөндийд салхилахад ямар дуу гарч байна, салхи үлээхэд шонгийн модны утаснууд юутай аймшигтайгаар дуугарч буйг сонс л доо” гэж би түүнд хэллээ.
Тэрбээр нэг хэсэг салхины чимээ, шонгийн модны угасны улих дууг чагнан суулаа. Хэчнээн олон өвлийн урт шөнийг энд гав ганцаараа нүдээ чавчих завгүй өнгөрөөсөн бол гэж би түүний тухай бодов. Гадаа салхилахыг чагнаж байгаад
- Нээрээн тийм байна шүү. Гэхдээ би яриагаа дуусгаагүй ээ хэмээв.
Би түүнээс уучлал гуйж, тэрбээр миний гарт хүрэн хүрэн цааш нь ингэж хүүрнэв.
- Тэр хий үзэгдэл үзэгдсэнээс хойш зургаан цаг ч өнгөрөөгүй байтал яг энд төмөр замын аймшигтай том осол гарч, арван цаг ч өнгөрөөгүй байхад үхсэн шархадсан хүмүүсийг хонгилоос гаргаж, нөгөө хүний зогсож байсан газрын хажуугаар авч явсан юм даа.
Миний хамаг бие эвгүйцэн дагжихад би сэтгэлээ барьж тэвчив. Үнэхээр энэ хоёр явдал тохиолдсоныг үгүйсгэх аргагүй учраас түүний санаанд гүнзгий хоногшин үлджээ гэж би үгийг нь зөвшөөрөв. Гэлээ ч гэсэн үнэхээр ийм явдлууд цаг ямагт тохиолддогийг мартаж болохгүй. Гэвч эрүүл саруул ухаантай хүмүүс амьдралын тухай дүгнэлт хийхдээ энэ мэтийн сонин хачин явдлыг дэвэргэж сүйд майд болдоггүй гэж (сумчин тэр явдлыг надад итгүүлэх гээд байх шиг санагдсан учраас) би хэллээ.
Тэгтэл сумчин яриагаа хараахан дуусгаагүй шүү гэдэг юм байна.
Би дахин яриан дундуур нь орсондоо уучлалт гуйлаа.
Тэрбээр гараа дахин миний гар дээр тавьж, мөрөн дээгүүрээ хүйтэн, хөндий харцаар харж,
- Энэ явдал яг жилийн өмнө болсон юм. Тэгээд зургаа, долоон сар өнгөрч, би ч айж, гайхсанаа овоо мартагнаад байлаа. Гэтэл нэг өглөө, үүр цайхын үед би үүдэндээ зогсож байгаад улаан гэрэл рүү хартал нөгөө хүн дахин үзэгдэв гэж ярьснаа дуугаа хураан намайг ширтэв.
- Хашхирч байсан уу?
- Үгүй ээ. Дув дуугүй зогсож байсан.
- Гараараа далласан уу?
- Үгүй. Харин гэрлийн шон уруу бөхийн хоёр гараараа нүүрээ таглаж байсан. Яг ингэж...
Би түүний хөдөлгөөнийг ажиглалаа. Энэ бол аргагүй л уй гашууд автсан хүний хөдөлгөөн мөн байлаа. Хүмүүсийн шарил дээр яг иймэрхүү чулуун хөшөө байхыг би олонтоо харсан.
- Та тийшээ очсон уу?
- Би шалавхан байшиндаа орж суусан. Ухаан алдах шахсан тул санаа бодлоо цэгцлэхийн тулд тайвшрах хэрэгтэй байсан юм. Тэгээд дахин үүдэн дээрээ гарч үзвэл хэдийн үүр цайсан, нөгөө сүнс явчихсан байлаа.
- Дараа нь юу ч болоогүй юу? Яагаа ч үгүй юу?
Сумчин долоовор хуруугаараа миний гарт хоёр гурван ч удаа хүрч, хүрэх тоолондоо толгойгоо айдас хүрмээр дохиж өгүүлсэн нь:
- Яг тэр өдөр, галт тэрэг хонгилоос гарч ирээд миний дэргэдүүр өнгөрөхөд нэг цонхны цаана олон толгой, гар хөл дээр доороо орон бужигнаж байгаа мэт харагдаж, нэг юм даллах шиг болсон юм. Би тэр дор нь “Зогс!” гэсэн дохио өгөхөд, жолооч ч галт тэрэгнийхээ тоормосыг дарав. Гэвч галт тэрэг эрчээрээ даруй зуун тавь гаруй алхам хиртээ газар явж байгаад зогссон. Би араас нь даган гүйж зогсоход нь гүйцэж очоод дэргэдүүр нь алхаж байхад дотор нь зүрх шимшрэм орилж, чарлах дуу сонстсон. Гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй галт тэрэг дотор гэнэт нас баржээ. Түүнийг буулгаж, одоо энд шалан дээр, бид хоёрын хоорондох зайд тавьсан юм гээд гараараа заахад нь би эвгүйрхэж, өөрийн эрхгүй хойш болж, сандалтайгаа хамт арагшаа ухарлаа.
- Нээрэн шүү, ноёнтон минь. Яах аргагүй үнэн. Яг л миний танд ярьснаар болсон юм.
Би мэл гайхаж, юу хэлэхээ мэдэхгүй дуугүй л сууж, ам ч хатсан гэж жигтэйхэн. Гадаа салхи үлээж, шонгийн модны утсаар тоглож, саяын ярьсан түүхийг аймшигт аянд оруулан улин исгэрнэ.
Сумчин яриагаа үргэлжлүүлэн:
- Ноёнтон минь, одоо та миний сэтгэл ямар их түгшиж буйг ойлгож байгаа биз дээ. Нөгөө хий үзэгдэл долоон хоногийн өмнө дахин ирсэн шүү. Дараа нь ч гэсэн үе үе, гэнэт гэнэт үзэгдээд л байгаа.
- Замын гэрэл асаж байхад уу?
- Аюулын гэрэл асаж байхад.
- Тэгээд юу хийгээд байгаа юм шиг санагдах юм бэ?
Сумчин урьд урьдынхаасаа улам сүртэйгээр, улам хүчтэйгээр нөгөө л “Хөөе! Наад замаасаа зайлаач!” гээд зангаж байсны нь давтан үзүүлэв.
Тэгснээ цааш нь ярьсан нь:
- Би тайван байх аргагүй боллоо. Тэр үзэгдэл сав л хийгээд чих дөжрөм чанга дуугаар “Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу! Болгоомжтой, болгоомжтой байгаарай!” гээд хашхирах юм. Над уруу харж даллаад л, миний бяцхан хонхыг дуугаргаад л байна даа...
Би яриаг нь тасалж,
- Өчигдөр намайг энд байх хооронд чи хаалга уруугаа очсоныг анзаарсан.. Тэгэхэд хонхыг чинь дуугаргасан юм уу? гэв.
- Хоёр ч удаа.
- Яагаад хий юм сонсож, үзээд байгаа юм бол доо.
Би тэгэхэд хонхыг чинь харж байсан. Үнэхээр дуугарсан бол би бас л дуулах байсан шүү дээ. Би амьд хүн л юм бол хонх чинь хоёр дуугарч байхад би хоёуланд нь дуулах л ёстой. Гэтэл чамд буудлаас дохио явуулахад л дуугарснаас биш таг дуугүй байсан шүү дээ.
Сумчин толгойгоо сэгсрэв.
- Үгүй ээ, би хэзээ ч андуурч байгаагүй, ноёнтон.
Би хэн хонх дуугаргаж байгааг, хий үзэгдэл үү эсвэл жинхэнэ хүн үү гэдгийг андуурахгүй шүү. Хий үзэгдэл хонх дуугарахад дуу нь нэг л сонин хөндий, гэнэт үүссэнээ, гэнэт замхран арилдаг юм. Тэгээд ч би, хонх дуугарахдаа хүний нүдэнд харагдахаар хөдөлдөг гэж хэлээгүй шүү Та хонх дуугарсныг сонсоогүйг гайхах юмгүй. Харин хонх яах аргагүй дуулсан юм.
- Тэгвэл чи хонх дуугармагц гадагшаа шагайхад хий үзэгдэл харагдсан уу?
- Харагдсан. Тэнд зогсож байсан.
- Хоёр удаа хоёуланд нь уу?
Тэрбээр,
- Хоёуланд нь гэж сумчин огтхон ч эргэлзээгүй хариуллаа.
- Тэгвэл одоо хоёулаа гарч, хий үзэгдэл өнөөх газраа зогсож байгаа эсэхийг үзэх үү?
Сумчин нэг л дургүйцэж буй мэт доод уруулаа хазалснаа бослоо. Би хаалга нээж шатан дээр, сумчин үүдэндээ зогсов. Алсад “Аюултай” гэсэн дохио, хонгилын гунигт хар ам харагдана. Нойтон, өндөр эгц чулуун хана харагдана. Дээш харвал тэнгэрт одод түгсэн ажээ.
- Нөгөөдөх чинь харагдаж байна уу? гэж би асуухдаа нүүр царайных нь байдлыг онцгой ажив. Хөмсгөө зангидан алсыг нүд цавчилгүй ширтэнэ. Би ч бас нүдийг нь дагуулан харахдаа түүнээс өөрцгүй байсан буй заа,
- Үгүй ээ, харагдахгүй байна гэж тэр хариулав.
- Нээрэн тийм байна.
Бид хоёр дотогшоо орж хаалгаа хаагаад сандал дээрээ суув. Би энэ завшааныг (тэгж хэлж болдог бол) хэрхэн улам аятай болгох тухай бодож суутал, бид хоёрын хооронд тэрхүү хий үзэгдлийн тухай сүрхий асуудал байгаагүй юм шиг яриагаа хэнэг ч үгүй үргэлжлүүлэхэд нь би туйлын арчаагүй байдалд орж билээ.
Түүний хэлсэн нь:
- Ноёнтон, “Хий үзэгдэл үзэгдэнэ гэдэг юу гэсэн үг вэ?” гэсэн асуулт намайг зовоогоод байгаагийн учрыг та удахгүй бүрэн ойлгоно.
- Харин л дээ, ойлгох эсэхээ сайн мэдэхгүй байна гэж би хэллээ.
Тэрбээр асаж буй галыг нэлээн бодлогошрон ширтсэн хэвээр, над руу хааяа нэг харж ярьсан нь:
- Хий үзэгдэл юуны тухай дохио өгдөг юм бол? Ямар аюулын дохио өгдөг вэ? Аюул нь хаана байдаг, хаанаас гардаг юм бэ? Энэ урт төмөр замын аль нэгэн хэсэгт аюул нуугдаж байдаг нь эргэлзээгүй. Урьд өмнө болсон явдлуудыг санавал гурав дахь удаагаа хий үзэгдэл үзэгдэнэ гэдэг ямар нэгэн аюул осол заавал гарна гэсэн үг. Ер нь надад л нэг юм учрах болов уу. Үүнийг мэдлээ гээд би өрсөж юу ч хийж чадахгүй шүү дээ.
Тэгээд нусны алчуураа гаргаж ирээд духан дээр нь бурзайсан хөлсөө арчив.
- Хэрэв би “Аюул!” гэсэн дохиог нэг тал уруу, эсвэл хоёулан уруу нь явууллаа гэхэд тийм дохио өгснийхөө шалтгааныг яаж тайлбарлах вэ? хэмээн цааш ярихдаа хоёр алгаа хооронд нь үрнэ.
- Би зөвхөн өөрийгөө эвгүй байдалд оруулахаас бус хэрэгтэй юм хийж чадахгүй. Хүмүүс лав намайг галзуу, солиотой юм байна гэж бодно. “Аюул айсуй! Болгоомжтой байгаарай!” гэж би мэдээлнэ, хариуд нь надаас “Юун аюул? Хаана байгаа юм бэ?” гэж асууна. Тэгэхэд нь би “Мэдэхгүй ээ, гэвч болгоомжтой байгаарай!” гэнэ. Яг л ингэнэ. Тэгээд намайг ажлаас хална. Тэд өөр юу хийж чадах вэ дээ, тийм ээ?
Түүний ухаан хямран зовж буйг хараад өрөвдмөөр. Энэ бол хүний амь насыг өөрийн мэдэлгүй хариуцсан, тэсвэрлэшгүй дарамтад орсон ухамсартай хүний оюун санааны тарчлал зовлон байлаа.
Тэрбээр урагшаа унжсан хар үсээ арагш нь илж, хэзээ ч тайлагдашгүй уй гашууд автсан мэт байн байн хоёр гараараа толгойгоо барьж цааш нь өгүүлсэн нь:
- Анх удаа “Аюул!” хэмээн зарласан дохион доор зогсож байхдаа хий үзэгдэл, осол болох ёстойг мэдэж байсан хэрнээ яагаад чухам хаана болох гэж буйг надад хэлж дуулгаагүй юм бол? Тэр аюулаас зайлж болох байсан бол яагаад хэрхэн зайлах тухай хэлээгүй юм бол? Мөн хоёр дахь удаадаа царайгаа нуухын оронд надад “Тэр эмэгтэй аян замд гарвал үхнэ. Тийм учраас ойр дотнынх нь хүмүүст мэдэгдэж гэрт нь байлга” хэмээн хэлээгүй юм бэ? Хий үзэгдэл хоёр ч удаа ирэхдээ, хоёуланд нь өгсөн дохио үнэн байсныг л батлах гэж ирсэн атал гурав дахь удаагаа ирэхдээ бас нэг осол гарах нь гэж надад хэлэх гэсэн хэрэг, гэтэл яагаад одоо чухам юу болохыг тодорхой хэлэхгүй байгаа юм бэ? Бурхан минь, надад туслаач! Би эзгүй зэлүүд газар байгаа зөрлөгийн жирийн нэг ядарсан сумчин шүү дээ! Яагаад энэ хий үзэгдэл хүмүүсийн итгэлийг хүлээсэн, арга хэмжээ авч чадах эрх мэдэл бүхий хүн дээр очихгүй над дээр ирээд байгаа юм бэ?
Түүний ийм өрөвдөлтэй байдлыг хараад би тэр хөөрхий хүний төлөө, бас хүмүүсийн эрх ашгийг бодож, юуны түрүүн түүний санаа сэтгэлийг тайвшруулан тайтгаруулах ёстойгоо ойлгов. Учир иймд бодит ба бодит бус амьдралын тухай бид хоёрын хооронд урган гарч ирсэн хийсвэр асуудлыг түр орхиж, сумчинд хандан, одоо чамайг ямар ч хүн орлосон ажлыг чинь муугүй хийж чадна байх, хэдийгээр тэр гайхмаар үзэгдэл чам дээр ирсний учрыг чи сайн ойлгож чадахгүй байгаа боловч үгүйдээ гэхэд хэн ч байсан энэ зөрлөгийн ажлыг сайн хийх ёстой гэсэн үүрэгтэйг ойлгож байгаа биз дээ хэмээн ятгаж тайвшруулахыг хичээв. Түрүүн түүний сүжгийг огт ор үндэсгүй хэмээн итгүүлэх гэж дэмий оролдож байсныг бодвол энэ удаа би санасандаа хүрлээ. Сумчин нэлээд тайвшрав. Шөнө эрхэлсэн ажил нь улам ихээр анхааралтай байхыг шаардах учраас би шөнийн хоёрт түүнийг орхиж явлаа. Хүсвэл би шөнө турш хань болж чадна шүү гэхэд тэрбээр дуулсангүй бололтой юу ч хэлсэнгүй.
Замаар өгсөх зуураа би нэг бус удаа эргэж улаан гэрлийг харсан бөгөөд харах тусам дотор улам эвгүй болж байлаа. Миний ор тэр гэрлийн дэргэд байсан бол миний нойр хулжих байсан нь эргэлзээгүй. Үүнийг нуух ч хэрэггүй биз ээ. Төмөр зам дээр болсон аймшигт хоёр явдал, ялангуяа нас барсан эмэгтэйн тухай санахад нэг л эвгүй санагдсаныг ч гэсэн нуух юун.
Санаандгүй яваад ийм хачин явдлын тухай мэддэг болсон тул одоо яах вэ? Яавал дээр вэ гэсэн бодол хамгаас илүү сэтгэл зовооно. Сумчингийн оюун ухаан саруул, ер нь юманд анхааралтай хандаж, ажилдаа эзэн болж чаддаг хүн гэдэг нь тодорхой байв. Гэвч сэтгэл санаа нь ингэж үймж түгшсэн хүн удаан хугацаагаар хуучин хэвээр анхааралтай, эрүүл саруул ухаантай байж чадах уу? Хэдийгээр доогуурхан ажилтай ч гэсэн олон хүний итгэл найдварыг хүлээсэн хэвээр шүү дээ. Гэтэл шаардлага гарвал, ажилдаа урьдын адил эзэн болж чадна гэж бодоод жишээлбэл, би түүнд амь насаа даатгаж зүрхлэх үү?
Сая надад илэн далангүй ярьсан бүгдийг урьдаас өөртэй нь ярьж тохиролгүй дарга нарт нь хэлнэ гэхэд түүнээс урвасантай адил санагдах тул түүний нууцыг түр ч гэсэн хадгалж манай тэр хавийн хамгийн сайн эмчийнд дагуулан очиж үзүүлээд эмчийн юу хэлэхийг сонсох нь чухал хэмээн бодов. Сумчны хэлснээр бол дараачийн ээлж нь ирэх шөнө ажээ. Нар мандсаны дараа нэг хоёр цаг өнгөрөхөд ээлжээсээ бууж, нар жаргахад дахин ээлжиндээ гарна гэж хэлсэн билээ. Би ч ээлжиндээ гарахыг нь тааруулж ирэхээр тохиролцлоо.
Бид хоёрын уулзана гэж тохирсон үдэш жигтэйхэн сайхан байсан учир би эртхэн гарч яаралгүйхэн алхав. Намайг гол замаасаа гарч, нөгөө тахиралдсан замын эхэнд ирэхэд нар арай жаргаагүй байсан тул дахин нэг цаг хиртээ салхинд алхан, гол замдаа орж хагас цаг хиртээ цаашаа явж, эргэж хагас цаг хиртээ явахад яг таарна, сумчныд яг болзсон цагтаа очно гэсэн үг гэж шийдлээ.
Тэгээд цаашаа явахаасаа өмнө би эгц уруудсан газрын ирмэгт тулж очоод санаандгүй доош харлаа. Анх яг энд зогсож байхдаа түүнийг олж харсан билээ. Хонгилын харанхуй амны дэргэд зүүн гараараа нүүрээ халхлан, баруун гараа бачимдан даллаж байгаа хүнийг би гэнэт олж хараад цочсон, айсан гэдэг жигтэйхэн.
Гэвч тэр дорхноо би, тэр бол хий үзэгдэл биш харин амьд хүн байна, өөрөөс нь холгүй зогссон хэсэг хүмүүст тийнхүү гараа даллан нэг юм үзүүлэн тайлбарлаж байна гэдгийг ойлгож айж сандрахаа больсон юм. “Аюул” гэсэн дохио ч асаагүй байлаа. Гэрлийн дэргэд хэдэн мод зангидаж, дээгүүр нь бэржээнхээр хучиж, миний түрүүн ирэхэд байгаагүй шинэ овоохой босгожээ. Орноос томгүй харагдана.
Нэг л золгүй явдал тохиолдож дээ хэмээн таамаглаж, сумчныг ганцааранг нь орхиж явснаас, мөн түүний ажлыг хянаж шалгах хүн хөөцөлдөж явуулаагүйгээс болж золгүй явдал тохиолджээ хэмээн дотроо айсаар хар хурдаараа гүйн нөгөө хэдэн хүн дээр очлоо.
- Яасан бэ? Юу болов? гэж би асуув.
- Өнөө өглөө сумчин осолдлоо гэж хэлэв.
- Тэр бүхээгт байдаг хүн мөн үү?
- Тийм ээ, ноёнтон.
- Миний таньдаг хүн биш биз?
- Хэрэв та түүнийг мэддэг бол хараад таних ёстой, ноёнтон гэж нөгөө хүн бусдыгаа төлөөлөн хариулж бэржээнхийн нэг үзүүрээс удаан бөгөөд сүртэй нь аргагүй сөхөж,
- Нүүр нь гэмтээгүй шүү гэв.
Бэржээнхийн үзүүрийг дахин буулгасны дараа би тэнд байсан хүмүүсийн царайг ээлжлэн харж,
- Яагаад ийм юм болчхов? гэж асуулаа.
- Зүтгүүр доор орчихсон, ноёнтон. Талийгаачтай адил ажлаа сайн мэддэг хүн Англи даяар байгаагүй дээ. Гэвч өнөөдөр яагаад ч юм бэ төмөр замаас гаралгүй, дэнлүүгээ унтраачхаад барьж явжээ. Зүтгүүр хонгилоос гарч ирэхэд зам дээгүүр цаашаа харан явж байгаад дайруулчхаж. Жолооч нь энэ хүн л дээ. Сая бид нарт яаж бүх юм болсныг үзүүллээ.
- Аль вэ, Том оо, чи энэ эрхэмд дахин үзүүлээдхээч.
Бааздуухан хийцтэй ажлын хар хувцастай хүн хонгилын аман дээр очиж зогсов. Түүний өгүүлсэн нь:
- Би, хонгил доторх булангийн цаанаас гарч ирмэгцээ түүнийг хонгилын аманд явж байхыг харсан юм, ноёнтон. Томруулдаг шилээр л харсан юм шиг тийм тод харсан даа. Хурдаа сааруулах цаг байсангүй. Тэгээд ч би түүний анхааралтай, болгоомжтой байдгийг мэднэ. Зүтгүүрийн яндангийн дууг сонсохгүй хэнэг ч үгүй алхаад байсан. Миний зүтгүүр бүр тулж ирэхэд нь би яндангаа дуугаргахаа больж, хар тэнхээгээрээ хашхирсан юм.
- Юу гэж хашхирсан бэ?
- Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу? Болгоомжтой, болгоомжтой! Хөөе! Замаас зайлаач! гэж хашхирсан.
Би саяын хэлснийг нь дуулж мэл гайхав.
- Ёоох! Үнэхээр аймшигтай явдал болсон доо. Би ч тасралтгүй хашхирч байсан. Би түүний дайруулахыг харахгүйн тулд энэ гараараа нүдээ таглаж, энэ гараараа даллаж байсан. Гэвч ямар ч тус болоогүй дээ.
Энэ сонин хачин явдлуудын алийг нь бусдаас онилох вэ хэмээн бодож тэр хүний ярьснаар энэ хүүрнэлээ төгсгөв. Харин сүүлчийн цэг тавихын өмнө нэг юмны тухай хэлэхэд, зүтгүүрийн жолоочийн хашхирч хэлсэн үгс, хөөрхий сумчинг мөрдөн мөшгөж, амар тайван байлгахгүй байсан үгнүүдтэй ижил болоод зогсохгүй мөн хөдөлгөөн түүний надад үзүүлж байсан хөдөлгөөнтэй таарсан нь үнэхээр гайхмаар. Гэхдээ таарсан юм шиг надад санагдсан байж болно.[/b]
|