Ишлэл:
Бяцхан жаал
Би дүүтэйгээ дэлгүүрт орж ирчихээд зогсч байв. Дүү маань надаас чупа чупс аваад өгөөч гээд л гуйгаад байлаа л даа. Би ч шүд чинь өвдөнө энээ тэрээ гээд авч өгөхгүй гүрийгээд байв. Тэгтэл миний хажууд 7-8 орчим насны туранхай хүү /ажиглавал гар нүүр нь халтар, өмссөн хувцас нь тийм ч гайгүй айлын хүүхэд биш гэдгийг илтгэж байлаа/ зогсч байх юм. Гэтэл яасан гээч тэр хүү халааснаасаа 150 төгрөг гаргаж ирээд, худалдагчаас чупа чупс аваад, миний дүү рүү гараа сунган “Май ахын дүү” гээд өгдөг юм байна.... Тэр жаал бид хоёрыг танихгүй, бид хоёр ч тэр хүүг танихгүй, өөрөөр хэлбэл бид бие биедээ огт хамаагүй хүмүүс шүү дээ...
Миний хоолойн хэсэгт нэг юм зангираад явчихсан... “Баярлалаа миний дүү. Яасан хөөрхөн хүү вэ” гэж хэлэхээс өөр надад гоё сайхан үг олдоогүй. Би нэг хэсэг юу ч дуугарч чадаагүй бас дотор минь зөндөө олон бодлууд эргэлдсэн.
Бид өнөөдөр үнэхээрийн завгүй нийгэмд амьдарч байгаа нь үнэн. Өглөө босоод ажилдаа яарч, аар саар зүйлсээс болж бухимдаж, уурлаж, сошиал ертөнцөөр аялж, мэдээ уншиж, сургалтанд сууж, хичээл үзэж, найз нөхөдтэйгээ уулзаж, төрсөн өдрөө тэмдэглэж..... өдөр тутмын амьдрал маань дандаа л завгүй өнгөрч, бид ямар нэгэн юманд байнга яарч байна. Гэтэл тэр их эргэлт, хурдтай урсгалыг нэг бяцхан жаал гэнэт зогсоочих шиг болсон. Надад ТҮР ЗОГС, СОНС, БОД, УХААР гэж хэлэх шиг санагдсан.
Ер нь хүн ХҮН байх нь л энэ амьдралын чинь гол шугам бус уу? Өнөөдөр бид сургуулиа онц дүнтэй төгслөө гээд, Harvard-н их сургуульд орлоо гээд, хэдий өч төчнөөн гайхалтай цол гуншингын эзэн боллоо гээд жинхэнэ ялалт мөн гэж үү? Дотоод сэтгэлийн ялалт л хамгийн агуу ялалт гэж би боддог. Энэ бол хүн хүн шиг байх, хүн хүнээрээ байх, хүн ХҮН ЧАНАРТАЙ байна гэдэг чинь л зүгээр л хүн болоод төрсний чинь хамгийн гол зүйл биш гэж үү? Би хоёр зүйлийг хүмүүсээс маш их хүсдэг. Нэгдүгээрт хүн чанартай байх, хоёрдугаарт үнэн /шударга/ байх. Миний эргэн тойронд хүн чанаргүй мөртлөө өнөөдөр ялаад байгаа, хуурамч байж, өөрийгөө болоод өрөөлийг хуурчихаад шударга бусаар ялж байгаа өчнөөн хүмүүсийн жишээ байна. Тэд яаж болоод байгаа юм бэ гэж би үнэхээр гайхдаг. Яаж амьдарч чадаж байгаа юм бэ гэж гайхдаг. Яагаад, яагаад гэж гайхдаг...Хуурамчаар, хулгайлж олдсон тэр амжилт амжилт мөн гэж үү? Жинхэнэ ялалтын үндэс суурь гагцхүү 100% үнэн байж гэмээн тэр бол төгс ялалт мөнөөс мөн.
Хүн ийм л хэрцгий байдаг. Өнөөдөр гандан дээр очиж тагтаа хооллосноороо буян үйлдлээ гэж өөрсдийгөө сайн хүн зөв хүн гэж дүгнэнгүүтээ тэндээс гараад замаар гарч чадахгүй айн зогсч байгаа эмгэнг мөрлөж өнгөрөөд, өрөөлийн эр нөхөр рүү сээтэн хаяж, сайн найзыгаа араар нь муулж, зовж явахад нь зайгаа барьж, алдаж явахад хаяад явах нь сайн хүний шинж, сайхан сэтгэл мөн гэж үү? Хүмүүс ингэж л өрөөлийг болоод өөрсдийгөө хуурч байдаг. Шударга байцгаая гэж хашхирах атлаа шударга байна гэдэг үгнийхээ гол утгыг ойлгодоггүй. Өнөөдөр өрөөлийн санааг хулгайлж хийсэн ажлаа өөрөө хийсэн болгож магтуулж, найзынхаа хийсэн ангийн ажлыг копидож багшаасаа оноо авч, худлаа хэлэн эцэг эхээсээ илүү мөнгө авч, хүнд амласан амлалтаа биелүүлэхгүй зугтдаг, бусдыг хулхиддаг, ядаж л дэлгүүрийн худалдагч илүү хариулт өгөхөд нь буцааж өгдөггүй.. Бид шударга бус үйлдлүүд гаргадаг атлаа тэрнийгээ ерөөсөө ухамсарладаггүй? Яагаад юм бэ? Яагаад? Шударга зүйл, ер нь юм маш энгийнээс эхэлдэг. Жижиг аар саар зүйлийг аргалж явсаар, тэдгээрээ үл тоомсорлосоор нэг л мэдэхэд тэр чигээрээ худал хуурмаг хүн болсон байдаг.
Өнөөдөр мянга амжилт гаргасан атлаа энэ бяцхан хүүгийнх шиг дотоод сэтгэлийн ялалтанд хүрч чадаагүй ямар олон хүн байгаа бол? Та өнөөдөр энэ хүү шиг өгөөмөр занг хамгийн сүүлд хэзээ гаргасан бэ? Хэзээ хэнд ийм сайхан сэтгэл гаргаж байсан юм бэ? Хэзээ хамгийн сүүлд та ийм цайлган байж үзсэн бэ? Хэзээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ өглөг өгч байсан бэ? Хэзээ хамгийн сүүлд шударга зан гаргасан бэ? Нээх холын том том юм бодолгүй өдөр тутмын амьдралдаа та ер нь ямар үйлдэл гаргаж байгаагаа бодоод үзээч? Өөрийгөө нэг хараад үзээч? Өөрийнхөө дотоод ертөнц рүү нэг хараад өгөөч?
Мэдэхгүй юм аа. Энэ их завгүй амьдралын эрчлээн дунд хүнээ битгий алдаасай. Би тэгж л боддог. Бас тэр бяцхан жаал сайн хүн болно оо. Би мэдэж байна. Жинхэнэ сайн хүн хамгийн агуу байдаг. Харин хамгийн агуу зүйл хамгийн энгийн л байдаг.
Чин сэтгэлийн сайхан өгүүлэл байна
