1945 онд Германаас дорно зүг явж байсан цуваануудад нэн шинэ төрлийн зэвсэглэлийн загвар, суурь машин, эд ангиуд, хамгийн гол нь түрүүнд нь Гитлерийн цэргийн машиныг бүтээлцэж байсан шилдэг эрдэмтэн, инженер, мэргэжилтнүүд явжээ.
Хоёрдугаар дайн бас нэлээд хэдэн сар үргэлжилсэн бол, уг дайн холбоотнуудын ялалтаар биш, харин цөмийн сүйрлээр дуусч болох байжээ. «АиФ» сонины олж авсан шинэ баримт сэлт ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.
- Танай Гагарин, Саран дээр анх хөл тавьсан америкийн Армстронгийн аль аль нь германы техникийн суу билгийн ачаар амжилтад хүрсэн юм гэж ялагдсан рейхаас Зөвлөлт Холбоот Улс, АНУ-ын авч гарсан цэрэг-технологийн олзны баримтыг Оросын архивуудад судалж буй Москва дахь Германы түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Маттиас Уль хэлжээ.
1945 онд Германаас дорно зүг явж байсан цуваануудад нэн шинэ төрлийн зэвсэглэлийн загвар, суурь машин, эд ангиуд, хамгийн гол нь түрүүнд нь Гитлерийн цэргийн машины тулд ажиллаж байсан шилдэг мэргэжилтэн, инженер, мэргэжилтнүүд явж байжээ.
Дайн дуусахаас хоёр сарын өмнө 45 оны гуравдугаар сард Тюрингид цөмийн зэвсэг туршсан байна. Тагнуулын албаныхан Сталинд энэ тухай мэдээлж, мөн Германы учрыг мэдэх хүмүүс ч мэдээлж байжээ. Гуравдугаар рейхийн атомын бөмбөг мөн оны зун Хирошима, Нагасаки хотод хаясан америкийн бөмбөгнөөс хавьгүй жижиг байсан байна. Ийм жижигхэн байсан нь үхлийн зэвсгийг Гитлерийн гол гол дайсанд хүргэж чадах Фау-2 гэдэг баллистик пуужингийн цэнэгт хушуу гол зайгий нь эзлэснээс тэр ажээ.
Бөмбөгийг мөн тэр хавар туршиж, түүнийг харавсан болон атомын бөмбөг дэлбэлсэн тухай киног Маленков хүлээн авсан байна (зохих баримт Петербургийн нэг архиваас саяхан олджээ).
Бөмбөгний хүчин чадал нь тротилын эквивалентаар нэг тонноос илүүгүй байжээ. Германчууд хүчин чадлыг нь ихэсгэж чадах байсан уу? Хэлэхэд хэцүү, учир нь цэвэр уран болон хүнд ус хүрэлцэхгүй асуудал гарч байсан байна. Фашистууд энэ түүхий эдийг Норвегиас авч байсан бөгөөд гэхдээ англичуудын явуулсан хорлон сүйтгэх ажиллагаа Германы цөмийн салбарыг нэг ёсондоо өлсгөлөн байдалд байлгаж байжээ. Мөн Улаан арми болон өрнөдийн холбоотнуудын хаврын давшилт бөмбөгийг боловсронгуй болгох боломж олгоогүй байна.
Үүний зэрэгцээ цөмийн цэнэгийг Нью-Йоркт хүргэж чадах Фау-3 пуужин бүтээх ажил хийж байжээ. Германыг ялагдсаны дараа америкчууд германы пуужингийн ерөнхий зохион бүтээгч Вернер фон Брауныг эхлээд хорьж, дараа нь түүнийг АНУ-ын пуужин-сансрын хөтөлбөрийн тэргүүнээр тавьсан байна.
Фау-3 нь хоёр угсараатай байсан бөгөөд Фау-2-ын адил британийн арал төдийгүй, АНУ-ын нутагт хүрч чадах байжээ. Шинэ пуужингийн цэнэгт хушууны жин нь өмнөхийнхөөсөө мөн хавьгүй их байсан байна. Эльба мөрөнд дуулиантайгаар тэврэлдэн уулзсаны дараахан ЗСБНХУ, АНУ хоёр германы цэргийн шинжлэх ухааны шилдэг мэргэжилтнүүдийг олж авахын төлөө өрсөлдөж эхэлжээ. Хэрвээ америкчууд фон Брауныг авсан бол, зөвлөлтийн тал жолоодлогот пуужин дээр ажиллаж байсан аэродинамикийн мэргэжилтэн Вернер Альбринг; «Крупп» пүүсийн баллистикийн хэлтсийн удирдагч байсан Вольдемар Вольф зэрэг тийм шилдэг мэргэжилтнүүдийг олж авч амжсан байна. Зөвлөлт Холбоот Улс пуужингийн мэргэжилтнүүдээс гадна, цөмийн физикч Манфред фон Арденне, Густав Герц нарыг олж авчээ.
Ялагчдад хэрэгтэй эрдэмтэн, инженерүүдийг сонгож авахын тулд пуужингийн техник бүтээгч С.Королёв, В.Мишин, М.Тихонравов нарыг 1945 онд Германд томилон явуулсан байна. Ахлах дэслэгч Василий Харчев америкийн эзэгнэлийн бүсээс германы сайн мэргэжилтнүүдийг элсүүлж байсан бүлгийг тэргүүлж байжээ. Заримдаа хуарангуудын хамгаалагч нарыг хахуульдахын тулд олзны цаг болон «дэлхийн валют» болох орос архийг хэрэглэж, америкчууд өглөгч орос холбоотнуудын заасан тэр хүмүүсийг нь өгч байсан байна.
Пуужингийн техник, түүнчлэн цөмийн физик, радиотехник, оптик, химийн салбарт эрдэм шинжилгээний хү-рээлэнгийн сүлжээ байгуулах тухай нууц тогтоол 1946 оны тавдугаар сарын 13-нд ЗСБНХУ-д гарчээ. Энэ баримт бичгийн дагуу, Германы 7000 орчим мэргэжилтэн, тэдний гэр бүлийнхнийг ЗСБНХУ-д авчирсан байна. 1946 оны 10 дугаар сарын 22-ны хар үүрээр тэднийг сэрээж, аливаа эд зүйлс, гэрийн бүлийн гишүүд, эхнэр нь биш ч байлаа гэсэн, эмэгтэйчүүдийг хамт авч явахыг зөвшөөрөн, ЗСБНХУ руу явуулжээ. Нэг этгээд зантай эрдэмтэн өөрийн үржүүлэх дуртай байсан гэрийн тэжээмэл шувуудыг авч явахыг шаардаж, үүнийг нь ч биелүүлсэн байна.
Пуужингийн мэргэжилтнүүдийг урьд нь эзгүй зэлүүд байсан Городомля арлын Селигер нуурын дунд суурьшуулж, цөмийн мэргэжилтнүүдийг Сухумийн захын Агузера руу авч явжээ. Германчууд торны цаана сууж, ажиллаж, амьдардаг бү-сээс чөлөөтэй гарч явж чаддаггүй байсан хэдий ч, тэднийг цэргийн олзлогдогсод хэмээн хэлэх аргагүй байжээ. Сайн хоол (улс оронд картын системтэй байсан хэдий ч) идэж, зөвлөлтийн мэргэжил нэгтнүүдийгээ бодвол заримдаа илүү өндөр цалин авдаг байсан байна. Вольдемар Вольфын зиндааны эрдэмтэд сард 6000 рубль (М.Королёв шиг), Греттруп 4500 рубль, инженерүүд тус бүр 4000 рубль авч байжээ (харьцуулах үүднээс дурдахад Оросын зохион бүтээгч В.Мишин 2000 рубль авч байсан байна). Гэр бүлтэй германчуудад гурван өрөө байр өгчээ. Городомлиос тэднийг хажуу дахь Осташковын зах руу аваачиж, Москвагийн театр, музейнүүд үзүүлдэг байсан байна.
Улаан армийг ирэхээс өмнө фашистуудын зориуд устгасан Фау-2 пуужингийн үйлдвэрлэлийг Селигерт сэргээжээ. Германы мэргэжилтнүүдийг Зүүн Германд буцахыг зөвшөөрсөн 50-иад оны эх хүртэл тэд хэд хэдэн загварын пуужингийн зургийг гаргаж амжсан байна. Королёвын шаардсанаар зөвлөлтийн мэргэжилтнүүдийн төслийг үйлдвэрлэлд шилжүүлэхээр сонгон авч байсан нь үнэн хэдий ч, олон зүйлийг германы «өрсөлдөгч» нараас зээлдэж авчээ. Тухайлбал, одоо болтол «Союз», «Прогресс» хөлгийг тойрог замд гаргаж буй Оросын Р-7 пуужин Германы Г-5 пуужингаас бараг ялгагддаггүй байна. Зургаас герман бичээсийг арилгаж, оронд нь оросоор бичжээ.
Мэргэжилтний санаа бодол
Валерий Бурдаков, техникийн шинжлэх ухааны доктор, Москвагийн нисэхийн дээд сургуулийн профессор, пуужингийн хөдөлгүүрийн мэргэжилтэн:
- Пуужингийн техник, цөмийн технологийн аль алины хөгжилд германы мэргэжилтнүүд хувь нэмэр оруулсныг үгүйсгэх аргагүй. ХХ зууны эхний хагаст Германы шинжлэх ухаан, техник дэлхийн бусад орноос үнэхээр түрүүлж байсан. Цэргийн нэн шинэ технологийн хөгжилд шийдвэрлэх амжилт гаргахад нь германчуудад үнэндээ хэдхэн сар дутсан юм. Гэхдээ сансрыг эзэмшихэд ЗСБНХУ-ын олосон амжилт бол бүхэлдээ «олзны» мэргэжилтнүүдийн гавъяа мөн гэх нь хэтрүүлэг хэмээн би үздэг.
Эх сурвалж:
http://montsame.mn/index.php?option=com ... ail&ne=376