|
— Генрих ээ! Энэ миний орлогч дэслэгч Заугельтэй танилцагтун. Амраад ирсэн юм. Би танд ярьж байсан хүн гэж Миллерийн хэлэхэд,
— Их магтаж ярьсныг хэлэх хэрэгтэй. Эрхэм Заугель тантай одоо болтол уулзаж чадаагүйдээ харамсаж байна гэж Генрих өгүүлэв.
Дэслэгчийн булбарай ягаан хацар хүүхэн хүнийх шиг час улайв. Мушгирсан алтлаг өнгийн үстэй, том цэнхэр нүдтэй, хүүхдэрхүү зузаан уруултай тэр дэслэгч ерөөс хүүхэн хүний царайтай ажээ. Гагцхүү дэслэгчийн дэндүү урт шувтан эрүү нь ерөнхий нийц зохицлыг алдагдуулж, царай нь цэвэрхэн мөртлөө нүдэнд хүйтэн харагдана.
Миллер сэтгэл хангалттай тамшаалаад:
— Эрхэм хүндэт зочин ямар азтай сайхан тохиолоор манай энд ирэв? Үгүй, нээрээ танд манай үүгээр шагайх азтай сайхан бодол яаж төрөв? гэхэд нь
— Би найз нартайгаа өдөр болгон юм уу, ядахдаа өнжөөд уулзаж сурсан юм. Тантай хоолон дээр дайралдаагүй өнөөдөр гурав дахь өдөр нь болж байна. Ингэхлээр миний ирсэн нь ганцхан таны зүгээс өчүүхэн намайг анхаарахаа больсноор тайлбарлагдана гэсэнд,
— Ай барон минь, намайг битгий гомдоогтун! Миний танд ямар байдгийг та эс мэдэх биш. Одоо даанч ажил ихтэй байна! Ядаж босож хөдлөх чөлөөгүй, хамаг бие хөшиж орхилоо гэхэд нь Генрих илт урам хугарсан царай гаргаж:
— Энэ чинь намайг таны ажилд саад болж байна гэсэн үг шив дээ! Уг нь хамт сууж, жаахан дэмий яръя гэж бодоод хэлэн шил шарз аваад ирсэн юмсан гэсэнд,
— Ай баорн минь, саад болсон бол би шулуухан хэлэлгүй яах вэ? Бид чинь найз улс шүү дээ. Найз улс бие биетэйгээ ёсорхоод байх юу байх вэ. Эрхэм Заугель та хаалга түгжээд намайг битгий үймүүл гэж тушаана уу. Тэр ид шидтэй шилтэй юмнууд чинь хаана байна? гэсэнд,
— Машин дотор байгаа. Боодолтой нимбэг, чихэртэй нь хамт нааш нь аваад ир гэж тушаана уу ... гэсэнд,
— Яасан хашир хүн бэ! Одоо туслахдаа тушаая ... үгүй, эвгүй юм уу даа. Эрхэм Заугель та албан ажлын хувиар биш, анд найзын хувиар тэр юмнуудыг миний өрөөнд аваад ирнэ үү. Тэр хооронд би бэлтгэж байя. Генрих ээ, ийшээ ороорой гээд Миллер хамар өрөөний үүдийг нээлээ.
Миллерийг гестапод саатаж үлдэхэд энэ өрөө нь унтлагын өрөө, хоолны газар болж өгдөг байжээ. Тэнд өргөн буйдангаас гадна жижиг ширээ, эрэгнэг тавьсан байлаа. Миллер ширээн дээр хундага, таваг өрөх зуур:
— Зарц цэргээр үйлчлүүлэлгүй больё. Ингэвэл илүү найртай гэхэд нь, хөндлөнгийн хүн байхгүй бол бүүр сайн. Өнөөдөр би ч гэсэн согттол уумаар байна. чоно болж ульсан ч болмоор сэтгэл хачин байна гэсэнд,
— Хэлээд яах вэ, хөгжилтэй юм бага байна ... гэхэд нь,
— Биднийг зугаа цэнгэлийн юм юу ч байхгүй ийм бөглүү газар явуулах гэж дээ гэж Генрих гомдол гаргасанд Миллер цаанаа учиртай жуумалзаад:
— Мадмаузель Моника яагаа вэ? Уйдаа юу гэхэд нь:
— Харин уйдах амжил болоогүй байна. Тэр чинь аливаа журамтай бүсгүйчүүлийн адил бидний харилцааг бидний санаснаас хавьгүй илүү буйртай үзэх юм. Түүнтэй урьдаар санаа алдаж барих тийм оршилгүйгээр хэрэг бүтэхгүй. Би илэрхий наана цаана нь орж олны анхаарлыг татахыг хүсэхгүй байна. надад болзоот хүүхэн бийг та мэдэх ч магадгүй. Түүнтэйгээ удахгүй бөгж солилцож сүй тавина гэж Генрих ярив.
Сүүлийн удаа ss7 1-р сар.12.11 12:02 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|