|
Амьдралд яарах хэрэггүй гэж ээж минь байнга хэлдэг юм. Яг "яарна" гэдгийг яах гэдгийг мэддэггүй ч яарах дэмий л гэж боддог байв. Анх манай сургууль шалгалт өгөөд тэнцвэл анги дэвшиж төгсөх боломжийг олгож байлаа. Ээждээ энэ талаар хэлэхэд эрс шулуун, юунд ч эргэлзэлгүйгээр "Үгүй ээ. Тэгэх ямар ч хэрэг байхгүй. Юунд нь сургуулиа төгсөх гэж яардаг юм. Ёстой тэгж хүүхдээ яаруулахгүй шүү. Сургуулиа эрт төгслөө гээд эрт хүнтэй сууж, эрт хүүхэд гаргана. Тийм юм байхгүй." гэж шийдвэрийг нэг мөр цэгцэлж билээ.
Үнэхээр ч амьдрал дээр батлагдсан юм. Манай нөгөө ангийн хөөрхөн, сайхан ааштай, өндө шар охин байдаг байлаа. Ээж аав нь түүнийг 2 анги дэвшүүлж сургасан юм. Гэтэл 16-тайдаа оюутан болоод 18-тайдаа ээж болсон билээ. Би түүнийг модел болно гэж боддог байв. Мэдээж ээж болсондоо хэзээ ч харамсдаггүй хэдий ч хар нялхаараа том хүн болж, амьдралын ачааг эрт үүрэн, сурч боловсрох насан дээрээ гэрийн эзэгтэй болсон нь цаг хугацааны хувьд алдагдалтай байлаа. Үүнд хэзээ ч буруу байхгүй л дээ. Хүн бүрийн амьдрал өөр өөр. Сонголт ч өөр. Харин ч эрт хүүхэдтэй болвол эрүүл саруул амаржиж, 30 гараад ирэхэд хүүхэд нь том болж тусд ороод сайхан шүү дээ. Гэхдээ миний сонголт бол арай эрт хүнтэй суухгүй байхыг л сонгож байгаа юм. Үүнийхээ ач тусыг би тултал ашиглахыг бас чармайж байна.
Одоо би 24-тэй. Удахгүй 25 хүрнэ. Нэгхэн жилийн өмнө гэхэд л би ямар туршлагагүй, ямар харанхуй байснаа бодохоор юун амьдрал зохиох манатай байсын бэ гэж боддог. Тэгээд ч ажил хөдөлмөр эрхлээд, хүмүүстэй харилцаад, өөрөө мөнгө олоод, ажиллаад ирэхээр амьдралын тухай их олон зүйлийг сурах юм аа. Хамгийн чухал нь би амьдралаас юу хүсч байгаа юм бэ гэдгээ мэдэж, хүн болон төлөвшиж, амьдрал зохиоход өөрийгөө бэлтгэж, хамтын амьдралаас юу хүсч байгаагаа тодорхойлж, юуг зориулж, золиослох ёстойг ухамсарлаж бэлтгэгдэж байна. Бүр цаашилбал огт бэлэн биш түүхий байгаагаа маш сайн мэдэж байна.
Please give me a little more time to stay single. Ганц бие байх сайхан. Гансарч суух сайхан. Жаргалтай зовлонг амсах сайхан. Хүссэнээрээ гоодож, өөрийгөө гоёж, өндөр өсгийт дээр гунхаж, салхинд үсээ намируулан алхахдаа хэнд ч харъяалагдахгүй өөрийн хүслээр байх шиг жаргал үнэ цэнтэй надад. Үүрийн 4 хүртэл наргиж, сээтээ хаясан залуусын харцанд гоо сайхнаа тэжээх сайхан. Үдшийн бүрийгээр гэртээ харихад хүргэж өгөх хүн байхгүй ч такси дуудаад гэртээ харьж байхад хотын гудамж ямар чимээ аниргүй байхыг мэдэрнэ. Зөвхөн би л энэ ертөнц дээр байгаа мэт. Хамгийн сайхан нь хэнийг ч хүлээхгүй. Хэн нэгэн намайг ирж авахыг хүлээн гансрахгүй. Хэн нэгэн над руу мсж бичихийг чагнахгүй. Өөрийн дураар би жаргалтай.
Би өөрийн одоогийн байдлаас юуг онож байгаа тухайгаа хэлье л дээ. Хамгийн нэгдүгээрт би өөрийн гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна. Хайртай хүмүүсийнхээ төлөө, тэднийхээ ачийг хариулахад цаг гаргаж чадаж байна. Үүндээ би сэтгэл хангалуун байна. Хоёрт сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө үнэ цэнийг олж авах, унаж бүтэлгүйтэх, шинийг бүтээх маш хангалттай боломжийг надад өгч байна. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад л эмэгтэй хүн болж төрсний хэрэг боллоо гэдэг цаг үе аль хэдийн өнгөрч хүн гэдэг утгаараа юу хийж бүтээж чадахаа харуулдаг цаг болжээ. Үүнийг л би ашигламаар байна. Утга учиртай амьдармаар байна. Хүнд хэрэгтэй хүн баймаар байна. Ирээдүйд ээж болох бие махбодийн хувьд биш хувь хүнийхээ хувьд. Гуравт залуу насаа ёстой нэг сайн ашиглаж байгаа юм даа. Навсартлаа ууна шүү дээ. Залуу хүн цохиж л байх хэрэгтэй. /Заза тоглосон юм. хахах/
Мэдэхгүй ээ. Заримдаа би өөрийгөө ойлгохоо байх үе байдаг юм. Маргааш ингэж бичсэндээ харамсаад сайхан хайртай учирмаар байна майна гээд гунигтай хайрын дуу сонсоод явж байж ч магад. Medkui ee bi MINT UB-n VIP-d l энэ тэр... Medkui ee bi Shangri-la-n deed davhart. Gaigui baigaa? гэдэг дуу байна цаад караокед чинь.
_________________ Амьдрах сайхан.
|