|
[center]Хэсэг 64[/center]
Ландон, Витториа хоёрын суусан такси Скрофа гудамжны өргөн замаар нэг бээр газрыг ганц минутын дотор л туулан ирлээ. Тэд дэл Попол буюу Ардын талбайн урд хэсэгт найман цаг болохоос арай өмнөхөн буулаа. Ландонд лийр байгаагүй болохоор жолоочид америк доллараар илэрхий давуу төлчхөөд, Витториатай хамт үсрэн гарав. Талбай нам гүм, зөвхөн Розати кафед суух хэдэн хүн инээн суухаас өөр чимээгүй байлаа. Агаарт гоймон, эспрессо кофе үнэртэнэ.
Ландон Пантеоны талаар хийсэн алдааныхаа цочролоос гараагүй л байлаа. Гэхдээ, энэ талбайг зэрвэс ажигламагц зургаа дахь мэдрэхүй нь түүнд зөв газраа иржээ гэж хэлээд байв. Тэр чигтээ Иллюминатигийн бэлгэдлээр дүүрэн ч юм шиг. Талбай зууван хэлбэртэй, яг голд нь Египет гэрэлт хөшөөг санагдуулам дөрвөлжин чулуун хөшөөтэй, тэр нь яг пирамидыг тиг болгосон янзтай. Ромын эзэнт гүрний үед, Египетийг тоносны үр дүнд, пирамид энд тэндгүй тарсан бөгөөд пирамидын дээд хэсгийг дуурайлган тэнгэр рүү сүлбэсэн Ромын үеийн хөшөөг бэлгэдэл судлаачид «эрхэмсэг пирамид» гэдэг бөлгөө.
Ландоны харц огт өөрчлөгдөлгүй гүйн явсан ч эцэстээ илүү ноцтой сонин зүйл дээр тогтов. Тэр тун өвөрмөц онцгой байлаа.
«Бид зөв газраа ирчихжээ» гэж тэр намуухан дуугаар эргэлзээгүй хэллээ. «Тэрийг хар даа» гээд талбайн алс нөгөө захад байгаа Ардын хаалга гэх том чулуун гулдан хаалга руу заалаа. Сүрлэг гайхалтай энэ хаалга - энэ талбайг зуун зуун жилийн турш тэр өндрөөс ажигласаар ирсэн нь лавтай. Дааман хаалганы яг голд нь хамгийн дээд талд нэгэн бэлгэдэл дүрс байлаа. «Танил харагдаж байна уу?»
Витториа тэр том сийлбэрийг өлийн хараад: «Гурван талт чулуун дээр од гэрэлтэж байгаа юм уу даа?»
Ландон толгойгоо сэгсрэн: «Пирамидын дээр Иллюминатигийн тэмдэг байгаа юм» гэлээ.
Витториа эргэж харснаа, нүдээ томруулан: «АНУ-ын Төрийн их тамга шиг үү?»
«Яг тийм. Нэг долларын дэвсгэрт дээрх масоны бэлгэдэл».
Витториа гүнзгий амьсгаа аваад, талбайг бүхэлд нь ажиглангаа: «Тэр сүм нь тэгээд хаана байна аа?» гэв.
Дэль Пополо талбай дахь Санта Мариагийн сүм яг л байрлалаа буруу эзэлчихсэн байлдааны усан онгоц шиг санагдах агаад талбайн зүүн өмнөд хэсгийн толгодыг нөмөрлөн хазгай байрласан ажээ. Арван нэгдүгээр зууны чулуун барилгын нүүрэн хэсэг өмнө нь угсарсан барилгын тавцангийн цаанаас улам ч болхи харагдана.
Сүмийн зүг алхаж явахдаа, Ландоны толгойд элдэв бодол төрнө. Тэр сүмийг гайхан мэлэрнэ. Аллага, тэгээд, энэ дотор болох юм байх даа? Оливетти түргэн л ирээсэй. Хармаан дахь буу нь эвгүй санагдана.
Сүмийн гол хаалгын шат их л найрсгаар урин дуудах авч, урд нь барилгын тавцан шат, багаж хэрэгсэл, CONSTRUZIONE. NON ENTRARE (Барилгын ажил, Орохыг хориглоно. Ита.) анхааруулга тэмдэг тавьчихсан болохоор нэг л нийцгүй харагдана.
Энд барилгын ажил явагдаад, сүм хаагдсан нь илэрхий байлаа. Тэгэхээр, алуурчин ганцаараа ажиллахад тун саадгүй боломж нээжээ. Пантеонтой зүйрлэх ч юм биш. Ямар ч зальжин арга бодож олох шаардлага алга. Харин яаж ийгээд дотогшоо нэвтрэх хэрэгтэй л байлаа.
Витториа хашааны завсраар юу ч бодолгүй шууд л гарч, шат өөр өгсөв.
«Витториа» гэж Ландон дуудаад: «Тэр тэндээ байвал яах юм бэ?» гэлээ.
Витториа сонссонгүй бололтой . Бүсгүй сүмийн цорын ганц үүдний өмнөх шатаар өгсөнө. Ландон араас нь яаран алхална. Түүнийг үг хэлж амжихаас нь өмнө бүсгүй хаалганы бариулд хүрээд татлаа. Ландон амьсгалаа даран зогсов. Хаалга онгойсонгүй.
«Өөр газраар орж болдог л байж таарна даа» гэж Витториа үглэв.
«Магадгүй» гэж Ландон хэлээд: «Гэхдээ, Оливетти удахгүй ирнэ шүү дээ. Ийшээ орно гэдэг тун аюултай. Хоёулаа сүмийг гадна талаас нь ажиглаад байж байя...»
Витториа түүн рүү нүдээ эргэлдүүлэн харлаа. «Энд орж болох өөр газар байгаа бол гарч болж л таарна. Хэрэв нөгөө этгээд алга болчих юм бол, бид fungito шүү дээ».
Итали хэлэндээ тааруу ч гэсэн Ландон түүний юу ярьж байгааг ойлгож байлаа.
Сүмийн баруун талын нарийн зөрөг харанхуй, жижиг, хоёр талд нь өндөр ханатай ажээ. Тэндээс шээс үнэртэх агаад баар зоогийн газрын тоо нь нийтийн жорлонгийн тооноосоо хорь нэгийн харьцаатай олширчихсон хотод байдаг ерийн л үнэр билээ.
Ландон, Витториа хоёр өмхий харанхуй руу яаран буулаа. Арван тав орчим дэлэм явсны дараа Витториа, Ландоын гарыг татаад, нэг зүг рүү заав.
Ландон ч түүнийг харсан байлаа. Өмнө нь хүнд төмөр нугастай модон хаалга байлаа. Энэ бол стандарт porta sacra (ариун хаалга. Ита.) буюу лам нарын орж гардаг хувь хаалга байлаа. Үүгээр нь хулгай ордог, мөн таагүй гудамж руу харсан илүү хаалга үл хөдлөх хөрөнгийнх нь үнийг унагадаг болохоор ийм хаалгыг одоо нэгэнт шаардлагагүйд тооцдог болжээ.
Витториа хаалга руу түргэн дөхлөө. Тэгээд, хаалганы бариул хайн харж зогсохдоо илэрхий мэгдсэн байв. Ландон ард нь ирээд, бариул байх ёстой газар нь дугуй төмөр цагираг байхыг харлаа.
«Анулус гэдэг юм» гэж тэр шивнэв. Ландон цагиргийг гартаа бариад, аажуухан өргөж, татав. Хаалга чад гээд онгойсонгүй. Тэгэхээр, цагиргаа нар дагуулан зөөлхөн эргүүлэв. Цагираг саадгүй эргэсээр 360 хэм бүтэн эргэлээ. Гэхдээ, цоож мултрах чимээ гарсангүй. Ландон гайхаад, дахин нөгөө тал руу нь эргүүлсэн ч бас нэмэргүй.
Витториа гудамжны нөгөө өнцөг рүү хараад: «Өөр газраар орж гардаг юм болов уу?» гэв.
Ландон үгүй л байх даа хэмээн бодно. Сэргэн мандлын үеийн дийлэнх сүм хотыг эзэлсэн тохиолдолд, бэхлэлт болгон ашиглахаар баригдсан байдаг. Тиймээс, аль болохоор цөөн хаалгатай байдаг ажээ. «Хэрэв өөр хаалга байгаа бол байшингийн ар талд, ханан хөндийн дагуу зугтах гарц маягийн зүйл байх ёстой» гэлээ.
Витториа аль хэдийн явж одсон байв.
Ландон түүнийг даган, харанхуй нарийн гудамжаар алхлаа. Хоёр талд нь өндөр босоо хана байх ажээ. Гэнэт найман цаг болсныг мэдэгдэн, дохио дуугарав.
Роберт Ландон Витториаг анх дуудахад нь сонссонгүй. Тэр төмөр саравчтай цонхоор сүмийн доторхыг харах гэж оролдон шагайсаар хоцорчээ.
«Роберт» гэж Витториа арай чангахан дуудлаа.
Ландон түүн рүү харав. Витториа гудамжны үзүүрт зогсчихсон, нэг гараа даллан, нөгөө гараараа доошоо зааж байв. Ландон түүн рүү дурамжхан гүйсээр очив. Арын хананы суурь хэсэг, том гэгч чулууны ард байшингийн суурь руу ордог жижиг хаалгыг халхлан байлаа.
«Үүд юм уу даа?» гэж Витториа асуув.
Ландон толгойгоо дохив. Уул нь ч гарц л даа, гэхдээ техникийн хувьд ялгаагүй.
Витториа өвдөглөж суугаад, завсраар нь шагайна. «Хаалгыг нь шалгая, онгорхой байна уу, үгүй юү?»
Ландон орох гэтэл Витториа түүний гарыг нь татаад, урдуур нь ухасхийв.
«Байз!» гэж Ландон хэлэв.
Бүсгүй түүнийг байн байн болгоомжлоод байгаад унтууцсан байртай, эргэн харлаа.
Ландон шүүрс алдаад: «Би эхэлж оръё» гэв.
Витториа гайхан хараад: «Хөлөг баатрын ёс уу?» гэж асуулаа.
«Хөөрхнөөрөө биш нас намбаараа эхэлье» гэлээ.
«Найр тавьж байгаа хэрэг юм уу?»
Ландон инээвхийлээд, хажуугаар нь гарч, харанхуйд уусан одов. «Шатаар болгоомжтой буугаарай» гэх сонсогдоно.
Тэр нэг гараа хананд наагаад, харанхуйд ямх ямхаар урагшилж байлаа. Хурууных нь үзүүрт хатуу чулуун ирмэг мэдрэгдэнэ. Тэр эгшинд тэр Дэдэлусийн домгийг саналаа. Минотаврын төөрдөг байшингаас гарахын тулд гараа хананаас салгахгүй явахыг залуу хүүд сануулсан, агаад тэр ёсоор явсаар хаалганд нь хүрсэн гэдэг. Ландон аажимхан урагшилж байсан боловч эцэст нь хүрмээр байгаа эсэхээ мэдэхгүй л байлаа.
Хонгил яльгүй нарийхан болж, Ландон улам ч аажуухан алхана. Витториа яг ард нь явааг нуруугаараа мэдэрч байлаа. Хана зүүнш тохойрон эргэж, хагас дугуй хэлбэртэй болжээ. Тэрүүхэнд жигтэй бүгээн гэгээ тусна. Тэр гэгээнд Ландон хүнд модон хаалга олж харлаа.
«Хөөх!» гэж Ландон хэлэв.
«Цоожтой байна уу?»
«Тийм байсан юм шиг байна аа».
«Байсан юм шиг гэнэ ээ» гэснээ, Витториа дэргэд нь зэрэгцээд ирлээ.
Ландон цоож руу заав. Хаалга хагас онгорхой, дотроос нь бүгээн гэгээ гарна. Цоожийг эвдсэн лоомын ором хаалганы модонд шинээрээ байх.
Тэр хоёр хэсэг чимээгүй байлаа. Хормын дараа, Ландон Витториагийн гар цээж рүү нь зөөлөн дөхөж, пиджакийнх нь дотоод энгэрт ирэхийг мэдрэв.
«Тайвшир, профессор оо. Би зүгээр л буу авах гэж байна» гэж тэр хэлэв.
Тэр үед Ватиканы музей дотор, Швейцар жардын томилгоот баг бүх чиглэлд тарж одлоо. Музей харанхуй, харуулууд АНУ-ын тэнгисийн явган цэргийн шөнийн харааны шил зүүжээ. Тэр шил бүх юмыг ногоон туяатай харагдуулна. Бүх харуул урдаа антен мэт зүйл барьж, түүнийгээ сурмаг гэгч нь байн байн дохилзуулах бөгөөд чихэндээ тэр антен мэт зүйлтэйгээ холбоотой жижиг чихэвч зүүжээ. Тэд хөшөө, ханан хөндий, шүүгээ, тавилгын доогуур дадамгай гэгч шалгана. Бага ч атугай соронзон талбай олмогцоо, антен дуугарч дохио өгөх бөлгөө.
Гэхдээ, энэ шөнө тийм дохио сонсогдохгүй бололтой байв.
[center]Хэсэг 65[/center]
Санта Мариа дель Попологийн дотоод байдал - бүдэгхэн сүүмийх гэрэлд барьж эхлээд хаячихсан метроны буудал шиг л харагдана. Гол танхимд нь есөн жорын хог хөглөрч, ховхорсон шал, тоосгоны овоолго, шороон овоо, түрдэг тэрэг, бүр зэвэнд идэгдсэн зээтүү хүртэл хэвтэнэ. Аварга том баганууд шалнаас эгц дээш босч асар том дээврийг нь бат нот тулна. Хуруу зузаан тоос болсон шилний цаанаас бүдэгхэн ёлтойх гэрэлд шавар, шорооны хуурай үнэр агаарт ханхийнэ. Ландон хана туургыг нилд нь бүрхсэн Пинтуричиогийн зүмбэрийн өмнө Витториатай зогсоод, тахилын гол ширээ рүү мэлрэн байв.
Юу ч эс хөдөлнө. Үхмэл аниргүй.
Витториа буугаа хоёр гараараа бариад өмнөө зэхжээ. Ландон цагаа харвал 8:04 болж байна. Энд зогсч байдаг бид ч солиотой хүмүүс юм аа. Аюултай шүү дээ. Хэрэв алуурчин энэ дотор байгаа хэвээрээ бол тэр дуртай хаалгаараа гарч ирнэ: харин өөдөөс нь ганц буутай зогсож байна гэдэг тийм ч их үр дүнтэй байж чадахгүй байлаа. Түүнийг дотор байхад нь барьж авах бол цорын ганц боломж: гэхдээ тэр энд байсаар байгаа эсэхийг мэдэхгүй билээ. Ландон - хүмүүсийг Пантеонд аваачаад, алуурчныг зогсоох цорын ганц боломжийг алдагдуулсан, бүх хүнийг төөрөлдүүлж орхисон - ганц гэмтэн болоод байлаа.
Витториа сүмийг бүхэлд нь зэрвэс ажиглаад: «За тэгэхээр Чиги сүм гэдэг нь хаана байна вэ?» гэлээ.
Ландон бүгээн саарал гэрэл дунд, сүмийн гадна ханыг тойруулан харав. Сэргэн мандлын үед нэг том дуган дотор, хэдэн хэдэн сүм байсан агаад Нотре Дам мэт том сүм дуганд бүр арав гаруй жижиг сүм оршдог байв. Тийм жижиг сүм том дуганыхаа дотор өрөө, булан, хүнхэг, гонхонд нь байрлаж, хана, ханын хөндийгөө дагуулан булш бунхнаа байрлуулдаг байжээ.
Ландон ханын дагуу дөрвөн өрөө маягийн гонхон байх, тэнд нийт найман сүм багтаж болохыг хараад муу л мэдээ байна даа гэж бодлоо. Найм гэдэг тийм ч их тоо биш. Гэхдээ барилгын ажил хийж байгаа болохоор: дотор нь байгаа булшийг тоос шорооноос хамгаалах гэж бүх гонхонг зузаан тунгалаг хулдаасан хөшгөөр хааж - хаана юу байгааг нь мэдэхийн тулд нэг нэгээр нь шалгахаас өөр аргагүй болжээ.
«Хөшиг татсан энэ гонхонуудын аль нь ч байж магадгүй» гэж Ландон бувтнана. «Аль нь Чиги сүм бэ гэдгийг мэдэхийн тулд бүгдийг нь шагайж харах л хэрэгтэй болно доо. Тэгэхээр Оливеттийг хүлээвэл...»
«Хоёр дахь зүүн хагас нь аль вэ?» гэж Витториа асуув.
Ландон түүнийг хүн бүр мэдээд байдаггүй архитектурын тодорхой нэр томьёог их л итгэл төгс хэлэхээр нь гайхан харлаа. «Хоёр дахь зүүн хагас нь аа?»
Витториа ард нь байгаа ханыг заав. Угалзалсан зүмбэртэй тэр ханан дээр сүмийн гадаа хаалган дээр харсан гэрэлт одтой пирамидын дүрс байлаа. Хажууд нь байх пайз дээр:
Александр Чигигийн сүлд
Түүний булш
Энэ сүмийн хоёр дахь зүүн хагаст буй
гэж бичсэн байв.
Ландон толгой дохив. Чигигийн сүлд нь одот пирамид байсан байх даа. Гэнэт, тэр Чиги гэгч баян тэтгэгч хүн өөрөө Иллюминатус байсныг ухаарлаа. Тэгээд, Витториа руу харж толгой дохиод: «Сайн байна шүү, Нанси Дрью» гэлээ.
«Юу?»
«За, за. Зүгээр л...»
Гэнэт . . . төмрийн жижиг хэлтэрхий тэднээс дэлэм зайтай тан хийн унахад, бүх сүм даяар цуурайтан царгив. Дуу гарсан зүг Витториа буугаа онилох зуур Ландон түүнийг тэврэн ойролцоох баганын цаагуур татан орууллаа. Цуурай алслан одоход, дахиад л анир чимээгүй болов. Тэд хоёр амьсгаа даран түр хүлээв. Дахин чимээ гарлаа, гэхдээ юм чирэх мэт чимээ гарав. Энд ирдэггүй л байж гэж Ландон бодно. Чимээ ойртсоор, гэхдээ, пад пад гэх чимээг нь сонсвол энэ хүн доголон болтой. Гэнэт баганын доод хэсгээр нэгэн зүйл гарч ирлээ.
Figlio di puttana! гэж Витториа хараасаар багана руу нуруугаараа наалдахад, Ландон ч бас биеэ шахан наалаа.
Баганын цаанаас, хачиртай талхны хаягдал цаасан дээр чирсэн аймаар том харх гараад ирэв. Харх тэр хоёрыг гэнэт анзаарч, тэдэн рүү, ялангуяа Витториагийн барьсан бууны гол төмөр рүү баахан харж байснаа, нэг их тоосон шинжгүй нөгөө талхаа чирсээр одов.
«Чөтгөр авмар!» хэмээн Ландон хараал тавихад, зүрх нь байдгаараа дэлсэж байлаа.
Витториа буугаа буулгаад, хэвийн байдалдаа оров. Ландон баганын цаанаас шагайн, ажилчин залуугийн идээд хаясан хоолны үлдэгдэл шалан дээгүүр тарж орхисныг харлаа.
Ландон, сүмд өөр ямар нэг хөдөлгөөн байгаа эсэхийг хянаад: «Хэрэв энд алуурчин байгаа бол энэ чимээг сонссон л байж таарна. Тэгэхээр, Оливеттийг хүлээсэн нь дээргүй юу? Чи нээрэн өөрсдөө явъя гээд байна уу?» гэж асуув.
«Хоёр дахь зүүн хагас гэж хаана байдаг юм бэ?» гэж Витториа тулгаж асуулаа.
Ландон эргэж ажилдаа орлоо. Сүмийн нэр томьёо гэж яг л тайзных шиг дандаа урвуугаараа ойлгогддог ажээ. Тэр гол тахилын өмнө очиж, тийш нь нүүрээ харуулан зогсов. Тайзны гол. Тэгээд, эрхий хуруугаа мөрөө давуулан заалаа.
Тэгээд, хоёулаа зэрэг эргэж хараад, хаашаа зааснаа ажиглав.
Чиги сүм, баруун талын дөрвөн гонхоны гурав дахид нь байсан бололтой. Тэр хоёр сүм дотроо зөв талдаа, гэхдээ өөр үзүүрт нь зогсож байлаа. Тийшээ очихын тулд, сүмийг хөндлөн гулд туулж, гурван гонхон өнгөрөн, яг л Чиги сүм шиг хулдаасан хөшгөөр халхалсан талбайгаар явах хэрэгтэй байв.
«Байзаарай!» гэж Ландон хэлээд: «Би түрүүлээд явъя» гэлээ.
«Боль доо».
«Би Пантеон руу үймүүлж дагуулсан хүн шүү дээ».
Бүсгүй эргэж хараад: «Гэхдээ надад буу байна шүү дээ» гэлээ.
Түүний нүднээс Ландон юу бодож байгааг нь харж байлаа. Би аавыгаа алдсан. Би үй олноор хөнөөх энэ зэвсгийг хийлцсэн. Энэ этгээдийн булаасан юм болгон минийх байсан юм...
Ландон түүнийг зогсоох нь нэмэргүй юм гэдгийг мэдээд, араас нь дагав. Бүсгүй болгоомжтой зөөлөн алхлан, сүмийн зүүн талаар алхаж явлаа. Хөшиг татсан эхний хөндийг өнгөрсний дараа, Ландон тэмцээнт тоглоом тоглож байгаа юм шиг хөвчрөөд явчхав. Гурав дахь гонхонд би эхэлж очно доо гэж бодлоо.
Сүм дотор аниргүй, зузаан чулуун хана гаднах дуу чимээг огт үл нэвтрүүлнэ. Тэд нэг сүмээс нөгөө рүү шилжин өнгөрөх зуур, тэдний дүрс гялгар хөшгөн дээр тусч, хумирахад нь яг л хий үзэгдэл шиг дэрвэгнэх ажээ. Цаг 8:06 болж байлаа. Алуурчин цагийнхаа хуваарийг ягштал баримтлан, Ландон, Витториа хоёрыг ирэхээс өмнө ажлаа амжуулчхаад, арилаад өгөө болов уу? Эсвэл тэндээ байсаар байгаа болов уу? Ландонд аль нь таалагдахыг мэдэхгүй л байлаа.
Тэр хоёр дахь хагасыг туулан явах зуур, сүмийг муу ёрын харанхуй дарж эхлэв. Тоос шороо дарж хөгцөрсөн цонхны цаана наран шингэж, шөнө юу юугүй нөмрөн авлаа. Тэднийг урагш зүтгэх зуур, ард нь том хүнд хулдаасан хөшиг гэнэт намиран хөдлөх шиг болов. Ландонд, хэн нэгэн хаа нэгтээ хаалгаар гараад явчхав уу даа гэж санагдлаа.
Витториа гурав дахь хонгилын өмнө очлоо. Тэр буугаа өмнөө бариад, толгойгоо хандуулсан зүг рүүгээ онилон явна. Боржин чулуун ханан дээр
Чиги Сүм
гэсэн хоёр үг сийлжээ.
Ландон толгой дохив. Тэр хоёр том гэгч баганын цаагуур орж биеэ далдлан, онгорхой булан руу дөхөв. Витториа буугаа бэлэн бариад, хулдаасан хөшигний наана зогсжээ. Тэгээд Ландон руу хандан: «Хөшгийг өргө!» гэж дохив.
Бурхан минь гэж Ландон дотроо залбирна. Тэгээд, аажуухан бүсгүйн хажууд ирээд, мөрөн дээгүүр нь хөшгөнд хүрэв. Хүнд хулдаасан хөшгийг хэрээрээ л аяархан нээх гэсэн боловч хөшиг ганц хуруу хэртэй онгойхдоо сүрхийн чахран дуугарлаа. Тэр чимээнд нь, тэр хоёр хөшиж орхив. Дахин анир чимээгүй болов. Хормын дараа Витториа болгоомжтой ёо урагшлан, хөшгөн завсраар шагайлаа. Ландон ч мөрөн дээгүүр нь бас өнгийнө.
Хором хэртэй, тэр хоёр амьсгаа даран анав.
«Хоосон байна» гэж Витториа хэлээд буугаа буулган: «Хоцорчихлоо» гэв.
Ландоны ухаан санаа огт өөр ертөнц рүү эгшин зуур арилж одсон болохоор бүсгүйн хэлснийг сонссонгүй. Сүм ийм байж болох юм гэж тэр төсөөлж ч байсангүй. Бор боржингоор өнгөлсөн Чиги сүм гоц содон байлаа. Ландон юм мэддэг хүний нүдээр бүхнийг ажиглана. Галилей ч юм уу, ер нь иллюминатигийнхан өөрсдөө энэ сүмийн зургийг гаргасан болов уу гэмээр тийм шороон харагдаж байлаа.
Таазан дээр гэгээрлийн зүг чиглүүлэх оддыг дүрсэлж, одон зурхайн долоон гаригийг бас зуржээ. Доогуур нь одон зурхайгаас үүссэн шороон тэмдэг гэх арван хоёр ордны бэлгэ байна. Тэдгээр орд шороо, хий, гал, ус дөрвөн махбодод шүтэлцэх агаад махбод тус бүр чадал, оюун, сэтгэл, догдлолыг илэрхийлнэ. Шороо бол чадал юм хэмээн Ландон саналаа.
Хананы тэртээ, Ландон шороон бэлгийн дөрвөн улирал primavera, estate, autumno, inverno (uma. Хавар, зун, намар, өвөл) -ыг дүрсэлжээ. Тэр сүмийн зайг бүхэлд нь дүүргэсэн хоёр баримлыг бүр гайхавч баршгүй байлаа. Ландон тэр хоёрыг удаан мэлрэв. Үгүй байлгүй дээ! Ийм юм бас байдаг аа? Гэхдээ байж л байлаа. Сүмийн хоёр талд харилцан тэгш хэмтэй арван тохой өндөр боржин пирамид байв.
«Кардинал байхгүй л байна даа» гэж Витториа шивнэв. «Алуурчин ч бас алга» гээд тэр хулдаасан хөшгийг яран, дотогш оров.
Ландоны нүд тэнд байгаа хоёр пирамидаас салж чадсангүй. Христийн сүмд пирамид юу хийж байгаа юм бол оо? Гайхалтай юм үүгээр зогссонгүй. Пирамид тус бүрийн яг зүрхэн тушаа нүүрэн талд зууван хэлбэртэй алтан зүмбэр байлаа. Ландон тийм юм цөөхөн үзсэн билээ. Тэр зүлгэж өнгөлсөн зууван дээр шингэж буй нарны улаан туяа ойж таазан дээгүүр цацарна. Галилейн зууван? Пирамид? Одот тааз? Ландон үүнээс илүү «иллюминатилаг» байх сүм төсөөлж ч чадахгүй байв.
«Роберт!» гэж гэнэт Витториа дуудаад: «Хар даа» гээд нэг тийшээ заав.
Ландоны оюун санаа арай л гэж бодит байдалдаа эргэн ирж, Витториагийн заагаад байгаа зүг харав. «Цуст там!» гэж тэр цочин хашхираад, арагш ухрав.
Шалан дээр гайхалтай нарийн дүрсэлсэн араг ясны зураг байх ба нүдгүй хоосон ухархай нь тэр хоёрыг нэвт ширтэнэ. Гантиг шигтгэж хийсэн тэр шигтгэмэл «нисэн яваа үхэл»-ийг бэлгэддэг ажээ. Араг яс том хавтан тэвэрч, тэр хавтан дээр яг гадаа байсан шиг пирамид, од хоёрыг зурсан байлаа. Гэхдээ, энэ зургаас Ландон айсангүй. Тэр зургийг том дугуй чулуун дээр шигтгэсэн: харин тэр дугуй чулууг шалнаас нь ховхлоод өргөөд тавьчихсан, доор нь том харанхуй нүх ёрлон харагдана.
«Чөтгөрийн цооног» гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв. Ландон таазыг нь мэлрээд байснаас, тэр нүхийг анзаараагүй ажээ. Тэр нүх рүү нэг алхав. Тэндээс тэвчихийн аргагүй өмхий ханхална.
Витториа алгаараа хамраа дарна. «Che puzza!»
«Effluvium» гэж Ландон хэлэв. «Илжирсэн яс үснээс ялгарсан уур савсаж байгаа нь энэ». Тэр ханцуйгаараа хамраа таглан амьсгалаад, нүхэн дээгүүр өнгийн харав. Түнэр харанхуй нүх. «Юу ч харагдахгүй байна».
«Тэнд хүн байгаа болов уу?»
«Мэдэх аргагүй юм аа».
Витториа нүхний нөгөө тал руу дөхвөл, тэр доор модон шат байхыг олж харав.
Ландон толгойгоо сэгсрээд: «Там л гэсэн үг шүү дээ» гэв.
«Гадаа байгаа багаж дунд гар чийдэн байгаа болов уу?»
Бүсгүй тэр нүхнээс ханхлах өмхий үнэрээс халшрах шинжгүй ажээ. «Би хараадахъя».
«Болгоомжтой» гэж Ландон сэрэмжлүүлэв. «Алуурчин энэ доор байгаа гэж бид хоёр ...»
Витториа түүнийг сонсолгүй алхална.
Зориг төгс хүүхэн шүү гэж Ландон бодлоо.
Ландон нүх рүү эргэж хартал, толгой нь эргэх шиг болов. Тэгээд, амьсгалаа түгжээд толгойгоо бөхийлгөн, нүхний гүн рүү ширтлээ. Аажимдаа нүд нь харанхуйд дасч, тэр доор ямар нэг юм байгаа бүүдгэр дүрс олж харлаа. Цооног жижигхэн өрөөний хаалга маягтай эд ажээ. Чөтгөрийн цооног. Чигигийнхний хэдэн үеийг энэ дор ямар ч ёслол хүндэтгэлгүй хаяж орхио бол доо? Ландон нүдээ аниад, бүрэлзэхээ болихыг нь хүлээн азнав. Нүдээ дахин нээхэд, түнэр харанхуй дунд нэгэн бүүдгэр дүрс бүртийн үзэгдэнэ. Би юм хараад байх шиг байх юм. Энэ тэгээд хүүр нь юм болов уу? Дүрс их бүүдгэр байлаа. Ландон нүдээ дахин аниад, арай илүү удаан азнаж, харанхуйд ямар нэг юм олж харахыг зорино.
Нүд нь эрээлжилж, бодол нь тэр харанхуйд юу байгааг олоод харчих юм сан хэмээн хичээнэ. Дахиад хэдхэн секунд. Энэ өмхий уураар амьсгалснаас болоод юм уу, эсвэл толгойгоо хэт их бөхийлгөснөөс болов уу ямартай ч дотор нь муухай оргиж, бөөлжис нь цутгаж байлаа. Эцэст нь нүдээ нээж, аймаар зүйл олж харав.
Тэр харанхуй дотроос өмхий нүхний байр байдлыг олж харлаа. Бүдэгхэн исгэрээ чихэнд нь сонсогдоно. Бүүдгэр гэгээ нүхний ханыг бүртийлгэн харагдуулна. Гэнэт, дээр нь том хар сүүдэр гараад ирэв.
«Хар даа» гэж ард нь хүн хэлэв.
Ландоныг эргэж харж амжаагүй байтал хүзүү нь шархийтэл түлэгдээд явчихлаа. Витториа хүзүүн дээр нь унасан цогийг гөвөх гэж оролдон, гартаа байгаа бамбараа ийш тийш савлах тоолон сүмийн дотор талыг цэнхэр өнгө цэлэлзүүлнэ.
Ландон хүзүүгээ дарснаа: «Яаж байгаа юм бэ, чи?» гэв.
«Чамд л гэрэлтүүлж өгөх гэж байсан шүү дээ. Тэгсэн чинь, чи өөдөөс өндийгөөд ирсэн» гэв.
Ландон бүсгүйн гартаа барьсан бамбарыг нь харна.
«Гар чийдэн алга. Байгаа нь л энэ байна».
Ландон хүзүүгээ үрээд: «Чамайг ирж явахыг чинь сонссонгүй».
Витториа түүнд бамбараа өгөөд, нөгөө өмхий нүх рүү өнгийснөө: «Экэ савсаад байгаа уур нь шатдаг юм биш байгаа даа» гэлээ.
«Үгүй л гэж найдахаас».
Ландон бамбараа бариад: нүх рүү аажим дөхөв. Амсар дээр нь очоод бамбараа тонгойлгон, нүхний дотор талыг зэрвэс ажиглалаа. Нүх дугуй хэлбэртэй, хорин тохой орчим өргөн ажээ. Гучин тохой орчим доор шаварлаг ёроолоос уур савсана. Шороон махбод. Удалгүй Ландон нэг хүүр олж харлаа.
«Хүүе, тэнд байна» гэж Ландон зөнгөөрөө хэлээд ухасхийв. Харанхуйд хүний бололтой дүрс сүүмийх агаад нүцгэн харагдана. «Нүцгэлчихсэн юм шиг байх юм» гэж Ландон хэлэв.
«Нөгөө кардиналуудын нэг үү?»
Өөр хэн л байх аж дээ гэж Ландон бодлоо. Лаг шаварт шигдсэн тэр дүрс рүү улам бүр өнгийнө. Дүрс огт хөдлөхгүй, амьгүй үзэгдэнэ. Гэхдээ бас л хачирхалтай санагдана.
Ландон: «Хүүе!» гэж дуудлаа.
«Амьд байгаа юм шиг байна уу?»
Доороос хариу огт өгсөнгүй.
«Хөдлөхгүй байна аа. Гэхдээ ... сонин юм даа»
Витториа араас нь өндөлзөн: «Яасан бэ?» гэв.
Ландон тогтоож харахыг оролдон: «Зогсож байгаа юм шиг харагдаад байх юм» гэв.
Витториа бүр сонирхон, нүхний амсраас өнгийн байж харах гэж оролдлоо. Тэгснээ, өндийж суугаад: «Тийм байна. Зогсоогоороо байна. Амьд, тусламж хэрэгтэй байж магадгүй байх аа» гэлээ. Тэгснээ, дахиж тонгойгоод «Хүүе! Mi puo sentire?»
Өмхий самхай ханхалсан том нүх аниргүй хонхойно.
Витториа хөлөө шат руу буулган: «Би орлоо» гэхэд нь Ландон гараас шүүрээд: «Аюултай шүү дээ. Би оръё» гэлээ.
Витториа татгалзсангүй.
_________________ Avatar by Someone
|