www.news.mn дээр нэмэгдчихсэн байна. Copy paste хийв.
Зуны нар илчээ хумиж, намрын сэрүү орж эхэлж буй энэ өдрүүдэд Нэргүй өнөө хоёр хэргийг сонирхон бодсоор л явлаа. Яаман дахь түүний залуусын шалгаж байгаа хэргүүдийн алинтай нь ч холбоотой байж болох сэжүүр олдсонгүй. Тэдгээр хэргүүдийн хамгийн том нь болох Татварын газрын авилгын хэрэгтэй ч мөн холбоогүй бололтой. Ухаж төнхчих сэжүүр, гогцоо үнэндээ алга байлаа. Яамны өөр газар хэлтсийнхэнтэй хамтарч ажиллах нь үр дүнтэй байж мэднэ хэмээн тэрбээр боджээ. Үнэндээ ингэж бодох нь өөрийгөө хуурч байгаа хэрэг гэдгийг Нэргүй сайн мэдэж байв. Тиймээс урьдын туршлага, хэлхээ холбоогоо ашиглан ямар нэг мөр олоод мөшгөчих санаатай зүтгэсэн. Гэтэл гурав дахь цогцсыг олсноор бүх зүйл өөрчлөгдөв.
Хоёр дахь цогцсыг олсноос гурав хоногийн дараа болсон хэрэг. Цогцсыг олсноос 30 минутын дараа Нэргүйд энэ тухай утсаар дуулгажээ. Өдөр тутмын ажил хэргийн мэдээлэл түгээдгээс арай өөрөөр, сайд өөрийн биеэр утасдах нь тэр. Дууны өнгө нь таагүй. Нэргүй сайдтай өдөрт 2-3 удаа утсаар тогтмол ярьдаг. Сайдыг барагтайд барьц алдан, сандарч түгших хүн биш гэдгийг сайн мэднэ. Хэдийгээр Нэргүй сайдын улс төрийн болоод ёс суртахууны үнэлэмжид таатай ханддаггүй ч гэнэтийн тохиолдолд тайван байж чаддаг улстөрчийнх нь чадварыг үнэлж сураад байгаа билээ.
“Бас нэг цогцос олдсоныг мэдсэн үү, Нэргүй?”
“Ахиад нэг цогцос оо? Хэзээ?” Сайдыг хоёр дахь хэргийн тухай л дөнгөж одоо мэдэж байгаа байх нь гэж Нэргүй таамаглав. Ажилтнууд нь өдөр тутмын онц чухал зүйлсийг л илтгэдэг болохоос гудамжны нэг аллагыг сайдын хэмжээнд мэдээлэх нь утга багатай л даа.
“Өнөө өглөө”
“Үгүй, би сонсоогүй” Хэргийн газрийн үзлэгийн тайлан түүний ширээн хэр хурдан ирэх бол хэмээн тэрбээр бодлоо.
“Амьдрахад аюултай газар болж байна шүү, Нэргүй”
Нэргүй дотроо санаа алдлаа. Хэвлэл мэдээллээр энэ тухай яаж шуугих бол гэдэгт сайд хамгийн ихээр санаа зовж байгаа гэдгийг ч тэр гадарлаж байв. Хуучин нийгмийн үед амар байжээ. Харин өнөөдөр, хэдийгээр радио, телевиз улсын мэдэлд хэвээр байгаа ч хувийн өмчит сонин хэвлэл ар араасаа гарч, хуучин цагийн цензурт захирагдахаа нэгэнт өнгөрсөн. Энэ бүхэн эерэг өөрчлөлт үү үгүй юү гэдэгт Нэргүй эргэлзэх үе байсан. Ядаж л хуучин цагт нүдэн балай чихэн дүлий улсад амьдарч байгаа гэлээ ч чухам хаахна зогсож байгаагаа мэддэг байж. Өнөөдөр хэвлэлийн нийтлэл гэдэг ихээ нарийн ширийн, хор хөнөөлтэй болж. Жирийн бизнесмэнүүдээс өгсүүлээд улс төрийн намууд өөр өөрсдийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг тус тусынхаа ашиг, сонирхлын дуу хоолой болгож байна.
“Өмнөх аллагуудтай холбоотой юм шиг байна уу?”
“Эхнийхтэй нь”
“Толгойг нь тасдчихаж уу?”
“Яг тийм”
“Хохирогчийг таних сэжүүр байна уу?”
“Одоогоор алга, өмнөх хоёр хэрэгтэй адилхан”
“Ойлголоо. Та Эрүүгийн цагдаатай холбогдсон биз дээ?”
“Нэргүй, манай цагдаа нар, Эрүүгийн цагдаа өөр юу ч байдаг юм ялгаагүй хээл хахууль, мөхөс чадвар хоёрт хөлөө тушуулчихаад байгааг чи бид хоёр хоёулаа мэднэ. Дугуйны хулгайч мэтхэний л учрыг тэд олж чадна. Намайг яагаад тэр газраас гайгүй ухаантай, боломжийн ганц хүн олоод хажуудаа байлгадаг гэж бодож байна? Амин чухал болохоор. Банкны, төрийн байгууллагын авлигын тухай март. Авилгачдад ахиад жаахан хулгай хийхийг зөвшөөрч болно. Харин хуучин ажилдаа буцаж очоод энэ аймшигтай хэргийн учрыг олоодох”
Нэргүйд тэрхэн зуурт сэтгэл нь хөнгөрөх шиг болов. Гэхдээ сэтгэлээ шууд дагаж болохгүй, тунгаах хэрэгтэй. “Тийм ч зөв санал гэж бодохгүй байна аа. Таны ярьж байгаа үнэн ч Доржпалам чадварлаг ажилтан...”
“Тийм ч болохоор ердөө тавхан жил цагдаагийн тогоонд чанагдсан Доржпалам чиний ажлыг авсан. Миний ойлгож байгаагаар хувь хүний болоод сэтгэлгээний хувьд тэр ажилд тэнцэх цорын ганц хүн байсан биз дээ. Гэхдээ түүний туршлага чадвар энэ хэрэгт нимгэднэ. Аль болох хурдхан учрыг нь олчихмоор байна. Чамайг ажилдаа буцаад орж байгаа гээд би аль хэдийнэ цаадуулд чинь дуулгачихсан. Шаардлагатай бүх зүйлээр хангахыг ч даалгасан. Шалавхан л ажлаа эхэлж үз”
“Баярлалаа” гэж Нэргүй дотроо хэллээ. Цагдаа нар улс төрчдийн даалгаврыг биелүүлэхдээ дуртай. Ялангуяа нөгөө шивэр авир ярианы сэдэв болсон эвгүй эр, Хууль зүйн сайдын итгэлт хүн ажилдаа буцаад ирж байхад. Дотно нөхөрлөл, харилцан хүндэтгэлээ бодсон хэдий ч Доржпалам тэгтлээ хөөрч, хөл алдан гүйсэнгүй. Өөрөөс нь олон жил ажилласан ч одоо түүний удирдлаган дор захирагдан ажилладаг бурхинуудтай арга эвээ олох гэж хэрэндээ л тэр зовж яваа. Нэргүй ийнхүү гэнэтхэн буцаж ирсэн нь Доржпаламын хамт олон дахь байр суурийг бэхжүүлэхэд тус болно гэж бодогдохгүй л байлаа. Нэргүй буруу хэрэг хийсэн мэт гэмшингүй байлаа. Сэтгэлдээ бол тэрбээр энэ шийдвэр толгой өөд татах сөхөөгүй өнгөрөөсөн сүүлийн зургаан сард чухам л түүний мөрөөдөж байсан зүйл мөн гэдгийг мэдэрч байв. Доржпалам ч үүнийг нь мэдэж байгаа гэдгийг гадарлаж байлаа.
“За ойлголоо. Та ингэж бодож байгаа бол би чадах ядахаараа зүтгэе, сайд аа” хэмээн эцэст нь тэр хэлэв. Сайд утсаа тасаллаа. Нэргүй харилцуур руу хэсэг зуур ширтсэнээ яагаад энэ улстөрч харилцааны хамгийн энгийн зарчмуудыг ч үл тоомсорлодгийг гайхан бодлоо. Хором хэртэй тээнэгэлзсэнээ Доржпалам руу залгалаа.
“Зүгээр дээ. Надад бүгдийг хэлсэн. Ядаад яагаад та надтай уулзаж, кофе ууж суух дуртай байсныг мэдэж авлаа” хэмээн Доржпалам түүнийг ямар нэг тайлбар хэлж амжихаас өмнө хэлэв.
“Доржпалам аа, тийм биш ээ...”
“Би мэдэж байна аа. Тоглосон юм. Үнэндээ баярлаж хөөрөөд байх зүйл алга. Гэхдээ таны буруу байхгүй гэдгийг сайн ойлгож байна. Тийм байгаасай гэж хүсэж ч байна. Байдлыг хурцатгахгүй эвтэйхэн зохицуулцгаая”
“Аль болох аятайхан зохицуулахыг хичээнэ ээ”
“Би итгэж байна аа”