#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 5:00 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 87 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 2:58 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ЭГЧ ДҮҮ ХОЁР
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Тэднийх Алёнушка гэдэг охинтой, Иванушка гэдэг хүү
Эмгэн өвгөн хоёр нас барж эгч дүү хоёр хоёулхнаа үлджээ.
Алёнушка ажил хийхээр болж дүүгээ аваад явжээ. Тэгээд хоёулаа өргөн талаар алсыг зорин явж байтал Иванушка ам цангаад байна гэв.
—           Худаг хүртэл тэвч дээ, дүү минь гэж эгч нь хэлээд тэр хоёр цааш яваад л байж, яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!
—           Эгчээ, би энэ үхрийн туурайнд тогтсон уснаас ууя гэж гэнэ.
—           Болохгүй, дүү минь болохгүй, тугал болчихно.
Дүү нь үгэнд нь орж цаашаа явжээ. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!
—           Эгчээ, би энэ морины туурайнд тогтсон уснаас ууя гэж Иванушка дахиад л гуйжээ.
—           Болохгүй, дүү минь болохгүй, унага болчихно.
Тэгээд хоёулаа цаашаа яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!
—           Эгчээ, энэ ямааны туурайнд тогтсон уснаас ууя, ам цангаад үхэх нь гэж Иванушка дахиад гуйжээ.
—           Болохгүй, дүү минь болохгүй, ишиг болчихно. Иванушка эгчийнхээ үгэнд орсонгүй, ямааны туурайнд тогтсон уснаас уучихжээ. Тэгээд тэр дорхноо ишиг болоод хувирчихаж...
Алёнушка дүүгээ дуудаад л байж гэтэл дүүгийнх нь оронд нэг цагаан ишиг гүйгээд иржээ.
Алёнушка нэгэн жижиг бухлын дэргэд суугаад уйлав гэнэ. Хажууд нь цагаан ишиг тонгочин тоглоно.
Тэр үед дэргэдүүр нь нэг худалдаачин явж байгаад,
—           Үзэсгэлэнт охин минь, юундаа уйлаа вэ? гэхэд Алёнушка юу болсноо цөмийг ярьжээ. Худалдаачин,
—           Авааль эхнэр минь болохгүй юу? Алт мөнгөөр гоёно, амь насаа зориулна. Ишиг ч бидэнтэй үргэлж хамт байг гэжээ. Алёнушка   бодож   бодож худалдаачны   эхнэр   болжээ.
Тэгээд   гурвуулаа    амар сайхан амьдарч ишиг ч Алёнушкатай нэг аяганаас  хоол
унд ууж идэн жаргалтай сууцгаажээ.
Нэг   удаа   худалдаачныг эзгүй байхад хаанаас  ч  юм нэг эмгэн хүрч ирээд Алёнушкаг усанд оръё гэж их л эелдэгхэн дуудаж гэнэ. Гэтэл энэ нь Шулмас эмгэн байжээ.
Шулмас эмгэн Алёнушкаг гол дээр авчраад гэнэт дайран барьж хүлээд хүзүүнд нь хүнд чулуу зүүгээд ус руу түлхчихжээ.
Тэгээд өөрөө Алёнушка болж хувираад хувцас хунарыг нь өмсөөд гэрт нь ирээд сууж байжээ. Энэ тухай хэн ч мэдсэнгүй, эмгэн Шулмасыг хэн ч таньсангүй, тэр ч байтугай худалдаачин эргэж ирээд ч таньсангүй.
Зөвхөн ишиг л бүгдийг мэдэж байжээ. Цагаан ишиг толгойгоо унжуулан юм ууж идэх ч үгүй, өглөө оройдоо голын эргээр гүйн,
— Эгч минь, эгч минь!
Эрэг рүү сэлээд гараад ирээч дээ!.. гэнэ.
Үүнийг   нь   Шулмас эмгэн мэдчихээд худалдаачнаас энэ ишгийг алаад өгөөч  гэж  гуйжээ...
Ишгэнд дасаж хайртай болсон худалдаачин ишгийг алж чадахгүй өрөвдөөд байжээ. Гэтэл эхнэр нь алаач алаач гэж гуйгаад байх юм гэнэ. Худалдаачны арга нь барагджээ.
Шулмас эмгэн их гал түлж ширмэн тогоо тавиад хурц хутга ирлэ! гэж тушаав гэнэ.
Ишиг хуурай аав нь болсон худалдаачинд,
— Үхэхийнхээ өмнө гол руу очиж балга ус ууж гэдсээ зайлъя гэж гуйжээ.
Худалдаачин тэг тэг гэжээ. Ишиг ч гол руу гүйн ирж гомдолтой дуугаар,
—           Эгч минь, эгч минь!
Эрэг рүү сэлээд гараад ирээч!
Ширүүн гал асаж
Ширмэн тогоо халж байна.
Болд хутгаа ирлээд
Бор гэдсийг минь хагалах гэж байна!

Алёнушка хариуд нь,
—           Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана. Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс цээжийг дарна! гэж гэнэ.
Шулмас эмгэн ишгийг алуулах гэж эрж эрж нэг зарцаа гол руу явуулжээ.
Зарц гол дээр иртэл ишиг голын эргээр гүйж гомдолтой дуугаар эгчийгээ дуудаж байна гэнэ.
—           Эгч минь, эгч минь!
Эрэг рүү сэлээд гараад ирээч!
Ширүүн гал асаж
Ширмэн тогоо халж байна.
Болд хутгаа ирлээд
Бор гэдсийг минь хагалах гэж байна!
 
Голоос эгч нь түүнд,
 
 
— Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана.
Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс цээжийг дарна!
гэж хариулж байх юм гэнэ.
Зарц эргэж гүйн худалдаачинд сонссон харсан бүхнээ хэлжээ. Худалдаачин олон хүн цуглуулан том урт торгон тор гол руу хаяж Алёнушкаг гаргаж авав. Алёнушкагийн хүзүүн дэх чулууг авч хаяад, булгийн усанд оруулаад шинэ хувцас өмсүүлэхэд урьдынхаасаа улам сайхан болон амь орон босож иржээ.
Цагаан ишиг баярлахдаа гурав тонгортол дахиад Иванушка болон хувирав. Ингэж эгч дүү хоёр эсэн мэнд эргэж уулзжээ.
Харин хорон санаат Шулмас эмгэнийг хурдан морины сүүлнээс уян тас татуулжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 2:58 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ҮҮЛЭН БОР
Гурван хүүтэй өвгөн байжээ. Хоёр том хүү нь орон гэрийнхээ ажлыг амжуулдаг овсгоотой сэргэлэн гэнэ. Бага хүү Иван нь тэнэг гэнэ. Ойд явж мөөг түүх дуртай, гэртээ бол пийшин дээрээ хэвтээд өнждөг гэнэ. Өвгөн нас эцэслэх цаг болоход хөвгүүдээ дуудан,
—           Намайг үхсэний дараа гурван шөнө дараалан булшин дээр минь очиж талх авчирч өгөөрэй гэж захижээ.
Тэгээд ч өвгөн насан эцэслэж хөвгүүд нь оршуулжээ. Эхний шөнө болж булш руу явах том хүүгийн ээлж ирэв. Том хүү нэг бол залхуурч, нэг бол айсан уу, ямар ч гэсэн явсангүй, харин Иванд,
—           Чи өнөө шөнө миний оронд эцгийн булшин дээр талх аваачиж өгөөд ирээч! Би чамд боов авч өгнө шүү гэв.
Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очин хүлээн суув. Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд,
—           Хэн ирээв? Миний том хүү юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу? гэж асууж гэнэ.
—           Таны хүү байнаа. Орос нутаг амар тайван байнаа, эцэг минь! гэж Иван хариулав.
Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтэв. Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив. Том ах нь,
 
—           Аав байна уу? гэв.
—           Байнаа.
—           Талх идэв үү?
—           Идсээн, цадталаа идсэн.
Хоёр дахь шөнө болов. Дунд хүүгийн явах ээлж болоход тэр залхуурсан ч юм уу, айсан ч юм уу, ямар ч гэсэн явсангүй. Харин Иванд,
—           Чи миний оронд эцэг дээр очоод ирээч! Би чамд шаахай сүлжиж өгнө шүү гэв.
Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очиж хүлээн суув. Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд асуув.
—           Хэн ирээв? Миний дунд хүү юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу?
—           Таны хүү байнаа. Орос нутаг амар тайван байнаа, эцэг минь! гэж Иван хариулав.
Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтлээ. Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд дунд ах нь,
—           Эцэг талх идэв үү? гэв.
—           Идсээн, цадталаа идсэн.
Гурав дахь шөнө болов. Иван ах нартаа,
—           Би хоёр шөнө дараалан явсан. Одоо та хоёр эцгийн булшин дээр оч, би амармаар байна гэжээ. Хоёр ах нь,
—           Иван, чи юу ярина вэ! Чи явж сурсан, чи л явсан дээр! гээд халгаасангүй.
Иван талх аваад явав. Шөнө дунд газар хагаран эцэг нь босож ирээд^
—           Хэн ирээв? Миний бага хүү Ваня юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу? гэж асуухад Иван,
—           Таны хүү Иван энд байнаа. Орос нутаг амар амгалаан, эцэг минь гэв.
Эцэг талхыг цадталаа идээд,
—           Миний захиасыг ганцхан чи л биелүүллээ. Гурван шөнө миний булш руу айлгүй ирлээ. Чи цэлгэр хөндий, цэнхэртэх талд гараад «Илбэт Үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч!» гэж хашгиран дууд. Сайхан морь чам руу давхиад ирнэ, чи баруун чихээр нь ороод зүүн чихээр нь гар. Тэгээд чи хүч чадал ихтэй сайн эр болно, сайхан мориндоо мордож алсыг зорь гэжээ.
Иван хазаарыг аван эцэгтээ талархаад замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив гэнэ. Хоёр ах нь,
—           Аав байна уу? гэв.
—           Байнаа.
—           Талх идэв үү?
—           Идсээн, цадталаа идсэн, дахиж битгий ирээрэй гэсэн.
Энэ үед хаан ард олныхоо дунд зар тараажээ. «Ганц бие, хань бүлгүй сайн эрчүүд хааны ордны гадаа цуглар. Хааны Хосгүй үзэсгэлэнт охин арван хоёр баганатай арван хоёр давхар гуалин цагирагтай цамхаг босгохыг зарлигдсан гэнэ. Тэр цамхгийнхаа хамгийн өндөрт Хосгүй Үзэсгэлэнт гүнж суугаад ямар эр мориныхоо ганц үсрэлтээр уруулд нь хүрч үнсэхийг хүлээнэ гэнэ. Гүнжийн уруулд хүрч үнссэн хүчит морьтон эрд ямар хүний үр байсан ч хамаагүй, хаан охиноо эхнэр болгон өгч хаант улсынхаа хагасыг нэмж бэлэглэнэ» гэнээ.
Энэ тухай хоёр ах нь сонсоод хоорондоо «Азаа үзье» гэж ярилцав гэнэ.
Тэгээд сайн морьдоо тэжээж услаад өөрсдөө сайхан хувцсаа өмсөөд үсээ самнаж зүсээ янзлав гэнэ. Иван пийшин дээрээ сууж байснаа,
—           Ах нар минь, намайг аваад яваач. Цуг явж азаа үзье! гэхэд нөгөө хоёр нь,
—           Пийшин Иван, чи дуугүй бай! Олны доог болж явснаас ойд явж мөөг түү гэжээ.
Ингээд хоёр ax нь малгай юугаа духдуулаад магнай морио унаж уун гэж хавираад уухайлан давхижээ, улаан тоос л ард нь үлджээ. Тэгэхэд Иван хазаараа аван цэлгэр талд гараад эцгийнхээ зааснаар,
—           Илбэт Үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудав.
Гэтэл газар дэлхий чичиргэн нэгэн морь давхин ирсэн нь хамрынх нь нүхнээс дөл дүрэлзэн, чихнээс нь утаа олгойдно гэнэ. Морь газар хадагдах мэт зогтусан,
—           Тушаагтун! гэв.
 
Иван морио илэн таалаад хазаарлан, баруун чихээр нь орж зүүн чихээр нь гарвал үгээр хэлшгүй үзгээр бичишгүй сайхан төрсөн сайн эр боллоо гэнэ. Тэгээд мориндоо мордон хааны ордон руу давхижээ. Үүлэн бор морь нь нисэх мэт давхихад газар дэлхий чичрэн уул толгод урсан ханарч ургаа хад хэвтээ хожуул дөрвөн туурайн хоорондуур жирэлзэн өнгөрнө гэнэ.
Иваныг хааны ордны гадаа ирэхэд үй олон хүн үймэлдэн цугларсан байв. Арван хоёр баганатай арван хоёр давхар гуалин цагирагтай цамхгийнхаа хамгийн өндөрт цонхон дээрээ Хосгүй Үзэсгэлэнт гүнж сууж байв гэнэ.
Хаан үүдэн дээрээ гаран,
—           За, эрхэм сайн эрчүүдээ! Та нарын хэн нь мориныхоо харайлтаар тэр цонх  хүртэл   үсэрч   охины минь уруулыг үнсэх вэ? Тэр эрд би охиноо, хаант улсынхаа хагасыг өгнө гэв.
Сайн эрчүүд ээлжлэн давхиж үзлээ. Цамхгийн оройд хүршгүй өндөр аж! Иваны хоёр ах харайгаад цамхгийн дунд нь ч хүрсэнгүй. Иваны ээлж ирлээ.
Иван Үүлэн бор морио гуядан уухай хийн ухасхийн үсэрвэл хоёрхон цагираг дутав. Дахин цойлж ахиад нэг үсэрсэн чинь ганцхан цагираг дутав гэнэ. Гурав дахь удаагаа цойлон Үүлэн бор морио тасхийтэл гуядан үүлэнд тултал үсэрч өндөр цонхонд хүрч Хосгүй Үзэсгэлэнт гүнжийн балын амтат уруулыг шүргэн үнсэхэд гүнж ч Иваны духан дээр бөгжөөрөө хүрч тэмдэг тавьж амжив гэнэ.
Олон түмэн шуугилдан,
— Эрэлхэг эрийг бариад ав, бариад ав! гэлээ.
 
Гэтэл эрэлхэг эр бараа сураггүй давхин одов.
Иван цэлгэр талд давхиж ирээд Үүлэн борынхоо зүүн чихээр орж баруун чихээр гараад дахин тэнэг Иван болон хувирчээ. Тэгээд морио суллан тавиад замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирж духаа алчуураар боогоод пийшин дээрээ гарч хэвтжээ.
Хоёр ах нь буцаж ирээд хаана байсан, юу үзсэнээ ярив гэнэ.
—           Сайхан төрсөн сайн эрчүүд цугларсан даа. Гэхдээ нэг онцгой сайн эр мориороо үсрэн гүнжийг үнсэж чадсан. Хаанаас ирснийг нь цөм харсан, харин хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй хоцорлоо гэцгээв.
—           Тэр чинь би байсан юм биш үү? гэж Иваныг хэлэхэд хоёр ах нь уурлан,
—           За тэнэг минь, дуугаа тат. Пийшин дээрээ мөөгөө идэж суу гэлээ.
Гүнжийн бөгжөөрөө хүрч тэмдэг тавьсан духныхаа боолтыг Иван автал гэр дүүрэн гэрэл туяа цацрав. Хоёр ах нь айн,
—           Тэнэг минь, чи юу хийж байна? Гэр орон шатаах нь уу! гэж хашгирлаа.
Маргааш нь хаан өргөн их найр хийх болж дээд түшмэлээс аваад доод ардыг хүртэл баян ядуу, хөгшин залуу хүн бүгдийг урин залж гэнэ.
Иваны хоёр ах найранд явахаар бэлдэхэд Иван,
—           Би цуг явъя! гэв.
—           Тэнэг минь, олны инээдэм болсноос орон гэртээ суугаад олсон мөөгөө идэж бай гээд хоёр ах нь малгай юугаа духдуулаад магнай морьдоо унаад яваад өгч гэнэ.
Иван явган явсаар хааны найранд ирээд хамгийн захын ширээнд суужээ.
Хосгүй Үзэсгэлэнт гүнж зочин олноо зочлон хүндэтгэж амтат балтай аягыг өргөн барьж аль хүний духан дээр тэмдэг байна гэж харна гэнэ.
Гүнж бүх зочиндоо бал бариад Иван руу дөхөж ирэхдээ зүрх нь шимшрэн өвдлөө гэнэ. Тэгээд Иваныг харвал үс гэзэг нь арзайсан үнс тортог болсон хүн сууж байна гэнэ.
Хосгүй Үзэсгэлэнт гүнж,
—           Хаанах газрын хүн бэ? Хаа хүрч явна вэ? Юуны учир духаа боогоо вэ? гэж түүнээс асуухад Иван,
—           Цохичихсон юмаа гэж өчив.
Гүнж духных нь боолтыг тайлбаас ордон дүүрэн гэрэл туяа гялбан цацрав гэнэ.
—           Энэ миний тэмдэг байна! Миний заяаны хань энэ байна! гэж гүнж хэлэв.
Хаан ойртон ирж,
—           Юуны чинь заяаны хань! Үнс тортог болсон аймаар амьтан байх чинь гэхэд Иван,
—           Нүүр гараа угаагаад ирэхийг зөвшөөрнө үү гэв. Хаан зөвшөөрчээ. Иван гадаа гараад эцгийнхээ зааснаар,  
— Илбэт Үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудлаа.
Тэгтэл ч хамрынх нь нүхнээс дөл дүрэлзсэн, чихнээс нь утаа олгойдсон нэгэн морь тэнгэрээс унасан мэт давхиж ирэхэд газар дэлхий ганхан чичрэв гэнэ. Иван мориныхоо баруун чихээр ороод зүүн чихээр гарч тааж хэлж баршгүй тайлж зурж болшгүй сайхан төрсөн сайн эр болон хувирч гэнэ. Үй олон ард үймэлдэн гайхав гэнэ, үг дуугарч чадалгүй уулгалан суув гэнэ.
Хөлгүй их найрыг хөгжилтэй хурим залгаж гэнэ, сонин үлгэр ингээд төгслөө, сонссон хүнд гялайлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 2:59 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ЖАВАР
Нэгэн өвгөн өөрийн эхнэргүй болоод өөр эмгэнтэй суув. Өвгөн нэг охинтой, эмгэн нэг охинтой гэнэ.
Хойт эхийн гарт амьдарна гэдэг ямар хэцүүг цөм мэднэ, тоглон гүйлээ гэж зодуулна, томоотой суулаа гэж балбуулна, илүүдүүллээ гэж нудруулна, дутуудууллаа гэж дугтчуулна. Өөрийнхөө охиныг юу ч хийсэн магтан ухаантай сайныг нь гайхан уруул цорвойн үнсэж үгийн сайныг хэлнэ, үс толгойгий нь илнэ.
Өвгөний охин үүрээр босон үнээгээ саана, ус түлээгээ оруулна, зуух пийшингээ галлана, гэр орноо шүүрдэнэ... Харин хойт эх хашгиран хараан загнана, юу ч хийсэн муу гэнэ, муухай гэнэ.
Дэгдсэн салхи намддаг байхад дэндсэн эмгэн харин улам давардаг байлаа. Тэгээд бүр хөөрхий охиныг хөөж, энэ хорвоогоос тонилгох гэж шийдээд,
—           Энэ охиныг хоёр нүдэнд минь харагдахгүй холын хол аваачиж хая! Харанхуй хар ойд хага хөлдөөх жаварт аваачиж хая! гэж өвгөндөө үглэх болжээ.
Өвгөн гашуудан гунихран уйлж уйлж арга чаргаа баржээ. Авгайн үгнээс зөрөхийн арга байхгүй байлаа. Тэгээд морио тэргэндээ хөллөн,
—           Охин минь, чарганд суу гээд авч яваад харанхуй ойд аваачаад хунгар их цасан дунд том гачуур модны доор орхичихоод явчихжээ.
Хөөрхий охин гачуурын доор суун дааран бөндгөнөтөл чичрэн байв. Тэгээд чих тавин чагнавал Жавар өвгөн хажууханд нь гачуураас гачууранд үсрэн ороолгож чахран исгэрэх нь дуулдав. Жавар өвгөн охины байгаа гачуурын дээр ирээд асуув.
—           Охин минь, дулаахан байна уу, даараагүй биз дээ?
—           Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! Жавар доошлон тас няс хийтэл үлээн,
—           Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Дулаахан байна уу? гэж асуухад охин бээрч хөшсөн эрүү амаа арай ядан эвлүүлэн,
—           Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь!
 
Жавар бүүр ч доошлон охиныг ороолгон тас няс хийтэл исгэрэн үлээв.
—           Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Дулаахан байгаа биз дээ? Даараагүй биз дээ? гээд л дахин асуув.
Охины хамаг бие нь хөшин хөлдөж эхэллээ, тэгсэн ч уруулаа хөдөлгөн,
—           Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! гэлээ. Тэгэхэд Жавар өвгөн охиныг өрөвдөн дулаахан дээлээр
хучин, өдөн хөнжлөө нөмөргөв.
Хойт эх охиныг оршуулах юм бэлдэн хуймаг бин хайрч өвгөнийг хашгиран загнан,
—           Алив, хөгшин зөнөг толгой чи яваад охиноо аваад ир, одоо оршуулах болсон биз! гэлээ.
Өвгөн ой руу явж нөгөө газраа ирвэл том гачуурын доор охин нь халууцан хацар нь улайчихсан, булган дээл, алт мөнгөн гоёл өмсөж зүүчихсэн, хөгжилтэй хөөртэй зогсож байв гэнэ. Охиных нь хажууд үнэт бэлэг дүүрэн хайрцаг сав өрөөстэй гэнэ.
Өвгөн баярлан охиноо чаргандаа суулган бэлэг сэлтийг нь ачин гэрийн зүг давхижээ.
Хойт эх гэртээ хуймаг бин хайрна, ширээн доорх нохой
нь,
—           Хав, хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ гэх юм гэнэ.
Хойт эх нохойд бингээсээ шидэж өгөөд,
—           Худлаа хуцаад байх юм! «Эмгэний охиныг эр нөхөр авна, өвгөний охины ясыг авчирч явна» гэж хуцаач! гэв.
Тэгтэл нохой ахиад л,
—           Хав хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ! гэх юм гэнэ.
Хойт эх бингээсээ шидэж өгсөн ч нохой нөгөө л хэлдгээ хэлнэ гэнэ, нохойгоо гуядаж шавхуурдаж үзэж гэнэ, нохой нөгөө л хэлдгээ хэлээд хуцах юм гэнэ.
Гэнэт хаалга дуугаран үүд нээгдэн гэрэл гэгээ цацарсан алт мөнгөн гоёлтой булган дээлтэй сайхан охин орж ирсэн нь өвгөний охин байв. Хойноос нь үнэт их бэлэгтэй том том хайрцаг сав оруулж ирэв. Хойт эх гараа алдлан уулгалж...
—           Хөөе, хөгшин толгой чи морио хөллө! Миний охиныг тэр газраа аваачаад орхи...
Өвгөн чаргандаа эмгэний охиныг суулган ойд аваачин нөгөө том гачуурын доор гүн их хунгар дээр буулгаж орхиод буцаж ирэв гэнэ.
Эмгэний охин дааран эрүү ам нь хавиран сууна.
Жавар өвгөн гачуураас гачууранд үсрэн тас няс хийтэл ороолгон исгэрэн, эмгэний охиныг харж байснаа,
—           Охин минь, даараагүй биз дээ? гэхэд эмгэний охин,
—           Яасан хүйтэн юм бэ! Тас няс хийтэл бүү үлээгээч! гэж орилов гэнэ.
Жавар улам доошлон бууж улам ширүүн шууран үлээгээд,
—           Даараагүй биз дээ, охин минь, даараагүй биз дээ? гэлээ.
—           Хөл гар хөлдлөө хөлдлөө, хүйтэн Жавар чи холд холд... гэж дахиад л орилов.
Жавар модны ёроол руу буун охиныг тас няс хийтэл үлээн исгэрэн,
—           Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Даараагүй биз дээ? гэв.
—           Aax oox, хөлдөж үхлээ! Хараал идсэн хар Жавар чи далд орооч! гэж эмгэний охин хашгирав.
Жавар уурлан хилэгнэж улам ширүүнээр шуурахад эмгэний охин хөлдөж үхжээ.
Гэгээ ормогц эмгэн өвгөнөө загнан,
—           Хөгшин толгой, морио хөллө! Алив хурдал, алт мөнгөнд хучигдсан охиныг минь аваад ир!.. гэжээ.
Өвгөн яваад өгөв. Ширээн доороос нохой,
—           Хав хав! Өвгөний охиныг эр нөхөр авна, эмгэний охины ясыг шуудайд хийгээд авчирна даа гэв.
Эмгэн нохойд боов шидэж өгөөд,
—           Худлаа хуцаад байх юм! «Эмгэний охин алт мөнгөнд хучигдан ирж явна» гэж хуцаач! гэхэд нохой нөгөө л хэлдгээ хэлээд хуцаад байв гэнэ.
—           Хав хав! Эмгэний охины ясыг шуудайд хийгээд авчирч явна...
Гадаа чимээ гарахад эмгэн охиноо угтахаар гүйн гараад хаалга үүдээ нээвэл хөлдөж үхсэн охин нь чарган дээр хэвтэж байлаа.
Эмгэн халаглан уйлав, гээд өнгөрсөн хойно яах ч билээ!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:00 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ЭС МЭДЭХ ЗҮГТ ЗОРЧ, ҮЛ МЭДЭХ ЮМЫГ АВЧИР
 
Эрт урьд цагт ганц бие нэг хаан байжээ. Андрей гэгч мэргэн харваачтай юмсанжээ.
Нэг өдөр Андрей харваач ан гөрөөнд яваад өдөржингөө ой шугуйгаар хэссэн боловч ан ав олз омог дайралдсангүи. Тэгээд үдшиин хэрд их л урамгүй буцаж явтал нэг хүүрзгэнэ шувуу модон дээр сууж байх харагдав гэнэ.
«Хоосон буцсанаас энэ шувууг аваад явъя» гэж бодоод харватал шархдан газар унажээ. Андрей хүүрзгэнэ шувууны хүзүүг нугалж үүргэвчиндээ хийхээр газраас автал шувуу хүний хэлээр,
— Алтан амийг минь өршөөгөөч, ам хүзүүг минь бүү мушгиач! Амьдаар минь аваачаад цонхон дээрээ суулга, тэгээд зүүрмэглэж эхэлмэгц баруун гараараа цохиод аваарай. Тэр цагт танд аз жаргал ирнэ гэх юм гэнэ.
Хүний хэлээр ярьдаг сонин шувуу анх удаагаа үзсэн Андрей хормын зуур гайхашран зогссоноо шувууны хүссэнээр бүгдийг хийхээр шийдэж хүүрзгэнэ шувууг гэртээ аваачин цонхон дээрээ суулгаад хэзээ л үүрэглэх бол гээд харуулдан зогсжээ.
Хүүрзгэнэ удсан ч үгүй далавчин доогуураа толгойгоо шургуулан үүргэлж эхлэв гэнэ. Андрей хэлсэн ёсоор нь баруун гараараа цохиод автал шувуу элгээрээ харуулдан газарт унуутаа үгээр хэлшгүй үзэсгэлэн гоо, үлгэрийн дагина мэт Марья гүнж болон хувирав гэнэ. Тэгээд,
— Авчирч намайг чадсан юм чинь асран халамжилж чадах биз дээ. Энэ ганц насны чинь элбэрэлт хань чинь болъё гэж өгүүлжээ.
Тэгээд мэргэн харваач Андрей Марья гүнжтэй ханилан сууж амар сайхан амьдрах болжээ.
Гэхдээ Андрей үүрийн гэгээнээр босож өдөржин ой модоор явж элдэв ан авлаж эзэн хаанаа баярлуулдаг эртний уламжлалт албаа өчүүхэн төдий ч мартаагүй гэнэ.
Марья нэг удаа нөхөртөө,
 — Андрей минь, амьдрал маань ядуухан байна. Чи хүнээс зуун рубль зээлдэж олоод өнгө өнгийн торгон утас авчирч өгөөч, хоёулаа ахуй амьдралаа дээшлүүлье гэж гэнэ.
Андрей олон хүнээс ганц нэгээр зээлдсээр зууд хүргэн өнгө өнгийн торгон утас худалдан аваад Марья гүнжид авчирч өгчээ. Марья гүнж утсыг нь аваад,
—           Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ, за одоо чи унтаж амар гэжээ.
Андрейг унтсаны дараа Марья гүнж авчирсан утсаар нь шөнөжингөө хивс нэхэн суужээ. Улс гүрнээ бүхэл бүтнээр нь, хот тосгон, уул шугуй, ус мөрөнтэй нь багтаан, хөх тэнгэрт нь жигүүртэн шувуу ниссэн, хөглөгөр хаданд нь ан гөрөө сүлжилдсэн, хөлгүй далайд нь загас жараахай сүрэглэсэн, нар cap ээлжлэн гийсэн, навч цэцэг нь эрээлэн алагласан, урьд өмнө үзэгдэж харагдаагүй сайхан хивс нэхэж гэнээ.
Өглөө Марья гүнж хивсээ нөхөртөө өгөөд,
—           Энэ хивсийг зах зээлийн газар аваачаад зарчихаад ир! Өөрөө чи битгий үнэ хэлээрэй. Хүн ямар л үнэ өгнө, түүгээр нь зарчихаад ир гэжээ.
Андрей хивсээ гар дээрээ тохон захаар явж байтал нэг худалдаачин ирж,
—           Эрхэм минь, хивс ямар үнэтэй вэ? гэж гэнэ. Андрей,
—           Чи наймаа хийдэг хүн, өөрөө үнэ өгөөд ав гэжээ. Гэтэл тэр худалдаачин Андрейн хивс шиг хивс урьд нь үзээгүй болохоор үнэлж чадахгүй, дэмий л хивсний сайхныг магтан зогсоход хүмүүс тал талаас гүйлдэн ирсээр төдөлгүй олон хүн шавааралдан цуглаж хивсний гоё сайхныг магтана. Гэхдээ хэн нь ч таарч тохирох үнэ хэлж чадсангүй.
Тэр үед тэдний хажуугаар өнгөрч явсан хааны зөвлөх олон хүн цугласныг хараад сүйх тэрэгнээсээ буун хүмүүсийн дундуур хүчлэн зүтгэсээр голд нь орон,
— Эрхэм худалдаачид, харийн зочид оо! Сайн байцгаана уу? Та нар юунд ийнхүү шавааралдана вэ? гэж асуухад худалдаачид,
—           Энэ хивсийг үнэлж чадахгүй байна гэв.
Хааны зөвлөх Андрейн ер бусын гоёмсог сайхан хивсийг хараад,
—           Чи ийм сайхан хивс хаанаас олов? гэхэд мэргэн харваач,
—           Манай эхнэр нэхсэн билээ гэв.
—           Ямар үнэтэй юм бэ дээ?
—           Би үнэ хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч эхнэр маань хүний хэлсэн үнээр өгөөрэй гэж захисан юм.
—           Тэгвэл би арван мянгаар авъя гээд хааны зөвлөх хивсийг нь авч хаандаа үзүүлэхээр явахад Андрей ч мөнгөө аван гэрийн зүг буцжээ.
Хааны зөвлөх хаандаа хивсээ авчирч үзүүлбэл улс гүрэн нь уул ус газар тэнгэртэйгээ гоёмсог сайхнаар багтсаныг хараад хаан дуу алдаж,
—           Чи яадагсан өөрөө мэд, харин хивсийг чинь би буцааж өгөхгүй гээд хорин мянган рубль гаргаж гарт нь албан хүчээр атгуулжээ. Хааны зөвлөх хорин мянган рубль авахдаа «За яахав, би үүнээс гоёыг хийлгээд авна даа» гэж боджээ.
Тэгээд сүйх тэргээ хөлөглөн давхисаар мэргэн харваачийн гэрийг хайж олоод хаалгыг нь тогшжээ. Хааны зөвлөх хаалга тайлж өгсөн Марья гүнжийг хармагцаа зорьж ирсэн хэргээ мартан, зогссон газраасаа хөдөлж чадахгүй хөшин, үзэсгэлэн гоог нь ширтэн гөлрөн зогсжээ.
Марья гүнж түүнийг юу хэлэх гэсэн юм бол хэмээн хүлээж ядаад хаалгаа хаажээ. Тэр цагаас эхлэн хааны зөвлөх харваачийн эхнэрийг бодож хоол унднаасаа гарч хорчийн турж царай алджээ.
Хаан зөвлөхийнхөө байдлыг ажиж мэдээд,
—           Яагаад чи ийнхүү уруу царайлан явах болов? гэж асуувал зөвлөх нь,
—           Мэргэн харваач Андрейн эхнэрийг үзсэнээс хойш тэр хүүхэн үргэлж бодогдоод байдаг болчихлоо. Хоол унд ч орохоо болилоо гэжээ.
Хаан зөвлөхөөсөө ийм үг сонсоод тэр эхнэрийг өөрөө очиж үзмээр санагджээ. Тэгээд хаан энгийн хувцас өмсөөд харваачийн гэрийг олж очин хаалгыг нь тогшиж гэнэ. Хаан хаалга нээж өгсөн Марья гүнжийг хармагцаа зорьж ирсэн хэргээ мартан, босгон дээгүүр нь нэг хөлөө тавиад орж ч чадахгүй, буцаж ч чадахгүй хөшиж, үзэсгэлэн гоо гүнжийг ширтэн гөлрөн зогсов гэнэ.
Марья гүнж юу хэлэхийг хүлээж ядаад үүдээ арга буюу хаажээ.
Тэр цаг мөчөөс хойш хаан «Би юунд ингэж ганцаар гуниглан амьдарна вэ! Энэ сайхан хүүхэнтэй гэрлэхсэн. Хааны хатан байваас зохих хүүхэн юм!» гэж зүрх шимшрэн боддог болжээ.
Тэгээд хаан харваачаас эхнэрийг нь салгаж, амьдын хагацалд учруулъя гэсэн нэгэн хар санаа санажээ. Ингээд зөвлөхөө дуудан,
—           Би харваачийн эхнэртэй суумаар байна. Тэгэхээр чи Андрейг үгүй хийх арга сүвэгчил. Хэрвээ чамайг тийм арга олох юм бол бүхэл бүтэн хот тосгон хөрөнгө мөнгөөр урамшуулан шагнана, чадахгүй бол толгойгий чинь авна гэжээ.
Энэ зарлигийг яаж биелүүлэх вэ? гэж хааны зөвлөх их л бодож шаналжээ, гэхдээ харваачийг үгүй хийх арга олсонгүй. Ингээд уй гашуугаа нимгэлж хундага дарс ууж дотроо онгойлгохоор ундааны газар оржээ.
Гэтэл тэнд сууж байсан ноорхой нэгэн хүн дэргэд нь ирэн,
—           Хааны зөвлөх та уйтгарлан гуниглаж уруу царайлахын учир юу вэ? гэж асуув.
—           Олон таван юм ярилгүй, эндээс зайл! гэж хааны зөвяөх тэр ноорхой эрийг хөөхөд,
—           Хөөж загнахынхаа оронд хундага дарс авч өг, тэгвэл би хэргийг чинь бүтээж өгье гэж гэнэ.
Тэгэхээр нь хааны зөвлөх тэр ноорхойд аяга дарс өгөөд өөрийнхөө зовлонгоо ярьжээ.
—           Андрей харваачийг алах тун амархан. Өөрөө эргүү тэнэг энгийн хүн, харин эхнэр нь л арга заль ихтэй дээ. Гэхдээ бид эхнэр нь ч даахааргүй алба онооё. Чи хаандаа очоод Андрей харваачийг насан эцэслэсэн хаан эцгийнхээ амар мэндийг мэдээд ир гэж явуул. Андрей яваад эргэж ирэхгүй гэж гэнэ.
Хааны зөвлөх ноорхой эрд талархаад ордон руу гүйн очив.
—           За хаан минь, харваачаас хагацах нэг арга байна гээд хааш нь юунд явуулах аргаа зааж өгөв гэнэ. Хаан баярлан Андрей харваачийг дуудуулав.
—           За Андрей минь, ан авын ажлыг үнэнчээр чи гүйцэлдүүлдэг, одоо нэг алба биелүүл! Чи диваажинд очоод хаан эцэг минь ямаршуухан амьдарч буйг мэдээд ир. Мэдэж ирэхгүй юм бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс... гэв.
Андрей гэртээ буцаж ирээд вандан дээрээ толгой гудайлган суухад Марья гүнж,
—           Юундаа гуниглаа вэ? Гай зовлон тохиолдов уу? гэхэд Андрей хаан эзэн ямар алба оноосныг ярив. Марья гүнж,
—           Үүнд юунд нь шаналах вэ! Энэ ч бага алба, жинхэнэ хэцүү алба цаашид тохиолдоно. Одоо чи унт, оройноос өглөө сэргэлэн гэдэг гэж гэнэ.
Андрейг өглөө эрт сэрэхэд Марья гүнж хүүдий дүүрэн хатсан талх, нэг алтан бөгж өгөөд,
—           Одоо хаанд очин зөвлөхөө та надтай хамт явуулаач, ганцаар явбал тэр газар очоод ирснийг хэн ч итгэхгүй гэж хэл. Тэгээд замд гармагцаа бөгжөө өмнөө шид, очих газрыг чинь заагаад өгнө гэлээ.
Андрей хүүдий талх, алтан бөгжийг аваад эхнэртэйгээ салах ёс хийгээд хааны ордон руу явжээ. Хаан зөвлөхөө Андрейтэй цуг диваажинд очоод ир гэж зарлигдахаас өөр аргагүй болов.
За тэгээд хоёул замд гарчээ. Андрей бөгжөө өмнөө шидэхэд бөгж нь бөмбөрөн өнхөрнө. Андрей бөгжөө даган өргөн тал, өвст нуга, ус голыг гатлан туулан явахад араас нь хааны зөвлөх дагана.
Ядарч цуцахаараа талхнаасаа идчихээд л цааш явна.
Ийнхүү явсаар явсаар өтгөн шигүү ойд орж гүнзгий жалганы ёроолд бууж иртэл гэнэт бөгж нь зогсчихжээ.
Андрей, хааны зөвлөх хоёул суугаад талхаа идэж байсан чинь хоёр чөтгөр нэг хөгшин хааныг баахан мод овоолж ачсан тэргэнд хөллөчихсөн хоёр талаас нь бороохойдон хөөж яваа үзэгдэв гэнэ.
—           Энэ чинь манай хааны эцэг биш байгаа? гэж Андрейг хэлэхэд,
—           Чиний зөв, энэ танай хааны эцэг түлээ зөөж явна гэв.
Андрей чөтгөрүүдэд,
—           Эй, эрхэм чөтгөрүүд ээ! Хааны эцгийг хэдэн хором чөлөөлөөдхөөч, би ганц хоёр юм асууя гэж хэлэхэд чөтгөрүүд,
—           Хүлээх зав алга! Энэ тэргэнд чинь өөрсдөө оролтой биш дээ! гэв. Тэгэхэд нь Андрей,
—           Оронд нь энэ шинэ хүнийг ав гэлээ.
Тэгтэл чөтгөрүүд хөгшин хааныг тэргэнээс суллан оронд нь хааны зөвлөхийг хөллөөд хоёр талаас нь бороохойгоор гуядан хөөж одов.
Андрей харваач хөгшин хаанаас энэ тивд яажшуухан амьдарч байгааг нь асуухад хаан,
—           Өө муу муу, энэ тивд тун муу амьдарч байна! Хүүд минь мэхийн мэндлээд «Хүн битгий гомдоож яваарай» гэж намайг захиж байна гэдгийг сайн хэлээрэй. Эсвээс энэ тивд бас л над шиг зовно.
Хөгшин хаан дөнгөж ингэж хэлээд байтал чөтгөрүүд хоосон тэрэгтэйгээ буцаад ирэв. Андрей хөгшин хаантай салах ёс хийгээд чөтгөрүүдээс хааны зөвлөхийг аван буцах замдаа оржээ.
Тэгээд улс орондоо буцаж ирээд хааны ордонд оров. Хаан харваачийг хармагцаа уурлан,
—           Чи буцаж ирдэг яасан зүрхтэй хүн бэ? гэхэд Андрей,
—           Би диваажинд очоод ирлээ. «Хүн битгий гомдоож байгаарай» гэж танд тун сайн захиарай гэж эцэг чинь хэлсэн дээ. Тэр тивд таны эцэг их л муу амьдарч байна гэнээ.
—           Тэр тивд очиж, миний эцэгтэй уулзсанаа чи юугаар нотлох юм бэ?
—           Таны зөвлөхийн нуруун дээр чөтгөрүүд бороохойдсон ор мөр одоо болтол хэвээрээ байгаа шүү.
Ингээд хаан итгэхээс өөр аргагүй болж Андрейг гэр лүү нь явуулжээ. Харин зөвлөхдөө дахин,
—           Харваачийг тонилгох арга бод! Бодохгүй бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс! гэж зарлигджээ.
Хааны зөвлөх бүр ч шаналан толгой гудайлган явсаар нэгэн дарсны газар орон дарс авчир гэж хашгирчээ. Гэтэл ноорхой нэгэн эр гүйн ирж,
—           Хааны зөвлөх юундаа гунигтай байна вэ? Надад нэг аяга дарс аягалчих би арга ухаан заагаад өгье гэж гэнэ.
Хааны зөвлөх түүнд нэг аяга дарс өгөөд юу болсныг цөмийг ярьжээ.
—           За сонсож бай. Миний хэлэх энэ зүйлийг хүн хийж гүйцэтгэх нь бүү хэл, бодож олоход амаргүй юм. Чи хаандаа очоод Андрейг зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ байдаг нойрсуулагч муурыг авчруулахаар явуул гэж хэл гэжээ.
Хааны зөвлөх хаандаа гүйн ирж Андрейг тонилгох уран арга олсноо ярив. Энэ санал хаанд их л таашаагдаж тэр дороо л Андрейг дуудуулав.
—           За Андрей, ахиад нэг албанд үнэнчээр зүтгэх хэрэгтэй байна даа. Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ байгаа нойрсуулагч муурыг авчир. Хэрвээ авчрахгүй бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс гэж мэдээрэй... гэв.
Андрей шаналж зовсоор гэртээ ирээд хааны алба хатуу ялын тухай эхнэртээ нэгд нэггүй ярьжээ. Марья гүнж нөхрийнхөө яриаг сонсоод,
—           Үүнд юунд нь шаналах вэ! Үүнээс хэцүү алба ирнэ. Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ, одоо унт гэлээ.
Ингээд Андрейг унтахаар хэвтмэгц Марья гүнж төмрийн дарханд очиж гурван төмөр малгай, төмөр бахь, төмөр, зэс, тугалган саваа гурвыг хийлгэжээ.
Маргааш өглөө нь Марья гүнж Андрейг эрт сэрээж төмөр бахь, гурван малгай, гурван саваагаа өгөөд алсын замд үдэхдээ,
—           Гурван мод хэртэй газраас л нойрсуулагч муур чиний нойрыг хүргэх байх. Чи унтаж болохгүй шүү. Гараа хая, хөлөө хөдөлгө, аргаа барлаа гэхэд өнхрөөд ч болсон урагшил. Унтах л юм бол нойрсуулагч муур чамайг ална гээд Марья гүнж Андрейд тохиолдох бэрхшээлийг тоочин хэлж тэр бүгдийг яаж давж туулах арга замыг зааж өглөө гэнэ.
Ингээд Андрей намхан газрыг нарлан өндөр газрыг өвөрлөсөөр явж зуун уулын цаанатаах зургаан улсын тэртээх харийн газрын барааг харж гэнэ. Ингээд гуравхан мод газар үлдээд байтал Андрейн нойр хүрээд болдоггүй гэнэ. Андрей гурван төмөр малгайгаа өмсөөд ямар ч байсан унтахгүй юмсан гээд гараа дааж ядан хаясаар хөлөө зөөж ядан гишгэлсээр өнхрөх газар нь өнхөрсөөр урагшаа яваад л байж.
Ингэсээр өндөр баганын дэргэд тулж иржээ.
Баганын сфойд шогнойн сууж байсан нойрсуулагч муур Андрейг хараад шүд амаа ярзайн архирч байснаа гэнэт үсрэн толгойд нь наалдан нэг малгайг нь хагалав, хоёр дахь малгайг нь хагалав, тэгээд гурав дахь малгайг нь хагалахаар завдахад Андрей төмөр бахиараа хавчин авч газар савж унагаад төмөр саваагаараа балбаж гэнэ. Тэгсэн төмөр саваа нь хугарч гэнэ. Зэс савааныхаа амтыг үзүүлж, зэс саваа нь бас хугарч гэнэ. Тэгэхээр нь тугалган саваагаа гаргаад нүдэж гэнэ.
Тугалган саваа тахилзан нахилзахаас тасран хугарсангүй. Андрей балбаад байсан чинь нойрсуулагч муур лам хувраг, чөтгөр шулам, охид хүүхнүүдийн тухай янз бүрийн сонин хачин үлгэр ярьж эхлэв гэнэ. Андрей үлгэрийг нь сонсолгүй балбаад л байж.
Нойрсуулагч муур эцэст нь ярьж чадахаа байгаад харваачаас өршөөл гуйжээ.
—           Сайн санаат хүн минь, намайг жанчиж балбахаа болиоч! Юу хүссэнийг чинь хийж өгнө.
—           Надтай цуг явах уу?
—           Хаашаа л гэнэ, тийшээ явна.
Ингээд Андрей буцах замдаа оржээ. Улс орондоо ирээд муураа дагуулсаар хааны ордонд очив.
—           Таны зарлигийг биелүүлж нойрсуулагч муурыг авчирлаа гэхэд хаан ихэд гайхан,
—           За тэгвэл нойрсуулагч муур, ид шидээ үзүүл! гэлээ. Нойрсуулагч муур хумсаа сарвалзуулан хаан руу дав
шилж хааны тарган цагаан хэнхдэгийг нь ярж амьд улаан зүрхийг нь суга татахыг завдав. Хаан айн сандарч,
—           Андрей, энэ муураа түргэхэн зайлуул! гэлээ. Андрей   муураа  төмөр  торонд  хийж  түгжээд  өөрөө
Марья гүнждээ очихоор гэрийн зүг явжээ. Тэгээд мэргэн харваач ухаант Марья гүнжтэйгээ амар сайхан амьдарч байтал хаан эзний хорсол занал туйлдаа хүрч нэг удаа зөвлөхөө дуудан,
—           Андрей харваачийг алж устгах арга заавал ол, эсвээс миний сэлэм гялс чиний толгой бөндгөс!  гэж гэнэ.
Хааны зөвлөх сурсан зангаараа дарсны газар шууд явж очвол нөгөө ноорхой хувцастай эр тэнд сууж байна гэнэ. Түүнд хуучны адил учир зовлонгоо тоочин арга тус зааж өгөхийг гуйв. Ноорхой эр аяга дарсыг нь залгилчихаад аравгар сахлаа арччихаад,
—           Хаандаа очиж Андрей харваачийг эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг олж ир гэж явуул. Энэ албыг Андрей энэ насандаа биелүүлэхгүй эсэн мэнд ч эргэж ирэхгүй гэж гэнэ.
Хааны зөвлөх ордондоо гүйн ирж хаандаа арга ухаан олсноо хэлбэл хаан тэр дорхноо Андрейг дуудуулж,
—           За Андрей, хааны албыг чи хоёр удаа үнэнчээр гүйцэлдүүлсэн. Одоо нэг алба байна. Чи эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг олж ир. Энэ албыг гүйцэтгэвэл хааны шагнал хүртэнэ, эсвээс миний сэлэм гялс чиний толгой бөндгөс! гэв.
Андрей гэртээ ирээд уйлахад Марья гүнж,
—           Хонгор минь, юундаа шаналаа вэ? Гай зовлон тохиолдов уу? гэж асуухад Андрей хэлэв.
—           Үзэсгэлэн гоо төржээ чи, үйл лайгий нь эдэлж байна би! Хаан эзэн намайг эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчир гэлээ.
—           Энэ ч ёстой алба байна! За яахав, чи одоо унт. Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэв.
Марья гүнж шөнө болмогц шидэт номоо дэлгэн удтал уншсан боловч хааны албыг хэрхэн гүйцэлдүүлэх тухайд юу ч олдсонгүй урам нь хугаран толгойгоо салаавчлан бодлогошрон суув. Тэгээд довжоон дээрээ гарч зогсоод алчуураа гарган даллатал төрөл бүрийн шувуу, ан амьтад цугларан иржээ.
—           Ойн эзэн амьтад минь, огторгуйг хөлөглөгч жигүүртнүүд минь, энд тэндгүй хэрэн сүлжиж элэн халин нисдэг та нар минь, эс мэдэх зүгт яаж зорчоод үл мэдэх юмыг яаж авчрах вэ? Мэдсэн сонссон юм байна уу, мэргэн сургаалаа хэлж туслаач! гэхэд амьтан шувууд,
—           Огт мэдэхгүй, сонсоогүй юм байна гэлээ.
Марья гүнж алчуураа дахин нэг даллахад хуран цугларсан амьтад, жигүүртэн шувууд хоромхоноо алга болов. Марья гүнж дахин алчуураа даллахад хорвоод ховорхон хоёр аварга хүдэр эр өмнө нь ирж зогсоод,
—           Танд юу хэрэгтэй болов? хэмээн асуулаа.
—           Үнэнч зарц нар минь, намайг тэнгис далайн тэг дунд аваачиж өгөөч гэхэд хоёр аварга гүнжийг алган дээрээ өргөн тэнгис далайн дунд аваачиж өөрсдөө багана мэт зогсов гэнэ.
Марья гүнж алчуураа нэг даллахад далайн бүх амьтад хөвөн сэлэн ирэв гэнэ.
—           Энд тэндгүй хөвөн сэлэгч эрэлчин суралчин та нар эс мэдэх зүгт яаж зорчоод үл мэдэх юмыг яаж авчирдаг тухай дуулж сонсоогүй биз? гэлээ.
—           Бид огт сонсоогүй, мэдэхгүй юм байна! гэж хөвөн сэлэгч амьтад хэлэв.
Марья гүнж цөхрөнгөө бараад аварга эрчүүдэд өөрийгөө гэртээ аваачиж өгөхийг тушаав. Аварга хоёр эр Марья гүнжийг сэв хийтэл өргөн довжоон дээр нь тов хийтэл тавив
Марья гүнж өглөө эртээ гэгч Андрейг сэрээн нэг бөөрөнхий утас, хээ угалз хатгаж оёсон алчуур хоёр өгөөд,
—           Утас хаашаа бөмбөрнө, чи тийшээ дагаад яваарай. Хаана хэнийд ч очсон нүүр гараа угаагаад миний л алчуураар арчаарай. Хүний алчуур бүү аваарай гэж гэнэ.
Тэгээд Андрей Марья гүнжтэйгээ салах ёс гүйцэтгээд дөрвөн зүгт наманчлаад алсын замдаа гарчээ.
Бөөрөнхий утас урд нь бөмбөрсөөр Андрей араас нь дагаж алхсаар явав.
Ингээд явсаар явсаар, хөвсөн утас нь жижгэрсээр явсан зам нь уртассаар, нэг мэдэхнээ утас нь нүдэнд харагдахгүй шүдэнд хазагдахгүй жижигхэн болсон байна гэнэ. Тэгтэл гүн шигүү ойд тулж иржээ, ойн дунд тахиан хөлт байшин байна гэнэ.
—           Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач! гэв.
Байшинхан ангайх хаалгаа Андрей руу харуулахад Андрей дотор нь ороод харвал вандан дээр буурал эмгэн суугаад утас ээрч байв.
—           Пөөх паах, оросын үнэр үнэрлээгүй олон жил болсон юмсан, одоо чинь өөрөө ороод ирдэг болж дээ. Халуун зуухандаа хийгээд шарж идье! гэх юм гэнэ.
Тэгэхээр нь Андрей харваач,
—           Хөгшин эмгэн та замын хүнийг идэх гэж үү! Арьс яс болсон, аян замын хүнийг эхлээд ус цасанд оруулж болгож борлуул гэв.
Шулмас эмгэн халуун усныхаа байшинг галлав. Андрей харваач усанд ороод эхнэрийнхээ өгсөн алчуураар нүүр гараа арчвал Шулмас эмгэн хараад,
—           Энэ алчуур яагаад чамд байдаг билээ? Үүнийг чинь миний охин оёж хатгасан юм гэж асуув.
—           Таны охин миний эхнэр шүү дээ. Эхнэр минь надад энэ алчуурыг өгсөн дөө.
—           Өө хүндэт хүргэн минь, би чамайг юугаар дайлах вэ? Ингээд Шулмас эмгэн хоол унд амтат дарс ширээ дүүрэн өрөв. Андрей ч нэрэлхэж зоволгүй идэж ууж суухад Шулмас эмгэн «Марья гүнж охинтой минь чи яаж гэрлэсэн, яаж амьдарч байна?» гээд олон юм асуун шалгаав. Андрей ч цөмийг яриад хаан эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юм авчир гэсэн гээд,
—           Та тусалбал сайн байна! гэв.
—           Ай хүргэн минь, би ч ийм сонин хачин юм сонсоогүй юм байна. Харин намагт гурван зуун жил амьдарч байгаа хөгшин мэлхий л энэ тухай мэдэж байгаа. За яахав, чи одоо унт, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ! гэлээ.
Андрейг унтахаар хэвтэхэд Шулмас эмгэн хоёр шүүр унаад нисэж намгийн дээр ирээд дуудав гэнэ.
—           Мэлхийвауглий, та амьд мэнд үү?
—           Мэндээ мэнд.
—           Намгаасаа гараад ирээч.
Мэлхий эмгэн намгаасаа гарч ирэхэд Шулмас эмгэн асуув.
—           Үл мэдэх юм хаана байгааг мэдэх үү?
—           Мэднээ.
—           Тусалж хайрлаач, хаана байгааг хэлээд өгөөч! Хүргэнд минь хүнд алба оноожээ! Эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчир! гэсэн гэнээ.
—           Заагаад өгөхсөн. Даанч хөгшин болсон өвчтэй эмгэн би тэр хүртэл үсэрч дэвхэрч чадахгүй. Хүргэн чинь намайг бүлээн сүүн дотор суулгаад гал гол дээр хүргэж өгөг, тэгвэл би хэлж өгнө.
Шулмас эмгэн Мэлхийвауглий эмгэнийг аваад гэртээ нисэн ирж саванд сүү саагаад сүүн дотроо мэлхийгээ суулгаад Андрейг өглөө эрт сэрээн,
—           За хүндэт хүргэн минь, босож хувцасла. Бүлээн сүүтэй энэ савыг аваад яв, дотор нь мэлхий байгаа. Миний морийг унаад гал гол хүр, тэнд очоод морио хаяад савнаасаа мэлхийгээ гаргаарай. Мэлхий чамд хаашаа явахыг зааж хэлж өгнө гэв.
Андрей босож хувцаслаад Шулмас эмгэний морийг унаж савтай сүүгээ аван гал голыг зорин давхив гэнэ. Араатан амьтан алхан гаталж чаддаггүй, жигүүртэн шувуу нисэн давж болдоггүй гал голын дэргэд давхин ирэв гэнэ.
Андрей мориноосоо буухад Мэлхий эмгэн,
—           Намайг савнаас минь гаргаач, би чамайг гал гол дээгүүр гарахад тусалъя гэлээ.
Андрей савнаасаа Мэлхийвауглий эмгэнийг гарган газар тавихад,
—           За сайн эр минь, миний нуруун дээр морд гэж гэнэ. Андрей,
—           Эмээ минь, та юу ярина вэ! Ийм жижигхэн таныг би бяц дарах биз ээ гэвэл,
—           Бүү ай, бяц дарж чадахгүй ээ. Харин сайн бариад суу гэх юм гэнэ.
Тэгээд Андрей түүн дээр суухад Мэлхийвауглий эмгэн биеэ хийлэн үлээж хөөсөөр хөөсөөр бухал өвс шиг том болов.
—           Сайн бариад сайн сууж байгаа биз?
—           Сайн сайн, би ойчихгүй.
Мэлхийвауглий дахин хөөж бөмбийсөөр нуруу өвс шиг том болов.
—           Сайн бариад сууж байна уу, ойчихгүй биз?
—           Сайн сайн, би ойчихгүй.
Мэлхийвауглий дахин биеэ хийлж үлээсээр өндөр уул шиг болоод тап хкйтэл үсрэн гал голын цаана гараад дахиад бага болов гэнэ.
—           За сайн эр минь, энэ жимээр ороод яв. Өмнө чинь цамхаг ч биш, байшин ч биш, амбаар ч биш нэг юм байгаа. Чи тийшээ ороод пийшингийнх нь ард зогс. Тэндээс л үл мэдэх юмыг олно доо гэж зааж өгөв.
Андрей жимээр орон явбал өмнө нь тагт довжоогүй таглах цонхгүй намаг хөлмөгт хучигдсөн навтгар муу байшин байна гэнэ. Андрей тэр байшинд ороод пийшингийнх нь ард зогсов.
Удалгүй ойгоор их чимээ гаран тохойн чинээ сахалтай хумсын чинээ биетэй эр орж ирээд тэнгэрт хадам чангаар,
—           Хөөе Наум, хоол аваад ир! гэлээ.
Тэр эрийг ингэж хашгирмагц л торхтой пиво, бухын бүтэн жигнэсэн гулууз, хурц хутга тавьсан ширээ хаанаас ч юм бэ гараад ирэв. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет жигнэсэн бухын гулуузнаас хурц хутгаар огтлон амтат сармисанд дүрэн амтархан идэж сайшаан магтав гэнэ.
Ингээд гулууз махаа идчихээд торхтой пиво уучихаад,
—           Хөөе Наум, хог үлдэгдэл цэвэрлэ! гэж хашгирлаа. Гэнэт яс ч үгүй, торх ч үгүй болж ширээ алга болов.
Андрей тохойн чинээ сахалт хумын чинээ биетийн явахыг хүлээж байгаад явмагц нь пийшингийн цаанаас гарч ирээд зоригоо чангалж байгаад,
—           Хөөе Наум, хоол аваад ир! гэлээ.
Тэгтэл хаанаас ч юм бэ, бүү мэд амттан шимтэн арз дарс дүүрэн өрөөтэй ширээ бий болов гэнэ. Андрей ширээний ард сууж,
—           Наум, надтай сууж хоол ид гэвэл үл үзэгдэх нэгэн дуу гарч,
—           Сайн санаат хүн минь, танд гялайлаа! Хэчнээн олон жил би энд зүтгэж байна, талхны түлэнхий зах ч амсаж үзээгүй билээ. Харин чи намайг ширээнээ урилаа гэж хэлэх юм гэнэ.
Харагдах бие байхгүй мөртлөө уух идэх юм ширээнээс шүүрдэгдэх мэт алга болж арз дарс аяндаа л аягалагдан хундагалагдан байхад Андрей гайхаж барахгүй суув.
—           Хөөе Наум, чи гараад ирээч! гэж Андрейг гуйхад,
—           Намайг хэн ч харж чадахгүй ээ, би хэн, юу гэдгээ өөрөө ч үл мэдэх билээ гэж хариулав гэнэ.
—           Хөөе Наум, чи надад ач тус болооч!
—           Бололгүй яах вэ! Чи сайн санаат хүн байна. За ингээд тэр хоёр хооллож ундалж дуусжээ.
—           За юмаа хураа, надтай цуг явна шүү гэж Андрей хэлээд байшингаас гарч яваад эргэж харан,
—           Хөөе Наум, чи явж байна уу? гэв.
—           Явж байнаа, бүү ай, би хоцрохгүй.
Тэгээд Андрей гал голын дэргэд очвол мэлхий эмгэн хүлээж байв.
—           За сайн эр минь, үл мэдэх юмыг олов уу?
—           Оллоо, оллоо.
—           За над дээр морд.
Андрей дээр нь мордоход мэлхий эмгэн хийлэн хөөсөөр том болоод гал гол дээгүүр ганц үсрээд гарав гэнэ.
Андрей мэлхий эмгэнд талархаад улс орноо зорин цааш явав. Явж явж байгаад эргэж харан,
—           Хөөе Наум, чи явж байна уу?  гэхэд хариуд нь,
—           Явж байнаа.  Бүү ай, би  хоцрохгүй  гэх дуу гарав.
Андрей явж явж алс холын замд ядран цуцаж гар нь унжиж хөл нь солбиж гэнэ.
—           Ээх, би ямар их ядрав аа! гэвэл Наумын дуу гаран,
—           Аль түрүүн надад хэлэхгүй яасан юм бэ? Би чамайг дор нь хүргээд өгөхгүй юу! гэж гэнэ.
Тэгтэл эрч хүчит салхи эргэлдэн хуйлран Андрейг ороон авч нисэн хурдлахад доогуур нь уул толгод, ой мод, хот тосгон жижигрэн жирэлзэн өнгөрнө гэнэ. Хөлгүй их тэнгисийн дээгүүр нисэж явахдаа Андрей айн цочирдож,
—           Хөөе Наум, амрах юмсан! гэв.
Салхи намдан Андрей тэнгис дээр буухаар доошилж байв. Гэнэт харвал их долгион шуугин байсан тэр газар жижигхэн арал бий болж, арал дээр алтан дээвэртэй ордон, ордны эргэн тойронд сайхан цэцэрлэг бий болов. Наум Андрейд,
—           Ундалж хооллоод сайн амар, харин тэнгис рүү хараарай. Хажуугаар чинь худалдаачны гурван хөлөг онгоц хөвөн өнгөрнө. Чи хөлөгийн эзэн худалдаачдыг дуудаж дайлж зочил. Тэдэнд гурван сонин гайхамшиг бий. Чи намайг тэр гурваас айлгүй солиорой, бүү ай, би чамд эргээд ирнэ гэлээ.
Удсан ч үгүй өрнө зүгээс гурван хөлөг онгоц хөвөн гарч ирлээ. Хөлөг онгоцныхон тэнгисийн дундах арал, түүний дээрх алтан дээвэртэй ордон, ордныг тойрсон гайхамшигт цэцэрлэгийг хараад,
—           Энэ чинь юун гайхамшиг вэ? Бид хэчнээн удаа үүгээр хөвлөө, хөх уснаас өөр юм үзээгүйсэн. Алив очиж үзэцгээе! гэлцэв.
Гурван хөлөг зангуугаа хаян зогсоход гурван худалдаачин хөнгөн завинд суун арлын зүг сэлэн ирэв гэнэ. Андрей харваач тэднийг угтан,
—           Эрхэм зочид минь, тавтай морилогтун! гэж урилаа. Гурван худалдаачин нүд алдан гайхан харна. Ордны
дээвэр нь алтан нар шиг гялалзана, олон өнгийн шувуу цэцэрлэгийн дотор дуулалдана, онцгой сонин хачин амьтад зам жимээр гүйлдэнэ гэнэ.
—           Сайн сэтгэлт хүн минь, энэ гайхамшгийг хэн босгосон бэ? гэж тэднийг асуухад Андрей,
—           Миний зарц Наум нэг шөнийн дотор барьж босгосон гэв.
Тэгээд Андрей зочдоо ордондоо урин залж дайлж зочлов.
—           Хөөе Наум, биднийг хооллооч!
Амттан шимтэн арз дарсаар дүүрэн ширээ өмнө нь нүд ирмэхийн зуур бий болно. Худалдаачид уулга алдан,
—           Сайн сэтгэлт хүн минь, чи бидэнд энэ зарц Наумаа өгөөч, оронд нь юу дуртайгаа аваач гэцгээлээ.
—           Солиход ч болж байна. Харин та нарт дур татах юу байгаа юм бэ?
Нэг худалдаачин өврөөсөө бороохой гаргаж ирээд энэ бороохойд «Алив бороохой минь, энэ хүнд амтаа нэг үзүүлээдхээч!» гэж хэлэхэд л бороохой өөрөө балбан нүдэж ямар ч хүнийг болгоод өгнө, хашраагаад өгнө гэв.
Хоёр дахь худалдаачин хормой дороосоо нэг сүх гаргаж ирээд ирийг нь доош харуулбал сүх өөрөө тас тас цавчин яах ийхийн зуургүй нэг хөлөг онгоц, хоёр хөлөг онгоц хийгээд тавчихав гэнэ. Хөлөг онгоцнууд тэнгист хөвж их буугаар буудан эрэлхэг усан цэргүүд зарлиг тушаал хүлээн зогсоно.
Худалдаачин сүхнийхээ ирийг дээш харуулбал хөлөг онгоцнууд байгаагүй юм шиг л алга болов гэнэ.
Гурав дахь худалдаачин халааснаасаа цоор хөгжим гаргаж ирээд үлээтэл морьтой явган олон цэрэг их буу, зэр зэвсэгтэйгээ бий болов гэнэ. Их цэрэг жагсан жигдрэн алхахад хөгжим хангинаж туг залаа намиран, морьтой жанжнууд дүүхэлзэн зарлиг тушаал хүлээнэ гэ*чэ.
Худалдаачин цоорынхоо нөгөө үзүүрээс үлээвэл их цэрэг гэнэт алга болов гэнэ.
Андрей харваач,
—           За та нарын ид шид дур татах сайн л юм байна, гэхдээ минийх илүү үнэ цэнэтэй дээ. Хэрвээ миний зарц Наумыг авъя гэвэл энэ гурваа гурвуулангий нь л өгч байж ав даа гэв.
—           Ганцын оронд гурав гэдэг арай их биш үү?
—           За тэгвэл солихгүй ээ.
Худалдаачид бодож бодож «Бороохой, сүх, цоор гурваар бид яах юм бэ! Наум зарцтай болбол санаа зовох юмгүй өдөр шөнөгүй хоол ундаар цатгалан өглөө үдэшгүй арз дарсаар цутгалан суух болно» гэж шийджээ.
Худалдаачид Андрей харваачид бороохой, сүх, цоор гурваа өгөөд,
—           Хөөе Наум, бид чамайг авлаа шуү! Чи бидний үнэнч зарц болж чадах уу? гэж хашгиран асуухад үл үзэгдэх дуу,
—           Чадалгүй яах вэ! Хаана ч амьдрахгүй юм чинь надад ялгаа юу байх вэ! гэв.
Худалдаачид хөлөг онгоц руугаа эргэн очоод найрлан суув.
—           Хөөе Наум, тэрийг аваад ир! Хөөе Наум, энийг аваад ир! гэж хашгиран идэж идэж ууж ууж согтоод суусан газраасаа босож чадалгүй өнхрөн унацгаав.
Андрей харваач ордондоо «Хөөрхий миний зарц Наум одоо хаана байгаа бол доо?» гэж гунихран суутал гэнэт хажууханд нь,
—           Би энд байна. Юу хэрэгтэй вэ? гэж гэнэ. Андрей баярлан,
—           Хөөе Наум минь, одоо хоёулаа төрөлх нутаг руугаа буцах цаг болсон биш үү? Залуу эхнэр минь хүлээж суугаа. Намайг гэрт минь хүргээд өгөөч гэв.
Хуй салхи хуйлран дэгдэж Андрейг шүүрэн авч төрөлх нутгийнх нь зүг давхив.
Нөгөө худалдаачид сэрмэгцээ л  шараа тайлах  гээд,
—           Хөөе Наум, хоол унд авчир, хурдал хурдал! гэж хашгирав.
Хэчнээн хашгирч, хэчнээн дуудлаа ч юу ч байдаггүй. Өндийн босож харваас өнөөх арал ч байдаггүй. Хөх ус хөөсрөн шуугихаас өөр юм харагдсангүй.
Худалдаачид «Ээх, муу санаат хүн биднийг хуурчээ!» гэж гаслан халаглаад, яах ч аргагүй болсон тул дарвуул далбаагаа өргөн зорьсон газрыг чиглэн хөвөн одов.
Андрей харваач төрөлх нутагтаа ирээд гэрийнхээ гадаа буувал байшингийнх нь оронд шатаж харласан хар яндан гозойж байв.
Андрей толгой гудайлган шаналан гунигласаар хотоос гарч хөх тэнгисийн эрэг дээр хүн амьтангүй газар ирээд сууж байв. Гэнэт хаанаас ч юм бэ, нэг бор хүүрзгэнэ нисэн ирж газар мөргөөд Марья гүнж болон хувирав гэнэ.
Андрей эхнэрээ тэврэн авч хоёул баярлан уулзав.
—           Чамайг явснаас хойш би бор хүүрзгэнэ болон ой шугуй дээгүүр нисэн амьдарч байна. Хаан намайг авах гэж гурван удаа элч илгээгээд намайг олоогүйдээ уурлан хилэгнэж орон гэрийг маань шатаасан гэж Марья гүнж ярив.
Тэгэхэд Андрей,
—           Хөөе Наум, хөхрөх тэнгисийн эрэг дээрх хүн амьтангүй энэ газар ордон цамхаг босгож болох уу? гэхэд Наум,
—           Бололгүй яах вэ! Одоохон! гээд нүд ирмэхийн зуур хааны ордноос гоёмсог сайхан ордон бий болгов гэнэ. Үзэсгэлэнт ногоон цэцэрлэгт нь өнгө өнгийн шувууд дуулна гэнэ. Зам жимээр нь янз янзын сонин хачин амьтад үсрэн дэгдэнэ гэнэ.
Андрей харваач Марья гүнж хоёр ордондоо орон цонхныхоо дэргэд суугаад бие биеэ хайрлан хайрлан ширтэж, элэг зүрхнийхээ үгийг дэлгэн дэлгэн ярилцана. Ийм сайхан эв найртайгаар амьдран гай зовлонг үзэлгүй өдөр хоногийг өнгөрөөж байв.
Гэтэл тэр үед ан авлаж явсан хаан урьд нь хоосон байсан газар үзэсгэлэнт ордон байхыг хараад,
—           Хэн миний нутаг дээр ингэж өөрийн дураар ордон цамхаг босгоо вэ? гээд хүн явуулав.
Явсан хүмүүс Андрей харваач энэ ордныг босгоод залуу эхнэр Марья гүнжтэйгээ амьдран суудаг юм байна гэсэн мэдээг хаандаа авчрав.
Хаан бүүр их уурлан хилэгнэж Андрей эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг олж ирж үү, үгүй юу? мэдээд ир гэж элчээ дахин илгээв.
Элч нар давхин ирж дахин тагнаад хаандаа илтгэв гэнэ.
—           Андрей харваач эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчирсан гэнээ!
Тэгэхэд хаан урьд урьдынхаасаа улам их хилэгнэн их цэргээ босгон хөх тэнгисийн эрэг дээрх энэ ордон руу дайран довтолж эзэгнэн аваад Андрей харваач Марья гүнж хоёрыг аймшигт үхлийн аманд өг! гэж зарлигдав.
Хааны их цэрэг ордон руу нь ирж явахыг харсан Андрей харваач сүхээ шүүрэн авч ирийг нь доош харуулав. Сүх нь тас тас цавчин нэг хөлөг онгоц хийн тэнгист тавив, дахин тас тас цавчин ахиад нэг хөлөг онгоц хийж тавьсаар зуун хөлгийг дор нь хийж хөх тэнгист тавилаа гэнэ.
Андрей цоор хөгжмөө гарган үлээвэл морьтой явган олон цэрэг их буу, зэр зэвсэгтэйгээ жигдрэн жагсан бий болов гэнэ.
Морьтой жанжнууд тушаал зарлиг хүлээн дүүхэлзэнэ. Андрей дайн тулалдаанаа эхлэхийг тушаав. Хөгжим хангинан, бөмбөр нижигнэн, их цэрэг хороо хороогоороо урагшлав. Явган цэргүүд хааны цэргүүдийг хиар цохив, морин цэргүүд хааж бүслэн баривчлан авна. Зуун хөлөг онгоц их буугаар галлан төв хотыг бөмбөгдөнө.
Цэргүүд нь буцаж зугтахыг харсан хаан өөрөө давхин ирж цэргүүдээ зогсооход Андрей бороохойгоо гаргаж ирээд,
— Бороохой минь, энэ хааныг болгоод өгөөч, хашраагаад өгөөч! гэв.
Бороохой цахилан эргэлдэн хааны өөдөөс очин духан дундуур нь тасхийтэл цохиход хааны амь писхийтэл гарав гэнэ.
Дайн тулалдаан ч дуусав. Хотоос ард олон гүйн ирж Андрей харваачийг улс орны эзэн болж биднийг удирдан залаач гэж гуйв.
Андрей ч зөрж маргасангүй. Дэвэн дэлхийг донсолгосон их найр хийж гэнэ. Марья гүнжийнхээ хамт улс орноо залан урт насыг насалж удаан сайхан жаргасан гэнэ лээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:01 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ХУНГАЛУУ

Эхнэр нөхөр хоёр нэг охинтой бас нэг жижигхээн хүүтэй юмсанжээ.
— Охин минь, дүүгээ харж бай. Ээж аав хоёр нь ажилдаа явлаа, эргэж ирэхдээ чамд алчуур  авчирч өгнө.  Харин  чи  хашаанаасаа битгий гараарай, дүүтэйгээ тоглоорой гэж ээж нь хэлэв.
Ингээд аав ээж хоёр нь ажилдаа явчихаж, охин ээжийнхээ хэлснийг мартчихаад дүүгээ цонхныхоо доор өвсөн дээр суулгаж орхиод өөрөө гадаа гудамжинд гаран тоглож эрхэлсээр өнжжээ.
Энэ үед олон хунгалуу нисэн ирж дүүгий нь шүүрч аваад далавчин дээрээ суулган нисэн одов.
Охин эргээд ирсэн чинь дүү нь алга байв. Айж сандран, ийш тийш харайн эрсэн чинь хаана ч байдаггүй гэнэ!
Охин дүүгээ дуудан, аав ээжий хоёр загнана гэж айлгасан ч, асгартал уйлан эрсэн ч дүү нь байдаггүй гэнээ.
Охин цэлгзр талд гарч харвал алсад хар ойн цаагуур хунгалуу шувуудын далавч гялалзаад л алга болж гэнэ. Хайртай дүүгий нь хунгалуу аваад явсныг охин таамаглав. Хунгалуу жаахан хүүхэд хулгайлдаг гэсэн муу яриа аль эртнээс дуулдсан билээ.
Охин араас нь хөөн гүйв. Гүйж явтал нэг пийшин дайралджээ.
—           Пийшин минь, хунгалуу шувууд хаашаа ниссэнийг хараагүй биз? Пийшин,
—           Хар гурилан боовноос минь идвэл хэлж өгнө гэв.
—           Хар гурилан боов би идэхгүй ээ! Гэртээ би цагаан гурилаар хийснийг ч иддэггүй юм...
Пийшин юу ч хэлсэнгүй. Охин цаашаа гүйж явсан чинь алимын мод дайралдав гэнэ.
—           Алимын мод минь, хунгалуу хаашаа нисээд явчихав? гэж асуув.
—           Ойн алимнаас минь амсаач, тэгвэл хэлж өгнө.
—           Гэртээ би усалж тордсон цэцэрлэгийн улаан алим тоодоггүй...
Алимын мод юу ч хэлсэнгүй. Охин цааш гүйж явсан чинь жимсэн эрэгтэй сүүн гол урсаж байна гэнэ.
—           Жимсэн эрэг сүүн гол минь, хунгалуу хаашаа нисээд явчихав?
 
—           Сүүнээс миньуу, жимснээс минь ид, тэгвэл хэлж өгнө.
—           Гэртээ би амттай цөцгий ч уудаггүй...
Ингээд охин өргөн аглагийн дээгүүр өтгөн ойн дундуур их л удаан гүйжээ. Нар жаргах гэж байдаг, одоо яах вэ, ганцаараа яаж буцах вэ! Гэтэл өмнөхөн нь сох ганц цонхтой тахиан хөлт байшин эргэлдэн эргэлдэн байх нь харагдав гэнэ.
Байшинд Шулмас эмгэн утас  ээрэн,  хөөрхөн  дүү  нь
вандан дээр суугаад мөнгөн алимаар тоглож байв. Охин байшинд орлоо.
—           Сайн байна уу?
—           Сайн байна уу, охин минь! Зориглон ирсний учир юу вэ?
—           Хөвд хаг дундуур хөвөлзөх намаг дээгүүр гүйсээр хамаг хувцсаа норгочихлоо, хатааж сэрвээхээр ирлээ.
—           Аа тэгвэл май, хувцсаа хаттал утас ээрч бай. Ингэж хэлээд Шулмас эмгэн ээрүүлээ өгчихөөд гараад
явчихав. Охин утас ээрч байтал гэнэт пийшин доороос нэг хулгана гарч ирээд,
—           Охин минь, чанасан будаа надад өгөөч, чамд хэрэгтэй үгийг хэлж өгнө шүү гэж гэнэ.
Охин хулганад будаа өгөхөд хулгана хэлэв.
—           Шулмас эмгэн халуун усныхаа байшинг галлахаар явсан. Чамайг угааж цэвэрлээд улаан галд шарж идчихээд чиний ясан дээр гулгаж тоглоно.
Охин ухаан гартлаа айж уйлан гашуудахад хулгана дахин,
—           Дүүгээ аваад одоохон зугт, би чиний оронд утас ээрч байя гэж гэнэ.
Охин дүүгээ аваад зугтан гүйв. Шулмас эмгэн цонхныхоо гадаа ирээд л,
 
—           Охион, чи ээрч байна уу? гэж асуухад,
—           Ээрч байнаа, ээрч байна гэж хулгана хариулаад байжээ.
Шулмас эмгэн усаа халаачихаад охиныг авахаар орж ирвэл гэрт нь хэн ч алга байв. Шулмас эмгэн хашгирав.
—           Хунгалууд аа, хурдлан хөөгөөрэй! Эгч нь дүүгээ аваад явчихлаа!..
Эгч дүү хоёр сүүн гол дээр гүйж иртэл араас нь хунгалуу шувууд хуйлран нисэн хөөж яваа харагдав.
—           Гол эх минь, бид хоёрыг нуугдуулаад өгөөч!
—           Энгийн жимснээс минь идэж үз!
Охин жимснээс нь идээд жигтэй их баярлалаа гэж хэллээ. Гол жимст эргийнхээ доор эгч дүү хоёрыг нуув.
Хунгалуу шувууд харсангүй хажуугаар нь нисээд нисээд өнгөрчихлөө.
Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Хунгалуу шувууд эргэж нисэн эгч дүү хоёрыг харахаа шахав. Одоо яанаа? Аюул аюул! Алимын мод харагдав.
—           Алимын мод минь, биднийг далдалж нуугаад өгөөч!
— Ойн алимнаас минь ид дээ!
Охин ойн алимнаас идээд онцгой их баярлалаа гэж хэллээ. Алимын мод тэднийг мөчрөөрөө бүрхэж, навчаараа хучив.
Хунгалуу шувууд харсангүй хажуугаар нь нисээд нисээд өнгөрчээ.
Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Одоо ч гэр нь ойрхон болжээ. Гэтэл хунгалууд тэднийг олоод харчихав, олон талаас нэгэн зэрэг шунган нисэж, гүр гүр дуугаран далавчаа сэр сэр сэвэн дайрч дүүгий нь охины гараас булааж авахыг шахлаа.
Охин пийшингийн дэргэд гүйж ирээд,
—           Пийшин минь, эгч дүү хоёрыг халхалж нуугаад өгөөч!
—           Хар гурилан боовноос минь ид.
Охин боовноос авч амандаа хийгээд дүүтэйгээ цуг пийшингийн аманд орж нуугдан суув.
Хунгалуу шувууд гүр гүр дуугаран далавчаа сэр сэр сэвэн эргэлдэн эргэлдэн ниссэн ч эгч дүү хоёрыг олсонгүй, эмгэн Шулмастаа хоосон буцжээ.
Охин пийшинд баярлалаа гялайлаа гээд дүүтэйгээ цуг гэртээ гүйн ирэв.
Тэгтэл ч эцэг эх хоёр нь эргээд ирж гэнээ.
 
ШИДЭТ МӨНГӨН ТАВАГ ШИМТ УЛААН АЛИМ
Эмгэн өвгөн хоёр гурван охинтой юмсанжээ. Хоёр том охин нь эрх танхи, гоёж гоодох дуртай гэнэ, харин бага охин Маша даруу төлөв зантай гэнэ. Хоёр том охин өнгийн бошинз өмсдөг, өндөр өсгий гишгэдэг, шармал сондор зүүдэг, сайхан бүхнийг нэхдэг гэнэ. Харин Машагийн өмссөн бошинз даруухан ч өглөөн нар шиг нүдтэй гэнэ, өдрийн гэгээ шиг жавхаатай гэнэ, газар хүрсэн гэзэгтэй гэнэ, ганхах цэцэгсэд шүргэдэг гэнэ. Хоёр эгч хойрго залхуу, хоосон цагаан гартай гэнэ. Бага жаахан Маша үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гэрт гадаах бүхий л ажлаа амжуулж, төмсөө усалж, тахиа нугасаа тэжээж, үнээ малаа сааж өдрийн турш ажилладаг гэнэ. Ээж аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг гэнэ, сөрсөн үг хэлдэггүй гэнэ. Хоёр эгч нь Машагаар хамаг ажлаа хийлгэж, хавчин шахан гадуурхдаг гэнэ. Маша дув дуугүй л байдаг аж.
Нэг удаа эцэг нь зээлийн газар явах болж, охидоосоо «Та нарт ямар бэлэг авчрах вэ?» гэж асуужээ. Том охин нь, 
—           Бошинз хийх торго авчраарай гэхэд хоёр дахь охин нь, улаан хамба хилэн захив гэнэ.
Маша дуугүй зогсож байтал эцэг нь өрөвдөн,
—           Машенька, чамд юу авчрах вэ? гэв.
—           Хүндэт эцэг минь, надад шимт улаан алим шидэт мөнгөн таваг авчирч өгөөрэй гэлээ.
Хоёр эгч нь хөхрөн шоолж,
—           Ээх Маша Маша, ийм тэнэг амьтан даа! Гадаа хаяанд алим ургаж байна. Хэдийг л бол хэдийг ав, бас тавгаар яах нь вэ! Нугас тэжээх гээ юу? гэцгээхэд Маша,
—           Үгүй ээ, эгч нар минь! Алимаа би тавган дээгүүрээ өнхрүүлэн ариун нандин хүслээ шивгэнэн хэлнэ. Нэг эмгэн надад зааж өгсөн юм. Би тэр эмгэнд талархан бөөрөнхий талх бэлэглэсэн.
—           За за, та нар дүүгээ шоолохоо тат! Хүн бүхэнд хүссэн бэлгийг нь авчирч өгнөө гээд эцэг нь явж зах зээлийн газар очоод өвсөө заран бэлэг авчээ. Нэг охиндоо цэнхэр торго, нөгөө охиндоо улаан хамба хилэн, Машад шидэт мөнгөн таваг шимт улаан алим авчирлаа гэнэ.
Хоёр эгч баярлан бошинз хувцас оёно, басхүү Машаг шоолон хөхөрнө.
Маша нэгэн буланд суугаад шидэт мөнгөн таваг дээгүүрээ шимт улаан алимаа өнхрүүлэн,
—           Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр. Төрөлх Орос нутгийг минь уул тал, хот тосгон, тэнгис далай, тэнгэр газартай нь үзүүлээч! гэж хэлэв.
Гэнэт мөнгөн таваг хангинах чимээ гарснаа өрөө дүүрэн гэрэлтэй болж шимт улаан алим ч таваг дээгүүр өнхрөн эргэлдэж таваг дээр хот тосгон, уул нуга, хөндий тал,
 
тэнгис далай, тэнгэр газрын үзэсгэлэн гоо харагдаж гэрэлт нар гэгээн сарны араас бөмбөрөн, од мичид тойрон бүжигтээ бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан чуулах нь үзэгдэв гэнэ.
Хоёр эгч нүд салгалгүй ширтэн хор шар нь хөдлөн Машад атаархана. Тэгээд Машагаас мөнгөн таваг улаан алимыг нь яаж авах вэ? гэж бодож сэтгэх болов. Маша
 
юугаар ч солихгүй, юунаас ч өгөхгүй, харин орой болгон тавгаа үзэж цэнгэнэ гэнэ.
Тэгэхэд хоёр эгч Машаг ой руу явъя гэжээ.
—           Хонгорхон дүү минь, жимсэнд явъя, аав ээж хоёртоо амттай шүүстэйхнээс түүж ирье.
Тэгээд гурвуулаа ойд явсан чинь ямар ч жимс гүзээлзгэнэ олдсонгүй.
Маша тавгаа  гарган  алимаа дээгүүр  нь өнхрүүлэн,
—           Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр, номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ хаана байгааг үзүүлээч гэлээ.
Гэнэт мөнгөн таваг хангинан шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн өнхрөн, таваг дээр ойг бүхэлд нь үзүүлэв. Номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ, нуугдсан мөөг, нуугисан булаг, нуур ус хун шувууг харуулав.
Үүнийг үзсэн хоёр эгчийнх нь атаа хорсол арвалзан буцалж хуурай гишүү шүүрэн авч буурай даруухан Машаг цохиж алаад хус модны ёроолд булж орхиод алим таваг хоёрыг нь авчээ. Тэгээд гэртээ орой болсон хойно сагс дүүрэн мөөгтэй эргэж ирээд,
—           Машенька бид хоёроос салаад зугтаагаад гүйсэн. Бид хоёр ой модоор эрж эрж олсонгүй ирлээ. Чононд бариулчихсан юм болов уу! гэж хэлжээ.
Эх нь уйлан гашуудаж, эцэг нь,
—           Улаан алимыг мөнгөн таваг дээгүүр өнхрүүл, Машенька хаана байгааг үзүүлээд өгч магадгүй гэв.
Хоёр эгч ухаанаа гартал айв, гэхдээ эцгийнхээ үгнээс зөрчиж чадсангүй. Тэгээд улаан алимыг мөнгөн таваг дээгүүр өнхрүүлэх гэтэл шидэт мөнгөн таваг хангинан дуугарсангүй,   шимт  улаан   алим   ч   бөмбөрөн   өнхөрсөнгүй, ой мод, уул нуруу, тэнгис далай, тэнгэр газрыг үзүүлсэнгүй гэнэ.
Тэр үед нэг малчин хонио эрж яваад цав цагаан хус модны ёроолд жижигхэн овгор, овгорыг тойроод номин ногоон цэцэг дэлгэрэн ургаж байхыг үзжээ. Цэцэгсийн дунд зэгс ургаж байв. Малчин зэгснээс огтолж аваад бишгүүр хийн үлээх гээд ам руугаа дөнгөж ойртуултал бишгүүр өөрөө дуугаран тоглож,
— Зэгсэн бишгүүр, дуул дуул, залуухан малчныг баясга баясга. Улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан миний амь насыг хороосон доо, хороосон... гэв.
Малчин айн тосгонд гүйн очиж хүмүүст энэ тухайгаа ярьжээ. Хүмүүс уулга алдан, яанаа ийнээ болов.
Машагийн эцэг ч гүйж    ирэн    бишгүүрийг гартаа авмагц бишгүүр бас л өөрөө дуугаран,
—           Зэгсэн бишгүүр, дуул дуул, төрүүлсэн аавыг минь баясга баясга. Улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан миний амь насыг хороосон доо, хороосон  гэлээ.
Эцэг уйлан хоньчноос «Зэгс огтолж авсан газраа зааж өгөөч!» гэж гуйв.
Малчин нөгөө жижигхэн овгорынхоо дэргэд тэднийг авчрав. Хус модны ёроолоор номин ногоон цэцэг дэлгэрэн, модны мөчир дээр хөх бух шувуу дуулан жиргэнэ гэнэ.
Овгорыг ухвал Маша хэвтэж байлаа. Үхсэн мөртлөө амьдаасаа илүү үзэсгэлэн гоо болчихсон, хацар нь улайчихсан унтаж байгаа юм шиг харагдана.
Бишгүүр хангинан,
—           Зэгсэн бишгүүр, дуул дуул, хөөрхий жаахан намайг хоёр эгч минь ойд авчирсан, улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан амийг минь хорлосон. Зэгсэн бишгүүр минь, дуул дуул, хайртай буурал аав минь, хааны худгаас мөнхийн ус авчраач авчраач гэлээ.
Атаархан хорсогч хоёр эгч нь айн чичрэн, өвдөг сөгдөн унаж өөрсдийн хийсэн хэргийг хүлээхэд тэднийг хааны зарлиг гартал төмөр цоожны цаана суулгав гэнэ.
Өвгөн эцэг нь мөнхийн ус авчрах гэж хааны хотыг зорин явсаар хааны ордонд ирэхэд хаан алтан довжооноосоо бууж явав.
Өвгөн доор гэгч бөхийн болсон явдлыг ярилаа. Хаан,
—           Миний худгаас мөнхийн ус ав. Харин охиноо амь орж сэргэхээр улаан алимтай нь, мөнгөн тавагтай нь миний ордонд авчраарай. Бас зальт хоёр эгчийг нь авчир гэлээ.
Өвгөн баярлан талархаад мөнхийн ус аван гэрийн зүг яарав.
 Ингээд гэртээ ирээд Машагаа мөнхийн усаар дөнгөж шүршмэгц охин амь орон сэргэж эцгийнхээ хүзүүнээс тэврэн авлаа.
Хүмүүс цуглан ирж бөөн баяр болжээ.
Өвгөн охидтойгоо хот руу явав. Хааны ордонд ороход хаан гарч ирээд Машаг харна. Хаврын цэцэг шиг Маша охины нүднээс нь гэрэл цацарч, нүүрнээс нь үүрийн туяа гийх мэт ажээ. Хацар дээгүүр нь сувд лугаа адил нулимс бөмбөрнө. Хаан,
—           Шимт алим шидэт таваг чинь хаана байна? гэв. Маша шимт улаан алимаа шидэт мөнгөн таваг дээгүүрээ өнхрүүлэн үзүүлэв.
Мөнгөн таваг хангинан дуугарч таваг дээр оросын хот тосгон дараа дараалан харагдаж, туг далбаа намируулсан цэргийн хороо жигдрэн жагсаж аравт зуутаар зэрэгцэн зогсох нь үзэгдсэнээ их буугаар галлаж бөөн үүл хуйлран босож халхлан далдлав гэнэ.
Шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн дахин таваг дээр тэнгис далай давалгаалан долгилж хун шувуу шиг хөлөг онгоц хөвөн далбаа дарвуул нь салхинд хийсэн харагдсанаа бас л их буугаар галлан бөөн үүл хуйлран босож халхлан далдлав гэнэ.
Тэгснээ дахин шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн таваг дээр хөх цэнхэр тэнгэр цэлийж гэрэлт наран гэгээн сарны цаагуур нуугдан бөмбөрч, од мичид тойрон бүжгээ эхлэхэд бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан ганганах нь үзэгдэв гэнэ.
Хаан энэ ид шидийг үзэн гайхан зогсоход үзэсгэлэнт Маша охин нулимсаа цувруулан,
—           Эрхэм хаантан, та энэ мөнгөн таваг улаан алимыг авч хайрлаач. Харин эгч нарын минь амь насыг өршөөн хэлтрүүлээч гэж гуйв.
Хаан өвдөг сөгдсөн Машаг өргөн босгож,
—           Өөрийн чинь таваг мөнгө юм, өр зүрх чинь алт юм. Хамаг баялгийн .эзэгтэй, хаан миний эхнэр болооч! Чиний гуйсан ёсоор хоёр эгчийг чинь би өршөөн хайрлана гэлээ.
Хааны ордонд хамаг баялаг бэлэн хойно агуулах саваа онгойлгон амттан шимтэнийг гарган хотол олныг донсолгосон их найр хуримыг тэр дорхноо хийж тэнгэрийн одыг унатал газрын хөрсийг халцартал дуулж бүжиглэв гэнээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:02 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ИЛБЭТ ЦУРХАЙН ТУШААЛААР
 
Эмгэн өвгөн гурван хүүтэй юмсанжээ. Хоёр том нь ухаантай, бага хүү Емеля нь тэнэг гэнэ.
Хоёр ах нь гар хумхихгүй ажилладаг байхад Емеля өдөржингөө пийшин дээр  хэвтэж юу ч хийдэггүй, юу ч сонирхдоггүй ажээ. Нэг удаа ах нар нь зах явжээ. Бэр эгч нар нь Емеляг дуудан,
—           Усанд яваад ирээч гэж гуйв.
—           Залхуу хүрээд байна аа... гэж Емеля пийшин дээрээсээ хариуллаа.
—           Емеля, ус аваад ир л дээ, ах нар чинь чамд бэлэг авчрахгүй шүү.
—           За за явахаас.
Тэгээд Емеля пийшин дээрээсээ буугаад хувцсаа өмсөн хувин, сүхээ аван гол руу явжээ.
Мөс цавчин харз гаргаад хувингаараа ус утгаж авчихсан мөртлөө харз руугаа хараад зогсоод байв. Юу гэвэл, харзанд цурхай загас байжээ. Емеля ухасхийн гараа дүрэн цурхай загасыг бариад авав.
—           Сайхан шөл болно доо!
Тэгсэн чинь цурхай загас гэнэт хүний хэлээр,
—           Емеля, намайг тавиач, би чамд тус болно гэв. Емеля инээн,
—           Чи надад яаж тус болох юм бэ?.. Үгүй дээ, би чамайгтэртээ аваачна, бэргэн эгч нар сайхан шөл чанана даа.
Цурхай загас дахин гуйсан нь,
—           Емеля, Емеля, намайг тавиач дээ. Юу хүссэнийг чинь би цөмийг биелүүлнэ гэлээ.
—           За за. Харин чи эхлээд худлаа хэлээгүй гэдгээ үзүүлээдэх, тэгвэл тавина.
Цурхай загас,
—           Емеля, Емеля, одоо чи юу хүсэж байна? гэж асуув.
—           Хувинтай ус минь цалгилгүйгээр хурдан явж хариг гэж хүсэж байна...
—           Тэгвэл чи тогтоож ав. Ямар нэг юм хүсэхээрээ «Емеля миний хүслээр, илбэт цурхайн тушаалаар» гээд хүссэн юмаа хэлж бай гэж цурхай загас зааж өглөө.
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хувинтай ус минь, өөрөө Хурдан явж харигтун!
гэж Емеляг дөнгөж хэлмэгц хувингууд нь өөрсдөө гэрийнхээ зүг явав. Емеля цурхай загасыг харзанд буцааж тавиад хувингуудынхаа араас явлаа.
Хувингууд өөрсдөө явж байгааг тосгоныхон хараад гайхан шуугилдана. Емеля ард нь инээмсэглэн алхана. Хувингууд гэрт ормогцоо өөрсдөө вандан дээр тавигдав, Емеля ч пийшин дээрээ гарч суув.
Бэргэн эгч нар нь дахиад л,
—           Чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Гарч түлээ хагалбал дээрсэн! гэв.
—           Залхуу хүрээд байна аа...
—           Түлээ хагалахгүй бол ах нар чинь чамд бэлэг авчирч өгөхгүй дээ.
Емеля пийшин дээрээсээ буухаас дургүйхэн байснаа гэнэт цурхай загасыг санажээ. Тэгээд,
—           Емеля миний хүслээр
Илбэт цурхайн тушаалаар Хангинуур сүх гарч түлээ хагал. Хагалсан түлээ өөрсдөө пийшинд орогтун! гэв. Сүх вандан дороос үсрэн гарч түлээ хагалав, хагалсан түлээ өөрсдөө пийшинд орж өрөгдөв гэнэ. Бэргэн эгч нар нь дахиад л,
—           Манай түлээ дууслаа. Ууланд очиж мод авчир гэлээ.
 
—           Та нар өөрсдөө авчрахгүй юу! гэж Емеля хариулав.
—           Түлээнд эм хүн явдаг юм уу?
—           Залхуу хүрээд байна аа...
—           Тэгвэл чамд бэлэг авчирч өгөхгүй дээ!
Яах ч арга байсангүй, Емеля пийшин дээрээсээ бууж дулаан хувцсаа өмсөөд олс сүх аваад гадаа гарч чарган дээрээ суугаад,
—           Хөөе, хаалгаа онгойлгоорой! гэж хашгирав.
—           Ээх тэнэг минь, морио хөллөөгүй байж чарган дээрээ суучихдаг чинь юу вэ! гэж бэргэн эгч нар нь шуугилдав.
—           Надад морь хэрэггүй!
Бэргэн эгч нар нь хаалга онгойлгов. Емеля амандаа,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар
Чарга минь, ой руу давхи... гэж хэлэв.
Чарга нь өөрөө хаалгаар гаран давхилаа, харавсан сум шиг хурдаллаа.
Тосгоныхоо дундуур цас манарган давхиж торж тээглэсэн хүнийг дайрч түлхэн өнгөрөв. Хүмүүс «Бариад ав! Бариад ав!» гэж хашгиралдана. Емеля энэ бүгдийг огт тоосонгүй чаргаа шавдуулсаар ойд ирлээ.
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хурц хангинуур сүх минь, Хуурай мод хугалан цавч Унасан модод чарган дээр хураагд Урт олсоор уягдан дарагд...
гэж Емеляг хэлэхэд сүх нь хуурай мод цавчин унагаж, унасан мод түлээ чарган дээр ачигдаж, уяа олсоор уягдан дарагдав гэнэ. Дараа нь Емеля сүхэндээ өргөж даахуйц бороохой цавчиж өг гэж тушаав. Тэгээд л,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар
Чарга минь, гэр лүүгээ давхиад!... гэж шивгэнэв.
Чарга нь гэрийнхээ зүг хурдлан давхив. Дахиад л нөгөө хүн амьтныг дайрч түлхэн унагасан гудамжаараа өнгөрч явтал тэнд уурлаж өширсөн хүмүүс хүлээж байв.
Емеляг шүүрэн авч чарган дээрээс нь унагах гэж татаж чангаан, балбаж нүдэн, хараан загнав гэнэ. Емеля тэсэхээ байхаар амандаа,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, эднийг Больё гэтэл балбаад өгөөч!.. гэж шивгэнэжээ.
Бороохой хүмүүсийг балбаж нүдэж гарахад хүмүүс зугтан одов. Емеля гэртээ ирээд пийшин дээрээ гаран хэвтжээ.
Емелягийн энэ явдлыг хаан сонсоод ордонд авчир гэж нэгэн цэргийн даргаа явуулжээ.
Дарга тэр тосгонд ирэн Емелягийнд ороод,
—           Тэнэг Емеля гэдэг чи юу? гэж асуув.
—           Яах гээв? гэж Емеля пийшин дээрээсээ асуув.
—           Хувцсаа хурдан өмс, хаанд чамайг аваачиж өгнө.
—           Залхуу хүрээд байна аа... Дарга   уурлан  Емеляг  алгадаад авав. Тэгэхэд Емеля амандаа,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, энэ даргыг Больё гэтэл нь балбаад өгөөч! гэж шивгэнэжээ.
Бороохой үсрэн цэргийн даргыг балбаж нүдэхэд дарга амь мэнд зугтан одов гэнэ.
Емеляг авчирч чадаагүйд хаан ихэд гайхан, хамгийн том генералаа явуулав.
—           Тэнэг Емеляг авчрахгүй бол толгойгий чинь авна! гэжээ.
Генерал үзэм, чавга, боов, чихэр худалдан аваад нөгөө тосгонд ирэн Емелягийн бэргэн эгч нараас нь Емеля юунд дуртай вэ? гэж асуужээ.
—           Эелдэг зөөлөн ярьж хэлж, гоёмсог хүрэм амлах юм бол Емеля юу ч гуйсан хийгээд өгнө, юу ч гэсэн за гэнэ дээ гэж гэнэ.
Генерал Емеляд үзэм, чавга, боов, чихэр өгөөд,
—           Емеля, яагаад чи пийшин дээрээ хэвтээд байгаа юм бэ? Алив хоёулаа хаанд бараалхъя! гэж гэнэ.
—           Энд дулаахан тухтай байна аа...
—           Емеля, хаан чамайг ханаж цадтал чинь дайлж зочилно.
—           Залхуу хүрээд байна аа...
—           Емеля, хаан чамд гоё хүрэм, гутал, малгай бэлэглэнэ дээ.
Емеля бодож бодож,
—           За, би араас чинь очъё гэжээ.
Генералыг явсны дараа Емеля пийшин дээрээ жаахан хэвтэж байгаад,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Халуухан пийшин минь, хоёулаа Хааны ордон руу явъя гэв.
Тэгтэл байшингийнх нь өнцөг булан шажигнаж, дээвэр нь ганхсанаа хана туурга нь ховхрон пийшин нь шууд л гадаа гарч замаар орон хааны ордон чиглэлээ гэнэ.
Хаан цонхоороо хараад тун гайхаж,
—           Энэ юу вэ? гэхэд генерал нь,
—           Емеля пийшин дээрээ суугаад ирж явна. Хаан довжоон дээрээ гаран,
—           Емеля, чи олон хүнийг дайрсан байна, олон хүн гомдол зарга мэдүүлсэн! гэхэд Емеля,
—           Чарганы замаас өөрсдөө холдоогүй шүү дээ!
Энэ үед хааны охин Марья гүнж цонхоор харж байжээ. Емеля гүнжийг хараад амандаа шивгэнэв.
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хааны охин надад
Хайртай болог! гэж шивгэнэснээ,
—           Халуухан пийшин минь, харья гэжээ.
Пийшин эргэн давхиж гэртээ орж байсан байрандаа байрлав гэнэ. Емеля пийшин дээрээ хэвтдэгээрээ хэвтээд л байж.
Гэтэл хааны ордонд хашгираан уйлаан, нус нулимс болж гэнэ. Марья гүнж Емеляг санаж, Емелягүй бол сууж байж чадахгүй гэж, Емелятай суулгаач гэж хаан эцгээсээ хайлан уйлан гуйна гэнэ. Хаан гунин ганихран байснаа генералаа дуудан,
—           Емеляг амьд ч бай, үхсэн ч бай хамаагүй, заавал авчир! Авчрахгүй бол толгойгий чинь авна гэжээ.
Генерал амтат дарс, даруулах зууш аваад Емелягийнд ирэн түүнийг дайлж зочлов гэнэ.
Емеля ууж идэж согтоод унтахаар хэвтжээ. Генерал түүнийг чарган дээр ачин хаандаа аваад ирж гэнэ.
Хаан төмөр бүслүүртэй том торх авчир гэж тушаав. Тэгээд тэр торхондоо Емеляг өөрийн охин Марья гүнжтэй цуг хийгээд гаднаас нь давирхайдан тэнгист хаяжээ.
Емеля унтаж унтаж сэрсэн чинь тас харанхуй, хөдөлж болохгүй давчуу байхад гайхан, . — Бн хаана байнаа? гэжээ.
—           Емеля минь, ямар уйтай хорсолтой байна вэ! Биднийг торхонд хийгээд тэнгист хаясан гэх хариу сонсогдов.
—           Чи хэн бэ?
—           Би Марья гүнж байна. Тэгэхэд Емеля,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Далайн эрчит салхи минь, Давирхайт том торхыг минь Улайран шаргалтах элсэн дээр
Усгүй хуурай эрэг дээр гаргаж хаяач! гэж шивгэнэв.
Хүчит салхи үлээн, хүйтэн тэнгис давалгаалав, төмөр бүслүүрт торхыг түлхэн өнхрүүлсээр эрэг дээр хаяв гэнэ. Емеля Марья гүнж хоёр торхноос гарлаа.
—           Емеля минь, хоёулаа орон гэргүй одоо яаж амьдрах вэ? Ямар нэг орон босгооч гэж Марьяг хэлэхэд Емеля,
—           Залхуу хүрээд байна аа... гэв. Марья дахин дахин гуйхад Емеля,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Алтан дээвэртэй чулуун ордон Асарлан сүндэрлэн босогтун! гэж хэлэв.
Түүнийг ингэж хэлмэгц алтан дээвэртэй чулуун ордон асарлан сүндэрлэн босов гэнэ. Эргэн тойронд нь нов ногоон цэцэрлэг  нуга  нэлийж,  цэцэг  навч  дэлгэрэн,  жигүүртэн шувуу жиргэн дуулна гэнэ. Марья гүнж Емеля хоёр ордондоо орон гэрэлтэй цонхныхоо хажууд суув.
—           Емеля, чи сайхан эр болон хувирч болохгүй юу? гэж Марьяг асуухад Емеля,
—           Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Төрсөн бие минь одоохон
Зурсан юм шиг сайхан бол гэж шивгэнэв. Емеля тэр даруйхнаа үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй сайхан залуу болов гэнэ.
Яг тэр үед хаан анд явж байгаад урьд өмнө үзэгдээгүй шинэ ордон байхыг хараад,
—           Миний газар нутаг дээр хэн ингэж хэлж асуулгүйгээр ордон бариа вэ! гээд «Мэдээд ир!» гэж элчээ явуулав.
Элч зарц нар нь ордны цонхон доор ирээд асуухад Емеля,
—           Хаан эзэн өөрөө манайд зочлог, хаанахын хэн болохоо би ганцхан түүнд хэлнэ гэв.
Хаан ирлээ. Емеля угтан авч ордондоо оруулан ширээнээ суулгав. Тэгээд дайлж зочлоход хаан амттаныг идэж ууж суухдаа гайхан,
—           Сайхан төрсөн сайн эр минь, чи хаанахын хэн бэ? гэж асуулаа.
—           Пийшин дээрээ суугаад таны ордонд очсон тэнэг Емеляг санаж байна уу? Та охинтойгоо цуг торхонд хийгээд тэнгист шидсэн шүү дээ. Би Емеля байна. Хэрвээ би хүсвэл хаант улсыг чинь хар үнс болгож чадна гэхэд хаан ихэд айн өршөөл уучлал гуйн,
—           Охинтой минь суу! Орон улсыг минь авч захир, гагцхүү амь насыг минь хэлтрүүл! гэлээ.
Тэгээд хотлыг донсолгосон их найр хийж, Емеля Марья гүнжтэй гэрлэн, улс орноо удирдан залах болжээ.
Ингээд сонин үлгэр төгслөө, сонссон хүнд гялайлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:02 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
МЭЛХИЙ ГҮНЖ
 
Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байжээ. Хөвгүүд нь эрийн цээнд хүрэхэд хаан хажуудаа дуудан,
— Өвгөрч хөгшрөхийнхөө өмнө би өөрийн хайрт хөвгүүд та нараа гэрлүүлж ачийнхаа зулайг үнэрлэмээр байна гэжээ.
Хөвгүүд нь эцгээсээ,
—           Адис ерөөлөө өг дөө, эцэг минь. Аль газрын ямар хүний үртэй биднийгээ гэрлүүлмээр байна даа? гэж асуухад хаан эцэг нь,
—           Нум сумаа аваад цэлгэр талд гарцгаа. Сум хаана унана, тэнд та нарын заяаны хань бий гэж хэлэв.
Хөвгүүд эцгээ мэхийн хүндлээд нум сумаа аван цэлгэр талд гаран харваж гэнэ.
Том хүүгийн сум ноёны үүдэнд унаж, ноёны охин сумыг газраас авлаа. Дунд хүүгийн сум худалдаачны өргөн хашаанд унаж худалдаачны охин сумыг газраас авлаа.
Бага хүү Иваны сум шунгинан ниссээр алга болов.
Иван сумаа эрэн явж явж намагт тулж очвол тэнд нэг
мэлхий сумыг нь тэврэн сууж байх юм гэнэ. Хаан хүү Иван,
 
—           Мэлхий, миний сумыг өгөөч гэв.
—           Намайг эхнэрээ болгон аваач! гэж мэлхий хэлэв гэнэ.
—           Юу гэнээ, би яаж мэлхийтэй суух юм бэ?
—           Надтай суу л даа, хувь заяа чинь шүү.
Иван гунихран ганихран аргаа барахдаа мэлхийг авч гэртээ авчирчээ. Хаан гурван хурим хийв. Том хүүгээ ноёны охинтой, дунд хүүгээ худалдаачны охинтой, азгүй муу Иванаа мэлхийтэй гэрлүүлжээ.
Хаан хөвгүүдээ дуудан,
—           Гурван бэрийн хэн нь үйлэнд илүү уран бэ? гэдгийг би мэдэхийг хүснэ. Маргааш гэхэд надад нэг нэг цамц оёж өгөөрэй гэжээ. Хөвгүүд нь гэр гэртээ буцав.
Хаан хүү Иван ирээд толгой бөхийн суув гэнэ. Мэлхий шалан дээгүүр үсчин байснаа,
—           Хаан хүү Иван, юунд толгой гудайн сууна вэ? Гай зовлон тохиолдов уу? гэж асуув.
—           Эцэг минь чамайг маргааш гэхэд цамц оёж авчир гэнээ.
—           Хаан хүү Иван минь, бүү гунихар, одоо унтаж амар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэж мэлхий хэлэв.
Хаан хүү Иван унтмагц мэлхий довжоон дээрээ үсрэн гарч мэлхийн арьсаа унагаан үлгэрт хэлшгүй үгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан Мэргэн Василиса болон хувирав.
Мэргэн Василиса алга ташин,
—           Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийн минь өмсдөг шиг тийм гоё цамц оёж надад авчирч өгөөч гэж хашгирав.
Өглөө хаан хүү Иван сэрэхэд мэлхий шалан дээр үсрэн дэвхрэн байна гэнэ. Харин ширээн дээр алчуурт боолттой цамц тавьжээ. Иван баярлан цамцыг аван эцэгтээ аваачиж өгөв. Хаан эцэг нь энэ үед том хөвгүүдийнхээ бэлгийг авч байв. Том хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг авахдаа,
—           Энэ цамцыг босго намхан бор гэрт өмсвөл зохино гэв. Дунд хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан,
—           Энэ цамцыг хаяандаа байгаа халуун усны байшинд очихдоо л өмсвөл зохино гэв.
 Иван уран нарийн хээтэй алт мөнгөн утсаар алаглуулан хатгасан цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг нь харангуутаа,
—           Энэ ч ёстой найр наадамд өмсөх нандин сайхан цамц байна даа гэв.
Хоёр ах нь харих замдаа,
—           Иваны эхнэрийг шоолж хөхөрдөг дэмий л юм боллоо. Мэлхий биш ямар нэг шидэт эм байхаа гэж  ярилцжээ.
Хаан хөвгүүдээ дахин дуудаж,
—           Миний бэрүүд маргааш надад талх жигнэж өгөг, хэн нь илүү сайн тогооч юм бэ дээ мэдэхийг хүснэ гэж гэнэ.
Хаан хүү Иван толгой гудайлган гэртээ ирэв. Мэлхий,
—           Яагаад гуниглаа вэ? гэж асуухад Иван,
—           Маргааш хаан эцэгт талх жигнэж аваачих ёстой гэв.
—           Хаан хүү Иван, унтаж амар, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэж мэлхий тайтгаруулав.
Нөгөө хоёр ахынх нь эхнэрүүд эхлээд мэлхийг шоолж инээж хөхөрч байсан бол энэ удаа мэлхий яаж талх жигнэхийг хараад ир гэж нэг эмгэнийг явуулжээ.
Мэлхий үүнийг нь мэджээ. Тэгээд жонхуу зуурч, пийшингээ дээрээс нь хэмхэлж онгойлгоод тэр нүх рүүгээ жонхуугаа цутгачихжээ. Эмгэн энэ бүгдийг нууцаар хараад нөгөө хоёр бэрд ярихад нөгөө хоёр бэр дуурайжээ.
Харин мэлхий довжоон дээрээ гаран Мэргэн Василиса болон хувираад алгаа ташин, •
—           Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийнхээ гэрт миний иддэг байсан шиг тийм зөөлөн цагаан талх жигнэж өгөөч гэв.
Хаан хүү Иван өглөө сэрвэл ширээн дээр хажуу бөөрөөрөө хээ угалзтай дээгүүрээ байшин цамхаг өрж хийсэн шинэхэн талх бөмбийж байна гэнэ.
Иван баярлан талхаа алчуурт ороон эцэгтээ аваачиж өгчээ. Эцэг нь тэр үед том хөвгүүдийнхээ бэлгийг авч байв. Эмгэн тагнаачийн хэлснээр хоёр ахын эхнэр гурилаа шууд пийшин рүүгээ хийсэн юм чинь нэг нэг түлэнхий хар гурил болжээ. Хаан том хүүгээсээ талхыг авч харснаа зарц барлагт өг гэв. Дунд хүүгийнхээ бэлгийг аваад бас л зарц барлагт өгүүлэхээр түлхэв. Харин Иваныг талхаа өгөхөд хаан эцэг нь,
— Энэ чинь ёстой баяр ёслолоор идэх талх шиг талх байна даа гэжээ.
Тэгээд гурван хүүдээ маргааш эхнэрүүдтэигээ цуг найранд ир гэж хэлжээ.
Хаан хүү Иван дахин толгой гудайн гунигтай буцжээ. Мэлхий шалан дээгүүр үсчин,
—           Вуаг вуаг, хаан хүү Иван, юундаа гуниглаа вэ? Хаан эцэг чинь гашуун үг хэлэв үү? гэхэд Иван,
—           Мэлхий минь, би яаж ч гуниглахгүй байх юм бэ дээ. Эцэг найрандаа эхнэртэйгээ ир гэж байна. Гэтэл би чамайг яаж хүн олонд үзүүлэх вэ? гэж хариулав.
—           Хаан хүү Иван минь, бүү гунь. Найранд чи ганцаараа яв, би араас чинь очно. Түг таг хийх их чимээ сонсоод бүү айж сандраарай, харин юу болохыг асуувал «Энэ миний мэлхий хайрцагт суугаад ирж явна» л гээрэй гэж мэлхий хэллээ гэнэ.
Хаан хүү Иван найранд ганцаараа явав. Хоёр ах нь гоёж гоодсон эхнэрүүдээ дагуулвн иржээ. Иваныг харан шоолж дооглон инээлдэн зогсоно.
—           Яагаад ганцаараа ирээ вэ? Мэлхийгээ алчуурт боогоод аваад ирэхгүй. Чи тийм үзэсгэлэнт бүсгүй хаанаас олоо вэ? Их намгийг нэгжиж байж олсон байхаа гэлцэнэ.
Хаан хөвгүүд бэрүүдтэйгээ, хүндэтгэл ихэд зочидтойгоо зэрэгцэн амттан шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ сууж найр эхэлжээ. Гэнэт түг түг хийх их чимээ гарч ордон шилтгээн чичрэн доргив гэнэ. Зочид айн сандарч суусан газраасаа сугаран босоход Иван,
—           Хүндэтгэл ихэд зочид минь, бүү ай, бүү сандар. Миний мэлхий хайрцагт суугаад ирж яваа нь энэ гэлээ.
Хааны ордны үүдэнд зургаан цагаан морь хөллөсөн алтан сүйх ирж зогсоход тэндээс тааж хэлж баршгүй тайлж зурж болшгүй, үлгэрийн дагина гэмээр үзэсгэлэн гоо, од гялбалзсан номин хувцастай, огторгуйн тунгалаг cap толгой дээр нь гэрэлтсэн Мэргэн Василиса гарч ирэв гэнэ.
Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь түшин авч амттан шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ суув.
Зочин олон сууж идэж дуулж хуурдаж эхэллээ. Мэргэн Василиса аягатай дарсаа уугаад үлдсэнийг нь зүүн ханцуй руугаа цутгачихлаа гэнэ, амсаж идсэн махныхаа ясыг баруун ханцуй руугаа шидчихэж гэнэ.
Албаар ингэж үзүүлснийг нь ах нарын эхнэр дуурайв гэнэ.
Ууж идэж цадаад дуулж бүжиглэх болов. Мэргэн Василиса Иваныг аван бүжиглэж гарлаа. Олон зочдыг гайхан шагширтал онц сайхан бүжиглэж зүүн ханцуйгаараа даллахад нуур мэлтэлзэн бий болов, баруун ханцуйгаараа даллахад дун цагаан хун шувуу хөвлөө гэнэ. Хаан эцэг, хамаг зочид шагшин гайхав.
Том хоёр хүүгийн эхнэрүүд бүжиглэхээр гараад ханцуйгаараа даллатал зочдоо шүршчихэж гэнэ, нөгөө ханцуйгаараа даллатал хатуу яс цацагдан, нэг яс хааны нүдэнд орчихож. Хаан уурлан хоёр том бэрээ хөөчихөж гэнэ.
Энэ зуур хаан хүү Иван сэмхэн гарч гэртээ очоод мэлхийн арьсыг олж гал руугаа шидэн шатаажээ.
Мэргэн Василиса гэртээ эргэж ирээд мэлхийн арьс нь байхгүйд гуниглан ганихран сууж Иванд,
— Хаан хүү Иван, чи юу хийх нь энэ вэ! Гуравхан өдөр хүлээж чадсан бол би энэ насаараа чинийх байхсан. Одоо үүрд баяртай. Намайг зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ Хорт Ясан хэдрэгийн ус нутгаас эрж олоорой... гээд үнсэн саарал хөхөө шувуу болон хувираад цонхоор нисэн одов гэнэ.
Хаан хүү Иван уйлж уйлж дөрвөн зүгт мэхийн ёслоод Мэргэн Василиса эхнэрээ олохоор харсан зүг рүүгээ явжээ. Яваад л байж, яваад л байж, гутал нь элж, хүрэм нь цоорч, нар салхи бороо шороонд цохигдсоор малгай нь урагджээ. Тэгтэл нэг өвгөн дайралдаж,
— Сайн эр минь, хэт нутаг хаана вэ, хэрэг зориг хэнд вэ? гэв.
юм чинь чи тайлах ёсгүй шүү дээ. Мэргэн Василиса төрсөн эцгээсээ илүү ухаантай сэргэлэн байна. Эцэг нь уурлан түүнийг гурван жил мэлхий байг гэж хувиргажээ. Одоо яая ч гэхэв дээ, чи энэ бөөрөнхий утсыг ав. Утас хаашаа өнхөрнө, чи тийшээ яваад бай гэж зааж өгөв.
Хаан хүү Иван өвгөнд талархаад бөөрөнхий утсаа даган явжээ. Утас өнхрөн задарна, Иван ч даган гүйнэ. Ойн нэгэн цэлгэр цоорхойд баавгай тааралдав. Иван алахаар шагайж онилж байтал баавгай хүний хэлээр,
— Хаан хүү Иван минь, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болж магад гэж гэнэ.
Иван баавгайг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг эр нугас дээгүүр нь эргэлдэн нисэв гэнэ. Бас л алахаар шагайтал нугас хүний хэлээр,
—           Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.
Иван нугасыг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг туулай гүйж явна гэнэ. Дахиад л алахаар шагайтал туулай хүнии хэлээр,
—           Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.
Иван туулайг өрөвдөөд цааш явав. Хөхрөх тэнгисийн зах^д тулж иртэл эргийн элсэн дээр багтарч үхэх шахсан нэг цурхай загас хэвтэж байв. Цурхай хүний хэлээр,
—           Хаан хүү Иван, намайг өрөвдөөч, халгих их тэнгист минь оруулж өгөөч! гэж гуйжээ,
Иван цурхайг тэнгист нь хаяад цааш эрэг даган явжээ. Яваад л байж, явж явж бөөрөнхий утас нь ой руу орлоо гэнэ. Ойд татах хаалга таглах цонхгүй, тахиан хөлт байшин эргэлдэн байна гэнэ.
—           Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач гэж гэнэ.
Байшинхан ар ханаа ой руу ангайх хаалгаа Иван руу харуулав. Иван байшинд орж явчихвал тахир ясан хөлтэй, тааз тулсан хамартай Шулмас эмгэн махир шүдээ тавиур дээр тавиад есөн давхар туйпуутай пийшин дээр хэвтэж байв.
—           Сайн эр, юу гэж явна? Ажлаас зугтаж явна уу, аль эсвэл эрж явна уу? гэж Шулмас эмгэн асуув.
—           Хөгшин чөтгөр чи эхлээд намайг ундалж цайлаач.
Дараа нь хэрэг зоригийг минь асуугаач гэж хаан хүү Иван хэлэхэд эмгэн Иваныг ундалж цайлаад унтах ор засаж өгчээ. Тэгэхэд хаан хүү Иван өөрийн эхнэр Мэргэн Василисаг эрж яваа үнэн учраа ярьжээ.
— Чиний эхнэр одоо Хорт Ясан хэдрэгийнд байгаа. Ясан хэдрэгтэй тэмцэнэ гэдэг амар биш. Ясан хэдрэгийн үхэл зүүний үзүүр дээр, тэр зүү нь өндөг дотор, өндөг нугасны гэдсэн дотор, нугас туулайн гэдсэн дотор, туулай чулуун авдар дотор, чулуун авдар өндөр царсан дээр байгаа. Тэр царсыг Хорт Ясан хэдрэг хар нүднээсээ илүү хайрлан хамгаалдаг даа гэж Шулмас эмгэн хэлэв.
Хаан хүү Иван Шулмас эмгэнийд хоноод явахад өглөө нь эмгэн түүнд өндөр царс хаана ургаж байгааг зааж өгчээ. Иван явсаар явсаар нөгөө өндөр царсанд тулж ирэв. Найган   шуугисан   өндөр царсан дээр чулуун авдар гар хүрэхийн аргагүй өндөрт байв гэнэ.
Гэнэт ханаас ч юм бэ, баавгай давхин ирж царсыг үндсээр нь булга татав гэнэ. Авдар газар унаж хагарав. Авдраас туулай огло үсрэн  гарч хар хурдаараа  зугтав.
Гэтэл араас нь өөр нэг туулай хөөн гүйцэж нөгөө туулайг
хэдэн хэсэг тас татан хаяв гэнэ. Тэгтэл туулайн гэдсэн дотроос нугас гаран өндөр гэгч нисэн одоход эр нугас хөөн гүйцэж өндгийг нь унагаав. Өндөг хөх цэнхэр тэнгист унав.
«Энэ их тэнгисийн усан дотроос яаж тэр өндгийг олохов дээ!» гээд хаан хүү Иван гашуун нулимсаа дуслуулан уйлав. Гэтэл гэнэт өмнө нь цурхай загас амандаа өндгийг зуучихсан//сэлээд ирлээ гэнэ. Хаан хүү Иван өндгийг хагалан зүүг гаргаж аваад үзүүрийг нь тас тас даран хугалав. Ингэж Иван зүүг хугалан үйхэд Хорт Ясан хэдрэг байж ядан тийчилж тийчилж үхэв. Хаан хүү Иван Ясан хэдрэгийн цагаан өргөө рүү яван очвол Мэргэн Василиса эхнэр нь гүйн гарч ирээд балын амтат уруулыг нь үнсэв гэнэ.
Тэгээд хоёулаа өөрийн гэртээ буцаж ирээд өтөл насыг хүртэл амар сайхан аз жаргалтай амьдран суусан гэдээг.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:04 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ХАЛТАРМАА
 
Энэ дэлхийн хүмүүс сайн муу олон янз бөлгөө.
Муу  муудаа  ахан дүүсээ  хуурахаас  ч  буцдаггүй адгийн муу улс байх ажээ. Уг нь Халтармаа охин ийм муу хүмүүстэй тааралджээ. Өнчирч үлдсэн хөөрхий охиныг энэ муу хүмүүс гэртээ аван ажлын хүндийг хийлгэх болжээ. Халтармаа охин өдөржингөө л утас ээрч, юм нэхэж, угааж арчиж, унд хоол бэлдэнэ.
Харин эзэн авгай гурван охинтой юмсанжээ. Томыг нь Нэгнүд, хоёр дахийг нь Хоёрнүд, гурав дахийг нь Гурваннүд гэдэг ажээ.
Энэ гурван охин нь хашааны хаалганы хажууд суун гудамж ширтэхээс өөр юу ч мэддэггүй, чаддаггүй ажээ. Хөөрхий өөдсөн чинээ охин Халтармаа тэдний хувцас хунарыг угааж, оёж, ажил бүгдийг хийвч аятай үгийг сонсдоггүй байжээ.
Өөдсөн чинээ охин Халтармаа бэлчээр дээр алаг үнээгээ тэврэн хүзүүн дээр нь хэвтэн хүнд хэцүү амьдралаа ярих удаа олонтаа байдаг байжээ.
— Хайртай алаг үнээ минь, намайг эд нар зодож зандчаад үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажилласан ч үмх талх өгөхгүй, уйлахыг минь хүртэл хорих юм даа. Маргааш гэхэд таван пүү утас ээрч даавуу нэхээд хуйлж эвхээд авчир гэсэн, одоо би яах вэ? гэж нэг удаа асуужээ. Тэгтэл үнээ нь,
—           Хөөрхөн охин минь, миний нэг чихээр ороод нөгөө
чихээр гараадах, хий гэсэн ажил хийгдчихнэ гэжээ.
Халтармаа үнээнийхээ нэг чихээр ороод нөгөө чихээр гарахад нөгөө даалгасан бүх ажил нь хийгдчихсэн байв.
Эзэн авгай даавууг аваад гайхан хэлэх үггүй янцаглаж байснаа авдартаа хийжээ. Тэгээд Халтармаад бүүр их ажил өгдөг болж, охин ч үнээгээ тэврэн илж зовлонгоо хэлээд нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарахад хамаг ажил хийгдсэн байдаг болов. Халтармаа ч эзэн авгайдаа аваачиж өгнө.
Эзэн авгай Нэгнүд охиноо дуудан,
—           Ээжийн хөөрхөн охин минь, энэ өнчин халтарт хэн туслаад байгааг дагаж яваад мэдээд ирээч гэжээ.
Нэгнүд Халтармаатай цуг ой руу яваад наранд ээгдэн залхуу нь хүрэхээр ээжийнхээ захисныг мартчихаад өвсөн дээр унтаад өгчээ.
— Унт унт, нэг нүд минь гэж Халтармаа ч бүүвэйлээд байж, Нэгнүдийн нүд дорхноо анилдаад унтаад өгчээ. Нэгнүд унтаж байх хооронд алаг үнээ нь утас ээрч даавуу нэхээд хуйлаад өгчээ.
Ингээд юу ч мэдэж чадаагүй эзэн авгай хоёр дахь охиноо явуулжээ.
Хоёрнүд Халтармаатай ой руу яваад наранд халж халууцахаараа ээжийнхээ захисныг мартаад өвсөн дээр хэвтээд өгчээ.
Халтармаа ч,
—           Унт унт нэг нүд, унт унт нөгөө нүд унт гээд л бүүвэйлээд байж.
Хоёрнүд унтаж байх хооронд алаг үнээ нь хамаг ажлыг нь хийгээд өгчээ.
Эзэн авгай уурлан маргааш нь Гурваннүд охиноо Халтармаатай цуг явуулжээ. Халтармаад урьд урьдынхаасаа улам их ажил өгчээ.
Гурваннүд гүйж гүйж наранд халууцаад өвсөн дээр хэвтэхээр нь,
—           Унт унт нэг нүд, унт унт нөгөө нүд унт гээд Халтармаа бүүвэйлээд байж. Харин гурав дахь нүдийг нь мартчихжээ.
Гурваннүдийн хоёр нь унтаад нэг нүд нь Халтармаа үнээний нэг чихээр ороод нөгөө чихээр гарахдаа бэлэн даавуу бариад гарч ирж байгааг харчихжээ. Тэгээд ээждээ очоод хэлжээ.
Эзэн авгай баярлан, маргааш нь өвгөнийгөө алаг үнээг ал гэж байх юм гэнэ.
Өвгөн нь халуун зун эрүүл саруул сайн үнээгээ алж яах гэсэн юм бэ? гэхэд заавал ал гээд байв. Өвгөн аргаа барахдаа хутгаа ирлэж эхлэв.
Халтармаа энэ тухай мэдээд үнээндээ очиж хэлжээ.
Үнээ нь,
—           Хөөрхөн охин минь, бүү гунь, харин миний махнаас битгий идээрэй, ясыг минь цуглуулж аваад алчуурт боогобд цэцэрлэгийн нэг буланд оршуулаад өдөр бүр усалж байгаарай гэж гэнэ.
Өвгөн алаг үнээг алж гэнэ. Халтармаа захисан ёсоор бүгдийг хийжээ. Хэдийгээр өлсөж байсан ч махнаас идсэнгүй, ясыг нь цуглуулан алчуурт боогоод цэцэрлэгийн нэг буланд оршуулаад өдөр болгон усалдаг болжээ.
Тэгтэл тэр газар алтан навч нь алагласан, мөнгөн мөчир нь найгасан, амтат алимтай сайхан мод ургажээ. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүхэн зогтусан зогсож харан шагширна.
Нэг удаа Нэгнүд, Хоёрнүд, Гурваннүд гурав цэцэрлэгээр зугаалж явтал дэргэдүүр нь ханхар сайхан биетэй, буржгар үстэй нэг сайхан залуу өнгөрч яваад том сайхан алимыг хараад тэр гурваас,
— Үзэсгэлэнт охид минь, хэн надад энэ алимнаас авч өгч намайг дайлна, тэр миний эхнэр болно гэжээ.
Эгч дүү гурав уралдан алимын мод руу ухасхийв. Гэ¬тэл доор гэгч унжиж байсан модны мөчрүүд дээш босож гар хүрэмгүй өндөрт алимаа өргөөд тэр гуравт авахуулахгүй байна гэнээ.
Эгч дүү гурав хэчнээн их хичээвч навч мөчир нүд амыг нь ороолгож, гуядаад хавьтуулахгүй байв гэнэ.
Тэгэхээр нь Халтармаа мод руу очив. Мод мөчрөө бөхийлгөн алимаа гар дээр нь тавих шахан доош буулгаж өгчээ. Халтармаа эрэлхэг хүчит эрийг алимаар дайлж, тэр сайхан эр ч түүнийг эхнэрээ болгон авчээ. Тэр цагаас хойш өнчин охин Халтармаа аз жаргалтай сайхан амьдрах болжээ.
 
МАРЬЯ МОРЕВНА
Эрт урьд цагт эзэн хааны үед энхжин тогтсон нэгэн улсад хаан хүү Иван гэж байжээ. Хаан хүү Иван Марья, Ольга, Анна гэдэг гурван охин дүүтэй юмсанжээ. Эцэг эх хоёр нь нас барахдаа,
—           Дүү нараа эхэлж гуйсан хүнд л өгөөрэй гэж захижээ.
Хаан хүү Иван эцэг эх хоёроо оршуулчихаад ихэд гашуудан гуниглаж гурван дүүдээ ногоон цэцэрлэгтээ зугаалъя гэжээ.
Тэднийг зугаалж явтал гэнэт хар үүл босож ширүүн бороо цутгав гэнэ.
—           Ордондоо орцгооё гэж Иван хэлээд тэд даруйхнаа буцжээ.
Дөнгөж ордондоо орж ирээд байтал аянга ниргэн тааз нь хоёр хуваагдан шонхор шувуу нисэн орж ирлээ гэнэ. Шонхор шувуу шал мөргөөд босохдоо сайхан залуу болон хувираад,
—           Сайн байна уу, Иван! Урьд нь би уригдан залагдан ирдэг байлаа. Одоо бол би охин дүүгий чинь гуйхаар ирлээ. Марья гүнжийг эхнэрээ болгохыг зөвшөөрнө үү? гэж гуйж гэнэ.
—           Хэрвээ чи дүүгийн сэтгэлд нийцвэл хэлэх үг, түдгэлзэх санаа надад байхгүй гэж хаан хүү Иван хэлж, Марья гүнж ч зөвшөөрчээ.
Шонхор Марья гүнжтэй гэрлэн өөрийнхөө улс руу аваад явжээ.
Өдөр цаг ээлжлэн өнгөрсөөр нэг жил харавсан сум шиг өнгөрөв. Хаан хүү Иван хоёр охин дүү гүнжтэйгээ ногоон цэцэрлэгээр зугаалахаар очтол дахиад хар үүл босож аянга цахилгаан цахиж гэнэ.
—           Харьцгаая, дүү нар минь, харьцгаая гэж хаан хүү Иван хэлээд ордондоо дөнгөж эргэж иртэл тэнгэр дуугарч ордных нь тааз хоёр хэсэг хуваагдан бүргэд шувуу нисэн орж гэнэ. Бүргэд шал мөргөн босохдоо сайхан залуу болон хувирч,
—           Сайн байна уу, Иван! Урьд нь би уригдан залагдан ирдэг байсан, одоо бол би охин дүүгий чинь гуйхаар ирлээ гэж гэнэ.
Тэгээд Ольга гүнжийг гуйж гэнэ.
—           Ольга гүнж өөрөө шийдвэл онцолсон хүсэлд нь би саад болохгүй гэж Иван хэлжээ.
Ольга гүнж зөвшөөрч, Бүргэд ч гүнжийг өөрийнхөө улс руу аваад явжээ.
Дахин нэг жил өнгөрч, хаан хүү Иван бага дүүдээ,
—           Ногоон цэцэрлэгээр явж зугаалъя гэж гэнэ. Тэгээд тэр хоёр ногоон цэцэрлэгээрээ хэд алхтал дахиад л хар үүл босож аянга цахилгаан цахив гэнэ.
—           Харья, харья, дүү минь гэж Иван хэлээд дорхноо эргэж ордондоо орж ирээд сууж ч амжаагүй байтал тэнгэр дуугарч тааз нь хоёр хэсэг хуваагдаад хэрээ шувуу нисэн орж ирж гэнэ. Хэрээ шал мөргөөд босохдоо сайхан залуу болон хувирчээ. Урьд хоёроосоо илүү сайхан залуу гэнээ. Тэгээд Иванд,
—           За, урьд би уригдан залагдан ирдэг байсан, одоо бол би охин дүүгий чинь гуйхаар ирлээ гэж гэнэ.
—           Охин дүү минь өөрөө шийдвэл онцолсон хүсэлд нь би саад болохгүй гэж Иван хэлж, Анна гүнж ч зөвшөөрчээ.
Тэгээд Хэрээ Анна гүнжийг өөрийн улс руу аваад явчихжээ.
Хаан хүү Иван ганцаар үлджээ. Бүтэн жил ганцаар амьдрахдаа дүү нараа ихэд санаж уйтгарлажээ.
—           Холын замд гарч хонгор дүү нараа эрье гэж нэг удаа шийдэв.
Тэгээд хаан хүү Иван аяны урт замд гараад явж байтал нэг талаар дүүрэн хиар цохигдсон их цэрэг хэвтэж байна гэнэ.
—           Хөөе, энд амьд хүн байна уу? Энэ их цэргийг хэн ингэж хиар цохио вэ? гэж Иван асууж гэнэ.
Гэтэл нэг хүн,
—           Энэ их цэргийг сайхан гүнж Марья Моревна хиар цохисон гэж гэнэ.
Хаан хүү Иван цааш явж байтал нэгэн цагаан цацар дайралджээ. Цагаан цацраас сайхан гүнж Марья Моревна гарч ирээд,
—           Амар сайн уу, хаан хүү Иван! Аль газрыг зорино вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? гэхэд Иван,
—           Хүчит сайн эр хүний эрхээр явдаггүй гэж хариулжээ.
—           Цаг хугацаа тайвуу бол цацарт минь айлчилж амарна уу! гэж Марья Моревна урьж гэнэ.
Хаан хүү Иван ч баярлан хоёр хоног зочлон саатахдаа сайхан гүнжид дурлан гэрлэжээ.
Сайхан гүнж Марья Моревна хаан хүү Иваныг өөрийн улсдаа аваачин тэр хоёр аз жаргалтай сайхан амьдарч байжээ. Тэгээд нэгэн өдөр Марья Моревна гүнж аян дайнд мордох болж хаан хүү Иванд хамаг бүхнийг харж хамгаалж байхыг захиад,
—           Хамаг юмыг харж хамгаалж бай, харин энэ нэг хар амбаар луу л битгий шагайгаарай гэж гэнэ.
Хаан хүү Иван тэсэж чадалгүй Марья Моревнаг дөнгөж явангуут л хар амбаарыг онгойлгож үзвэл тэнд арван хоёр гинжээр хүлээтэй Хорт Ясан хэдрэг дүүжлээстэй байна гэнээ.
Хорт Ясан хэдрэг хаан хүү Иванаас,
—           Хайрлаж намайг өрөвдөөч, харангадаж үхэх нь байна. Арван жил энд хоол ундгүй тарчилж байна, хоолой ам минь хатах нь, балга ус өгөөч! гэж гуйжээ.
Хаан хүү Иван хувин ус авчирч өгөхөд Хорт Ясан хэдрэг дахин гуйж,
—           Ганц хувин ус юу ч болохгүй нь дахиад өгөөч гэжээ.
Хаан хүү Иван дахиад нэг хувин ус авчирч өгчээ. Хорт Ясан хэдрэг дахин гуйж гурван хувин ус уунгуутаа урьдынхаа хүчиндээ эргэн орж арван хоёр гинжийг нэг сэгсрээд л тас татаж хаяв гэнэ.
—           Хаан хүү Иван, чамд баярлалаа! Одоо чи үзэсгэлэнт эхнэр Марья Моревнатайгаа энэ насандаа эргэж уулзахгүй! гэж хэлээд хуй салхи мэт хуйлран эргэлдээд цонхоор нь нисэн гарч Марья Моревнаг гүйцэн шүүрч аваад явчихжээ.
Хаан хүү Иван эмгэнэн гашуудан уйлаад, үхлээс ч айлгүй явж үзэсгэлэнт Марья Моревнагаа олно гээд аян замд гарчээ.
Хоёр өдөр яваад гурав дахь өдрийнхөө өглөө нэг гайхамшигт сайхан ордон харжээ. Ордны дэргэд царс мод, тэр модон дээр шонхор шувуу сууж байна гэнэ. Шонхор шувуу нисэн бууж газар мөргөөд сайхан залуу болон хувирч,
—           Хайрт ах минь, бурхны ивээлээр амар мэнд явна уу? гэж хэлэхэд Марья дүү нь гүйн гарч ирж амар мэндийг нь асуун угтаж аж амьдралаа ярин ордондоо урьжээ. Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод хэлсэн нь,
—           Удаан зочилж чадахгүй нь, дүү нар минь. Би өөрийн эхнэр сайхан гүнж Марья Моревнаг эрж яваа билээ гэхэд Шонхор,
—           Үзэсгэлэнт Марья Моревнаг олно гэдэг үнэхээр хэцүү! Юу ч гэсэн мөнгөн халбагаа орхиод яв. Халбагыг чинь харан хайрт ах таныгаа дурсаж байя гэжээ.
Хаан хүү Иван Шонхорынд мөнгөн халбагаа орхиод цааш эрлийнхээ замд гарчээ.
Хаан хүү Иван хоёр өдөр яваад гурав дахь өдрийнхөө өглөө түрүүчийнхээс илүү гоё ордон байхыг харжээ. Ордны хажууд царс мод, царс модон дээр бүргэд шувуу сууж байснаа нисэн газар мөргөөд сайхан залуу болон хувираад,
—           Ольга гүнж минь, босоорой, угтаарай! Хайрт ах минь ирж явна гэж гэнэ.
Ольга гүнж угтан гарч ирээд ахыгаа тэврэн авч амар мэндийг нь мэдэн аж амьдралаа ярин баярлав гэнэж. Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод,
—           Удаан зочилж чадахгүй нь, дүү нар минь. Би өөрийн эхнэр сайхан гүнж Марья Моревнаг эрж явна гэхэд Бүргэд,
—           Сайхан гүнж Марья Моревнаг олно гэдэг тун хэцүү, мөнгөн сэрээгээ орхиод яв, мөдхөн уулзахын бэлэгдэл болгон таныгаа бид дурсаж байя гэв.
Хаан хүү Иван мөнгөн сэрээгээ орхиод эрлийнхээ замыг цааш үргэлжлүүлжээ.
Ингээд Иван хоёр өдөр яваад гурав дахь өдрөө түрүүчийн хоёроос илүү гоё ордныг үзэж гэнэ.
Ордны хажууд царс мод, царс модон дээр хэрээ шувуу сууж байснаа Иваныг хармагцаа газар мөргөн сайхан эр болон хувираад,
—           Анна гүнж минь, ах минь ирж явна, угтаарай! гэж
гэнэ.
Анна гүнж гүйн гарч ирж ахыгаа тэврэн авч амар мэндийг нь асуун аж төрлөө ч ярин баярлав.
Хаан хүү Иван тэднийд гурван өдөр зочлоод,
—           За дүү нар минь, баяртай. Сайхан гүнж Марья Моревнагаа эрж яваа билээ, саатан сууж удаан зочилж чадахгүй нь гэхэд Хэрээ,
—           Сайхан гүнж Марья Моревнаг олно гэдэг хэцүү, мөнгөн хөөргөө орхиод яв даа мөдхөн уулзахын бэлэгдэл болгон таныгаа бид дурсаж байя гэв.
Хаан хүү Иван мөнгөн хөөргөө орхиод эрлийнхээ замыг цааш үргэлжлүүлжээ.
Иван явсаар гурав дахь өдрөө Марья Моревнагийн байгаа газар очжээ. Сайхан Марья Моревна Иваныг хармагцаа ухасхийн тэврэн авч уйлан хайлан,
—           Хайрт Иван минь, хориглож хэлснийг минь тоолгүй Хорт Ясан хэдрэгийг яах гэж суллав даа, чи минь! гэж гэнэ.
—           Сайхан Марья Моревна минь, санаандгүй байж муу хэрэг хийлээ, намайгаа өршөө, хоёулаа одоо зугтъя, Хорт Ясан хэдрэг гүйцэхгүй байх гэж Иван хэлээд хоёул зугтжзэ.
Энэ үед Хорт Ясан хэдрэг анд явсан байжээ. Гэтэл гэр лүүгээ буцах замд морь нь бүдрээд байсанд Хорт Ясан хэдрэг хараан,
—           Аа, муу адсага чи яагаад бүдрээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юү? гэж хашгирахад морь нь,
—           Хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэж гэнэ. Ясан хэдрэг одоо хөөвөл гүйцэх үү гэж асуухад морь нь,
—           Улаан буудай тариад ургахаар нь хураагаад, тариагаа цайруулаад хорин таван талх жигнэж идээд явахад гүйцнэ гэжээ.
Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцжээ.
—           Надад ус өгч тэнхрүүлсний чинь хариуд хоёр удаа уучилж амийг чинь өршөөнө, хэрвээ гурав дахь удаагаа бол хэдэн хэсэг хэрчиж хаяна шүү гэж хэлээд Марья Моревнаг булааж аваад явчихав гэнэ.
Хаан хүү Иван чулуу сандайлан суугаад уйлж уйлж эргээд л Марья Моревнагаа аврахаар явж гэнэ дээ. Хорт Ясан хэдрэг гэртээ байхгүй байж гэнэ.
—           За Марья Моревна, явъя гэхэд Марья Моревна,
—           Биднийг гүйцээд бариад авна даа гэхэд Иван «Гүйцвэл гүйцэж л байг, хэдэн цаг ч болохноо цуг байя!» гээд хоёулаа явжээ. Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдрээд байж гэнэ.
—           Аа, чи муу адсага яагаад бүдчээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юү? гэж хашгиран загнахад морь нь,
—           Хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэхэд Хорт Ясан хэдрэг,
—           Тэр хоёрыг гүйцэх үү? гэж асуув.
—           Арвай будаа тариад ургахаар нь цайруулаад пиво исгэж уугаад, сайн гэгч унтаж аваад явсан ч гүйцнэ гэж морь нь хэлж гэнэ.
Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцэн ирж,
—           Үзэсгэлэнт эхнэр Марья Моревнатайгаа энэ насандаа эргэж уулзахгүй гэж би чамд аль эрт хэлсэн байхаа гээд Марья Моревнаг булааж аваад яваад өгчээ.
Хаан хүү Иван ганцаар баахан уйлж уйлж дахиад л Марья Моревнагийнхаа зүг явжээ. Хорт Ясан хэдрэг дахиад л гэртээ байсангүй.
—           За Марья Моревна, явъя!
—           Иван минь, Хорт Ясан хэдрэг гүйцэж ирээд чамайг минь хэдэн хэсэг тастаж хаяна, яадаг билээ!
—           Амь биеийг минь хэдэн хэсэг тастаж хаявал ч хаяг, амраг чамтайгаа хэдэн хором ч болсон цуг байя!
Ингээд тэд явжээ. Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдчээд байж гэнэ.
—           Ахиад чи бүдчээд унав уу? Азгүй явдал тохиолдох нь уу? гэж мориноосоо асууж, морь нь хаан хүү Иван ирээд
Марья Моревнаг аваад явчихлаа гэдгийг хэлж гэнэ.
 
Хорт Ясан хэдрэг хэд харайлгаад Иваныг гүйцэн очиж хэдэн хэсэг тас татаж давирхайтай торхонд хийгээд 'торхоо төмөр бүслүүрээр бэхлээд тэнгисийн ус руу шидчихээд Марья Моревнаг   аваад   харьжээ.
Тэр мөчид хаан хүү Иваны хүргэнүүддээ бэлэглэсэн мөнгөн эдлэлүүд харлаад ирж гэнэ. Хүргэн дүү нар нь ч гай зовлон учирч гэдгийг мэдэв.
Бүргэд тэнгисийн дээгүүр нисэн торхыг шүүрэн авч эрэг дээр гаргаад иржээ. Шонхор мөнхийн ус, Хэрээ билгийн ус авчрахаар нисжээ.
Ингээд гурвуул нэгэн газар нэгэн зэрэг нисэн ирж торхыг хагалан хаан хүү Иваны биеийг гаргаж эвлүүлж нийлүүлэн тавиад Хэрээ билгийн усаараа шүрштэл биеийн хэсгүүд нийлэн ургаж гэнэ. Дараа нь Шонхор мөнхийн усаар шүршвээс Иван чичирсхийн хөдөлснөө амь орон босоод,
—           Би яасан удаан унтав аа! гэж гэнэ. Хүргэнүүд нь энэнээс удаан унтсан бол яана, эвлэж бид ирээгүй бол яана гээд гэр гэртээ урьжээ.
—           Хайрт дүү нар минь, саатан амрах зав алга, сайхан Марья Моревнагаа олж авъя гээд яаран явжээ.
Марья Моревна Иваныг хармагцаа гүйн ирж тэврэн авч бурхан чамайг минь амь оруулах нь энэ үү? гэж уйлжээ. Иван юу болсноо бүгдийг ярив. Тэгээд,
—           Хорт Ясан хэдрэг тийм хурдан сайн морь хаанаас олж авсныг мэдээдэх гэж гуйжээ.
Марья Моревна ч ая эвийг нь харж байгаад Хорт Ясан хэдрэгээс хурдан морь хаанаас авсныг асуужээ. Тэгтэл Хорт Ясан хэдрэг,
—           Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээгээс би энэ морио авсан. Тэнд гал голын цаад талд Шулмас эмгэн амьдардаг юм. Тэр Шулмас эмгэний унадаг нэг гүү байдаг. Тэр гүүгээрээ өдөр бүр дэлхийг тойрдог юм. Өөр олон ч сайн хурдан гүү бий. Би гурван өдөр гүүгий нь хариулаад нэгийг ч алдаагүй юм, тэгээд шанд нь нэг хурдан унага авсан даа гэж ярьжээ.
—           Гал голыг чи яаж гатлаа вэ? гэхэд,
—           Надад нэг алчуур бий. Тэр алчуураа гурван удаа баруун тийш сэгсрэхэд маш өндөр гүүр бий болдог юм. Гал түүнд хүрч чаддаггүй юм.
Марья Моревна сонссон бүгдээ хаан хүү Иванд хэлж өгөөд Хорт Ясан хэдрэгийн алчуурыг олж өгчээ.
Хаан хүү Иван гал гол дээгүүр гараад Шулмас эмгэнийх рүү явжээ. Явж явж гэдэс нь өлсөөд яая даа гэж байтал олон дэгдээхэйгээ дагуулсан нэг шувуу дайралдаж гэнэ. Хаан хүү Иван,
—           Нэг дэгдээхэйгий чинь идье гэжээ.
—           Хаан хүү Иван минь, хэлтрүүлж хайрла, хэт нь би чамд хэрэг болж магад шүү гэж гуйхаар нь болиод цааш явжээ. Гэтэл өмнө нь нэг зөгийн үүр байна гэнэ.
—           Жаахан бал идье гэтэл хатан зөгий,
—           Балнаас минь бүү хороогооч, бага биетэй ч гэсэн би чамд хэрэг болж юу магад гэж гуйжээ.
Иван баланд нь хүрсэнгүй цааш явж байтал өмнөөс нь зулзгаа дагуулсан эм арслан гараад ирж гэнэ.
—           Энэ зулзгыг идье байз, өлсөж үхүх нь гэтэл,
—           Хаан хүү Иван минь, хайртай зулзгыг минь битгий идээч, хэт нь би чамд хэрэг болж магад гэж гуйжээ.
Иван ч за гуйснаар чинь болог гээд цааш явж явж Шулмас эмгэнийд очжээ. Эмгэний байшинг тойроод арван хоёр шон мод байх агаад арван нэгэн шонд нь хүний гавлын яс өлгөөтэй харагдана. Харин нэг шон хоосон ажээ.
—           За эмээ, сайн байна уу? гээд л Иван ороод явчихаж, эмгэн ч,
—           Хаан хүү Иван, сайн явж байна уу? Хэрэг зориг юунд вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? гэж асуув гэнэ.
—           Баатар эрд таарах хурдан морьтой болохоор ирлээ гэж Иваныг өчихөд,
—           Иван, жил ч биш cap ч биш ердөө гурван өдөр хэдэн гүүг минь хариулаадах, хариулж чадвал чамд хурдан морь өгнө, эс чадвал энэ муу толгойгий чинь тэр сүүлчийн шон дээр өлгөх болно шүү гэж эмгэн хэлэв.
Хаан хүү Иван ч за хариулъя гэж, эмгэн ч хоол ундаар дайлаад,
— За ажилдаа гар, амласнаа биелүүл гэж гэнэ.
Иван гүүнүүдийг талд гаргамагц цөм сүүлээ өргөөд нэг нэгээрээ зүг зүг рүү давхиад алга болчихож, хаачив гэж   харж   амжаагүй   байтал   хараа   бараагүй   болчихож.
Иван гашуудан уйлж байгаад чулуун дээр суугаагаараа унтаад өгчээ.
Нар жаргах үед хол газрын шувуу нисэн ирж Иваныг сэрээгээд,
—           Хаан хүү Иван минь, босоорой, гүүнүүд одоо хашаандаа байгаа гэж гэнэ.
Иван эмгэнийд хүрч ирвэл эмгэн гүүнүүдээ загнан яагаад цуглаад буцаад ирэв гэж, гүүнүүд нь,
—           Яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг зүгээс олон шувуу нисэн ирж нүд ам сохолчих шахан хөөлөө гэж байна гэнэ.
—           Та нар маргааш талаар биш ойгоор нэг тарж алга бол гэж Шулмас эмгэн гүүнүүдээ загналаа гэнэ. Шулмас эмгэн Иванд өглөө нь,
—           Нэг л гүү дутуу байх юм бол толгой чинь шонгийн мод мялаана гэж мэдээрэй гэжээ.
Иван гүүнүүдийг хашаанаас гаргамагц тэд сүүлээ өргөн хар ойн зүг харавсан сум шиг алга болцгоов. Иван чулуун дээр суугаад уйлж уйлж унтаад өгчээ. Нар жаргахын үед эм арслан гүйж ирээд,
—           Хаан хүү Иван минь, босоорой, гүүнүүд одоо хашаандаа байгаа гэж гэнэ.
Хаан хүү Иван эмгэнийд ирвэл эмгэн гүүнүүдээ урьдынхаасаа илүү хараан загнаж, яах гэж буцаад ирэв гэхэд гүүнүүд нь,
—           Яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг зүгээс араатан амьтад давхин ирж биднийг арайтай л тас тас татчихсангүй! гэж, эмгэн ч,
—           За, маргааш та нар хөх тэнгис рүү ороод алга болчих гэж зааж байна гэнээ.
Маргааш өглөө нь Шулмас эмгэн дахиад л,
—           За Иван, нэг л гүү дутуу байх юм бол толгойгүй гэж мэдээрэй гээд гүүгээ гаргажээ.
Иван гүүнүүдийг тал руу туутал гүүнүүд сүүлээ өргөн давхисаар хөх тэнгис рүү ороод толгойгоо цухуйлган зогсоцгоов. Хаан хүү чулуун дээр суугаад уйлж байснаа унтчихжээ. Нар уулын цаагуур ороход зөгий нисэн ирж,
—           Хаан хүү Иван, босоорой, хамаг гүү хашаандаа байгаа, харин чи одоо буцаж очоод Шулмас эмгэнд бүү үзэгд, мортшы хашаан дахь тэвшний ард нуугд. Тэнд нэг туранхай муу унага өтгөн дээр өнхөрч байгаа, чи тэр муу унагыг хулгайлж аваад гүн шөнөөр зугтаа гэж зааж өгчээ.
Иван эмгэнийх рүү очин малын тэвшнийх нь ард нуугдан хэвтээд чагнавал эмгэн урьд урьдынхаасаа маш ихээр уурлан гүүнүүдээ яах гэж буцаж ирэв гэж загнаж байх юм гэнэ. Гүүнүүд нь,
—           Яах ч арга болсонгүй, дэвэн дэлхийн зүг бүрээс тоо тоймшгүй олон зөгий нисэн ирж цус гартал хатгаад байлаа гэж хариулна.
Шулмас эмгэн уурлаж байгаад унтлаа гэнэ, тэгэхээр нь Иван шөнө дунд нөгөө муу унагыг нь хулгайлж аваад унан давхисаар гал голын хажууд ирээд алчуураа баруун зүг гурвантаа сэгсэрвэл голын дээгүүр өндөр сайхан гүүр бий болж гэнэ.
Иван голын нөгөө талд гараад алчуураа зүүн тийш нь хоёр удаа сэгсэрвэл гол дээгүүр тун ч нарийхан гүүр үлджээ.
Шулмас эмгэн өглөө сэрээд туранхай муу унага нь алга байхад төмөр уурандаа суун нүдүүрээрээ гуядан даллан, шүүрээрээ мөрөө шүүрдэн шүүрдэн Иваны араас хөөв.
Гал голын дэргэд ирээд «Аа, сайхан гүүр байна!» гэж бодоод дээгүүр нь гүйгээд дунд нь ороод байтал гүүр эвдрэн нурж унахад Шулмас эмгэн ч гал гол руу унаж үхлийн муугаар үхэв гэнэ.
Хаан хүү Иван унагаа ногоон нугын өвс ногоо идүүлэн тэнхрүүлж гайхамшигтай сайхан морьтой болжээ.
Ингээд Иван сайхан Марья Моревна дээрээ ирвэл гүнж гүйн ирж тэврэн угтаад,
—           Амраг минь амар мэнд ирлээ гэхэд Иван цөмийг яриад,
—           За Марья Моревна минь, явъя! гэв. Тэгэхэд Марья Моревна,
 
—           Хорт Ясан хэдрэг гүйцэж ирээд чамайг минь дахиад хэдэн хэсэг тастаад хаячихна даа!
—           Одоо гүйцэж чадахгүй ээ, миний морь Хорт Ясан хэдрэгийнхээс дутахгүй хурдан, яг л шувуу шиг гээд хоёул мориндоо сундалдаад явжээ.
Хорт Ясан хэдрэг гэр лүүгээ буцаж явтал морь нь бүдрээд байжээ.
—           Аа, муу адсага чи яагаад бүдчээд байгаа юм бэ? Азгүй явдал зөгнөө юү? гэхэд морь нь хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихсан гэж хэлэв.
Хорт Ясан хэдрэг мориноосоо тэднийг гүйцэх үү гэхэд морь нь,
—           Аа мэдэхгүй! Тэр хоёрын морь тун хурдан, сайн морь гэж хулмалзахад,
— Ай би тэсэхгүй нь, хөөгөөд үзье! гэж Хорт Ясан хэдрэг хашгирав.
Тэгээд Хорт Ясан хэдрэг давхисаар Иваныг гүйцэн очмогцоо үсрэн бууж сэлмээ суга татан Иваны толгойг тас цавчихыг завдтал Иваны морь Хорт Ясан хэдрэгийн толгойг дүйртэл өшиглөв. Хаан хүү Иван ч ухасхийн Ясан хэдрэгийн толгойг шийдмээрээ хага цохин унагаажээ.
Тэгээд гал асаан Хорт Ясан хэдрэгийг шатаан үнс тортгийг нь салхинд хийсгэв.
Ингээд дайснаа дарсан хоёр амраг хурдан сайн морьдоо унаад ахан дүүсийнхээрээ айлчлан зочилжээ. Хэрээ, Шонхор, Бүргэдийнд очиход тэд баярлан угтаж «Энхрий хайрт  ах  минь,  эргэж  уулзахын  ерөөлтэй  байжээ.  Энэ дэлхийн хаанаас ч оломгүй ийм сайхан гүнжийн төлөө ингэж тэмцэлгүй яах билээ!» гэлцэв.
Дараа нь хаан хүү Иван сайхан гүнж Марья Моревна хоёр улс орон ус нутагтаа эргэн ирж эвтэй найртай энх тунх сайхан амьдарч урт насалж удаан жаргажээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:05 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ОЮУН УХААН ТӨГӨЛДӨР ОТГОН ХҮҮ ИВАН
Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн ан амьтан жигүүртэн шувуу агнаж түүгээрээ хоёул амьдарна. Он жилийг элээн олон насыг насалсан авч эд хөрөнгө гэх юм байсангүй.
Эмгэн харамсан зовж,
—           Амттаныг идэж уусангүй, аятай хувцсыг өмсөж зүүсэнгүй энэ насыг галын хажууд эргэлдсээр өнгөрөөлөө! Өтлөх насанд харж баясах үр хүүхэд ч алга! гэхэд өвгөн нь,
—           Эмгээн, бүү зов! Гар минь нугарч, хөл минь хөдөлж байгаа цагт өлсөхгүй байх. Юу юуны туханд хүрэлгүй гонсойгоод яах вэ!
Ингэж хэлээд өвгөн анд явжээ.
Өглөөнөөс орой болтол яваад нэг ч шувуу, нэг ч амьтан намнасангүй. Ганзага хоосон буцмааргүй байж, тэгээд яах билээ? Нар гудайчихаж харилгүй болохгүй.
Ингээд аргагүйн эрхэнд харихаар явж байтал хажууханд нь далавчны дэвэх сонсдон бутны цаанаас тун үзэсгэлэнт гоё нэг том шувуу нисэн хөөрөв гэнээ.
Өвгөн буугаа шагайх хооронд шувуу нисэн одов.
«Миний хувь биш байжээ!» гэж өвгөн бодоод шувуу нисэн гарсан бутыг шагайж үзвэл тэнд гучин гурван өндөг байна гэнэ.
«Ядахдаа энэ олзыг чинь аваад харья!» гэж сэтгээд бүсээ чангалан гучин гурван өндгийг өвөртлөв.
Явсаар байтал замдаа бүс нь суларч өндөг нь цувран унасаар байжээ.
Өндөг газар унамагцаа сайхан залуу эр болж хувираад байж гэнэ. Гучин хоёр өндөг унаж гучин хоёр сайн эр болон босжээ!
Яг энэ үед өвгөн бүсээ чангалсанд гучин гурав дахь өндөг өвөрт нь үлдчихжээ. Өвгөн нэг эргээд хартал гучин хоёр сайхан залуу дагаж явахыг үзээд нүдэндээ итгэсэнгүй гайхав. Үс зүс, өндөр намаараа ив ижилхэн гучин хоёр залуу нэгэн дуугаар,
—           Та биднийг олж чадсан, одоо та бидний эцэг, бид таны хүүхдүүд. Гэртээ харьцгаая! гэв.
«Эмгэн бид хоёрт нэг ч хүүхэд байгаагүй гэтэл одоо гэнэт гучин хоёр хүүтэй болдог юм байжээ!» гэж өвгөн баярлажээ.
Гэртээ ирээд өвгөн,
—           Эмгээн, чи хүүхэд шуухад байхгүй гэж зовж шаналаад байсан. За май, одоо чи энэ гучин хоёр хүү, гучин хоёр сайн эрийн эх боллоо. Ширээгээ засаж идээ будаагаа гарга, хүүхдүүдээ хоолло!
Ингээд өвгөн яаж гучин хоёр хүүтэй болсноо ярьжээ.
Эмгэн гайхах баярлах зэрэгцэн юу хэлэх, юу хийхээ мэдэхгүй самгардан зогсож байснаа ширээгээ засаж эхлэв. Өвгөн эхлээд бүсээ, дараа нь хүрмээ тайлж эхэлтэл өврөөс нь гучин гурав дахь өндөг өнхрөн унаж тэндээс гучин гурав дахь залуу босож ирэв.
—           Чи хаанаас гараад ирэв?
—           Би бас л чиний хүү. Отгон хүү Иван.
—           Аа нээрээн, үүрэнд гучин гурван өндөг байсан шүү дээ гэж өвгөн санаад,— За Отгон хүү Иван, суу, хоол ид! гэжээ.
Гучин гурван залуу эр ширээнд суугаад эмгэнд байсан бүхий л идэх юмыг дуусгаад гэдэс цадаагүй ч сэтгэл дүүрэн босоцгоожээ.
Нэг шөнө өнгөрөв. Өглөө нь Отгон Иван, 
—           Эцэг та биднийг олж авч чадсан юм чинь одоо ажил олж өг! гэв.
—           Та нарт би ямар ажил өгөх вэ? Эмгэн бид хоёр үр тариа суулгадаггүй, хагалах газар ч байхгүй, анжис хадуур, морь тэрэг ч байхгүй шүү дээ!
—           Байхгүй бол байхгүй, гомдох юм алга! Хүмүүст ажил хийж өгөөд амьдарч болно. Эцэг та дархнаар гучин гурван хадуур хийлгээч гэж Отгон Иван өгүүлэв.
Өвгөн дарханд очиж хадуур ширээж ирэх хооронд Отгон Иван ах нарынхаа хамт гучин гурван тармуур, гучин гурван хадуурын иш хийж бэлдээд байжээ.
Эцэг нь ч дархныхаас эргэж ирэв. Отгон Иван ах нартаа хадуур, тармуур тараан өгч,
—           За явж ажил эрцгээе. Олсон мөнгөөрөө өөрийн гэсэн аж төрөлтэй болж эцэг эхийгээ амраая гэв.
 
Ингээд ах дүү гучин гурвуулаа аав ээждээ үнсүүлээд алсыг зорин явжээ. Явсаар байтал өмнө нь нэгэн том хот харагдав. Тэр хотоос хааны бойдаа гарч яваад тэдэнтэй тулгарч ирмэгцээ,
—           Залуу эрчүүд минь, ажлаас зугтаж явна уу, ажил эрж явна уу? Хэрвээ ажил эрж яваа бол намайг дагаад яв, би ажил олгоё гэв.
—           Ямар ажил вэ? гэж Отгон Иван асуув.
—           Хэцүү ажил биш ээ. Хааны дархан нугын өвсийг хадаж, хатааж, бухалдах, нуруулдах хэрэгтэй байна. Хамгийн ахмад чинь хэн бэ? гэхэд цөм дуугүй байцгаав.
Отгон Иван,
—           За тэр нугаа заагаад аль гэв.
Бойдоо тэднийг хааны дархан нугад авчрав.
—           Гурван долоо хоногт амжих уу?
—           Тэнгэр сайхан байвал гурван өдөрт амжина гэж Отгон Иван хариулав.
Бойдоо баярлаж,
—           Залуу эрчүүд минь, ажилдаа орцгоо! Шан хөлс гомдоохгүй төлнө. Хоол унд юу гэснийг чинь авчруулна.
—           Бидэнд гучин гурван шарын бүхэл мах шарж, гучин гурван хувин дарс, хүн бүрд нэг нэг дугуй талх өгөөрэй. Өөр юм хэрэггүй гэж Отгон Иван өгүүлжээ.
Бойдоо ч явав. Ах дүү гучин гурвуулаа хадуураа ирлээд хадаж гарахад зөвхөн шир шир хийх л дуулдаж, өвс ханарна. Орой гэхэд нугыг нэлд нь хадаж дуусав. Тэгтэл ч хааны ордны гал тогооноос гучин гурван шарын шарсан мах, гучин гурван дугуй талх, гучин гурван хувин дарс
авчирч өгөв. Ах дүү нар хагас хагас хувин дарс, шарын өрөөл өрөөл мах, тал тал талх идээд унтацгаажээ.
 
Дараа өдөр нь нар гармагц өвсөө хатааж, бухалдаж орой нь нуруулдаж дуусгалаа. Тэгээд үлдсэн хагас хагас хувин дарс, шарын өрөөл өрөөл мах, тал тал талхаа идээд амарцгаав. Отгон Иван нэг ахыгаа хааны ордон руу явуулав.
—           Ажлаа хүлээж ав гэж хэл.
Ах нь буцаж ирэв. Араас нь хааны бойдоо, хаан өөрөө хүрч ирлээ. Хаан өвсөн нурууг тоолж нугаар явж шалгаад босоо өвс нэг ч олдсонгүйд,
—           Залуу эрс минь, та нар миний дархан нугыг маш хурдан тун сайн хадаж өвсийг хатааж нуруулдаж өглөө! Ажил сайн хийсэнд шан хөлс дээр нь зуун рубль, дөчин литрийн торх дарс нэмж өгнө. Харин одоо нуруулдсан өвсөө манаж хамгаал! Энэ нугад жил бүр нэг амьтан өвс идээд байх болсон юм. Тэр хулгайчийг барьж чадахгүй байгаа билээ гэв.
—           Хаан эзэнтэн минь, миний ах нарыг гэр лүүгээ буцахыг болгооно уу. Өвсөө би ганцаараа маная гэж Отгон Иван гуйжээ.
Хаан ч зөвшөөрч гэнэ. Ах нар нь хааны ордон руу очиж шан хөлсөө аваад дарс ууж, хоол идэцгээгээд эцэг эхээ баярлуулахаар харьжээ.
Харин Отгон Иван хааны дархан нугад эргэж ирэв. Шөнө унталгүй өвсөө манаж хоноод өдөртөө хааны гал тогоонд хоол унд идэж амарна.
Ингэж байтал намар болжээ. Шөнө уртсаж харанхуй байх болов. Отгон Иван нэг орой нуруулдсан өвсөн дээрээ гарч тухлан унталгүй хэвтэж байжээ. Гэтэл гэнэт шөнө дунд эргэн тойрон гэрэлтэн нар гарсан мэт болов гэнэ. Отгон Иван нүдээ бүлтийлгэн харваас алтан дэлт гүү далайгаас гарч ирээд шууд нуруулдсан өвс рүү давхиж гэнэ.
Гүү давхихад газар доргиж, алтан дэл нь салхинд дэрвэн хийсэж хамраас нь дөл бадарч чихнээс нь утаа суунаглана.
Нуруулдсан өвсөнд хүрмэгцээ идэж гарав. Отгон Иван гэнэт үсрэн мордоод авав. Алтан дэлт гүү мултран зугтах гэж хааны дархан нугаар өөд уруугүй давхив. Отгон Иван зүүн гараараа дэлээс нь зууран, баруун гартаа барьсан суран ташуураар гуядан гуядан намаг хөвдөт газар луу залсаар байлаа.
Давхиж давхиж булгиж байснаа алтан дэлт гүү намагт гэдсээ хүртэл шигдэн аргагүйн эрхэнд зогсов.
—           Ай Отгон Иван, чи намайг барьж авч чадлаа, номхотгон захирч чадлаа! Одоо намайг бүү нүд, бүү зовоо, үнэнч хүлэг чинь болъё гэжээ.
Отгон Иван алтан дэлт гүүг хааны ордонд авчирч агтны хашаанд хашаад өөрөө гал тогооны өрөөнд орон унтжээ. Маргааш нь хаанд,
—           Хаан эзэнтэн минь, таны дархан нугын өвсийг ямар амьтан идээд байгааг би мэдлээ. Тэр хулгайчийг бариад авлаа. Та үзнэ үү? гэж айлтгав.
Хаан алтан дэлт гүүг хараад баярлаж,
—           Иван, чи айлын отгон хүү ч гэсэн оюун ухаан төгөлдөр юмаа! Албаа үнэнчээр биелүүлсэн чамайг агтны даамал болгоё гэжээ. Тэр цагаас хойш Иваныг оюун ухаан төгөлдөр Отгон Иван гэдэг болжээ.
Ингээд Отгон Иван агтны даамал болов. Шөнө үл унтан агт морьдоо тордон хамгаална. Хааны морьд удалгүй тэвхийсэн сайхан биетэй, мяндас зөөлөн үстэй, дэл сүүл нь намирсан, харахад нүд сэргэм сайхан болоод ирэв.
Хаан магтан сайшааж,
—           Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, тун сайн байна. Ийм даамал надад хэзээ ч байгаагүй! гэнэ.
Хуучин агтчид атаархан,
—           Энэ муу хөдөөний хархүүг бидний даамлаар тавилаа! Хааны агтчидыг энэ муу захирах гэж үү! гэлцэв.
Ингээд муу санаа агуулан хорлох арга бодоцгоов. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван оногдсон ажлыг хийж, гай тотгор нүүрлэн ирж буйг мэдэх ч үгүй явна.
Нэг өдөр хааны ордны хашаанд архичин хөгшин цагдаа орж ирэн агтчидыг дуудан,
—           За нөхөд минь, шар тайлах аяга юм өгөөдөх! Би та нарт агтны даамлыг хорлох арга заагаад өгье гэжээ.
Агтчид ч баярлаж аяга дарс барьжээ. Хөгшин цагдаа шараа тайлаад,
—           Манай хаан өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч мууртай болох гэж ухаангүй хүсэж байгаа билээ. Олон ч сайн эр хүслээрээ явж, бүүр ч олон хүн албан шахалтаар явсан боловч амь мэнд буцаж ирсэн хүн нэг ч үгүй билээ. Та нар хаанд «Оюун ухаан төгөлдөр Отгон Иван энэ бүгдийг олоход юу ч биш гээд байна» гэж очиж хэл. Хаан Отгон Иваныг явуулна, тэгээд тэр муу эргэж ирэхгүй болно гэжээ.
Агтчид цагдаад баярлаж талархаад дахин нэг аяга дарс өгөөд хааны ордны цонхон тушаа ярилцах дүрийг үзүүлэн зогсоцгоов. Хаан тэднийг хараад гарч ирэн,
—           Эрчүүд минь, юугаа шүүн ярилцана вэ? Юу гэж явна вэ?
—           Хаан эзэнтэн минь, агтны даамал оюун ухаан төгөлдөр Отгон Иван «Өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур хаанаас яаж олохыг би мэднэ» гээд байнаа. Тэгээд бид энэ үнэхээр олж чадах юм уу, хоосон гайхуулж байгаа юм уу яаж мэдэх вэ гэж маргалдаж байна гэцгзэжээ.
Үүнийг сонссон хаан ч царай нь хувиран хөл гар нь чичрэн «Энэ ховор сонин юмыг олоод авбал бусад хаад надад атаархана! Хэчнээн хүн явууллаа, хэн ч эргэж ирээгүй!» гэж дотроо бодоод даруй агтны даамлыг дуудуулав.
Отгон Иваныг ирмэгц,
—           Өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур бушуухан олж ир! гэж хашгирчээ.
 
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван,
—           Хаан эзэнтэн минь! Та юу ярина вэ? Би тийм юм байдаг гэж дуулаа ч үгүй юм байна! Хаашаагаа би явах вэ?
Хаан уурлан дороо дэвслэн,
—           Олон үг хэлж эзэн хааны зарлигийг эсэргүүцэх эрх чамд хаана байна? Олоод ирвэл шагнана, олохгүй бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс. Ойлгов уу? гэх нь тэр.
Отгон Иван хааны ордноос толгойгоо гудайлган гунигтай буцав.
Алтан дэлт гүүгээ эмээллэвэл гүү нь,
—           Эзэн минь, юундаа гуниглаа вэ? Гай зовлон тохиолдов уу? гэхэд,
—           Яаж ч хөгжин баясах билээ дээ? Хаан өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ир гэж зарлиг буулгалаа гэж Иван хариулжээ.
—           Энэ гай, гай биш. За намайг уна. Шулмас эмгэнийд очъё. Энэ сонин зүйлсийг хаанаас олохыг асууя гэж алтан дэлт гүү нь өгүүлэв.
Ингээд оюун ухаан төгөлдөр Отгон Иван алс замд гарчээ. Алтан дэлт гүүндээ мордохыг нь харцгааж, харин хаашаа хаагуур гараад явсны нь хэн ч амжиж үзсэнгүй.
Отгон Иван явсаар явсаар битүү харанхуй ойд оров. Алтан дэлт гүү нь эцэн өөрөө ч ядарчээ. Тэгтэл ч ойн цоорхойд тахиан хөлт байшин нар зөв эргэлдэн байх нь харагдав гэнэ.
Тэр байшинд ойртон очиж,
—           Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач! Зууныг энд хороохгүй зуур хоноод явъя гэжээ.
Байшинхан түүний зүг эргэв. Отгон Иван алтан дэлт гүүгээ уяад довжоон дээр нь гүйн гарч үүдийг нь дэлгэв.
Тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн уур нүдүүрээ хажуудаа тавьчихсан сууж байлаа.
Шулмас эмгэн зочныг хараад,
—           Хүний бараа хараагүй олон жил болсон юмсан. Одоо чинь орос сайн эр өөрөө ороод ирдэг болоо шив! За сайн эр, юу гэж явна? гэв.
—           Эмгэн, та өлсөж даарсан замын хүнийг яасан царайгүй угтаж байх юм бэ? Орос ёсоор аяны хүнийг эхлээд цайлж ундалж, халуун усанд оруулж замын алжаалыг нь салгадаг! Дараа нь асуух хэлэх юмаа ярилцдаг билээ гэхэд Шулмас эмгэн бүдчин,
—           Ай залуу эр минь, хүний өөрийн ёсон өөр, хөгшин зөнөг намайг уучил! Одоохон хэлснээр чинь бүгдийг хийнэ.
Ингэж хэлээд эмгэн ширээ засаж зочноо дайлаад халуун усны байшингаа галлав. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван халуун усанд орж хар хирнээсээ саллаа. Шулмас эмгэн Отгон Иванд ор дэр засаж өгч хэвтүүлээд асуув.
—           За сайн эр минь, хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? Аль газрыг зорин аяны замд гараа вэ?
—           Хаан эзэнтэн өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ир гэлээ. Энэ зүйлсийг хаанаас олохыг та надад хэлж өгвөл ачийг чинь мартахгүй!
—           Ай хүний тэнэг үр минь, энэ сонин зүйлс хаана байгааг би мэднэ. Гэхдээ олж авах гэдэг туч хэцүү! Олон сайн эрчүүд тийшээ явсан ч нэг нь ч эргэж ирээгүй шүү.
—           Нэг үхэхээс хоёр үхэх биш дээ. Одоо яая гэх вэ! Зовлонг минь ойлгож, хаашаа явж эрэхийг заагаад өгөөч.
—           Ай хүний тэнэг үр минь, чи хөөрхий л байна, гээд яахав дээ. Зовлонгий чинь би ойлгож байна. Чи алтан дэлт гүүгээ манайд орхи. Эсэн мэнд бүрэн бүтэн хадгалж байя. За май, энэ бөөрөнхийлсөн утсыг ав. Маргааш өглөө гарч явахдаа утсаа өмнөө шид. Утас хаашаа өнхөрнө, тийшээ яваад бай. Тэгээд миний дунд эгч дээр очно. Чи бөөрөнхий утсаа үзүүл. Дунд эгч чамд бүгдийг зааж хэлж өгөөд том эгч рүү явуулна.
Ингээд маргааш нь Шулмас эмгэн зочноо үүрээр сэрээж цай хоол өгөөд гаргаж өгөв. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван эмгэнд талархаад цааш явжээ.
Үлгэрт хэлэхэд амархан ч үйлс бүтэх нь хэцүү. Бөөрөнхий утас өнхөрсөөр сайн эр дагасаар.
Гурав дахь өдрөө утас бор шувуун хөлтэй, ээрүүл шиг эргэлдсэн байшинханд тулж очив.
—           Байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач! гэж сайн эр хэлэв.
Байшинхан эргэв. Сайн эр тэнд орвоос эзэгтэй эмгэн их л дургүй угтав.
—           Хүний үнэр үнэрлээгүй, хүний мах идээгүй удсан юмсан. Гэтэл хүн өөрөө хүрээд ирдэг байжээ! За юу гэж явна, хэл!
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван бөөрөнхий утсаа эмгэнд өгөв. Шулмас эмгэн утсыг хараад шогширч,
—           Өө чи чинь, хүний хүн биш хүндэт зочин байх нь! Чамайг дүү минь над руу явуулжээ! Чи шууд хэлэхгүй яав!
Ингээд хоол унд болж ширээ засан архи дарс амтат идээг өрөв.
—           Ууж идээд унтаж амар. Ажил хэргийг аажуудаа ярилцъя гэв.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван ууж идэж аваад
 
унтаж амрахаар хэвттэл Шулмас эмгэн хажууд нь суун хэрэг зоригийг асуув. Хаанахын хэн болох, хааныхаа зарлигаар хаа хүрэх гэж яваагаа Отгон Иван ярьжээ.
—           Эрлийн зам чинь эрлэгтэй, холын зам чинь хорлолтой юм байна. Эсэн мэнд гарна гэдэгт чинь эргэлзэж байна. Өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур миний зээ Атгаалжин хар могойд бий. Олон сайн эр тийшээ явсан ч олж буцсан нь үгүй билээ. Миний эгчийн хүү Атгаалжин хар могой бүгдийн толгойг залгисан юм. Эгчийгээ чамд тусал гэж гуйя даа. Тэгэхгүй бол чи амьд үлдэхгүй. Өнөөдөр зөнч мэргэн хэрээг тэднийх рүү явуулъя. Урьдчилаад хэлэг. Харин одоо чи унтаж амар, маргааш эрт сэрээнэ гэж Шулмас эмгэн хэлэв.
Сайн эр өглөө эртлэн босож, гар нүүрээ угаахад Шулмас эмгэн хоол цай уулгаад бөөрөнхийлсөн улаан ноосон утас өгч зам дээр гаргаж өгөв. Ингээд Отгон Иван бөмбөрөн өнхрөх утсыг даган явжээ.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол явсаар Отгон Иван ядарвал утсаа барьж байгаад амарч, жаал ус уугаад цааш явна.
Гурав дахь өдрийнхөө орой утас нэгэн том байшингийн гадаа өнхрөн ирж зогсов. Тэр байшин арван хоёр багана, арван хоёр бул чулуун дээр тогтож байна гэнэ. Байшинг тойроод өндөр өндөр хатгууран хашаатай ажээ.
Нохой хуцахад хамгийн том эгч Шулмас эмгэн гарч нохойгоо хорин,
—           За сайн эр минь, чиний тухай би мэдэж байна. Цөмийг мэдэж байна. Дунд дүүгээс зөнч хэрээ нисэн ирж хэлсэн. Яаж ийгээд тусалж зовлонг чинь нимгэлье. Op ор, аян замын алжаалаа тайлагтун гэв.
 
Ингээд зочноо ундлаад,
—           Одоо чи нуугд. Миний хүү Атгаалжин хар могой өлсөж, уурлачихсан амьтан удахгүй нисээд ирнэ. Чамайг аманд нь өртөөчихгүй юмсан гээд зоорио онгойлгон,— За ийшээ ороод суу. Дуудахаас нааш гарч ирж болохгүй шүү.
Шулмас эмгэн зоориныхоо хаалгыг дөнгөж хаатал эргэн тойронд их чимээ гарч үүд дэлгэгдэн Атгаалжин хар могой нисэн орж ирэв.
—           Хүний үнэр үнэртээд байна!
—           Хүү минь, чи юу ярина вэ! Манай энд хөх чоно давхисангүй, хөвчийн шонхор ниссэнгүй, хэчнээн жил болж байна, юуны чинь хүний үнэр! Чи л дэвэн дэлхийг тойрон нисэхдээ хүний үнэрийг шингээгээ биз.
Ингэж хэлээд Шулмас эмгэн ширээ засаж, зуухнаасаа гунын шарсан мах гаргаж, хувин дарс тавьж хүүдээ өгөв. Атгаалжин хар могой дарсыг ууж, шарсан махаар даруулаад сэтгэл нь сэргэжээ.
—           Ээж минь, хэнтэй ч юм нэг сайхан тоглохсон, хөзөр ч болохноо тоглохсон!
—           Чамтай тоглох хүн олж чадах байна. Харин чи түүнийг хорлох вий гэхээс айж байна.
—           Ээжээ, тэр хүнээ дууд дууд, бүү ай! Би хэнийг ч хорлохгүй.  Тоглож  зугаацахсан  гэхээс  тэсэж  ядаж  байна!
—           За хүү минь, хэлсэн үгээ мартав аа! гэж Шулмас эмгэн хэлээд зоориныхоо хаалгыг онгойлгон,— Оюун ухаан төгөлдөр Отгон Иван гараад ир. Эзнийг хүндлэн хэдэн удаа хөзөр тоглоодох гэв.
Тэгээд тоглохоор суужээ. Атгаалжин хар могой,
—           Хэн хожсон нь хожигдсоныгоо идье, тэгэх үү? Аан? гэлээ.  
 Шөнөжингөө тоглов. Шулмас эмгэн зочиндоо тус болж, өглөө болоход оюун ухаан төгөлдөр Отгон Иван Атгаалжин хар могойг хожжээ.
Гэтэл Атгаалжин хар могой,
—           Манайд дахин хэд хоно! Би орой ирээд дахин тоглоё. Би хариугаа авмаар байна гэж гуйж гэнэ.
Гуйсан ёсоор ч болж. Атгаалжин хар могой нисэн одоход оюун ухаан төгөлдөр Отгон Иван ханатлаа унтаж авчээ. Шулмас эмгэн ч түүнд хоол унд өгөв.
Орой нь Атгаалжин хар могой ирж гунын шарсан мах идэж хагас хувин дарс уугаад,
—           За тоглоё, хариугаа авна гэжээ.
Тоглож эхэлтэл Атгаалжин хар могой урьд шөнө нь унтаагүй, өдөржингөө нисээд амраагүй тул эцэж ядран, нойр нь хүрч үүрэглэж эхлэв. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван Шулмас эмгэн хоёр түүнийг дахин хожжээ. Атгаалжин хар могой,
—           Би одоо яваад орой ирнэ. Тэгээд гурав дахь удаагаа тоглоё гэв.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван ханатлаа унтаж амрав. Харин хоёр шөнө унтаагүй Атгаалжин хар могой дахин дэвэн дэлхийгээр нисэн эцэж ядарчихсан буцаж иржээ. Шарын шарсан мах идэж хоёр хувин дарс уугаад зочноо дуудан,
—           За залуу эр, суу! Одоо ч хариугаа авна! гэв. Тэгээд тоглож суухдаа  үүрэглээд байж  гэнэ.  Отгон Иван гурав дахь удаагаа хожив.
Атгаалжин хар могой өвдөг сөхрөн,
—           Сайн эр минь, намайг буү хөнөө, бүү ид! Юу гэснийг чинь хийе гээд бас ээжийнхээ хөлд сөгдөн,— Ээжээ, намайг амьд мэнд үлдээ гэж зочноос гуйгаач! гэж гэнэ.
Энэ үгийг хүлээж байсан оюун ухаан төгөлдөр Отгон Иван,
—           За яахав, Атгаалжин хар могой, чамайг би гурав хожлоо. Хэрвээ чи надад өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муураа өгвөл бид тохиролцлоо гэж бод гэхэд Атгаалжин хар могой инээн зочноо, ээж эмгэнээ тэврэн авч,
—           Өгье, өгье! Би өөртөө өөр илүү сайхныг олж авна гэв.
Ингээд Атгаалжин хар могой ширээ засуулан найрлав. Найран дээрээ Отгон Иваныг хүндлэн зочилж дүүгээ гэж нэрлэж гэнэ. Дараа нь,
—           Зочин минь, чи өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур аваад яаж явган явах вэ! Би чамайг нэг цагийн дотор хүргэж өгье!  гэж гэнэ.
—           За хүү минь, сайн байна! Зочноо миний бага дүү дээр хүргээд өг. Буцах замдаа дунд дүүгийнхээр орж эргээд ир. Чи тэд нарынхаар ойрдоо очоогүй шүү дээ гэж Шулмас эмгэн хүүдээ хэллээ.
Найр цэнгэл дуусахад Отгон Иван нөгөө зүйлсээ аваад Шулмас эмгэнтэй салах ёс гүйцэтгэв. Атгаалжин хар могой түүнийг шүүрч аван үүлэнд тултал өндөрт нисэв. Цаг ч өнгөрөөгүй байтал Атгаалжин   хар   могой бага Шулмас эмгэний гадаа  буужээ.  Эзэгтэй   Шулмас    эмгэн үүдэн    дээрээ    гүйн гарч ирж зочдоо баяртай угтав.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван тэнд саатсангүй, алтан дэлт гүүгээ эмээллэн бага Шулмас эмгэн, Атгаалжин хар могойтой салах ёс хийгээд өөрийн улс руу яаран явжээ.
Энэ үед хааныд гурван хаан нэг нэг хүүтэйгээ, бас гурван ван нэг нэг ван агьтайгаа, өөр олон сайд ноёд, шадар түшмэд зочлон ирээд байжээ.
Сайн эр хааны өргөөнд орж хаандаа өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муураа өгөв. Хаан баярлан,
—           Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, чи надад энэ албыг гүйцэтгэж их тусыг үзүүллээ! Би агтны даамал байсан чамайг сайшаан, хаан миний зөвлөх болгоё гэж гэнэ.
Сайд ноёд ярвайлдан, өөр хоорондоо,
—           Энэ агтчинтай суудал нэгтгэнэ гэдэг бидний нэр алдрыг гутааж байна! Хаан юу бодох нь энэ вэ! гэлцэв.
Тэгтэл ч өөрөө дуугарагч ятга эгшиглэж, дэвхрэн тоглогч муур нарийнхан дуугаар даган дуулж, дэгдэн бүжиглэгч галуу дэрвэн эргэлдэн бүжиглэв. Ингээд сууж байхын аргагүй бүжиг наадам өрнөв гэнэ. Сурвалжит зочид ч цөм босон бүжиглэж эхэлжээ.
Бүжиглээд л байж, бүжиглээд л байж хаадын титэм нь хазайчихсан, хаан хүү, ван агиуд эрглэдэн тойрон бүжиглэсээр. Сайд, шадар ноёд дуу шуу болж хашгиралдан хөлс  нь цутган эргэлдэвч хэн ч зогсож чадахгүй  ажээ.
Хаан гараараа даллан,
—           Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, зогсоогооч, энэ наргианаа зогсоо, бүтэж үхэх нь! гэж ориллоо.
Сайн эр сонин гурван зүйлээ шуудайд хийхэд тэр дороо дуугарахгүй, бүжиглэхгүй болов.
Зочид хандсан зүгтээ унан, хөлсөө сэвэн,
—           Энэ ч ёстой зугаа, ёстой цэнгэл байна даа. Ийм юмыг энэ насандаа үзээгүй юм байна! гэцгээв.
Харийн зочид атаархана. «Одоо ч цөм атаархана. Надаас өөр хэнд ч ийм юм байхгүй!» гэж хаан ихэд баярлана.
Харин сайд ноёд,
—           Энэ муу хөдөөний эрийг одоо л холдуулж салахгүй бол ордонд хамгийн гол хүн болж хамаатан саднаа тушаалд дэвшүүлж, сурвалжит биднийг орчлонгоос зайлуулах болно гэж ярилцав.
Маргааш нь сайд, шадар ноёд цуглан яаж хааны шинэ зөвлөхийг хорлохыг бодоцгоов. Нэг хөгшин тайж,
—           Архичин цагдааг дууд. Тэр ийм юманд адтай гэлээ. Архичин цагдаа ирж ёслон,
—           Сайд, шадар ноёдоо, та нар намайг дуудсаны учрыг би мэдэж байна! Хагас хувин дарс өгвөл хааны шинэ зөвлөхийг хорлох арга зааж өгнө гэхэд,
—           За хэл хэл. Шан хөлсөөр чамайг гомдоохгүй гэж гуйжээ.
Эхлээд нэг цом дарс  авчирч өгсөнд цагдаа уугаад,
—           Хаан бэлэвсрээд дөчин жил боллоо. Энэ хугацаанд сайхан гүнж Алёнаг эхнэр болгон авах гэж хэчнээн удаа гуйгаад бүтээгүй билээ. Алёнагийн улс руу гурван удаа дайран орж хэчнээн цэрэг амь үрэгдлээ. Тэгээд хүчээр авч чадаагүй шүү дээ. Тэгэхлээр Алёна руу оюун ухаан төгөлдөр Отгон Иваныг явуулаг. Тэндээс амьд буцаж ирэхгүй.
Сайд, шадар ноёд баярлан сэргэж маргааш өглөө нь хаандаа,
—           Хаан та ухаант зөвлөхтэй болсон билээ. Дуртай юмыг чинь олж ирсэн Отгон Иван одоо хайртай хүүхэн Алёнаг чинь гуйж бэр буулгаж ирж чадна гэж байна гэжээ.
Сайхан гүнж Алёнагийн тухай сонсмогцоо хаан суудлаасаа босон харайв.
—           Нээрээн, би бүр мартчихаж! Сайхан гүнж Алёна руу явуулах хүн чинь Отгон Иван яг мөн!
Тэгээд шинэ зөвлөхөө дуудан,
— Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ явж сайхан гүнж Алёнаг надад авчирч өг! гэв.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван,
Хаан    эзэнтэн    минь, сайхан гүнж Алёна чинь өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч  галуу, дэвхрэн  тоглогч муур биш шүү дээ. Шуудайд хийгээд үүрээд ирнэ гэхийн аргагүй билээ. Ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Хаан зүхэн шогширч, дэвслэн,
—           Олон юм битгий ярь! Ямар нэг аргаар заавал олоод ир! Сайхан гүнж Алёнаг авчирвал хот тосгон таслан өгч сайд болгоно. Авчрахгүй бол толгойг чинь авна! гэж хашгирав.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хааныхаас гүн бодолд дарагдан гунихран гарчээ. Алтан дэлт гүүгээ эмээллэтэл гүү нь асуув.
—           Эзэн минь, юундаа бодлогошроо вэ? Гай зовлон тохиолдов уу?
—           Уйлах ч хэцүү, инээх ч хэцуу болоод байна. Хаан сайхан гүнж Алёнаг бэр буулгаж ир гэж зарлиг буулгалаа. Өөрөө гурван жил гуйгаад, гурван удаа дайрч ороод чадаагүй атлаа одоо намайг ганцааранг минь явуулж байна.
—           Өө, энэ ч гайгүй. Гэвч би чамд тусалъя. Энэ хэрэг эрхбиш бүтнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хурдан төхөөрч холын замд гарав. Отгон Иваныг алтан дэлт гүүндээ мордохыг нь харцгааж, харин хаашаа хаагуур гараад явсныг нь хэн ч амжиж үзсэнгүй.
Явсаар явсаар зуун уулын цаанатаа нэгэн гүрэнд ирэв гэнэ. Зам хөндөлсөн нэг их өндөр хашаа харагджээ. Алтан дэлт гүү нь хашаан дээгүүр сэвхийтэл харайж, ингээд сайн эр Отгон Иван тэндхийн хааны дархан цэцэрлэгт орчихож гэнэ. Алтан дэлт гүү нь,
—           Би алтач алимтай сайхан мод болж хувиръя. Чи миний ойрхон нуугд. Маргааш сайхан гүнж Алёна цэцэрлэгт зугаалахаар гарч ирээд алтан алим харангуутаа таслан авах гэж над руу ойртоно. Ойртоод ирэх үед нь чи Алёнаг самбаачлан шүүрч аваад над дээр морд. Би бэлэн байна. Жаахан саатаж удвал бид хоёр амьд үлдэхгүй! гэж гэнэ.
Маргааш нь сайхан гүнж Алёна дархан цэцэрлэгт зугаалахаар гарч ирээд алтан алим хармагцаа аягачин шивэгчин хүүхнүүддээ,
—           Ямар сайхан алим бэ! Алтан алим байна! Би нэгийг аваадхъя, та нар эндээ хүлээж бай! гэв.
Тэгээд сайхан гүнж Алёна алтан алимтай мод руу гүйж ирэхэд нь Отгон Иван гэнэт гарч ирэн гараас нь шүүрч авав. Тэр хоромд алимын мод алтан дэлт гүү болон хувирч Отгон Иваныг яаруулан туурайгаараа газар цавчилна. Сайн эр эмээл дээрээ үсрэн мордоод Алёнаг өргөн авч өмнөө суулгав.
Энэ үед аягачин шивэгчин хүүхнүүд тэднийг харж хашгирч харуул манаанууд гүйлдэн ирэв. Гэвч сайхан гүнж Алёна бараагүй алга болсон байлаа. Хаан эцэг нь мэдэж дөрвөн зүг найман зовхист морьтон элчийг илгээсэн боловч эрлийн элч нар маргааш нь хоосон эргэж ирцгээжээ. Хамаг морьдоо хөлөртөл давхисан ч үзэсгэлэнт гүнжээ олж чадсангүй.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван энэ зуур олон голыг гаталж олон уулыг давжээ.
Сайхан гүнж Алёна эхлээд эсэргүүцэн мултрахыг оролдон тийчигнэж байснаа сүүлдээ уйлав. Уйлж байснаа сайхан залууг харж, дахин уйлж дахин харж арга хүчээ баран явна.
Маргааш нь сайхан гүнж Алёна асуув.
—           Чи аль газрын, аль улсын, хэний хэн гэгч вэ?
—           Намайг Отгон Иван гэдэг, оюун ухаан төгөлдөр гэж хочилдог. Би тийм улсын албат, тариачны хүү билээ.
—           Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, чи намайг өөртөө авах гэж хулгайлав уу, эсвэл хүний зарлигаар уу?
—           Манай хаан чамайг авчир гэсэн билээ. Сайхан гүнж Алёна гараа базлан хашгирч,
—           Тийм хөгшин хүнтэй энэ насандаа суухгүй! Гурван жил гуйгаад намайг авч чадаагүй, гурван удаа дайлаар ирээд их цэргээ алдсанаас өөр юмгүй буцсан юм. Одоо ч гэсэн хүн алганыхаа хонхорхойг хазаж чаддаггүйтэй адил намайг эхнэрээ болгоно гэж горьдолтгүй! гэж уйлан хашгирав.
Сайн эрд энэ үг таашаагдсан авч юм хэлсэнгүй, харин «Би ийм эхнэртэй болохсон!» гэж дотроо хүсжээ.
Ингээд удсан ч үгүй улсдаа эргэж ирэв. Хөгшин хаан энэ өдрүүдэд цонхноосоо холдолгүй алсын зам ширтэн оюун ухаан төгөлдөр Отгон Иваныг хүлээжээ.
Сайн эр хот руу орж ирэхэд хаан үүдэндээ гаран хүлээж байлаа. Ордны хашааны хаалгаар оров уу, үгүй юу, хаан өндөр довжооноосоо буун угтан гүйж ирэв. Тэгээд сайхан гүнж Алёнаг дун цагаан гараас нь барин тосон буулгав.
—           Хэчнээн жил элч илгээж, өөрөө ч хүртэл гуйж очоод дандаа хоосон буцсан билээ. Одоо ч гарцаагүй минийх боллоо доо! гэхэд сайхан гүнж Алёна жуумалзан,
—           Би замынхаа тоосыг гүвье дээ, хурим найрын тухай дараа нь ярина уу гэхэд хаан сандчин аягачин шивэгчин хүүхнүүдийг дуудав.
—           Хүндэт зочинд өргөө бэлэн үү?
—           Бэлээн, аль эрт бэлэн болгосон.
—           За хатан болох Алёнаг угтан авцгаа. Юу л гэнэ, бүгдийг биелүүлэгтүн! гэж хаан тушаав.
Аягачин шивэгчин хүүхнүүд сайхан гүнж Алёнаг өргөө рүү авч оров. Хаан оюун ухаан төгөлдөр Отгон Иванд,
—           Иван, чи өнөөдрөөс эхлэн миний ерөнхий сайд бол! Гурван хот тосгонтой нь ав гэжээ.
Хаан сайхан гүнж Алёнатай хуримаа хийнэ гэхээс тэсэж ядан нэг хоёр өдрийн дараа,
—           Ямар өдөр зочдоо урьж хуримынхаа ширээнд зэрэгцэн суух вэ? гэж асуухад Алёна,
—           Хуримын сүйх, шигтгээт бөгж минь байхгүй байхад би яаж тантай гэрлэх вэ? гэж гэнэ. Хаан,
—           Ай, үүнд санаа зоволтгүй. Сүйх тэрэг, алтан бөгж манай улсад өвс ногоо шиг элбэг. Эндээс шилж сонгоод санаанд чинь таалагдахгүй бол далайн чанадаас ч авчруулж болно.
—           Хаан эзэнтэн минь, би зөвхөн өөрийн сүйхэнд сууж, өөрийнхөө бөгжийг зүүж хуримлана гэж сайхан гүнж Алёна хэлжээ.
—           Хуримын чинь сүйх, шигтгээт бөгж чинь хаана байгаа юм бэ? гэж хаан асуухад Алёна,
—           Шигтгээт бөгж минь хайрцагт, хайрцаг сүйхэнд, сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон бий. Сүйх бөгж хоёрыг минь олж ирэхээс нааш хуримын тухай бүү яриарай! гэж хариулж гэнэ.
Хаан титмээ аван шилээ маажин,
—           Сүйхийг чинь тэнгис далайн ёроолоос яаж олж авах вэ? гэхэд Алёна,
—           Энэ таны үүрэг, яаж л олж авдагсан өөрөө мэд гээд өргөө рүүгээ орчихжээ.
Хаан ганцаар үлдээд бодож бодож гэнэт оюун ухаан төгөлдөр Отгон Иваны тухай санажээ. «Аан, сүйх, бөгж олж чадах хүн чинь Отгон Иван шүү дээ!» гэж баярлаад Отгон Иваныг дуудан,
—           За оюун ухаан төгөлдөр Отгон Иван минь, зөвхөн чи л өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ирсэн билээ. Сайхан гүнж Алёнаг ч гэсэн чи л авчирч өгч чадсан. Одоо гурав дахь удаа миний хүслийг биелүүлж Алёнагийн хуримын сүйх, шигтгээт бөгжийг олж ир. Шигтгээт бөгж хайрцагт, хайрцаг сүйхэнд, сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон бий гэнэ. Хэрвээ сүйх бөгж хоёрыг авчирвал хаант улсынхаа гурваны нэгийг өгнө гэлээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван,
—           Хаан эзэнтэн минь, би ямар илбэ шидэт алтан загас биш дээ! Яаж тэнгисийн ёроолд байгаа сүйх олох юм бэ?
Хаан уурлан дэвслэн,
—           Би мэдэхгүй, чи хариуцна! Хэлж зарлигдах нь хаан миний хэрэг, хийж гүйцэтгэх нь албат чиний үүрэг! Сүйх бөгж хоёрыг авчирвал хааны ёсоор шагнана, авчрахгүй бол толгойгий чинь авна! гэж хашгирчээ.
Отгон Иван хашаа руу орж алтан дэлт гүүгээ эмээллэхэд гүү нь,
—           Эзэн минь, хаашаа явах нь вэ?
—           Хаашаа явахаа өөрөө мэдэхгүй байна. Хаан хатанд зориулж сүйх тэрэг, шигтгээт бөгж олж ир гэж зарлигдлаа. Шигтгээт бөгж хайрцагт, хайрцаг сүйхэнд, сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон байдаг гэнээ. Ийм алба чи бид хоёрт оногдлоо доо!
Алтан дэлт гүү нь,
—           Бэрх алба байна даа. Зам хол биш ч гай тотгор тохиолдож магад. Сүйх хаана байгааг би мэднэ, харин авах тун хэцүү. Хэрвээ намайг далайн морьд харчихгүй бол ч би далайн ёроолд орон сүйхэнд хөллөгдөн аваад л ирнэ. Далайн морьд намайг харвал хэдэн хэсэг тасдан хаяна. Чи намайг ч, сүйхийг ч хэзээ ч үзэхгүй болно! гэж гэнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван бодож бодож нэг арга олжээ. Хаанд очин,
—           Хаан эзэнтэн минь, надад арван хоёр шарын арьс, арван хоёр пүү давирхайдсан сур, арван хоёр пүү давирхай, нэг том тогоо өгнө үү? гэхэд хаан,
—           Юу хэрэгтэйгээ бүгдийг ав, тэгээд сүйхэндээ хурдан яв гэв.
Сайн эр арьс, сур, давирхай, том тогоо тэргэнд ачаад алтан дэлт гүүгээ хөллөөд алсын замд гарчээ. Хааны дархан нуга, далайн эрэгт ирээд алтан дэлт гүүндээ арьс нөмөргөн давирхайдсан сураар хүлжээ.
—           Далайн морьд дайрсан ч чиний биед хүртэл нэлээд удна гээд арван хоёр шарын арьс нөмөргөн, арван хоёр пүү давирхайдсан сураар дарж боогоод дээрээс нь арван хоёр пүү давирхай асгажээ.
—           Одоо ч би далайн морьдоос айхгүй! Энэ нугад гурван өдөр нүд анилгүй намайг хүлээ гэж алтан дэлт гүү нь хэлэв.
Тэгээд далай  руу үсрэн орлоо.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван далайн эрэг дээр ганцаар үлдэв. Сайн эр үл унтан ятга тоглон алтан дэлт гүүгээ хүлээсээр далайг ширтэж хоёр өдөр өнгөрөөв. Гурав дахь өдөр нойр нь хүрч, ятга хөгжимдөө ч үл сатааран нүд нь анилдаад эхлэв. Тэссээр тэссээр сүүлдээ бүүр тэнхэл нь алдран зүүрмэглэжээ.
Хэчнээн унтсаныг бүү мэд, гэнэт нойрон дунд нь морин төвөргөөн сонсдоход нүдээ нээн сэрвэл сүйх хөллөсөн алтан дэлт гүү нь эрэг дээр гараад ирлээ гэнэ. Алтан дэлт гүүнийх нь бөөрөнд далайн зургаан морь наалдан дүүжлэгджээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван угтан очиход, .
—           Чи намайг шарын арьсаар ороож, сураар боож давирхайдаагүй бол ч би эргэж ирэхгүй байсан! Далайн морьд над руу сүргээрээ дайрч есөн шарын арьсыг хуулан урж хаяад хоёр шарын арьсыг цоолж тасдлаа. Энэ зургаан морины шүд нь сурны давирхайд наалдаад салсангүй би чтэр чигээр нь аваад ирлээ. Чамд хэрэг болох биз ээ гэж алтан дэлт гүү нь өгүүлэв.
Сайн эр далайн морьдыг тушчихаад суран ташуураар тас тас ороолгон номхотгов.
—           Үгийг минь дуулж, үнэнчээр надад зүтгэх үү? Хэлсэн бүгдийг минь биелүүлэхгүй бол хэдэн хэсэг болтол нүдэж чоно нохойн хоол болгоно!
Далайн морьд сөгдөн,
—           Сайн эр минь, бүү зовоо, бүү нүд! Үгийг чинь биелүүлж үнэнчээр зүтгэнэ. Аюул гай тохиолдсон ч алтан амийг чинь аварна! гэцгээв.
Отгон Иван ташуураа хаян бүх морьдоо хөллөөд улс гүрэн рүүгээ явжээ.
Ингээд хааны ордон руу долоон морио хөллөн давхиж ирээд алтан дэлт гүү, далайн морьдоо агтны хашаанд тавиад хаандаа,
—           Хаан эзэнтэн минь, сүй бэлэгт сүйх тэрэг үүдэнд зогсож байна, та хүлээн авна уу? гэв.
Хаан түүнд гялайлаа ч гэсэнгүй гүйн гарч сүйхнээс хайрцгийг авч сайхан гүнж Алёнад аваачиж өгөв.
—           Сайхан гүнж Алёна, хүслийг чинь биелүүлж хайр
 
цаг, шигтгээт бөгж, хуримын сүйх авчирлаа! Үүдэнд зогсож байгааг харна уу? За ямар өдөр хуримаа хийж зочдоо урих вэ?
—           Хурим найраа хийж ханилан суухад би дуртай байна. Гэхдээ ийм хөгшин, буурал үстэй өвгөнтэй бөгж солилцох нэг л эвгүй юм. Хүмүүс «Энэ буурал хөгшин залуу хүүхэн авлаа! Хөгшин нөхрийн залуу эхнэр хүний унаа хоёр адил» гэж шоолон инээлдэх биз ээ. Амьтны ам хэлийг алчуураар таглалтай биш дээ. Чи хуримынхаа өмнө залуужвал бидний бүх юм сайн сайхан байхсан гэж сайхан гүнж Алёна хариулж гэнэ.
Тэгэхэд хаан,
—           Хөгшин хүн яаж залуу болдгийг заагаад өгөөч. Залуу болбол хэлэлт юу байх вэ, тун сайн. Бид ийм ид шидийг мэдэхгүй, сонсоогүй юм байна.
—           Гурван том зэс тогоо бэлд. Нэгэнд нь дүүрэн сүү, нөгөө хоёрт нь булгийн хүйтэн ус дүүргэх хэрэгтэй. Сүү, нэг тогоотой ус хоёроо халаах хэрэгтэй. Сүү ус хоёр буцлахаар нь эхлээд сүүнд, дараа нь буцалсан ус руу ор. Сүүлд нь хүйтэн устай тогоондоо ор. Ингэж гурван тогоонд ороод гарахад үзэсгэлэнтэй сайхан, хорин настай залуу шиг болно.
—           Би шалзарч үхэхгүй биз? гэж хаан асуухад,
—           Манай улсад хөгшин хүн байхгүй. Цөм ингэж залууждаг, хэн ч шалзарч үхээгүй гэж сайхан гүнж хариулжээ.
Хаан сайхан гүнж Алёнагийн хэлснээр бүх юмыг бэлтгүүлэв.
Сүү ус хоёр буцлахад айдас нь хүрч тогоог тойрон явж явж гэнэт санав.
—           Юундаа ингэж шаналах вэ? Оюун ухаан төгөлдөр Отгон Иван эхлээд ороод үзэг. Хэрвээ сайхан болбол өөрөө оръё. Отгон Иван шалзарч үхэхэд ямар уйлах хүн байх биш. Надад л сайн, улсынхаа гурваны нэгийг таслан өгнө гэхгүй, дээр нь бас сайн морьдтой ч болно. Харин ч ашигтай гэж бодоод Отгон Иваныг дуудуулжээ. Отгон Иван,
—           Хаан эзэнтэн минь, намайг юунд дуудав? Би аян замаас ирээд амарч амжаагүй байна гэхэд хаан,
—           Одоохон одоохон. Чи энэ гурван тогоонд ороод очиж амар гэлээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван тогоонуудыг өнгийн харвал эхний хоёрт нь сүү ус буцалж гурав дахид нь хүйтэн ус мэлтийнэ.
—           Хаан эзэнтэн минь, амьдаар минь шалзлахаар шийдээ юү? Үнэнч зүтгэлийн минь шан энэ үү?
—           Үгүй үгүй! Гурван тогоонд шунгаад шунгаад гарахад хөгшин хүн залууждаг юм.
—           Хаан эзэнтэн минь, би тэртэй тэргүй залуу хүн, надад залуужих хэрэггүй.
—           Чи үргэлж эсэргүүцэж олон үг ярих юм! Хүслээрээ орохгүй юм бол хүчээр оруулна шүү. Хааны хүслийг тэрсэлсэн гэж дүүжлэх болно гэж хаан хашгирав.
Энэ үед сайхан гүнж Алёна гүйн ирж хааны нүд хариулж байгаад завчлан Отгон Иванд,
—           Тогоонд орохынхоо өмнө алтан дэлт гүү, далайн морьддоо хэлж мэдүүл. Дараа нь айх юмгүй шумбан ор гэж шивгэнээд хаанд хандан,
—           Хэлснээр минь цөмийг бэлдэж үү, үгүй юу гэдгийг
үзэхээр ирлээ гэв.
Тэгээд тогоонуудыг тойрч хараад,
—           Бүх юмыг ёсоор бэлджээ. Хаан эзэнтэн, та шунгаж ор, би хуримд бэлтгэн хувцас хунараа өмсье гээд яваад өглөө гэнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хаанд,
—           За яахав, сүүлчийн удаа хүслийг чинь биелүүлье! Тэртэй тэргүй нэг үхэхээс хоёр үхэх биш. Харин алтан дэлт гүүгээ нэг хараад ирэхийг болгооно уу? Олон ч газрыг, олон ч уулыг бид хоёр хамт туулсан юмсан даа. Эргээд уулзалдахгүй байж магадгүй гэжээ.
Хаан зөвшөөрөв.
—           За хурдан очоод ир. Битгий уд!
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван алтан дэлт гүү, далайн морьдод цөмийг ярив. Тэд түүнд,
—           Бид бүгд нэгэн зэрэг гурван удаа унгалдахыг сонсонгуутаа айлтгүй ор гэжээ.
Отгон Иван эргэж ирээд хаанд,
—           За хаан эзэнтэн минь, би бүгдтэй салах ёс хийлээ. Одоо тогоонд шумбан орно доо.
Ингэж хэлээд чагнаваас морьд гурван удаа унгалдах нь сонсдов. Тэгээд Отгон Иван сүүтэй тогоо руу пүлхийтэл үсэрч ороод тэндээсээ шууд хоёр дахь тогоотой буцалсан ус руу шумбаж, дараа нь гурав дахь тогоотой хүйтэн ус руу дэвхэрч ороод гарч ирэхдээ үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй сайхан эр болоод гараад ирлээ гэнэ.
Хаан түүнийг хармагцаа удаан ч бодсонгүй тавцан өөд мацаж гараад тогоотой сүү рүү пүлхийн унаж чанагдав.
Тэгтэл сайхан гүнж Алёна өндөр довжоон дээрээсээ гүйн ирж оюун ухаан төгөлдөр Отгон Иваны цагаан гараас барин авч гэрлэлтийн шигтгээт бөгжөө хуруунд нь зүүв. Алёна инээж,
— Хааны зарлигаар чи намайг хулгайлж авчирсан. Одоо хаан дахин босож ирэхгүй. Аав ээжид минь буцаан хүргэж өгнө үү, аль эсвэл эндээ байлгана уу чиний дур гэж өгүүлжээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван сайхан гүнжийн гарыг атган хувь заяа минь чи билээ гэж өөрийн бөгжөө зүүж өглөө.
Дараа нь эцэг эх, ах дүү нараа хуримдаа урьж тосгон руу элч явуулав.
Удалгүй эцэг эх хоёр нь, гучин хоёр сайхан эр, гучин хоёр сайн ах нь хааны ордонд иржээ. Ингээд өргөн их хурим найр хийсэн гэнэ.
Тэр цагаас хойш оюун ухаан төгөлдөр Отгон Иван сайхан гүнж Алёна эхнэртэйгээ эвтэй найртай амьдарч эцэг эхээ жаргаажээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 3:05 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
ДОЛООН СИМЕОН
Ах дүү ажилсаг долоон Симеон гэж байжээ. Нэг удаа долуулаа тариа тарих, газар хагалах гэж талбайдаа гарчээ. Энэ үед хаан цэрэг цүүхийнхээ хамт явж байгаад долоон Симеоныг хараад ихэд гайхан,
—           Энэ газар хагалж байгаа долоо чинь нуруу ижил, нүүр царай адил яасан сонин юм бэ? Эд нар хаанахын, хэний хэн болохыг мэдээд ир гэв.
Хааны зарц нар гүйн ирж ах дүү ажилсаг долоон Симеоныг хаандаа авчирч өгөв.
—           За та нар хаанахын хэн гэгч, ямар ажил хэргийг эрхэлдэг улс вэ? гэж хаан асуув.
—           Ах дүү ажилсаг долоон Симеон гэгч бид байна. Эцэг өвгөдөөсөө уламжилсан газрыг хагалж тариа тарихаар бэлдэж байна. Бид дор бүрдээ нэг нэг эрдэмтэй гэж долоон Симеон хариулав гэнэ. Хаан,
—           Хэн ямар эрдэмтэй юм бэ дээ? гэхэд том ах нь,
—           Газар тэнгэрийг холбосон төмөр багана босгож би чадна гэв.
Хоёр дахь Симеон,
—           Би тэр багана дээр авиран гарч орчин тойрныг харж хаа юу болж байгааг мэдэж үзэж чадна гэв.
Гурав дахь Симеон,
—           Би далайчин хүн. Нүд ирмэхийн зуур хөлөг онгоц хийж, хөл хүрээгүй тэнгист дагуулан зугаалж чадна гэлээ. Дөрөв дэх Симеон,
—           Би мэргэн харваач, нисэж яваа ялааг алдахгүй харваж чадна гэлээ.
Тав дахь Симеон,
—           Би оддыг тоологч хүн. Тэнгэрийн одыг нэгийг ч үлдээлгүй тоолж чадна гэв.
Зургаа дахь Симеон,
—           Би тариачин. Нэг өдрийн дотор газраа хагалж, тариагаа тарьж, ургацаа хураана гэлээ.
Тэгэхэд хаан хамгийн бага Симеоноос,
—           За чи ямар эрдэмтэй вэ? гэхэд,
—           Эцэг дээдэс хаантан минь, би холтсон урмаа үлээж, хурдан түргэн бүжиглэж, дуулж чадна гэв.
Тэгтэл хааны цэргийн жанжин,
—           Ээ, эцэг дээдэс хаантан минь! Ажилсаг эрчүүд бидэнд хэрэгтэй, харин бүжигч дуучийг хөөн тонилгох зарлиг буулгагтун. Ийм хоолны сав бидэнд хэрэггүй гэхэд хаан ч «Тийм биз ээ» гэв.
Гэтэл бага Симеон хаанд мэхийн,
—           Эцэг дээдэс хаантан минь, холтсон урмаа үлээж эрдэм чадлаа үзүүлэхийг зөвшөөрнө үү? гэж гуйлаа.
Хаан,
За яахав, эцсийн удаа тоглоод эзэнт улсаас минь зайлагтун! гэжээ.
Тэгэхэд нь бага Симеон холтсон урмаа үлээж орос ардын бүжгийн ая хангинатал тоглов. Ард олон топ топ хийтэл тогшин тоглон бүжиглэж гарав! Хаан ч бүжиглэв, хамаг ноёд баяд бүжиглэв, харц олон ард ч бүжиглэв. Гадаа байгаа адуу мал, үнээ тугал, тахиа шувуу хүртэл бүжиглэв. Хааны жанжин хамгаас илүү бүжиглэж хөлс нь под под дусална, сахал нь год год хөдөлнө, нулимс нь бөн бөн урсана. Хаан хашгирав.
—           Урмаа үлээхээ боль, цаашаа бүжиглэх тэнхээ алга, боль боль!
 
Бага Симеон,
—           За, сайн сэтгэлт хүмүүс минь, амарцгаа. Харин хорон нүдтэй шорон хэлтэй жанжин та эцэж үхтлээ бүжиглэ! гэв.
Ард олон амран тайвшрахад ганцхан жанжин бүжиглэсээр бүүр сүүлдээ хөл дээрээ тогтож чадахгүй болоод унажээ. Тэгээд жанжин газар дээр яг л элсэн дээр эргэлдэх загас шиг амьсгаадан хэвтэнэ.
—           Миний эрдэм энэ дээ! гэж бага Симеоныг хэлэхэд хаан инээв, жанжин хор санаад үлджээ. Хаан,
—           За, хамгийн том Симеон, эрдмээ үзүүл! гэлээ.
Том Симеон арван таван пүү алх аван хөрст газрыг хөх тэнгэртэй холбосон төмөр багана босгов. Хоёр дахь Симеон тэр багана дээр гараад зүг зүг харна. Хаан,
—           Юу харагдаж байна хэлэгтүн! гэв. Хоёр дахь Симеон,
—           Хөхрөх тэнгист хөлөг онгоц хөвж байна, хөндий нугаар талх тариа боловсорч байна.
—           Өөр юу харагдаж байна?
—           Тэнгис далайн тэртээ Буянт арлын дээр алтан ордонд Үзэсгэлэнт Елена цонхныхоо дэргэд суугаад торгон хивс нэхэж байна.
—           Елена ямар юм бэ? гэж хаан дахин асуув.
—           Үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй үзэсгэлэн гоо юм аа. Цагираг мушгиа гэзгэн доор нь сар, цагаан сувд үс болгон дээр нь гялалзах юм аа.
Хаан энэ үгийг сонсоод Үзэсгэлэнт Еленаг эхнэр болгон авах гэж элч бошгыг илгээхээр шийдэв. Хорон санаат жанжин хаандаа,
—           Хаантан минь, Үзэсгэлэнт Елена руу долоон Симеоныг явуул. Энэ долоо эрдэм чадалтай билээ. Хэрвээ Еленаг авчрахгүй  бол толгойгий  нь ав  гэж зааж  зөвлөв  гэнэ.
Хаан «Тэгье байз, энэ долоог явуулъя» гээд долоон Симеоныг Үзэсгэлэнт Еленаг авчир гээд,
—           Хэрвээ авчрахгүй бол миний сэлэм гялс, та нарын толгой бөндгөс гэж мэдээрэй! гэж гэнэ.
Одоо яая гэх вэ? Далайчин Симеон хурц сүхээ аван хурдан хөлөг онгоцоо хийж тэнгист тавив. Хөлөг онгоцондоо үнэт бэлэг, элдэв бараа ачив. Хаан жанжиндаа «Энэ долоотой яв, хянаж захирч бай» гэж зарлигдав. Жанжин айн зэвхийрч ам хэл нь татав гэнэ. Өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр ингэж буув.
За тэгээд цөм хөлөг онгоцондоо сууж, дарвуул далбаагаа намируулж, хөөсрөх их долгионыг цацлан хөхрөх тэнгисийн тэртээх Буянт арлыг зорив гэнэ.
Ингээд алсын газрыг ойртуулсаар хүний нутагт иржээ. Үзэсгэлэнт Еленад үнэт эрдэнийн бэлгээ барин эзэн хаандаа эхнэр болно уу? гэж гуйв.
Үзэсгэлэнт Елена бэлгийг аван үзэх хооронд хорон санаат жанжин,
—           Үзэсгэлэнт Елена минь, манай хаантай бүү суу. Манай хааны нас их цус бага! Нутаг оронд нь өлөгчин чоно улилдана, өлсгөлөн баавгай хөлхөлдөнө гэж шивнэжээ.
Елена уурлан хилэгнэж харийн хааны элч бошгыг харах нүднээс далдар гэж хөөв. Одоо яах вэ?
—           За ах нар минь, та зургаа хөлөг дээрээ оч, хөнгөн дарвуулаа өргө, аяны хүнсээ нөөцөл, алсын замдаа бэлд, би Елена гүнжийг аваад очъё гэж бага Симеон хэлж гэнэ.
Тэгэхэд тариачин Симеон нэгэн цагийн дотор тэнгисийн элсийг хагалж үрээ суулгаад ургацаа хураагаад алсын замд хүрэлцэхээр их талх жигнэжээ. Тэгээд бага Симеоноо хүлээж гэнэ.
Бага Симеон харийн хааны ордон руу очив. Үзэсгэлэнт Елена цонхон дээрээ суугаад торгон хивсээ нэхнэ гэнэ. Бага Симеон цонхон доор нь вандан дээр нь суун,
—           Тэнгис далайн нутаг Буянт арал дээр сайхан юм, гэхдээ эх Орос нутаг зуу дахин гоё доо! Нуга хөндий нь ногоон, нуур гол нь цэнхэр дээ! Тал нь хязгааргүй, хус нь цагаан, цэцэг нь номин доо! Манай нутагт үдшийн гэгээг үүрийн туяа залгадаг, хөх мөнгөн тэнгэрт гялалзах оддыг хөмсгөн сар харуулдан манадаг. Уул нугын шүүдэр нь амтлаг, ус голын өнгө нь мөнгөлөг. Үүрээр малчин ногоон нугад гараад урмаа үлээхэд сэтгэл санаа татагдан аяндаа дагана...
Тэгээд бага Симеон урмаа үлээхэд Үзэсгэлэнт Елена алтан босгон дээрээ гарч ирэв. Симеон урмаа үлээн цэцэрлэг дундуур явахад Елена араас нь дагав. Симеон нугаар ороход Елена ч нугаар орон дагав. Симеон эргийн элсэн дээр гишгэхэд Елена ч даган гишгэв. Симеон хөлөг онгоц дээрээ гарч ирэхэд Елена ч хөлөг онгоц дээр нь гараад ирэв.
Ах дүү зургаан Симеон ч залуураа эргүүлэн хөх тэнгисийн гүн рүү хөвөн давхив.
Бага Симеон урмаа үлээхээ болимогц Үзэсгэлэнт Елена гэнэт сэхээ аван ухаан орон орчин тойрноо харвал Буянт арал нь алсад хоцорсон байв гэнэ. Үзэсгэлэнт Елена нарсан шал мөргөн унаад цэнхэр од болж тэнгэрт нисээд алга болов гэнэ. Тэгэхээр нь од тоологч Симеон тэнгэрийн одыг цөмийг тоолоод нэг шинэ одыг дор нь олж гэнэ.
Мэргэн харваач Симеон тэр шинэ од руу алтан сумаа илгээв. Од ч тэр дороо л нарсан шалан дээр өнхрөн унаад Үзэсгэлэнт Елена болон хувирав гэнэ.
Бага Симеон,
—           Биднээс битгий зугт, зугтаж ч чадахгүй. Хэрвээ чамд тийм хэцүү байгаа бол бид чамайг эргээгээд хүргэж өгье. Хаан бидний толгой авбал авч л байг гэж хэлэхэд Үзэсгэлэнт Елена бага Симеоныг өрөвдөн,
—           Дууч Симеон чамайг би өөрийнхөө өмнөөс үхэлд өгч чадахгүй ээ. Чи үхсэнээс би хөгшин хаан руу очсон дээр гэв.
Тэгээд хөлөг онгоц хөхрөх их тэнгист хөвөн хөврөх замаа нэхэн одов. Бага Симеон гүнжээс алхам ч холдож чадахгүй байхад Үзэсгэлэнт Елена ч түүнийг харж ханахгүй явна.
Хорон санаат жанжин бүгдийг харж цөмийг тагнан явна. Хөлөг онгоц хөвсөөр төрөлх эргийн бараа харагдахад жанжин ах дүү Симеоныг дуудан амтат дарсыг өгөв гэнэ.
—           Эх нутгийнхаа төлөө! гэж гэнэ.
Ах дүү Симеон амтат дарсыг уугаад хөлгийнхөө тавцан дээр хөглөрөн унаад унтаад өгчээ. Хөөрхий тэднийг одоо аянга цахилгаан сэрээхгүй, ачит эхийн нулимс ч босгохгүй болжээ. Хорон санаат жанжин тэр дарсанд бөх нойрсуулдаг бэх хольсон юмсанжээ.
Харин Үзэсгэлэнт Елена бага Симеон хоёр л тэр дарсаас уугаагүй ажээ.
Тэгээд тэд төрөлх нутгийнхаа захад иржээ. Зургаан ах нь гүн бөх нойронд дарагдан унтана. Бага Симеон Үзэсгэлэнт Еленаг хаанд хүргэж өгөхөөр бэлдэв. Холдож хагацаж чадахгүй хоёул хоёулаа уйлна. Гээд яах ч билээ, ам алдвал барьж болдоггүй гэдэг шүү дээ!
Хорон санаат жанжин хаандаа гүйн ирж хөлд нь сөгдөн,
—           Эцэг дээдэс хаантан минь, бага Симеон таныг алаад Үзэсгэлэнт Еленаг өөртөө авах гэж байна. Өстөн дайсан түүнийг үтэр түргэн цаазал гэж гэнэ.
Үүнийг сонссон хаан бага Симеон гүнжийг авчирч өгмөгц гүнжийг хүндэтгэн угтаж ордон цамхагтаа оруулж гэнэ, харин Симеоныг хар гэрт хаях хатуу зарлиг буулгаж гэнэ.
Бага Симеон хашгиран,
—           Хайрт зургаан ах минь, халамжилж намайг авраач!
гэв.
Зургаан ах нь бөх нойронд дарагдсаар. Бага Симеоныг хангинах гинжээр гинжлэн хар гэрт хаяжээ.
Үүрээр бага Симеоныг цаазын тавцанд аваачив гэнэ. Үзэсгэлэнт Елена уйлан хайлан үрэл сувдан нулимсаа урсган дуслуулна. Хорон санаат шорон хэлт жанжин дотроо баярлан доогтой инээмсэглэнэ.
Бага Симеон хаанд,
—           Өршөөлт эзэн хаантан минь, өвгөдийн заншлыг даган үхэх хүний эцсийн хүслийг биелүүлж урам хөгжмөө үлээхийг зөвшөөрнө үү? гэж гуйлаа.
Хорон санаат жанжин,
—           Хаантан минь, бүү зөвшөөр, бүү зөвшөөр! гэж хашгирав.
Хаан,
—           Өвөг дээдсийнхээ заншлыг би эвдэхгүй. За Симеон, хурданхан тоглочих, хаан миний алуурчдын хатан хурц сэлэм нь мохох нь байна, түргэл! гэв.
Бага Симеоны холтсон урам хангинан дуугарахад уул нуруу ус голын тэртээд дуу нь хадан хөлөг онгоцон дээр дуулдав гэнэ. Зургаан ах нь энэ дууг сонсоод цочин сэрж,
—           Бага дүүд минь гай зовлон учирчээ! гээд хааны ордон руу гүйн ирцгээв. Бага Симеоны толгойг цавчихаар хааны алуурчид хурц сэлмээ шүүрэн автал гэнэт зургаан ажилсаг Симеон зургаан ах нь хүрээд иржээ. Уран дархан, усч далайчин, мэргэн харваач, тусч ажилчин, амуу тариачин, алсын одыг тоологч ах дүү зургаан Симеон эв хүчийг нэгтгэн эр зоригийг нийтгэн хөгшин хааныг дайран довтлон,
—           Бага дүүгий минь сулла, бас дээр нь Үзэсгэлэнт Еленаг өг! гэлээ.
Хөгшин хаан айн хулчийж,
—           Бага дүүгээ ав, бас дээр нь Еленаг ав. Санаанд таараагүй тэр гүнжийг салгаж бушуухан  ав ав!  гэжээ.
Тэгээд ах дүү зургаан Симеон бага Симеоноо, Үзэсгэлэнт Еленагаа суллаж аваад хотол олныг донсолгосон их найр хийж гэнэ. Дээд уруулдаа хүргэлгүй архи дарсыг ууж дэргэдэх хүнээ унатал дэвхцэн цовхчин бүжиглэв гэнэ.
Бага Симеон холтсон урмаа хангинатал үлээхэд хаад ноёдоос авахуулаад харц ард хүртэл бүжиглэжээ. Тэр ч байтугай гадаа байгаа адуу мал, үнээ тугал, тахиа шувуу хүртэл бүжиглэв гэнэ.
Хорон санаат шорон хэлт жанжин хүн хүнээс илүүтэйгээр бүжиглэж хүч чадлаа баржээ. Сүүлдээ амь нь гарч амьсгаа нь тасрав гэнэ.
Хотлыг донсолгосон их найр хоёр залуугийн хурим болон өрнөв. Уран дархан Симеон өндөр сайхан байшин барьж, тариачин Симеон тариа будаагаа тарьж, далайчин Симеон тэнгисээр аялж, одыг тоологч Симеон тэнгэрийн одыг тоолж, мэргэн харваач Симеон эх Орос нутгаа хамгаалж гэнэ... Эх Орос нутагт ингээд хүн бүрд ажил алба хүрэлцээтэй гэнэ.
Бага Симеон урам хөгжмөө үлээн ах дүү ажилсаг түмнийхээ урам зоригийг бадраан нэмэр хувиа оруулдаг гэнэ.


Төгсөв
 
 
 
 

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 8:26 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
баярлалаа. адонис та уран зохиол хэсэгрүү аймар өргөн фронтоор /цараатай/ давшилт хийж байна аа тэ. хэхэ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 8:38 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Багадаа жоохон уншдаг л байсын. Одоо ч завгүй шахуу л бна шд. Самбарт бол Эрүүл мэндийнхээ модыг л чадан ядан хийжийн. хэ хэ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 9:25 pm 
Оффлайн
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.09 8:59 pm
Бичлэгүүд: 405
Байршил: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
bi jaahn baihdaa unshdag l bailaa goy ulgeruud shuu harin neg ym asuuya end taarsniih :razz: minii hogvartsiin urilga ygd irehgui bgam bol :??: :??:

_________________
Засагт ханы хөх хар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.10 9:28 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
bi jaahn baihdaa unshdag l bailaa goy ulgeruud shuu harin neg ym asuuya end taarsniih :razz: minii hogvartsiin urilga ygd irehgui bgam bol :??: :??:
Хэ хэ одоо Hogwarts руу яриадхий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.29.10 2:56 pm 
Оффлайн
Gosu Player

Нэгдсэн: 11-р сар.09.05 7:42 pm
Бичлэгүүд: 701
Байршил: In the treasure planet
ADONIS-т талархав. :wd:

_________________
m.GolD


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.29.10 5:15 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Олон жилийн дараа уншсан чинь гоё санагдчихлаа.

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.10 12:17 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.10 5:59 pm
Бичлэгүүд: 32
Байршил: Эх түүхээ зөв бичих юмсан
хөөх надад энэ номны хэдэн үлгэр мп3 хэлбэрээр байгаамсан энд тавчихвал хэрэгт орчихдог юм болов уу.

_________________
Нутагтаа эзэн нь гэж хэлмээр л..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.10 2:27 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Ишлэл:
хөөх надад энэ номны хэдэн үлгэр мп3 хэлбэрээр байгаамсан энд тавчихвал хэрэгт орчихдог юм болов уу.
юунд зовно, тавигтун. хэхэ, нээрээ тавьчихвал аятайхан л байна.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.10 8:27 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.10 5:59 pm
Бичлэгүүд: 32
Байршил: Эх түүхээ зөв бичих юмсан
http://www.4shared.com/audio/mOTqPPnv/O ... _yhel.html
Цэрэг ба Үхэл за энийг сонсоорой энд ороогүй байна

_________________
Нутагтаа эзэн нь гэж хэлмээр л..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.10 8:49 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.10 5:59 pm
Бичлэгүүд: 32
Байршил: Эх түүхээ зөв бичих юмсан
http://www.4shared.com/audio/RPegPclL/O ... ya_Ma.html
Хан хүү Иван, Маръя Моревна 2 энэ үлгэр харин орчихсон байна

_________________
Нутагтаа эзэн нь гэж хэлмээр л..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.10 3:25 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
http://www.4shared.com/audio/mOTqPPnv/O ... _yhel.html
Цэрэг ба Үхэл за энийг сонсоорой энд ороогүй байна
Хэ хэ наад үлгэр чинь энэ Үүлэн бор гэдэг номд байдаггүй юм аа. Өөр номд байдгийн.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.10 9:29 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.10 5:59 pm
Бичлэгүүд: 32
Байршил: Эх түүхээ зөв бичих юмсан
Аанхаа мэднээ. зүгээр л байхгүй болхоор нь оруулсан юм оо

_________________
Нутагтаа эзэн нь гэж хэлмээр л..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.11 2:52 am 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.15.04 11:13 pm
Бичлэгүүд: 284
Байршил: AIM4Rprod
audio helbereer ni oor share deer tavij ogooch ho

_________________
AIM4Rprod United Choreographers


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.11 3:17 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.10 12:25 pm
Бичлэгүүд: 130
Байршил: Here I am ...
тэмдэг

_________________
үүлэн чөлөөний нар.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.11 1:29 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.03.10 8:43 pm
Бичлэгүүд: 630
Байршил: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
odoo ch unshhad goy sanagddag heveer shuu hehe

_________________
Be yourself better, think better


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.11 11:11 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.20.09 4:49 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Үүлэн бор :cheerleader:

_________________
эрхэм таталбар


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 87 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Ahrefs [Bot] болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр